Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2002, 5(122)
Монгол улс дахь эрүүл мэндийн анхан шатны тусламжийн хөгжлийн зарим онцлог
( Судалгааны өгүүлэл )

Б.Оргил, Ц.Мухар

“Эрүүл мэндийн салбарын хөгжил”, Хөтөлбөр улсын клиникийн төв эмнэлэг

 

Монголын эрүүлийг хамгаалахад эрүүл мэндийн анхан шатны тусламж (ЭМАШТ) онол арга зүйн хувьд ч,  практик хэрэгжилтийн талаасаа ч өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой гэж үзэж болно. ЭМАШТ-ийн тухай онол арга зүйн болон үйл ажиллагааны ойлголт нь анх 1978 онд хуралдсан Олон улсын бага хурлаас гаргасан “Алма-Атагийн тунхаглал”-аас хойш тус улсын эрүүлийг хамгаалахад тодорхой байр суурь эзлэх болсон авч, шинжлэх ухааны болон сургалтын хүрээнд төдийлөн өндөр түвшинд гарч чадаагүй байна.

Харин 1990-ээд оноос Монголын нийгэм-эдийн засгийн бааз суурь үндсээрээ өөрчлөгдөж, бүх нийтийн үнэ төлбөргүй эмнэлгийн тусламжийн зарчмаас татгалзаж, эрүүл байх тухай, эрүүл мэндээ хүн өөрөө авч явах тухай иргэний үүрэг өсөн нэмэгдэж, өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудал ам лозунгаас ажил амьдралд хэрэгжих зайлшгүй шаардлага болсон тэр цаг үеэс ЭМАШТ манай улсын эрүүлийг хамгаалахын тогтолцоонд онол арга зүйн хувьд эзлэх байр сууриндаа хүрэх нөхцөл бүрэлдс;*н гэж хэлж болно (3). Ер нь тус улсын ЭМАШТ-ийг судлах талаар доктор Н.Удвалын бүтээлээс (6) өөр дорвитой судалгааны ажил хийгдээгүй бөгөөд түүний түүхэн замналыг үечлэн судалсан зүйл одоогоор алга байна.

Иймд Монголын эрүүлийг хамгаалах дахь ЭМАШТ- ийн онцлогийг түүний түүхэн хөгжилтэй нь холбон үнэлгээ, дүгнэлт өгөх нь зөв бөгөөд хэрэгтэй болов уу гэж бид үзэж байна. Бидний судалснаар, түүхэн хөгжил, сургамж, ач холбогдлоор нь Монгол дахь ЭМАШТ-ийг дараахь гурван үед хувааж болох юм. Үүнд:

Монголын нийгмийн амьдралд ЭМАШТ-ийн элементүүд аяндаа хэрэгжиж эхэлсэн үе (1921 оноос 1978 он хүртэл)

Монголын эрүүлийг хамгаалахад ЭМАШТ нь Эмнэлэг-ариун цэврийн анхны тусламж нэрээр тодорхой байр суурь эзэлсэн үе (1978 оноос 1990 хүртэл)

Монголын эрүүлийг хамгаалахад ЭМАШТ тэргүүлэх ач холбогдолтой болж эхэлсэн үе (1990 оноос хойш) Манай улсын ЭМАШТ-ийн хөгжлийг тийхүү бидний баримжаалж хуваасан түүхэн гурван үеэр авч үзвэл, эмч, эмнэлгийн ажилтан, эрүүл мэндийн менежментийн судлаач, анагаах ухааны сургуулийн оюутан, мөн сургагч-багш нарт нэг мөр ойлголт авахад нь хэрэг болох болов уу хэмээн үзэж байна. Монголын нийгмийн амьдралд ЭМАШТ-ийн элементүүд аяндаа хэрэгжиж эхэлсэн үе ЭМАШТ-ийн талаар ДЭМБ-ын баримталж байгаа гал зарчим, үйл ажиллагааны үндсэн элементүүдийг манай эрүүл мэндийн салбарынхан лавтайяа гадарлах байх. ЭМАШТ-ийн гол зарчимд: олон салбарын хамтын ажиллагаа, энгийн хялбар технологи болон орон нутгийн нөөц боломжийг ашиглах, олон нийтийн оролцоог идэвхжүүлэх гэсэн томъёолол багтдаг. Үндсэн элементүүдэд: хүн амын ундны ус, хүнсний хангамж болон зохистой хооллолтыг сайжруулах, тэднийг эрүүл мэндийн талаар өөрийгөө зөв авч явах мэдлэг, хандлага, дадлагатай болгох, халдварт өвчнөөс сэргийлэх тарилганд зохих насны хүн амыг өргөн хамруулах, эх нялхсын эрүүл мэндийг хамгаалан, гэр бүл төлөвлөлтийг зохицуулах, нутагшмал өвчин эмгэгтэй тэмцэх, зонхилон тохиолдох өвчин гэмтлийг оношлон эмчлэх, нэн чухал эмээр хангах зэрэг үйл ажиллагаа хамаарагддаг (7).

Өнгөрсөн зууны хориод оноос Монгол орон хүн төрөлхтний дэвшилтэт нийгэмд шилжиж, эрүүлийг хамгаалахын төрийн тогтолцоотой болсон. Эрүүлийг хамгаалах гэдэгт тухайн улс орны гөр засгийн байгууллагаас хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах, бэхжүүлэх, тэднийг эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламжаар хангахын тулд явуулж хэрэгжүүлж байгаа арга хэмжээний цогц юм (Б.Дэмбэрэл, 1996). Энэ тодорхойлолт ёсоор авч үзэх юм бол 1921 оны ардын хувьсгалын үр дүнд улс төрийн шинэ тогтолцоо буй болох хүртэл тэр үеийн Монгол оронд уламжлалт анагаах ухаан байсан хэдий ч эрүүлийг хамгаалахын тогтолцоо бүрдэл болоогүй байжээ.

Монголын эрүүлийг хамгаалахын үндэсний тогтолцоо бий болж, нэн түрүүн, одоогийн хэллэгээр бол, ЭМАШТ-ийн зарчим барьснаар түүний зарим элемент аяндаа эмпирик аргаар хэрэгжиж эхэлсэн байна. Тийм эмпирик үйл ажиллагааг бид дараах учир шалтгаантай хэмээн үзэж байна. Тухайн цаг үед Монголын эрүүлийг хамгаалахын өмнө дараах нэн чухал асуудлууд хурцаар тавигдаж байжээ. Үүнд:

Цагаан цэцэг, бөөсний хижиг, улаан бурхан, гэдэсний хижиг мэт хурц халдварт өвчнийг бууруулах. Түүний тулд нэн даруй сэргийлэх тарилга гэдгийг цоо шинээр эхлэх хэрэгтэй болсон.

тэмбүү, заг хүйтэн, сүрьеэ гэх мэт архаг архаг халдварт өвчнийг эмчилж, халдварлах замыг хааж, монгол хүнийг эрүүлжүүлэх нөхцлийг хангах. Үүний тулд олон хүнийг хамруулсан эмнэлгийн үзлэг шинжилгээ хийн, өвчлөгсдийг илрүүлж, эмчлэн эрүүлжүүлэх шаардлага тавигдсан.

Аливаа халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд хүмүүст ариун цэвэр-эрүүл ахуйн наад захын ойлголт өгч, гараа угаахаас эхлээд усанд орох, дотуур хувцсаа сольж байх хүртэлх энгийн аргыг хүн болгонд зааж сургах шаардлага гарчээ.

Хүүхдийн эндэгдэл асар өндөр, эхийн үхэл маш их байсан тухайн нөхцөл байдлаас эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарах шаардлага зүй ёсоор тавигдсан.

Бэлгийн замын халдварт өвчин их байснаас үргүйдэл, түүний үр дагавар болсон хүүхэдгүй гэр бүл олон байжээ. Иймд үргүйдлийг багасгаж, төрөлтийг ихэсгэж, хүний өсөлтийг хангахад чиглэгдсэн гэр бүл төлөвлөлтийн гэж хэлж болох асуудал мөн чухал байжээ.

Тийнхүү Монголын төр засгийн өмнө тулгарсан, хүлээж суухын аргагүй болсон дээрх асуудлыг шийдвэрлэхэд нэн түрүүн эмнэлгийн боловсон хүчнийг бэлтгэх, улмаар олон хүн ам, өрхийг хамарсан арга хэмжээг зохион байгуулах, түүнд олон нийтийн хүч бололцоог дайчлан орол^уулах хэрэгтэй байсан. Тэдгээр шаардлагатай холбогдуулан хөдөөгийн эмнэлгийн боловсон хүчнийг 1-3 сарын түргэвчилсэн сургалтаар баг, сумын эмнэлгийн “санитар” нэрээр бэлтгэн гаргах болсон, бэлгийн замын халдварыг илрүүлэн эмчлэх, сэргийлэх тарилга хийх, эхчүүдийг аль болохоор эмнэлэгт төрүүлэх, эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа явуулах, ариун цэврийг сайжруулахад чиглэгдсэн олон талт арга хэмжээ авч ирсэн зэргийг ЭМАШТ-ийн үндсэн элементүүдийг аяндаа урсгалаар хэрэгжүүлж, бас ч тухайн үедээ боломжийн үр дүнд хүрсэн гэж үзэж болох юм. Нөгөө талаар 1926 оноос эхлэн 1960-аад он хүртэлх хугацаанд тэр үеийн ЗСБНХОУ-ын 8 удаагийн эмнэлэг- ариун цэврийн болон эрдэм шинжилгээний экспедици манай улсын хүн амд ЭМАШТ-ийг үзүүлэх үйл хэрэгт онц чухал үүрэг гүйцэтгэсэн байна (2, 5).

1960-аад оноос хойш манай орны хот, хөдөөгийн эмнэлгийн байгууллагуудын мэргэжлийн боловсон хүчний болон оношлогоо-эмчилгээний техник хэрэгсэл, эмийн хангамж зугуухан боловч дээшилж ирсний зэрэгцээ ЭМАШТ-ийг зохион байгуулах арга хэлбэр ч өргөжин, дээшилсэн байна. Түүнчлэн улс орны нийгэм- эдийн засгийн 3, 5 жилийн төлөвлөгөөт хөгжлийн явцад ард түмний аж байдал, соёлжилтын түвшин сайжирсан явдал, ялангуяа 1960-аад онд улс орон даяар явагдсан соёлын довтолгооны үр дүнд хувь хүн, айл өрхийн ахуйн соёл, ариун цэврийн байдал, албан байгууллага, үйлдвэр аж ахуйн газрын соёлжилтын түвшин мэдэгдэхүйц дээшилсэн нь ЭМАШТ-ийн ахиц дэвшилд зохих нөлөө үзүүлсэн гэж хэлэх үндэстэй юм.

Монголын эрүүлийг хамгаалахад ЭМАШТ нь “Эмнэлэг-ариун цэврийн анхны тусламж” нэрээр тодорхой байр суурь эзэлсэн үе

1978 онд Алма-Ата хотод ЭМАШТ-ийн талаар болон Дэлхий дахины бага хурлаас Тунхаглал гаргасан ба улмаар 1981 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Ерөнхий Ассамблейн Чуулганаас “2000 онд бүх нийтээр эрүүл аж төрөх” стратегийн зорилт дэвшүүлж, түүнийг хэрэгжүүлэхээр улс орон бүрт хямд төсөр зардлаар олон нийтийн хүч, оролцоотойгоор зохион байгуулж болох арга хэмжээний нийтлэг хувилбар нь ЭМАШТ мөн гэж үзсэн байна (7,8).

БНМАУ-д “Первичная медико-санитарная помощь” гэсэн орос хэллэгийг “Эмнэлэг-ариун цэврийн анхны тусламж” (ЭАЦАТ) гэж орчуулан, эрүүлийг хамгаалахын албан ёсны баримт бичиг, мэргэжлийн хэвлэлд авч хэрэглэх болсон байна. Гэвч тэр үед Монгол улсад ЭАЦАТ-ийн ажлын хүрээ, ач холбогдол нь хорь, гучаад оны хэмжээнд хүрэхүйц далайцтай өрнөж чадаагүй, тийм хурц хэрэгцээ шаардлага ч байгаагүй гэж эрүүлийг хамгаалахын зарим зохион байгуулагч үздэг, ярьдаг байсан. Хот суурин газарт хүүхэд, дотор, эмэгтэйчүүдийн болон цехийн хэсгийн эмнэлгийн тогтолцоо бий болж, хөдөөд сумдын эмнэлэг их эмчээр бүрэн хангагдаж, хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуйн бригад бүрт бага эмчийн салбар төлөвшиж байлаа. 1970,1980-аад онд гарч байсан ЭАЦАТ-ийн тухай баримт бичгүүдэд сум, бригадын эмнэлэг, хэсгийн эмч, эмнэлгийн бүхий л үйл ажиллагааг ЭАЦАТ гэдэг утгаар ойлгож ирсэн нь харагддаг (4).

Тухайн үед ЭМАШТ-ийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь диспансерчлал мөн гэж үзэж байв. 1980-1989 оны үед тус улсын нийт хүн амын 20% нь диспансерийн хяналтанд орж, жилд ойролцоогоор хүн амын 60% нь эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, 0- 16 хүртэлх насны хүүхэд үндсэндээ сумын ба хүүхдийн хэсгийн эмчийн хяналтанд байсан. Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалахад эмэгтэйчүүдийн эмчийн хэсэг, зөвлөгөө өгөх газар их үүрэг гүйцэтгэдэг байжээ. Улсын хэмжээгээр төрөх насны эмэгтэйчүүдийн 96.9% нь сум, бригадын эмнэлэг болон аймаг, нийслэлийн төрөх тасаг, амаржих газруудад амарждаг байв (3).

Гэвч манай улсын эрүүлийг хамгаалахад “Алма- Атагийн Тунхаглал”-ын болон ДЭМБ-ын “2000 онд бүх нийтээр эрүүл байх” стратегийн зорилтын үзэл санааг бүрэн судлаж, нэгэн мөр болгон ойлгож чадаагүй гэдгийг нэгд, манай улсын тухайн үеийн эрдэмтэн судлаачид, удирдлагуудад ЭМАШТ-ийн талаар цэгцтэй онол, арга зүй дутсан, хоёрт, ЭМАШТ-ийн асуудлыг судалгаа шинжилгээний болон сургалтын жаягт оруулж хөгжүүлээгүй, гуравт, ЭАЦАТ-ийг хэрэгжүүлэх нэгж (сум, хэсгийн эмнэлэг)-ийн бүтэц, зохион байгуулалтад л гол ач холбогдол өгч, харин хэрэгжүүлэх зарчим, үйл ажиллагааны үндсэн элементүүдийг задлан шинжилж, үнэлгээ дүгнэлт өгч, үндэсний өвөрмөц хувилбар бий болгох талаар санаачлага дутсан, дөрөвт, ЭАЦАТийн үндсэн асуудлыг манай орны нөхцөлд сум, хэсгийн эмнэлэгтэй болсноор шийдсэн гэж тайвшраад, ЭМАШТ- ийн үндсэн элементүүдийг Ази, Африкийн хоцрогдсон улс оронд тохирсон үйл ажиллагааны тогтолцооны хэлбэр хэмээн үздэг туйлшрал байжээ гэж дүгнэж

болохоор байна.

Тэр үед ЭАЦАТ-ийг сайжруулан боловсронгуй болгох нь сум, хэсэг, бригадын эмнэлгийг их, бага эмчээр хангах, орны тоог нэмэх, машин унаа болон эм, багаж төхөөрөмжөөр хангах тухай асуудал болж хөндөгддөг байсан ба менежментийн үзэл санаа нь ЭМАШТ-ийн бус, эмнэлгийн анхны тусламж, бүр цаашлаад хөдөө орон нутагт эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламжийг ойртуулах тухай асуудал болж хувирдаг байжээ.Монголын эрүүлийг хамгаалахад ЭМАШТ тэргүүлэх ач холбогдолтой болж эхэлсэн үе Монгол орон 1990-ээд оноос зах зээлийн эдийн засгийн харилцаа бүхий нийгэмд шилжиж, олон хэв шинжит эрүүлийг хамгаалахын тогтолцоонд орж эхэлсэн. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогголцоо задарч, үйлдвэр, худалдаа, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл үндсэндээ хувийн хэвшилд шилжиж, ажилгүйдэл ихэсч, ядуурал нэлээд газар авч, ядуу эмзэг бүлэгт хамаарагдах хүмүүсийн тоо эрс өсч, манай улсын гурван хүний нэг нь ядуу байна гэсэн тоо гарч, судалгааны (9) дүнгээс үзвэл: манай улсын хүн амын 35.6% нь ядуу буюу нэн ядуу ангилалд хамаарч байгаа бөгөөд тэдгээрийг “ЭМАШТ нэн чухал эрэлт хэрэгцээтэй хүн амын эмзэг давхарга” гэж хэлж болох юм. Түүн дээр бага орлоготой (27.0%) хүн амын бүлгийг бас харгалзан үзэх нь зайлшгүй. Хүний хөгжлийн индексээр нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ маш бага (1999 оны байдлаар 456,8 ам.доллартой тэнцүү), эх, нялхсын эндэгдэл өндөр, дундаж наслалт богино байгаа зэргээс үзвэл, манай орон дэлхийн жишгээр буурай хөгжилтэй орнуудын түвшинд байна. Иймд гадаадын зөвлөх мэргэжилтнүүд Монголын эрүүлийг хамгаалахад Ази, Африкийн хөгжиж буй болон буурай улс орнуудад тодорхой үр дүнгээ өгч байгаа ЭМАШТ- ийн зарчим, үйл ажиллагааны хэлбэрүүдийг нэн даруй -хэрэгжүүлэхийг зөвлөмж болгосоор ирсэн байна. Хүн амын эрүүл мэндийн байдал, тусламж, үйлчилгээний эрэлт хэрэгцээ болон зах зээлийн харилцааны шаардлага, ДЭМБ, Олон улсын бусад байгууллагуудын зөвлөмж зэргийг харгалзсаны үндсэн дээр тус улсын эрүүл мэндийн салбарыг социалист байгуулалтын үеийн төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн харилцаа бүхий ши-нэ тогтолцоонд шилжүүлэхтэй холбогдсон эрх зүйн орчин бүрэлдүүлэх талаар тодорхой алхмууд хийгдсэн бөгөөд тэдгээрээс нэлээд тоймтойг нь дурдвал: Эрүүл мэндийн тухай багц хуулиуд, Байгаль орчны талаархи багц хууль, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Дархлаажуулалтын тухай хууль, Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан эрх зүйн актууд г.м. Ялангуяа “Эрүүл мэндийн тухай” хууль, “Нийгмийн эрүүл мэндийн бодлого” болон бусад хууль тогтоомжид ЭМАШТ-ийн талаар төрөөс баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл тодорхой тусгагдсан байна. Дээр дурдсан хууль тогтоомжийн заалт, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтуудын дагуу 1990 оноос хойш тус улсын эрүүлийг хамгаалахыг, түүний дотор ЭМАШТ-ийг хөгжүүлэх талаар тодорхой алхам хийгдэж, хүн амыг ундны цэвэр усаар байнга хангах, гэр бүл төлөвлөлтийн арга хэмжээг өргөжүүлэх, хүүхдийг хөхөөр хооллох, шаардлагатай насны хүмүүсийг бүрэн вакцинжуулах, хүмүүсийг эрүүл ахуй-ариун цэврийн анхны мэдлэгтэй болгож хэвшүүлэх, нутагшмал өвчнөөс сэргийлэн тэмцэх, нийт хүн амыг их, бага эмч, сувилагчийн үйлчилгээнд хамруулан, зонхилон тохиолдох өвчин гэмтлийг анхан шатанд оношлон эмчлэх, үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалттай болж, хот хөдөөгүй хүн амыг наад захын зэмээр хангах зэрэг дорвитой арга хэмжээнүүд авагдаж ирсэн байна.

Хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдсэн үндэсний хөтөлбөрүүд хэрэгжих болсон нь чухал ач холбогдолтой алхмууд юм. Ялангуяа “Нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Хүүхдийн амьсгалын цочмог халдвар, суулгалт өвчинтэй тэмцэх хөтөлбөр,,) “Дархлаажуулалтын хөтөлбөр", “Хүн амын эрүүл мэндийн боловсрол5’, “Иод дутлын эмгэгтэй тэмцэх хөтөлбөр”, “Зайлшгүй шаардлагатай эмийн үндэсний хөтөлбөр” зэрэг ЭМАШТ-ийн үндсэн элементүүдийг хэрэгжүүлэхэд шууд холбогдол бүхий олон хөтөлбөр үндэсний түвшинд амжилттай хэрэгжиж, зохих үр дүнгээ өгсөөр байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Эдгээр олон талт арга хэмжээнд төр, олон нийт, боловсрол, хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, хууль хяналтын болон хэвлэл мэдээллийн байгууллагууд эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллах, орон нутгийн хамт олны оролцоо идэвхжих болсон зэрэг нь ЭМАШТ-ийн үндсэн зарчим, үйл ажиллагааны хэлбэрүүдийг жинхэнэ ёсоор амьдралд хэрэгжүүлэхэд чухал түлхэц болсоор байна.

Түүнчлэн Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлээр хэрэгжиж байгаа төслийн хүрээнд нийслэл, нийт аймгийн төвд өрхийн эмнэлгүүдийг шинээр зохион байгуулж, тэдгээрээр дамжуулан ЭМАШТ-ийг хүн амд хүргэх болсон нь ЭМАШТ-ийн хөгжилд шинжлэг, чухал ач холбогдолтой алхам болж байна гэж үзэх үндэстэй юм.

Тийнхүү 1990 оноос хойш нийгэм дэх их өөрчлөлттэй холбоотойгоор ЭМАШТ-ийг хөгжүүлэх асуудалд их анхаарах болсноор түүний гол зарчим, үндсэн элементүүд жинхэнэ утгаараа хэрэгжих хөрс суурь тавигдсан ба улмаар ЭМАШТ нь Монгол улсын эрүүлийг хамгаалахад тэргүүлэх ач холбогдолтой чиглэл болж чадлаа гэж хэлэх үндэслэлтэй байна. Цаашид ЭМАШТ-д суурилсан эрүүл мэндийн үйлчилгээний тогтолцоог цогцлон байгуулах чиглэлээр их ажил хийх шаардлага бидний өмнө тавигдсаар байна.

Дүгнэлт

Монгол улс дахь ЭМАШТ нь хөгжлийн зарим онцлогтой бөгөөд түүнийг харгалзан, а) Монголын нийгмийн амьдралд ЭМАШТ-ийн элементүүд аяндаа хэрэгжиж эхэлсэн үе, б) Монголын эрүүлийг хамгаалахад ЭМАШТ нь Эмнэлэг-ариун цэврийн анхны тусламж нэрээр тодорхой байр суурь эзэлсэн үе, в) Монголын эрүүлийг хамгаалахад ЭМАШТ тэргүүлэх ач холбогдолтой болж эхэлсэн үе гэсэн 3 үндсэн үед хувааж авч үзэх. нь онол арга зүйн болон сургалт, судалгааны үүднээс зохистой байж болох юм.

Монгол улсад ЭМАШТ-ийг хөгжүүлэх үндэс суурийг тавихад ЗСБНХОУ-ын эмнэлэг-ариун цэврийн удаа дараагийн экспедицийн үйл ажиллагаа, ажлын үр дүн чухал үүрэг рольтой байжээ.

Сүүлийн жилүүдэд ЭМАШТ-д тэргүүлэх ач холбогдол өгөх болсон нь тус улсад ЭМАШТ-д суурилсан эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр хийж байгаа чухал алхам мөн.

Ном зүй

1. Дэмбэрэл Б. Нийгмийн эрүүл мэнд судлал. УБ., 1996
2. Ибрагимов М.А., Дэмбэрэл Б. Очерки по истории здравоохранения Монгольской Народной Республики. М., 1977
3. Мухар Ц. Нийгмийн эрүүл мэнд. УБ., 1999
4. Оргил Б., Мухар Ц. Эрүүл мэндийн анхан шатны тусламж. УБ., 2002
5. 55 летие Здравоохранения Монгольской Народной Республики. Под ред.Д.Цагаанхуу. М., 1976
6. Удвал Н. Эрүүл мэндийн анхны тусламжийн харьцуулсан судалгаа ба удирдлага, зохион байгуулалтын монгол загвар. Анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг горилсон бүтээлийн хураангуй. УБ., 2002
7.Alma-Ata 1978. Primary Health Care. WHO, Geneva, 1978
8. Global Strategy for Health for All by the Year 2000. WHO, Geneva, 1981
9. Living condition survey 1998. Mongolian National Statistical Office, UB, 1999
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор Ц.Содномпил


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2967
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК