Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2009, 4(150)
Илүүдэл жин ба таргалалт-эрүүл мэндийн тулгамдсан асуудал болох нь
( Судалгааны өгүүлэл )

Б.Оюунгэрэл1 , Г.Отгон

1 Анагаах ухааныvхүрээлэн , 2ЭМШУИС

 
Абстракт

 

Abstracts: Overweight and obesity are defined as abnormal or excessive fat accumulation that may impair health (WHO, 2006) .Body mass index (BMI) is a simple index of weight-for-height that is commonly used in classifying overweight and obesity in adult populations and individuals. It is defined as the weight in kilograms divided by the square of the height in meters (kg/m2). The World Health Organization (WHO) defines “overweight” as a BMI equal to or more than 25, and “obesity” as a BMI equal to or more than 30.

WHO’s latest projections indicate that globally in 2005:

•       approximately 1.6 billion adults (age 15+) were overweight;

•       at least 400 million adults were obese.

•       At least 20 million children under the age of 5 years are overweight globally in 2005.

WHO further predicts that by 2015, approximately 2.3 billion adults will be overweight and more than 700 million will be obese. Once considered a problem only in high-income countries, overweight and obesity are now dramatically on the rise in low- and middle-income countries, particularly in urban settings. Normally the male fat mass should be 10-20%, and in women 25-30% of the total body weight. With age in both sexes fat mass increases with decreasing bone and muscle mass than in some cases due to stable weight throughout adult life. Overweight and obesity lead to serious health consequences. Risk increases progressively as BMI increases. Raised body mass index is a major risk factor for chronic diseases such as: Cardiovascular disease (mainly heart disease and stroke) ,diabetes - which has rapidly become a global epidemic, especially osteoarthritis, some cancers (endometrial, breast, and colon).

Conclusion: The most recent nationwide survey in 2006 reported that 31.6% of Mongolians aged 15-64 years were overweight, from this people 21.8% increased body mass and 9.8% had obesity. So this situation requires to research about causes of obesity, overweight and metabolic syndrome in Mongolian people.

 


Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) нь илүүдэл жин ба таргалалт гэдгийг хэвийн биш өөхний хуримтлал буюу биед илүүдэл өөх хэт хуримтлагдсанаас эрүүл мэндийн байдлыг алдагдуулдаг хэмээн тодорхойлжээ. Биеийн жингийн индекс (БЖИ) гэдэг нь биеийн жинг өндөртэй харьцуулсан үзүүлэлт бөгөөд үүнийг хүн амын дунд таргалалт ба илүүдэл жинг тогтооход өргөн хэрэглэдэг байна. БЖИ-ийг биеийн жинг биеийн өндөрийн квадратад хувааж олдог (кг/м2).

Тархалт

ДЭМБ-ын шинэ тоо баримтаар (2005 он):

                    •      15-аас дээш насны насанд хүрэгчдийн 1,6 тэрбум нь илүүдэл жинтэй

                    •      400 сая насанд хүрэгчид таргалалттай байна.

                    •      5 хүртлэх насны 20 сая хүүхэд илүүдэл жинтэй байна.

ДЭМБ-ийн  урьдчилсан  таамаглалаар 2015  он гэхэд  ойролцоогоор  2,3  тэрбум  насанд  хүрэгчид илүүдэл жинтэй, 700 сая нь таргалалтай болно гэжээ. Урьд нь таргалалт, илүүдэл жин нь өндөр орлоготой орнуудийн тулгамдсан асуудал байсан бол орчин үед дундаж болон бага орлоготой орнуудад ч, ялангуяа хотуудад илүүдэл жинтэй хүмүүс огцом өсч байна [5]. Эрэгтэйчүүдийн биеийн нийт жингийн 10-20%, эмэгтэйчүүдийн биеийн нийт жингийн 25-30% - ийг өөх эзэлж байвал эрүүл хэвийн жинтэй гэж үздэг. Аль ч хүйсний хүмүүст нас ахих тутам өөхний биед эзлэх хувь ихсэж, харин булчин ба ясны жин багасдаг бөгөөд зарим тохиолдолд насан турш тогтвортой байдаг [14].

 

Шалтгаан-эмгэг жамын ангилал

1.   Экзогенно-конституциональ таргалалт (анхдагч,

хоол тэжээл-бие галбирын):

  1.1.гиноид (өгзөг-гуяны, лийр хэлбэрийн)

  1.2.андроид (хэвлийн -алим хэлбэрийн)

2. Шинжтэмдгийн (хоөрдогч) таргалалт

  2.1. Генетикийн өөрчлөлт (ялангуяа олон эрхтний гаж өөрчлөлттэй генетикийн хам шинж)

  2.2.Тархины (адипозогениталь өөрчлөлт, Бабинский-Пехкранц-Фрелихийн хам шинж):

  2.3.Дотоод шүүрлийн өөрчлөлтүүд

  2.4.Ятрогений гаралтай буюу зарим нэг эмийн бодисын хэрэглэх үед

Шалтгаан хүчин зүйлээр нь

 Анхдагч ба хоөрдогч. Хоөрдогч буюу шинж тэмдгийн таргалалтад эндокринно-метаболийн таргалалт (Кушингийн синдромийн таргалалт, гипотиреоз, акромегали, инсулома) ба тархины гэмтэлтэй холбоотой таргалалт ордог. II-догч таргалалтын онцлог нь үндсэн өвчнийг эмчилснээр биеийн жин буурдаг. Таргалалтын 90-95% нь анхдагч таргалалт байдаг бөгөөд хоол тэжээл-, нейроэндокринны (гипоталамийн хэлбэрүүд) гэж ангилна.

Өөхний хуваарилалтын шинж тэмдгээр нь 2 ангилна. Үүнд:

1. Эрэгтэй буюу алим хэлбэрийн таргалалт: Хэвлийн буюу төвийн таргалалт - Өөхний үндсэн хуримтлал нь хэвлий, хэвлийн урд хана, их бие, нүүр, хүзүү хэсгээр байрладаг.

2. Эмэгтэй буюу лийр хэлбэрийн таргалалт: Глютеофемораль хэлбэрийн таргалалт- гуя, өгзөгний хэсэгт өөх хуримтлагддаг.

Хэвлийн таргалалт зүрх судасны өвчин, 2 хэлбэрийн чихрийн шижингээр өвчлөх эрсдэл ихтэй. Өөхний хуримтлалийн хэв шинжийг тогтоодог хамгийн найдвартай шалгуур нь - бүсэлхий-ташааны харьцааны хэмжээ юм. Энэ харьцаа нь глютофемораль хэлбэрийн таргалалттай эмэгтэйд -0,81-ээс бага, хэвлийн таргалалттай үед энэ харьцаа 0,81-ээс их, эрэгтэйд 1,0-ээс их эсвэл бага байна. Мөн үүнээс гадна хэвлийн таргалалтыг бүсэлхийн тойргоор хэмждэг. Эрэгтэйд хэвлийн тойрог 94 см-ээс доошгүй, эмэгтэйд 80 см-ээс доошгүй бол хэвлийн таргалалт гэж үздэг.

Таргалалтын явцаар нь

Хэрэв биеийн жин жилд 2-3 кг -аар нэмэгдэж байвал: тогтвортой , хэрэв жилд 5 кг болон түүнээс дээш жингээр нэмэгдвэл даамжирсан явцтай гэнэ.

Хүндрэлтэй эсэхээр нь

Хүндрэлтэй - артерийн даралт ихдэлт, атеросклероз, зүрхний ишеми өвчин, инсулин шалтгаант - чихрийн шижин гэх мэт.

Оношийн дэлгэрэнгүй бичлэг: жишээлбэл- I зэргийн таргалалт (БЖИ=27.8 кг/м2), өөхний холимог хуваарилалт, хүндрэлгүй, тогтвортой явцтай

Өөхний эдийн морфолог

 

Өөхөн эд:Энэ нь организмын эсийн хуримтлал бөгөөд гол үүрэг нь энергийг өөх байдлаар нөөцөлдөг. Эсийн энерги нүүрс усны (гликоген) амин хүчил, өөхний хүчлийн задралаар үүсдэг.1 г нүүрс ус эсвэл уургийг задлахад 4,1 ккал, 1 г өөх тос задрахад 9,3 ккал үүсдэг. Үүнээс гадна өөхний эс нь дулааныг тусгаарлах, эд эрхтнийг хамгаалах, дотоод шүүрлийн гэх мэт үүрэгтэй байдаг. Өөх нь цагаан ба бор гэсэн 2 төрлийн бүтэцтэй. Цагаан өөх нь энерги нөөцлөх гол үүргийг гүйцэтгэдэг бол бор өөх нь өвөрмөц үүрэгтэй байдаг. Хүний биед цагаан өөхний эзлэх хувь их байдаг. Бор өөх нь дулаан ялгаруулах үүрэгтэй. Насанд хүрэгчдэд бор өөх бага, харин нярай хүүхдэд их байдаг бөгөөд нас ахин гадаад орчинд зохицох дутам бор өөх багасдаг. Насанд хүрэгчдэд бор өөх бөөрний ойролцоо, бамбай булчирхайн орчим оршдог.

Бие махбод дахь өөхний хуримтлал

Хүний биеийн өөхний гол хуримтлал нь арьсан дор, мөн хэвлийн хөндийд их ба бага чацархайн өөх (сэмж) байдлаар оршдог. Тарган хүмүүст өөхөн давхаргын зузаан нь 15-20 см хүрдэг. Өөхний хуримтлал нь нэгэн жигд биш, 5-10 мм жижиг долек байдлаар байдаг. Өөхөн хуримтлал нь организмд жигд тардаггүй. Өөхөн хуримтлал нь төвийн ба захын гэсэн 2 хэлбэртэй байдаг. Энэ 2 хэлбэрийн өөхний хуримтлал нь ач холбогдлоороо өөр өөр байдаг [7]. Төвийн таргалалтын үед дотор эрхтний эргэн тойрон бодисын солилцооны идэвхитэй бор өөх хуримтлагддаг, захын таргалалтын үед бодисын солилцооны идэвхигүй цагаан өөх хуримтлагддаг. Төвийн ба захын таргалалтын үр дагавар нь ч өөр өөр байдаг. Чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, атеросклероз зэрэг таргалалтын хүндрэлүүд нь төвийн таргалалтын үед тохиолддог.

Өөхөн эдийн үндсэн үүрэг

Энергийн хуримтлал: Өөхний эсадипоцитын 65-85% нь өөх юм. Энэ нь триглицерид (триглицерол) хэлбэртэй бөгөөд 3 тосны хүчил, 1 молекул, глицеринээс тогтоно. Триглицеридын үндсэн үүрэг нь түүний задралаар энергийн эх үүсвэр бий болдог. Илүүдэл жинтэй хүмүүсийн өөхний эдэд 10 орчим килограмм триглицерид хуримтлагддаг бөгөөд энэ нь үндсэн солилцооны нэлээд хэдэн сарын хэрэгцээг хангахаар байдаг.

Хамгаалах үүрэг: Өөхний эд нь эрхтний эргэн тойрон механик хамгаалах үүрэг гүйцэтгэхээс гадна эрхтнүүдийн тулгуур   болдог. Жишээлбэл бөөрний өөх нь бөөрийг тэр хэсэгт нь хөдөлгөөнгүй байлгах үүрэгтэй бөгөөд туранхай хүмүүст бөөрний унжилт элбэг тохиолддог.

Дотоод шүүрлийн үүрэг: Эрдэмтэдийн сүүлийн үеийн судалгаагаар өөхний эс нь зөвхөн энерги нөөцлөхөөс гадна даавар ялгаруулагч идэвхитэй дотоод шүүрлийн эрхтэн гэж тогтоогджээ. Орчин үед өөхөн эс нь эстроген, лептин ялгаруулдаг талаар нэлээд их судлагдаж байна.

Лептины үндсэн үүрэгХоолны дуршилыг зохицуулах, элэгний глюкогенолиз араг ясны булчингийн глюкоз хуримтлуулалтыг ихэсгэх, липолизыг хурдасгах, термогенезыг ихэсгэх, ТМС-ыг идэвхижүүлэх, чөлөөт өөхний хүчлыг ихэсгэхгүйгээр элэг, булчин ба нойр булчирхайд триглицерид бууруулах зэргийг зохицуулдаг. Зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл ба лептины хэмжээ нь хоорондоо харилцан уялдаатай бөгөөд зүрх судасны өвчтөнгүүдэд эрүүл хүмүүстэй харьцуулахад лептины хэмжээ ихэссэн байдаг. Зүрх судасны эмгэгийн үед лептины түвшингийн ихсэлт С-реактив уургийн ихсэлттэй хавсардаг. Лептин гормоны ихсэлт нь тарган хүмүүст цусны бүлэн (тромбо) үүсэлтийг ихэсгэдэг. Лептин багасахад эмэгтэйчүүдэд аменоррея болдог бөгөөд энэ нь өөх тос багассанаас энергийн нөөц буурч өндгөн эс гадагшлах явц зогсдогтой холбоотой.

Эстроген: Өөхөн эд нь үнэржүүлэгч идэвхитэй бөгөөд эр бэлгийн даавар тестостерон, эм бэлгийн даавар эстрогений ароматаза Р450 фермент агуулагддаг. Нас ахих дутам, мөн өөх их хуримтлагдах дутам ихэсдэг.

Өөхний эсийн бусад үүргүүд:

·         Дулаан ялгаруулах

·         Инсулины оролцоотойгоор нүүрс усыг өөх тос

·         болгох

·         Инсулин   эсрэг  дааврын   оролцоотойгоор   өөх

·         тосыг задалж нүүрс ус үүсгэх

·         Витамин А, Д, Е -г хуримтлуулах

·         Хорт бодисыг хоргүйжүүлэх

·         Усны   солилцоонд   оролцох   -   өлсгөлөн   үед, биеийн хүчний ачааллын үед, хөлс их ялгарсан үед өөх зарцуулалт, ус үүсэлт нэмэгддэг, үүний эсрэг   усны   хэрэгцээ   багасахад   өөх  үүсэлт багасдаг.

Шалтгаан

 

 

1.      Хоол тэжээлээр орж ирж байгаа илчлэг, илчлэг зарцуулалт , авбал зохих илчлэгийн тэнцвэр алдагдах

2.      Хөдөлгөөний хомсдол

3.      Сүүлийн жилүүдэд нэлээд судлагдаад байгаа шалтгаан нь таргалалтын хүндрэл болох өөхөн эд, өөхөн эдээс ялгардаг дааварууд

Таргалалт ба хооллолт

Өдөрт хоолоор авч байгаа илчлэгийн хэмжээ дэлхийн     улс     орнуудад     харилцан     адилгүй байдаг.1970 оны эхээс 1990-ээд оны сүүлээс 1 хүний өдөрт дундаж авдаг илчлэгийн калорийн хэмжээ Дорнод   Европын   орнуудаас  бусад   оронд   өссөн.АНУ-д 1996 онд 1 хүнд 3654 кал буюу хамгийн өндөр кал байсан бол 2002 онд 3770 кал болсон. Европчуудад 1990 оны сүүлээр 3394 ккал, Азийн хөгжингүй орнуудад 2648 кал, Африкийн Сахарын цөлд 1 хүнд 2176 калори ногдож байв. 1971-2000 онд АНУ-д таргалалт 14,5-30,9% болтлоо өссөн. Энэ хугацаанд хэрэглэсэн калорийн дундаж хэмжээ мөн өссөн. Эмэгтэйчүүдэд өдөрт хэрэглэж буй калорийн хэмжээ дунджаар 335, эрэгтэйчүүдэд 168 калориор өссөн. Энэ калорийн ихэнх нь өөх тосны бус нүүрс усны хэрэглээнээс болж өссөн. Энэ нүүрс усны 25% нь Америкийн залуучуудын өдөр дутам хэрэглэж буй ундаа эзэлж байна. 20 жилийн өмнөх чизбургер 333 калори байсан бол одоогийн чизбургер 590 калори болжээ.

Амьдралын суугаа хэв маяг

Суугаа хэв маягтаргалалт, хөдөлгөөний хомсдол нэлээд нөлөөтэй. Дэлхийн нийт хүн амын 60% нь хөдөлгөөний хомсдолтой болж байна.

Генетик

Хүрээлэн байгаа орчны хүчин зүйл ба генетикийн харилцан үйлчлэлийн үр дүнд таргалалт үүсдэг гэж үздэг. Энэ нь хангалттай илчлэг байхгүй үед хоолны дуршлыг зохицуулагч, Үүнд: FTO gene (16q12.2), NPCI (18q11q-12), Мөн үүнээс гадна хэд хэдэн локусууд байдаг: лептины дутмагшил-локус, лептин рецепторын дутмагшил, прогромон конверси -1 дутмагшил, меланокортин-4 рецепторын полиморфизм Хэдийгээр эдгээр дутмагшил нь одоогоор ховор байгаа боловч эдгээр ген нь таргалалтын урьтал болж болох юм. Зарим нэг судалгаагаар удамшил нөлөөлдөг байж болох талаар судалсан ч тодорхой генийг тогтоогоогүй. Зөвхөн эх эцэг нь хоёулаа тарган хүмүүсийн хүүхдийн 80% нь тарган, хэвийн жинтэй эх эцгийн удмаас 10% байдаг гэсэн судалгаа байдаг. Генийн онолоор тодорхой үндэс угсаатнууд хүрээлэн байгаа гадаад орчноосоо шалтгаалж таргалах хандлагатай гэж үзсэн байна.

Нийгмийн байдал

БЖИ ба нийгмийн байдал холбоотой гэж үздэг олон тайлбарууд байдаг. 1989 оны тоймоор нийгмийн байдал өндөртэй эмэгтэйчүүд таргалах нь бусад эмэгтэйчүүдээс бага, харин эрэгтэйчүүдийн хувьд ангийн ялгаа байхгүй гэсэн. Хөгжингүй орнуудад эмэгтэй, эрэгтэй хүүхэд ч гэсэн таргалах хандлагатай.

Халдварын хүчин зүйл

Судалгаагаар халдварын агент нь метаболизмын эхэн үед ач холбогдолтой, туранхай ба тарган хүмүүсийн гэдэсний флорууд ялгаатай байдаг гэж судалсан. Энэ нь таргалалтын шууд шалтгаан болж байгаа эсэх нь эргэлзээтэй.

Эмгэгжам

Энергийн тэнцвэрийг хадгалахад энергийн хэрэглээ ба энергийн зарцуулалт хоорондоо тэнцүү байх ёстой. Хувь хүний энергийн зарцуулалт доорхи

3 хүчин зүйлээс хамаардаг.

1.      Үндсэн солилцоо . Биемахбодийн физиологийн үндсэн үйл ажиллагаанд шаардлагатай энергийн зарцуулалт

2.      Дулааны үйл явц- Термогенный эффект: Хоол боловсруулах үндсэн үйл ажиллагаа. Нийт энерги зарцуулалтын 5-10%-ийг эзэлдэг. Бодисын солилцоог идэвхижүүлэхэд шаардлагатай хоол боловсруулалтын энергийн нэмэлт зарцуулалт

3.      Биеийн хүчний идэвхитэй хөдөлгөөний үеийн энерги зарцуулалт: Тайван үеийн ба тамирчний идэвхитэй хөдөлгөөний үеийнх 10 дахин их байдаг.

 

Патофизиологи: Захын лептин гормон ТМС -д нөлөөлж хоолны дуршилыг зохицуулдаг. Лептин нь гипоталамус дахь хоолны дуршилыг зохицуулдаг гормонтой хамт, тархины төвийн гаднаас авч байгаа хоолны найрлага, зарцуулагдаж байгаа энергийг зохицуулахад оролцдог.

Лептин нь өөхний эдийн адипоцит эсээс ялгардаг бөгөөд 16 kDa молекул жинтэй, 167 амин хүчлээс тогтдог, уургийн гаралтай даавар юм. Лептин дааврын рецептор нь олон эрхтэнд- тархи, зүрх, уушиг, бөөр, элэг, нойр булчирхай,дэлүү, сэрээ булчирхай-тимусдүрүү булчирхай, өндгөвч, нарийн, бүдүүн гэдэснүүдэд байрладаг. Лептины рецептор 2 хэлбэртэй: урт рецептор (Rb)-Tapxm-ifl байрладаг; богино (Ra)- үлдсэн бүх эрхтэнд байрладаг. Rb рецептор нь гипоталамусын цадалтын төв - вентромедиал бөөм, мөн дорсомедиал, паравентрикуляр бөөмд байрладаг. Нугас, лимбийн замаар лептин нь гипоталамуст нэвтэрч хоолны хэрэгцээг хангадаг. Лептин их байх дутам хоолны хэрэгцээ буурдаг. Энергийн солилцоо, биеийн жинг зохицуулахад оролцдог. Лептины хэмжээ биеийн жин ихсэх дутам нэмэгддэг. Биеийн жин 10%-иар буурахад лептины концентраци 53%-иар буурдаг. Биеийн жин 10%-иар ихсэхэд цусны плазмын лептины хэмжээ 3 дахин буюу 300%-иар ихэсдэг. Ийм өвчтөнүүдийг лептиний тэсвэрт чанартай холбодог бөгөөд лептиний хэмжээ ихсэж нугасны шингэнээр дамжин хоолны дуршилыг зохицуулдаг гипоталамусын цадалтын төвд очно. Гипоталамусын хажуугийн бөөмд байдаг Ү-нейропептид ба agouti- related peptide (AgRP) нь латерал гипоталамусын шүүрлийг   идэвхижүүлдэг   бол,вентромедиаль гипоталамусын үйл ажиллагааг идэвхижүүлэгч проопионмеланокортин, кокаин- ампетамин-регулятор зэрэг нейропептидүүд байдаг. Лептин нь эхний бөөмийн үйл ажиллагааг саатуулж, 2 дох хэсгийн үйл ажиллагааг идэвхижүүлдэг. Энэхүү дааврыг нээснээр таргалалтын эмгэгжамын хамгийн энгийн таамаглал нь тарган хүмүүст лептины харьцангуй дутагдал, эсвэл лептины бүтээгдэхүүний аномали, эсвэл гормоны болон түүний рецепторын аномали зэрэг байдаг.Өлсөх үед болон биеийн идэвхитэй ачааллын үед лептины хэмжээ буурдаг байна. Таргалалт нь мөн хоолны дуршлыг зрхицуулдаг биологийн идэвхитэй бодисуудын нийлэгжилт алдагдсанаас үүсдэг.

Хоолны дурыг зохицуулахад оролцдог нэг хүчин зүйл нь уургийн гаралтай 28 аминхүчил бүхий грелин даавар юм. Гипоталамуст өлсөлтийн болон цадалтын төв байдаг. Гипоталамусын хажуугийн бөөмийг цочрооход өлсөлт үүсдэг. Энэ үед хэмжээгүй их идэх бөгөөд үүнийг гиперфаги гэнэ. Гипоталамусын вентромедиаль бөөм нь цадалтын төв болдог. Энэ төв цочроход хоолноос татгалзаж, хоол идэхгүй болдог. Үүнийг афаги гэдэг. Хооллолтонд бас гипоталамусын доод бүтцүүд, завсрын тархины дээрх бүтцүүд оролцоно. Үүнд: Шүлс ялгаруулах, ам хамхих, зажлах, залгих зэрэг хоолны идэвхитэй төвүүд тархины багана хэсэгт байж хяналт тавина. Гипоталамусаас дээш орших төвд буйлсан бие, их тархины гадрын духны орчмын хэсэг орно. Буйлсан бие нь хооны үнэр мэдрэхэд чухал бөгөөд хоолны механик үйлчлэлд оролцоно. Хоол зохицуулалт нь:

1.Хоолны найрлагаар зохицуулах

2.Хооллолтоор зохицуулах гэсэн 2 янз байна.

Илүүдэл жин ба таргалалт нь биеийн эрүүл мэндэд нөлөөлөх нь

Таргалалт нь дэлхийн олон орны эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын нэг бөгөөд сүүлийн үед уг эмгэгийн тархалт ихсэж, үүнтэй холбоотой олон хүндрэлүүд - тахир дутуужилт, эрт нас баралт ихсэж байна. Таргалалттай хавсарсан өвчнүүдийн эмгэг жамыг судлахад биеийн жин ихэссэнтэй холбоотой элэгний дистрофи, зүрхэнд-миокардиодистрофи, бөөрний эмгэгүүд, артроз, артерийн гипертензи, нүүрс усны алдагдал гэх мэт нэлээд олон өөрчлөлтүүд үүсдэг. Таргалалттай холбоотой судасны болон бодисын солилцооны өөрчлөлтүүдийг «бодисын буюу эдийн солилцооны хам шинж- метаболийн синдром» гэдэг бөгөөд энэ нь зүрх судасны өвчнөөр нас барах эрсдлийг ихэсгэдэг [8]. С.В. Булгаковагийн (2000 он) судалгаагаар биеийн жингийн индекс (БЖИ) 25 кг/м2 ба түүнээс дээш хүмүүст хэвийн жинтэй хүмүүстэй харьцуулахад чихрийн шижингийн 2-р хэлбэрээр өвчлөх магадлал 9 дахин их, биеийн жингийн индекс 30 кг/м2 ба түүнээс дээш бол 40 дахин их байв. Артерийн гипертензитэй (АГ) эрэгтэйчүүдийн 78 хувь, эмэгтэйчүүдийн 64 хувь нь таргалалттай байв. Таргалалтын үед артерийн даралт ихдэх өвчтэй хүмүүсийн нас баралт 4 дахин их, зүрхний ишеми өвчтэй хүмүүсийн нас баралт 5 дахин их байна. Илүүдэл жинтэй ба таргалалтай хүмүүсийн дундаж наслалт 7-12 жилээр бага байна [1]. Илүүдэл кг жин бүрт цусан дахь холестерины концентраци 2мг/дл-ээр ихэсдэг гэсэн судалгаа байдаг байна [19]. ДЭМБ (1994)-ийн дүгнэлтээр биеийн жин 10%-иар нэмэгдэх дутам эрэгтэйчүүдийн 11%, эмэгтэйчүүдийн 7%-д нас баралт ихэсдэг гэжээ. Зүрх судасны өвчин ба хавдарууд, мөн ямар ч өвчний нас баралтын үед ямар ч насанд биеийн жин нэмэгдэх дутам нас баралт ихэсдэг нь тогтоогджээ. Таргалалт нь хүмүүсийн хөдөлмөрийн чадвар, хөдөлгөөний идэвхи буурах үндсэн шалтгаан болдог. Мөн тулгуур хөдөлгөөний эрхтэнд ачаалал нэмэгдснээс доод мөч, нурууны үе гэмтэх, венийн судасны варикоз үүсэхэд нөлөөлдөг [14]. БЖИ нэмэгдэх дутам халгаат хүчин зүйлс нэмэгддэг. БЖИ нэмэгдэх нь доорхи архаг өвчин үүсэх үндсэн эрсдэлт хүчин зүйл болдог, үүнд:

·         Зүрх судасны өвчнүүд, зүрхний өвчин, инсульт нь дэлхийн хүн амын нас баралтын гол шалтгаан болж байгаа бөгөөд жил бүр 17 сая хүн нас барж байна.

·         Чихрийн шижин өвчин дэлхий нийтийн гол эпидем болж байгаа бөгөөд  ДЭМБ-ийн дүгнэлтээр дараагийн 10 жилд уг өвчний улмаас нас баралт 50%-д хүрнэ гэжээ.

·         Яс булчингийн өвчнүүд, ялангуяа остеоартрит,мөн зарим хавдарууд (хөхний болон бүдүүн гэдэсний, эндометрийн хорт хавдарууд) [ 5].Ихэнхи таргалалт нь дан ганц   шалтгаанаар үүсдэггүй, гол нөлөөлөх шалтгаан нь гадаад хүчин зүйл (экзоген) амьдралын хэв маяг, дадал зуршил, хөдөлгөөний хомсдол,зөв бус хооллолт зэрэг ордог.

Таргалалт нь олон өвчний нөлөөлөх хүчин зүйл болдог ба үүнд нэлээд түгээмэл өвчнүүд: атеросклероз,зүрхний шигдээс, артерийн даралт ихдэх зэрэг өвчин орно. Таргалалт нь ихэвчлэн бодисын солилцоо-хоол тэжээлийн тэнцвэр алдагдалтай холбоотой байдаг тул хоол эмчилгээ чухал ач холбогдолтой бөгөөд эмчилгээний хоолны үр дүнг биеийн хэмжилтүүдээр хянах шаардлагатай байдаг. Үүний тулд антропометрийн хэмжилтын аргуудыг хэрэглэдэг. Гэвч одоог хүртэл эмнэлгийн практикт таргалалттай хүмүүст антропометрийн шинжилгээ бүрэн хийгддэггүй бөгөөд зөвхөн биеийн жин, өндрийгтодорхойлохтөдийгээр хязгаарлагддаг[3].

Таргалалт ба зүрх судасны өвчлөлийн хүндрэл

 ДЭМБ эдийн засгийн хөгжингүй орнуудад артерийн гипертензи 4 хүн дутмын 1-д тохиолддог бөгөөд тархвар зүйн ихэнх судалгаагаар артерийн даралтын түвшин ба биеийн жингийн хооронд шууд хамааралтай гэж тогтоожээ. Артерийн гипертензи таргалалтын 40-60%-д тохиолддог. Таргалалт ба артерийн даралт ихдэлт нь натрийн илүүдэл, симпатик мэдрэлийн системийн хэт идэвхижил-ренин-ангиотензиний систем, түүнчлэн инсулинд тэсвэрт чанар ихсэх зэрэгтэй холбоотой. АНУ-д явагдсан Үндэсний 3-р эрүүл мэндийн ба хоол тэжээлийн (NHANES III) судалгаагаар 30 кг/м2 ба түүнээс их биеийн жингийн индекстэй хүмүүст артерийн даралт ихдэх өвчний давтамж - эрэгтэйд 38,4 хувь, эмэгтэйд - 32,2%, харин биеийн жингийн индекс 25 кг/м2 ба түүнээс багатай эрэгтэйд 18,2, эмэгтэйд 16,5% байв. Олон улсын INTERSALT -ын 10000 гаруй хүмүүст хийсэн судалгаагаар биеийн жин 10 кг-аар нэмэгдэх дутам систолийн даралт 3,0 мм.муб -аар, диастолийн даралт 2,3 мм.муб-аар ихэсдэг байна. АНУ-д 1 сая гаруй хүнд хийсэн скрининг судалгаагаар 20-39 насны илүүдэл жинтэй хүмүүст артерийн даралт ихдэлт яг тэр насны бүлгийн хэвийн жинтэй хүмүүстэй харьцуулахад 2 дахин их давтамжтай тохиолдсон байв [20 ]. Фрамингемийн судалгаагаар илүүдэл жин ба таргалалт нь зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйл гэдэг нь тогтоогджээ. Биеийн жин 10% -иар нэмэгдэх дутамд цусны плазмын холестериний концентраци 0,3 ммоль/л, илүүдэл 4,5 кг дутамд систолын даралт эрэгтэйд 4,4 мм. муб, эмэгтэйд 4,2 мм.муб -аар нэмэгдэж байв [11].

Таргалалт, ялангуяа хэвлийн таргалалт нь 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнийг үүсгэгч гол хүчин зүйл болох нь

Чихрийн шижин өвчин нь хүндрэл ихтэй, эрт тахир дутуужилт, нас баралтыг ихэсгэдэг. Олон тооны проспектив судалгаагаар биеийн жин ихсэлт ба 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчний үүсэх эрсдэлт хүчин зүйл хоорондоо нягт холбоотой гэж тогтоогджээ. I зэргийн таргалалтын үед 2-р хэлбэрийн чихрийн шижингээр өвчлөх магадлал 2 дахин, II зэргийн таргалалтын үед 5 дахин, III зэргийн хэт таргалалтын үед 10 дахин ихэсдэг. Хэвлийн хэсгээр илүүдэл өөх хуримтлагдах нь захын эдийн инсулинд мэдрэг чадварыг бууруулдаг гэдэг нь олон судлаачдын судалгаагаар тогтоогджээ [%].

Тархины судасны ба тромбэмболийн хүндрэл

Эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсний хүмүүст илүүдэл жин нь тархины судасны шигдээс үүсэх хүчин зүйлийг ихэсгэдэг. Туранхай хүмүүстэй харьцуулахад тарган хүмүүст биеийн жингийн индекс ихсэх нь шигдээс үүсэх эрсдлийг 2 дахин ихэсгэдэг. Ялангуяа төвийн таргалалт нь доод мөчний гүний венийн судасны тромбэмболи, венийн зогсингошил, уушгины артерийн тромбоэмболи үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг. [ 4, 17].

Таргалалт ба хоол боловсруулах замын эмгэг

Илүүдэл жин буюу таргалалт нь цөсний чулуу үүсэлт, ялангуяа эмэгтэйчүүдэд цөсний чулуу үүсэхэд гол нөлөөтэй . Цөсний хүүдийд чулуу үүсэх эрсдэл нь биеийн жин нэмэгдэх дутам ихэсдэг[ 18].

Эдийн солилцооны буюу метаболийн хам шинж (метаболийн синдром)

Эдийн солилцооны хам шинж (метаболийн хам шинж) гэдэг нь бодисын солилцооны өөрчлөлт ба өвчлөл хавсарч, судас хатуурал-атеросклероз, зүрх судасны хүндрэлүүд үүсгэх эрсдэлт хүчин зүйл болдог. Эдийн солилцооны хам шинжийн үндсэн гол шинж нь:

·         Таргалалт, ялангуяа төвийн буюу хэвлийн таргалалт

·         Артерийн гипертензи

·         Цусны өөх тос ихсэх - Гиперлипидеми, дислипидеми,

·         Эдийн инсулинд тэсвэрт чанар ихсэх.

Архаг, ихэвчлэн шинж тэмдэггүй байх нь бодисын солилцооны хам шинжийн ерөнхий шинж юм. Артерийн даралт ихсэлт, гипергликеми ялангуяа дислипидеми нь өвчтөнд удаан хугацааны турш зовиургүй байдаг бөгөөд үүнийг хянаж, тохирсон эмчилгээг нь хийхгүй бол үр дагавар нь ихээхэн уршигтай юм. Метаболийн эмнэл зүйн энэ шинж тэмдэгүүд нь нэгэн зэрэг бараг илэрдэггүйгээс эмчилгээ, оношилгоо оройтдог тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ бараг авагддаггүй. G.Reaven, 1988, инсулинд тэсвэрт чанар ихсэлт ба гипергликеми нь инсулин хамааралт чихрийн шижин өвчний эмгэг жамд төдийгүй зүрхний ишеми үүсэхэд нөлөөлдөг гэжээ. 1988 онд профессор G.Reaven таргалалт, нүүрс усны , өөх тосны солилцооны өөрчлөлт, зүрх судасны эмгэг даамжрах ерөнхий эмгэг механизм - организмын инсулинд тэсвэрт чанар ихсэх зэргийн хоорондын холбоог судлан нэвтрүүлснээр сүүлийн 10-аад жил практикийн эмч нарт эдийн солилцооны хам шинж (metabolic syndrom - X syndrom) гэсэн нэр томьёо нэлээдгүй хэрэглэгдэж байна. Таргалалт, 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчний тархалт ихэссэнээс дислипидеми, артерийн гипертензийн улмаас атеросклероз, зүрх судасны өвчнөөс нас баралт ихсэх нөхцлийг бүрдүүлж байна. J.Kaplan, 1989, эдийн солилцооны хам шинжийг «үхлийн квартет» (таргалалт- чихрийн шижин - артерийн гипертензи - атеросклероз), үүнээс арай хожуу G.Enzi, 1994,"үхлийн секстет» нэрлэжээ[10]. Сүүлийн 15 жилийн турш инсулинд тэсвэрлэх чанар ихсэлт, артерийн даралт ихдэлт, дислипидеми, хэвлийн таргалалт, шээсний хүчлийн солилцоо ба цусны гемостази системийн алдагдал зэргээс үүсдэг метаболийн буюу эдийн солилцооны хам шинжийг оношлох, эмчлэхийн тулд олон тооны тархвар зүйн, клиникийн, туршилт судалгаанууд хийгдэж байна. ОХУ-д хийсэн судалгаагаар сүүлийн жилүүдэд метаболийн хам шинж насанд хүрсэн хүн амын дунд тархаж (24% хүртэл ), ялангуяа зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйлстэй хүн амын дунд (60% хүртэл) эзэлж байна. Нөгөө талаас одоог хүртэл метаболийн хам шинжийг эмчлэх болон оношлох аргачлал боловсруулагдаагүй байна. G.Reaven метаболийн хам шинжийг «нээлттэй систем» тул нэгдсэн нэг схем байхгүй, хэд хэдэн иж бүрдэл хэв шинжээс бүрддэг гэжээ. АНУ-ийн Холестерины программын баталсан шалгуураар доорхи 5 шинж тэмдгээс 3 нь илэрч байвал :

-  Артерийн гипертензи

-  Хэвлийн таргалалт

-  Гипертриглицеридеми

-  Их нягтралтай липопротейд багасах

-  Глюкозын толерантность өөрчлөгдөх. Өлөн үеийн цусны глюкоз ихсэх эдгээрийг- метаболийн хам шинж гэнэ. G.Reaven-ий шалгуураар метаболийн хам шинж нь эмнэл зүйн практикт ихэвчлэн хавсарсан 3 том бүлэг ихэвчлэн тохиолддог.

 

1.Артерийн гипертензи+хэвлийн таргалалттай мөн дислипидемитэй хавсрах

2.Артерийн гипертензи+хэвлийн таргалалт, дислипидеми, глюкоз толерантность өөрчлөгдөх (эсвэл 2-р хэлбэрийн чихрийн шижин)

3.Артерийн гипертензи хэвлийн таргалалтай хавсарсан ба глюкозын толерантность өөрчлөгдөх (эсвэл 2-р хэлбэрийн чихрийн шижин) [12].

Оношлогоо

1.  Биеийн идэвхитэй жин буюу өөхгүй жинг
судлахдаа антропометрийн хамгийн энгийн арга   -биеийн жин- өндрийн харьцаа - БЖИ буюу Кетлийн индексээр тодорхойлдог бөгөөд энэ арга нь өөхөн эдийн эзлэх хувьтай өндөр хэлбэлзэлтэй, харин биеийн өндөртэй бага хэлбэлзэлтэй байдаг.(Deurenberg P., нар ,1989)

Биеийн жингийн индекс (ДЭМБ 1999):

18,5     кг/м 2 туранхай

18,6-24,9 кг/м 2хэвийн

25,0-29,9   кг/м2 таргалалтын  I зэрэг

30,0-39,9   кг/м2 таргалалтын II зэрэг

40 ба түүнээс дээш кг/м2 таргалалтын III зэрэг

2.    Эмнэлзүйн клиникийн практикт биеийн бүтцийг судлахдаа ихэвчлэн энгийн, зардал багатай антропометрийн аргыг хэрэглэдэг ба энэ арьс-өөхний нугалаа, толгой, бүсэлхийн тойрог, бүсэлхийташааны эргэн тойрныг хэмждэг. Үүнээс гадна биоцахилгааан импеданс, компьютер томограмм, рентген абсорбциометр гэх мэт багажуудын тусламжтай хэмжилтүүдийг хийдэг. Спектрт биоимпедансометрийн арга нь орчин үеийн, мэдээлэл өндөртэй, өвчтөндөө зовиургүй, хурдан , аюулгүй бөгөөд [12] эрүүл болон эмчилгээний хоолны мэргэжилтнүүд болон судлаачдын нэлээн анхаарлыг татаж байгаа шинжилгээний харьцангуй хялбар арга юм. Эдийн бүрдэл бүрийн харьцаа юуны түрүүнд үндсэн бүтэц болох яс, өөх, булчингийн, нийт шингэний харьцаа нь хооллолтын байдал, биеийн хүчний ачаалал, мөн зарим өвчлөлийн үед өөрчлөгддөг [15] . Биеийн жингийн өөрчлөлт нь ерөнхий үзүүлэлт бөгөөд биеийн яг аль хэсэг-   өөхгүй жин, эсвэл өөх, эдийн шингэн, эсвэл булчингийн аль нь организмын янз бүрийн урвал болон өөрчлөлтөнд өөрчлөгдөж байгааг үзүүлж чаддаггүй. Орчин үеийн клиникийн практикт биоимпеданс-спектроскопийг бөөрний архаг дутагдал, түлэгдэл, гэмтэл, үүдэн венийн тромбоз, элэгний цирроз, гэдэсний түгжрэл, перитонитын эрт үед эрчимт эмчилгээ ба сэхээн амьдруулах эмчилгээний үед эсийн дотор ба эсийн гаднах шингэний хэмжээний   динамикийг   хянахад   хэрэглэж   байна.Энэ биед хоргүй неинвазив шинжилгээ нь биеийн илүүдэл жин, таргалалт, уургийн дутагдал, ходоод тайруулсны дараах -постгастрорезекционный синдромын үед эмчилгээний хоолны болон удаан хугацааны нөхөн сэргээлтийн үе дэх биеийн бүтцийг судлахад ихээхэн ач холбогдолтой.

Эмчилгээ

1.   Хоол эмчилгээ - хоногийн хоолны илчлэгийг багасгах, балансыг тэнцвэржүүлэх

2.   Эмийн эмчилгээ - хоолны дуршлыг бууруулах эмүүд

3.   Мэс заслын эмчилгээ - пластик болон ходоодны эзэлхүүн багасгах мэс засал эмчилгээ, 12 хуруу гэдэсний шунт тавих гэх мэт.

Дүгнэлт

2006 онд ЭМЯ, ДЭМБ, НЭМХ-гээс хамтран хийсэн “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшин тогтоох судалгаа” - гаар монголын 15-64 насны хүн амын 31,6 хувь нь илүүдэл жинтэй, үүнээс 21,8 хувь нь жингийн илүүдэлтэй, 9,8 хувь нь таргалалттай байв [1]. Иймд илүүдэл жин ба таргалалт, бодисын солилцооны эмгэгийн талаар цаашид нарийвчлан судлах шаардлагатай байна.

 

 

 

 

 

Ном зүй

1. Халдварт бус өвчний Эрсдэлт хүчин зүйлсийн Тархалтын түвшин тогтоох судалгаа -2006. ЭМЯ. НЭМХ, ДЭМБ, Номхон далайн баруун бүс. Улаанбаатар.
2. Булгакова С.В. ‘’Некоторые стороны патогенеза различных форм ожирения: //Автореф. дис. ...канд. мед. наук: - Самара, 2000. - 23 с..
3. Букавнева Н.С., Блохина Л.В., Никитюк Д.Б. “Результаты антропометрического исследования больных, страдающих ожирением на фоне сердечно-сосудистой патологии” . // Вопросы питания №6.2005. - С.27-28.
4. Белоусов Ю.Б. , Гуревич К.Г. ‘’Артериальное гипертензия и ожирение: принципы рациональной терапии’’. // Consilium medicum 20036 5(9). –C.23-28.
5. ВОЗ. Информационный бюллетень N°311, Сентябрь 2006 года.
6. Гинзбург М.М. , Козупица Г.С., Котельников Г.П. ‘’Ожирение как болезни образа жизни.Соврeменные аспекты профилактики и лечения’’. //Изд-во Самарского гос.мед.ун-та. 1997,
7. Демидова Т.Ю, Селиванова А.В., Аметов А.С. “Роль жировой ткани в развитии метаболических нарушений у больных сахарным диабетом 2-го типа в сочетаний с ожирением”.//Терапевтический архив. 2006.№11,- С.64-69 с.
8. Кондратьева Л.В., Бигуаниды в лечении сахарного диабета 2 типа. Современный взгяд на проблему. // Русский медицинский журнал. Том.13.№6.2005.-С305-310.
9. Лазебник Л.Б., Звенигородская Л.А. , Егорова Е.Г.

‘’Метаболический синдром’’. //Гепатология.№2.2004.-С.4-15.
10. Мартынова А.Г., Кодочигова А.И., Киричук В.Ф., Ермолаев А.А. ‘’Артериальная гипертония и масса тела, решенные и не решенные проблемы’’. //Клиническая медицина. -№8. 2005. –С.32-36
11. Матав С.И. , Василькова Т.Н., Кушнерчук О.В., Антипина А.Н., Шорохова Т.Д., Вискунова А.А. “Анализ состава тела у больных с метаболическим синдромом методом биоимпедансометрии –//Вопросы питания. -Том 76.-№6.2007” –С17-20]
12. Мамедов М.Н. ‘’Алгоритмы диагностики и лечения метаболического синдрома в клинико-амбулаторных условиях’’ // кардиология,5,2005. 92-99.
13. Мкртумян А.Н., “Ожирение-проблема XXI века. Пути реше ния”. // Русский Медицинский журнал.-Том 13.-№7.2005.449-450.
14. Попова Ю.П., Федорцова Л.Н., Шевякова Л.В., Беюл Е.А. ‘’Избыточная
масса тела в молодом возрасте-фактор риска развития
болезней метаболизма’’. // Вопросы питания. - 1989.
- № 1. - С. 1-15.
15. Петухов А.Б., Маев И.В. “Биоимпедансная спектроскопия в оценке состава тела организма”. // Российский медицинский журнал.№6.2002.-С.47-51| .
16. Рапопорт С.И. ,Лобода. А.Ю. Проблема ожирения в клинике внутренних болезней. // Клиническая медицина, №11, 2008. –С.15-23.
17. Сорокин Д.В. ‘’Клинико-патогенетические особенности липидного обмена у больных ожирением и заболеваниями желчевыводящих путей’’. //Тюменскоя гос.мед. акад.-Тюмень. 2002.-26 с.
18. Хазанов А.И. ‘’Функциональная диагностика болезней печени’’.
// М.:Медицина, - 1995. - 302с.
19. McCarron D.A., Morris CD., Henzy H.J. ‘’Blood pressure and nutrient instable in the United States, Sinse 1984; 224 (4656); 1392-1398.
20. World Health organization WHO. 2006. // Fact sheet 311: http://www.who.int/mediacentre/factsheets/fs311/en/index. html.Retrieved September,2006.
21. Elaine C Rush, Lindsay D Plank and W Andrew Coward ‘’Energy expenditure of young Polynesian and Europian women in New Zealand and relations to body composition.
// American Journal of Clinical Nutrition, Vol.69, No. 1, p 43-48. January 1999.
22. McCarron D.A., Morris CD., Henzy H.J. ‘’Blood pressure and nutrient instable in the United States, Sinse 1984; 224 (4656); 1392-1398.
23. World Health organization WHO. 2000. Obesity, Epidemic, // WHO Technical Report Series No 894: WHO, Geneva.
24. World Health organization, Western Pacific Region (2000), The Asia Pacific Perspective: Redefining obesity and its treatment, WHO Interim Report on Obesity, Australia.
25. World Health organization (2003). Diet, Nutrition and the Prevention of Chronic diseases; // WHO Technical Report Series No 916: WHO, Geneva.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор У.Цэрэндолгор


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 15699
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК