Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1999, 3(108)
Гуравдах мянганы зааг өөд
( Редакцийн зурвас )

П. Нямдаваа

 

Хүн төрөлхтөн нийтийн тооллынхоо гуравдах мянганы хаалгыг татахад хэдхэн cap үлдлээ. Шинэ мянганы зааг дээр өнгөрснөө эргэн харж, ирээдүйгээ төсөөлөхийг  хүн болгон хичээж байх тэрхэн мөчид уншигч Таны гар дээр байх ёстой сэтгүүлийнхээ энэ дугаарын эхний хуудсыг энэ түүхэн үйл явдалд зориулах нь зүйтэй гэж бодлоо.

Яг үнэнийг хэлэхэд, Та бид өмнөх хоёр мянган жилийн Монголын анагаах ухааны түүхээс сүүлийн 100 шахам жилийнх нь тухай хэлэх, үзүүлэх юмтай боловч, түүнээс өмнөх үеийн  тухай тун маруухан мэдлэгтэйгээр түүхийн энэ зааг дээр ирчихээд байна. Хойч үеийн судпаачид маань бидний энэ алдсыг засан залруулж, монголын  үе үеийн оточ нарын ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлэхэд болон нийт хүн терөлхтөний оюуны санг баяжуулахад орүулсан хандивыг тодруулан бичиглэх болтугай.

Монголын ард түмэн нийтийн тооллын хоёр мянганы сүүлчийн энэ зуунд сүүлийн хэдэн зуун жилийн хоцрогдол, биологийн болзошгүй мөхлөөсөө ангижирч, дэлхийн иргэншлийн иийтлэг хандлагыг тусгасан эрүүп мэндийн тогтолцоо, анагаах ухааны судалгааны суурийг тавьсан нь маргашгүй үнэн юм. Түүхийн агшин болгоны гэрч болон үлдэж, хойч үеийнхэнд маань биднийг гэрчлэх баримтын нэгээхэн хэсэг нь бидний энэ сэтгүүл болно. Энэ дугаарт бичигдэн үлдсэн болгон энэ үеийн Монголын анагаах ухааны нэгэн агшныг зураглаж, энэ цат үе эрүүл мэндийн ямар асуудлыг анхааран судлаж байсан, тухайн асуудлаар бидний үеийнхэн ямар төсөөлөлтэй байсан, зохиогчид нь судлаж буй асуудлаа ямар түвшинд мэдэж, бичих материалаа хэрхэн боловсруулсны гэрч болон үлдэж, хойд үеийнхэнд маань биднийг төлөөлөх гэрч ирээдүйн нэгэн судлаач Монголын анагаах ухааны энэ үеийн түүхийг судлан тодруулах судлагдахуун болох болно. Нэг ёсондоо бид Монголын өнөөгийн анагаах ухааныг гэрэл зургийн хальсанд байгаагаар нь, засваргүй буулгаж байна гэсэн үг. Энд нийтлэгдсэн материалууд биднээс урт наслаж, үүгээр л дамжуулан алс хойд үеийнхэн маань бидний  тухай өнөөгийн анагаа ухааны төсөөлөх болно. Чухам үүнд л бидний түүхийн өмнөх хариуцлага, бас цаг үеэ гэрчлэх баримт болохын бахархал оршино. Цаг үеийн хэлхээ ингэж явж ирсэн, цаашид ч иймэрхүүгээр явах нь зүй. Хэрэв бичигч Таныг болон цаг үеэ төлөөлж чадахгүй байгаа бол түүнийг засч залруулахаар бичигчийн эгнээнд шилжиж, энэ үеэ өмөөрөхөд бэлэн байхад өнөөгийн уншигчийн хариуцлага орших ёстой буй заа.

Ирэх мянганы эхний зуунд дэлхий нийтийн эрүүл мэндийн байдалд шийдвэрлэх нөлөө үзүүлэх таван үндсэн чиглэл бүрэлдээд байна гэж ДЭМБ узэж байна. Энэ нь:

  •  дэлхийн улс орнуудын улс төр, эдийн засаг, нийгмийн байдал, түүнээс уламжлаад хүн ардынх нь амьдрал ахуй, үүний дотор эрүүл мэндийн асуудлын харилцан хамаарал нь улам бүр өсөн нэмэгдэхээр илрэх глобальжилт,
  • тоо баримт, мэдлэг мэдээллийг боловсруулах, дамжуулах, задлан шинжлэх хурд, чадавхийг урьд байгаагүйгээр өсгөн нэмэгдүүлэх мэдээлэл - холбооны технологийн хувьсгал,
  •  хүний эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлэх, өвчин эмгэгийг оношлох, сэргийлэх, эмчлэхг алдагдсан бүтэц, үйл ажиллагааг нь нөхөн сэргээх арга ажиллагаа байнга шинэчлэгдэн сайжирч байхаар илрэх эрүүл мэнд – анагаах ухааны технологиин хувьсгал,

- улам бүр өсөн нэмэгдэж буй хэрэгцээгээ дагаад эрүүл мэндийн үйлчилгээ, судалгаа, оюуны өмчлөлд хувийнн өмчийн оролцоо өсөн нэмэгдэх,

-  эдийн засаг, хууль зүй, хүний эрх. ёс суртахууны асуудлыг шийдвэрлэхэд анагаах ухаан, нийгмийн эрүүл мэндийн асуудлыг харгалзан үзэх нь улам бүр нэмэгдэхээр илрэх эрүүл мэндийн үнэлгээний дээшлэлт тус тус байх ажээ.

бид угтан ирж буй энэ глобаль хандлагыг тосон хөдлөх хэрэгтэй болох нь маргаангүй.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 346
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК