Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2002, 1(118)
Хичээл насны монгол хүмүүст хэт авиан А-аргаар хийсэн нүдний шинжилгээний үр дүн
( Судалгааны өгүүлэл )

Д.Уранчимэг

Анагаах ухааны их сургууль

 

Анагаах ухаанд хэт авиа нэвтэрснээс өвчнийг оношлох, эмийн ба мэс заслын аргаар нэлээд өвчнийг эмчлэх, зарим бактерийн бэлдмэл болон эмийн хэлбэрийг бэлдэхэд ашигладаг болжээ. Хэт авианы шинжилгээ нь өвдөлтгүй өндөр мэдрэг шинжилгээний аргаас гадна тодруулагч бодис хэрэглэхгүй, рентген туяанд илрээгуй эмгэг өөрчлөлтийг оношлох бололцоо олгодог билээ. Хэт авиан оношлогоо нь туяаны ачаалалгүй, эсрэг заалтгүй, онцгой бэлтгэл шаардахгүй, энгийн аргаар олон дахин хийж болох, хямд зэргээрээ өндөр үнэлэлт авч байгаа юм /5, 8/. Хэт авианы оношлогоонд зориулсан багажуудыг мэдээлэл боловсруулан хүлээн авах аргаар нь A, М, В гэж ангилахаас гадна Допплерийн үр дүнд тулгуурласан чанад авианы томограф гэж хуваадаг. A, М хэлбэр нь нэг, В нь хоёр хэмжээстэй /8/.

Нүд судлалын практикт нүд, ухархайн эдийн эрүүл болон эмгэг өөрчлөлтийн тогтолцоо, байршлын тухай мэдээллийг хэт авиан багажийн тусламжтайгаар олж авдаг. Нүд судлалын шинжилгээнд 5-15 Мгц-ийн давтамж тохиромжтой бөгөөд ухархайн хэсгийг шинжлэхэд нам, нүдний өмнөд хэсгийг судлахад арай өндөр давтамжийг ашигладаг. Ашиглаж буй чанад авиа нь эд эсийг аль болох гэмтээхээргүй байхаар (0.08 Вт/ см2-аас ихгүй байхаар) хүчин чадалтай байх нь чухал /8/.

Хэт авианы биометрийг анх 1956 онд G.Mundt, W.Hughes нар бичиж нийтэлсний дараа нүдний алим болон түүний бүтэц, хугарлын элементүүдийг хэт авианы тусламжтайгаар хэмжиж эхэлсэн байна /8, 13/.

Хэт авианы биометр хийх нэг чухал заалт нь эвэрлэгийн зузаан, өмнөд тасалгааны гүн, шиллэг биеийн эзлэх урт, нүдний дагуу тэнхлэгийн урт, болрын зузаан зэргийг хэмжих явдал юм. Түүнчлэн харааны мэдрэл, нүдний шулуун булчингуудын зузаан, нүдний алимын арын зөөлөн эдийн үргэлжлэл зайг ч хэмждэг. Нүдний оптикийн хэсэг болон нүдний алимын уртыг хэт авианы шинжилгээгээр хэмжсэнээр давших харалган өвчтөний нүдний алимын хэмжээ хэлбэр, нүдний хугарлын байдлыг судалж цаашид давших
харалганыг зогсооход чиглэсэн склеропластикиин хагалгаа, эмчилгээний үр дүнг тооцоход чухал ач холбогдолтой юм гэж 1980 онд Э.С.Аветисов болон бусад судлаачид тэмдэглэснийг Ф.Е.Фридман /1989/ дурдсан байна /8/.

Хүн амыг олноор хамруулсан үзлэгээр нүдний үндсэн бүтэц оптикийн биометрийн дүгнэлт болон харьцуулсан тооцоо нь глауком өвчний эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг илрүүлэх, глаукомын нээлттэй хаалттай өнцөгт хэлбэрийг ялгаж оношлох, хүүхэд болон насанд хүрэгчдийн глауком өвчний явцад бодит дүгнэлт өгөх, мөн түүнчлэн болрын байрлал ба өмнөд тасалгааны гүнд даралт буулгах эмүүдийн үйлчилгээг хянах боломж олгодог /3, 4/.
Анхдагч нээлттэй өнцөгт глаукомтой өвчтөнүүдэд хийгдсэн хэт авиан шинжилгээний үр дүн нь энэ өвчний змчилгээ ялангуяа даралт бууруулах мэс заслын дараа нүдний болор цайлт үүсэх, даамжралтыг тодорхойлох нэмэлт бодит шинжилгээний арга болохыг харуулжээ /1, 14/. Болоргүй нүдэнд суулгах хиймэл болрын /ИОЛ/ тооцоог гаргахад хэт авианы биометрийг хэрэглэх нь өндөр ач холбогдолтой /2, 7/.
Манай орны нүд судлалын практикт 1978 оноос Оросын А аргын эхобиометрийн “Эхо-21” багажийг дэд доктор Э.Санжаа, профессор Р.Нямдаваа, дэд доктор Ж.Баасанхүү, дэд доктор Ж.Баасанхүү, дэд доктор Б.Цэенпил /1998/ нар нэвтрүүлэн нүдний хэмжилтүүд, гадны биет болон торлогийн ховхролтыг тодорхойлох, түүнчлэн хиймэл болор суулгах тооцоог гаргахад ашиглаж байжээ /6/.
Монгол хүний нүдний бүтэц өөрчлөлтийг тодорхойлсон хэт авианы нарийвчилсан судалгааны ажил ховор байгаа тул уг асуудлыг бид судалгааныхаа үндэслэл болгов.
Судалгааны зорилго. Хижээл насны монгол хүмүүсийн нүдний оптикийн системийг хэт авиагаар судлах
Судалгааны материал аргачлал: Бид Баянхонгор аймаг, Улаанбаатар хотын 50-95 насны 3091 хүнд санамсаргүй түүвэрлэлтийн аргаар, хүн амд тулгуурласан судалгааг хийлээ.
Судалгаанд хэт авианы А аргын биометрээр /Allergan-Humphrey A- Scan-820, Allergan, London, England/ гүйцэтгэсэн бөгөөд энэ нь 10 Мгц давтамжтай, чанад авианы хурд нь болорт 1640 м/с, болоргүй нүдэнд 1533 м/с, өмнөд тасалгааны шингэн болон шилэнцэрт 1532 м/с байв.
Хэт авиа дамжуулагчийг /датчик/ өвчтөний толгой байрлуулагчийн өмнө талд, нүдтэй нэг шугамд байхаар хөдөлгөөнгүй суурилуулан өвчтөний нүдэнд Sol.Benohinate 0.4%-ийн уусмал 1-2 дуслыг дусааж мэдээ алдуулаад хэмжилтийг 5 удаа хийж хамгийн урт 3 хэмжилтийн дунджийг тооцоолон гаргасан.
Судалгаанд хамрагдсан хүмүүст тусгай хүснэгт хөтлөн судалгааны материал дахь дундаж үзүүлэлт, дундаж алдаа, үнэн магадлалын шалгуур зэрэгт Epi-info 6.04 программаар статистик боловсруулалт хийв.
Судалгааны үр дүн: Бидний судалгаанд хамрагдсан 3091 хүний 1471 /47.5%/ нь Баянхонгор аймаг, 1620 /52.5%/ нь Улаанбаатар хотынх байлаа.
Судалгаанд 50-59 насны хүмүүс хамрагдсан ба дундаж нас 61.9, эмэгтэй 1888 /61.1%/, эрэгтэй 1203 / 38.9%/ байв. Хүйсийн эрс ялгаа нь эмэгтэйчүүд эрүүл мэндийнхээ төлөө илүү санаа тавьдагтай ч холбоотой байж болох ба урт наслалт 50-иас дээш насанд эмэгтэйчүүдийн хувьд өндөр бөгөөд хүйсний харьцаа 80-аас дээш насанд 0.4%, 0.8%-ийн харьцаатай байна. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн насны харьцуулалтаас харвал шинжлүүлэгчдийн тоо 10 нас ахих тутамд 1.5-27 дахин цөөрч байлаа. Нүдний өмнөд тасалгааны гүний дундаж 1469 OD-д /баруун нүд/ үзэхэд дундаж нь 2.770±0.375 мм /Р<0.01/, 1468 OS-д /зүүн нүд/ 2.805±0.345 мм /Р<0.009/ байсныг тодорхойллоо.

Хүснэгт 1 -д нүдний өмнөд тасалгааны гүнийг настай хамааруулан авч үзэхэд 10 жил тутамд 0.12 мм-ээр буурч байгаа нь 1995 онд Хөвсгөл аймгийн 1442 хүнд хийсэн бидний судалгаатай ойролцоо /0.14 mm-OD Р<0.001/ байна /10, 11/.
Бидний судалгаагаар болрын зузаан 1466 OD-д 4.478±0.414 мм/Р<0.001/, 1468 OS нүдэнд үзсэнээс 4.411 ±0.422 мм байна.

Зураг 2-оос харахад хижээл насны монгол хүмүүсийн нүдний болор нь нас ахих тусам зузаардаг нь харагдлаа. Болор зузаарахад нүдний өмнөд тасалгаа гүехэн болж өмнөд тасалгааны өнцөг нь хаагдан, хүүхэн харааны саад үүсгэдэг нь глауком өвчин үүсэх гол шалтгаан болж буй нь дээрх үзүүлэлтүүдээс харагдаж байна.
Нүдний дагуу тэнхлэгийн уртыг тодорхойлоход 1482 OD-д 23.247±1.115 мм, OS-1481 нүдэнд 23.271±1.253 мм (Р<0.002) байлаа.


Нүдний тэнхлэгийн дагуу хэмжээнд насны хамааралтай өөрчлөлт бараг ажиглагдаагүй ба хижээл насны хүмүүст энэ хэмжигдэхүүн харьцангуй тогтвортой байдаг нь харагдлаа. Харин ази /монгол/ хүний нүд цагаан арьстан шинжлүүлэгчдийнхээс арай богино байгаа нь хүснэгт 3-аас харагдаж байна.

Хүснэгт 5-аас харвал нас ахих тутам нүдний шиллэг бие богиносох хандлагатай байгааг нь болрын зузааралт, өөрчлөлттэй холбож тайлбарлах нь зүйтэй гэж үзлээ.

Хэлцэмж. Бидний судалгааны үзүүлэлтийг W.Haigis /2001/, В.А.Мачехин, А.И.Протасов /1982/ нарын хижээл насны хүмүүст хийсэн хэт авианы шинжилгээний дүгнэлттэй харьцуулахад өмнөд тасалгааны гүн Германы судалгаанд хамрагдсан хүмүүст илүү 3.14±0.22 мм, харин болрын үзүүлэлт, нүдний дагуу тэнхлэгийн уртын хэмжээ ойролцоо байв.

Бид 1995 онд Хөвсгөл аймагт 1242 хүнд хийгдсэн судалгаандаа нүдний өмнөд тасалгааны гүн нь 2.53 мм-ээс бага байх үед глаукомын нарийвчилсан судалгааг хийх нь зүйтэй гэж дүгнэсэн нь 1999 онд хийсэн энэ судалгаагаар мөн батлагдлаа.

Нүдний хиймэл болор суулгахад цаашид насны ангилал тус бүрийн дундаж хэмжигдэхүүн чухал ач холбогдолтой гэж үзлээ.

Р.К.Мармур, З.М.Скрипниченко /1970/ нарын судалгаагаар хэвийн болрын зузаан нь 3.40-4.20 мм байсан нь Янссоны тогтоосон тунгалаг болрын 3.48-4.19 мм хэмжээтэй ижил байна. Бидний судалгаанд хамрагдсан 1466 OD-д нүдний хамгийн нимгэн нь 2.07 мм зузаан нь 6.00 мм байсан ба нас ахих тусам болор зузаарч хэвийн хэмжээнээс 4.47±0.41 мм-ээр зузаарсныг тогтоолоо.

Нүдний шиллэг биеийн урт нас даган богиносож байгаа үзүүлэлт нь В.А.Мачехин /1972/, Spreuger /1996/ зэрэгсудлаачдын янз бүрийн насны хүмүүсийн хэвийн үзүүлэлттэй тохирч байна.

Дүгнэлт
1. Нүдний өмнөд тасалгааны гүн нь OD-д 2.77±0.375 мм /Р<0.01/ OS-; 2.805±0.34 bb/Р<0.009/буюу 10 нас ахих тутамд 0.12 мм-ээр буурч байна.
2. Болрын зузаан нь OD-д 4.478±0.414 мм /Р<0.001/;OS-д 4.411±0.422 мм /Р<0.001/буюу 10 нас ахих тутамд0.13-0.27 мм-ээр зузаарч байна.
3. Шиллэг биеийн урт нь OD-д 16.053±0.529 мм /Р<0.001/, OS-д 16.025±0.580 /Р<0.001/ байна.
4. Нүдний дагуу тэнхлэгийн урт OD-д 23.247±1.115 мм /Р<0.002/; OS-д 23.271±1.253 мм /Р<0.002/ байгаа нь бусад судлаачдын үзүүлэлттэй ойролцоо байна.
5. Хижээл насны монгол хүмүүсийн нүдний дундаж үзүүлэлтийг анхдагч глауком өвчнийг оношлох болон хиймэл болор суулгахад тооцон ашиглах бүрэн боломжтой.

Ном зүй

1.Курышева Н.И, Малюта Г.Д и др, “Ультразвуковое исследование хрусталика у больных первичной открытоугольной глаукомой” Вестник офтальмологии, 1997 №4, с.10-13
2.МармурР.К. и др “Оценка состояния переднего отдела глаза больных стравматическими катарактами методом . ультразвуковой эхографии” Офтальмологическии журнал, 1970 №3, с.192
3.МачехинВ.А. “Ультразвуковая биометрия глаз больных глаукомой” Вестник офтальмологии, 1972 №3, с.36
4.МачехинВ.А. Ультразвуковая биометрия у лиц с подозрением на глаукомой” Вестникофтальмологии, 1975 №1, с.5-7
5.Онхуудай П. “Дүрслэл оношлогоо” 1993, 77
6.Санжаа Э, Батжаргал Д. “Нүд судлалд чанд авианы шинжилгээг нэвтрүүлсэн нь” Нүдний эмнэлгийн тусламжийн алба байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлын материал, 1998.
7.ФедеровС.Н. и др. “Возможности исследования гемодинамики глаза с помощью ультраквукого аппарата Допскан”, Офтальмологический журнал,
1986 №3, 169-172.
8.Фридман Ф.Е, Гундорова Р.А, Кодзов М.Б, “Зльтразвук в офтальмологии” 1989, 32-53.
9.Biljana.K et al “Echobiometry in defining ocular optical components interaction in emmetrops” Internet 2001 http://perso.wanadoo.fr/ctereo/tu4.html
10.Devereux.J, Baasanhu.J, Uranchimeg.O et al. Anterior chamber depth measurements as a screening tool for primary angle closure glaucoma in an east asian population” Archives of ophthalmology, Feb 2000 vol 118, p. 257-263
11.Foster.P, Baasanhu.J, Uranchimeg.O et al,. “ Anterior chamber depth in Mongolians variation with age, sex, and method of measurement” American Journal of opthalmology, vol 124,July 1997, p. 53-60
12. Haigis. W “ 10L calculation difficulties in short eyes with sp.attention to angle closure glaucoma patients” Internet 2001 http://lwww.mcmaster.ca/inabis98/ nemeth/
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор П.Онхуудай.


Нийтлэлийн нээгдсэн тоо: 729
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК