Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2005, 2(132)
ХӨГШРӨЛ СУДЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЬЕ
( Редакцийн зурвас )
 

Хөгшрөлийг эрдэмтэд тал талаас нь судалсаар байгаа хэрнээ орчин цагт хөгшрөл гэж чухам юуг хэлэх талаар нэг мөр тодорхсйлолт хараахан алга байна.

Хөгшрөх бол олон эст амьтдын үндсэн шинж чанар болой. Хөгшрөл судлалын үндсийг тавигчдын нэг эмч, амьтан судлалч Алекс Комфортын бичсэнээр бол хөгшрөл нь наслах насыг багасгаж байгаа бүлэг үзэгдэл юм.

Бие махбодын хөгшрөлтийн хувьд:
а.    Гетерокинетик
б.    Гетеротроп
в.    Гетерохрон чанарууд ажиглагдана.

Гетерокинетик чанар гэж бие махбодын янз бүрийн эдэд насны өөрчлөлт янз янзын хурдтай хөгжихийг хэлдэг бол гетеротроп чанар нь бие махбодын эрхтэн, эдэд хөгшрөлийн оөрчлөлт харилцан адилгүй илрэхийг хэлиэ. Тэгвэл гетерохрон чаиар нь бие махбодын эд, эрхтэн, тогтолцоонд хөгшрөлийи шинж тэмдэг цаг хугацааны хувьд харилцан адилгүй байхыг хэлнэ. Эрдэмтэд хөгшрөл хүнд хэдийд эхэлдгийг тогтоох гэж мэрийсээр байгаа боловч бас л янз янзын тоо хэлж байна.

Орчин цагт хүний нас уртсаж, үүнийг дагаад хөгшрөл эхлэх нас ахисаар байна.

К.Байер, Л.Шейнберг (1997) нарын бичсэнээр бол Америкчууд 1776 онд дунджаар 35 насалж байсан бол эдүгээ 75 болжээ.

Одоо Японд дундаж наслалт 80-аас давж байна. Эртний Ром улсад хүмүүс дунджаар 28-30 насалж байжээ. Тэнд 40 настанг өвгөн гэж үзэж байв.

Эдүгээ Оросд дундаж наслалт ойролцоогоор 65-70, Монгол улсад 60-65 байна. Хүний насыг хуанлийн нас, биологийн нас гэж үндсэнд нь хоёр хуваана.

Хуанлийн нас нь төрсөн оноос хойш тухайн хүний насалж буй нас юм. Харин биологийн нас нь бие махбодын дасан зохицох боломж, бодисын солилцоо, бүтэц-үйл ажиллагааны онцлогоор тодорхойлогдох биологийн төлөв байдал юм.

Биологийн насыг тодорхойлохын тулд тухайн судалж байгаа хүяий янз бүрийн эд, эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг, тэр нутаг дэвсгэрт удааи хугацаагаар амьдарч буй хүмүүсийн дундаж үзүүлэлттэй харьцуулдаг юм.

Хэрэв биологийн нас хуанлийн наснаас их байвал эрт хөгширсөн, хуанлийн наснаас бага байвал бие махбод залуу бөгөөд хөгшрөлт удаан байна гэж үздэг ажээ.

Эрхлэгчийн зурваст ийнхүү хөгшрөлийн асуудлыг хөндөж байгаа нь учиртай.  Манай улс нэг үе хүүхэд, залуучуудын орон гэгдэж байсан боловч цагийн эрхээр хүн амын хөгшрөлд шилжих, үйл явц эрчимяшж болзошгүй байна.

Иймд энэ чиглэлийн судалгааны ажлыг идэвхижүүлж, геронтологи, гериатрийг хөгжүүлэх явдал чухал болж байна.

Сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, Академич Л.Лхагва

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 678
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК