Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2010, 1(151)
Сүрьеэ өвчний талаарх эмнэлгийн ажилтны мэдлэг, дадaл, хандлагыг судалсан дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Э.Эрдэнэчимэг¹, Д.Наранзул², Д.Нарансүх¹, С.Мягмарчулуун¹, Г.Энхжаргал¹, Ч.Цолмон¹, Ц.Цэвэгдорж¹, Л.Оюунтогос³

¹ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, ²Халдварт өвчин судлалын үндэсний төв, ³Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

 
Абстракт

Survey Of Knowledge, Attitudes And Practices For Tuberculosis Among Health Care Workers In Mongolia

Background
Tuberculosis (TB) morbidity and mortality has been one of the pressing issues in the health sector of our country. In Mongolia, 2 people out of 1000 people developed tuberculosis annually, which leads to becoming one of the 7 countries with high TB morbidity among 37 countries of the Western Pacifi c Region.
Objective
The aim of the study is to have the baseline to understand and measure knowledge, attitudes and practices regarding tuberculosis among non-tuberculosis health care workers including family group practitioners, nurses and specialized doctors at the primary, secondary and tertiary health care level of Mongolia.
Materials and Method
Cross-sectional descriptive qualitative study. Self-admitted questionnaire were performed for 572 health care workers. Total of 4 aimags/provinces and 3 districts were randomly selected. Selenge, Darkhan-Uul, and Khentii aimags are regions with high tuberculosis burden, Dornogobi and Orkhon aimags are with low Tuberculosis incidence and prevalence in 2008. Altogether 572 doctors and health professionals from selected health facilities were involved in survey questionnaire and 39.9% (228 people) of respondents were working at the primary level, 31.3% (179 people) in secondary level, and 28.8% (165 people) in the tertiary level health facility, respectively. Altogether 23 focus group discussions were organized, involving 130 people.
Results
Around 98.6% of respondents answered that TB is spread when infected person coughs and sneezes. However, one of every three respondents answered TB can be transmitted when sharing cups, dishes and other cooking utensils with the infected person, one in every ten people–shaking hands with the infected person, and one in every four people–through mother to child transmission. Such misconception is common among the health professionals, especially among nurses of the secondary and tertiary level health facilities. Around 47.6% or 272 people answered correctly that TB patients have symptoms such as coughing for 2 weeks and longer, develop sputum with blood traces, fever and sweating during night sleep, and loss of weight. However, there is some misunderstanding among the doctors and nurses such as there are skin rashes. When doctors and nurses where asked which form of TB is the infectious one, 86.9% answered correctly that TB with positive smear test is infectious. On assessing the knowledge, attitude and practice on TB treatment, about 93.4% of the respondents answered that treatment shall be done by anti-TB drugs and this result is equally strong among health professionals at all service delivery levels (p=0.075). However, there are some misconceptions among the nurses that TB patients should buy anti-TB drugs from the pharmacies, try traditional medicines and follow religious rituals. This should be paid further attention and issues covering TB should be included in their curriculum. Every second person knows the treatment continuation period of drug susceptible TB patient, which is relatively low knowledge level. According to survey results, every second person knows what DOTS stand for. In other words, 55.4% of the respondents identifi ed correctly what is DOTS, and 13.8% answered that it is a combination of anti-TB drugs, 3 .3% - as TB treatment method, 5.6% - as combination of TB reduction measures, and 2.2% answered that they don’t know.
Conclusion
Many misunderstandings were found in the fi eld of transmission, BCG vaccination, treatment and anti-TB drugs. There is a need to provide training for non-TB medical doctors and nurses.

Үндэслэл

Сүрьеэгийн өвчлөл, нас баралт нь манай улсын эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал хэвээр байна. Монгол улсад жил бүр 1000 хүн тутмын 2 нь сүрьеэгээр өвчилж байгаа бөгөөд Номхон Далайн Баруун Бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй 7 орны тоонд орж байна [1] Сүрьеэ өвчин нь манай улсын хүн амын нас баралтын шалтгааны 6 дугаар байр, үхэл эндэгдлийн 6 хувийг эзэлж байна [1]. Манай улсад хийсэн судалгаагаар өрхийн эмч нар хожуу оношлох тохиолдол сүрьеэгийн эмч нараас 3.5 дахин, мөн хотоос хөдөөгийн эмч нарын үйл ажиллагаатай холбоотой оношийн хожимдол их байгааг дурдсан байна [2]. 2008 онд ДЭМБ-ын зөвлөх мэргэжилтэнүүд манай үндэсний мэргэжилтэнүүдтэй хамтран “Сүрьеэтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн байдалд хамтарсан үнэлгээ хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг гаргасан [1]. Сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдтэй хийсэн уулзалтын үед сүүлийн жилүүдэд сүрьеэгийн чиглэлээр шинэ залуу, чадварлаг боловсон хүчин шинээр ажилд орох нь багасч хүний нөөцийн төлөвлөлт, уламжлал, шинэчлэл алдагдахад хүрч байна гэж үзэж байсан. Эмнэлгийн ажилтан болон сүрьеэтэй өвчтөний дундах сүрьеэгийн өвчлөлтэй холбоотой ялгаварлан гадуурхалтын талаар хийсэн судалгааны ажил ховор, харин хүн амын төлөөлөл болох цөөн тооны хүнийг хамруулан сүрьеэгийн талаарх мэдлэг, хандлага, дадлыг тогтоох цөөн судалгаа хийгдсэн байна [3]. 

Зорилго

Эрүүл мэндийн анхдагч, хоёрдогч, гуравдагч шатлалд тусламж үйлчилгээ үзүүлдэг эмч, сувилагч нарын сүрьеэ өвчний талаарх мэдлэг, хандлага, дадлыг үнэлэхэд судалгааны ажлын зорилго оршино.

Зорилт:

1. Сүрьеэ өвчний талаарх эмнэлгийн ажилтны мэдлэг, хандлага, дадлыг тогтоох 

2. Эмнэлгийн ажилтны дундах сүрьеэтэй өвчтөнийг ялгаварлан гадуурхах түвшинг үнэлэх

3. Мэдээлэл, сургалт, сурталчилгааны үйл ажиллагааг цаашид сайжруулах, ялангуяа эмнэлгийн ажилтны дундах ялгаварлан гадуурхалтыг бууруулах чиглэлээр зөвлөмж боловсруулах

Mатериал, арга зүй

Сүрьеэгийн талаарх эмч, эмнэлгийн ажилтны мэдлэг, хандлага, дадлыг тогтоох судалгааг агшингийн загвараар явуулж, тооны болон чанарын аргаар мэдээ баримтыг цуглуулав. Судалгаанд сүрьеэгийн өвчлөл өндөртэй Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь, Хэнтий аймгууд болон Улаанбаатар хотын Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх  дүүргийн нутаг дэвсгэрт орших хоёрдогч, гуравдагч шатлалын эмнэлгийг зорилтот түүврийн аргаар, анхдагч шатлалын эмнэлгийн байгууллагуудыг санамсаргүй түүврийн аргаар сонгосон. Судалгаанд сонгогдсон аймаг, дүүргийн нутагт орших эрүүл мэндийн тусламж үйлчилгээний гурван шатлалын эмнэлгийн нийт 572 эмч, эмнэлгийн ажилтнууд асуумжийн судалгаанд хамрагдсан бөгөөд 39.9% (228 хүн) нь анхдагч, 31.3% (179 хүн) нь хоёрдогч, 28.8% (165 хүн) нь гуравдагч шатлалын эмнэлэгт тус тус ажиллаж байв. Судалгаанд оролцох эмч, сувилагч нарыг түүвэрлэхдээ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний анхдагч шатлалын (өрх, сумын эмнэлэг) эмнэлгийн эмч, сувилагч нарын тоо цөөн учраас зориудын түүвэрлэлт хийж сүрьеэгийн бус бүх эмч, сувилагчийг судалгаанд хамруулсан. Бага бүлгийн нийт 23 удаагийн ярилцлагад 130 хүнийг хамруулсан.

Асуумжийн судалгаа

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхдагч шатлалын түвшинд ажиллаж байгаа сум, өрхийн эмч, сувилагч, хоёрдогч, гуравдагч шатлалд ажиллаж байгаа сүрьеэгийн бус эмч, сувилагчийг санамсаргүй түүвэрлэлтээр сонгон тусгайлан боловсруулсан асуумжаар судалгааны мэдээг цуглуулав. Судалгааны асуумжийг судалгаанд оролцогч өөрөө бөглөсөн. Судалгааны асуумж нь сүрьеэгийн талаарх эмнэлгийн ажилтны мэдлэг, хандлага, дадлыг тогтоох болон ялгаварлан гадуурхалтын түвшинг үнэлэх хоёр хэсгээс бүрдсэн.

Бага бүлгийн ярилцлага

Бага бүлгийн ярилцлагыг эмч, сувилагч нарыг тус тусад нь нэг бүлэг болгон явуулсан. Бүлэг тус бүрийг 5-6 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж, тусгай диктофон, гар утсыг ашиглаж ярилцлагыг бичив. Ярилцлага тус бүрийг 2 хүн удирдан явуулсан. Фокус бүлгийн ярилцлага нь танилцуулга, илтгэлцэл бий болгох, гүнзгийрүүлэх, хаах гэсэн дөрвөн үе шаттай явагдсан.

Судалгааны мэдээ, мэдээллийг “SPSS11.5” статистикийн программыг ашиглан дескриптив статистикийн үзүүлэлтийг гаргав. Мөн үзүүлэлтийн утга хоорондын ялгаатай байдлыг “хи- квадрат” шалгуураар шалган, р-утгаар илэрхийллээ. Чанарын судалгааны үр дүнг Simple Test matrix аргаар боловсруулав. Чанарын судалгааны мэдээний агуулга тус бүрт нь нэг бүрчлэн дүн шинжилгээ хийж, кодлон, логик хамаарлаар нь категорт хувааж, үр дүнг матрицийн хүснэгт, текстээр харуулав. 

Судалгааны ёс зүй

ЭМШУИС-ийн Анагаах Ухааны Ёс Зүйн Хяналтын Салбар хорооны 2009 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн хурлаар судалгааны арга аргачлалыг хэлэлцүүлж, судалгаа явуулах зөвшөөрлийг авсны дараа судалгааны мэдээ баримтыг цулуулав (хурлын тэмдэглэл ¹73/8).

Үр дүн 

Судалгаанд оролцогч эмнэлгийн ажилтны шинж байдал

Судалгаанд оролцогсдын 90.6% нь эмэгтэй, 9.4% нь эрэгтэй, 61.0% нь дээд боловсролтой, 39.0% нь тусгай дунд боловсролтой байв. Судалгаанд хамрагдсан эмч, сувилагч нарын 44.2% нь ЭМШУИС, 4.2% нь хувийн анагаах ухааны дээд сургууль, 32.9% нь Анагаах ухааны дунд сургууль, 18.0% нь сувилагчийн коллеж, 0.7% нь гадаадад их, дээд сургуульд суралцаж төгссөн, голч нас нь 40.0±9.25(SD), эмнэлгийн салбарт ажилласан жил дундажаар 16.05±0.43(SD), тухайн мэргэжлээр улсад ажилласан хугацаа дундажаар 15.24±0.42(SD) байна. Нийт оролцогсдын 46.8% нь эмч (өрх, сумын эмч, эх барих эмэгтэйчүүд, мэс засал, хүүхэд, дотор, бөөр, уушги, дотоод шүүрэл, уламжлалт, дүрс оношлогоо), 53.2% нь сувилагч (ерөнхий сувилагч, өрх, сумын сувилагч, мэс засал, бариа засал, шүд, нүд, дотор зэрэг) байсан. Судалгаанд оролцогсдын 38.8% нь сүрьеэгийн чиглэлээр багц цагийн сургалтанд хамрагдсан бөгөөд анхдагч шатлалын эмч, эмнэлгийн ажилтнууд хоёрдогч, гуравдагч шатлалын эмч нараас 1.3-2.4 дахин их (p=0.026) сургалтанд хамрагдсан байна.

Сүрьеэ өвчний талаарх мэдлэг, хандлага, дадлын байдал

Сүрьеэ өвчний үр дагавар хор уршгийн аюулын зэргийг асуумжаар судалж үзэхэд судалгаанд оролцогсдын 62.8% нь сүрьеэ өвчнийг маш аюултай, 28.8% нь бага зэрэг аюултай, 6.8% нь аюулгүй, 1.6% мэдэхгүй гэж хариулжээ. Зарим эмч, эмнэлгийн ажилтан ялангуяа сувилагч нар аюул багатай, аюулгүй гэсэн хариултыг илүү өгчээ (р=0.032). Сүрьеэ өвчин нь манай улсад нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал гэж нийт хүмүүсийн 92.1% нь хариулсан байхад, 4.5% нь тулгамдсан асуудал биш, 2.4% бага зэрэг тулгамдсан, 0.9% нь мэдэхгүй гэж хариулжээ.

Сүрьеэгийн халдвар тархах зам

Сүрьеэтэй хүн ханиах, найтаахад халдвар авах боломжтой гэж 98.6% нь хариулсан байна. Гэхдээ гурван хүн тутмын нэг нь сүрьеэтэй өвчтөнтэй аяга таваг, хоолны хэрэгсэл дундаа хэрэглэх, арван хүн тутмын нэг нь халдвартай хүнтэй гар барих, дөрвөн хүн тутмын нэг нь эхээс урагт халдвар тархдаг гэх ташаа ойлголтууд эмч, эмнэлгийн ажилтнууд ялангуяа сувилагч нарын дунд, тодруулбал хоёрдогч, гуравдагч шатлалын эмнэлгийн сувилагчдын дунд илүүтэй байна. Судалгаанд оролцсон эмч, эмнэлгийн ажилтны 19.6% нь сүрьеэгийн халдвар авсан бүх хүн өвчлөнө гэсэн буруу ойлголттой, 3.0% нь огт мэдэхгүй байв. Ядуу, орон гэргүй хүмүүс, архичид, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчид, ХДХВ/ДОХ-той хүмүүс, ХДХВ/ДОХ-той хүнтэй хамт амьдрагсад, хоригдол, сүрьеэтэй өвчтөний хавьтал сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй гэж нийт оролцогсдын 12.4% нь буюу 71 хүн цогц байдлаар зөв хариулсан байна. 

Сүрьеэ өвчний эмнэл зүйн шинж

Сүрьеэ өвчний үед өвчтөн хоёр долоо хоногоос дээш хугацаагаар ханиалгах, цэртэй ханиалгах, цустай цэр гарах, шөнө халуурах, шөнө хөлрөх, жин буурах гэсэн зовиуртай байдаг гэж нийт оролцогсдын 47.6% (272 хүн) нь цогц байдлаар зөв хариулсан байна. Биеэн дээр тууралт гардаг гэсэн ташаа ойлголт эмч, сувилагч нарын дунд ч байна. Эмч, эмнэлгийн ажилтнуудаас сүрьеэгийн эмнэл зүйн ямар хэлбэр халдвартай байдгийг тодруулж асуухад 86.9% нь цэрний түрхэц эерэг уушгины сүрьеэ хэмээн зөв хариулжээ. Сувилагч нарын зөв хариулт эмч нарынхаас 12.8%-иар бага (p=0.0001), цэрний түрхэц сөрөг уушгины сүрьеэ халдвартай гэсэн буруу ойлголт 2.8 дахин их (p=0.0001) байна. 

Сүрьеэгийн оношлогооны аргууд

Сүрьеэгийн шууд оношлогооны аргуудаас эмч эмнэлгийн ажилтан цэрний түрхэц, гэрлийн шинжилгээ, туберкулины сорилыг илүү мэддэг (85.7-95.5%) байна, гэхдээ цус, шээс болон хэт авиан шинжилгээгээр сүрьеэг оношлоно гэсэн буруу ойлголт ялангуяа хоёр, гуравдугаар шатлалын эмч нарын дунд өндөр байна. сүрьеэгийн оношлогооны олон аргуудаас хамгийн оновчтой арга бол цэрний түрхэцийн шинжилгээ гэж судалгаанд оролцогсдын 91.1% нь үзжээ.

Сүрьеэгийн эмчилгээ

Сүрьеэтэй өвчтөнийг хэрхэн эмчлэх талаарх мэдлэг, хандлага, дадлыг нь судалж үзэхэд тэдний 93.4% нь уг сүрьеэгийн эсрэг эмээр эмчилнэ гэж хариулсан ба энэхүү дадал эмч, сувилагч болон эмнэлгийн шатлалаар ялгаагүй (p=0.075) байна. Гэсэн хэдий ч сувилагчдын дунд эмийн сангаас эмээ авч эмчлэх, ардын уламжлалт эмчилгээ хийх, шашны үйлд итгэх хэрэгтэй гэх ойлголтууд байгаад цаашид анхаарч сургалтын хөтөлбөрт тусгах нь зүйтэй юм. Эмэнд мэдрэг сүрьеэтэй өвчтөний эмчилгээний хугацааг хоёр хүн тутмын нэг нь мэдэж байгаа нь хангалтгүй байна. 

Хүснэгт 1. Эмэнд мэдрэг сүрьеэтэй өвчтөний эмчилгээний үргэлжлэх хугацаа

Сүрьеэгийн эмчилгээний хамгийн үр дүнтэй арга нь ДОТС буюу шууд хяналттай богино хугацааны эмчилгээ юм. Судалгааны дүнгээс харахад ДОТС гэдгийг зөвхөн хоёр хүн  тутмын нэг нь мэдэж байна. Тодруулбал нийт оролцогсдын 55.4% нь ДОТС-ийг зөв тодорхойлсон бөгөөд 13.8% нь сүрьеэгийн эсрэг эмүүдийн цогц, 3.3% нь сүрьеэгийн эсрэг эмчилгээ, 5.6% нь сүрьеэг бууруулах арга хэмжээний цогц, 22.0% нь мэдэхгүй гэж хариулжээ. ДОТС-ийн талаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхдагч шатлалын эмч, эмнэлгийн ажилтнууд хоёрдогч, гуравдагч шатлалын эмч, эмнэлгийн ажилтнуудаас илүү(p=0.0001) сайн мэдэж байна. Нийт эмч, эмнэлгийн ажилтны олонхи нь изониазид (89.0%), рифампицин (80.4%), этамбутол (68.9%)-ийг уг өвчний эсрэг үндсэн эмүүд гэж үзэж байна. Харин пиразинамид, стрептомицинийг зөвхөн хоёр хүн тутмын нэг нь үндсэн эм гэж хариулжээ. Эдгээр эмүүдийг огт мэдэхгүй (3.8%), эритромицин (6.5%), ампициллин (3%)-ээр эмчилдэг гэж буруу хариулсан хүмүүс ч байна. Сүрьеэгийн эмчилгээг тасалснаас гарах гол үр дагавар нь эмэнд дасалтай сүрьеэ үүснэ гэж үзсэн байна. Ялангуяа эмч нарын дийлэнх (91.0%), сувилагч нарын олонх (75.0%) ийнхүү үзжээ. Судалгаанд оролцогсдын 48.4% нь эмчилгээг тасласнаас, 20% нь буруу горимоор эмчилснээс, үлдэх хувь нь эмийг замбараагүй, хяналтгүй хэрэглэх, эмч эмчилгээний мөн чанарыг өвчтөнд дутуу ойлгуулснаас эмэнд дасалтай сүрьеэ үүснэ гэжээ.24

Сүрьеэгийн урьдчилан сэргийлэлт

Нийт оролцогсдоос БЦЖ вакцины үр дүнг хэзээ үнэлдэгийг асуухад 54.2% нь нэг сартайд нь, 36.0% нь 3 сартайд нь, 34.3% нь 12 сартайд нь гэж хариулсан байна. Энэ нь эмнэлгийн ажилтнуудын БЦЖ вакцины үр дүнг үнэлэх мэдлэг хангалтгүй байгааг харуулж байна. Мэргэжлээр нь судалж үзэхэд эмч нарын 20.6% нь, сувилагч нарын 28.6% нь цогцоор нь зөв (p=0.026) мэдэж байна.

Сүрьеэ өвчний үр дагавар

Судалгаанд хамрагдсан сүрьеэгийн бус эмч, эмнэлгийн ажилтны 85% нь өсвөр насны хүүхэд сүрьеэгээр өвчилсөн тохиолдолд цаашид гэр бүлтэй болоход нөлөөлөхгүй, 10% нь гэр бүлтэй болох магадлал бага гэж үзэж байна. Судалгаанд хамрагдсан эмч, сувилагчдын 80.5% нь жирэмсэн эх сүрьеэгээр өвчлөх нь хүндрэлд хүргэнэ гэж зөв хариулж, 12.5% хүндрэлд хүргэхгүй гэж буруу хариулжээ. 

Сүрьеэтэй өвчтөнтэй харьцах хандлага, ялгаварлан гадуурхалт

Эмч, эмнэлгийн ажилтнуудын сүрьеэтэй өвчтөнтэй харьцах хандлага, ялгаварлан гадуурхах байдлыг судлахад судалгаанд оролцогсдын 84.8% нь өвчтөнг амны хаалт зүүхийг зөвлөдөг, 20.3% нь хурдан тусламж үзүүлээд гаргадаг, 10% нь тэдэнтэй бага зэрэг цэрвэж харьцдаг гэж хариулсан байна. Сүрьеэгийн бус эмч, эмнэлгийн  ажилтнаас сүрьеэтэй өвчтөн тусламж авах хүсэлт гаргавал хэрхэн хандах талаарх хандлагыг судлахад тэдгээрийн 63.1% нь “ямар ч эргэлзээгүй тусламж үзүүлнэ”, 30.8% нь “өөрийгөө халдвар авахаас хамгаалсны дараа тусламж үзүүлнэ”, 1.6% нь “бодож байгаад үйлчлэх эсэхээ шийднэ”, 0.7% нь “тусламж үзүүлэхийг хүсэхгүй “гэж  хариулсан байна. Сүрьеэтэй өвчтөнд тусламж үзүүлэх хандлагыг эмнэлгийн шатлалаар харьцуулахад “өвчтөнг амны хаалтаа зүүхийг зөвлөнө”, “тусламж хурдан үзүүлээд гаргана”, “тусламж үзүүлэхийг хүсэхгүй” гэсэн хариултын хувьд ялгаагүй (p=0.450) байна. Харин “бага зэрэг цэрвэж харьцана” гэж хариулж байгаа эмч, сувилагчдын тоо шатлал ахих тусам ихсэх хандлагатай байгаа нь статистик магадлалтай (p=0.001) байна. Сүрьеэгийн бус эмч, сувилагчаас сүрьеэтэй өвчтөнг эмчилж буйгаа гэр бүл, найз нөхдөөсөө нуухгүй гэж 77.2% нь, нууна гэж 17.9% нь хариулжээ. Энэ хандлагыг мэргэжлээр харьцуулахад нууна гэж хариулж байгаа сувилагч нарын тоо (20.7%) эмч нараас (14.6%) олон байна. Сүрьеэтэй өвчтөн эмчилж байгаагаа нуух байдлыг эмнэлгийн шатлалаар харьцуулахад анхдагч шатлалын эмнэлгийнхэнд хамгийн өндөр буюу 24.1%, гуравдагч шатлалын эмнэлэгт хамгийн бага буюу 9.1% (p=0.03) байна.Хэрэв таны ойр дотны хүмүүсийн хэн нэг нь сүрьеэгээр өвчилсөн тохиолдолд та гэрт нь очих уу гэсэн асуултанд нийт эмнэлгийн мэргэжилтний 9.6% нь очихгүй гэж хариулсан бөгөөд гэрт нь очихгүй гэж хариулсан хүмүүсийн 90.3% нь халдвар авах эрсдэлтэй тул очихгүй гэжээ. Эмч, сувилагч нарын 72.5% нь ойр дотны хүнээ сүрьеэгээр өвчилснийг бусдаас нуухгүй, 20.3% нь нууна гэж хариулжээ. Энэ хандлагыг мэргэжлээр нь харьцуулахад нууна гэж хариулсан сувилагчдын тоо эмч нарынхаас олон байлаа. Эмч, сувилагч нар өөрсдөө сүрьеэгээр өвдсөн тохиолдолд ямар хандлага гаргах вэ гэсэн асуултанд нийт эмч нарын 36.4% нь айна, 24.3% нь сандарна, 14.4% нь бусдаас ичнэ гэж хариулжээ. Судалгааны дүнг мэргэжлээр нь харьцуулахад айна, гайхна, бусдаас ичнэ, сандарна, гутарна гэж хариулсан сувилагч нар, эмч нараас олон байна. Гэсэн хэдий ч зөвхөн айна (p=0.010), бусдаас ичнэ (p=0,011), гутарна (p=0.010) гэж хариулсан хүмүүс мэргэжлийн хувьд ялгаатай байгаа нь статистик магадлалтай байж бага эмч, сувилагч нар илүүтэй сэтгэл зүйн хувьд таагүй байдалд орох хандлагатай байна. Судалгаанд хамрагдсан эмч, сувилагч нарын 78.6% нь цаашид сүрьеэгийн эмч, сувилагч болох сонирхолгүй, 5.2% нь сүрьеэгийн нарийн мэргэжлээр суралцах сонирхолтой, 16.1% мэдэхгүй гэж хариулжээ. Сүрьеэгийн тусламж үйлчилгээг айжруулахтай холбоотой хамгийн их сэтгэл зовоож байгаа асуудлыг тэд “Сүрьеэгийн мэргэжилтэнг тасралтгүй, хангалттай бэлтгэх, тэдний чадварыг нэмэгдүүлэх, сургалтыг  тогтмолжуулах (26.7%)”, орчин үеийн багаж, тоног төхөөрөмж, чанартай эмээр хангах (23.1%), сүрьеэгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулах санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх (20.2%) зэрэг асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байна гэж үзжээ. Харин хүн амын дунд сүрьеэгийн өвчлөл буурахгүй байгаа нь Хүн амын дунд сургалт сурталчилгаа дутмаг, оновчгүй аргаар хийгдэж байгаа (71.1%), ажилгүйдлийн улмаас ядуурал их (41.1%), эрт илрүүлэлт (15.8%) болон урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хангалтгүй (10.0%) байгаатай холбоотой гэж үзжээ. Мөн сүүлийн үед агаарын бохирдол жил бүр ихэсч байгаа нь ч тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа гэсэн байна.Хүснэгт 2. Судалгаанд хамрагдсан эмч, сувилагч сүрьеэтэй өвчтөн эмчилж буйгаа гэр бүл, найз нөхдөөсөө нуух байдал

Хэлцэмж

Олон улс орнуудад сүрьеэгийн талаарх эрүүл мэндийн ажилтны мэдлэг, хандлага, дадлыг тогтоох судалгаа хийгдсэн байна [4, 5, 6, 7, 8]. Солонгос улсад 1993 онд ерөнхий мэргэжлийн хувийн хэвшлийн эмч нарын дунд сүрьеэгийн урьдчилан сэргийлэлт, эмчилгээний талаархи мэдлэг, хандлага, дадлын судалгаа хийсэн байна [4]. Асуумж судалгааг 29 эрүүл мэндийн төвийн 923 ерөнхий мэргэжлийн хувийн хэвшлийн эмч нарыг хамруулан хийжээ. Судалгаанд хамрагдсан эмч нарын 49% нь Солонгос улсын сүрьеэгийн нөхцөл байдал аюултай биш гэж үзсэн байна. 54% нь өвчтөнөөс халдвар авахаас санаа зовдог, 47% нь сүрьеэгийн эсрэг БЦЖ вакцин үр дүн муутай хэрнээ таагүй урвалын шалтгаан болдог гэж хариулжээ. 50 гаруй хувь нь сүрьеэгийн тохиолдлыг илрүүлэх, оношлоход, 75% нь эмчилгээний хяналтанд цэрний шинжилгээг нэн шаардлагатай гэж үзээгүй байна.[4] Идэвхтэй сүрьеэгийн анхны эмчилгээнд зөвхөн 11% нь одоо Солонгос улсын сүрьеэгийн үндэсний хөтөлбөрийн 6 сарын стандарт горимын жорыг бичсэн байна. 73% нь одоо зөвлөмж болгоогүй горимыг 16% нь хүлээн зөвшөөрдөггүй муу горимыг өгсөн байна. Гэсэн хэдий ч ерөнхий мэргэжлийн эмч нарын 80% нь мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна [4]. 1995 онд Энэтхэгийн Дэли хотын хувийн хэвшлийн эмч нарын дунд сүрьеэгийн мэдлэг, хандлага, дадлыг тогтоох асуумж судалгаа хийсэн байна [5]. Сүрьеэгийн сэжигтэй тохиолдолд цэрний шинжилгээг хувийн хэвшлийн эмч нарын зөвхөн 12% нь зөвлөсөн бол, 89.5% нь цээжний рентген зураг зөвлөмж болгожээ [5]. Сүрьеэгийн эмчилгээнд 187 хувийн хэвшлийн эмч нар 102 өөр горим хэрэглэсэн бол зөвхөн 29.4% нь сүрьеэгийн үндэсний хөтөлбөрийн зөвлөмж болгож буй горимыг хэрэглэжээ. Зөвхөн 23.5% нь эмчилгээ эхлэхээс өмнө болон эмчилгээ дуусахад цэрний шинжилгээ санал болгосон байна. Хувийн хэвшлийн эмч нарын дунд рентгенийг илүү ашиглаж, сүрьеэг анх оношлох, эмчилгээний явцын хяналт, эмчилгээг зогсоох шалгуур болгоход цэрний шинжилгээг орхигдуулсаар байжээ [5]. Хувийн хэвшлийн эмч нарын ихэнх нь сүрьеэгийн үндэсний хөтөлбөрийн зөвлөмж болгосон эмчилгээний горимыг мэдэхгүй,  өвчтөнүүдийн ихэнх нь илүү хоногоор эмчлэгдсэн байна. Эрүүл мэндийн ажилтныг цаашид илүү сайн сургах, сүрьеэгийн үндэсний хяналтын эмч, нийгмийн эрүүл мэндийн байгууллагын хоорондын үр дүнтэй хамтын ажиллагааг сайжруулах шаардлага байгааг цохон тэмдэглэсэн байна [5]. Эдгээр судлаачдын судалгааны үр дүнтэй бидний судалгааны үр дүн дүйцэж байна.

Дүгнэлт

1. Сүрьеэгийн бус эмнэлгийн байгууллагуудын эмч, эмнэлгийн ажилтны сүрьеэ өвчний талаарх мэдлэг, хандлага, дадал хангалтгүй байна. Ялангуяа хоёрдогч, гуравдагч шатлалын төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн эмч, сувилагч нарын сүрьеэгийн мэдлэгийн түвшин доогуур байна.

2. Эмч, сувилагч нарын сүрьеэгийн үндсэн эмүүдийг нэрлэсэн байдлаас харахад эмч нарын мэдлэг сувилагч нараас харьцангуй өндөр (p=0.004) изониазид, рифампицин, пиразинамид эмүүдийг түлхүү мэддэг ялангуяа анхдагч шатлалын эмнэлгийн эмч нарын мэдлэг бусад шатлалаас (p=0.0001) сайн байна. Энэ нь үйлчлүүлэгч хамгийн түрүүнд өрх, сумын эмнэлгийн эмч нарт хандаж, анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдагтай холбоотой байж болох юм.

3. Эмнэлгийн эмч, ажилтны дунд сүрьеэгээр өвчилсөн хүнд эмнэлгийн тусламж үзүүлэхдээ дүргүйцдэг, халдвар авахаас айдаг, цэрвэдэг, болгоомжилдог гэж хариулсан нь энэ өвчин ямар нэг хэмжээгээр айдас дагуулж ойлгогддог, үүнтэй холбоотой ялгаварлан гадуурхах үзэгдэл байгааг харуулж байна.

4. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, сургалт сурталчилгааг өргөн зохиох, иргэдийг амьдралын эрүүл хэв маягт сургах, ариун цэврийг сайжруулах, эмч, ажилтны мэдлэгийг дээшлүүлэх олон чухал асуудал тулгамдсан хэвээр байна.

5. Сүрьеэ өвчний талаар анагаахын сургуульд үздэг боловч энэ талын мэдээллийн эх үүсвэр хангалтгүй, цаашид эмч, сувилагчдын сургалтыг чанаржуулах шаардлагатай байна.

Талархал

Энэхүү судалгааны ажлыг санаачилж, хэрэгжүүлэхэд  гүн туслалцаа үзүүлсэн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Монгол дахь суурийн төлөөлөгчийн газар, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллага,  Эрүүл Мэндийн Яам, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ,сүрьеэгийн төсөл, Монголын Нийгмийн Эрүүл Мэндийн Мэргэжилтэний Нийгэмлэг болон судалгааны асуумж, тайланг уншиж үнэтэй санал өгч, мэргэжил арга зүйн гүн туслалцаа үзүүлсэн Анагаах ухааны доктор Н.Наранбат, Нийгмийн эрүүл мэндийн магистр Ж.Нарантуяа, Ж.Гүндэгмаа, Б.Амгалан нарт талархал илэрхийлье.

 

Ном зүй

1. Joint review of the National Tuberculosis Programme, Mongolia, WHO, 2008;1-5
2. “Сүрьеэгийн үйлчилгээний нөхцөл байдлын үнэлгээ” судалгааны тайлан, Дэлхийн Зөн Монгол, УБ, 2006 он
3. Сүрьеэ өвчний мэдлэг, хандлага, дадлын суурь судалгааны тайлан Дэлхийн Зөн Монгол, 2009 он
4. Y.P.Hong, D.W.Kwon, S.J.Kim, S.C.Chang, M.K.Kang, E.P.Lee, H.D. Moon and W.J.Lew. Representive sample survey of knowledge, attitudes and practices (KAP) for tuberculosis among private general practitioners (GPs) in 1993 in Korea.
5. Singla N, Sharma PP, Singla R, Jain RC. Survey of knowledge, attitudes and practices for tuberculosis among general practitioners in Delhi, India. Int J Tuberc
Lung Dis.1998 May;2(5):384-9.
6. Ayaya SO, Sitienei J, Odero W, Rotich J. Knowledge, attitudes and practices of private medical practitioners on tuberculosis among HIV/AIDS patients in Eldoret, Kenya. East Afr Med J.2003 Feb; 80 (2):83-90.
7. Tuberculosis in Moldova: Knowledge, Attitude and Practice in Population Behaviour. Executive Summary on the sociological survey performed on June 2004 within the Strengthening Tuberculosis Control in Moldova Project
8. E.A.Dodor, K.Neal, S.Kelly. An exploration of the causes of tuberculosis stigma in an urban district in Ghana. Int J Tuberc Lung Dis. 12(9):1048-1054.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор Н.Цэнд


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1982
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК