Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 5(42)
БГХӨСҮТ-ийн эрдэм шинжилгээ, судалгаа, ШУТ-ийн төсөл, суурь судалгааны сэдэвт ажлын талаар
( Товч мэдээлэл )

А.Эрдэнэбат 

Байгалийн Голомтот Халдварт  Өвчин Судлалын Үндэсний Төв

 
Абстракт

Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх байгууллага анх 1931 онд тарваган тахал эсэргүүцэх тухай” 510-р тогтоолыг гаргасан нь тарваган тахал эсэргүүцэх үүрэгтэй байсан байгууллагын ажлын хүрээг өргөтгөн тарваган тахал, урвах тахал, цагаан цэцэг, туляреми, полимиэлит, хачигт энцефалит, ям, боом, галзуу, бруцеллёз зэрэг байгалийн голомтот гоц аюулт халдварт өвчнүүдийг судлан, шинжлэх тэдгээрийн байгалийн голомтыг эрүүлжүүлэх ажлыг үндсэн зорилтоо болгон тахал эсэргүүцэх байгууллагын нэрийг Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах газар /Институт/гэж нэрлэсэн.

1950 - аад оноос үндэсний мэргэжилтнүүд бэлтгэгдэсний зэрэгцээ Монгол -Зөвлөлтийн хамтарсан олон эпидотряд судалгаа шинжилгээ хийж байсан юм. 1966-1985 оны хооронд нийтдээ 46456991 га талбай хамруулан судалгаа хийж 289281 мэрэгч амьтан, 1181839 гадны шимэгч олборлон шинжлэж 1637 өсгөвөр илрүүлсэн байна.

1989 онд судалгааны ажлуудыг гүйцэтгэх зорилгоор “Залуу судлаачдын нийгэмлэг” нэртэй ажлын хэсэг, 1998-2003 онд “Эрдэм шинжилгээний салбар байгуулан микробиологи, эпидемиологи, эпизоотологийн секторууд, 2003-2004 онд “Мэргэжлийн сургалт, судалгааны сектор”, 2010 оноос “Эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын сектор” байгуулан тус тус үйл ажиллагаа явуулсаар ирлээ. Тус төвийн мэргэжилтэнүүд 1991-1993 онд “Тарваган тахал өвчин” сэдэвт шинжлэх ухаан технологийн төслийг гүйцэтгэж тарваган тахлын плазмид ялгах хурдавчилсан арга, шимэгчгүйтгэл хийх хими-биологийн арга зүй, тарваган тахлын голомтын халдвар судлалын чадавхи тодорхойлох аргыг боловсруулан гаргасан юм. Төвийн дэргэдэх эрдмийн зөвлөл нь 1998 онд байгуулагдан одоог хүртэл ШУТ-ийн төсөл, суурь судалгааны сэдэвт ажлын арга зүй, заавар, магистр, докторын ажлын арга зүй, үр дүнг хэлэлцэн шийдвэрлэж байна.

2001-2003 онд “Байгалийн голомтот гоц халдварт өвчнүүдээс сэргийлэх арга, технологийг боловсронгуй болгох” (ГОЦ-1) сэдэвт шинжлэх ухаан технологийн 5 багц үр дүн бүхий ажлын хийснээр Монгол орны тарваган тахлын байгалийн голомтын бүтэц, тархалт, дэгдэлтийн хөдлөл зүйн нэгдсэн мэдээлэл, агуулагч, дамжуулагч, үүсгэгчийн нягтшил, тархалт, нөөцийн зураг гарган, тахлын нянгийн үүсгэгчийг биологи, молекул генетикийн аргаар судалж, амьд өсгөвөрийн төрөлжсөн тусгай санг бүрдүүлсэн юм. Уг төсөлт ажлаар галзуу, боом, лептоспироз өвчний байгалийн голомтын тархалт, хөдлөл зүйн зураглал, мэдээллийн сан, тэмцэх сэргийлэх, оношлох үндэсний арга технологийг боловсруулан гаргаж, амьтанд тахлын нянгийн эмгэг үүсэх жамын туршилт судалгаа хийж эмчилгээний оновчтой загвар, зөвлөмж боловсруулан, голомтот нутаг, хот суурин газрын хүмүүст EV вакцины дархлаа идэвхит чадварыг ретроспектив болон иммунологийн аргуудаар (Е-РОК, М-РОК, ИФА, РИД) харьцуулан судалж үр дүнг хүлээлгэн өгсөн байна.

2006-2008 онд “Шинээр гарч буй болон дахин сэргэж буй зарим халдвар /АЦХаХ,шувууны томуу,баруун Нилийн халдвар/-ын экологийн орчлын судалгаа” шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлж АЦХаХ, шувууны томуу, баруун Нилийн халдварын үүсгэгчийн экологийн орчил, хөдлөл зүй, агуулагч, дамжуулагчийн зүйлийн бүрдлийг тогтоон, лабораторийн шинжилгээний дүнг нэгтгэн Монгол дахь АЦХаХ,шувууны томуу, баруун Нилийн халдвар өвчнүүдийн экологийн тархалтын мэдээллийн санг Visual, SQL, Access программ дээр боловсруулж урьдчилан сэргийлэх үйл ажиллагаандаа ашиглан, АЦХаХ,шувууны томуу,баруун Нилийн халдвар өвчнүүдийн экологи (агуулагч, дамжуулагчид)-ийн судалгаа, лабораторийн шинжилгээний гарын авлага боловсруулж үндэсний хэмжээнд оношлогоо хийх нөхцөл бүрдүүлэв. Мөн 2006-2008 онд “Боом өвчний үүсгэгчийн молекул генетикийн судалгаа” шинжлэх ухаан технологийн суурь судалгааны төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн боом өвчний үүсгэгчийн молекул генетикийн судалгаагаар судалгаанд хамрагдсан боомын нянгийн 178 омгийг амьд өсгөвөрийн сангийн бүртгэлийн дугаар, илрүүлсэн аймаг, сум, газрын нэр, плазмидын бүрдэл, ДНХ-ийн полиморфизмоор нь ангилсан үзүүлэлтээр нь Microsoft office Accsess 2003 программд сууриласан мэдээллийн санд оруулж, Arc View GIS3.2 программаар ДНХ-ийн хэлбэршлийг тархалтын зургийг гаргасан ба боом өвчнийг молекул генетикийн төвшинд бүрэн оношлож, шинэжлэх зорилгоор өвчний үүсгэгчийн молекул биологийн оношлогоо, шинжилгээ, судалгааны лабораторийн гарын авлага боловсруулж цаашид энэ судалгааг хийх боломж бүрдүүлсэнийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр болон эрүүл мэндийн эрдэм шинжилгээний тогтолцоог хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор байгалийн голомтот халдварт өвчний талаарх тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, дараах чиглэлүүдээр ажиллаж байна.

1. Монгол улсын холбогдох яам, байгууллагуудаас зарласан шинжлэх ухаан технологийн суурь болон хавсрага судалгаа, инновацийн төсөл, грант, хөтөлбөрүүдийн хүрээнд Bacillus anthracis болон Ba­cillus spp төрлийн нянгийн хөрсөн дахь тархалтын судалгаа, Тарваган тахал, хуурмаг сүрьеэгийн үүсгэгчийг оношлох нян залгиур хуурайшуулах судалгаа, Микробиологийн тэжээлт орчин хуурайшуулах технологи, Монгол орон дахь хачигт риккетсиоз өвчний үүсгэгчийн генотип, тархалтын судалгаа төслүүд боловсруулан шалгаруулалтанд оролцсоноос инновацийн төсөлд “Тарваган тахал, хуурмаг сүрьеэгийн үүсгэгчийг оношлох нян залгиур хуурайшуулах судалгаа” төсөл шалгаран 2011 оноос төсөл хэрэгжиж эхлээд байна.

2. Эрүүл мэндийн салбарт хийгдэх биотехнологийн судалгааны “Монгол орны ашигтай бичил биетэн болон эмгэгтөрөгч нянгийн генотипийн судалгаа” сэдэвт ШУТ-ийн төслийн хүрээнд 2011 оноос “Монгол оронд тохиолдож буй хачигт энцефалит өвчний үүсгэгчийн нутгийн омгийн сан бүрдүүлэн бусад улсад тархсан омгуудтай жишсэн мэдээллийн сан байгуулах”, “Хачигт энцефалит өвчний үүсгэгчийн нутгийн омгийн генийн судалгаа” гэсэн 2 үр дүнг гаргахаар ажилаж байна.

3. Солонгос улсын KOICA –ын санхүүжилтээр Зүүн өмнөд Азийн орнуудад хэрэгжүүлж буй “ Монгол дахь уур амьсгалын өөрчлөлт болон дамжуулагчаар дамжих халдварт өвчний хяналтынг сайжруулах ” төслийн хүрээнд 2011 оноос хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлт болон үүсгэгч нь дамжуулагчаар дамжих халдварт өвчний хяналтыг сайжруулах” төслийн хүрээнд хачиг, түүний халдварын тархалт, хөдлөл зүйг уур амьсгалтай уялдуулан судлах зорилгоор Сэлэнгэ аймгийн Хүдэр, Алтанбулаг сумдын нутагт суурин судалгааг БГХӨСҮТөв, МЭХүрээлэн, Ус цаг уур шинжилгээний газар , Сэлэнгэ аймгийн БГХӨСТөвтэй хамтран хэрэгжүүлж байна.

4. Бид гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн гуравдагч орны лабораторуудтай хамтран боом, тарваган тахал, хачигт халдваруудын молекул биологийн судалгааг гүнзгийрүүлэн хийж нутгийн омгуудын үүсгэгчдийн нуклеотидуудын дараалалыг тогтоох, халдварт өвчний оношлогоо, шинжилгээ, судалгаанд орчин үеийн дэвшилтэт нано технологийн аргыг нэвтрүүлэхийг зорилт болгож урам зоригтой ажиллаж буйг сонордуулах минь уу.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1288
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК