Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1999, 2(107)
Ерөнхий эрхлэгчийн зурвас
( Редакцийн зурвас )
 

Ерөнхий эрхлэгчийн эхний зурвастаа "Сэтгүүл уншигч, хэрэглэгчтэй байж гэмээнэ оршин тогтоно" хэмээн бичсэнийг минь Та санаж буй байх. Редакцийнхан бид уншигчид маань хэн бэ, тэд биднээс юу хүсэн хүлээж байна вэ гэдгийг мэдэхгүйгээр сэтгүүлээ эрэлттэй бүтээгдэхүүн болгож чадахгүй. Тиймээс бид уншигчтайгаа харилцах аль болох олон арга, хэрэгсэлтэй болохыг хичээж буйн нэг нь энэ зурвас. Энэ товч нийтлэлээрээ бид сэтгүүл гаргагсад ямар бодол саналтай ажиллаж байгаа, цаашид юу хийх гэж төлөвлөж байгаа тухайгаа уншигчиддаа мэдээлж, тэдэнтэй санал бодлоо чөлөөтэй солилцох үүд, хаалгыг нээх зорилготой юм.

Уншигч Таныг таних гэсэн өөр нэг сэдэл маань энэ дугаарт хавсаргасан уншигчийн асуулга. Та "Монголын анагаах ухаан" сэтгүүлийг захиалсан' эсэхээсээ үл хамааран энэ сэтгүүлийг уншин хэрэглэдэг л бол асуулгыг таглаж бидэнд ирүүлж болно. Нэг сэтгүүлд хоёр асуулга байгаа тул нэг сэтгүүлийг дамжуулан уншсан хоёроос доошгүй уншигч бидэнд хариулаасай гэж бид хүсэн хүлээж байна.

Сэтгүүлийнхээ эхний дугаар хэвлэгдсэний дараа манай зөвлөл хуралдаж, уншигчидтайгаа харилцах уламжлалт арга болох уншигч, редакцийн уулзалтыг сэргээхээр тогтож, хуваарь гарган хэрэгжүүлж эхлээд байна. Ийм уулзалтуудын үеэр бид бас уншигчдаасаа асуулгаар судалгаа хийж байгаа. Энэ хоёр төрлийн судалгаа маань уншигчидынхаа хүрээг мэдэж, санал, сэтгэгдлийг нь ойлгосны үндсэн дээр тэдний хүсэл, сонирхолд ойртсон нийтлэлийг олшруулах бололцоо олгох байх гэж бид найдаж байгаа бөгөөд судалгааныхаа дүнг сэтгүүлийнхзэ хуудсаар дамжуулан Та бүхэнтэйгээ мөн хуваалцана гэж төлөвлөж байна.

Манай анагаах ухааны мэргэжлийн сэтгүүл зүйд шинэ тутам гарч ирж буй нарийн мэргэшлийн сэтгүүлийг цаашид хэрхэн хөгжүүлэх нь ерөнхий мэргэжлийн, нийтлэг асуудлыг нийтлэх чиглэлээ ч тодорхойлох хэрэгтэй болгож буй тул уншигчдынхаа санал бодлыг тандах зорилгоор асуулгадаа энэ талаар нэг асуулт орууллаа. Ерөнхий мэргэжлийн анагаахын сэтгүүл ямар байдгийг харуулах зорилгоор олон улсын хэмжээнд хамгийн олон уншигчтай байгаа англи хэлээр гардаг ийм чиглэлийн хоёр сэтгуүлийн ойрмогхоны нэг нэг дугаарын гарчгуудын жагсаалтыг интернетээр авч, монголоор орчуулан хавсаргаад энэ дугаартаа оруулж, Гадаадын хэвлэлийн хуудаснаа" гэсэн нэг шинэ булан нээлээ. Та бүхэнд хэрэгтэй санагдвал үргэлжлүүлнэ. Гарчгаас нь харахад хэрэгтэй, сонирхолтой санагдсан сэдвийнхээ тухай санал бодлоо манай редакцийн хаягаар бичвэл, олонхийн саналыг дагуулан зарим өгүүллийг нь орчуулан нийтлэх боломжийг ч бид судлах болно. Орчуулан нийтлэх болбол тойм өгүүлэл нь судалгааны өгүүллээсээ илүү олон хүнд хүртээлтэй байх болов уу гэж бид бодож байгаа.

Анагаах ухааны мэргэжлийн хүмүүс, байгууллагад магадлан итгэмжлэл олгох шинэ тогтолцоо бүрэлдэж эхлэж буй хийгээд "Монголын анагаах ухаан" сэтгүүлийг эрхлэн гаргагч байгууллагууд энэ асуудалд нэн ойрхоныг харгалзан Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны Магадлан итгэмжлэх албатай манай сэтгүүлийн редакци нягт хамтран ажиллахаар төлөвлөж, ярилцаж эхлээд байна. Та бүхэн энэ чиглэлээр лавлах, мэдэх сонирхолтой асуултаа бичиж ирүүлбэл бид хариултыг нь олж нийтлэхээр хичээх болно.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 712
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК