Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 3(40)
Томуугийн ирэх улиралд тулхтай бэлтгэе
( Редакцийн зурвас )

П.Нямдаваа

Томуугийн Үндэсний Төв

 

Томуугийн цартахалд бэлтгэх ДЭМБ-ын олон шатат бэлтгэл арга хэмжээ, зөвлөмжийн хүчинд сүүлийн 5-6 жилд манай улс дахь ТТӨ-ний лабораторид суурьласан тандалтанд ихээхэн ахиц гарч, тандалтын дүн бодит хугацаанд он-лайн нийтийн хүртээл болдог болсон ололтоо бид улам батжуулах шаардлагатай байна. Ер нь халдварт өвчний дэгдэлт, цартахалтай тулахад амжилтын үндэс нь олон жилийн байнгын тандалт, түүнд тулгуурласан хяналтын шатчилсан арга хэмжээний цогц, эрүүл мэндийн албаныхан, ялангуяа халдварт өвчинтэй тэмцэх албаныхны бэлэн байдал, мэдлэг чадвар нэн чухал гэдэг нь 2009-2011 оны томуугийн A(H1N1) цартахлын үед тодорхой харагдсан билээ.

“Тайван цагт хөлс их гаргавал, дайнд цус бага гарна” гэдэг цэрэг-дайны бодлогын уриа халдварт өвчинтэй тэмцэхэд ч суурь болох ёстой юм. ТТӨ, түүний хүндрэлүүд манай хүн амын өвчлөл, эндэгдлийн ноцтой шалтгаан байсаар байгаа боловч, эрүүл мэндийн албаны бүх шатныхны онцгой анхаарлын бүсийн гадна байсаар л байна. Ялангуяа цартахал яваад өнгөрчихсөн гэсэн ойлголт шийдвэр гаргагсадын болон эрүүл мэндийн үйлчилгээний олон шатныхны анхаарлыг сулруулж болзошгүй эгзэгтэй цаг үе бидэнд тулж ирлээ. Тиймээс энэ жилийн томуугийн улиралд бэлтгэх ажил эрүүл мэндийн албаныхны үйл ажиллагаанд илүүтэй чиглэх хэрэгтэй гэж бид үзсэн учраас “Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн сургалт семинар” зохион байгуулахаар шийдсэн юм. Манай сэтгүүлийн энэ дугаарт ч энэ асуудалтай холбогдсон материалыг түлхүү оруулж байгаа болно.

Одоо өвлийн улирал нь таарч байгаа Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасын орнуудын ДЭМБ-д өгч буй мэдээнээс [1] үзэхүл томуугийн А(H1), A(H3), B вирүс зэрэгцэн орчилд орж байгаа тул манай улсад ирэх томуугийн улиралд ямар вирүс зонхилохыг урьдчилан таамаглахад бэрхтэй болгож байна. Манай өмнөд хөрш БНХАУ-д томуугийн В вирүс давамгайлан орчих хандлагатай болж байгаа нь томуугийн тархалтын нэгэн бүсэд багтдаг манай улсад томуугийн ирэх улиралд зонхилох хандлага болж ч магадгүй. Томуугийн В вирүс тархалтын эрчээрээ А вирүсээс сулавтар боловч эмнэлзүйн хувьд илүү хүндрэлтэй, удаан үргэлжлэх хандлагатай байдаг өмнөх жилүүдийн хандлагыг бид эргэн харж бэлтгэлээ базаах нь чухал болж байна. Мөн улирал солигдох заагт иж томуу, респиратор-синцитиаль болон метапневмонийн вирүс, ялангуяа балчир насныхан, хөгшдөд илүү халгаатай өвчлөл үүсэх хандлагатай байгааг судлан тогтоосон дүнг [2] ч бид харгалзан үзэх хэрэгтэй болно.

Ном зүй

1.Томуу Дэлхий дахинд-3 (2011 оны 32 дугаар 7 хоног): http://www.flu.mn/mgl/index.php?option=com_ content&task=view&id=760&Itemid=49 ;

2.Цацрал, С., Майцэцэг, Ч., Дармаа, Б., Нямдаваа.П, (2011): Монгол улсад 2008-2009 онд орчилд байсан амьсгалын замын өвчин үүсгэгч вирүсүүдийн хөдлөлзүйг судласан дүн, Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл, ¹ 1(38): 8-11;
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 291
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК