Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2002, 1(118)
Био-анагаахын туршилт ба био ёс зүй
( Редакцийн зурвас )
 

Био-анагаахын туршилт нь гурван үндсэн асуудлыг хамарна. Үүний эхнийх нь шинжлэх ухааны талыг хамрах бөгөөд энэ нь амьтан дээр хийсэн туршилтаас олж авсан шинжлэх ухааны үнэ цэнэтэй баримт юм. Удаах нь эдийн засгийн тал бөгөөд нэг үгээр хэлбэл туршилтыг явуулахад орсон материал, техник зардал юм. Гуравдахь нь ёс зүйн асуудал бөгөөд энэ нь амьтантай харьцах энэрэнгүй зарчимд туршилт хэр нийцсэнийг авч үзнэ. Эхний хоёр асуудлын тухайд бид зохих мэдлэгтэй улс юм. Харин лабораторийн амьтантай харьцах ёс зүйн асуудлын талаар бид төдийлэн сайн мэдэхгүй байсаар ирсэн билээ. Лабораторийн буюу туршлагын амьтантай харьцах гэдэгт дараах хэдэн зүйл асуудлыг байнга анхаарч байх ёстой.

1. Амьтныг хээлтэй байх үед болон төллөх үед амьдралын тохиромжтой нөхцөлд байлгах. Хэрэв энэ үед туршилт хийж байгаа бол эх амьтан болон үр төлд энэрэнгүй хандах ёстой.
2. Хэрэв амьтныг барих бол аль болох энэрэх сэтгэлээр хандаж, амьтанд хор хөнөөл учруулах дэгээ болон бусад багаж хэрэгсэл хэрэглэхгүй байх.
3. Амьтныг тээвэрлэх, /ялангуяа өвлийн цагт алс хол тээвэрлэх/ нөхцөлд тавих шаардлагыгбүрэн сахих.
4. Амьтны үржүүлгийн газар эсвэл виварийд буюу туршилт-биологийн клиникт байхад биеийн болоод сэтгэл зүйн таатай нөхцөл бий болгох.
5. Туршилтанд амьтныг зөв сонгож авах. Энэ нь бололцооны хэрээр дээд төрлийн амьтныг доод төрлийн амьтнаар орлуулах гэсэн санаа юм.
6. Туршилтыг оновчтой төлөвлөх. Туршлагын амьтны тоог аль болох олон байлгахгүй байх, Туршилт бүрээс дээд зэргийн мэдээлэл авах.
7. Бүх туршилт эсвэл түүний аль нэг хэсгийг өвтгөхгүйгээр хийх.
8. Туршилтын дараах үед амьтныг нямбай асарч, байрлуулж тэжээх.
9. Туршилтын /мэс заслын/ дараах үеийг өвдөлтгүй байлгах.
10. Хэрэв шаардлага гарвал амьтныг зовоохгүйгээр бодийг хөтлөх /эвтаназия/
11. Хэрэв өөр аргаар /эсийн өсгөвөр, математик загварчлал г.м/ шинжлэх ухааны асуулалд хариу авах боломжтой байвал амьтан дээр хийх туршилтаас татгалзах.
12. Мэдээжийн үзэгдлийг тайлбарлаж үзүүлэхийн тулд амьд амьтныг хэрэглэхээс, татгалзах. Энэ зорилгоор бүдүүвч, слайд, кино зэргийг ашиглах.

Энэ бүхнээс харахад туршилтын амьтантай энэрэнгүй харьцана гэдэг нь олон бүрэлдэхүүнт атлаа нэгдмэл цогц ойлголт юм. Ийнхү.ү туршилтын амьтантай энэрэнгүй харьцах асуудлаар Олон улсын хэмжээнд хамтран ажиллах хийгээд туршилт явуулах эрхийн хэм хэмжээг боловсруулах, туршин шинжлэлийн био-анагаахын асуудлыг стандартчилах, лабораторийн амьтны аж ахуй хөгжүүлэх зэрэг асуудлаар олон улсын зарим нийгэмлэг бий болгоход хүргэжээ.

1957 онд Олон улсын физиологичдийн нийгэмлэг, Өмөнтэй тэмцэх олон улсын нийгэмлэг, олон улсын биологийн нийгэмлэгийн санаачлагаар Олон улсын лабораторийн амьтны асуудал эрхэлсэн хороо байгуулагдаж, 1979 онд Олон улсын лабораторийн амьтны эрдэм шинжилгээний асуудал эрхэлсэн зөвлөл болон өөрчлөгдөн зохион байгуулагдсан байна. Энэхүү зөвлөл нь боловсон хүчин болон техникийн мэдээлэл бэлтгэж, гишүүн орнуудад зөвлөх тусламж үзүүлдэг байна.

1985 онд олон улсын анагаахын эрдэм шинжилгээний байгууллагуудын зөвлөл "Амьтан ашиглаж, био-анагаахын туршилт хийх тухай Олон улсын зөвлөмж" боловсруулан гаргажээ. Энэ зөвлөмж нь эрдэм шинжилгээний зорилгоор амьтан хэрэглэх үед баримтлах онолын зарчим, ёс зүйн дүрмийг томъёолсон байна.
Иймд орчин цагийн судлаач хэн боловч амьтныг туршилтад хэрэглэхдээ био ёс зүйн асуудлыг нарийвчлан авч үзэхийг сануулахад илүүдэхгүй хэмээн энэхүү зурвасыг илгээлээ.

Акадeмич Л.Лхагва
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4831
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК