Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 6(43)
Эфирийн тосны эмчилгээний үр дүн батлагдав: АЗЦХӨ-ий урьдчилан сэргийлэлт болоод хүүхдийн халдварт ринитийн цогц эмчилгээний орчин үеийн хандлага
( Лекц )

Ф. Смирнов


 
Абстракт

Халдварт эмгэгүүдийн дотроос хамгийн их тархсан нь амьсгалын замын цочмог халдварт өвчин (АЗЦХӨ) билээ. Халдварт өвчний тархварзүйн өмнөх улирлын судалгааны тоо баримтаас үзвэл, бүх насны хүүхэд, түүний дотор нялх хүүхдүүдийн дунд АЗЦХӨ нэмэгджээ. Нөгөө талаар, бүх халдварт өвчний эмчилгээнд зарцуулсан хөрөнгийн 92%-ийг зөвхөн АЗЦХӨ, томуугийн эмчилгээнд зарцуулснаас үзэхэд уг халдвар эдийн засгийн хувьд хэчнээн хор хохиролтойг харуулж байна.

АЗЦХӨ-ий урьдчилан сэргийлэлт болоод хүүхдийн халдварт ринитийн цогц эмчилгээний орчин үеийн хандлагын талаар Н.И.Пироговын нэрэмжит Оросын Үндэсний Анагаах Ухааны Их Сургуулийн Хүүхдийн эмчилгээний факультетийн чих-хамар-хоолойн өвчин судлалын тэнхимийн профессор Елена Юрьевна Радцигтай бид ярилцсан юм.

– “АЗЦХӨ нь гол төлөв халдварт ринитийн шинж тэмдгээр эхэлдэг” хэмээн профессор Елена Юрьевна яриагаа эхлээд, цааш нь ингэж ярилаа: - Хамраас ус гоожих, хамар битүүрэх, заримдаа нулимс гоожих, хамар дотор загатнах зэрэг шинж тэмдгээр уг өвчин эхэлдгээс хамар битүүрэх нь хүүхдэд хамгийн зовиуртай, эцэг эхийнх нь аргыг бардаг шинж тэмдэг байгаа юм. Иймэрхүү ханиад шуухнианы эмчилгээнд хамгийн их хэрэглэж ирсэн, одоо ч хэрэглэсээр байгаа арга бол хамрын судсыг нарийсгах бэлдмэл (буюу хэсэг газрын үйлчилгээтэй деконгестант) дусаах эмчилгээ мөн гэдгийг эмнэлгийн ажиллагсад болоод өвчтөнүүдийн дунд хийсэн асуумж судалгаа нотлодог. Гэтэл, хамрын судсыг нарийсгах дусаалгыг удаан хугацаагаар хэрэглэснээс болж, хамрын салт бүрхэвчийн сормууслаг давхрагын үйл ажиллагаа алдагдаж, улмаар салт бүрхэвч нь хатингаршдаг. Түүгээр ч зогсохгүй, хамрын дусаалгыг замбраагүй хэрэглэснээс болж хүнд хордлого үүсэх аюултай. Сүүлийн жилүүдэд, хамрын судсыг нарийсгах дусаалгыг хэрэглэснээс шалтгаалсан хордлогын тоо нь бусад эм бэлдмэл хэрэглэсний дараах хордлогынхоос давуутай нэмэгдсээр байна. Үүний гол шалтгаан нь, хамрын дусаалгыг замбраагүй хэрэглэх, тунг нь хэтрүүлэх, том хүнд зориулсан дусаалгыг хүүхдэд хэрэглэх зэрэгтэй холбоотой байдаг. Эмийн бэлдмэл хэрэглэснээс шалтгаалсан бүх хордлогын бараг 23%-ийг деконгестантын хордлого дангаараа эзэлж байгаа бөгөөд энэ хувь жилээс жилд нэмэгдсээр байгаа юм. Деконгестантаар хордогсод бараг бүгдээрээ балчир болоод бага сургуулийн хүүхдүүд байгаагийн гол шалтгаан нь, мэдрэлийн эсийн синапсын өмнөх төгсгөлд үүсч байгаа адреномиметик бодисуудын нийлэгжлийг буцаан зохицуулдаг механизм бага насны хүүхдэд бүрэн хөгжөөгүй, тэдгээр бодисыг идэвхгүйжүүлэн задалдаг ферментүүдийн идэвх сул байдаг учраас, деконгестантын агууламж цусанд нь аажим аажмаар нэмэгдсээр, эцэст нь хордлогын шинж тэмдэг илэрдэг. Ер нь, катехоламинуудыг нийлэгжүүлэх, нийлэгжилтийг нь буцаан зохицуулах, нөөцлөх, идэвхгүйжүүлэх механизмууд 6–8 насанд л бүрэн хөгжиж боловсордог юм. Ийм учраас, том болсон хүүхэд, насанд хүрсэн хүмүүст деконгестантын тун хэтэрч хордлого үүсэх аюул тохиолддоггүй. Нөгөө талаар, хүүхэд, том хүн хоёрын хамрын салт бүрхэвчийн нийт талбайг биеийнх нь жинтэй харьцуулахад хүүхдийх нь хамаагүй их байж таарна. Тэгэхлээр, хөхүүл хүүхдийн хамарт ердийн хэмжээгээр дусаасан дусаалгын тунг биеийнх нь 1 кг жинд бодоод үзвэл, том хүнийхээс даруй 30 дахин ихээр тунг нь хэтрүүлсэн хэрэг болно. Иймд, ринитийн эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн асуудлыг сүүлийн үед онцгой анхаарч, ялангуяа бага балчир насны хүүхдийн хамарт эмийн бодисыг шууд дусаалгүй эмчлэх өөр боломжийг судалсаар байна.

– Елена Юрьевна, халдварт ринитийн эмчилгээний давуу тал болоод сул тал нь юу вэ?

– Хүндрээгүй халдварт ринитийн үед, халдвар үүсгэгчдийг устгах бэлдмэлүүдийг хамарт цацан эмчилбэл (элиминизационная терапия) бүрэн эдгээх нөлөө үзүүлж чадна. Ийм учраас, хүүхдийн эмч нар эдгээр бэлдмэлийг нийтлэг хэрэглэдэг бөгөөд эмчилгээнд ч хэрэглэж болдог, урьдчилан сэргийлэхэд ч хэрэглэж болдог юм. Хамарт цацаж хэрэглэдэг бэлдмэлийн бас нэг давуу тал нь түүний аюулгүй чанар болоод нас харгалзахгүй хэрэглэж болдогт оршино. Гэхдээ, халдвар үүсгэгчдийг устгах зориулалттай цацлагын хушууг хамарт буруу шургуулах юм уу, зунгааралдсан их нус гарч байгаа өвчтөнд хэрэглсэнээс болж евстахийн хоолойн үрэвсэл үүсч болзошгүйг анхаарах хэрэгтэй. Харин утах аргыг хэрэглэвэл эдгээр дутагдал огт илрэхгүй. Эмийн бэлдмэлээр утах аргыг хэрэглэснээр, эмчилгээний нөлөөтэй эмийн бодис ердийн амьсгалах явцад хамраар нэвтэрдэг тул эмчилгээг заавал эмч хийх шаардлагагүйгээс гадна эмчийг харахлаараа аягүйцдэг хүүхдүүдэд хэрэглэхэд хамгийн тохиромжтой. Ерөөсөө, эмийн бэлдмэлээр утах арга нь хэд хэдэн давуу талтай. Тухайлбал: Эмийн бодис нь, хүний амьсгалж байгаа агаартай цуг амьсгалын замаар нэвтэрнэ, эмийн бодис нь түргэн бөгөөд эрчимтэй шимэгдэнэ; эмийн бодис нь, өчүүхэн бичил аэрозоль хэлбэртэйгээр хамрын бүх салт бүрхэвчид жигдхэн тархдаг тул үйлчлэх талбай нь нэмэгдэнэ; эмийн бодис нь, цусны болоод тунгалагийн хялгасан судсаар нэн баялаг салст бүрхэвчийн дор хуримтлагдана; цус болоод бусад эрхтэнд нэвтэрсэн эмийн бодисийн төвшрүүлэг удаан хугацаагаар хадгалагдана. Эцэст нь, эмчилгээний нөлөөтэй эмийн бодис тунгалагийн тогтолцоо болон цусны бага эргэлтэд нэвтэрсэн хойноо ч анхныхаа байдлыг огт өөрчилдөггүй (элгийг алгасна).

– АЗЦХӨ-ий урьдчилан сэргийлэлт болоод хүүхдийн халдварт ринитийн эмчилгээнд ямар ямар аргыг хамгийн их хэрэглэдэг вэ?

– Халдвар үүсгэгчдийг устгадаг бэлдмэлүүдийг хэрэглэдэг талаар би түрүүн дурдсан. Эдгээр бэлдмэлийг эмчилгээний зорилгоор ч хэрэглэж болно, урьдчилан сэргийлэх зорилгоор ч хэрэглэж болно гэдгийг бас дурдсан. Гэвч, хамрын хөндийн салт бүрхэвчид шууд нөлөөлдөггүй эм бэлдмэлүүд бас бий. Эдгээр бэлдмэл нь, үндсэндээ, цөм байгалийн гаралтай нийлмэл хомеопати бэлдмэл буюу хомотоксины бэлдмэлүүд юм. Утлага маягаар хэрэглэдэг эфирийн тос ч эдгээр бэлдмэлийн тоонд багтана. Нэгэнт байгалийн гаралтай бэлдмэлүүд учраас ямар нэг сөрөг үр дагавар, гаж нөлөө үзүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, байгалийн гаралтай нийлмэл бэлдмэлийн найрлагад ордог аль ч бодис нь харшлын урвал үүсгэхгүй. Тэр тусмаа, тэдгээр эмийн бодисоор утахад огт аюулгүй байдаг учраас, нялх, балчир насны хүүхдүүдэд эмчилгээний энэ аргыг хэрэглэхэд хамгийн тохиромжтой байдаг бөгөөд ямар ч хүүхэд ийм эмчилгээнд дургүйцдэггүй. АЗЦХӨ-өөс урьдчилан сэргийлэх зорилгоор хувь хүн болоод хамт олонд хамгийн амжилттай хэрэглэж байгаа нэг арга бол эфирийн тосоор утах арга юм. Туйлын амархан, ямар ч аюулгүй энэ аргыг бүх насны хүүхдэд хэрэглэхэд тохиромжтой. Эмийн бэлдмэлийг хамарт дусаах, эсвэл хөвөн юм уу самбайд шингээн хамарт чихээс тавих үед хамрын арьс, салт бүрхэвч түлэгдэж зулгардаг бол, эфирийн тосоор утах аргыг хэрэглэхэд ийм дутагдал илэрдэггүй. Эфирийн тос, амьсгалын замын эрхтний салст бүрхэвчид шууд нөлөөлж, тогтонгшисон эмгэг, үрэвсэл зэргийг арилгана.

Түүнээс гадна, эфирийн тосны өчүүхэн бичил мөхлөгүүд амьсгалын дээд замын салт бүрхэвчийг зөөллөх нөлөөтэй тул, деконгестантыг удаан хэрэглэснээс салст бүрхэвч нь хатангиршиж байгаа буюу хэдийнэ хатангиршсан өвчтөнүүдэд ч эфирийн тосоор утах аргыг хэрэглэх боломжтой.

– АЗЦХӨ-ий урьдчилан сэргийлэлт болоод халдварт ринитийн цогц эмчилгээнд эфирийн ямар тосыг голлон хэрэглэх нь зүйтэй вэ? Энэ тос чухам ямар механизмаар үйлчилдэг юм бэ?

– Эвкалипт модны тос, сарнай цэцгийн тос, арцны тос, батрашийн тос (насны хязгаарыг анхаарах), цайны модны тос гэх мэт эфирийн олон янзын тосыг дээрх зорилгоор хэрэглэж болно. Эдгээрээс гадна, тусгай заалтаар хэрэглэдэг, эфирийн янз бүрийн тосны нийлмэл бэлдмэлүүд бас бий. Тухайлбал, янз бүрийн хэлбэрийн ринит, ялангуяа халдварт ринитээс урьчилан сэргийлэх, уг эмгэгийг эмчлэх зориулалтаар бүтээсэн, эфирийн янз бүрийн тосны нийлмэл бэлдмэл «Олбас» тосыг авч үзье. «Олбас» тосны найрлагад батрашийн тос, эвкалипт модны тос, каепут модны тос, сувдан цэцгийн тос, арцны тос, лиш цэцгийн тос, левоментол зэрэг ордог. Батрашийн тос (35,45%) нь, өвчин намдаах, анхилам үнэр гаргах, бага зэрэг халдваргүйжүүлэх нөлөөг үзүүлж, хамрын хөндийн салст бүрхэвчийн рецепторуудад шууд үйлчлэн, амьсгалыг чөлөөтэй болгоно. Эвкалипт модны тос (35,45%) нь, эфирийн тоснуудын дотроос халдваргүйжүүлэх нөлөө хамгийн хүчтэй бодис мөн бөгөөд дархлалыг сайжруулдаг тул амьсгалын дээд замын халдварын үед амьсгалуулдаг бэлдмэлийн найрлагад заавал орно. Каепут модны тос (18,5%) нь, өвчин намдаах (бага зэрэг), нянг устгах, мэдрэлийн судлын үрэвслээс сэргийлэх, хөлрүүлэх, гэдэсний хорхойг устгах, цэр ховхлох, үрэвсэлийг намдаах, биеийн эсэргүүцлийг сайжруулах зэрэг нөлөөтэй. Энэ тос S.aurus нянг сайн устгана. Сувдан цэцгийн тос (3,7%) нь, үрэвслийг намдаах, биеийн эсэргүүцлийг сайжруулах нөлөө үзүүлдэг бол, арцны тос (2,7%) нь нянг устгах нөлөөтэй. Лиш цэцгийн тос (0,1%) нь халдваргүйжүүлэх, өвчин намдаах үйлчилгээг үзүүлнэ. Эдгээр тосны нийлмэл бэлдмэлийг ринитийн бүх шинж тэмдгийг арилгаж, эдгэрүүлэх зорилгоор бүтээсэн юм.

– АЗЦХӨ-ий урьдчилан сэргийлэлт болоод халдварт ринитийн эмчилгээнд эфирийн тосыг хэрэглэсний үр дүн эмнэлзүйн судалгаагаар батлагдсан уу?

– Эфирийн тосны нийлмэл бэлдмэл «Олбас» тосны эмчилгээний үр дүн, ач холбогдол нь олон тооны ажиглалтаар нэгэнт батлагдаад байна. Энэ тос нь, юуны өмнө, хүний үнэрлэх мэдрэхүй, салс ялгаруулж амьсгалын замыг цэвэрлэх үйл ажиллагаа зэрэгт муугаар нөлөөлдөггүй нь сайн дураараа судалгаанд хамрагдсан хүмүүс дээр хийсэн туршилтаар нотлогдсон юм. АЗЦХӨ-ний суурин дээр үүссэн цочмог риниттэй насанд хүрсэн хүмүүсийг «Олбас» тосоор утан эмчилж үзэхэд, нийт өвчтөний 64,3%-д нь хамраас ус гоожих, хамар битүүрэх зэрэг шинж тэмдэг эмчилгээ эхэлснээс хойших 7 дахь хоног дээр бүрэн арилж, үлдсэн өвчтөнүүдэд (35,7%) нь хамраас бага зэрэг шингэн гоожих шинж тэмдэг л үргэлжилж байв.

Н.И.Пироговын нэрэмжит Оросын Үндэсний Анагаах Ухааны Их Сургуулийн Хүүхдийн эмчилгээний факультетийн чих-хамар-хоолойн эмнэлэгт цочмог ринит оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн 2–14 насны хүүхдүүдийг «Олбас» тосоор утан эмчилж, үр дүнг нь бас үнэлж үзлээ. «Олбас» тосноос 2–3 дуслыг хөвөн буюу самбай дээр дусаагаад өдөрт 3 удаа хүүхдүүдийг утахад, нийт өвчтөний 43,3%-д нь ринитийн шинж тэмдэг 7 хоногийн дараа бүрэн арилж, эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагагүй болж байв. Харин 15 хүүхдэд (50%) ринитийн шинж тэмдэг арилаагүй тул өөр эмээр нэмж эмчлэх шаардлага гарсан юм. Цочмог ринитийн үед «Олбас» тосоор утах эмчилгээг дагнан хийсэн эмч нарын үнэлгээнээс үзэхэд, тэдний 17% нь уг тосны үр дүнг “онцсайн” гэж үнэлсэн бол, 45% нь “сайн” гэж үнэлжээ.

Ийнхүү, эфирийн янз бүрийн тосны нийлмэл бэлдмэлээр утах аргыг хэрэглэснээр вирүсээр үүсгэгдсэн, амьсгалын замын цочмог халдваруудаас урьдчилан сэргийлэх шинэ боломжийг нээн өгч байна. Энэ аргыг, аргазүйн талаас нь авч үзвэл, хамт олноор нь утах “идэвхгүй” арга хэмээн нэрлэж болно. Өөрөөр хэлбэл, энэ аргыг хэрэглэхэд ямар ч багаж, тоног төхөөрөмж шаардлагагүй байдаг юм. Эфирийн янз бүрийн тосны нийлмэл бэлдмэлийн нэг нь «Олбас» тос мөн бөгөөд энэ тосоор утах аргыг хүүхдийн байгууллагуудад хэд хэдэн хувилбараар хэрэглэж болно. Үүнд:

1. Үнэр ялгаруулагч дэнгийн (арамоламп) усаар дүүргэсэн аяганд 5–6 дусал «Олбас» тос дусаагаад, доор нь лаа асаахад, дөлөнд нь ус халж аяндаа тос ууршина. Ер нь, цахилгаан чийдэн буюу хэт авиа үүсгэдэг чийдэнг ашиглаж байх нь зүйтэй. Нэг ёсондоо, үнэрээр эмчлэх (арамотерапия) энэ эмчилгээг АЗЦХӨ тархдаг улирлын турш өдөрт 1 удаа, 10–15 минутаар хийж байх нь хамгийн ашигтай.

2. Жижгэвтэр шаазан саванд 5–6 дусал «Олбас» тос дусаагаад, дулааны шугамын радиаторт бэхэлнэ. Эсвэл, уг тосноос жижигхэн хөвөнд шингээгээд радиатор дээр тавьж болно. Дулааны нөлөөгөөр эфирийн тос ууршиж, бүх өрөөнд тархана. Энэ эмчилгээг АЗЦХӨ тархдаг улирлын турш өдөрт 1 удаа, 10–15 минутаар хийж байх нь хамгийн ашигтай.

3. Хүүхдүүд цугларахаас 1–2 минутын өмнө, бага зэрэг усанд 5–6 дусал «Олбас» тос дусаасан уусмалыг шүршигчээр өрөөнд шүршинэ. Ийм уусмалыг өдөрт 1 удаа заавал шүршиж байх шаардлагатай.

4. АЗЦХӨ-өөс олон хүүхдийг нэгэн зэрэг урьдчилан сэргийлэх боломжгүй үед, хүүхэд болгоныг «Олбас» тосоор утах шаардлага гарна. Үүний тулд, амны цаасан алчуур дээр 2–3 дусал «Олбас» тос дусаагаад, хүүхдийн гар хүрэхээргүй ойрхон газар тавьж, 1–2 минут утах хэрэгтэй. Энэ эмчилгээг өдөрт 1 удаа заавал хийнэ.

Хүүхдийн байгууллагад АЗЦХӨ-өөс урьдчилан сэргийлэхэд «Олбас» тосны үзүүлэх эмнэл зүйн нөлөөг үнэлэх зорилгоор 3–7 насны 100 хүүхдийн дунд харьцуулсан судалгаа хийсэн юм. Ингэхдээ, өдөр бүхэн жижигхэн хөвөнд «Олбас» тос шингээгээд (5 дусал), цэцэрлэгийн өрөөний радиатор дээр тавин үндсэн бүлгийн хүүхдүүдийг утаж байсан бөгөөд энэ аргыг 2 сарын турш хэрэглэж, нийтдээ 3 сарын хугацаанд ажиглалаа. Хяналтын бүлгийн хүүхдүүдийг эфирийн тосоор уталгүй үлдээсэн болно. Өнгөрсөн жилийн мөн үеийн халдварын үзүүлэлттэй харьцуулбал, ажиглалтын хугацаанд «Олбас» тосоор утуулаад өвчлөөгүй хүүхдүүдийн эзлэх хувь 34% болтлоо өсч, өвчний хүндрэл 2%-иар буурсан бол, хяналтын бүлгийн хүүхдүүдээс өвчлөлгүй, эрүүл үлдсэн хүүхэд байхгүй. Ноднингийн мөн үеийн халдварын үзүүлэлттэй харьцуулахад, «Олбас» тосоор утсанаар АЗЦХӨ-ий гаралтыг 16%, өвчний үгдрэл хүндрэлийг 3%-иар тус тус буурч байв. «Олбас» тос, үндсэн бүлгийн хүүхдүүдийн 98% хувьд нь сайн зохиж байсан ч, 2 хүүхдийн арьсанд тууралт гарч, харшлын урвал илэрсэн тул уг бэлдмэлийг өөрчлөх шаардлага гарч байлаа. Хүүхдүүдийг «Олбас» тосоор утах арга нь хэрэглэхэд хамгийн тохиромжтойг цэцэрлэгийн багш, хүмүүжүүлэгчид онцлон үнэлсэн юм.

Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагуудад амьсгалын замын цочмог халдвараас урьдчилан сэргийлэх үндсэн хэрэгсэл болгон «Олбас» тосыг хэрэглэж байх нь зүйтэйг, бидний судалгааны дүнд харуулж байна.

– АЗЦХӨ-ий урьдчилан сэргийлэлт болоод халдварт ринитийн эмчилгээнд эфирийн тосыг хэрэглэхийг хориглосон заалт байдаг уу? Хэдэн настайгаас «Олбас» тосыг хэрэглэвэл зохих вэ?

– Эфирийн тосны нийлмэл бэлдмэл «Олбас» тос нь үр дүн сайтай төдийгүй хүүхдэд ямар ч аюулгүй бэлдмэл мөн. Ийм учраас, уг тосыг 3 сартай хүүхдээс эхлээд аль ч насны хүмүүст амьсгалын замын цочмог халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болно. Ханиад шуухнианаас шалтгаалсан ринит буюу хөхүүл хүүхдийн ринофарингитийн эмчилгээнд «Олбас» тосыг дагнан хэрэглэвэл үр дүнтэй сайтайг судалгааны олон тоо баримт баталлаа. Ялангуяа, «Олбас» тосоор утах аргыг хэрэглэсэн үед өвчний үргэлжлэх дундаж хугацаа 4,4 хоног байхад, хамрын дусаалга дусаах нийтлэг аргыг хэрэглэсэн үед өвчний үргэлжлэх дундаж хугацаа 5,2 хоног байгаа юм. Өөр нэг давуу тал нь, «Олбас» тос ямар ч сөрөг нөлөө, гаж урвал үүсгэдэггүй. Ханиад шуухнианаас шалтгаалсан ринит буюу хөхүүл хүүхдийн ринофарингитийн эмчилгээнд «Олбас» тосыг хэрэглэсний эцсийн үр дүнг үнэлбэл, нийт эмчилгээний 92%-д нь онц буюу сайн, 8%-д нь дунд зэргийн нөлөө үзүүлсэн байна.

– Эфирийн тосны нийлмэл бэлдмэл «Олбас» тосыг ямар хүмүүс, хэзээ хэрэглэж байх нь зүйтэй вэ?

– Хүүхэд 3 сартай болсноос хойш, ханиад шуухнианаас шалтгаалсан ринитийн эмчилгээнд «Олбас» тосыг хэрэглэж болно. Ялангуяа, эмийг хамарт нь шууд хэрэглэх боломжгүй өвчтөнүүдийг «Олбас» тосоор утах нь хамгийн тохиромжтой бөгөөд урьдчилан сэргийлэх зорилгоор энэ бэлдмэлийг ашиглахдаа, өмнө тодорхой өгүүлсэн аргуудаар хэрэглэж байх нь зүйтэй. АЗЦХӨ өвчин ихэсдэг улиралд эмнэлгийн ажилтанууд ч уг тосыг хэрэглэх сонирхолтой болж байгаа нь сүүлийн жилүүдэд ажиглагдаж байна. Түүнчлэн, эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор «Олбас» тосыг жирэмсэн эхчүүдэд амжилттай хэрэглэсэн баримт олон бий.

Эх сурвалж: “Медицинская газета” сонин, 2011 оны 2 дугаар сарын 25, ¹14 (7143), х.12

Орос хэлнээс орчуулсан Анагаах ухааны доктор Р.Туул

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич П.Нямдаваа


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2606
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК