Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2009, 2(06)
Хялар өвчний тухайд
( Лекц )

Г.Нансалмаа

Эх Нялхсын Эрдэм Шинжилгээний Төв

 

Дэлхийд судалсан байдал

Сүүлийн жилүүдэд нүдний эмч нарын анхаарлыг татаж байгаа асуудлын нэг бол хялар өвчин юм. Энэ өвчний талаар олон орнуудын эрдэмтэн судлаачид судалсаар ирсэн.

Италид хийсэн судалгаагаар 1-14 насны 21390 хялар хүүхдийн 18,7% нь гадагш хялар, 74,1% нь дотогш хялар, 0,3% нь доошоо хялар, 4.3% нь дээшээ хялар, мэс засал хийгдсэн байдал нэг булчинд 68.8%, хоёр ба түүнээс дээш булчинд 33.8%, булчин шөрмөс хавсарсан мэс засал 1.4%, булчингийн байрлал шилжүүлэх мэс засал 0.4% эзэлсэн байна. Сингапур улсад 16 буюу түүнээс доош насны хүүхдүүдээс хялар гэж оношлогдсон 682 хүүхдийн 72% нь гадагш хялар, 28% нь дотогш хялар өвчтэй байжээ [1].

Америкийн эрдэмтдийн 2005-2007 онд уугуул америк хүн амын дунд хийсэн судалгаанаас харахад 3-9,1 настай хүүхдүүдийн дунд хялар өвчин 1%-г эзэлж байгаа бөгөөд үүнээс 0,34% нь дотогш хялар, 0,66% нь гадагш хялар байна. Харин 6-27 сартай хүүхдүүдэд хийсэн судалгаанд африкийн америк хүүхдүүдэд 2.5%, Бальтимор орчмын сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд хялар өвчин нь цагаан арьстан хүүхдүүдэд 3.3%, африкийн америк хүүхдүүдэд 2.1% нь тохиолдож байна [2,3].

Minnesota мужийн 6 ба түүнээс доош насны хүүхдүүдэд 3%, Японы эрдэмтдийн судалгаагаар 6-12 насны япон хүүхдүүдэд 1,3% (Matsuo 2005), 2000-2004 онд 1.5 настай 33000 хүүхдүүдэд судалгаа хийхэд 0,04-0,10% нь, 3 настай 33000 хүүхдүүдэд судалгаа хийхэд 0,23-0,39% нь 1-6 дугаар ангийн 86220 хүүхдээс 1,29% нь хялар, 0,14% нь мохос хараатай байсан байна (2006) [4,5].

Австралид 2.7% нь хялар, үүнээс 44.4% нь дотогш, 55.6% нь гадагш хялар, Хонг-Конгод 2704 хэвтээ хялартай хүүхдүүдэд 27.4% нь дотогш хялар, 20.3% нь тогтмол гадагш хялар, 44.4% нь тогтмол бус гадагш хялар, Германд 3.5-4.5 насны 665 хүүхдийг судлахад 4.8% нь хялар (2003), Мексикийн эрдэмтдийн 709 хүүхдэд хийсэн судалгаагаар 535 нь хялрын V синдром нь 74.4%, А синдром нь 24.6% байна. Катмандуд 3 сургуулийн 1100 хүүхдэд хийсэн судалгаагаар 1.6% хялар (2003) байсан байна [6,7].

Оросын эрдэмтэн С.О.Кисловын 1994-2003 онд хийсэн судалгаагаар хялар өвчин 3,15%, В.Г.Копаевынхаар нүдний нийт өвчний дотор хялар 1.5-2%-ийг эзэлж байна [8].

Манай орны хувьд Р.Нямаа, Т.Булган нарын судалгаагаар (2002) хам хялар нь хүүхдийн насанд 2% тохиолддог тухай тэмдэглэгджээ [9]. Хялар өвчний талаар манай оронд хийсэн судалгаа хомс байгаа тул цаашид энэ өвчний өвчлөлийн байдал, үүсч буй шалтгаан, эмчилгээ, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор судалгаа, шинжилгээний ажлыг хийж, өргөтгөх шаардлагатай байгаа юм.

Хялар өвчин

Хүүхдэд тохиолдох хялар өвчний тухай товчхон дурдъяа.

Нүд хөдөлгөдөг аппаратын үйл зүй гэмтэх үед нүдний зөв байрлал, хөдөлгөөнд өөрчлөлт орж конвергенц, дивергенцийн ажиллагаа хямарна. Нүд хөдөлгөдөг аппаратын эмгэгүүдээс практикт хамгийн их тохиолддог эмгэг бол хялар өвчин юм. Хялар гэдэг нь чиглэж харсан цэгээс өрөөсөн нүдний харааны шугам зөрж хазайснаас хос хараа алдагдахыг хэлнэ.

Нүдний алимны гадна бэхлэгддэг 6 хос булчин нь нүдний хөдөлгөөнийг зохицуулж хос харааг бүрдүүлнэ (Зураг 1).

Эдгээр булчингуудад 4 гадна шулуун, 2 ташуу булчин ордог ба гадна шулуун булчинг 6-р мэдрэл, дээд шулуун булчинг 4-р мэдрэл, дээд шулуун, дотор шулуун, доод шулуун, доод ташуу булчингуудыг 3-р мэдрэл мэдрэлжүүлдэг. Дээрх булчингууд дараах үйлдлийг гүйцэтгэнэ. Үүнд:

  • дээд шулуун булчин дээш өргөх, гадагшлуулах, дотогш эргүүлэх
  • доод шулуун булчин доошлуулах, гадагшлуулах, гадагш эргүүлэх
  • дээд ташуу булчин доошлуулах, гадагшлуулах, дотогш эргүүлэх
  • доод ташуу булчин гадагшлуулах, өргөх, гадагш эргүүлэх.

Фикийн тэнхлэг нь X, Y, Z гэсэн 3 тэнхлэгтэй (Зураг 2).

Х тэнхлэг нь нүдний экваторын төвийг дайрдаг. Энэ тэнхлэгээр босоо эргэлт хийгддэг.

Ү тэнхлэг нь хүүхэн харааны төвийг дайрсан урдаас хойш чиглэлтэй сагиталь тэнхлэг юм. Энэ тэнхлэгээр нүд эргэлдэх хөдөлгөөн хийнэ.

Z тэнхлэгээр нүд хэвтээ хөдөлгөөн хийнэ.

Листингийн хавтгай гэдэг нь дээрх Z, X тэнхлэг болон эргэлтийн төвийг дайрсан хавтгай юм.

Tillaux-ийн цагираг гэдэг нь 4 шулуун булчингийн бэхлэгдсэн хэсгийг дайруулж татсан цагираг юм.

Нүдний байрлалууд (Зураг 3):

  • анхдагч байрлал: толгой эгц байрлалд байхад нүд эгц урагш харах
  • 2-догч байрлал: эгц дээш, эгц доош, баруун, зүүн тийш харах
  • 3-дагч байрлал: баруун дээш, баруун доош, зүүн дээш, зүүн доош харах
  • туслах байрлал: 3-дагч байрлал + баруун, зүүн тийш харах

Каппа өнцөг гэдэг нь хүүхэн харааны төв шугам болон харааны тэнхлэгийн хоорондох өнцөг юм. Гэрэл тусган харахад хүүхэн харааны төвд эвэрлэгийн рефлекс байрлавал Каппа өнцөг 0. Эвэрлэгийн рефлекс хүүхэн харааны төв шугамаас хамар тийш 2-4 градус хазайвал гадагш хялар үүснэ. Эсрэг тийш хазайвал дотогш хялар үүснэ. Хазайлтыг градус болон призм диоптригоор хэмжинэ.

Хос хараа гэдэг нь 2 нүдээр харж буй 2 дүрсийг нэгтгэн нийлүүлж нэг дүрс болгож харах үзэгдлийг хэлнэ. Зай, хэмжээ, хөдөлгөөний хурд, гүний хэмжээг тодорхойлох үүрэгтэй, өөрөөр хэлбэл 2 нүдний харааны талбайг өргөсгөж төвийн харааг сайжруулж өгдөг. Нэг нүдний хараа бие даасан хөгжилтэй байдаг. Үүнд 2 механизм нөлөөлнө. Үүнд:

  1. Хараа хөдөлгөөний үйл ажиллагааны эвсэл
  2. Хөдөлгөөний үйл ажиллагаа. Энэ нь нүдний 6 булчингийн үйл ажиллагаа юм. Торон бүрхүүлээс ирсэн мэдээлэл тархины дээд төвүүдэд очиж нэгдэн хос харааг үүсгэнэ.

Хам хялар нь хүүхэд насанд 2% тохиолддог. Хялар харж буй нүдний хараа муудан хос хараа алдагдах, түүгээр ч үл барам гоо зүйн үзэмж, хүүхдийн сэтгэхүйд сөргөөр нөлөөлж, нөхдөөсөө хөндий ичимтгий болгон оюун ухааны хөгжилд нь муугаар нөлөөлнө. Иймээс хам хялрыг аль болох эрт илрүүлж, бага насанд нь эмчлэх нь мохос хараа үүсэхээс урьдчилан сэргийлэх, харах чадал болон хос хараа хөгжих нөхцлийг бүрдүүлнэ.

Хам хялар дараах шалтгаанаас болж үүснэ. Хол ба ойрын харалган, төв мэдрэлийн системын эмгэг, нярайн халдварт өвчин, гэмтэл болон харааг эрс муудуулсан олон шалтгаан нөлөөлнө.

Хам хялрыг дотор нь:

  1. Аккомодацын шалтгаант
  2. Аккомодацын бус
  3. Аккомодацын шалтгаан оролцсон гэж ангилна.

Аккомодацын шалтгаант хам хялар нь ихэвчлэн 2-3 насанд анх үүсч, 2 нүдний аккомодаци, конвергенцын үйл зүйн тэнцвэр алдагддаг. Бага насны хүүхдэд ихэвчлэн гиперметропийн хугарал байдаг учир аккомодацын хүчдэл тогтмол их, үүний хамтаар конвергенцын импульс хэвийн хэмжээнээс их байдаг учир голдуу дотогшоо хялар (70%) үүсдэг. Сургуулийн ба идэр насанд миопийн хугарал элбэг байдаг учир аккомодацын хүчдэл сул, конвергенцын үйлдэх импульс суларснаас ихэвчлэн гадагш хялар үүснэ. Энэ нь саа хялраас үүдсэн гурван шинжээр ялгаатай:

  1. Нүдний хөдөлгөөн бүх чиглэлд чөлөөтэй
  2. Хялрын анхдагч өнцөг нь хоёрдогч өнцөгтэй тэнцүү. (Анхдагч өнцөг гэдэг нь хялар нүдний хазайлтын өнцөг, хоёрдогч өнцөг гэдэг нь эрүүл нүдний хазайлт юм).
  3. Хос хараа алдагдсан учир юм хоёрлож харагдахгүй.

Хам хялар өвчтэй хүүхдийг үзэхдээ эцэг, эхийн асуумж, эхийн жирэмслэлт, гэмтэл авсан эсэх, нүдний хөдөлгөөн, харах чадал, хугарлын хэлбэр, хялрын өнцөг, тусгалын байдал, торовчийн корреспонденц, мохос харааны түвшинг тогтооно.

Ном зүй

1. British Journal of Ophthalmology (2007), р1337- 1340 ,
2. Invest Ophthalmology and Vis, Sci (2008), p 49
3. Mepeos Ophthalmology (2007)
4. Ophthalmic epidemiology (2005)
5. Invest Ophthalmology and Vis, Sci (2006); p47
6. Invest Ophthalmology and Vis, Sci (2003) p44
7. British Journal of Ophthalmology (2003), p531- 534
8. С.О. Кислов Глазные болезни (2002)
9. Р. Нямаа, Т. Булган “Нүдний өвчин” (2002), р96-97
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Хянасан: Т.Анара


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3328
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК