Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2011, 2(10)
Монгол улсын эмгэг судлалын товч түүх
( Түүх )

Б.Уранчимэг

ЭХЭМҮТ

 
Абстракт

Эмгэг судлалын алба нь Монгол улсын хэмжээнд амьд ахуйн эд эсийн шинжилгээгээр өвчтөний оношийг тогтоохоос гадна эмнэлэгт нас барагсдад эмгэг судлалын задлан шинжилгээ хийж оношлогоо, эмчилгээг үнэлэн баталгаажуулах, улсын хэмжээнд эмгэг судлалын албыг мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг бүхий тусгай мэргэжлийн төв байгууллага юм. Монгол улсад эмгэг судлалын алба анх 1923 оны 02-р сарын 28-нд жанжин Д.Сүхбаатарын цогцост задлан шинжилгээ хийснээр эхэлсэн хэмээн түүхийн хуудсанд тэмдэглэсэн байдаг. Үүний дараа 1933 онд Зөвлөлт холбоот улсын (хуучин нэрээр) их эмч Иосиф Альфович Кусевицкий Төв больницын дэргэд эмгэг судлалын тасгийг анх байгуулан нас барсан өвчтөний цогцост задлан шинжилгээ хийж, гистологийн лабораторийг анх ажиллуулж эхэлсэн байна.

Үндэсний анхны эмгэг судлаач, Монгол улсын  эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан Д.Дашдоржийн санаачлага, хөдөлмөрөөр 1974 онд Улсын эмгэг анатомийн товчоо анх байгуулагдсан түүхтэй. Уг товчоо нь хот, хөдөөгийн эмгэг судлаач эмч нарыг тухайн үеийн АУДэС-ийн эмгэг судлал, шүүх эмнэлгийн тэнхимтэй хамтран мэргэжил эзэмшүүлэх, дээшлүүлэх мэргэжлийн сургалт, дадлагын төв болсон юм. Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Монгол улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1996 оны 10-р сарын 10-ны өдрийн 200 тоот тушаалаар Эмгэг судлал, шүүх эмнэлгийн төвийг байгуулан ажилласан. 2005 оны 1-р сард Эрүүл мэндийн яамны харъяанд Эмгэг судлалын төв болгон өргөжүүлжээ.

Одоо тус төв нь Улсын клиникийн төв эмнэлгийн (УКТЭ) дэргэдэх эмгэг судлалын тасаг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн (ЭХЭМҮТ) дэргэдэх хүүхдийн эмгэг судлалын тасаг, Шастины төв эмнэлгийн (ШТЭ) дэргэдэх эмгэг судлалын тасаг, Хавдар судлалын үндэсний төвийн (ХСҮТ) дэргэдэх эмгэг судлалын тасаг гэсэн 4 тасагтайгаар УКТЭ, ШTЭ, ЭХЭМҮТ, ХСҮТ, Халдварт өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн амаржих газрууд, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл, зарим хувийн эмнэлгүүдэд үйл ажиллагаа явуулж өвчний оношийг микро түвшинд баталгаажуулан, эмнэлзүйч эмч нарын мэргэжлийг дээшлүүлэн ажиллаж байна.

1958 оныг хүртэл ЭХЭМҮТ-ийн дэргэдэх хүүхдийн эмгэг судлалын тасагт үндэсний мэргэжилтэн (эмгэг судлаач) байгаагүй бөгөөд харин тухайн үед ажиллаж байсан зөвлөлтийн мэргэжилтэнг өөр мэргэжлийн монгол эмч (М.Дамбадаржаа, Ж.Хайрулла г.м) нар дагалдан түр ажиллаж байсан боловч тэдний хэн нь ч энэ мэргэжлийг эзэмшээгүй юм. Хэдийгээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх материаллаг боломж бэрхшээлтэй байсан ч эмгэг судлалын үүрэг, шаардлага өссөөр байв. Түүнчлэн нарийн мэргэжлийн эмнэлгүүд үүсч байгуулагдахын хирээр эмгэг судлалын нарийн мэргэжлийн чиглэлүүд үүсч байлаа. Тухайлбал Улсын төв эмнэлгээс Хүүхдийн төв эмнэлэг салбарласнаар хүүхдийн эмгэг судлалын салбарыг үүсгэн байгуулах шаардлага тулгарсан. Хүүхдийн эмгэг судлалын тасаг байрлах байшинг их эмч Занаагийн зохиосон зургаар 1956 онд бариулсан боловч ажиллах эмч, мэргэжилтэн бэлэн байсангүй. Иймд ЭМЯ-ны сайдын (Г.Туваан) 1957.05.07-ны өдрийн 59 тоот тушаалаар Хүүхдийн төв эмнэлэгт эмгэг судлаач эмчээр Увс аймгийн Эрүүлийг хамгаалах хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Гомбыг анх томилжээ. Энэ үеэс тус тасаг байнгын ажиллагаатай болж, үйлчилгээ нь зөвхөн хүүхдийн төв эмнэлэг төдийгүй нийслэлийн 1 амаржих газар, хүүхдийн элэгний халдварт өвчнийг анагаах эмнэлэг, хүүхдийн II эмнэлэг зэргийг хамарч байв. 1985 онд тус тасгийн эмч Б.Гомбыг ЗХУ-д эмгэг судлалын нарийн мэргэжил эзэмшүүлэхээр суралцуулсан бөгөөд профессор  А.И.Струков, профессор В.В.Серов нарын удирдсан тэнхимд суралцан уул мэргэжлийн онцлог, онол практикийн зохих мэдлэг, дадлага эзэмшжээ. Мөн хүүхдийн нэрт эмгэг судлаач М.А.Скворцов, В.М.Афанасьева зэрэг эрдэмтэд хүүхдийн эмгэг судлалын бие даасан салбар байгуулахыг зөвлөж байжээ.

Хүүхдийн эмгэг судлалын тасаг тогтмол үйл ажиллагаатай болсон боловч хүчин чадлаар ихээхэн дутмаг байсан учраас 1959 онд зөвхөн нэг хоногоос дээш эмчлэгдэж эндсэн хүүхдийн зөвхөн 20 орчим хувьд задлан шинжилгээ хийдэг байжээ. Хүүхдийн төв эмнэлгийн эмгэг судлалын тасаг нь тэр үедээ хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан байлаа. Тухайлбал: эмчийн бa лабораторийн өрөө тус бүр нэг, шинжилгээ, бэлтгэлийн өрөө, шарил хадгалах өрөө, зоорь, олгох өрөө зэрэгтэй байв. Тус тасаг их эмч, лаборант, цэвэрлэгч, туслах ажилтан тус бүр нэгтэйгээр ажиллаж эхэлсэн байна.

Хүүхдийн эмгэг судлалын тасагт их эмч Б.Гомбо (1957-2001), их эмч Ц.Гомбо (1966-1977), их эмч О.Норов (1969-1982), их эмч Г.Сүхээ (1971-1993) зэрэг мэргэжилтнүүд ажилласан бөгөөд өөрсдийн олон жилийн хөдөлмөрөө хүүхдийн эмгэг судлалыг хөгжүүлэхэд зориулжээ. Лаборант Зогсоо нь анхны гистологийн лаборант байсан бөгөөд лабораторийн арга барил сайн эзэмшсэнээрээ тухайн үедээ гайхагдаж байлаа.

1961 оны 3 сард Монголын шинжлэх ухааны академийн харъяа Анагаах ухааны хүрээлэн байгуулагдахад их эмч Б.Гомбо “Эх барих эмэгтэйчүүд, хүүхэд судлалын” секторт шилжин ирснээр хүүхдийн эмгэг судлалын тасагт хавсран ажиллах болжээ.

 1966 оноос эмгэг судлаач эмчийн тоо байнга өсч, гадаад дотоодод мэргэжил эзэмшиж байв. Хүүхдийн эмгэг судлаачид зөвхөн тооны хувьд төдийгүй мэргэжлийн хувьд ч ур чадвараараа ихээхэн өслөө. Үүний тод баримт бол эмгэг судлаачдаас эрдмийн ба эмчийн зэрэг цолыг амжилттай хамгаалсан явдал юм. 1970 онд хүүхдийн эмгэг судлаачдаас анхны эрдэмтэн Б.Гомбо “Ïàòîìîðôîëîãèÿ êèøå÷íèêà ïðè ðàçëè÷íûõ æåëóäî÷íî-êèøå÷íûõ çàáîëåâàíèÿõ ó äåòåé ãðóäíîãî è ðàííåãî âîçðàñòà ïî ìàòåðèàëàì ã.Óëàíáàòîðà” сэдвээр дэд эрдэмтний зэргийг ЗХУ-ын Хүүхдийн өвчин судлалын хүрээлэнд профессор И.С.Дергачевийн удирдлагын дор хамгаалсан юм. Хүүхдийн эмгэг судлаач эмч нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхэд улсаас ихээхэн анхаарч ирсэн бөгөөд 1957 оноос 1990 оныг хүртлэх хугацаанд дотоод, гадаадын урт, богино хугацааны дамжаагаар мэргэжил эзэмшүүлж, мэргэжлийг нь дээшлүүлсэн байна.

Гадаад, дотоодод дамжаагаар сургахын зэрэгцээ эмгэг судлаачид бие даан мэдлэг мэргэжлээ дээшлүүлэн эрдмийн цол, мэргэжлийн зэргийг амжилттай хамгаалсаар байсан. Хүүхдийн авьяаслаг эмгэг судлаач Ц.Гомбо, О.Норов нар “Хүүхдийн бөөр шээсний замын өвчин, төрөлхийн цитомегали” зэрэг сэдвээр үндэсний ба ЗХУ-ын эрдэмтдийн удирдлагын дор судалгааны ажил хийж байлаа. Гэвч Ц.Гомбыг 1979 онд, О.Норовыг 1982 онд ЭХЯ-ны аппаратанд ажиллуулах болсноор судалгааны ажлууд нь зогсож хүүхдийн эмгэг судлалын хөгжилд багагүй хохирол учирсан юм. Тэр үеийн зарим удирдлага эмчилгээ үйлчилгээнд мэргэжлийн хяналт, оношлогоонд эмгэг судлалын ач холбогдлыг төдий л ойшоодоггүй байв. Гэвч хүүхдийн эмгэг судлал жам ёсоороо өргөжин, хөгжсөөр байна.

1974 онд Улсын эмгэг анатомын товчоо байгуулагдахад Хүүхдийн төв эмнэлгийн эмгэг судлалын тасгийн эмч, лаборант нар шилжин ажилласан ба түүнээс хойш эмгэг судлалын “хүүхдийн салбар” хэмээн  нэрлэгдсээр байна.

Нийслэлийн хүүхдийн II эмнэлэгт 1978 оны 10 сард хүүхдийн эмгэг судлалын салбар Б.Гомбын удирдлагаар байгуулагдаж эмгэг судлаач Б.Уранчимэг, Д.Сүрэнхорлоо, лаборант Ж.Должин, Д.Эрдэнэцэцэг нар ажиллаж байв. 1979 онд Ажилчны дүүргийн хүүхдийн эмнэлэгт хүүхдийн эмгэг судлалын тасаг байгуулагдан эмгэг судлаач Г.Сүхээ, 1983 онд Октябрь дүүргийн хүүхдийн эмнэлэгт эмгэг судлаач Д.Дашдондог, 1984 онд Найрамдал дүүргийн хүүхдийн эмнэлэгт эмгэг судлаач О.Бат-Өнөр нар тус тус ажиллаж байв.

1962 онд нийслэлийн I, II, III амаржих газруудад их эмч Батмөнх, 1967 оноос эмч Ж.Чулуунбаатар, лаборант Т.Ичинхорлоо, 1969 онд эмч П.Хайсандаа ажиллаж 2 эмчтэй болжээ. Энэ тасаг олон жил шинжилгээний байргүй байсан ба 1982 онд их эмч Ж.Чулуунбаатарын санаачлага, зураг төсөл, идэвхитэй шаргуу хөөцөлдөлгөөний үр дүнд I амаржих газрын дэргэд нэг давхар зориулалтын байр бариулсан юм. 1981 оноос Г.Дагиймаа, Т.Алтанцэцэг, Ц.Ичинхорлоо, Нарангэрэл, Валя Сидорова нарын эмч ажиллаж 1988 онд ЭНЭШТ-ийн (хуучин нэрээр) дэргэдэх хүүхдийн эмгэг судлалын тасагтай нэгдсэн билээ.

МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн “Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах ажлыг цаашид сайжруулах арга хэмжээний тухай” 1979 оны 21-р тогтоолд хүүхдийн эмгэг судлалын тасаг байгуулах заалтын дагуу хүүхдийн эмгэг судлалын тасаг байгуулж эхэлсэн боловч удирдлага зохион байгуулалтаар хангах асуудал бүрэн хэрэгжиж хараахан чадаагүй байсан юм. 1988 онд Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах эрдэм шинжилгээний улсын нэгдсэн төв байгуулагдаж эмгэг судлалын томоохон байр баригдсан ба Анагаах ухааны хүрээлэн, түүний морфологийн лаборатори тус төвд нэгдсэн нь нийслэлийн хүүхдийн эмгэг судлаачдыг удирдлага зохион байгуулалтаар нэгтгэх боломжтой болжээ.

Ийнхүү хүүхдийн эмгэг судлалын тасаг жинхэнэ утгаараа байгуулагдаж, тасгийн эрхлэгчээр их эмч Г.Сүхээ томилогдов. Тус тасаг эрдэм шинжилгээний ахлах ажилтан, дэд эрдэмтэн, зөвлөх эмч 1, эмгэг судлаач 10, лаборант 8, туслах ажилтан ба үйлчлэгч 4-тэй томоохон тасаг болж,  иммунофлюресцентийн микроскоп, фото лабораторийг ажиллуулж эхэлсэн юм. Тасгийн үйл ажиллагаа нь практик төдийгүй судалгаа шинжилгээний чиглэл хосолж макро, микро фото зурагнуудыг протоколд хавсаргаж байсан нь ихээхэн ач холбогдолтой болсон.

Хүүхдийн эмгэг судлалын тасаг байгуулагдсанаар дүүргүүдийн эмнэлэгт зонхилон амьсгалын ба  хоол боловсруулах эрхтэний өвчнийг илрүүлж байсан хүрээнээс хальж эх барих, эмэгтэйчүүд, мэс засал, нүд, чих хамар хоолойн өвчний биопсийг хүлээн авч шинжилдэг болсон нь эмгэг судлаач эмч нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхэд онцгой ач холбогдолтой болсон юм. ЭНЭШТ биопсийн шинжилгээ ихтэй, төрөл тооны хувьд ч олон байв. Яаралтай хариулах биопси, янз бүрийн хавдар, үрэвсэлтэй эрхтэнээс түрхэц бэлтгэн эсийн шинжилгээ хийдэг  байсан нь  оношлогооны чухал ач холбогдолтой байлаа. Шинжилгээний хэлбэр өргөсөх тутам эд эсийн шинжилгээний өвөрмөц аргууд нэмэгдсээр байв. Тус тасгийн лабораторит гематоксилин эозин, Грам-вейгерт, ван-гизон, ДНК, РНК илрүүлэх гистохимийн өөх тос, гликоген, ширхэгэнцэр, нян ба мөөг, мэдрэлийн эсийг будах зэрэг 20 гаруй будгийн аргыг ажилдаа хэрэглэж байсан бөгөөд 1980-аад оноос амьсгалын эрхтэний вирусын өвчнүүд илрүүлэх иммунофлюресцентийн аргуудыг хэрэглэдэг болжээ. Манай орны хүүхдийн өвчин эндэгдлийн шалтгаан болсон, урд өмнө оношлож байгаагүй олон өвчнийг тухайлбал цитомегали (1963 он), пневмоцист (1965 онд Б.Гомбо, Ц.Гомбо) микоплазмоз  (1979 онд Б.Гомбо, О.Норов нар), иерсиниоз (1984 онд Б.Уранчимэг), Вердинг-Гоффманы өвчин, гистоцитоз (1982 онд Г.Сүхээ), Эдвардсын хамшинж (1989 онд О.Бат-Өнөр), хорионпапиллома (1992 онд Х.Сарантуяа), токсоплазмозыг (2002 онд Б.Уранчимэг) эмгэг судлалын шинжилгээгээр тус тус оношлосон ба олон өвчин, эрхтэн системийн олон хөгжлийн гажгийг эмгэг судлаачид оношлосон.

Тус тасгийн хамт олон зөвхөн эмгэг судлаачид байсангүй, шинийг санаачлагч, зохион бүтээгчид, хөдөлмөр хөнгөвчилсөн, оношлогоог сайжруулахад тус дөхөм болсон ШБОС гаргаж байжээ. 1978 онд Б.Гомбо, О.Норов нар микро бэлдмэлийн дэлгэц дээр томруулан гаргадаг “бичил ойлгогч”, Б.Гомбо, Д. Самбуупүрэв нар биопсийн шинжилгээний эдийн изоприлийн спиртээр усгүйжүүлэх оновчтой санал, 1982 онд Б.Гомбо, Ж.Алтанцэцэг, Б.Уранчимэг нарын микоплазмыг оношлоход хэрэглэх “эсрэгтөрөгч оношлуур” гаргажээ. Тус тасгийн эмч мэргэжилтнүүд өөрсдийн ажиглалт судалгаан дээр тулгуурлан эмч нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхэд нэмэр хандив болгож аргачилсан зөвлөмж, ном товхимол, заавар зэргийг бичин хэвлүүлж, нийтийн хүртээл болгосон байна.

Хүүхдийн эмгэг судлаачид гадаадын мэргэжил нэгтэнтэй холбоотой ажиллан, тэднийг урьж ирүүлэх, өөрсдөө очиж туршлагыг нь судалж байсан ба эмгэг судлалын олон улсын хуралд удаа дараа оролцож байжээ. ЗХУ мэргэжилтэн И.А.Соловьева 1981-1983 онуудад, ВВ.Власюк 1988 онд зөвлөхөөр тус тус ажиллаж байв. 1958 онд ЗХУ-ын Харьков хотод болсон эмгэг судлаачдын 3-р их хурал, 1963 онд Ардчилсан Германы Росток хотод болсон хурал, 1985 онд БНПАУ-ын Рабка хотод хүүхдийн эмгэг судлаачдын хуралд төлөөлөгчөөр тус тус оролцож байв.

Хүүхдийн эмгэг судлалыг өөрийн оронд хөгжүүлэхийн төлөө эмчилгээ үйлчилгээнд тавих хяналтыг сайжруулж, эх хүүхдэд үзүүлэх тусламжийн чанар, хариуцлагыг дээшлүүлэхэд оруулсан хувь нэмрийг манай төр засаг өндрөөр үнэлж, төрийн дээд одон медалиар тасгийн эмч, ажилчдыг удаа дараа шагнаж байжээ.

Одоо хүүхдийн эмгэг судлалын тасагт 6 эмгэг судлаач эмч, 5 лаборант, 2 туслах ажилтан, 2 үйлчлэгчтэйгээр ЭХЭМҮТ, Нийслэлийн дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүд, амаржих газрууд, зарим хувийн эмнэлгүүдэд  үйлчлэн үйл ажиллагаа явуулж байгаа ба жилдээ 7000 гаруй эдийн шинжилгээ, 6000 гаруй эсийн шинжилгээ, 600 орчим аутопсийн шинжилгээ хийж, 100 орчим эмнэлзүй, эмгэг судлалын бага хурлыг зохион байгуулан ажиллаж байна. Тус тасагт эмгэг судлалын зөвлөх зэргийн эмч, зөвлөх эмч 1, эмгэг судлалын профессор 2, ахлах зэрэгтэй эмч, лаборант тус бүр 1, магистрант эмч 1 ажиллаж байна.  

     Эмгэг судлалын оношийг тогтоон эмнэлзүйч эмч нарт туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ эмнэлгүүдийн нас баралтын шалтгааныг тогтоон эмч нарын оношлогоо эмчилгээ, үйлчилгээнд мэргэжлийн хяналт тавьж тэдний мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхэд зохих хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Аймаг орон нутгийн мэргэжил нэгт эмгэг судлаач эмч нарт мэргэжил аргазүйн туслалцаа үзүүлэх, шалган туслах, зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагааг явуулсаар байна.

Эмгэг судлалын төв нь 2002 оноос эмгэг судлалын эмч нарыг бэлтгэх резиденсийн сургалтыг хариуцан явуулж, хөдөө орон нутгийн ба нийслэлийн олон эмгэг судлаачдыг бэлтгэж байна.

Мөн телемедицин ашиглаж гадаад орнуудын мэргэжил нэгт нөхөдтэйгээ холбогдон төвөгтэй эд, сорьцын шинжилгээнүүдийн микро фото зургийг авч интернетээр явуулан онош тавих, зөвлөгөө авах мөн хөдөө орон нутгийн эмч нарын явуулсан материалд зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм. 2008 оноос эмгэг судлаач эмч нар дижитал зургийн аппаратаар аутопси, хагалгааны материалын макро зураг, дижитал камертай микроскопоор эд эсийн бичил зураг авч нотолгоонд суурилсан оношлогоог нэвтрүүлэн эмч нарын яриа, эмнэлзүй эмгэг судлалын бага хурлыг зохион байгуулж байна.

2011 оны 5 сараас эмгэг судлаач эмч Н.Өлзий-Орших Австри улсын Вена хотын Ерөнхий эмнэлгийн Эмгэг судлалын институтэд хүүхдийн цусны эмгэгээр мэргэжил дээшлүүлэх курст суралцаж байна.

Цаашид манай хамт олон гистологи лабораторийн сүүлийн үеийн багаж төхөөрөмж болох бүрэн автомат дамжлага ашиглаж эдийн шинжилгээг богино хугацаанд чанартай хийж орчин үеийн түвшинд хүрч ажиллахаар зорилт тавин ажиллаж байна.



Нийтлэлийн нээгдсэн тоо: 1
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК