Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 5(42)
Байгалийн голомтот халдварт өвчний судалгаа, хөгжил 80 жилд
( Редакцийн зурвас )

Д.Отгонбаатар

БГХӨСҮТ

 
Абстракт

XX зуун улиран өнгөрч, XXI зууны эхний 10 жилд дэлхийн улс орнуудад урьд өмнө тохиолдож байгаагүй нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан олон асуудал шил шилээ даран гарч, эрүүл мэндийн зарим зорилт амжилттай хэрэгжиж байгаа ч шийдвэрлэж үл болох, тулгамдсан асуудлууд харилцан шүтэлцээ, хамааралтайгаар дэлхий нийт, хүн төрөлхтний өмнө тулгарч “Нэг дэлхий, нэг эрүүл мэнд” үзэл баримтлал бидний эрхэм зорилт боллоо. Дэлхийн хамгийн алслагдсан хэсгээс эхлээд байгаль экологи, гамшиг, дэлхийн дулаарал, иргэний дайн, цэргийн гэнэтийн дайралт, эдийн засгийн хямрал, халдварт өвчний урьд өмнө байгаагүй дэгдэлт, шинэ шинэ халдварын үүсгэгчийн хувьсал, эмийн нөлөөлөл, ядуу зүдүү байдал нь тив дэлхий, бүс нутаг болон улс оронд эрчимтэй явагдаж, үүний учир холбогдлоор хүн амын соёл иргэншил, зан заншил, дадалд ч мэдэгдэхүйц өөрчлөлт орсон зуун болж байна. Энэ аюулыг халдварт өвчнүүд сүүдэр мэт дагаж, улам бүр шинэ шинэ давшилтаар эмч, мэргэжилтнүүдийг алмайран гайхахад хүргэж буйг та бид сайтар ойлгож байгаа. Жил бүр дэлхий дээр 14-15 сая хүн халдварт өвчний улмаас бурханы оронд орь залуу, хүүхэд насандаа явж, улмаар эрэмдэг зэрэмдэг болон үлддэг аюул буйг ДЭМБ-аас мэдээлсээр байна.

Халдварыг сэдээгч нянгийн ертөнц өөрчлөгдөн хувьсаж, тархах аюулаас сэргийлэх бололцоо бүхнийг  хайж, нэгдмэл хүчтэй ажиллахыг шаардсаар байна.

Хяналтад байгаа халдварт өвчин хяналтаас гарах, үр дүнтэй вакцин, эм тариа ч хомсдож, нян, вирүст тэсвэржсэн орчин бий болж, дамжуулагч тархах нөхцөл улам бүр нэмэгдэж байгааг тэмдэглэх хэрэгтэй.

1921 оны ардын хувьсгалын өмнөх Монгол оронд цагаан цэцэг, тарваган тахал, боом, галзуу зэрэг байгалийн голомтот халдварт өвчин хүн амын дунд өргөн тархаж, төр засгаас авч хэрэгжүүлэх эрүүл мэндийн арга хэмжээ сул дорой, бүдүүлэг, болхи, нийгмийн амьдрал явагдаж байв.

Ардын хувьсгал мандаж, төр засгийн анхаарал төвлөрч, анагаах ухаанд эрс өөрчлөлт орж, Оросын эрдэмтэд аюулт өвчнүүдийг устган дарах, өвчлөлийг бууруулах, шинжлэх ухааны эмнэлгийг ард иргэдийн төлөө зориулснаар цагаан цэцэг өвчин устаж, тахал өвчин эрс буурч байгаа үзүүлэлт байна.

Энэ түүхэн үйл явдал нь 1931 онд Оросын эрдэмтэн А.Л.Берлингээр удирдуулсан тарваган тахлын лаборатори, бактер шинжилгээний төв лаборатори байгуулагдаж, судлан шинжлэх, эмчлэх, сэргийлэх өргөн далайцтай ажлыг эхэлснээс хойш 80 жилийн түүхт ойг тэмдэглэх гэж байна. Түүх түүхээрээ үлддэг тул энэ агуу 80 жилийн түүхийг үеийн үед мөнхжүүлэн, анагаах ухааныг боловсронгуй болгох, нэр хүндтэй үүргийг хойч үеийн эрхэм дүү нарын оюуны мэлмийд орхив.

80 жилийн түүхт ойд зориулж эрдэмтэн, судлаачид, эмч, мэргэжилтний эрдмийн нэгэн бүтээл болох энэхүү сэтгүүлийг эрхлэн гаргав. Судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг оюун ухаандаа шүтэн бишрэх болтугай хэмээн ойн баяр хүргэж аз жаргал, эрүүл энхийг хүсье.

 

 Сэтгүүлийн дэд эрхлэгч, Д.Отгонбаатар

БГХӨСҮТ- ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор, клиникийн профессор

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 362
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК