Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2011, 2(10)
Андаа дурсахуй (АУ-ны доктор, профессор, хүүхдийн эмч Хотгойдын Дэмбээгийн Агваандоржийн тухай)
( Судалгааны өгүүлэл )

Данзангийн Малчинхүү

МУ-ын хүний гавъяат эмч, АУ-ны доктор, профессор

 
Абстракт

Монголын хүүхдийн анагаахын томоохон төлөөлөгчдийн нэг Д.Агваандорж оюуны бяр чадал нь тэгширч, бүтээл туурвилынхаа ид үед зуурдаар тэнгэрт хальж, ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн нь хүүхдийн анагаахад том гарз тохиолдон, эзэлж байсан орон зай нь хоосрон, үгүйлэгдсээр байна. Тэр хэдийгээр амраг хань, үр, ач, зээ нар, ахан дүүс, анд нөхөд, мянга мянган шавь нараа орхин одсон ч тэд нарынхаа сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдэж, хойч үедээ түүний үлдээсэн зам мөр тод дурайсаар байгаа билээ.

            Хотгойдын хүү Дэмбээ овогтой Агваандорж 1940 оны луу жил Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутаг “Дунд хэдрэг” хэмээх газар ард Дэмбээгийн 3-р хүү болон төржээ.

            Д.Агваандорж бол оюунлаг, гүн сэтгэлгээтэй, эрдэмлэг нэгэн байсныг 1960 онд Мөрөн хотын 10 жил, 1965 онд АУДэС-ийг онцсайн дүнтэй дүүргэж, 1992 онд Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан түүх нотолно.

            Д.Агваандорж олон хүүхдийн амь аварч, тэднийг амьдралд залгуулсан нэртэй сайн эмч байлаа. Тэр 1965 оноос Хөвсгөл аймгийн хүүхдийн эмнэлэгт 5 жил ерөнхий эмчээр, Шинэ-Идэр сумын сум дундын эмнэлэгт хүүхдийн эмч, ерөнхий эмчээр 5 жил ажиллахдаа эмнэлгийнхээ материаллаг баазыг сайжруулах, эмнэлгийн үйлчилгээг орон нутгийн ажилтай нягт уялдуулах, тойргийн сумдын хүн амд үйлчлэх үйлчилгээг сайжруулах талаар идэвх санаачлага, үр бүтээлтэй ажиллаж, хүүхдийн эрчимт эмчилгээний өрөө анх нээж, амь тэнссэн хүүхдийг аварч байснаар Шинэ-Идэр суманд нялхсын эндэгдэл 5 дахин буурч байжээ. Аймгийн төв, суманд 10 жил ажилласан түүний амжилтыг үнэлж 2004 онд Хөвсгөл аймгийн тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнасан байна.

            1975 оноос АУДэС-д багшилж эхлэхийн зэрэгцээ Хүүхдийн клиникийн төв эмнэлэгт 1975-1978 онд эмчээр, 1978-1989 онд 4 тасгийн зөвлөх эмчээр дэвшин ажиллаж байх хугацаандаа 23000 гаруй өвчтөн үзэж, зөвлөж, онош эмчилгээний асуудлыг шийдвэрлэж байжээ. Мөн Эрүүлийг хамгаалах яамны (хуучин нэрээр) шийдвэрээр шинээр ашиглалтанд орсон Октябрь, Найрамдал дүүргийн хүүхдийн эмнэлэгт зөвлөх эмчээр томилогдон ажлын бус цагаар дуудагдан 2500 гаруй хүүхэд үзэж, зөвлөж, шийдвэрлэж байснаас гадна эмч нарын нь мэдлэг, мэргэжил-дадлыг сайжруулахад туслаж байсан ажээ.

            1990-1994 онд Сүхбаатар Эрүүл мэндийн нэгдэлд, 1994 оноос хойш Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн зөвлөх поликлиник, уушги судлалын тасагт, 2006 оноос Нялхсын клиник сувилалд зөвлөх эмчээр ажиллаж хүнд, эгзэгтэй 6000 гаруй хүүхдийг оношлох, эмчлэхэд шавь нартаа үнэтэй зөвлөгөө өгдөг байсан юм.

            1995-2005 онд Монгол улсын хэмжээнд суулгалт өвчний хүндрэл эрс багасч, эндэгдэл 5 дахин буурахад эмч, багш-эрдэмтэн Д.Агваандорж жинтэй хувь нэмэр оруулсныг хот, хөдөөгийн эрүүл мэндийн байгууллага, эмч шавь нар нь санал нэгтэй үнэлдэг байлаа. Тиймээс түүнийг 1989 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, 2000 онд Нийслэлийн эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр, мөн Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн “Клиникийн профессор” цолоор шагнаж байсан байна.

            Д.Агваандорж шавь нарынхаа хүндэтгэлийг хүлээсэн сайн сурган хүмүүжүүлэгч туршлагатай багш байлаа. Тэрээр 1975-2004 онд 29 жилийн турш АУДэС, АУИС, ЭМШУИС-д хүүхдийн анагаахын тэнхимийн багшаар ажиллахдаа олон мянган оюутанд лекц уншиж, дадлагын хичээл удирдаж байснаас, голдуу хүүхдийн эмчийн ангид хичээл зааж 2000 гаруй хүүхдийн эмч бэлтгэлцсэн гавьяатан юм. Мөн мэргэжил олгох, дээшлүүлэх дамжаа, шавилан сургалт зэрэг төгсөлтийн дараах сургалтанд байнга оролцож байснаас гадна амьсгалын цочмог халдвар, суулгалт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрүүд ба хүүхдийн өвчний цогц менежментийн (ХӨЦМ) сургагч багшаар ажиллаж, хөтөлбөрүүдийн сургагч багш бэлтгэх, эмч нарт эмнэлзүйн сургалт явуулах, тандалт хийх зэрэг ажилд санаачлагатай, идэвхтэй оролцож хөтөлбөрүүд хэрэгжихэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

            Д.Агваандорж 21 аймаг, хотын 1800 эмч нарыг сургалтанд хамруулснаас гадна нялхсын эндэгдэл өндөртэй Дорнод, Дорноговь, Баян-Өлгий, Хөвсгөл аймгуудын ХӨЦМ сургалтыг дагнан хариуцаж ажилласныг 2005 оны тайлангаас үзэхэд Дорнод, Дорноговь аймагт нялхсын эндэгдэл улсын дундажаас бага болж, Хөвсгөл, Баян-Өлгийд өмнөх үеийнхээс ¼-ээр буурсныг түүний зохион байгуулж байсан сургалтын үр дүн гэж би боддог.

            Туршлагатай сурган хүмүүжүүлэгч, шавь нарынхаа дунд нэртэй сайн багш байсныг нь үнэлж 1994 онд түүнийг ардын боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан байна.

            Д.Агваандорж хүүхдийн анагаахын бүтээлч эрдэмтдийн нэгэн бөгөөд 1992 онд “Бага насны хүүхдийн уушгины цочмог үрэвслийн үеийн амьсгалын дутал хүчил суурийн гомеостазын хямралын оношлогоо, эмчилгээ” нэг сэдэвт бүтээлээрээ Анагаах ухааны докторын зэрэг хамгаалж 1997 онд дэд профессор, 2002 онд профессор цолоор шагнагдсан нь хүүхдийн анагаахаас профессор цол хүртсэн 6 эрдэмтний 5 дахь нь байсан билээ.  

            Д.Агваандорж 10 гаруй ном товхимол бичиж хэвлүүлснээс бид хоёрын хамтын бүтээл “Хүүхдийн хоол боловсруулах тогтолцооны зонхилон тохиолдох өвчнүүд” (21.3 х.х) ном хүүхдийн эмч, резидент эмч нарын ширээний ном болж, харамсалтай нь одоо олдохгүй болж дээ. Тэрээр анагаах ухааны 5 магистр, 2 АУ-ны докторын ажил удирдаж хамгаалуулсанаас Н.Жаргалсайхан, У.Цэрэндолгор нар судалгаагаа үргэлжлүүлэн шинжлэх ухааны доктор хамгаалсан нь түүний хир зэрэг эрдэмлэг, чадварлаг удирдагч байсныг нотолж байна.

            Ийнхүү хотгойдын хүү Д.Агваандорж хүүхдийн туршлагатай сайн эмч-багш-бүтээлч эрдэмтэн байсан учраас диваажинд морилсон ч монголын хүүхдийн анагаахад мөр нь тод үлдэж, шавь нартаа үгүйлэгдэж, үргэлж дурсагдсаар байна. Үүнийг чадан ядан бичигч миний бие 2010 онд “Хүүхдийн өвчин” сурах бичгийнхээ тэргүүн ботийг (79.8 х.х) найзынхаа гэгээн дурсгалд зориулан хэвлүүлсэн билээ.

            Агваан бид хоёр “Хүүхдийн эмч” гэдэг ариун нандин мэргэжил сонгож хүүхдийн эмчийн ангийн оюутан болсон АУДС-ийн 1961-1962 оны хичээлийн жилээс эхлэж нэг ширээнд тохой залган семинарлаж (семинарын хичээлийг I, II хэсэг хамт хийдэг байсан), нэг хуушуур авсан ч хувааж идэн тоглоом шоглоом хийлцсээр 1965 онд монголд төгссөн хүүхдийн эмчийн анхны төгсөгчийн диплом өвөртлөн хөдөө нутагт хүүхэд анагаах эрдмийг дэлгэрүүлэхээр хоёр өөр аймаг руу салж одохдоо би англи, Агваан герман хэл бие дааж сурна гэж бие биедээ амлаж байсан юм. Бид захиа бичилцэх нь цөөн ч, бие биенээ санан дурсаж, сураг тавьсаар 10 жилийн дараа Гэ-жа багшийнхаа шаргуу хөөцөлдлөгөөр тэнхимдээ ирцгээснээр (би 8 жилийн дараа тэнхимдээ ирсэн байв) хоёр найз учран золгож нэгэн тэнхимд ажиллаж, амьдарч, сурч боловсорч, бие биенээ хурцалж, улам дотносон үерхсээр найзыгаа тэнгэрт халих хүртэл (2009 оны 12 сар) бүхэлдээ 40 гаруй жил найзалж дээ. Бид гэр бүлийн найзууд байлаа. Хоёулаа нэг курсын эмчилгээний ангийн хоёр охин С.Навчаа, А.Цэрэндаваа нартай дотносон гэр бүл болсон, эхнэрүүд маань дотрын эмч болцгоож, тэр үеийн тусгай II эмнэлэгт дотрын эмчээр нэг дор ажилцгааж байгаад тэтгэвэртээ гарсан даа.

            Агваан бид хоёр хар багадаа эцгээ алдсан, эхийнхээ хайраар өсч хүмүүжсэнээрээ адилхан санагддаг. Найз маань хоёр ахтай айлын бага хүү учраас ээжийгээ эргүүлдэж, ах нартаа “зарагдаж” өссөн болохоор гэрийн ажилд сайн, сайхан хоол хийж сурсан байхаа. Эцэг нь тэр үедээ нэлээд юмтай, жин их тээдэг хүн байсан гэдэг. Жинд явж байгаад ээжтэй нь танилцаж эхнэрээ болгож авсан бололтой, ээж нь уул нь манай аймгийн Баян-Агт сумнаас гаралтай хүн байжээ. Найз маань ээжийгээ их ярьдагсан.

Агваан 2-р ангиасаа эмчилгээний ангийн С.Навчаатай гэрлэж анхны хүүхэд Буянжаргал төрсөн тул аав хүний туршлага эрт эзэмшиж, оюутан ахуйдаа Ху- намд элсэн улс төрийн буурь суусан ер нь их оюунлаг, кирилл, уйгаржин монгол алинаар нь ч маш гоё, хурдан бичдэг, марзан зантай, алиа шооч (эрэгтэй багш нарын дүрд их тоглодог), ёжтой үнэн үгтэй, маш хүлээцтэй, баргийн юманд уурлахгүй, шатраас өөр спорт сонирхохгүй, найз нараа хүндэтгэж ч, “явуулж” ч чаддаг, хатуу тоглоомтой, хүнлэг сэтгэлтэй, нөхөддөө тусалж ч чаддаг, сайхан том шүд яралзуулан инээдэг, жинхэнэ гүндүүгүй монгол эр хүн байсан даа. Намайг яарч, адгаж байхад тоох ч үгүй, би л лав Агвааныг юманд яарч адгахыг үзээгүй.

            1964 онд миний ууган хүүгийн угаалганд ирээд хүүд минь 25 төгрөг бэлэглэсэн нь оюутан байтугай тэр үеийн баян хүн ч айлын хүүхдэд өгдөг мөнгө биш байсан шүү.

            Тэнхимд багшаар ирснийхээ дараа шатар их тавина, шатар тавихаараа хэдэн цаг болтол ч гэртээ харихгүй. Ширээний нь шургуулганд шатар байнга байна. Эрдэм судлалын ажлаа хийж эхэлсэн боловч ихэнх цагаа шатар тавьж өнгөрөөдөгсөн, Гэ-жа багш маань Агваан ер нь шатраар хамаг цагаа үрээд судалгааны ажил нь удаашраад байна гэж зэмлэнэ. 1992 онд эрдмийн зэрэг хамгаалахад нь би албан ёсны шүүмжлэгчээр томилогдож билээ. Эрдмийн зөвлөлийн хурал дээр орлогч захирал (одоо академич) Д.Дүнгэрдорж “Малчин шүүмжлээд, Агваан хамгаалаад” гэж ёжилж байсныг хожим нь найз маань их ярьдагсан.

            Бид нар зөвхөн хоорондоо л ярьдаг хувийн нууцтай, хорвоогийн юмыг ч цуурдаг, нэгэндээ тохиолдсон баяр хөөр, уй гашууг ч сэтгэлээсээ хуваалцдаг, бие биенийгээ сэтгэлээр дэмждэг найзууд байлаа.

            1997 онд том хүүгээ зуурдаар алдаж хоёр найз маань сэтгэлээр их гундаж явсан хоёр гурван жил, тоглож сурсан үгээ болгоомжилж сэтгэл санааг нь засахыг хичээж явсан даа.

            1978 онд намайг Ленинградын хүүхдийн эмчийн дээд сургуулийн аспирантурт сурч байх үед Агваан маань тэнд мэргэжил дээшлүүлэхээр очиж “Кантелировская 28” байрны III давхрын өрөөнд 3 сар амьдарч, би II давхарт амьдардаг тул өдөр бүр уулзаж гэр орон, эхнэр хүүхдээ ярин хоолоо хувааж идэн, гадуур явдаг байсан сайхан үе тохиож билээ. Найз маань янз бүрийн амттайхан хоол хийгээд намайг ирэхийг хүлээж суудагсан. Тэр үеийн нэг явдал санаанаас гардаггүй юм. Надтай нэг өрөөнд хамт амьдарч байсан ординатор Тува эмчээс коньяк хожихоор бид хоёр шийдэж би тэр хоёрыг өдөн шатар тавиулж шүүгч хийх юм болов оо. Орой манай өрөөнд гурвуулаа хооллож дараа нь тэр хоёр виноны мөрийтэй шатар нүүхээр тохиров. Би шүүгч хийлээ. Шүүгч мөрийг нь гаргуулах ёстой, виноны мөрийтэй үед Агваан хожигдох ёстой тул 2 даруйгаар хожигдож бид хоёр 2 вино алдваа. Агваан хор нь хөдөлсөн хүний дүр эсгэж 3 дахь тавилд коньяк тавина гэж шаралхав. Тэгээд ч Агваан хожиж, 1 шил Ар-арат авлаа. Тува маань хожигдсондоо итгэж ядан 2 хожиж болсон юм, 3 хожиж болох байлгүй гээд дахиад коньяк тавьж тоглоод хожигдчихов. Агваан маань сайхан цагаан шүдээ яралзтал хөхөрч байсан нь одоо ч надад харагддаг юм. Тэгэж бид хоёр 2 шил виногоор 2 шил коньяк авч билээ.

            2006 оны 9 сарын 19-нд бид хоёрт хэзээ ч мартагдашгүй аймшигт явдал тохиолдсон юм. Тэнхимийн даалгавраар Архангай аймгийн хүүхдийн эмнэлгийн 50 жилийн ойд оролцохоор миний машинаар алсын замд гарлаа. Хоёул машинаа ээлжилж бариад ертөнцийн юмыг амаа цангатал яриад давхиад л байлаа. Агваан барьж явтал Төвшрүүлэхийн наахна урд дугуйгаараа шовх чулуун дээгүүр гарч дугуй хагарав. Дугуйгаа солих зуур “Чи албаар шовх чулуун дээгүүр гарсан, хүний юмыг хүн хайрлах биш” гэж хэлснийг маань хожим их ярьж “хүний юмыг хүн хайрлах биш” гээд л намайг явуулж инээдэгсэн. Цааш нь би машинаа бариад шороон замаар 100-120 милийн хурдтай давхилаа. Салхины шил тоос, царцааны баасанд бохирдчихсон, шингэх нарны туяанд нардаж явтал гэнэт замын ховилд шидэгдэн залуур дийлэгдэхгүй замын хажуу руу орж машин хажуугаараа нэг газардаад годройтож онхолдохыг мэдрээд цааш юу болсныг мэдсэнгүй. Хир удсан юм бэ, нэг мэдсэн машины 4 дугуй дээшээ харсан бололтой толгой доош харан хамгаалалтын бүсэндээ дүүжлэгдсэн байна. Бүс чангарсан тул хөдөлж болсонгүй, Агваан яасныг бүү мэд, Чи амьд уу – амьд, хөл гараа хөдөлгөж үз – хөдөлж байна, чадвал машинаас гар – хаалга онгойхгүй байна, арын хаалга онгойвол түүгээр гар – за. Ингэж ярилцаад найз маань арын хаалгаар гараад намайг салгаж гаргалаа. Тоос шороо замхарсан, машин 4 дугуй нь дээш харан оройгоор газардан хэвтэж байна. Хоёулаа бие биенээ барьж, тэмтэрч, хөл гараа хөдөлгөж үзсэн чинь бэртэж гэмтээгүй юм шиг байлаа. Харин хоёулангийн маань баруун гарын эрхий долоовор хурууны завсрын хэсгээс цус гарч байв. Гэнэт Агваан үхчихсэн бол би яанаа, эхнэр хүүхдэд нь юу хэлнээ гэж бодогдох агшинд, Агваанд бас л Малчин үхчихсэн бол би яанаа гэж бодогдсон гэдэг.

            Намайг гавъяат эмч цол хүртэхэд Японоос хүүхдүүд маань тэр машиныг мялаалга болгож явуулсныг Агваан мэдэх тул энэ машин бид хоёрыг яагаад ч алах учиргүй гэж бодож байснаа хожим дурсдагсан. Бид хоёрын эрхий долооврын завсрын шарх маань богинохон цагаан сорви болж үлдсэнийг “Бид хоёрын олон хүүхдийн амь аварсан буянтнууд байна. Одоо авахгүй, харин тэмдэг тавьчихая гэж эрлэгийн хаан тэмдэглэсэн юм” гэж марзганаж хөхрөлддөгсөн. Үүнээс хойш 9 сарын 19-ний өдөр бие биедээ амьд үлдсэний баяр хүргэдэг болсон юм. Энэ тухай бидний шавь Н.Раднааханд багш шүлэг бичсэн байдаг юм.

            2008 оны 5 сард бид хоёр Дорнод аймагт шавь нарын хамт сургалтаар явж байхдаа “Хоёр багш нь өтөлж байна, хамтдаа шавь нартайгаа уулзах сүүлчийн явалт ч байж магадгүй” гэж хэлээд зарим шавиа уйлуулж байж билээ. Наадмын урдхан Булган аймагт кредит сургалтаар Ш.Энхтөр, Ц.Алтантуяа нарын хамт хоёулаа явах үед миний зүрх өвдөж эхлээд, 7 сарын 12-нд шигдээс болж шокод орох үед Эрлэгийн хаанд нөгөө тэмдгээ үзүүлэхэд намайг таниад буцааж байсан хирнээ 2009 оны 12 сард Агваанд тавьсан тэмдгээ мартсан бололтой хайрт найзыг минь зуурдаар аваад явчихсан даа.

            Найз маань нутаг амьтай Хөвсгөлөөрөө бахархаж, Чингүнжаваараа омогшиж явдаг нэгэн байсан бөгөөд хүний төрж өссөн нутаг гэдэг сэтгэл зүрхний соронзон хойно боломж л гарвал сургалт, семинар, тандалт, бусад ажлаар ч хамаагүй Хөвсгөл явах дуртай. Нас барахаасаа 3-4 хоногийн өмнө зүрхээр нь өвдсөн бололтой надаас зүрх яаж өвддөг юм бэ гэж асуухад нь “зүрх өвдөж байна гэж  мэдэгдэхгүй хачин мэдрэмж гардаг, чи бушуухан ЭКГ бичүүлсэн нь дээр” гэсэн боловч нутгаадаа гүйдэг морь шиг, Хөвсгөл явах бэлтгэлээ базаагаад миний үгэнд ороогүй бололтой, яг явахынхаа урд өдөр гэнэт зүрх нь цохилохоо больж биднийгээ уй гашуугаар дарж тэнгэрт хальсан даа.

            Ер нь эр хүнд дотны найзаа алдах маш хүнд байдгийг мэдэрч 10 сар гаруй гундаж явтал, 2010 оны 8 сарын сүүлчээр 50 жил үерхсэн унаган багын найз гавъяат багш, доктор, профессор Сандагийн Бямбасүрэнгээ алдсан нь надад хоёр дахь хүнд цохилт болж хүний сайн нь явж, муу нь үлддэг хорвоо юм уу, би яасан азгүй амьтан бэ гэж гунин, гутарч найз нараа ямагт л дурсан санаж явах юм даа.



Нийтлэлийн нээгдсэн тоо: 1
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК