Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 4(41)
Бид урагшилж байна
( Редакцийн зурвас )

М.Алтанхүү

ХӨСҮТ

 
Абстракт

1982 онд Оросын ургамал судлаач Д.И.Ивановский тамхинынавч цоохортох өвчин үүсгэгч нь нянгын шүүрэнд шүүгдэдгүй, гэрлийн микроскопт харагдадгүй бичил биетэн болох тухай анх бичиж, 1935 онд америкийн эрдэмтэн Wendell Stanley анх удаа вирүсийг талст хэлбэрээр ялгаж авсанаас хойш вирүс судлалын шинжлэх ухаан тасралтгүй ургашилж байгаа ч одоог хүртэл вируст халдвар нь анагаах ухааны анхаарал татсан тулгамдсан асуудлуудын нэг хэвээр байсаар байна. Вирүс нь зөвхөн эсийн удамшилийн болон уураг нийлэгшүүлэгч аппаратын тусламжтайгаар л үржиж чаддаг эсийн бүтэц үйл ажиллагаа, ялангуяа удам-шилын материал болох нуклейн хүчлийг “өөрчилдөг” тул зарим хавдар (элэгний, умайн хүзүүний г.м ) үүсэх нэг гол нөхцөл болдог байна. Иймээс ч сүүлийн үед вирүсийн эсрэг зарим вакцинуудыг “хавдарын вакцин” гэж нэрлэх болжээ. Түүнчлэн цаг уурын өөрчлөлт, нийгэм биологийн олон хүчин зүйлийн нөлөөгөөр сүүлийн жилүүдэд шинэ болон сэргэж буй халдваруудын тоо эрс нэмэгдэж хүн амын эрүүл мэнд улс орны эдийн засагт асар их хохирол учруулж байгаа ба тэдгээрийн дийлэнх нь вирүсийн халдварууд байгаа юм.

Монгол улсад гэхэд л зөвхөн сүүлийн 10 жилд халдварууд АЦХХШ (SARS), халдварт эритема, гар хөл амны өвчин, томуугийн А/H1N1 v –ийн, хачигт энцофалит зэрэг халдварууд шинээр бүртгэгдэн Шувууны томуу, Баруун нилийн халдварын голомт илрээд байна.Мөн ХДХВ/ДОХ, Вирүст гепатит зэрэг бусад вирүсээр үүсгэгддэг халдваруудын асуудлууд ч анхаарал татсан хэвээр байна. Вирүст халдваруудтай тэмцэх онол арга зүйн үндэс нь вирүс судлалын шинжлэх ухаан, манай вирүс судлаачдын олон жилийн судалгааны үр дүн байдаг нь тодорхой.

Манай улсад анагаах ухааны вирүс судлал нь хэдийгээр 1921 оноос үндэс суурь нь тавигдсан гэж үздэг боловч, вирүс судлалын лабораторийн алба үүсч хөгжсөн 1974 оноос эрчимтэй хөгжиж ирсэн. Чухам энэ үеэс буюу 1978 оноос манай эрдэмтэдийн судалгаа онол арга зүйн шинэ түвшинд гарч ирж “Хүн мал эмнэлгийн вирүс судлалын тулгамдсан асуудлууд”–анхны онол практикийн бага хурлыг МЭЭШХ-тэй хамтран зохион байгуулж эхэлж байсан бол 5 дугаар хурлаас эхлэн анагаахын вирүс судлал бие даан зохион байгуулж ирсэн нь энэ салбар хэрхэн өргөжин хөгжиж байгаа илтгэх болов уу гэж бодож байна. Монголын анагаах ухааны вирүс судлалын судалгааны цар хүрээ, арга зүйн жил ирэх тутам улам өргөжин боловсронгуй болж байгааг 2 жил тутам зохион байгуулагддаг ““Вирүс судлалын тулгамдсан асуудлууд” онол практикийн бага хуралд хэлцэгдэж буй илтгэлүүд, оролцож буй судлаачдын бүрэлдэхүүнээс харж болно.

Анхны хуралд хэлэлцүүлж байсан илтгэлүүд шинжлэх ухааны тэр үеийн түвшинг илэрхийлж, Монголд элбэг тохиолддог вирүст халдваруудын тархвар зүй,эмнэл зүйн судалгаанд ГТУ,ЦНУ, ФХЭБУ зэрэг оншлогооны аргуудыг ашиглах, нэвтрүүлэх, боловсронгуй болгох болон вирүсийг өсгөвөрлөх энгийн аргуудын судалгааны үр дүнгүүд хэлцэгдэж байсан бол сүүлийн үеийн судалгааны ажлуудын онол арга зүйн түвшин илт сайжирч шинэ түвшинд гарсан нь мэдрэгдэж байна.

1990 оны дунд үеэс вирүсийн геномын судалгаанууд хийгдэж эхэлсэн ч голдуу гадаадын эрдэм шинжилгээний лабораториудад гүйцэтгэж байсан бол 2000-аад оны дунд үеэс Монголын анагаах ухааны вирүс судлалд полимеразын гинжин урвалын арга зэрэг молекул биологийн аргууд нэвтэрч одоо манай судлаачид вирүсийг геном, нуклейн хүчлийн түвшинд бие даан судалгаа явуулж, вирүсийн геномын дараалалыг тогтоож, хувирч мутацид орсон “шинэ” вирүсийг илрүүлдэг болоод байгааг сүүлийн жилүүдийн хурлын илтгэлүүдээс харж болно.

Мөн манай хуралд сүүлийн жилүүдэд Япон, Герман, Франц, БНХАУ,ОХУ ын эрдэмтэд тогтмол оролцдог болсон нь энэ хурлын ач холбогдол нэр хүнд улам нэмэгдэж байгаагийн нэг жишээ мөн. Бид урагшилж байна.

Сайн үйлс улам дэлгэрэх болтугай!

Монголын Вирүс Судлалын Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, ХӨСМС-ийн дэд эрхлэгч,

ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны дарга, Анагаах ухааны доктор М.Алтанхүү

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 520
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК