Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2009, 2(06)
Сул хараа
( Лекц )

Т.Гэрэл1, Т.Булган2

1 “City Optic” хараа зүйн газар, 2 Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль

 

Сул хараатай өвчтөн

Хойд Америкт сохролыг холын харааны чадал эсвэл харааны талбайн цар хүрээ эсвэл энэ хоёр үзүүлэлтийн аль алинийг нь баримтлан үнэлдэг. Сайн нүдний холын харааны чадал коррекц хийсний дараа 20/200 (6/60) буюу түүнээс бага бол “сохор” гэж ангилдаг. Түүнчлэн сайн нүдний харааны талбайн хамгийн өргөн хязгаар нь 20 хэмээс бага бол мөн энэ ангилалд оруулдаг. “Cохор” гэсэн оноштой хүмүүс засгийн газраас тодорхой хэмжээний тэтгэлэг авдаг.

Сул хараа гэдэг нь хэвийн хэмжээнээс доогуур хараа бөгөөд харааны чадлын бууралттай ижил юм. Энэ нь ямар нэг мэс засал болон эмийн эмчилгээний арга, ердийн рефракцын аргаар засрах боломжгүйгээр харааны үйл ажиллагаа буурахыг хэлнэ. Харааны үйл ажиллагаа буурах нь ихэвчлэн харааны талбай багасах, харааны чадал хэвийн хэмжээнээс доогуур болох клиник шинж тэмдэгээр илэрдэг. Энэ үед мөн контраст хараа алдагддаг. Сул харааны нарийн тогтсон индекс байдаггүй. Ерөнхийдөө хамгийн сайн засрал авч байгаа холын харааны чадал нь 20/50-20/70 (6/15-6/21) бол уг өвчтөнийг сул хараатай гэж хэлнэ. Мөн түүнчлэн сул хараатай хүний харааны талбайн хувьд мөн тодорхой нарийн зааг, үзүүлэлт байдаггүй. Ихэнхи газар жолоо барьж байгаа хүний сайн нүдний харааны талбайн цар хүрээ хөндлөн тэнхлэгтээ 120 хэмээс багагүй байхыг шаарддаг. Зарим сул хараатай өвчтөнүүдэд харааны чадал, харааны талбай бараг хэвийн боловч контраст хараа буурсан тохиолдол байдаг. Мөн сул хараатай өвчтөнд өнгөт хараа, харанхуйд дасах хугацаа, хос хараа зэрэг харааны үйл ажиллагаанууд алдагддаг. Сул хараатай өвчтөнд Miller-Nadler-ийн эсвэл BAT Acuity Meter-ийн гялбалтын сорилыг хийнэ.

Хараа нөхөн сэргээх талаархи ном хэвлэлүүдэд сул харааны талаар хэд хэдэн нэр томъёонууд өргөн хэрэглэгддэг. Үүнд: нүдний эмгэг, харах үйл ажиллагаа дордох, харах үйл ажиллагаа алдагдах, харааны бэрхшээл гэх мэт. Lovie-Kitchin, Bowman нар нүдний хэвийн бүтцийг алдагдуулсан өвчин, гэмтэл, төрөлхийн гажгийг “нүдний эмгэг” гэж тодорхойлсон байдаг. Нэг буюу түүнээс дээш харах үйл ажиллагаа ойролцоо насны хүн амын хэвийн үзүүлэлттэй харьцуулахад хэмжигдэхүйцээр буурахыг харах үйл ажиллагаа дордсон гэж үзнэ. Эдгээрт харааны чадал, харааны талбай, контраст хараа, өнгөт хараа, харанхуйд дасах хугацаа зэрэг үйл ажиллагаа орно. “Харах үйл ажиллагааны алдалт” гэж дээрх функцууд хязгаарлагдаж, ингэснээр тухайн хүний амьдралын хэв маягт нөлөөлөхийг хэлнэ. “Харааны бэрхшээл” гэж харах үйл ажиллагааны алдагдалтай холбоотойгоор тухайн хүнд тулгарч буй нийгэм, сэтгэлзүй болон эдийн засгийн бэрхшээлүүдийг хэлнэ.

Нийт хүн амын ойролцоогоор 0.2% нь сохор, 1% нь сул хараатай байдаг гэсэн тооцоо байдаг (Faye, 1984). Барууны орнуудад сул харааны тархацын талаар хийсэн олон судалгааны ажилууд байдаг. Ихэнхи судалгаагаар нийт сул хараатай өвчтөнүүдийн бараг тал хувьд нь наснаас хамааралтай макулопатийн улмаас сул хараатай болох нь тогтоогдсон. Гамбия улсад болрын цайлт ба засаагүй афаки нь сохролын гол шалтгаан буюу нийт сохролын 55%-г эзэлж байна. Энэ судалгаагаар наснаас хамааралтай макулопати огт илрээгүй байна (Faal et al., 1989). Yap нарын судалгаагаар Гонконгд 100.000 хүн тутмын нэг хүн наснаас хамааралтай макулопатийн улмаас сохор байна.

Avon-ний судалгаагаар Англид наснаас хамааралтай макулопатийн тархалт ойролцоогоор 100.000-д 21 байна (Grey 1989). Үүнээс харахад наснаас хамааралтай макулопати нь Азид Европ, Хойд Америктай харьцуулахад бага байна. Барууны орнуудад настайчуудын тоо нэмэгдэх тутам сул харааны үйлчилгээний шаардлага улам өсөж байна.

Сул хараатай өвчтөний үзлэг

Өвчний түүх

Сул хараатай өвчтөнийг үзэхдээ асуумж авах нь их чухал хэсэг. Сул харааны клиникуудэд үйлчлүүлэгчдийн нийгэм сэтгэхүйн болон боловсролын талын асуудлыг голдуу эрүүл мэндийн чиглэлээр мэргэжсэн нийгмийн ажилтанууд хариуцан ажилладаг. Сул хараатай өвчтөнүүдэд голдуу бие дааж амьдрах болон сэтгэлзүйн асуудлууд тулгардаг тул нарийн мэргэжилтнүүдийн анхаарал, оролцоо шаардлагатай байдаг. Үзлэгийн үеээр сул харааны байдлыг үүсгэж буй нүдний эмгэг, өвчин үргэлжилсэн хугацаа, нүдний эмч нарын өмнө нь хийсэн, одоо хийж буй, ирээдүйд төлөвлөсөн эмчилгээ болон бусад мэдээлэл цуглуулна.

Өвчтөнд өвчний түүхийнхээ талаар ярих боломж өгөх ба эмч чиглүүлж ярилцах нь чухал. Эхлээд өвчтөний эмнэлэгт ирсэн зорилго, хүлээж буй үр дүнг эмч асууж мэдэх хэрэгтэй. Хэрэв хүлээж буй үр дүн нь боломжгүй бол өвчтөнд энэ тухай зөв ойлголт өгч, эмчилгээний хязгаарлагдмал байдлын талаар тайлбарлаж өгөх хэрэгтэй.

Сул хараатай өвчтөний нөхөн сэргээлт амжилттай болох нь 3 хүчин зүйлээс хамаардаг. Үүнд:

  • эмчийн мэдлэг, чадвар, туршлага
  • өвчтөн өөрийн байдлыг хүлээн зөвшөөрөх
  • шаардлагатай, тохиромжтой сул харааны тусламжийн хэрэгслийн хангалт

Энэ 3 гол хүчин зүйлгүйгээр сул хараатай өвчтөнд нөхөн сэргээлт хийх нь хүдрэлтэй байдаг.

Сул харааны эмчилгээ амжилттай болох эсэх нь өвчтөний тухайн үеийн сэтгэл санааны байдлаас ихээхэн хамаарна. Яг ижил нүдний эмгэгтэй өвчтөнд нэг эмч ижил эмчилгээ хийхэд өвчтөний сэтгэл санааны байдлаас хамаараад их ялгаатай үр дүн гарах нь байдаг. Тиймээс эмч маш сайн харилцааны чадвартай байх ёстой. Томоохон клиникуудэд сул харааны эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүдэд туслаж, ярилцдаг тусгай нийгмийн ажилтанууд байдаг. Хамгийн сайн засрал өгч буй шилтэй харах чадал нь 20/1200 (6/360) эсвэл харааны талбай нилээд хязгаарлагдмал болсон үед өвчтөн орчиндоо баримжаалах чадваргүй болдог. Ийм тохиолдолд өвчтөнд таяг хэрэглэхийг зөвлөнө. Зааварлагч өвчтөнд таяг хэрэглэхийн нийгэм сэтгэхүйн ач холбогдолыг тайлбарлаж өгнө. Эмнэлгийн нийгмийн ажилтан өвчтөнд сул хараа, сохор, бүрэн сохролын ялгааг тайлбарлаж өгөх хэрэгтэй. Өвчтөн өөрөө сул хараатайгаа хүлээн зөвшөөрөх нь харааны нөхөн сэргээх процессын нэг хэсэг юм.

Сул хараатай өвчтөнүүд голдуу бүрэлзэх, гялбах, контраст хараа буурах, харааны талбай нарийсах зэрэг зовиуртай байдаг.

Харааны чадал

Сул харааны чухал үзүүлэлтүүдийн нэг бол үлдэгдэл харааны чадал юм. Sloan-ний (1959) logMAR-ийн хүснэгт, Bailey Lovie (1976), Regan (1988), Waterloo (1985)-ийн их сургуулийн logMAR-ийн хүснэгт зэрэг тусгай зориулалтын хэрэгслүүд болон Feinbloom-ийн сул харааны тоот хүснэгт нь сул хараатай өвчтөний холын харааг шалгахад өргөн хэрэглэгддэг. Ойрын харааг шалгахдаа ихэвчлэн өндөр контрасттай, үргэлжилсэн текст уншуулдаг. Хараа шалгах үед холын болон ойрын хараа шалгах хүснэгтийн гэрэлтүүлгийн түвшин нь 130-215 lux байх ёстой. Eldred (1992)-ийн судалгаагаар наснаас хамааралтай макулопатитай 18 өвчтөний 11 нь гэрэлтүүлэгийн түвшин 5920-7534 lux байх нь тохиромжтой байна гэж үзсэн байна. Гэтэл зарим өвчтөнд тухайлбал, альбинизм, арын субкапсуляр катаракттай өвчтөнд гэрэлтүүлэг бага байвал харааны чадал арай дээр байдаг. Өвчтөн хяналтанд үзүүлэхээр ирэх бүрд нэг ижил хүснэгт хэрэглэвэл харааны чадлын өөрчлөлтийг зөв хянах боломжтой. Үлдэгдэл харааны чадлаас хамаарч томруулагч хэрэгслийг сонгоно.

Ойрын хараа шалгахад Англи, Австрали, Канадад “N” тэмдэглэгээг хэрэглэдэг бол Америкт ихэвчлэн “M” тэмдэглэгээг хэрэглэдэг. “M” тэмдэглэгээг дэлхий даяар стандарт болгон хэрэглэдэг.

Заримдаа сул хараатай өвчтөний үлдэгдэл харааны чадлыг хуруу тоолуулах, гэрэл мэдрэх байдлаар, гарын хөдөлгөөн зэргээр үнэлдэг. Болж өгвөл ийм үнэлгээнээс зайлсхийх хэрэгтэй. Feinbloom-ийн хүснэгтийн хамгийн том тоонуудыг ойрын зайнаас харахгүй байвал гэрэл мэдрэх байдлаар үнэлж болно. Гарны хөдөлгөөнөөр торлогийн захын хэсгийг үнэлэхэд тохиромжтой.

Харааны талбай

Харааны талбай гэж өгөгдсөн цэгрүү ширтсэн үед нүдэнд харагдаж буй талбайг хэлнэ. Энэ нь хэвийн үед дээшээ 60, доошоо 75, хамар талдаа 60, шанаан талд 100 градус байдаг. Торлогийн эмгэгүүд үүнд: глауком, харааны мэдрэлийн замын эмгэгийг илрүүлэхэд харааны талбайг шалгадаг. Шар толбо орчмын эмгэгийг эрт илрүүлэхэд Амслерийн тест ач холбогдолтой.

Контраст хараа

Сул хараатай өвчтөний үлдэгдэл харааны үйл ажиллагааг шалгахад контраст харааг шалгах нь чухал. Контраст харааг шалгах сүүлийн үеийн аргуудаар харах ажиллагааны бууралтын төрөл бүрийн хэлбрүүдийг ялган оношлох боломжтой төдийгүй сул хараатай өвчтөнд олон төрлийн оптикын хэрэгсэл, шүүлтүүр, гэрэлтүүлгийн түвшиний өөрчлөлтөөс хамгийн тохиромжтойг нь илрүүлэх боломжтой.

Одоогоор сохролыг зөвхөн харааны чадал ба харааны талбайн байдлаар үнэлдэг боловч эдгээр үзүүлэлтэнд бараг өөрчлөлт гараагүй үед контраст хараа их хэмжээгээр буурсан байх тохиолдолууд гардаг. Сул хараатай өвчтөний үлдэгдэл харааны чадлаас үүдэн контраст харааг тааварлах боломжгүй юм.

Харин контраст хараанаас хамаарч сул харааны тусламжийн хэрэгсэл хир үр дүнтэй байхыг тааварлах боломжтой. Тухайлбал, томруулагч хэрэгслийг ашиглан өвчтөний унших хурдыг контраст харааны үйл ажиллагаанаас мэдэж болно (Leat & Woodhouse, 1993). Контраст харааг шалгах хэд хэдэн төрлийн хүснэгтүүдийг клиникт хэрэглэж байна. Үүнд: Pelli-Robson-ий хүснэгт, Regan-ий болон Bailey Lovie-гийн сул контрасттай хүснэгт гэх мэт.

Өнгөт хараа

Сул харааны үед өнгөт хараа мөн алдагддаг. Сул харааны клиникт өнгөт харааг оношлохдоо Farnsworth Dichotomous-ийн сорилыг өргөн хэрэглэдэг. Стандарт ба том гэсэн 2 янзын хэмжээтэй байдаг. Bowman энэ сорилыг өнгө ялгах чадварын өөрчлөлтийг эрт илрүүлэхэд хангалттай бус гэж дүгнэсэн (1978) хэдий ч сул харааны үед ихэвчлэн их хэмжээний өөрчлөлт гардаг. Харааны чадал 20/40-аас бага үед, наснаас хамааралтай макулопатийн үед элбэг тохиолддог тритан хэлбэрийн дефектыг илрүүлэхэд энэ сорил ач холбогдол бүхий юм.

Сул хараатай хүүхдүүдийн өнгөт харааны алдагдлын хэлбэр болон зэрэгт илүү анхаарах нь чухал. Учир нь тэдэнд зориулсан боловсрол, сургалтын материалыг бэлтгэхэд дээрх байдлыг анхаарах учиртай.

Рефракци

Шил зүүдэг бусад хүмүүсийн адил сул хараатай өвчтөнүүдэд мөн тодорхой давтамжтайгаар үзлэг хийж шаардлагатай бол шилний жорыг шинэчилнэ. Сул хараатай өвчтөнүүдэд хүүхэн хараа жижиг, тунгалаг орчнууд бүдэгшсэн байдаг тул эвэрлэгийн астигматизмыг тодорхойлоход кератометр ашиглах нь чухал. Объектив болон сүбъектив аргаар үзэхдээ сул хараатай өвчтөний үзлэгийн үед фороптор ашиглах хэрэггүй.

Рефракци тодорхойлох объектив аргуудаас нилээд ач холбогдолтой нь радикал ретиноскопи ба энэ үед ажлын зайг багасгаж 50 см-ээс бага болгодог. Ажлын зай илүү ойр байх тутам дүрс илүү тодорч торлогийн рефлекс сайн ялгардаг. Гэвч ретиноскопын нарийвчлал багасдаг. Рефракци тодорхойлох субъектив олон арга байдаг. Өвчтөний үлдэгдэл харааны чадлаас хамааран сфер шилний хүчийг том алхмаар нэмнэ.

Сул хараатай өвчтөний астигматизмын хүч ба градусыг олохдоо +/-1.00 DC гар кросс цилиндрыг хэрэглэнэ. Ердийн Jackson-ий кросс цилиндр нь +/-0.25, +/-0.5DC байдаг тул хэрэглэх нь тохиромжгүй. Гэхдээ энэ нь үлдэгдэл харааны чадлаас хамаарах ба өвчтөний харааны чадал 20/200 ба түүнээс доош бол +/-1.00 кросс цилиндр, 20/40-20/100 бол +/-0.50DC кросс цилиндр хэрэглэж болох юм.

Сул, хүчтэй телескоп оптометрыг хэрэглэснээр сферын хүчийг хурдан хугацаанд олж субъектив рефракци хийх хугацааг богиносгох боломжтой.

Заримдаа сул хараатай өвчтөний хугарлын гажгийг ердийн рефракцын аргуудыг хэрэглэн тодорхойлох боломжгүй байдаг.

Сул харааны тусламжийн хэрэгсэл

Сул харааны тусламжийн хэрэгслийг тохируулж өгөхийн зорилго нь тухайн өвчтөн өөрийн үлдэгдэл харааг илүү үр дүнтэйгээр ашиглах боломжийг олгох явдал юм. Тааруулж өгсөн тусламжийн хэрэгслүүд харах үйл ажиллагааны бууралтыг зассанаар түүнийг алдалтаас сэргийлнэ. Төрөл бүрийн сул харааны тусламжийн хэрэгслүүд байдаг. Ойрын хараанд зориулагдсан нүдний шил, микроскоп, телемикроскоп, томруулагч шилнүүд, (гар, суурьтай, гэрэлтүүлэгтэй).

Холын хараанд зориулагдсан нүдний шилэнд суурьлуулсан телескоп, нэг болон хоёр нүдний дуран болон тухайн хүнд зориулан хийсэн төрөл бүрийн телескопууд хамаарна. Сул харааны хэрэгслийг тааруулахдаа гол нь томруулалтыг илүү анхаарах нь зүйтэй.

Томруулалт

Харж буй дүрсийн томруулалт нь тухайн хэрэгслийн өнцгийн томруулалтаас хамаарна. Энэ нь томруулагч хэрэгсэлтэйгээр харж буй дүрсийн өнцгийн томруулалтын тоон хэмжээг томруулагч хэрэгсэлгүйгээр харж буй дүрсийн өнцөгтэй харьцуулсан харьцаа юм. Тухайлбал телескопын өнцгийн томруулалт нь нүдний хэсгүүдийн фокусын хүч ба линзын фокусын хүчээс хамаарна.

Mt = - Fe/ Fo

  • Mt - тодорхой зайнд байрлаж буй телескопын өнцгийн томруулалт
  • Fe - нүдний хэсгүүдийн фокусын хүч диоптригоор
  • Fo - линзын фокусын хүч диоптригоор

Телескопоор алсын зайнд харж буй үед дүрсийн өнцгийн хэмжээ томордоггүй. Бодит зай буюу харж буй зай ч гэсэн өөрчлөгдөхгүй. Тэгэхээр өнцгийн томруулалт гэж яг ийм тусгай нөхцөл дэхь томруулалтыг хэлдэг юм.

Хэмжээнээс хамааралтай томруулалт гэдэг нь тухайн биетийн хэмжээг томсгохыг хэлнэ. Зайнаас хамааралтай томруулалт гэдэг нь нүд болон тухайн биет хоорондын зайг багасгахыг хэлнэ. Жишээлбэл, тухайн биет 40 см-ийн зайнд байхад үүнийг 2 дахин ойртуулна гэсэн үг.

Тухайн дүрс эсвэл бичгийн хэмжээг 2 дахин томруулсанаар сул хараатай өвчтөний харах боломжийг шийдэж өгч байгаа юм. Жишээлбэл, 2М хэмжээг харах чадвартай өвчтөн 1М хэмжээтэй бичгийг уншина гэвэл 2 дахин томруулдаг шил хэрэглэнэ гэсэн үг. Өнөөдрийн электрон технологийг ашигласанаар бичгийг 2 дахин томруулах нь маш хялбар зүйл. Мөн хэмжээнээс хамааралтай томруулалтыг компьютерийн тусгай программ болон том дэлгэцийг ашигласанаар шийдвэрлэх боломжтой.

Том дэлгэцийн зурагтын систем нь мөн ийм зарчмаар ажилладаг.

Томруулалтын нэг хэлбэр болох сул харааны тусламжийн хэрэгсэл нь өнцгийн томруулалтыг үүсгэнэ. Оптикын хэрэгслүүдийн (телескоп, микроскоп) өнцгийн томруулалт өөрчлөгдөж байдаг.

Ойрд буй биетийг зайнаас хамааралтай томруулалтаар харах нэг арга бол гар болон суурьтай томруулагч шил ашиглах явдал юм. Тухайлбал, +4.00 DS хүчтэй томруулагч шилээр 25 см-ийн зайнд буй биетийг харахад 1 дахин томруулна.

Msm = Fsm/4

  • Msm - жирийн микроскопоор 25 см-аас бага зайнд байрлаж байгаа биетийг харахад үүсч буй зайнаас хамааралтай томруулалт
  • Fsm - томруулагч шил болон жирийн микроскопны хүч диоптригоор

Энэ томъёог клиникийн практикт хэргэлэхэд илүү дөхөм болгох нэг арга бол өвчтөний ажлын зайнд тохируулан томруулалтыг стандартчлах явдал юм. Жишээ нь өвчтөний ажиллах зай нь 25 биш 40 см байвал (+) 4-ийн оронд (+) 2.5-г хэрэглэж болно. 40 см-т харах чадал нь 20/200 боловч сонин уншихийн тулд харааны чадал 20/50 байх шаардлагатай байвал түүнд 4 дахин томруулалт хэрэгтэй болно.

Туршлагатай эмч зохистой хэрэгслийг сонгож томруулалтын хэлбрүүдийг оновчтойгоор хавсруулан хэрэглэж чаддаг. Тухайлбал, 10 дахин томруулалт шаардлагатай сул хараатай өвчтөн дэлгэцэн дээрээ хэмжээний томруулалтыг үүсгэх боломжтой том дэлгэцийн зурагтын системд пресбиопийг засах ойрын харааны шилээ зүүн дэлгэцэнд 40 см-ээс бага зайд ойртсоноор зайнаас хамааралт томруулалт, хэмжээнээс хамааралт томруулалтыг хавсруулан хэрэглэж үр дүнд хүрч болох юм.

Ойрын хараанд зориулсан сул харааны хэрэгслийг тохируулах нь

Хамгийн элбэг хэрэглэдэг нь өндөр хүчтэй нэмэх шилнүүд юм. Аккомодацын байдал, хугарлын гажиг, ажлын зай зэргийг харгалзан тохируулна. 2 нүдэнд хоёуланд нь зэрэг +10-аас дээш шил бараг өгдөггүй. Гэвч хоёр нүд хоёулаа өндөр нэмэх шилээр харах үед харах талбай ихсэж, орон зайн баримжаа ба харааны чадал төдийгүй гоо зүйн хувьд ч эвтэйхэн байна.

Гар томруулагч шил нь зөөж тээвэрлэх болон хэрэглэхэд энгийн. Томруулагч шил, биетийн хоорондын зайг чөлөөтэй өөрчлөх боломжтой. Нүд болон линз хоорондын зайнаас хамааран харах талбай өөрчлөгдөнө.

Суурьтай томруулагч шил нь мөн өндөр хүчтэй нэмэх шилний нэг хэлбэр. Эдгээр асферик линзууд нь жирийн нүдний шилнээс илүү том диаметртэй байх ба гэрэл үүсгэвэртэй байж болно. 3-15 дахин томруулах боломжтой. Томруулалт нь өндөр байх тусмаа шилний диаметр нь багасна. Аметроп, пресбиопитой өвчтөнүүдэд ойрын харааны шил эсвэл давхар хараатай шилээ зүүгээд томруулагч шилээ хэрхэн зөв хэрэглэх талаар зааж өгөх ёстой.

Телемикроскоп буюу 2 нүдний дуран хэлбэрийн сул харааны хэрэгсэл байдаг. Ийм төрлийн хэрэгслийг нүд болон шүдний мэс заслын үед хэрэглэдэг. Томруулалт нь 3-8 хооронд байх ба харах талбай хязгаарлагдмал байдаг. Ийм төрлийн хэрэгсэл дундаж зайнд буюу хөзөр тоглох, компьютер дээр ажиллах зэргийн үед тохиромжтой.

Телескопыг тааруулах нь

Ихэнхи сул хараатай өвчтөнүүд ойрд зориулсан сул харааны хэрэгслийг л түлхүү хэрэглэдэг боловч өөр төрлийн хэрэгслийг үр дүнтэй хэрэглэх боломжтой өвчтөнүүдэд телескопыг зөвөлдөг.

Нүдний шилэнд суурьлуулсан телескоп

Сул D буюу 1.7-2.5 өсгөлттэй телескопыг сул хараатай өвчтөн зурагт үзэхдээ хэрэглэхэд тохиромжтой байдаг. Сул хараатай өвчтөний үлдэгдэл хараа болон хийхийг хүссэн үйлдлээс шаардагдах томруулалтын зэрэг хамаарна.

Гэвч ихэнхдээ сул D телескопыг зөвөлдөг. Учир нь харах талбай нь их, харж буй дүрсийн хөдөлгөөн нь харьцангуй бага.

Ийм телескопыг нүдний шилэнд нэг ба хосоор нь суурилуулан хэрэглэж болно.

Ихэнхи холын хараанд зориулсан сул харааны хэрэгслийн өсгөлт нь 2-6 дахин байдаг.

Гар телескоп

Гар телескоп нэг нүдэнд зориулагдсан байдаг. Энэ нь голдуу зөвхөн нэг зүйлрүү чиглэж харахад тухайлбал, замын тэмдэг харах, автобусны дугаар харах гэх мэт үед хэрэглэгдэнэ. Томруулалт нь 1.8-10 дахин байдаг.

Эмчид өсгөлт болон харах талбайгаараа ялгаатай хэд хэдэн телескоп байх хэрэгтэй ба өвчтөн ийм хэрэгсэл авахаасаа өмнө эмчийн телескопыг хэрэглэж турших хэрэгтэй байдаг. Томоохон нөхөн сэргээх клиникууд дээр телескопыг бага зэргийн төлбөртэйгээр өвчтөнд хэдэн 7 хоногоор зээлдүүлдэг ба энэ хооронд өвчтөн худалдаж авах талаар шийдвэр гаргадаг. Галилейн контакт линзэн телескоп гэж байдаг.

Харааны талбайн эмгэгийн менежмент

Сул харааны үе дэхь харааны талбайн эмгэгийн үед Фреснелийн призм болон ердийн шилэн призмуудыг оптикын коррекцын хэрэгсэл маягаар ашигладаг. Торлогийн нөлсөөжилтийн үед харааны талбай хязгаарлагдмал болох, гемианопси зэргийн үед харааны талбайн эмгэгийг эмчлэхэд Фреснелийн призм үр дүнтэй байдаг. Призм нь харааны талбайг томсгохгүй боловч өвчтөний нүдийг призмруу хөдөлгөсөнөөр биетийг тусгаж авах чадварыг нэмэгдүүлдэг.

Призмын хүч нь 12-30 призм байдаг. Призмын хүч, призмын суурийн чиглэл, призмын хэмжээ, нүдний шилэн дэхь призмийн байрлал зэрэг нь маш чухал.

Том дэлгэцийн зурагтын систем (ТДТС)

Ойрын зайн ердийн сул харааны хэрэгслүүд нь голдуу 10 дахин хүртэл томруулдаг. 10-аас их томруулбал сөрөг талууд гарч ирдэг. Үүнд: харааны талбай багасах, оптикын хазайлт ихсэх г.м. Харин ТДТС нь ямар нэг оптикын хазайлтгүйгээр 60 дахин хүртэл томруулдаг.

Энэ систем зурагтын дэлгэц, томруулагч линз, зурагтын камер, X-Y тавцан, зурагттай холбогдсон гэрэл үүсгэвэр зэргээс тогтоно. Мөн түүнчлэн гялбалтыг бууруулах туйлшруулагч, X-Y тавцанг залах хөл гишгүүр, дэлгэцэн дээрхи хэрэггүй мэдээллийг хориглодог цахилгаан цонх зэрэг байдаг. Энэ систем нь биетийг видео камераар харж бодит дүрсийг зурагтын дэлгэцэн дээр үзүүлнэ.

Сул хараатай өвчтөн бүрт унших хурд нь харилцан адилгүй байдаг. Lovie Kitchin ба Woo нарынхаар ТДТС дээр өсгөлтийг хамгийн бага дээр тавьж унших талбайн хэмжээг хамгийн их дээр тохируулсан үед унших хурд минутанд 75 ба түүнээс дээш байна гэсэн үг.

Ерөнхийдөө ТДТС хэргэлэх үед хэмжээнээс хамааралт, зайнаас хамааралт гэсэн 2 төрлийн томруулалтын хэлбэр явагдана. Харин ТДТС-г ойрын харааны шил болон телемикроскопыг хэрэглэн харж буй үед өнцгийн томруулалт нэмэгдэнэ.

Хэдийгээр сул хараатай олон өвчтөнүүд оптикын сул харааны хэрэгсэл ба ТДТС аль алинаар нь уншиж чаддаг боловч хараах үйл ажиллагаа нилээд буурсан өндөр өсгөлт шаардлагатай өвчтөнүүдэд оптикын хэрэгслүүдээс хамгийн тохиромжтой нь ТДТС юм.

Ном зүй

1. William J.Benjamin: 1998.Borish’s clinical refraction
2. Bailey IL: 1978a. Refracting low vision patients. Optom Monthly 69: 519-523
3. Bailey IL: 1980a. Magnification for near vision. Optom Monthly 71: 119-122
4. Cheng D: 1995. Telescopic refraction. M.Sc. thesis. University of Waterloo, pp99-100
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Хянасан: Т.Анара


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3333
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК