Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1999, 2(107)
Хүүхдийн Шенлейн-Генохын өвчний үед дундаж молекулт пептидийн хэмжээг тодорхойлсон нь
( Судалгааны өгүүлэл )

Т. Навчаа , Д. Малчинхүү , Ш. Үзмээ

Эх нялхсын эрдэм шинжилгээний төв, Анагаах ухааны их сургууль

 
Абстракт

The blood plasma levels of medium-mass molecules (MMM) have been studied by spectrophotometry in patients with Schonlein Henoch purpura (SHP). Theses data shows that the level of amount of MMM can be informative enough

for the assessment of degree of severity of SHP in children.

Pp.12-13, Tables2, Reference1

Шенлейн генохын өвчний (ШГӨ) эмчилгээний зарчим нь эмгэгийн хүнд, хөнгөнөөс шалтгаалдаг бөгөөд эл байдлыг бид зөвхөн эмнэлзүйн хамшинжийн илрэлд тулгуурлан тогтоож байлаа. Энэ нь учир дутагдалтай тул оношийг баттай тавьж эмчилгээг ялгавартай сонгох боломж бүхий шинжилгээний аргыг үнэлэхийг зорив. Чингэхдээ цусан дахь дундаж молекулт пептицийн /ДМП/ хэмжээ нь олонх эмгэгийн хүнд, хөнгөнийг биохимийн түвшинд ялган тогтоодгийг харгалзан ШГӨ-ий үед эл үзүүлэлт шалгууртай эсэх талаар судлав. Бид уг эмгэгийн үед ДМП-ийн хэмжээг тодорхойлсон судалгааг хэвлэлээс  олж үзээгүй билээ.

Материал, арга зүй

Судалгаанд ШГӨ-тэй 86 өвчтөнг хамрууллаа. Тэдгээрийн 39 (45.3%) нь эмнэлзүйн хөнгөн, 36(41.9%) нь хүндэвтэр, 11(12.8%) нь хүнд байдалтай байв. Өвчтөний судасны цусанд ДМП-ийн хэмжээг Н.И. Габриэлян нарын (1981) боловсруулсан түргэвчилсэн аргын Н.А. Ковалевскийн хувилбараар (1989) гэрлийн уртын 254,280 нм-т тодорхойлов. Гарсан үзүүлэлтийг Д.Энэбиш, Б.Үзмээ, Ш.Эрдэнэ нарын (1996) эрүүл хүүхдэд тодорхойлсон хэмжээтэй харьцуулан үнэллээ. Тэдний тогтоосноор ДМП-ний хэвийн хэмжээ нь 254 нм-т 0.27-0.287 б.н, 280 нм-т 0.247-0.253 б.н байна.

Үр дүн:

Судалгаанд хамрагдсан 86 өвчтөний 26 (30.0%)-д ДМП254-ийн, 44 (51%)-т ДМП280-ийн хэмжээ эрүүл хүүхдийнхтэй ижил тодорхойлогдов. Харин ДМП254 нь 60 (70%) өвчтөнд 0.453 б.н. хүртэл ихэссэн байхад, 42 (49%) өвчтөнд ДМП280-ийн хэмжээ 0.336 б.н. хүртэл нэмэгджээ.

Бид ШГӨ-ий үед ихэссэн ДМП254, 280-ийн хэмжээг өвчтөний хүнд хөнгөний байдалтай харьцуулан 3 заагт хувааж үнэлсэн. Үүнд:

 

  1. р заагт ДМП-ийн хэмжээ бага зэрэг ихэссэн: 254 нм-т 0.288-0.339 б.н., 280 нм-т 0.254-0.287 б. н. (тархалтын индекс-0.88-0.84)
  2. р заагт ДМП-ийн хэмжээ дунд зэрэг ихэссэн: 254 нм-т 0.340-0.395 б.н., 280 нм-т 0.285-0.315 б. н. (тархалтын индекс-0.83-0.79)
  3. р заагт ДМП -ийн хэмжээ үлэмж ихэссэн: 254 нм-т 0.396-0.453 б.н., 280 нм-т 0.316-0.336 б.н. (тархалтын индекс-0.78-0.74)

ШГӨ-ий эмнэлзүйн хөнгөн (39) илрэлтэй үед ДМП254-ийн хэмжээ 25 (64.1 %)-д хэвийн хэмжээнд (0.277-0.287 б.н.), 11(28.2%)-д 1-р заагт, 3(7.7%)-т 2-р заагт хэмжигдэн харин ДМТ280 нь бүх өвчтөнд хэвийн хэмжээнд (0.247­0.253 б.н.) тодорхойлогдов. Эмнэлзүйн хүндэвтэр (36) илрэлийн үед ДМП254-ийн хэмжээ 3(8.8%)-т 1-р заагт, 28(77.8%)-д 2-р заагт, 5(13.9%)-д 3-р заагт хэмжигдэн харин ДМП280 нь 5 (13.9%)-д хэвийн хэмжээнд, 29 (80.5%)-д 1-р заагт, 2(5.6%)-т 2-р заагт тодорхойлогдов.

Эмнэлзүйн хүнд (11) илрэлийн үед ДМП254-ийн хэмжээ 2(18.2%)-т 2-р заагт, 9(81.1 %)-д 3-р заагт хэмжигдэн харин ДМП280 нь 8(72.7%)-д 2-р заагт, 3(27.3%)-т 3-р заагт тодорхойлогдов (Хүснэгт 1).

Ингэж ШГӨ-ий үед гэрлийн уртын 254 нм-т хэмжигддэг ДМП-ийн хэмжээ ихсэх нь онцгой байгаа тул бид үүнийг эмгэгийн хүнд хөнгөнийг ялгах үзүүлэлт гэж үнэлэв (CV<20%).

ДМП254-ийн дээрх 3 заагт ялган үнэлсэн хэмжээ нь эмнэлзүйн хүнд хөнгөний илрэлтэй тодорхой хувиар зөрүүтэй болох нь тогтоогдлоо.

Тодруулбал, эмнэлзүйн хөнгөн илрэлтэй хэмээн үнэлсэн 3 өвчтөнд ДМП254-ийн хэмжээ 2-р заагт багтаж хүндэвтэр, харин хүндэвтэр гэж үнэлсэн 8 өвчтөний 3 нь 1-р заагт багтан хөнгөн, 5 нь 3-р заагт орж биохимийн үзүүлэлтээр хүнд болсон ба эмнэлзүйн хүнд байдалтай байсан 2 өвчтөн 2-р заагт багтан хүндэвтэр гэж үнэлэгдэх байв.

Ийнхүү 13 өвчтөний 8-д биеийн байдлыг дутуу, харин 5 тохиолдолд хэт үнэлж оношийн 15.1%-ийн зөрүүтэй байна.

Бид ДМП-ийн хэмжээгээр тогтоосон хөнгөн 39 (45.3%), хүндэвтэр 33 (38.4%), хүнд 14(15.3%) байдлыг үндэслэн эмчилгээг ялгавартай сонгон хийсэн (үндсэн бүлэг) бөгөөд үр дүнг эмнэлзүйгээр үнэлсэн өвчтөнийхтэй (харьцуулсан бүлэг) жишив. Ингэхэд эл 2 бүлэгт бөөрний хамшинж үүссэн хувийн зөрүү 6.9)10.5%:17.4%) байгаа бөгөөд дундаж ор хоногийн зөрүү 4.7 (20.0:15.3) гарлаа (Хүснэгт 2).

 Ингэж ДМП-ийн хэмжээг үндэслэн өвчтөний хүнд, хөнгөний байдлыг тогтоон ялгавартай эмчлэхэд илүү оновчтой байгаа нь харагдаж уг биохимийн үзүүлэлт өндөр мэдээлэмжтэй болох нь батлагдлаа.

Бид түүнчлэн ДМП-ийн хэмжээ нь уураг болон түүний бүлгийн үзүүлэлттэй хэрхэн хамааралтай болохыг судлахад тэрээр a 2 глобулины хэмжээтэй шууд хамааралтай нь тогтоогдов (г=0.73).

Өвчний ид үед тодорхойлсон ДМП-ийн дээрх хэмжээ нь эмнэлзүйн шинж намжихын хэрээр буурч өвчтөн эмнэлгээс гарах үед эрүүл хүүхдийн үзүүлэлттэй ойролцоо болсон байлаа.

Ийнхүү ШГӨ-ий үед цусанд ДМП-ийн хэмжээг тодорхойлох явцад түүний бүтцийн талаар ойлголт өгөх зайлшгүй шаардлага гарсан юм. Янз бүрийн эмгэгийн үед ДМП-ийн бүтэц өөр өөр байдгийг судлаачид тогтоожээ. Бид хэвлэлийн материал судлан дүгнэж дараах дүгнэлтэнд хүрэв. ШГӨ-ий үед цусан дахь ДМП-ийн бүтцэнд голчлон брадикинин, гистамин (800-1000 D молекул жинтэй), фибриногены задралын эрт үеийн бүтээгдэхүүн (уусамхай фибринмономерын бүрдэл, X тасархай, 1000-3000D молекул жинтэй), альфа, бетта, гамма эндорфинууд ба энкефалинууд (лимфоцитээс ялгардаг, 500 D молекул жинтэй) ордог байна.

Цаашид уг эмгэгийн үед ДМП-ийн бүтцийг гишүүнчлэн судлах нь түүний эмгэг жамыг тайлбарлах хийгээд эмчилгээг оновчтой болгоход ихээхэн ач холбогдолтой байх нь дамжиггүй.

     Дүгнэлт

ДМП-ийн хэмжээг үндэслэн өвчтөний хүнд, хөнгөний байдлыг тогтоон ялгавартай эмчлэхэд илүү оновчтой агаад уг биохимийн үзүүлэлт хангалттай мэдээлэмжтэй болно. ДМП-ийн хэмжээ 254 нм-т 0.288-0.339 б.н., 280 нм-т 0.254-0.284 б.н (тархалтын индекс -0.88-0.84) бол хөнгөн, 254 нм-т 0.340-0.395 б.н.( 280 нм-т 0.285-0.315 б.н. (тархалтын индекс-0.83-0.79) хэмжигдвэл хүндэвтэр, 254 нм-т 0.396-0.453 б.н., 280 нм-т 0.316-0.336 б.н. (тархалтын индекс -0.78-0.74) болж ихэсвэл хүнд гэж үнэлнэ.

 

Ном зүй

1. Энэбиш Д, Үзмээ Б, Эрдэнэ Ш. Эрүүл хүүхдийн цусны ийлдсэнд дундаж молекулт пептид тодорхойлсон дүнгээс. Монголын Анагаах Ухаан, 1996 №4, х. 13-17
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 635
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК