Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 6(43)
Хими ба анагаах ухаан
( Редакцийн зурвас )

П.Нямдаваа

Томуугийн Үндэсний Төв

 
Абстракт

НҮБ-ийн Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага “Онолын ба Хэрэглээний Химийн Олон Улсын Холбоо”-той хамтран 2011 оныг “Олон улсын химийн жил” болгон “Хүнтөрөлтөний дэвшил, хөгжилд химийн шинжлэх ухааны оруулсан хувь нэмэр” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ [1].

Ирд хувилгааны ид шидтэй “Философийн чулуу” эрсэн алхими 16-17 дугаар зуунаас байгаль шинжлэлийн туршил сорилд тулгуурласан нэгэн гол урсгал болох химийн шинжлэх ухаан болон хувирсан нь хүнтөрөлтөний өдөр тутмын амьдрал ахуй, аж үйлдвэрийн хөгжилд хувьсгалжуулагч нөлөө үзүүлсэн билээ. Өвчин эмгэг үүсэн хөгжих зүй тогтлыг эс, молекулын түвшинд судлах үүд хаалгыг химийн шинжлэх ухаан анагаахынханд цэлийтэл нээж өгсөн бөгөөд чухамхүү энэ ухааны ачаар ердийн ажиглалт, туршлага дээр голлон тулгуурласан эмчлэх урлаг шинжлэх ухааны туршил сорилын үр дүнд тулгуурласан анагаах ухаан болон дэвшин хөгжсөн түүхтэй юм. “Өвчин илаарьшуулах шидэт ерөндөг” (монгол ардын үлгэр туульсын хэллэгээр бол “үд хүргэдэггүй үнэн цагаан эм”) эртнээсээ эмч оточ нарыг “Философийн чулуу”-ны эрэлд идэвхийлэн оролцоход хүргэж байсан тул орчин цагийн химийн шинжлэх ухааны тулгын чулууг тавилцагсадын дотор Английн байгаль шинжээч Бойл (Robert Boyle,1627-1691) Дальтон (Jon Dalton,1766-1844), Францийн соён гэгээрүүлэгч Антуан Лавуазье (Antoin-Laurent de Lavoisier,1743-1794) нартай эн зэрэгцэн Щвейцарийн эмч, байгаль шинжээч Парацельс (Paracelsus буюу Phillippus Aureolus Theophrastus Bombastus von Hohenheim,1493-1571) Щведийн эмч, химич Берцелиус (Joens Jacob Berzelius,1779-1848), Германий эмч, химич Вөлер (Friedrich Woeler,1800-1882), Германий эмийн санч, химич Либих (Justus von Liebig,1803-1873) нар зүй ёсоор ордог.

Өнөөдөр хими оролцдоггүй хүний үйл ажиллагааны нэг ч салбар үнэнхээр үгүй болсон бөгөөд үүний дотор анагаах ухааны бүх л салбарын хөгжилд химийн шинжлэх ухааны ололт дэвшил хөгжлийн нэг үндэс суурь нь болж явдаг.

Одоогийн анагаах ухааны эм засал тэр чигтээ химийн шинжлэх ухаанд тулгуурладаг бол биемахбодыг бүрдүүлэгч хэсгүүдийн бүтэц, найрлагыг судалж, түүн дээрээ үндэслэн өвчин эмгэгийн мөн чанар, эмгэг жамыг танин мэдэх, оношлох, эмчлэх, сэргийлэх чиглэлд өнгөрсөн 20 дугаар зуунд олсон амжилт нь анагаах ухааныг бүхэлд нь цоо шинэ шатнаа гаргасан гэж хэлж болно. Энд зөвхөн Нобелийн шагнал авсан бүтээл нээлтүүдийг дурьдахад л хангалттай: хими-заслын бэлдмэл, антибиотик, витамины бүтэц, найрлага, үйл ажиллагааг судлан тогтоосон, уургийн болон нүклейн хүчлийн бүтэц, найрлагыг судлах аргууд, уургийн нийлэгшлийн механизм, вирүсийн бүтэц, найрлага, рекомбинат нүклейн хүчил, ПГУ,эсийн мембраны бүтэц, ион-суваг...[2,3]

Химийн шинжлэх ухааны эрчимтэй хөгжил нь бас бидний амьдралд хүнс, хүрээлэн буй орчны химийн бохирдол, харшил гэх мэт шинэ асуудлыг ч дэвшүүлэн гаргасан.

Хүнтөрөлхтөний дэвшил хөгжил цаашид ч химийн шинжлэх ухааны ололттой салшгүй холбоотой байх нь маргаангүй бөгөөд шинэ ололтуудыг хүний эрүүл мэндэд хор хохиролгүйгээр, анагаахын дэвшлийн төлөө ашиглах нь бидний эн тэргүүний зорилт байх биз ээ.

Ном зүй

1. http://www.chemistry2011.org/;
2. http://en.wikipedia.org/wiki/Nobel_Prize_in_Chemistry:
3. http://en.wikipedia.org/wiki/Nobel_Prize_in_Physiology_or_Medicine
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2381
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК