Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 5(42)
БГХӨСҮТ-ийн гадаад хамтын ажиллагааны үр дүнгээс
( Товч мэдээлэл )

Д.Цэрэнноров

Байгалийн Голомтот Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

 
Абстракт

БГХӨСҮТ-ийн гадаад хамтын ажиллагаа нь анх 1931 оны 7 дугаар сарын 10- нд ЗХУ-ын тусламжаар Монгол улсад байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх байгууллага “Тарваган тахал эсэргүүцэх лаборатори” нэртэйгээр байгуулагдан эрхлэгчээр нь ЗСБНХОУлсын (хуучин нэрээр) тус улсад ажиллаж байсан А.Л.Берлин томилогдон ажилласан үеэс эхэлсэн түүхтэй. Энэ үеэс хойш оросын эмч, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор Монгол улсад гоц аюулт халдварт өвчнийг судлах, түүнээс урьдчилан сэргийлэх шинжилгээ судалгааны ажлын хүрээ өргөжсөөр ирсэн.

Тус төв нь 1970 аад оноос хойш хөрш улсууд болох ОХУ, БНХАУ болон гадаадын бусад улсуудтай сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр ажиллаж хүрээгээ улам өргөжүүлсээр ирсэн. Тухайлбал, Казахстаны Алма-Ата хотод биологчдыг, ОХУ-ын Эрхүү хотод эмч нарыг мэргэжил эзэмших ба дээшлүүлэх курст, Малайз улсад эмч, биологчдыг богино хугацааны сургалтанд сургах зэрэг ажлууд хийгдэж байгаагаас гадна ОХУ-ын Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнтэй байнгын харилцаатай ажиллаж, онол практикийн болон эрдэм шинжилгээний хурлыг олон удаа зохион байгуулсан нь байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, судалгаа шинжилгээний ажилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ.

1991 онд Монгол, Орос, Хятад зэрэг улсын эрдэмтэн, судлаачдын оролцсон “Төв азийн тарваган тахлын байгалийн голомтын халдвар судлалын хяналтын асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Улаанбаатар хотод хийж, БНХАУ-ын нутагшмал өвчин судлалын газраас төлөөлөгчид оролцож БНХАУ-ын тарваган тахал өвчний талаарх 1945-1990 оны мэдээ материалаар дэлгэрэнгүй илтгэл тавьсан юм.

1992 онд ОХУ-ын Саратов хот дахь тарваган тахал судалалын эрдэм шинжилгээний “Микроб” хүрээлэнд, 1993,1995 онд Ставрополь хот дахь тарваган тахал судалалын эрдэм шинжилгээний хүрээлэнд д, 1994, 1996 онд БНХАУ-ын Бээжин хотод 10 гаруй мэргэжилтэн олон улсын хурал, зөвлөлгөөнд илтгэл тавих, туршлага судлах, эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг тодорхойлох зэргээр тус тус оролцсон.

2001 оны 9 дүгээр сард Монгол улсын ЭМЯ-ны шугамаар АНУ-ын Халдварт өвчний хяналт сэргийлэлтийн төвийн (CDC) мэргэжилтнүүд ирж манай байгууллагын ажил байдалтай танилцаж цаашид хамтран ажиллах чиглэлийг боловсруулж байсан нь манай байгууллагын олон улсын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байгааг харуулсан.

2003-2005 онд байгууллагын хөгжлийг хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр олон улсын болон гадаадын мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллахад санаачлагатай ажиллаж ОХУ-ын Киров хотын микробиологийн хүрээлэн, Новосибирск хотын вирус судлал, биотехнологийн “Вектор” төв, Казахстан улсын Зооноз болон хөл хориот өвчин судлалын төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгалийн голомтот, зооэозын халдварт өвчний оношлуур, эм урвалж авах, хамтарсан судалгаа хийх мэргэжилтэн солилцож дадлагажуулах зэргээр хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрч байна.

БГХӨСҮ Төв өнөөгийн байдлаар ХБНГУ, Казахстан, ОХУ, АНУ, Япон, БНХАУ-ын эрүүл мэндийн дараах байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан эрдэм шинжилгээ, судалгааны ажил хамтран гүйцэтгэх, мэдээ, мэдээлэл, бүтээл солилцох, мэргэжил дээшлүүлэх дамжаанд суралцах зэргээр хамтран ажиллаж байна.

Тус төв сүүлийн 10 жилд гадаадын дараах байгууллагуудтай хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэн явуулж байна. Үүнд:

ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн

Тус төв ОХУ-ын Эрхүү хот дахь Тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй түүхэн хөгжлийнхөө хугацаанд хамтран ажиллаж ирсэн ба эмч, мэргэжилтэн сургах, харилцан туршлага солилцох, хил орчмын голомтыг тандан судалж мэдээлэл солилцох зэргээр хамтран ажиллаж байна. 2001-2006 онд хамтран ажиллах гэрээний хугацаа дууссантай холбогдуулан гэрээний хугацаанд хийсэн ажлыг дүгнэж 2007-2011 онд хамтран ажиллах гэрээг шинээр байгуулсан ба Хөвсгөл нуур орчимд бий болж байгаа аялал жуулчлалын бүс нутагт халдварт өвчний хяналт тандалтын үйл ажиллагаа явуулах талаар хэлэлцэж гэрээ байгуулан ЭМЯ-аар батлуулсан. Мөн тус хүрээлэнд үйлдвэрлэдэг зарим биобэлдмэлийг авч шинжилгээний ажилд хэрэглэсэн.

Галзуу өвчний талаар 2004-2008 онд хамтран ажиллах гэрээний хүрээнд доктор А.Д. Ботвинкиныг урьж тус Төв анх удаа галзуу өвчний онош тогтоох шинжилгээг люминесцентын микроскоп, биологийн аргаар хийж гүйцэтгэх сургалтыг хийж мэргэжилтнүүдийг дадлагажуусан. Мөн галзуу өвчний халдвар судлал, оношлогоо, өвөрмөц урьдчилан сэргийлэлтийн талаар бүх эмч, мэргэжилтнүүдэд лекц уншиж зөвлөмж өгсөн. Энэхүү судалгааны хүрээнд 2009 онд Төвийн ерөнхий захирал Д.Отгонбаатар “Галзуу өвчний эпидемиологи, эпизоотологийн зарим онцлог” сэдвээр анагаах ухааны боловсролын докторын зэрэг амжилттай хамгаалсан.

ОХУ-ын Новосибирск хот дахь Вирус судлал, биотехнологийн “Вектор” Төв

ОХУ-ын Новосибирск хотын вирус судлал, биотехнологийн “Вектор” төвтэй 2003 оноос “Монгол улсын нутаг дэвсгэрт хүн ба амьтанд аюултай вирус, риккетсийн орчлыг үе хөлтөн, зэрлэг шувууд, хөхтөн амьтны популяцид илрүүлэх судалгаа” сэдэвт гэрээний дагуу хамтран ажиллаж байна. Энэхүү гэрээний дагуу 7 жилийн турш Монгол орны баруун бүсийн Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудын зарим нутагт шувууны томуу, баруун Нилийн халуурал өвчний тандалт судалгаа хийж шувууны томуугийн хоруу султай хэв шинжийн 11 вирусыг илрүүлэн судалж илтгэл, өгүүллийн хэлбэрээр нийтийн хүртээл болгосон ба H13N8 вирусын генийн судалгааг хийж санд бүртгүүлсэн.

Түүнчлэн тус төвийн лабораторид 6 мэргэжилтэн богино хугацааны сургалтанд хамруулсан ба “Вектор” Төвийн мэргэжилтэн С.И. Золотыхыг урьж био-аюулгүй ажиллагааны 3-р зэрэглэлийн лаборатори байгуулах талаар зөвлөгөө авч байрны схем зургийг гаргуулан семинар зохион байгуулж танилцуулга, судалгаа тооцоог хийж ЭМЯ-нд оруулсаны үр дүнд 2007 онд лабораторийн хэсгийг засварлан вирус судлалын шинжилгээ хийх боломжтой болгон тохижуулсан.

ОХУ-ын Москва хот дахь Н.Ф. Гамалейн нэрэмжит Халдвар, нян судлалын эрдэм шинжилгээний хүрээлэн

2008 оноос тус хүрээлэнгтэй “Байгалийн голомтот зоонозын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар судлалын эрсдлийг тодорхойлох зорилгоор байгалийн голомтот халдваруудын шимэгчдийн тархалт ба халдвар судлалын онцлогийг Монгол ба ОХУ-тай хиллэх хэсэгт хамтран судлах” (2008-2012 он) сэдэвт хамтын ажиллагааны гэрээг байгуулан “Байгалийн голомтот халдварт өвчний эпизоотологи, эпидемиологи” сургалтыг хамтран зохион байгуулж доктор, профессор Э.И.Коренберг байгалийн голомтот шинэ ба сэргэн тархаж буй халдваруудын эпизоотологи, эпидемиологи, эмнэлзүй, лабораторийн оношлогооны тулгамдсан асуудал бүхий арван сэдвээр нийт 40 цагийн лекц уншиж 17 аймаг, Улаанбаатар хотын 96 эмч, мэргэжилтэн оролцсон.

2008 онд Дундговь, Өмнөговь Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл, Өвөрхангай, Баянхонгор, Говь – Алтай, Ховд, Төв, Багануур, Хэнтий зэрэг 14 аймаг, 1 дүүргийн нутагт 20 гаруй хоногийн хугацаанд 3550 км замыг туулан ажиглалт судалгаа хийж аймаг бүрт ямар халдварт өвчний судалгааг хэрхэн хийж болох талаар тодорхой зөвлөмж өгч ажиллан дүгнэлт гаргасан. Энэхүү ажиглалт судалгааны үр дүнг нэгтгэн “Монгол оронд хийх байгалийн голомтот халдварт өвчний судалгааны чиглэл” сэдэвт асуудал дэвшүүлсэн тойм бичиж “Монголын анагаах ухаан” сэтгүүлд хэвлүүлсэн.

Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Оросын суурь шинжлэх ухааны хамтран ажиллах хэлэлцээрийн хүрээнд 2009-2010 онд «Монгол орны нутаг дэвсгэр дэх вирүс, эгэл биетэн, нянгаар үүсгэгдэх өвчний паразитийн системийн орон зайн ба функцын бүтэц» сэдэвт суурь судалгааны төслийг Н.Ф. Гамалейн нэрэмжит халдвар, нян судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж тус хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй хамтарсан уулзалтыг Москва хотод зохион байгуулж төслийн хүрээнд хамрагдах халдварт өвчнүүдийн Монгол орон дахь төлөв байдал, урьд хийгдсэн судалгаа, цаашид гүйцэтгэх судалгааны чиглэлээр танилцуулга хийж саналаа солилцон төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгасан.

Энэ төслийн хүрээнд Монгол орны зарим нутагт хулгана тахал, лептоспироз, криптоспоридиоз, токсоплазмоз өвчний байгалийн голомтыг тогтоож бруцеллез өвчний 21 омгийн судалгааг хийж үр дүнгийн тайланг бичиж хүлээлгэн өгсөн ба судалгааны үр дүнгээр 5 илтгэл өгүүлэл хэвлүүлсэн.

ОХУ-ын Эрхүү хот дахь Халдвар, нян судлалын эрдэм шинжилгээний хүрээлэн

Тус хүрээлэнтэй 2005 оноос хачигт халдварын тандал судалгааг хийж шинжлэгдэхүүн цуглуулан шинжилж дүгнэлт нарган хамтарсан илтгэл, өгүүлэл хэвлүүлж ирсэн. 2007 оноос тус төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж хачигт энцефалитын молекул биологийн судалгааг хийж үр дүнг хэвлүүлсэн ба одоо Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Оросын суурь шинжлэх ухааны хамтран ажиллах хэлэлцээрийн хүрээнд 2011-2012 онд хамтарсан суурь судалгааны сэдэвт ажлыг хэрэгжүүлж эхлээд байна.

ХБНГУ-ын Мюнхен хот дахь Людвиг Максимелианы Их Сургууль, Бундесвергийн Микробиологийн Хүрээлэн

2009 онд ХБНГУ-ын Георг-Аугустын нэрэмжит Гёттингений их сургууль, Бундесверийн микробиологийн хүрээлэн, Людвиг-Максмиллианы нэрэмжит Мюнхены их сургууль манай төвийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 2009 оны 3-р сард Мюнхен хотод уулзалт, семинарыг зохион байгуулж цаг уурын өөрчлөлтөөс биологийн төрөл зүйлийн хамаарлын урт хугацааны судалгааг хийх, зарим халдварт өвчний нарийвчилсан судалгааг явуулах зэрэг асуудлыг хэлэлцэн тохиролцсон.

Монгол-Германы хамтарсан биологийн 6-р экспедици 2010 оны 6-р сарын 26-наас 7-р сарын 18-нд Хэнтий, Дорнод, Дорноговь, Сүхбаатар аймгуудын зарим сумдын нутагт цаг уурын өөрчлөлтийн ургамал, амьтан, өвчний тархалтанд нөлөөлөх нөлөөллийг судлахад зориулж сорьц материал цуглуулахад хамтран ажиллаж, нийт 335 сорьц цуглуулснаас 49 хүний цусны ийлдэс, 27 адууны цусны ийлдсэнд хачигт энцефалит, баруун Нилийн халуурлын эсрэгбие IgG хайх ФХУ –ын шинжилгээгээр Дорнод аймгийн Халх гол, Дэгээ голын заставаас авсан 2 адууны цусны ийлдсэнд баруун Нилийн халуурлын вирусын бүрхүүлийн Е уургийн эсрэгбие тодорхойлогдсон.

Германы Бундесвергийн микробиологийн хүрээлэнтэй хамтран Сэлэнгэ аймагт хийсэн хачигт халдварын тандал судалгаагаар цуглуулсан Derma­centor, Ixodes төрлийн 120 хачгийн хамцагийн –ПГУ-ын шинжилгээгээр 24/20%-д нь хачигт риккетсиозын эерэг дүн үзүүлсэн. ОГУ-ын хэсэгчилсэн ompB ын дарааллаар судалсан бүх Dermacentor ба Ixodes –уудын эерэг дүн нь Rickettsia raoultii-тэй 99 %-100% ижил байгааг тодорхойлсон ба хамтарсан судалгааны үр дүнг нэгтгэн Олон Улсын сэтгүүлд хэвлүүлсэн. Тус хүрээлэнтэй хамтран тарваган тахлын, үүсгэгчийн молекуле биологийн судалгааг хийж тодорхой үр дүнг гарган хэвлэлд бэлтгэж байна.

БНХАУ-ын Бээжин хот дахь Хорио цээр, хяналтын Академи

2007 оноос БНХАУ-ын Бээжин хот дахь Хорио цээр, хяналтын академи, Өвөрмонголын хилээр орох, гарахыг шалган байцаах, хижиг байцаах товчоотой идэвхтэй хамтран ажиллаж Монгол, хятадын хил орчмын нутагт тарваган тахал болон бусад халдварын тандал судалгааг 6 удаа хийж тарваган тахал, зэрэг зарим халдварын байгалийн голомтыг тогтоосон. 2 улсын хилийн дагуу хамтарсан шинжилгээ хийж байгалийн голомтын төлөв байдлыг тогтоох, судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлэх зорилгоор БНХАУ-ын Бээжин хот дахь Хорио цээр, хяналтын Академийн буцалтгүй тусламжаар 130 гаруй сая төгрөгний (700 мянган юан) лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлийг нийлүүлж хамтарсан судалгааны лабораторийг 2011 онд байгуулсан.

2009-2010 онд Бээжин хот дахь хорио цээр хяналтын академид тус төвийн эмч, мэргэжилтнүүд ажиллаж тарваган тахлын дээрх 50 омгийн молекул –биологийн судалгааг хамтран хийж холбогдох үр дүнг гаргасан.

Казакстан улсын Алмата хот дахь Хөл Хориот ба Зоонозын Өвчний Эрдэм Шинжилгээний Төв

Казахстан Улсын Алмата хот дахь Хөл Хориот ба Зоонозын өвчний Эрдэм Шинжилгээний Төвтэй эмч, мэргэжилтнүүдийг сургах, оношлуур, урвалж худалдан авах зэргээр хамтран ажиллаж байна. 2010 оноос тус төвд зохион байгуулагдаж буй олон улсын сургалтын төсөлд хамрагдаж 2010-2013 онд байгалийн голомтот халдварт өвчний биоаюулгүй байдлын сайжруулах чиглэлээр нийт 59 эмч, биологчдыг сургахаар шийдвэрлэж одоо нийт 19 эмч, биологч хамрагдаад байна.

Япон улсын Халдварт өвчний үндэсний Төв

Япон улсын Халдварт Өвчний Үндэсний Төвтэй хамтран ажиллах “Боом өвчний хүний өвчлөлийн оношлогоо шинжилгээг сайжруулах”сэдэвт гэрээ байгуулан тус төвийн Мал эмнэлгийн Шинжлэх ухааны Хэсгийн Зоонозын Дамжуулалтын Хяналтын Лабораторид үүсгэчийн молекул биологийн судалгааг хийн Монгол орны боом өвчний оношлогоонд тохирох праймерын дараалал, арга зүйг хоёр тал хамтран боловсруулж, оношлогоонд сүүлийн үеийн арга (хам цагийн ПГУ) нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар шийдвэрлэн сонгосон зарим омгийн судалгааг хийж үр дүнг Японы сэтгүүлд хэвлүүлсэн.

АНУ-ын Айовагийн их сургууль, Флоридагийн их сургууль

АНУ-ын Айво мужийн их сургуулийн зоонозын халдварын сургууль (Prof. Gregory Gray), ХӨСҮТ-тэй хамтран 2008 оны 11-р сараас 2011 оны 12-р хүртэл хэрэгжүүлэх “Мал, амьтнаас хүнд дамжих томуугийн халдварын эрсдэлт хүчин зүйлийн судалгаа” төслийн хүрээнд Ховд аймгийн зарим нутагт Мал амьтны томуу малчидад халдварлахад нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлж, уг халдварын үүсгэгчийн бүтцийг тогтоох судалгааг хийж байна.

БГХӨСҮТ 2010 онд АНУ-ын Флоридагийн их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулж тарваган тахлын үүсгэгчийн молекул биологийн судалгааг хийж эхэлсэн ба мал, амьтнаас дамжин халдварлах зарим халдварын байгалийн голомтын тандал судалгааг хийх төслийг боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 690
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК