Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 5(42)
Зоонозын халдварт өвчний хүн, мал эмнэлгийн салбар дундын зөвлөл байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байна
( Товч мэдээлэл )

Д.Тунгалаг

Байгалийн Голомтот Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

 
Абстракт

Монгол Улсын Их Хурлын тогтоолоор баталсан “Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого”-д Нийгмийн эрүүл мэндийн хөгжлийн хэтийн чиглэлийг тодорхойлсон байдаг.

Энэхүү баримт бичгийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Эрүүл мэндийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны 2-р сарын 8-ны өдрийн 45/36 тоот хамтарсан тушаалаар “Зоонозын халдварт өвчний хүн, мал эмнэлгийн салбар дундын зөвлөл”-ийг байгуулан зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам, техникийн ажлын хэсэг, үнэлгээний багийн бүрэлдэхүүнийг томилгоожуулан эрхзүйн орчинг бүрдүүллээ.

.“Зоонозын халдварт өвчний хүн, мал эмнэлгийн салбар дундын зөвлөл”-ийг байгуулахдаа ДЭМБ-ын Номхон далайн баруун болон Зүүн өмнөд Азийн бүс, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагаас хамтран гаргасан “Үндэсний хэмжээнд мал, амьтан, хүний эрүүл мэндийн салбар хоорондын хамтын ажиллагааг бий болгох гарын авлага”-ыг удирдамж болгон ажиллаж байна.

Дээрх хамтарсан тушаалыг хэрэгжүүлэн Салбар дундын Зөвлөлийн анхдугаар хуралдааныг зохион байгуулж “Зоонозын халдварт өвчний хүн, мал эмнэлгийн салбар дундын зөвлөл”-ийн үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулан дараах ажлуудыг гүйцэтгэлээ.

1. “Зоонозын халдварт өвчний хүн, мал эмнэлгийн салбар хоорондын мэдээ, мэдээлэл солилцох” журмыг Эрүүл Мэндийн Яамны харъяа БГХӨСҮ Төвийн Ерөнхий захирал, Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг МЭҮ газрын даргын хамтарсан 60/а/ 59 тоот тушаалаар батлуулав.

2. Мал, амьтан, хүний дунд бруцеллёз өвчний тархалтыг лабораторит суурилсан тандалтаар тогтоох, нотолгоонд суурилсан урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах зорилгоор “Хүн, малын бруцеллёзын тандал судалгааны заавар”-ыг МЭХ, УМЭАЦТЛ-ын мэргэжилтнүүд хамтран боловсруулж Олон улсын байгууллагаас санал авахаар хүргүүлээд байна.

3. “Салбар хоорондын хамтын ажиллагаа” сэдэвт хүн, мал эмнэлгийн мэргэжилтнүүдийн анхдугаар зөвлөлгөөн”-ийг зохион байгуулж зоонозын халдварт өвчний өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүн, мал эмнэлгийн салбар дундын зөвлөлийн үйл ажиллагаа, үр дүн, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн зорилго, ач холбогдол, чиглэлийн талаар хэлэлцэж “Зоонозын халдварт өвчний үед хамтарсан хариу арга хэмжээ”, “Тарваган тахал өвчний хүний өвчлөлийн голомтонд авах хариу арга хэмжээ” сэдэвт үзүүлэх сургууль, дадлагажуулах сургалтыг зохион байгуулав.

4. ЭМЯ –ны харъяа БГХӨСҮТ, ХХААХҮЯ-ны харьяа УМЭАЦТЛ хамтран Хэнтий, Дорнод аймгийн 13 сумын нутагт байгалийн голомтот, мал амьтнаас хүнд халдварлах халдварт өвчний лабораторит суурилсан тандалт судалгааг гүйцэтгэлээ. Тандалт судалгаагаар Хэнтий, Дорнод аймгийн 6 сумын хүн амын дунд хачигт энцефалит, хачигт боррелиозын, 3 сумын хүн амын дунд хулгана тахлын, Дорнод аймгийн 2 сумын хүн амын дунд Баруун Нилийн халуурал өвчний халдварлалт байгаа нь тогтоогдож, Хэнтий аймгийн 2 сумын нутаг хачигт риккетсиозын байгалийн голомттой болох нь тогтоогдсон.

Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутгаас цуглуулсан хачиганд лабораторийн шинжилгээ хийж хачигт риккетсиоз, Ку халуурал өвчний халдварлалт байгааг тогтоосон ба хүн амын дунд хийсэн тандалтаар цуглуулсан хүний цусны ийлдэсийн шинжилгээгээр 1 сорьцонд хачигт энцефалитын эсрэгбие тодорхойлогдсон. Мөн 250 үхрийн цусны ийлдсэнд бруцеллёз илрүүлэх шинжилгээ хийхэд Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоноос цуглуулсан 38 үхрийн цусны ийлдсэнд эерэг дүнтэй гарлаа.

5. Хачиг, шумуулаар дамжин халдварлах халдварт өвчний эмнэлзүйн харуулдан тандалтын цэг байгуулан хүн амын дунд хачиг, шумуулаар дамжин халдварлах халдварт өвчний эмнэлзүйн тандалт хийж эхлээд байна.

6. Аймаг, нийслэл, дүүргийн түвшинд хүн, мал эмнэлгийн салбарын мэргэжлийн байгууллагуудын Зоонозын халдварт өвчний эрт илрүүлэх хамтарсан хариу арга хэмжээний чадавхид үнэлгээ хийн цаашид өвчний голомтонд анхаарах, тулгамдсан асуудал, чиглэлийг тодорхойлж, зөвлөмж гаргасан байна.

7. БГХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д. Отгонбаатар Япон Улсын Саппоро хотод зохион байгуулагдсан ДЭМБ-ын Бүсийн хуралд “Хүн, мал эмнэлгийн салбар дундын зөвлөл”-ийн үйл ажиллагааны талаар хэлэлцүүлж бүс нутагтаа үр дүнтэй ажил болсон хэмээн сайшаагдсан юм.

Зоонозын халдварт өвчний хүн, мал эмнэлгийн салбар дундын зөвлөлөөс цаашид:

1. Хүн, мал эмнэлгийн салбарын уялдаа холбоог Олон Улсын байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан бэхжүүлэх, сайжруулах

2. Зоонозын халдварт өвчинтэй тэмцэх стратеги, төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлэх

3. Уур амьсгалын өөрчлөлтөөс хамааралтай зоонозын өвчний тархалт, шилжилт хөдөлгөөн, үүсгэгчийн популяци дахь хувьслын судалгааг хамтарч хийх

4. Мал, амьтнаас хүнд халдварлах зарим халдварт өвчний оношлогооны цомгийг хамтран үйлдвэрлэх

5. Зарим халдварт өвчний үүсгэгч, эерэг сорьцыг Олон Улсын лавлагаа лабораториор баталгаажуулах ажлын эхлэлийг тавих

6. Боом өвчний эрсдлийн судалгаа хийж, уур амьсгалын өөрчлөлттэй холбон судлаж, зоонозын халдварт өвчний голомтот газрын газарзүйн мэдээллийн системийг (CIS) нэвтрүүлэх ажлын эхлэлийг тавих

7. БГХӨ-ний лабораторийн тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх

8. Хүн, мал эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, судалгаа, шинжилгээний ажил хамтран гүйцэтгэх шаардлагатай байна гэж үзлээ.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 882
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК