Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 3(40)
Гоц аюултай бүс (Вирүст халдварын тухай бодит түүх) - 1 дүгээр хэсэг
( )

Ричард Престон


 
Абстракт

Эбола вирүст цусархаг чичрэг бол халдвар авсан 10 хүн тутмын 9 нь эндэж төгсдөг аюулт өвчин. Шинжлэх ухааны адал явдалт бүтээлээр мэргэжсэн АНУ-ын зохиолч Ричард Престоны 1994 онд хэвлүүлсэн “The Hot Zone” хэмээх зохиол бол энэ аюулт өвчнийг судласан үнэн түүх дээр үндэслэсэн чансаатай бүтээл бөгөөд манай сайн вирүс судлалчдын нэг, доктор Э.Пүрэвдаваагийн орчуулгаар 2010 ондГоц аюулт бүснэрээрАдмонхэвлэлийн газар нийтлэсэн билээ.

Р.Престоны энэ бүтээл бол байгалийн голомтот шинэ халдвартай анх тулгарахын аюул осол, аймшгийн тухай чин үнэнээр нь бичсэнээрээ нийтэд алдаршсан бөгөөд дэлхийн 30 шахам орны хэлээр орчуулагдаж, Дастин Хоффман нарын АНУ-ын кино одод тоглосонТахалт дэгдэлт” (Out­break) хэмээх Холливудын аймшгийн киноны зохиолын эх болсон билээ. Р.Престоны энэ бүтээл зөвхөн сонирхолтой уран зохиол төдий бус, гоц аюултай халдварт өвчинтэй гэнэт тулгарах үед мэдүүштэй сургамж арвинтай тул АНУ-ын Вүүдрөү Вильсоны Сан(Woodrow Wilson Foundation)-гийн ажилтан Э.Голденкранц энэ зохиолыг дээрхи сангаас жил бүрийн зун зохион байгуулдаг биологийн багш нарын зуны сургуулийн сургалтын материал болгон найруулсан нь одоо интернетээр чөлөөтэй ашиглаж болох хичээл болсон байна (Р.Престоны тухай дэлгэрэнгүй мэдээллийг түүний вэб-сайт http://richardpreston.net болон интернетийнВикипедиатайлбар толийн өгүүллүүдээс (http://en.wikipedia.org /wiki/Richard_Preston, http://en.wikipedia.org/wiki/The_Hot_Zone) авна уу ).

Халдварт өвчинтэй тэмцэх Монголын үндэсний холбоо Р.Престоны энэ ном бол халдварт өвчинтэй тэмцэх ажил, үйлст оролцдог хүн бүрийн уншвал зохих бүтээл хэмээн үзэж буй тул доктор Э.Пүрэвдаваагийн зөвшөөрснөөр сэтгүүлдээ цувралаар нийтлүүлэхээр шийдсэн юм.

Энэ номын монгол эхийг “Интерном” дэлгүүрээс худалдан авч болохоос гадна drpurev@gmail.com хаягаар орчуулагчтай харилцан олж авч болно.

Сэтгүүлийн зөвлөл


Нэгдүгээр дэвтэр
ЭЛГОН УУЛЫН СҮҮДЭР

ОЙГООС ХАЛДСАН ВИРУС

1980 оны шинэ жил

Нзойагийн чихрийн үйлдвэрийн нишингийн тариалан, Кени улсын баруун зүгийн нутгийг дайран урсдаг Нзойа голын эргийг даганхан халиурч байдаг бөгөөд тэр тариалангийн хаанаас нь ч гэсэн, Элгон уул сүндэрлэнхэн харагдаж байдаг юм. Элгон уул бол, зэлүүд орших маш сүрлэг, унтарсан галт уул. Түүний, Рифт хөндийрүү харсан талых нь өндөр 4267 метрт хүрдэг ажээ.

Нзойагийн чихрийн үйлдвэрийн эдлэн газар дахь хувийхаа нэг жижигхэн модон байшинд Шарль Моне гэдэг франц гоонь эр ганцаархнаа суудаг байжээ. Түүний намтар нэн бүдэг бадаг. Шарль Моне чухам юунаас болж Африкт ирж суурьшсан нь тэндхийн дийлэнх гадаадын иргэдийнх адил тодорхойгүй байлаа. Магадгүй, Франц эх оронд нь түүний ажил үйлс бүтэмж муутай байсан ч юм уу, аль эсвэл Кени улсын тансаг сайхан байгал сэтгэлийг нь соронздон татсан ч юм уу, бүү мэд. Ямар ч байсан, байгалийг сонирхон судалдаг байсан тэр хүн, шувууд болоод амьтдыг зөвхөн өрөвчхөн сэтгэлийхээ үүднээс биш, харин үнэн голоосоо хайрладаг байсан байна.

Шарль Моне тавин зургаан настай, дунд зэргийн нуруутай, махлагдуу биетэй, гялтганасан шулуун хүрэн үстэй, нүдэнд дулаахан эр байжээ. Хүмүүсийн ярьснаас үзвэл, Элгон уулын эргэн тойронд оршдог, зарим жижигхэн хотод суудаг хэд хэдэн бүсгүй л, түүний хамгийн дотны найз байсан бололтой. Гэтэл Шарль Монегийн нас барсан шалтгааныг судалж байсан эмч нарт түүний талаар тодорхой хэлээд өгчих юм үнэндээ тэдгээр найз нарт нь ч байсангүй. Тэр бүсгүйчүүд “Нзойа голоос ус соруулж, олон километр үргэлжилсэн чихрийн нишингийн талбайг усладаг шахуургын машиныг Шарль Моне ажиллуулж, түүнийгээ засч сэлбэх ажлыг эрхлэн, өдрийн ихэнх цагаа голын захын, ус шахуургын байшинд өнгөрөөдөг байсан нь, магадгүй, машиныхаа ажиллаж байгааг нь харж, дуу чимээг нь сонсож суух түүнд аятайхан санагддаг байсных биз” гэцгээжээ.

Эв эрүүл, сав саруул байсан хүн гэв гэнэтхэн нас барсных нь дараа, аливаа нарийн ширийн зүйлийг тодруулах гэдэг тун бэрх байсан бөгөөд зөвхөн эмч нар л, Шарль Монегийн өвчний шинж тэмдгийг тодхон санаж байлаа. Биологийн аюулгүй ажиллагааны дөрөвдүгээр зэрэглэлийн дэглэмийг хатуу баримтлан ажиллах шаардлагатай, гоц аюултай халдварт өвчин үүсгэгч вирүс хүний биед хэрхэн нөлөөлж, өвчний шинж тэмдгүүд ар араасаа нэмэгдэн илэрсээр, эцэст нь, түүнийг хэрхэн хөнөөж байгааг нүдээр үзсэн хэн боловч, ийм явдлыг огт мартахгүй нь мэдээж. Шарль Монегийн өвчин бол эмнэлзүйн бодит илрэл, аймшгийн үзэгдэлтэй холилдсон содон бөгөөд түгшүүртэй, үлгэрлэвээс, алс тэнгэрийн нар өнгөө хувиргачихсан байхыг гэнэт харсан хүн цочирдон ухарч, дальдчих мэт сэтгэлд жихүү татуулсан тохиолдол байжээ.

Шарль Моне анх 1979 оны зун Африкт ирсэн байна. Тэр үе бол, дархлалын олдмол хомстол (ДОХ) өвчнийг үүсгэдэг, хүний дархлал хомстлын вирүс (ХДХВ) Төв Африкийн ширэнгэ ойгоос алдууран гарч, хүн төрөлхтний дунд тархаж эхлээд байсан цаг байв. Ийм халдвар байдгийг нэг ч хүн мэдээгүй байсан тэр үед, ДОХ өвчин, хүн төрөлхтнийг сүүдэр мэт алгуурхан нөмөрсөөр л байжээ. Энэ өвчин эхлээд Киншасын хурдны замын дагуу аажим тархсан байна. Киншасын хурдны зам, Африкийн зүүн захаас баруун зах хүртэл, тив дамнан сунайхдаа Виктори нуурын захаар дайран өнгөрдөг юм. Тэндээс ч, нөгөө Элгон уул сүндэрлэн харагддаг билээ.

ДОХ өвчнийг үүсгэгч ХДХВ, хэдийгээр, үхэлд зайлшгүй хүргэдэг боловч, хүнд амархан халдварладаггүй тул, энэ вирүстэй ажиллахад биологийн аюулгүй ажиллагааны хоёрдугаар зэрэглэлийн дэглэмийг мөрддөг журамтай. Өөрөөр хэлбэл, ХДХВ нь агаар дуслын замаар хүнээс хүнд дамжин халддаггүй учраас, халдвартай цус, бусад материалтай ажиллахад иж бүрэн хамгаалах хувцас өмсөх шаардлага байдаггүй юм.

Талийгаач Шарль Моне ажлыхаа өдрүүдэд ус шахуургын байшиндаа шургуу гэгч нь ажиллаад, хагас, бүтэн сайн өдөр болон баяр, амралтын өдрүүдээр, чихрийн үйлдвэрийн ойролцоох ой модтой газраар аялж, эргэн тойрондоо идэх юм цацчихаад, шувууд болоод амьтад цацсан юмыг нь ирж идэхийг ажиглан, огт хөдлөхгүй сууж чаддаг байжээ. Түүнийг таньдаг байсан хүмүүсийн хэлснээр бол, Шарль Моне зэрлэг сармагчинд жигтэйхэн хайртай, бас түүнийг биедээ татах тусгай аргатай байсан учир, идэх юм бариад сууж байхад нь сармагчин хүрч ирээд гараас нь идчихдэг байсан гэнэ.

Шарль Моне үдэш оройг зуслангийхаа байшинд өнгөрөөж, Жонни гэдэг үйлчлэгч эмэгтэй гэр орныг нь цэвэрлэж, хоол ундыг нь бэлтгэдэг байжээ. Шарль Моне Африкийн шувуудыг ялган таних аргыг бие даан судалж, гэрийхээ ойролцоох ой модонд үүрлэсэн, үүрээ нэхэгч шувуудын сүрэг, уут маягийн үүрээ хэрхэн нэхэж засахыг ажиглан цагаа нөхцөөдөг байжээ. Хүмүүсийн ярьснаар бол, зул сарын баяр ойртож байхад Шарль Моне нэгэн өвчтэй шувууг гэртээ авчирч, эмчлэхийг хичээсэн боловч хөөрхий тэр шувуу гар дээр нь үхжээ. Тэр шувуу, үүрээ нэхэгч шувуу ч байсан юм уу, өөр шувуу ч байсан юм уу, гоц аюултай халдварт өвчнөөр үхсэн ч юм уу, яасан ч юм, бүү мэд.

Талийгаач бас шаазгай тэжээж, тэр амьтантай дотно нөхөрлөдөг байжээ. Хар цагаан алагласан, хүнд ойрхон, ухаантай энэ шувууг Африкийн зарим хүн гэртээ тэжээх дуртай байдаг юм. Байшингийх нь дээвэр дээр суугаад, эзнийхээ ирэх, буцахыг ажиглаж байдаг шаазгай нь, өлсөхөөрөө тавцан дамжсаар гэрт нь орж ирэхэд, гэрийн эзэн түүнийг ширээн дээрх хоолны үртсээр хооллодог байжээ.

Шарль Моне өглөө болгон чихрийн нишингийн талбай дундуур гурван километр гаруй газар алхсаар ажилдаа очдог байсан бөгөөд тэр жилийн зул сарын баярын үеэр ажилчид тариалангийн талбайг шатааж байсан болохлоор, хааяагүй, түлэгдэж харласан байлаа.

Хуйхлагдаж түлэгдсэн, тариалангийн талбайгаас умар зүг 40 километрийн тэртээ Элгон уул харагдана. Энэ уулын төрх байдал, Африкийн цаг агаар, сүүдэр, бороо, нарны тусгал зэргийг дагалдан байнга өөрчлөгдөж байдаг юм. Үүрийн гэгээ тусах үед Элгон уулын сэрвэн манан дунд умбаж, дэлбэрэлтээс үүссэн хоёр амсарых нь оргил сүмбэрлэн харагдана. Харин наран мандах үед Элгон уул мөнгөлөг ногоон харагддаг нь түүний ширэнгэ ойн өнгө билээ. Үд дундын үед үүлс бүрхэн уулыг халхална. Үд өнгөрснөөс нэлээд хойхноос нар шингэж эхлэх хүртэл тэндхийн үүлс өтгөрөн өтгөрсөөр тэнгэр дуугарч, цахилгаан цахилах бөгөөд үүлсийн доод хэсэг нь нүүрс мэт харлан, дээд хэсэг нь агаарт сарниад, жаргаж буй нарын туяанд жигдхэн улбар шар өнгөөр туяарна. Энэ үес, үүлсээс тэртээ дээрх гүн цэнхэр огторгуйд халуун орны ганц нэгхэн од гялбалзан харагддаг юм.

Элгон уулаас зүүн өмнө зүгт оршдог Элдорет тосгонд Шарль Моне хэд хэдэн найз бүсгүйтэй байжээ. Тэндхийн хүмүүс нь ядуу, банз төмрөөр барьсан оромжинд суудаг юм. Шарль Моне найз бүсгүйчүүддээ мөнгөөр тусалж, хариуд нь тэд янаглалаар мялаадаг байв. Зул сарын амралт эхлэхэд Шарль Моне амралтын өдрүүдээ Элгон ууланд, майханд өнгөрөөхөөр шийдэн, Элдоретийн бүсгүй найз нарынхаа нэгийг урьж, хамт явжээ. Хожим нь, тэр бүсгүйн нэрийг санах хүн нэг ч байсангүй.

Гэхдээ тэр үед иймэрхүү юм болжээ.

Шарль Моне найз бүсгүйнхээ хамт ланд-ровер машинаар галт уулын зүүн талын Эндебессийн хадан цохио хэмээх цуутай хясааг хүрдэг улаан тоостой, урт шулуухан замаар өгсчээ. Энэ зам, хатсан цус мэт ув улаан өнгөтэй, галт уулын дэлбэрэлтийн нуранги шороон зам юм. Хоёр аялагч, галт уулын доод бэл хүртэл өгсөөд, бэлчээр рүү ордог замтай, эрдэнэ шишийн талбай, кофейн тариалангийн дундуур гарч, эгнэн ургасан уд моддын ард халхлагдан оршдог, Английн колончлолын үед баригдаад, одоо хагас нь нурж сүйрсэн эртний нэгэн сууринг өнгөрөв. Уул өөд өгсөх тусам агаар сэрүүсч, үе үе хуш моддын дотроос зогдорт бүргэд дэвэн ниснэ. Ер нь, Элгон ууланд жуулчид олноороо очдоггүй болохлоор, машинтай яваа хүмүүс гэвэл, ердөө Шарль Моне, түүний найз бүсгүй хоёр л байлаа. Харин явган хүмүүс үй олноороо багшралдах нь уулын хормойн налуу хэсэгт жижиг тариалан эрхэлдэг тосгоныхон ажээ.

Тэр хоёр, Элгон уулын ширэнгэ ойн нуранги захруу сөөм сөөмөөр ойртон ахисаар, “Элгон уулын отог” хэмээх хорьдугаар зууны эхэн үед баригдаж, одоо сэргээн засахын аргагүй эвдэрч, хана нь цуурч нураад будаг нь нар бороонд ховхорч арилсан, англи маягийн нэгэн дэн буудлын буурины хажуугаар өнгөрлөө.

Элгон уул бол, Уганда улс, Кени улс хоёрын яг хилийн зааг дээр, Судан улсаас ч бас холгүй оршдог юм. Африкийн төв хэсгийн ширэнгэ ойн дундах, биологийн нэгэн өвөрмөц арал болсон энэ үзэсгэлэнт уул бол, тэгш, хуурай газраас дээш орь ганцаар сүндэрлэсэн тусгаарлагдмал нэгэн ертөнц бөгөөд ой мод, хулс, уулын хонин арцаар хучигдсан 80 гаруй километр өргөн талбайг эзэлдэг юм. Төв Африкийн нуруун дээрх өндөрлөгийн нэг, энэ галт уул 7–10 сая жилийн өмнө үүссэнээсээ хойш, дахин дахин дэлбэрч, дэлбэрэх бүрдээ гал үнсээр тургин, өөрийгөө бүрхэж байсан ой модыг шатаан түймэрдсээр, хамгийн сүүлчийн хүчит дэлбэрэлтийхээ дараа л унтарчээ. Элгон уул ингэж дэлбэрэхээсээ өмнө, өнөөгийн Африкийн хамгийн өндөр уул Килиманжарогоос ч өндөр байсан байж магадгүй. Ямар ч байсан, өргөнөөрөө дэлхийн хамгийн өргөн уул хэвээрээ байгаа билээ.

Наран мандах үед, Элгон уулын сүүдэр баруун тийшээ Уганда улсыг бүрхэн, наран жаргах үед зүүн тийшээ Кени улсыг нөмөрнө. Элгон уулын сүүдэрт орших олон жижиг хот, тосгодод төрөл бүрийн үндэс угсаатан амьдардгийн дотор Элгон уулын мазай үндэстэн багтана. Өвөрмөц шашин шүтлэгтэй энэ үндэстэн, умардаас хэдэн зууны тэртээ нүүдэллэн ирж, энэ уулын эргэн тойронд суурьшсанаас хойш, үе удам дамжин, малаа маллан аж төрж иржээ.

Элгон уулын доод бэл, зөөлөн шүрших бороонд угаагдан, жилийн турш сэрүүхэн цэвэр агаартай байдаг бөгөөд галт уулын хөрс сайхан ургац өгнө. Галт уулын эргэн тойрны тосгод, үндсэндээ, нэгэн цагиргийг үүсгэдэг төдийгүй энэ цагираг, ой орчмын налуу энгэрүүдэд улам улам нарийсч, уулын зэрлэг амьтдыг боймлон устгагч–дүүжлүүрийн гогцоо болсоор байгаа юм. Хүмүүс ой модыг түлшиндээ хэрэглэхээс гадна бэлчээрийн талбай гаргах зорилгоор хөрөөдөж сүйтгэснээс тэндхийн заан устаж эхэлжээ.

Шарль Моне найз бүсгүйтэйгээ аялан явсаар Элгон уулын багаахан хэсгийг эзэлдэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хаалганы дэргэд ирж, машинаа зогсоон, дотогш нэвтрэх тасалбар авах үед сармагчин ч юм уу, бич ч юм уу, одоо хэн ч сайн мэдэхгүй байгаа нэг амьтан, хаалганы орчмоос дүүжлэгдэн, хүн юм өгөхийг горьдон харж байлаа. Моне тэр амьтанд гадил жимс харуулан хорхойг нь хүргэж байгаад мөрөн дээрээ суулгахад найз бүсгүй нь баясан баярлаж, инээд алдсаар байсан бөгөөд хоёулаа тэр амьтныг жимсээ идэж дуусан дуустал тайван хоололлоо. Дараа нь, тэр хоёр, уул өөд жаахан өгсөөд горхируу налсан, чийгтэй ногоон өвсний чөлөөнд буудаллан, майхнаа босгов. Ширэнгэ ойгоос ундран гарсан горхины ус, галт уулын шороотой холилдсоноос сүү шиг өвөрмөц өнгөтэй болжээ. Хавь орчных нь ногоог одос үхэр зулгааснаас тачирхан болж, хааяагүй, үхрийн баас толботон харагдана.

Тэдний буудалласан газрын эргэн тойронд, Элгон уулын ой нүүгэлтэж байв. Африкийн чидун хэмээх уртай модыг хөвд болон мөлхөө ургамал торлон сүлжээд, хүний биед хортой хар чидунаар цоохортсон мөчир нь нэвсийнэ. Модон дотор хооллож байгаа сармагчдын зодолдоон, шавьжны дүнгэнээн, хааяа нэг намуухнаар “Хүү-үү, хүү-үү“ гэх сармагчны дуу сонстоно. Энэ бол, колобус сармагчны дуу. Колобус сармагчин, заримдаа, ганц нэгээрээ модноос буун, майхны хажуугийн нуга дундуур харайлган хүрч ирээд, Моне, бүсгүй хоёрыг болгоомжилж, сорьсон нүдээр ажиглаж байв. Чидуны модон дотроос сүрэг тагтаа гэнэт дэрхийн нисч, маш хурдтайгаар доош шунгах нь, махчин харцаганд бариулж, далавчаа тас татуулахаас аврагдах тэдний гол арга ажээ. Гаврын мод, судалт мод, Африкийн хуш, эвгүй үнэрт улаан мод ургасан ойн дээгүүр энд тэндгүй хар ногоон өнгөөр тунарах мөөгөн хэлбэрт бөөн навчис хүглийн харагдана. Энэ бол, Калифорнийн секвойя модтой хэмжээгээрээ бараг адилхан Африкийн хамгийн том, подокарпус хэмээх модны оройн титэм билээ. Энэ ойд олон мянган заан амьдарч, сүрэг сүргээрээ бэлчин, модны холтос хуулах, мөчир хугалах чимээ тасардаггүй байсан үе бий.

Үдээс хойш, Элгон ууланд бороо асгардаг зантай болохлоор, тэр үеэр Шарль Моне бүсгүйтэйгээ амарч, аадар бороо майхныг бөмбөрдөнхөн байхад, хоёулаа янагланхан жаргаж байсан нь мэдээж. Бүрэнхий болж, бороо арилахад, тэд гал түлэн, хоолоо хийцгээж, шинэ жилийн урьд орой байсан тул, бас оргилуун дарс хундгалан, баяраа тэмдэглэсэн нь гарцаагүй. Харин бороо зогссоноос хойш, хэдэн цагийн дараа үүл арилдаг жамаараа арилахад, галт уул сүүн замын доохно, бараан сүүдэр мэт тодорч ирсэн байлгүй. Тэгээд, шөнө дундын цаг цохих үед, дарсанд халамцсан Шарль Моне тэнгэрийн оддыг ширтэн, зүлгэн дээр гуйван зогсож байсан нь лав.

Шинэ жилийн өглөө бараг +5С-ийн хэмийн хүйтэвтэр, зүлэг ногоо нойтон байлаа. Шарль Моне найз бүсгүйхээ хамт өглөөний унд уусны дараа, шавар шавхай болсон замаар уул өөд өгссөөр Китумын агуйн доохно, нэгэн жижиг нугад машинаа орхив. Чидуны мод болоод сахлаг өвстэй нуга дундуур урсах жижиг горхины хажуугаар зурайсан, зааны мөрийг даган, бут сөөгөн дундуур хөндийг өгслөө. Тэр хоёр, ойд халз тулгарвал тун аюултай одос үхрээс сэрэмжилж явав. Хөндийн дээд эхэнд орших Китумын агуйн амыг горхины ус нөмрөн буух ажээ. Зааны мөр явсаар, тэр агуйн аманд ирж нийлээд, бүр дотогш орсон байлаа. Шарль Моне шинэ жилийн өдрийг найз бүсгүйтэйгээ цуг Китумын агуйд өнгөрөөжээ. Мэдээж, бас л бороо асгасан нь гарцаагүй болохлоор, тэр үед, мань хоёр агуйн аман дээр хэдэн цагаар суун, дээрээс хөшиглөн буух горхины ус, хөндийд бэлчих заан, энэ тэрийг сонирхон, хад асганд амьдардаг, том багаараа тарвагатай нэлээд төстэй, даман хэмээх үслэг амьтад агуйн амны ойролцоох үхэр чулууг өгсөн уруудан гүйлдэхийг ажиглаж байгаа биз ээ.

Шөнө болохоор, эрдэс бодис, давс олж идэх гэсэн олон заан Китумын агуйд орж ирдэг юм. Тэдгээр заан, нам дор газрын давхрага, усны хатсан нүхнээс эрдэс бодис, давсыг амархаан олоод идчихдэг бол, харин энэ ширэнгэ ойд эдгээр зүйл туйлын үнэ цэнэтэй, ховор тэжээл болдог билээ. Китумын агуй нэгэн зэрэг 70 заан багтахуйц уужимхан зайтай бөгөөд олон заан энд шөнийг өнгөрөөхдөө заримдаа зогсоогоороо унтаж, заримдаа хад чулууг соёогоороо ухаж буулган, зажилж бутлаад, жижиг чулуунуудыг шууд залгидаг юм. Иймээс, агуйн эргэн тойронд хэвтэх зааны баасанд жижигхэн чулуу дүүрэн байдаг билээ.

Шарль Моне Китумын агуйн хөндий хэр хол үргэлжилдгийг үзэхээр гар чийдэн авч бүсгүйгээ дагуулан агуйд буцан оржээ. Агуйн ам тавь гаруй метр өргөн байсан боловч, цаашлах тусам улам өргөссөн байлаа. Зааны нунтаг баасаар хучигдсан хэсэг газрыг өнгөрөөд, агуйн гүн рүү улам ахих тусам, хөл дор пургих тоос ч улам нэмэгдэж, гэрэл ч улам бүдгэрлээ. Шат маягаар дээшээ өндөршсөн, агуйн ёроол ногоон өнгийн залхагаар бүрхэгджээ. Энэ залхаг бол, жимс ногоогоор хооллон, агуйн таазанд амьдардаг үй олон сарьсан багваахайн ялгадас байлаа. Сарьсан багваахайнууд нүхнээсээ нисэн гарч, чийдэнгийн гэрэл дундуур сүлжилдэн, тэр хоёрын толгой дээгүүр эргэлдэн, чанга чанга дуугарч байв. Гар чийдэнгийн гэрэл, сарьсан багваахайнуудыг цочоосон бололтой, улам олноороо сэрцгээж, хэдэн зуун улаан нүд агуйн таазнаас эрдэнийн чулуу мэт гялтайж байлаа. Сарьсан багваахайнуудын далавчаа дэвэх чимээ тааз дамжин цуурайтах нь тосгүй болчихсон нугастай, олон жижиг хаалга нээгдэх мэт чахарсан, хахир дуу хадаана.

Тэгж явахдаа, Моне бүсгүй хоёр Китумын агуйн хамгийн гайхамшигтай зүйлийг олж үзлээ. Агуй тэр аяараа чулуужсан ширэнгэ ойгоос үүсчээ. Агуйн хана, таазнаас ёрдойсон, чулуужсан дархи моддыг ажиглавал, судалт мод, подокарпус, мөнх ногоон модод байв. Элгон уул, долоон сая жилийн өмнө дэлбэрч, гал үнсээрээ ширэнгэ ойг булах үед дарагдсан модод нь гэрэлт чимэд чулуу, занар болон хувирчээ. Хаднаас ургасан, цагаан өнгийн эрдэст талстууд чулуужсан моддыг бүрхсэн байв. Арьсан дор тариа хийдэг зүү шиг хурц, нарийхан тэдгээр талст чийдэнгийн гэрэлд гялталзаж байлаа.

Моне, бүсгүй хоёр, агуйн хана, таазнаас амьтдын чулуужсан яс сэрийж байхыг бас үзжээ. Матрын яс, эртний хирсийн яс, зааны өвөг болох амьтны яс ч байлаа. Чулуужсан моддын хооронд татсан торондоо дүүжлэгдсэн аалзнууд элдэв эрвээхий, шавьжаар хооллож байв. Хоёулаа агуйгаар хэсэн, чулуужсан моддыг гэрэлтүүлэн сонирхсоор явах зуураа Моне чулуужсан модонд гараа эсгэсэн үү, эсвэл хурц үзүүртэй талстад гараа хатгуулсан уу, бүү мэд. Ямар ч байсан, энэ агуйд л халдвар авсан байж таарна…

Нөгөө хоёр дахиад жаахан өгстөл, агуйн хөндий нь ер гаруй метр буюу хөл бөмбөгийн талбайн уртаас арай өргөн боллоо. Хоёулаа тэнд нэгэн ангал байхыг олж, гэрлээ доош нь тусган харвал, хүрэн саарал өнгийн нэг сонин зүйл харагдсан нь, зааны занданшиж хатсан тугал байв. Заанууд харанхуй шөнө агуйд явахдаа хүрэлцэх мэдрэхүйгээрээ зүг чигээ багцаалан, хушуугаараа өмнөх газраа шалгаж явдаг боловч, хараахан ингэж сураагүй зааны тугал заримдаа ангалд унаж осолддог ажээ.

Хоёр аялагч агуйн гүнрүү лавхан орж, налууруу буугаад, дээврийг нь тулан тогтоож байгаа нэгэн тулгуурт хүрлээ. Энэ тулгуур дээр, зааны соёоны ором, ховил дүүрэн гарчээ. Хэрэв энэ тулгуурын ёроолыг заанууд нэмээд жаахан ухах л юм бол, тулгуур ч нурж, Китумын агуйн дээвэр ч цөмөрч болзошгүй болжээ. Агуйн арын хэсэгт байсан өөр нэг тулгуур аль хэдийнэ нурж унаад, дээгүүр нь хүрэн улаан өнгийн сарьсан багваахайнууд дүүжлэгдэж, тэр хавийг хар өнгийн залхагаар бохирдуулсан нь агуйн амны орчимд байсан сарьсан багваахайнуудын ногоон өнгөтэй ялгадаснаас огт өөр байв. Энэ хавийн сарьсан багваахайнууд шавьжаар хооллодог амьтад бөгөөд энэ хар өнгөтэй залхаг бол, тэдний идэж боловсруулсан шавьжны үлдэгдэл ажээ. Тэр ялгадсанд Моне гараа хүргэснээс халдвар авсан ч байж магадгүй билээ.

Шарль Монегийн найз бүсгүй Элгон ууланд аялснаасаа хойш хэдэн жил огт харагдсангүй. Гэтэл Шарль Монегийн нас барсан шалтгааныг судалж байсан кени эмч тэр бүсгүйг Момбаса хотын нэгэн бааранд биеэ үнэлдэг байхад нь ёстой санамсаргүй тохиолдлоор тааралджээ. Тэр кени эмч бааранд шар айраг шимсэн шиг, нэг эмэгтэйтэй дэмий ярьсан шигээ сууж байхдаа Шарль Монегийн нэрийг санамсаргүй дурдсан юм байжээ. Тэгтэл, нөгөө эмэгтэй: “Би түүнийг танилгүй яахав. Баруун Кенигээс ирж Шарль Монетой хамт явсан тэр эмэгтэй чинь би байхгүй юу” гэхэд нь нөгөө эмч анхандаа түүнд итгэсэнгүй. Харин тэр эмэгтэй өмнө өгүүлсэн зарим нарийн ширийн зүйлийг эмчид ярьж өгсөн тул арга буюу үгэнд нь итгэжээ.

Тэр эмэгтэй, кени эмчтэй бааранд тааралдсанаасаа хойш харагдахаа бүр больж, Момбаса хотын үймээн шуугиан дунд уусан алга болжээ. Магадгүй, одоо тэр байхгүй, аль хэдийнэ ДОХ өвчнөөр нас барсан байж ч болзошгүй дээ, хөөрхий.

Шарль Моне зул сарыхаа амралтын дараа, нөгөөх л ус шахуургын байшиндаа дахин ажиллаж эхэлжээ. Тэр, өглөө болгон чихрийн нишингийн шатаасан талбайг гатлан, ажилдаа очиж явах замдаа, үүлэнд умбасан Элгон уулын бараа сүрийг харан бахдаж, үл үзэгдэх ертөнцийн татах хүчинд автсан мэт тэрхүү үзэсгэлэнт ууланд сэтгэл нь хоргодсоор байсан нь эргэлзээгүй. Гэтэл, тэр л өдрүүдэд түүний бие махбодод нэгэн зүйлийн бичил биетэн амьдарсаар, үржиж олширсоор л байжээ. Тэр бичил биетэн бол вирүс хэмээх амьдралын нэгэн хэлбэр байсан бөгөөд Монегийн бие махбодийг бүрэн эзэлж, өөрийхөө амьдран орших эзэн болгоод, зогсоо зайгүй үржин олширсоор л байлаа.

* * *

Ийм аюултай вирүст халдварт өртсөн хүний толгой долоо дахь өдрөөс нь өвдөж эхэлдэг онцлогтой. Тэгвэл, 1980 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн Шарль Монегийн нүдний угаар лугшин өвдөж эхэлсэн тул, ажилдаа очихоо болихоор шийдэн, орондоо хэвтэж өнжжээ. Энэ өдөр бол түүний Китумын агуйд өнгөрүүсэн шинэ жилийн аяллын дараах яг долоо дахь өдөр байв.

Толгойных нь өвчин түүнийг улам зовоож, нүднийх нь алим хөндүүрлэж байснаа, дараа нь, чамархайгаар нь хатгуулж, нэг ёсондоо, толгой дотор нь өвчин тойроод л явах мэт санагджээ. Аспирин уугаад ч өвчин намдсангүй, удалгүй нуруугаар нь хүчтэй өвдөж эхэллээ. Гэрийнх нь үйлчлэгч Жонни зул сарын амралтаа аваад явчихсан тул, Шарль Моне саяхнаас нэг үйлчлэгч түр хөлсөлсөн байлаа. Үйлчлэгч эмэгтэй, түүнийг хэрээрээ асарч сувилахыг хичээсэн боловч, чухам яаж туслахаа үнэндээ мэдэхгүй сандарч байв. Монегийн толгой өвдөж эхэлснээс хойших гурав дахь өдрөөс нь түүний дотор эвгүйрч, цочир халууран, бөөлжиж эхэлжээ. Бөөлжих нь улам нэмэгдсээр, сүүлдээ хоосон огиулж, бие нь жигтэйхэн сул болж, нүүрэнд нь амьд хүний шинж огт байхгүй, баг шиг хөдөлгөөнгүй болж, нүд нь гөлийлөө. Зовхи нь жаахан унжиж, нүднийх нь алим аяганаасаа бүлтийн, нүдээ хагас аньсан мэт өвөрмөц дүртэй болов. Хөлдчихсөн юм шиг огт хөдөлгөөнгүй болсон нүд нь час улайж, нүүрнийх нь арьс шарлан, од хэлбэрийн гялалзсан улаан өнгийн толбууд гарч эхэллээ. Шарль Моне яг үхээрийн хүн шиг харагддаг болов. Тэр, яагаад ингэж сүрхий өөрчлөгдөж байгааг үйлчлэгч нь ерөөсөө ойлгосонгүй. Шарль Моне эрс хувиран, огт өөр хүн шиг болж, дүнсгэр, өөнтөгч, ууртай, оюун ухаан нь хийсэн одсон мэт боллоо. Гэхдээ тэр дэмийрч солиорсонгүй, асуусан юманд хариулж чадаж байвч, чухам хаана байгаагаа яг таг мэдэхгүй байгаа бололтой байв.

Хамт ажилладаг нөхөд нь, Шарль Монег ажил дээрээ үзэгдэхээ больсонд гайхаж, чухам юу болсон юм бол гэж санаа нь зовж зовж, эцэст нь, нөхрөө эргэхээр зуслангийх нь байшинд очиход, алаг шаазгай нь зочид дотогш орохыг ажиглан, дээвэр дээр сууж байв. Нөхөд нь Шарль Монег харангуутаа л, түүнийг заавал эмнэлэгт хүргэх шаардлагатайг ойлголоо. Ажлых нь газрын нэг хүн, бие нь тун тааруу, машинаа ч жолоодох тэнхэлгүй болчихсон нөхрөө Виктори нуурын эрэг дээр оршдог, Кисуму хэмээх нэг жижигхэн хотын хувийн эмнэлэгт хүргэж өгөв.

Шарль Монег үзсэн эмч нар, түүний нүд, нүүр, ухаан санаа яагаад ингэж өөрчлөгдсөнийг тайлбарлаж чадсангүй. Ямар нэг нянгийн халдвараас болсон байж болзошгүй гэж санаад, түүнд антибиотик тарьсан боловч өвчнийг нь анагааж дийлсэнгүй. Тэгээд эмч нар, Зүүн Африкийн хувийн эмнэлгүүдийн дотроос хамгийн сайнд тооцогддог Найроби хотын эмнэлэгт очиж эмчлүүлэхийг түүнд зөвлөөд, тэр эмнэлгийн аль нэг эмчид өвчтөн очих гэж байгааг урьдчилан мэдэгдэх гэж хичээсэн боловч, холбооны шугам ажиллахгүй байсан тул бүтсэнгүй. Гэхдээ Шарль Моне өөрөө явж чадахтайгаа байсан болохлоор, унаанд суугаад ганцаараа явчихаж дөнгөхөөр харагдаж байжээ. Түүнд замын зардлын мөнгө хүрэлцээтэй байснаас гадна Найроби хотруу явах хэрэгтэй гэдгээ ч сайн ойлгосон байлаа. Эцэст нь эмч нар Шарль Монег таксинд суулган онгоцны буудал руу явуулснаас хойш, удалгүй тэр Кени улсын агаарын тээврийн онгоцонд суужээ.

Ширэнгэ ойгоос тархсан гоц аюултай вирүс хоногийн хорин дөрвөн цагийн туршид дэлхийн хот болгоноос нисдэг ямар ч онгоцонд тээгдэн жуулчилж чадна. Хэрэв ийм аюултай вирүс дэлхийн бүх хотыг тор мэт холбосон, агаарын тээврийн сүлжээнд нэг л нэвтэрсэн бол ганцхан хоногийн дараа Парис, Токио, Нью-Йорк, Лос Анжелес хаана л бол хаана, онгоц нисдэг газар бүхэнд хүрчихэж чадна. Тэгвэл, Шарль Моне, түүний биед үржиж буй аюулт вирүс хоёр энэ сүлжээнд хэдийнэ орчихсон байлаа.

Шарль Монегийн суусан онгоц нь “Фоккер Френдшип” хэмээх, сэнстэй, гучин таван хүний суудалтай зорчигч тээврийн онгоц байв. Онгоцны хөдөлгүүр асан хөөрч, цэнхэртэн гялбалзах мандалд нь загасчдын модон завь торойн торойн харагдах Виктори нуурын дээгүүр эргээд, зүүн зүгийг барин, цайны ургамлын тариалан, жижиг фермүүд ээлжлэн тасралтгүй үргэлжилсэн ногоон толгодын дээгүүр өндөр аван нислээ. Африкийн хаана л бол хаана дүнгэнэлдэн нисч байдаг зорчигч тээврийн онгоц бараг дандаа л пиг дүүрэн хүнтэй явдаг болохлоор энэ нислэг ч дүүрэн зорчигчтой байсан нь магад. Онгоц улам дээшлэн, ойн бүс болоод дугуй хэлбэрийн оромж, нимгэн дээвэртэй байшингууд бөөгнөрсөн суурингуудын дээгүүр өнгөртөл, газар гэнэтхэн холдоод, тэртээ дор хөндийд үлдэж, ногоорон харагдаж байсан өнгө нь хүрэн болж хувирлаа.

Онгоц Зүүн Рифт хөндийг гатлан нисч явах үед, хүн хэмээх нэгэн зүйлийн амьтны анх үүссэн өлгий нутгийг зорчигчид цонхоор сонирхон харж явав. Тэртээ дор, өргөст бутан хашаагаар хүрээлэгдсэн оромжууд нь цэг мэт, мал сүргийн зам нь цацраг мэт үзэгдэнэ. Сэнс нь дүнгэнэсээр, Рифт хөндийн салхинд туугдсан, үүлэн зурваст орсон онгоц донслон дайвалзахад Шарль Монегийн дотор муухай оргиж эхлэв.

Онгоцны нарийхан суудлууд хоорондоо маш ойрхон давчуу учраас кабинд юу л болно хүн бүхэнд заавал ажиглагддаг юм. Кабины хаалгыг бив битүү хааж, зөвхөн доторх агаараар нь сэлгүүлэн салхижуулсан болохлоор, агаарт ямар нэг үнэр тархвал хүн болгонд мэдрэгдэж, хэн нэгэн зорчигч өвдвөл хүн бүхэн анзаарч таарна. Шарль Моне суудал дээрээ бөгтийгөөд, бие нь нэг л тавгүй байгаа нь илэрхий ч, чухам яасныг нь хэлэх боломж хэнд ч байсангүй.

Шарль Моне бөөлжисний хүүдий амандаа бариад, хүчтэй ханиалган, ямар нэг зүйлээр байн байн гулгихад, хүүдий нь цүлхийгээд ирэв. Түүнийг эргэн харах хооронд нь ажиглавал, кофены шаар зажилж байсан юм шиг жижигхэн жижигхэн хар мөхлөг холилдсон, тослог улаан зүйлээр уруул нь будагдсан харагдлаа. Нүд нь час улайж, цус хурсан нүүр нь огт хөдөлгөөнгүй болон гөлийжээ. Хэдэн хоногийн өмнө үүссэн од хэлбэрийн улаан толбууд нь томорсоор томорсоор хоорондоо нийлээд аяндаа хүрэн улаан өнгөөр сүүдэртсэнээс, нүүр царай нь тэр аяараа харлан хөхөрсөн байлаа. Шарль Монегийн нүүрний холбох эд уусан алга болсноос нүүрнийх нь арьс, яснаасаа ховхрон салаад дөнгөж л дүүжлэгдэж байгаа мэт харагдана. Тэр амаа ангалзуулан бөөлжисний хүүдий шүүрэн авч, зогсоо зайгүй бөөлжсөөр л явлаа. Бөөлжиж бөөлжиж ходоод нь хоосорсны дараа түр амсхийгээд дахин шингэн хуралдаад ирмэгц, дахиад л бөөлжиж эхэлнэ. Vomito negro буюу “хар бөөлжис” гэж нэрлэдэг зүйлээр хүүдий нь дүүрч байв. Хэдийгээр “хар бөөлжис” гэдэг ч, энэ нь үнэндээ тас хар биш, хар улаан хоёр өнгө холилдсон буюу чанасан махны нитэг шиг хар бижирмэг, тараагуур судасны, хүчилтөрөгчөөр ханасан ув улаан цустай холилдсон байдаг юм. Энэ бол, өвчтөн дотуур цус алдаж байгаагийн шинж бөгөөд энэ үед яг л мал нядалгааны газрынх шиг үнэр ханхална. Харин энэ хар бөөлжис вирүс агуулсан байлаа. Туйлын халдвартай төдийгүй, үхлийн аюултай энэ шингэнээс биологийн аюул судлаач, цэргийн мэргэжилтэн ч сүнсээ зайлтал айдаг юм. Хар бөөлжисний үнэр онгоцоор дүүрэн ханхаллаа. Шарль Моне “хар бөөлжис”-өөр дүүрсэн хүүдийнийхээ амыг хамхин, ирмэгийг нь нугалав. Хүүдий цүлхийн зөөлрөөд, доторх бөөлжис нь шүүрч асгарах гээд байсан тул Шарль Моне түүнийг онгоцны үйлчлэгчид өглөө.

Гоц аюултай вирүс халдварласан эзнийхээ тархинаас эхлээд, арьсыг нь хүртэл бүх эрхтнийг пиг дүүртэл үрждэг юм. Үүнийг “вирүсийн хэт олшрол” гэж цэргийн мэргэжилтнүүд нэрлэдэг билээ.

* * *

Энэ өвчин, ердийн нэг ханиад туссантай огтхон ч адилгүй, тун аюултай. Вирүсийн хэт олшрол дээд цэгтээ хүрсэн үед, нүдний дусаагуурын ганцхан дусал төдийхөн, өчүүхэн цусан дотор зуун мянган вирүс агуулагддаг юм. Вирүс ингэж хэт олшрох явцад, хүний биеийн зарим эд эс вирүс болон хувирч байдаг бөгөөд халдварласан эзнээ эрхшээлдээ оруулж авсан вирүс эд эс бүхнийг нь өөрийхөө бүтцийн бүрэлдэхүүн хэсэг болгон хувиргахыг чармайсаар л байна. Хэдийгээр, вирүс хүний бүх эд эсийг бүгдийг нь ингэж хувиргаж чадахгүй ч гэсэн, эцсийн эцэст, ихээхэн эд эс гэмтэн уусч, вирүстэй холилдсон байдаг нь биологийн хувьд, сүйрэл мөн. Шарль Монегийн биед вирүс хэт олширсны илрэл нь дээрх хар бөөлжис байлаа.

Шарль Монег хажуугаас нь харвал, хөдлөх л юм бол дотор нь нэг зүйл хагарчих гээд байгаа аятай, огт хөдөлгөөнгүй сууж байв. Чухамдаа, энэ үед түүний цус нөжрөн бүлэгнэж, үүссэн бүлэнгүүд цусны урсгалаар зөөгдөн, энд тэндгүй тархан, очсон газар бүхнийхээ судсыг таглаж байжээ. Элэг, бөөр, уушиг, гар хөл, толгойных нь судас цөм бүлэнгээр тагларснаас хагарч, бүх биед нь цус харвалт үүслээ. Нарийн, бүдүүн гэдэсний булчингуудын судас мөн л бүлэнгээр тагларснаас, цусан хангамж нь тасарч, булчин нь үхжиж, гэдэс нь сув сул болов. Тархиных нь судас бүлэнгээр битүүрч, цусных нь урсгал хаагдан, уураг тархи нь гэмтсэнээс Шарль Моне өвдөлтийг мэдрэхээ хэдийнэ больжээ. Уураг тархи нь гэмтсэнээс хойш, түүний бодьгал чанар арчигдах мэт алга болсоор байлаа. Ийм байдлыг “хүний өвөрмөц чанараа алдах” гэж нэрлэдэг бөгөөд энэ үед хүний сэргэлэн чанар, зан төлвийн нарийн онцлогууд бүрмөсөн алга болдог юм. Чухам үүнээс л болж, Шарль Моне яг автоматаар ажилладаг робот шиг л боллоо. Түүний тархины маш чухал төвүүд гэмтсэнээс, хамгийн түрүүнд ухамсрын дээд үйл ажиллагаа нь алга болж, зөвхөн уртавтар тархины гүний хэсэг (хулгана, гүрвэлийн тархи шиг хэсэг) нь амьд үлдээд, ажиллаж байв. Төсөөлөн хэлэхэд, Шарль Монегийн хувьд хэн бэ гэсэн асуултанд хариулагдах зүйл нь аль хэдийнэ үхээд, зөвхөн юу вэ гэсэн асуултанд хариулагдах зүйл нь л амьд байлаа.

Тэр, хүчтэй бөөлжсөнөөс болж, хамрын нь судас тасарсан бололтой цус гоожиж эхлэв. Тараагуур судасны туяарсан улаан цус хамрых нь хоёр нүхнээс зэрэг асгаран, шүд болоод эрүүн дээгүүр нь урслаа. Шарль Монегийн цус бүлэгнүүлэх факторууд хэдийнэ шавхагдаж дууссанаас, цус нь тогтохгүй гоожсоор байсан тул, онгоцны үйлчлэгч хэсэг цаасан алчуур авчирч, түүнд өгсөн боловч, цаасан алчуураар хамраа бөглөөд бөглөөд цус нь тогтсонгүй, нэвт шүүрсээр л байв.

Ер нь, хэн ч байлаа гэсэн, онгоцонд зэрэгцээд суусан хүн маань өвдвөл, юу юуны туханд хүрэлгүй, хэт их санаа тавьж, тэр хүнээ улам зовоохгүйг хичээн “Гайгүй биз… ...Зүгээр болох байх” хэмээн өөрийгөө тайвшруулах нь мэдээж билээ. Онгоцонд суухдаа бие нь эвгүйцдэг хүн байдаг шүү дээ. Тэгээд л, онгоцонд суугаад бөөлжиж байгаа байх, зайлуул гэж бодох юмуу, онгоцны доторх агаар хуурай, сийрэг байдаг болохлоор зарим хүний хамраас цус гоождог, тэгээд л гоожиж байгаа байх гэж бодно. Гэхдээ, нөгөө хүний бие улам муудаад ирвэл, ямар нэг тусламж хэрэгтэй эсэхийг түүнээс аяархан асууж таарна. Шарль Моне шиг, ноцтой хүнд өвчтэй хүн бол асуултанд хариулахгүй. Сайндаа л, амандаа нэг юм бувтнах боловч, юу хэлснийг нь хэн ч ойлгохгүй. Тийм өвчтөнийг аль болохоор тайван байлгахыг хүн бүхэн хичээнэ. Гэвч, хүний төлөө санаа зовсон үед, нислэг даанч удаан үргэлжилж байгаа юм шиг санагдана. Онгоцны үйлчлэгч өвчтэй хүнд туслах нь мэдээж. Гэтэл Шарль Моне шиг гоц аюултай вирүст халдварт нэрвэгдсэн хүний зан төрх өөрчлөгдөн, ямар тусламж хэрэгтэйгээ илэрхийлэх ч чадваргүй болдог юм. Ийм өвчтэй хүн их өөнтөгч болж, биенд нь хүрэх төдийд ч дургүйцэнэ. Юм ярих дургүй болж, асуусан зүйлд хариулахгүй. Хариуллаа ч, хамраараа гунших юмуу, ганц нэгхэн үе бувтнах бөгөөд хэлэх гэсэн үгээ олохгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Ийм өвчтэй хүмүүс нэрээ хэлж чадавч, өнөөдөр долоо хоногийн ямар гараг болсоныг, чухам юунаас болж бие нь өвдсөнийг тайлбарлаж ерөөсөө чадахгүй.

Онгоц үүлэн дундуур нүргэлсээр, Рифт хөндийг туушид нь туулан ниссээр л байв. Энэ үед Шарль Моне суудлаа налан сулбайгаад, зүүрмэглэж байгаа мэт харагдана. Зарим зорчигч, түүнийг үхчихэв үү, яав гэж гайхаж байгаа бололтой. Үгүй ээ, тэр үхээгүй… ...бүр хөдөлж байна гээч. Бас, ув улаан нүдээ нээгээд, эргэн тойрноо харах аядаж байна.

Үдээс нэлээд хойно, нар Рифт хөндийн баруун толгод руу тонгойн, нүд гялбам хурц гэрлээ дөрвөн зүг, найман зовхист цацруулах нь ертөнцийн наран яг экватор дээр хага үсэрсэн мэт ажээ. Онгоц зөөлөн эргээд, Рифт хөндийн зүүн талын хавцал дээгүүр өнгөрөв. Газрын байдал өндөрсөөд, бараан өнгө нь ногоон болоод ирлээ. Нгонгийн толгод, онгоцны баруун далавчны тушаа харагдан, онгоц доошилсоор судалт тахь, анааш торойн харагдах хэсэг модтой газрын дээгүүр өнгөрөв. Минутын дараахан онгоц Жомо Кенниата хэмээх Олон улсын буудалд газардлаа. Шарль Моне аяархан аяархан хөдөлж, ганцаараа явах тэнхээтэй байсан тул цусаа гоожуулан дайвсаар онгоцны шатаар буув.

Цамц нь ув улаан цусанд будагдан заваарсан Шарль Монегийн гарт ямар ч ачаа байсангүй. Түүний цорын ганц ачаа нь гэвэл, биед нь үржсэн аюулт вирүс л байв. Нэг үгээр хэлэхэд, Шарль Моне дүүрэн вирүстэй “хүн–бөмбөг” болон хувирчээ. Тэр, шуудхан онгоцны буудлын байшин дундуур гарч, аажимхан алхалсаар байнга такси зогсож байдаг тахир замруу гарч ирлээ. Таксины жолооч нар түүнийг бүчин авч: “Такси авах уу?”, “Такси?” гэцгээв.

“Найроби… ...эмнэлэг…” гэж Шарль Моне арай ядан бувтналаа.

Нэг жолооч түүнд туслан таксиндаа суулгав. Ер нь, Найробийн таксины жолооч нар тээж яваа зорчигчтойгоо дэмий ярьж явах дуртай болохлоор, тэр жолооч ч Монегоос өвдсөн эсэхийг асуусан нь мэдээж бөгөөд хариулт нь ч илэрхий байгаа бизээ. Тэр үед, Шарль Монегийн ходоод арай гайгүй болж, хоосон оргих юмуу, урагдаж байгаа юм шиг өвдөх, эсвэл халуу оргих зэргээ болиод, харин цадталаа хоол идсэн мэт цанхайж байв.

Такси Ухуругийн гол замд орж, Найроби хотыг чиглэн, хуайс модоор хүрээлсэн билчээрийн талбайг туулж, үйлдвэрүүдийн хажуугаар өнгөрөөд, эцэст нь нэг эргэлтэн дээр иртэл, Найроби хотын түм түжигнэж, бум бужигнасан гудамжны амьдралд орж ирлээ. Замын хоёр талаар цуврах бөөн бөөн хүмүүс, шавар шавхайтай зөргөөр алхлах эмэгтэйчүүд, залхуурч нозоорсон эрчүүд, дугуй унаж давхисан хүүхдүүд, замын хажууд гутал засч суугаа хүн, модны нүүрс ачсан чиргүүлтэй трактор ээлжлэн тааралдаж байв. Тэгснээ, такси зүүн тийш эргэн, Нгонгийн замд орж, хотын цэцэрлэгийг өнгөрөөд, нэгэн толгойг өгсөж, эгнэн ургасан өндөр өндөр эвкалипт модны хажуугаар гаран, дахиад нэг нарийхан зам руу эргээд, дэргэд нь харуул зогссон хаалгаар орсноор, Найробийн эмнэлгийн нутаг дэвсгэрт нэвтэрч, цааш явсаар, цэцгийн мухлагийн хажууд зогсов. Нэг шилэн хаалган дээр “Гэмтлийн тасаг” гэсэн хаяг харагдлаа. Шарль Моне жолоочид мөнгө атгуулаад, таксинаас буун, мөнөөх шилэн хаалгаар орж, хүлээн авахын цонхон дээр очоод, маш хүнд өвчилснөө арай чамай илэрхийлж хэлэв.

Шарль Моне цус алдаж байсан учраас хүлээн авахын сувилагч: “Таныг эмч одоохон үзнэ. Гэхдээ эмчийг дуудаж ирүүлэх тул, та иртэл нь хүлээх хэрэгтэй. Эмч ирэнгүүтээ л үзнэ, санаа зовох хэрэггүй” гэж тайвшруулсанд, тэр хүлээлгийн өрөөнд очиж суулаа.

Хүлээлгийн өрөө нь зөөлөвчтэй урт сандал цувуулан тавьсан жижигхэн тасалгаа байв. Цонхоор нь Зүүн Африкийн хурц тод нарны гэрэл нэвт тусан, халтар хултар сэтгүүлүүд овоолоостой ширээн дээрээс ойн голдоо усны нүхтэй саарал чулуун шалруу тэгш өнцөг гарган цацарчээ. Өрөөгөөр дүүрэн, модны утаа, хөлсний үнэр холилдон ханхалж, сүүмгэр нүдтэй хүмүүс чихцэлдэн, африкийхан болоод европыхон эгнэн сууцгааж байлаа. Гэмтлийн тасагт голдуу шархандаа оёдол тавиулах хүмүүс ирсний, зарим нь алчуураар толгойгоо даран, зарим нь цус нэвтэрсэн боолттой хуруугаа атган, тэвчээртэй хүлээн сууж байв. Урт сандал дээр суугаа Шарль Монегийн хувьд, хөхөрч хавдсан гөлгөр царай, ув улайсан нүд хоёрыг нь эс тооцвол, тэнд суугаа хүмүүсээс нэг их ялгарахгүй байлаа.

Хүлээлгийн өрөөний ханан дээрх нэг санамжид халаасны хулгайчаас болгоомжлохыг анхааруулсан бол, өөр нэг санамжид: “ГЭМТЛИЙН ТАСАГ НЬ, ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ШААРДЛАГАТАЙ ХҮМҮҮСИЙГ ТҮРҮҮЛЖ ҮЗНЭ. ИЙМЭЭС, ӨӨРИЙГ ТАНЬ ДУУДАХ ХҮРТЭЛ ХҮЛЭЭХ ХЭРЭГТЭЙ. ЧИМЭЭ ШУУГИАН БҮҮ ГАРГАГТУН! БИДНИЙГ ОЙЛГОЖ, ТУСАЛСАНД ТАНЬ БАЯРЛАЛАА!” гэжээ.

Шарль Моне чимээ шуугиан гаргалгүй, өөрийг нь дуудахыг хүлээсээр л суув. Гэтэл бие нь гэнэтхэн туйлдаа хүртэл муудлаа. Дүүрэн вирүстэй “хүн–бөмбөг” тэсэрлээ. Яг ийм үеийг биологийн аюул судлагч цэргийн мэргэжилтнүүд тун өвөрмөцөөр тодорхойлж, аюулд өртсөн хүн “цус алдаж шоконд орлоо” гэх юм уу, арай зөөлрүүлээд аюулд өртсөн хүн “өнгөрлөө” гэдэг юм.

Шарль Монегийн толгой нь эргэн, бие нь бүр сулраад, нуруугаар нь эвгүй оргиж байснаа мэдээгүй болж, тэнцвэрээ бүр алдаж, өрөө тасалгаа нүднийх нь өмнө эргэлдээд явчихлаа. Тэр шоконд орж эхэлжээ. Шарль Моне толгойгоо өвдгөндөө хүртэл тонгойгоод, ходоодондоо хуримтлагдсан асар их цусыг шалан дээр асгаруулан бөөлжиж, аахилан зовиурласаар байлаа. Тэгснээ тэр ухаан алдан, шал руу харуулдан унав. Ухаангүй, өөрийн мэдэлгүй бөөлжин хэвтэж байгаа өвчтөнөөс хахаж цацах чимээ л сонстож байлаа.

Гэнэтхэн, орны даавуу цуу татан урах мэт дуу гарсан нь, өвчтөний шулуун гэдэсний хуниасууд огцом нээгдэж, бүдүүн гэдсэнд нь хуралдсан асар их цус хошногоор нь эрчлэн цацагдсан хэрэг ажээ. Тэр цусан дотор, гэдэсний дотор ханын хучаас эд холилдон гарсан байв. Энэ бол гэдэсний дотор хана хуурч байгаагийн гэрч. Өвчтөн шулуун гэдэснээсээ маш их хэмжээний цус алдаж, гэдэсний дотор хананаас хуурч салсан хучаас эд улам ихээр холилдон гарсаар байлаа. Эдгээр шинж тэмдэг бол, Шарль Моне “шоконд орж, цус алдаж” байгааг харуулж байв.

Хүлээлгийн өрөөнд байсан өвчтөнүүд босцгоон, шалан дээр ухаангүй хэвтэж байгаа Шарль Монегоос холдож, эмч дуудахаар явцгаалаа. Өвчтөний эргэн тойронд тунарсан цус маш түргэн нэмэгдсээр л байв. Аюулт вирүс, дотор нь үржиж олширсон эзнээ сүйрүүлээд, нүх сүв болгоноор нь гадагшилж, дахиад л шинэ эзэн олж халдах гэж эрмэлзэж байгаа нь энэ билээ.

(Үргэлжлэл бий) Англи хэлнээс орчуулсан Э.Пүрэвдаваа

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 721
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК