Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 5(42)
Зоонозын халдварт өвчний оношлогооны лабораторийн үйл ажиллагааны өнөөгийн байдал
( Лекц )

Ж.Дуламжав, Ж.Мягмар

Байгалийн Голомтот Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

 
Абстракт

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний үндсэн тулгуур үзүүлэлт нь лабораторийн үйл ажиллагаанаас хамаардаг төдийгүй үүрэг, оролцоо нь улам их өргөжиж байгааг ДЭМБ-ын Ази, Номхон далайн бүсээс гаргасан “Эрүүл мэндийн лабораторийг бэхжүүлэх стратеги (2010-2015)”-т эрүүл мэндийн тандалт, урьдчилан сэргийлэлт, оношлогоо, эмчилгээ төдийгүй салбарын хөгжил дэвшил нь лабораторийн үйл ажиллагаан дээр суурилахаас гадна үр дүнгийн 70% -ийн хамааралтай хэмээн онцлон тэмдэглэж, бүсийн гишүүн орнуудын лабораторийн оношлогооны чадавхийг бэхжүүлэх, аюулгүй байдлыг хангах, лабораториудыг сүлжээнд хамруулах, тандалт, хариу арга хэмжээтэй уялдуулан хөгжүүлэх зэрэг үйл ажиллагаануудад чиглүүлсэн [1].

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд бүртгэгдсэн шинэ халдварт өвчнүүдийн 75 гаруй хувь нь зоонозын шалтгаант, дийлэнхи нь вирүсээр сэдээгдсэн, эх уурхай нь зэрлэг болон гэрийн тэжээвэр амьтад болохыг олон улсын нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудаас нотлон [2], хүрээлэн буй орчин, байгаль, цаг уурын өөрчлөлт, хүн амын хэт төвлөрөлт, шилжилт хөдөлгөөн зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр цаашид нэмэгдэх хандлагатайг тэмдэглэжээ [3].

Шинэ халдварт өвчний нийгмийн эрүүл мэнд, эдийн засагт учруулж буй хохирол, асар их өртөг зардлыг бууруулахад үр ашигтай төдийгүй зайлшгүй шаардлагатай арга хэмжээнүүдийн нэг болох лабораторийг бэхжүүлэх нь дэлхийн улс орнууд, түүний дотор 40 гаруй сая малтай, зэрлэг амьтдаар баялаг манай орны хувьд эрүүл мэндийн салбарын яаралтай шийдвэрлэх асуудал юм [4].

Байгалийн голомтот халдварт өвчний лабораториуд нь тарваган тахал өвчнөөс сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд суурилсан нян судлалын чиглэлээр 1931-1991 онуудад Улаанбаатар хот, 12 аймаг, нийслэлийн Багануур дүүрэгт, 2004 онд Сэлэнгэ аймагт тус тус үүсгэн байгуулагдсан. 2011 оны байдлаар орон нутгийн түвшинд нян судлал, БГХӨСҮТөвд буюу үндэсний хэмжээнд нян, вирүс, эгэл биетэн болон молекул биологийн лабораториудад нийт 61 эмч, лаборант ажиллаж байгаагаас АУ-ны докторын зэрэг хамгаалсан 2, магистрын зэрэгтэй 2, докторантур болон магистрантурт суралцаж байгаа 6 эмч, мэргэжилтэн, мэргэжлийн зөвлөх зэрэгтэй 1, тэргүүлэх болон ахлах зэрэгтэй эмч, лаборант 3, гадаадад мэргэжил эзэмшиж, дээшлүүлсэн 7 эмч, лаборант байгаа нь нийт ажиллагсадын 34,4%-ийг эзэлж байна.

Байгалийн голомтот зоонозын халдварын үүсгэгчдийн ихэнхи нь биологийн аюулын өндөр зэрэглэлд багтдаг, тэдгээрийн 43.3% нь биологийн зэвсэг болгон ашиглах хамгийн их магадлалтай ангилалд тооцогддог [5]. Лабораторийн эрх зүйн орчны тухайд 2011 оны байдлаар тэргүүлэх чиглэлд буй өвчнүүдээс нян болон вирусийн халдварт өвчний 66.7%-нь стандартгүй, 55.2%-нь лабораторийн шинжилгээний протоколгүй (SOP), эгэл биетний тухайд эхлэлийн төдий байгааг судлах халдварын хүрээ өргөжсөнтэй холбон тайлбарлаж болох юм.

Хүний өвчлөлийг улсын бүртгэлд оруулсан (1926 онд тарваган тахал, 1952 онд боом, 1972 онд галзуу, 1996 онд холер, 2005 онд хачигт энцефалит, хачигт боррелиоз, 2006 онд хачигт риккетсиоз) үеэс эхлэн өвчлөлийн голомт, хариу арга хэмжээнд лабораторийн онош зүйн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Анх 1928 онд тарваганаас өсгөвөр (Y.pestis) ялгаснаар тарваган тахлын байгалийн голомтыг лабораторит суурилсан тандалтаар хянах эхлэл тавигдаж, 1969 онд ийлдэс судлалын шинжилгээнд улаан эст оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлсэн (6) нь олон хэлбэрээр тандах боломжтой болсон юм. Түүнээс хойш молекул биологийн оношлогоонд полимеразын гинжин урвал (ПГУ)-ыг 1996 оноос хэрэглээ болгож, фермент холбох урвал (ФХУ/2005), хурдавчилсан сорил (ИХС/2007), дархан туяарах урвал (ДТУ/2008), иммуноблотингийн урвал (ИБУ/2009)-ыг нэвтрүүлж, сүүлийн 5 жилд зоонозын халдварууд ялангуяа хачгаар дамжин халдварладаг өвчнүүдийн тархалтыг хүн амын дундах тандах ажиллагаанд өргөн ашиглаж байна.

Салбарын лабораториуд нь тарваган тахал, хам тохиолдох халдварт өвчний байгалийн голомтын тандалт шинжилгээнүүд, боом, холер өвчний тархвар судлалын хяналтын шинжилгээг гүйцэтгэдэг ба 2008 оноос орон нутгийн лабораториудаас 6 (42.8%)-нь ФХУ, 3 (21.4%) –нь ДТУ-д хэрэглэгдэх төхөөрөмжөөр хангагдаж, 4 нь (Өмнөговь, Сэлэнгэ, Багануур, Ховд) хачгаар дамжих халдварт өвчний шинжилгээнд ФХУ-ыг хэрэглэж эхлээд байна.

Зоонозын халдварт өвчний лабораторийн онош зүйн тусламж, үйлчилгээнд зөвлөмж болгож буй шинжилгээний аргууд [7, 8, 9, 10, 11]-ыг бидний хэрэглээ, түвшинтэй харьцуулж, шинжилгээ, судалгааны цаашдаг чиглэлийг (Хүснэгт 1,2) танилцуулж байна.

Хүснэгт 1. Нянгийн гаралтай халдварт өвчний лабораторийн оношлогоо шинжилгээний харьцуулсан үзүүлэлт, цаашдын чиглэл

Тайлбар: A/A: Оношлогоонд баримтлавал зохих (зарчмын хувьд)/Оношлогоонд хэрэглэж буй (одоогийн байдлаар) 0:Хэрэглээнд нэвтрүүлээгүй; A:Түгээмэл хэрэглэгддэг; B:Сонгомол хэрэглээтэй; C:Түгээмэл бус хэрэглэгддэг; ИХС:xурдавчилсан сорил; НУ:наалдуулах урвал;ТУ: тунадасжуулах урвал; ХХУ:xавсарга холбох урвал; ПГУ:полимеразийн гинжин урвал; бц-ПГУ:бодит цагийн ПГУ;

*: фенотип, генотипийн шинж төрхийн тодорхойлолт;

Зоонозын халдварт өвчний лабораторийн онош зүйн тусламж, үйлчилгээний баталгаажилт нь зонхилон тохиолддог нянгаар сэдээгдсэн өвчлөлийн хувьд илүү үр дүнтэй харин бусад халдваруудын хувьд эхлэл төдий байна. Тухайлбал: Borrelia spp–ээр сэдээгдсэн халдварууд ялангуяа Лайм өвчний лабораторийн оношлогоонд үүсгэгчийг өсгөвөрлөхөөс илүү ФХУ, ДТУ-аар IgM, IgG-г илрүүлэх, эерэг дүнг ИБУ-аар баталгаажуулахыг зөвлөмж болгодог ба ПГУ нь лавлагаа лабораторит хэрэглэгддэг байна [7, 8, 9, 10, 11].

Хачигт боррелиоз өвчнийг манай улсад 2005 оноос бүртгэж эхлэснээс хойш 2010 оны байдлаар 41 тохиолдлыг (100 000 хүн амд дунджаар 0.3 тохиолдол) мэдээлэхээс гадна идэвхитэй тандалт судалгааг зохион байгуулж байна. Бид энэ өвчний оношлогоонд үүсгэгчийн (Borrelia spp) эсрэг иммуноглобулин (IgM, IgG)-ыг ФХУ-аар илрүүлэх, таньц өсөлтийг тооцохоос гадна боррелийн ямар зүйл (B.burgdorferi, B.garinni, B.afzelii)-ийн эсрэг өвөрмөц хариу урвал үүссэнийг ИБУ-аар тодорхойлж, дүнг баталгаажуулдаг. Мөн өвчтний эд, цусны сорьцоос Borrelia spp –ын ДНХ-ийн өвөрмөц дарааллыг ПГУ-аар олшруулж, урвал эерэг тохиолдолд B.burgdorferi, B.garinni зүйлийг ялгах оношлогоо хийж байгаа нь тавигдаж буй шаардлагад нийцсэн оношлогоог хийж байна.

Хүснэгт 2. Бусад халдварт өвчний лабораторийн оношлогоо, шинжилгээний харьцуулсан үзүүлэлт, цаашдын чиглэл

Тайлбар: Эт,Эб: Эсрэгтөрөгч, Эсрэгбие; ВСС: Вирус саармагжуулах сорил; УТ-ПГУ: Урвуу транскриптазийн ПГУ;

Лабораторийн биоаюулгүй ажиллагаанд тавигддаг ерөнхий шаардлагын [12, 13] дагуу үнэлгээ хийж үзэхэд аюулгүй ажиллагааны удирдлага, ажиллах дүрмийн хэрэгжилт хангалттай боловч биоаюулгүй ажиллагааны тоног төхөөрөмжийн хэрэглээ III зэрэглэлд тавигддаг шаардлагын 1/4 -ийг хангаж байна.

Лабораторийн шинжилгээ, оношлогооны баталгаажилтад дотоод болон гадаад чанарын хяналт чухал ач холбогдолтой. Европын холбоо, Дундад дорно, Америк болон Африкийн 20 улсын 27 лабораторийг баруун Нилийн халуурал өвчний оношлогооны чиглэлээр гадаад чанарын хяналтад хамруулж, зөвхөн 8 лабораторийн шинжлэгдэхүүн чанарын хяналтын шинжилгээний аргуудаар (ФХУ, ДТУ, ВСС) 100% баталгаажсаныг үндэслэн шинжилгээний аргуудын хэрэглээ, бусад flavivirus-ээс ялган оношлгоог сайжруулах шаардлагатай гэж дүгнэсэн байна [14].

Иймд цаашдаа лабораторийн био аюулгүй ажиллагааг хангах, эрх зүйн орчныг сайжруулах, ажилтнуудын чадавхийг сайжруулах, зоонозын халдварын үүсгэгчийг илрүүлэх, нарийвчлан судлах, чанарын хяналтыг хэрэгжүүлэх асуудлыг шийдвэрлэх замаар лабораторийг бэхжүүлэх шаардлагатай байна.

Ном зүй

1. WHO. Asia Pacific Strategy for Strengthening Health Laboratory Services (2010-2015). 2010. http://www.wpro.who.int/publications/PUB_9789290614296.htm
2. Responding to Emerging Infectious Diseases, WPRO.WHO.Western Pacific Surveillance and Response Journal. (2011), pages 1-3. prevention strategy for the United States. Centers for Disease Control and Prevention, Atlanta, (1994).
4. Нийгмийн эрүүл мэндийн төлөв байдал 2000-2010. Улаанбаатар хот, (2011).
5. ABSA, http://www.absa.org/riskgroups/index.html
6. Ц.Чулуунбаатар, БНМАУ-д гоц аюулт халдварт өвчинтэй тэмцэж ирсэн түүх, (1880-1985) I хэсэг, (2000)
7. Centers for Disease Сontrol and Prevention, http://www.cdc.gov/
8. ДЭМБ-аас гаргасан зоонозын халдварт өвчнүүдийн лабораторийн оношлогооны гарын авлага, зөвлөмж, зааварчилгаанууд
9. Mandell, Douglas, Bennett\'s, Principles and Practice of Infectious Diseases, 7th Edition, (2010).
10. OIE Terrestrial Manual 2009
11. Халдварт өвчний хяналтын лавлах, 18 дахь хэвлэл
12. WHO. Laboratory biosafety manual, 3rd edition, (2004).
13. Transport of Infectious substances 2011-2012, WHO/HSE/IHR/(2010).
14. Matthias Niedrig, Oliver Donoso Mankte, et al: First international diagnostic accuracy study for the serological detection of West Nile virus infection. BMC Infectious Diseases (2007), 7:72.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Биологийн ухааны доктор Д.Цэрэнноров


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1337
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК