Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2007, 1(139)
Хөхний өмөн үүсэхэд нөлөөлөх зарим хүчин зүйлс ба эмчилгээний үр дүнг са 15.3 маркераар хянах боломж
( Судалгааны өгүүлэл )

Б.Болорчимэг1, Г.Батбаатар1

1Эх нялхсын эрдэм шинжилгээний төв, 1Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль
 
 
Абстракт

 

ДЭМБ-ын мэдээгээр 1999 онд хөхний өмөнгөөр жил бүр 910000 эмэгтэй шинээр өвчилж, 390000 нь нас барж байна. Мөн шинээр өвчилж буй ямар нэг эрхтний хавдартай өвчтөнийн 18.2%, нас баралтын 12.2%-ийг хөхний өмөн эзлэж байсан бол 2005 онд 1.200.000 эмэгтэй хөхний өмөнгөөр шинээр өвчилж, 480.000 эмэгтэй нас барж байна. Хөхний өмөнгийн өвчлөл АНУ, Австрали, Канад зэрэг хөгжсөн орнуудад өндөр байна [1, 2]. 2000 оны байдлаар манай оронд хөхний өмөнгөөр анх оношлогдож байсан өвчтөн 61, нас баралт 20 байсан бол 2004 онд анх оношлогдсон өвчтөн 81, насбаралт 34 болтлоо ихэссэн байна [1]. Хорт хавдрыг эрт оношлох, эмчилгээний үр дүнг тооцох, алсын үсэрхийлэл, дахилт зэргийг эрт илрүүлж, эмчилгээний тактикийг зөв боловсруулахад хавдрын маркерыг хөгжингүй орнууд өргөн хэрэглэдэг болжээ. Харин манай оронд цөөн хэдэн хавдрын маркерыг оношлогоонд хэрэглэж байгаа боловч төдийлөн практик ач холбогдлыг нь тооцож ашиглаж чадахгүй байна. Иймээс бид хөхний хорт хавдрын эмчилгээний үр дүнд хяналт тавих боломж байгаа эсэхийг эрэлхийлэхээр зорилоо.

Судалгааны ажлын зорилго, зорилт:

Хөхний өмөнг эрт илрүүлэх, эмчилгээний үр дүнг хянах, цаашдын тавиланг тогтоох зорилго дэвшүүлсэн юм.

1. Эрүүл эмэгтэйн ийлдсэн дэх СА15.3 түвшинг тодорхойлж лавлагаа хэмжээг гаргах.

2. Хөхний хорт хавдартай өвчтөнд СА 15.3 түвшинг тодорхойлох

3. Хөхний өмөнтэй өвчтөний эмчилгээний үр дүнг СА 15.3 маркераар хянах боломж судлах.

4. Хөхний өмөн үүсэхэд нөлөөлөх зарим хүчин зүйлсийг тодорхойлох

Судалгааны ажлын шинэлэгтал

1. Хөхний өмөнгийн эмчилгээний үр дүнг хавдрын маркер СА 15.3-иар хянах;

2. Эрүүл эмэгтэйн цусны ийлдсийн СА 15.3 хэвийн хэмжээг тодорхойлох;

3. Хөхний өмөн үүсэхэд нөлөөлөх зарим хүчин зүйлийг тодорхойлсон зэрэг нь судалгааны ажлын шинэлэг тал оршино.

Судалгааны ажлын практик ач холбогдол

1. Эрүүл монгол эмэгтэйн цусны ийлдэс дэх СА 15.3 маркерын хэвийн хэмжээг тодорхойлсноор эрүүл эмгэгийн зааг босго хэмжээг тогтоох боломж олгоно.

2. Эмчилгээний оновчтой аргыг сонгож боловсруулан, эмчилгээний явц, үр дүнг хянаснаар өвчний тавиланг тодорхойлох, дахилтыг эрт илрүүлэх хяналтын лабораторийн сорилыгхэрэглэх аргыг боловсруулах эхлэлийгтавилаа.

3. Хөхний өмөн үүсэхэд нөлөөлөх зарим хүчин зүйлсийг тодруулснаар цаашид анхдагч урьдчилан сэргийлэлт явуулах   боломжийг   эрэлхийлсэн   нь   судалгааны ажлын практик ач холбогдол оршино.

Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй.

Судалгаанд 2005-2006  онд Хавдар  судлалын  төвийн Ерөнхий мэс заслын тасагт эмнэл зүй, рентген болон эдийн шинжилгээгээр хөхний өмөн онош нь батлагдан, хэвтэж эмчлүүлсэн 26 өвчтөнг сонгон авлаа. Мөн хяналтын бүлэгт харьцангуй эрүүл 20 эмэгтэй, жирэмсэн 10, төрсний дараах эрт үед байгаа 10 эхийг сонгож судалгаанд хамрагдлаа. Эдгээр судалгаанд хамрагдсан 66 хүний цусны ийлдсэнд СА 15.3 маркерын түвшинг фермент холбох урвалын тусламжтайгаар ЭМШУИС-ийн БАС-ийн Бичил-амь, дархлаа судлалын тэнхмийн Дархлаа судлалын лабораторид тодорхойлов.

Дүгнэлт:

1. Харьцангуй эрүүл эмэгтэйн ийлдсэн дэх СА 15.3 маркер 3.20 0.29 U/ml хэмжээтэй байна.

2. Хөхний өмөнгийн үед ийлдсэнд агуулагдах СА 15.3 маркерын түвшин ихсэлт нь өвчний үе шатаас хамааран өөрчлөгдөж байна.

3. СА 15.3 маркерын өвөрмөц чанар 70%, мэдрэг чанар 67% тул хөхний өмөнгийн үндсэн эмчилгээний дараа хяналт хийхэд туслах шалгуур үзүүлэлт болгон ашиглаж болно.

4. Биеийн юм хожуу ирэх, төрсний дараа хөхний хурц үрэвсэл, удамшлын хүчин зүйл, сэтгэл санааны хямрал, хөхөнд авсан механик гэмтэл, хүүхдээ хөхүүлэх хугацаа богино, өөх тостой хоол хүнс ихээр хэрэглэх зэрэг нь хөхний өмөнгөөр өвчлөх халгааг ихэсгэж байна.

Практик зөвлөмж

1. Хөхний өмөнгийн үед СА 15.3 маркер нь үе шатаас хамааран өөрчлөгдөж байгаа тул өвчний үе шатыг ялган оношлох, эмчилгээний тактик боловсруулах, цаашид хяналт тавихад тохиромжтой тул туслах шалгуур болгон ашиглах боломжтой.

2. Эрүүл монгол эмэгтэйн СА 15.3 маркерын түвшинг тодорхойлсноор цаашид хөхний өмөнг эрт илрүүлэх, эрүүл эмгэгийн заагийг тогтооход хэрэглэж болно.

3. Хөхний өмөн үүсэхэд нөлөөлөх зарим хүчин зүйлсийг тодруулсан нь анхдагч урьдчилан сэргийлэлт хийх боломж олгож байна.

Ном зүй

1. Нямдаваа М., Оюунчимэг Д., Ягаан Д., Түвшингэрэл С: Монголын эмэгтэйчүүдийн хөхний өмөнгийн тархвар зүйн байдал, Монголын анагаах ухаан сэтгүүл 2006, ¹1, х.8-11.
2. Волченко Н. Н: Внутриэпителиальной рак молочной железы, Российский Онкологический журнал, 2001, том 48, ¹3, с.21-28.
3. Gion M., Boracchi P., Dittadi R., Biganzoli E., Peloso L., Mione R., Gatti C, Paccagnella A., Marubini E: Prognostic role of serum CA15.3 in 362 node-negative breast cancers, An old player for a new game. Centro Regionale per lo Studio degli Indicatori Biochimici di Tumore, Ospedale Civile, ULSS12 Venice, Italy. Eur J Cancer 2002 Jun; 38(9): p.1181-1188.
4. Londo D. L, Bates S. E: Use of serum tumor markers in cancer diagnosis and management. Semin Oncol 14:102, 1987.
5. McLaughlin R., McGrath J., Grimes H., Given H. F: The prognostic value of the tumor marker CA 15-3 at initial diagnosis of patients with breast cancer, National Breast Cancer Research Institute, University College Hospital Galway, IrelandInt J Biol Markers 2000 Oct-Dec;15(4): p.340-342.
6. Schmidt-Rhode P., Schulz K., D, Sturm G., Raab-Frick A., Prinz H: CA 15.3 as a tumor marker in breast cancer. Department of Obstetrics and Gynecology, Philipps University Marburg (Lahn), Germany FR. PMID: 3482660 [PubMed - indexed for MEDLINE]\\\\\\\\
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Б.Шижирбаатар


Нийтлэлийн нээгдсэн тоо: 746
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК