Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2009, 2(06)
Аденовирусын халдварын тухай
( Лекц )

Ц.Мөнхцэцэг1, Д.Лхагвадолгор1, Ц.Энхмаа2

1 Улсын Клиникийн Төв Эмнэлэг, 2 Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль

 

Аденовирусын тухай ерөнхий ойлголт

Аденовирус нь Mastadenovirus, Aviadenovirus, Atadenovirus, Siadenovirus гэсэн 4 бүлгээс бүрддэг. Эдгээр нь хүнээс хүнд дамжин амьсгалын зам, нүд, ходоод гэдэс, шээс дамжуулах замын гадаргуун салст мембраныг гэмтээж өвчлүүлдэг. Аденовирус нь 50 орчим серотип буюу 6 төрөл (А-F) байна гэж үздэг ба хүүхдийн амьсгалын замын цочмог халдварын ойролцоогоор 10%-ийг эзлэж, үргэлжилсэн суулгалтын гол шалтгаан болдог.

Мөн олон тооны сүүн тэжээлтэн амьтан (сармагчин, нохой, хулган, үхэр) болон шувуунд аденовирус байдаг боловч хүнд өвчин үүсгэдэггүй.

  • A: 12, 18, 31
  • B: 3, 7, 11, 14, 16, 34, 35, 50
  • C: 1, 2, 5, 6
  • D: 8, 9, 10, 13, 15, 17, 19, 20, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 32, 33, 36, 37, 38, 39, 42, 43, 44, 45, 46, 47, 48, 49, 51
  • E: 4
  • F: 40, 41

Эдгээр серотипууд нь өөр өөр эрхтэн системыг гэмтээж олон шинж тэмдгээр илэрдэг.

  • Амьсгалын замын халдвар (ихэвчлэн HAdV-B болон C)
  • Нүдний салстын үрэвсэл (HAdV-B болон D)
  • Ходоод гэдэсний хямрал (HAdV-F серотип 40, 41)

Ходоод гэдсийг гэмтээж суулгалтыг үүсгэдэг 40 ба 41- р серотип, цусархаг циститыг үүсгэдэг 11 ба 21-р серотип, залгиур хоолой тунгалгын булчирхай, нүдний салстыг гэмтээж өндөр халууралтыг үүсгэдэг 3, 7 ба 11-р серотип, тахал хэлбэрийн гөвдрүүт тууралтат кератоконъюнктивитыг үүсгэдэг 8, 19, 37-р серотип зэрэг олон эрхтэн системыг хамарч гэмтээдэг байна.

Аденовирусын халдвар нь жилийн аль ч улиралд тохиолддог боловч өвлийн улирлын сүүлээр, хавар, зуны эхний саруудад тахал хэлбрээр олон хүнийг хамарч дэгддэг.

Аденовирусын халдвараар өвчлөөд эдгэрсэн тохиолдолд тухайн серотипын эсрэг тогтвортой, насан туршийн дархлаа тогтдог байна.

Аденовирусын шалтгаант салстын үрэвсэл

Энэ нь бүх насны хүмүүст тохиолддог. Нүдний халдварыг үүсгэж буй серотипуудын төрлөөс хамаарч 3 хэлбрээр өвчлөл үүсгэдэг. Энэ нь:

  1. Олон тооны серотипууд энгийн фолликулт конъюнктивит үүсгэх ба энэ нь ерөнхий биеийн өөрчлөлтгүй явагддаг.
  2. 3, 7-р серотипууд нь залгиур ба нүдний салстын үрэвсэл, халууралт (pharyngoconjunctival fever) үүсгэх ба энэ үед халуурах, толгой өвдөх, залгиурын үрэвсэл, фолликулт конъюнктивит, чихний урд талын лимфын булчирхай томорч эмзэглэх байдлаар тохиолдоно.
  3. 8, 19, 37-р серотипууд, субгрупп Д нь epidemic keratoconjunctivitis үүсгэх ба энэ үед эвэрлэгт үрэвсэл явагддаг. Халдвар нь 2-10 хоногийн нууц үетэй бөгөөд ихэвчлэн 2-4 долоо хоног үргэлжилнэ. Нүд нь улайж өвдсөн хүн гэр орон, ойр орчин, цэцэрлэг сургууль дээр байсан өгүүлэмжтэй байна.

Эмнэлзүй

Нүд улайх, усархаг нулимс гарах, нүд торж аргах, гэрлээс гялбах, салстад фолликул томорсон, цэгчилсэн цус харвалттай, чихний урд талын булчирхай эмзэглэлтэй байх нь энэ халдварын онцлог шинж юм. Мөн салстад жинхэнэ болон хуурамч мембран үүсч гэрлээс гялбана. Зарим үед эвэрлэгт эпителийн доогуур цэгчилсэн цайвар, жижиг инфильтратууд үүсч, эвэрлэгт цэгчилсэн эпителийн гэмтлүүд гарна. Ихэвчлэн 2 нүдний салстыг өвчлүүлэх ба анх өвдсөн талын нүдэнд эмнэлзүйн шинж тэмдэг илүү тод илэрнэ. Бүх өвчлөлийн 50%-д 7 хоногийн хугацаанд нөгөө нүд нь үрэвсдэг. Хэрэв оношлогоо, эмчилгээ оройтвол эвэрлэгийн эпителийн дор үүссэн инфильтрат нь хэдэн сараас 1-2 жил үргэлжилж, энэ нь гэрлээс гялбах шалтгаан болох ба харааг бууруулж болно.

Оношлогоо

Аденовирусыг илрүүлэх вирусологын олон арга байдаг боловч эдгээрийн эцсийн хариу нь өвчин эдгэрснээс хойш гардаг тул ач холбогдол багатай, оношлуур нь үнэтэй, одоогоор хийгдэх нөхцөл сайн бүрдээгүй байгаа тул олон улсад баримталж буй жишгийн дагуу эмнэлзүйн онцлог байдлаар (чихний урд талын лимфаденопати, фолликулын томролт, цэгчилсэн цус харвалт зэрэг) оношийг тавьж эмчилгээг эхлүүлэх шаардлагатай.

Ялган оношлогоо

Бусад нүдний салстын үрэвслээс ялган оношлоно.

Эмчилгээ

  1. Зовхинд хүйтэн жин 1 удаад 2 цагаар өдөрт 3 удаа, эхний 5-7 хоногт тавина.
  2. Судас агшаагчтай хиймэл нулимс өдөрт 4-8 удаа, эдгэрэх хүртэл нь дусаана.
  3. Халдварын эхэн үед нянгийн халдвараас сэргийлж өргөн хүрээний үйлчилгээтэй антибиотикын дусаалга өдөрт 4 удаа, хэрэв хоёрдогчоор нянгийн гаралтай халдвар үүссэн байвал эмнэлзүйн байдлаас хамаарч 6-12 удаа дусааж, халдвар буурахад аажмаар дусаалгын тоог бууруулан, нянгийн халдваргүй болсон үед зогсооно.
  4. Халдварын эхний 5-7 хоногт (вирусын репликацийг ихэсгэдэг тул) стероидын дусаалга дусаахгүй. Хэрэв дусаавал эдгэрэлт удааширдаг. Стероидын дусаалга хэрэглэх гол заалт нь салстад хуурамч болон жинхэнэ мембран үүсэх, салстад хемоз ихтэй, эвэрлэгт эпителийн доогуур цэгчилсэн цайвар инфильтрат үүсэх зэрэг нь байдаг ба энэ үед эмнэлзүйн байдлаас хамаарч стероидын дусаалгыг 6-12 удаа дусааж эмнэлзүйн байдалтай уялдуулан аажмаар дусаалгын тоог бууруулна. Хэрэв оройтож оношлогдоод эпитель доорх инфильтрат тогтоод нилээд хугацаа болсон бол стероидын дусаалгыг 8-12 удаа дусааж, дусаалгын тоог аажим бууруулан 4-6 долоо хоног үргэлжлүүлнэ.
  5. Хүнд явцтай үед витамин С 1000 мг-аар өдөрт 1 удаа, эхний долоо хоног уулгаж болно.

Анхаарах: аденовирус нь герпес вирусээс өөр бүтэцтэй, өөр бүлгийн вирус тул герпес вирусын эсрэг үйлдвэрлэгдсэн ацикловир тосыг хэрэглэх заалт байхгүй учир нь ацикловир нүдний өмнө гадаргын эсүүдэд хоруу чанартай, зовиурыг ихэсгэдэг.

Ном зүй

1. Kanski JJ: Clinical Ophthalmology. (2007).
2. Jay H.Krachmer, Mark J.Mannis, Edward J.Holland, Cornea and External Disease: Clinical Diagnosis and Management. (1997).
3. Basic and Clinical Sceince Course. External Disease and Cornea - (2004-2005).
4. Hooks JJ. Ocular virology. In: Tabbara KF, Hydink RA, editors. Infections of the Eye. 2nd ed. New York, USA: Little Brown & Co; (1996). p 99- 113.
5. Madhavan HN, Rao SK, Natarajan K, Seethalakshmi G, Jayanthi I, Roy S. Evaluation of laboratory tests for diagnosis of chalmydial infections in conjunctival specimens. Indian J Med Res (1994); 100:5-9.
6. Saitoh-Inagawa W, Oshima A, Aoki K, Itoh N, Isobe K, Uchio E, et al. Rapid diagnosis of adenoviral conjunctivitis by PCR and restriction fragment length polymorphism analysis. J Clin Microbwl (1996); 34:2113-16.
7. Madhavan HN, Biswas J, Gopal L, Sharma T. Investigations in the virological aetiology in acute retinal inflammation. Indian J Med Res (1995); 101:233-37
8. Rao SK, Madhavan HN, Prema P, Sitalakshmi G, Natarajan K, Garg D. Ocular chlamydial infections-clinicomicrobiological correlation. Cornea (1996); 15:62-65
9. Biswas J, Madhavan HN, Gopal L, Badrinath SS. Clinical features and virologic studies in viral retinitis. Indian J Ophthalmol (1995); 43:63-68
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Хянасан: Т.Булган


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3386
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК