Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 5(42)
Байгалийн голомтот халдварт өвчний дархлаажуулалтын тухай
( Лекц )

С.Оюунчимэг

Байгалийн Голомтот Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

 
Абстракт

Дархлаажуулалт гэж юу вэ?

Халдварт өвчнөөс сэргийлэх, түүний тархалтыг хязгаарлах, уг өвчний эсрэг дархлаа тогтоох зорилгоор дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийг дархлаажуулалт гэнэ.

Вакцин

Халдварт өвчин үүсгэгч бичил биетний хоруу чанарыг сулруулан, бичил биетэнг үхүүлэн дархлаа тогтоох чадварыг нь хадгалан гаргаж авсан хими-биологийн идэвхит бэлдмэлийг вакцин гэнэ.

Дархлаажуулалтыг зохион байгуулах

БГХӨ-ний дархлаажуулалт нь тархвар судлалын заалтаар халдварт өвчний голомттой нутгийн хүн амд буюу халдварын эрсдэлтэй бүлгийн хүн амд хийнэ.

БГХӨ-ний дархлаажуулалтыг улиралчлалыг угтуулан өвчлөлөөс сэргийлэх, халдварын эрсдэлд өртсөн үед өвчлөхөөс сэргийлж хийнэ. БГХӨ-ний дархлаажуулалтанд

• тарваган тахал

• боом

• галзуу

• хачигт энцефалит

• шар чичрэг зэрэг халдварт өвчний вакцин хамрагдана.

Тарваган тахлын вакцин

Манай оронд 1942 оноос А.Д вакциныг, 1944 оноос ЕV вакциныг тус тус авч өөрийн орны хэрэгцээг хангадаг болсон байна. ЕV вакцины бэлдмэл нь амьд, хуурай, сэвсгэр, бор цайвар өнгөтэй вакцин юм.

Уг вакциныг тахлын голомтот нутгийн болон халдварын эрсдэлт бүлгийн 2-оос дээш насны хүн амд урьдчилан сэргийлэх зорилгоор, харьяа ЭМ Байгууллагууд жил бүрийн 7-р сарын сүүлийн 10 хоногийн хугацаанд зохион байгуулж хийдэг. Вакциныг хэрэглэсний дараа нэг жил хүртэл дархлаа тогтоно.

Боомын вакцин

Манай улсад 1940-1950-иад оноос ОХУ-д үйлдвэрлэсэн СТИ вакциныг хэрэглэж байна. Энэхүү СТИ вакциныг цэвэр боомын антигенийг хөнгөн цагааны гелээр адсорбцлон цэвэршүүлж гаргаж авсан амьд хуурай вакцин.

Уг вакциныг боомын голомтот нутгийн болон халдварын эрсдэлт бүлгийн хүн амд урьдчилан сэргийлэх зорилгоор, харьяа ЭМ Байгууллагууд жил бүрийн 4-5 сарын хугацаанд зохион байгуулж хийдэг. Тарьсааас хойш 10-14 хоногийн дараа дархлаа үүсдэг, 20-30 хоногийн зайтай 2 удаа хийсний дараа 1 жил дархлаа тогтдог. Шингэний болон эсийн түвшинд дархлаа үүсгэдэг, удаан хадгалагдана. Уг вакциныг 14-с дээш насныханд хийнэ.

Галзуугийн эсрэг вакцин

Дэлхийн ихэнх орнуудад хүний галзуугийн эсрэг вакцины үйлдвэрлэлийг эсийн өсгөвөрт шилжүүлсэн бөгөөд манай оронд ОХУ-д үйлдвэрлэсэн “Внукова-32” омгийг сирийн шишнуухайн бөөрний эсийн өсгөвөрт үржүүлж дараа нь хэт ягаан туяагаар хоргүйжүүлэх аргаар хуурайшуулсан вакциныг хэрэглэж байна. Мөн эдийн вакциныг манай улсад 1934 оноос эхлэн үйлдвэрлэсэн түүхтэй бөгөөд 1958 оноос эхлэн Сонгины биоүйлдвэрээс Пастерийн омог авч ямааны тархинд халдвар хийх аргаар галзуугийн вакцин үйлдвэрлэдэг болсон ба энэ аргаар өнөөг хүртэл вакцин үйлдвэрлэн, хэрэглэж байна.

Уг вакциныг галзуугийн сэжигтэй, галзуугаар өвдсөн эсвэл галзуугаар өвдсөн нь тодорхойгүй мал, амьтанд хазуулж ноцуулах, шүлсдүүлсэн тохиолдолд тархвар судлалын заалтаар харьяа ЭМ Байгууллагад хандаж тариулна.

Хачигт энцефалитийн вакцин

Улсын хэмжээнд 2003 оноос хачигт халдварын байгалийн голомтыг илрүүлэн 9 аймгийн 29 сумын нутагт байгалийн голомттой болохыг тогтоож, 2005 оноос ОХУ-д үйлдвэрлэсэн хачигт энцефалитын вакциныг хэрэглэж эхэлсэн байна.

Хачигт энцефалитийн вакциныг голомтот нутгийн болон халдварын эрсдэлт бүлгийн хүн амд урьдчилан сэргийлэх зорилгоор, харьяа ЭМ Байгууллагууд жил бүрийн 9-11 сар, 4-5 сард зохион байгуулж хийдэг.

Шар чичрэгийн вакцин

Шар чичрэгийн вакциныг уг өвчний голомттой орнуудад үндэсний хэмжээнд тогтмол хийгдэх дархлаажуулалтын хөтөлбөрт оруулсан байдаг. Энэ вакциныг гадаад оронд явах гэж буй хүмүүст ХӨСҮТөвийн дархлаажуулалтын кабинетэд хийнэ.

Галзуу, боом, хачигт энцефалит өвчний ийлдсийг тархвар судлалын заалтаар эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор тарина.

Боомын иммуноглобулин

Боомын ийлдэс нь СТИ-1 омгийн вакцинаар дархлаажуулсан адууны цусны ийлдэснээс ялган авсан тунгалаг үл мэдэг шаргал өнгөтэй. Боомын хорыг саармагжуулах, нянг үхүүлэх өвөрмөц эсрэгтөрөгч агуулсан. Эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор тарина.

Галзуугийн иммуноглобулин

Өвөрмөц эсрэг биеийг агуулсан галзуугийн эсрэг иммуноглобулин нь галзуугийн вирусыг задлах, хорыг нь саармагжуулах замаар вирусын эсрэг, хорын эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Галзуугийн эсрэг иммуноглобулиныг адууны уургаас риванол спиртийн аргаар гарган авсан бөгөөд өвөрмөц эсрэг биеийн титр 327-315 МЕ/мл, 5 мл-ээр савлагдсан шингэн бэлдмэл юм. Галзуугийн эсрэг ийлдэс эмчилгээг галзуугийн сэжигтэй, галзуугаар өвдсөн эсвэл галзуугаар өвдсөн нь тодорхойгүй амьтанд хазуулж ноцуулах, шүлсдүүлсэн тохиолдолд хэрэглэнэ.

Хачигт энцефалитын иммуноглобулин

Өвөрмөц эсрэг биеийг агуулсан хачигт энцефалитын шингэн иммуноглобулин нь хачигт энцефалитын вирусыг задлах, хорыг саармагжуулах замаар вирусын эсрэг, хорын эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Хачигт энцефалитын иммуноглобулин шингэн үл ялиг шаргалдуу туяатай, бага зэрэг тунадас үүсэн, сэгсрэхэд арилдаг байна. Хамгаалах чадвар 24-48 цагийн дараа илэрч 4 долоо хоног үргэлжилдэг. Уг ийлдсийг эмчлэх, яаралтай урьдчилан сэргийлэх зорилгоор хачигт хазуулсаны дараа болон лабораторийн нөхцөлд хачигт энцефалитын халдвар авсан байж болзошгүй, хазсан хачиг нь халдваржилттай болох нь тогтоогдсон хачигт хазуулсан үед хэрэглэнэ.

Байгалийн голомтот халдварт өвчний (БГХӨ) дархлаажуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай төвийн 24 цагийн жижүүрийн утас 632853, Тархварзүйн секторын утас 631136 –д хандана уу

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1624
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК