Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2009, 2(06)
Амнион мембран шилжүүлэн суулгалт
( Лекц )

Орчуулсан: Ц.Мөнхцэцэг1, С.Энхтуул1, Б.Мөнххишиг2, Л.Батсолонго2

1 УКТЭ, НСК, 2 ЭМШУИС

 
Абстракт

Амнион мембраны шилжүүлэн суулгалт нь сүүлийн үед нүдний өвчний практикт хэрэглэгдэх нь улам ихэссээр байна. Энэ арга нь нүдний гадаргууг нөхөн сэргээх үр дүнтэй арга болох нь тогтоогдож олон нийтийн анхаарлыг ихэд татаж байгаа юм. Амнион мембран нь олон төрлийн онцлог шинж чанаруудыг агуулдаг. Үүнд: эпитель эсийн нүүдлийг дэмжих, суурь эсийн наалдамхай чанарыг хангах, эпитель эсийн ялгаран хөгжихийг идэвхжүүлэх г.м. Стромын сорвийг өөрчилдөг чадвар болон үрэвслийн эсрэг үйлчилгээ нь түүнийг нүдний гадаргуун эмгэгийн эмчилгээ болон лимбын үүдэл эсийн графттай хавсарч хэрэглэхэд тохиромжтой болгосон байна.

Амнион мембраныг шилжүүлэн суулгах мэс заслыг байнгын эпителийн дефект, лимбын үүдэл эсийн хэсэгчилсэн дутмагшил, буллёз кератопати болон эвэрлэг-склерын шархлааны үед нүдний гадаргууг нөхөн сэргээх зорилгоор хэрэглэдэг байсан. Мөн үүнийг лимбын үүдэл эсийн бүрэн дутмагшлын үед лимбын үүдэл эсийг шилжүүлэн суулгах мэс засалд хэрэглэдэг. Амнион мембраны графтыг мөн птеригиумын мэс засал, салстын гэмтэл болон симблефароны үеийн салстын дефектыг нөхөн сэргээх мэс засалд үр дүнтэй хэрэглэсэн байна. Хамгийн сүүлийн үед амнион мембраныг лимб, эвэрлэг болон салстын эпитель эсийг лабораторын нөхцөлд ургуулах субстрат болгон ашиглаж байна.

Энд бид амнион мембран шилжүүлэн суулгах мэс заслын хэрэглээ болон үр дүнгийн талаарх орчин үеийн ном, хэвлэлийн мэдээллийг тоймлож байгаа юм.

Амнион мембраныг шилжүүлэн суулгах мэс заслыг байнгын эпителийн дефект (PED), хаврын кератоконъюнктивитын үеийн эвэрлэгийн төвийн шархлаа, лимбын үүдэл эсийн хэсэгчилсэн дутагшил (LSCD) ба гадаргуун хавдар болон птеригиумын мэс заслын дараа үүсдэг салстын дефектыг нөхөх зэрэг олон төрлийн эмгэгүүдийн үед хэрэглэдэг байсан. Нүдний гадаргууг нөхөн сэргээх ажилбар болон лимбын үүдэл эсийн өвчнийг ойлгоход чухал дэвшилт гарсан. Лимбын үүдэл эсийн дутагдлыг эмчлэх үндсэн стратегид амьгүй донорын болон цусан төрлийн амьд хүнээс авсан лимбийг хоёр нүдний үүдэл эсийн дутагдалтай хүнд лимбын аллотрансплантаци хийх ба ихэсийн амнион шилжүүлэн суулгах зэрэг нь багтдаг. Лимбын үүдэл эсийг шилжүүлэн суулгах мэс заслын сүүлийн үеийн хандлага нь лимбын үүдэл эсийг нүцгэн амнион мембран дээр ургуулах арга дээр үндэслэгдсэн юм. Хүний хадгалсан амнионыг биологийн бандаж, эпителжилтийг дэмжигч, үрэвсэл болон судас ургалтыг дарангуйлач болон лимбын шилбэ эсийг лабораторын аргаар ургуулахад субстрат болгож амжилттай ашигласан байна. Энэ тоймын гол зорилго нь амнион мембран шилжүүлэн суулгах орчин үеийн заалт болон үр дүнг нэгтгэж дүгнэх явдал юм.

Эмчилгээнд хэрэглэх шинжлэх ухааны үндэслэл

Хүний амнион мембран гэдэг нь ихэсийн хамгийн дотор талын давхарга юм. Гистологийн хувьд амнион нь 0,02-0,5 мм зузаантай, таван давхаргатай хальс юм. Түүний дотроос 3 үндсэн давхаргыг ялгадаг. Үүнд:

  • эпителийн ганц давхарга
  • зузаан суурин мембран
  • судасгүй, эс багатай стромын матрикс

Эпителийн давхаргын оройн гадаргуу нь олон тооны микровиллуудыг агуулсан нэг давхар шоон эсүүдээс тогтдог. Суурин мембран нь ретикуляр ширхэгүүдийн сүлжээнээс тогтох нимгэн давхарга юм. Гистохимийн хувьд суурин мембран нь салсттай төстэй байдаг. Нягт давхарга нь мембраны сунамхай чанарт нөлөөлдөг. Фибробластан давхарга нь фибробластын сийрэг сүлжээнээс тогтсон, амнион мембраны хамгийн зузаан давхарга юм. Амнионы хамгийн гадна талын давхарга нь наалдамхай давхарга юм.

Суурин мембран нь хүний эдэд илэрсэн хамгийн зузаан мембрануудын нэг юм. Энэ давхарга нь орчин үеийн хүйтнээр нөөшлөх техникүүдэд тэсвэртэй юм. Амнионы суурин мембраны бүтцийн нэгдмэл байдал, тунгалаг болон уян хатан чанар нь түүнийг нүдний гадаргууг нөхөн сэргээх эмчилгээнд хамгийн өргөнөөр хэрэглэдэг эд болгосон байна. Энэ нь эпителийн эсийн нүүдэл, наалдах болон ялгаран хөгжихөд тус болдог гэдэг нь хэдийнээ илэрхий болсон. Энэ бол эпителийн үүсгэгч эсүүдийн амьдрах хугацааг уртасгаж, эпитель эсийг апоптозоос урьдчилан сэргийлэх маягаар өсөлтийг нь дэмждэг хамгийн тохиромжтой субстрат юм. Эдгээр чанарууд нь PED үеийн стромын шархны эпителжилтэнд амнион мембран шилжүүлэн суулгах мэс засал тус болдгийг тайлбарладаг юм. Эдийн өсгөврийн үед амнион мембран нь эпителийн эсийн өсөлтийг дэмжиж, тэдгээрийн хэвийн морфологи болон дифференциацид тусалдаг. Өсгөвөрлөн ургуулсан ихэсийн мембраны хамт гэмтсэн эвэрлэгийг нөхөн сэргээхэд хэрэглэж болно. Амнион мембраныг мөн салстын эпителийн хундаган бус эсийн ялгаран хөгжихийг дэмжих зорилгоор хэрэглэж болно.

Амнион мембраны суурь давхарга, эвэрлэг болон салст нь IV, V, VII хэлбэрийн коллаген, мөн фибронектин болон ламининыг агуулдаг. Ламинин эвэрлэгийн эпителийн эсийн наалдамхай болох байдалд их нөлөө үзүүлдэг, Харин V хэлбэрийн коллаген нь эпителийн эс стром руу шигдэн суухад тус болдог. Амнион мембран нь үндсэн фибробласт, гепатоцит болон transforming growth factors (TGF)-г ялгаруулдаг. Эдгээр хүчин зүйлүүд нь эпителжилтийг өдөөж, стромын фибробластын пролифераци болон дифференциацыг ихэсгэдэг байна.

Амнион мембраны стромын матрикс нь fetal гиалуроны хүчлээр баян ба энэ нь TGF B-ын идэвхжлийг, хэвийн эвэрлэг болон лимб, мөн хэвийн салст болон птеригиумын фибробластын пролифераци болон дифференциацыг дарангуйлдаг. Энэ чанар нь салстын гадаргууг нөхөн сэргээсний дараах сорвижилт, птеригиумын мэс заслын дараах давтан сорвижилт, мөн фоторефрактив кератэктомийн дараах эвэрлэгийн бүдэгшлийг багасгахад тус болдог. Стромын матрикс нь мөн нүдний гадаргуун эпительэс ялгардаг зарим үрэвслийн цитокинуудыг дарангуйлдаг. Жишээ нь: ИЛ-1а, ИЛ-2, ИЛ-8, гамма-интерферон, tumor necrosis factor-beta, basic fibroblast growth factor, platelet derived growth factor г.м. Амнион мембран нь нүдний гадаргууд нэвчдэг үрэвслийн эсүүдийг татаж цуглуулдаг, мөн зарим хэлбэрийн протеазын ингибиторуудыг агуулдаг. Энэ нь түүний үрэвслийн эсрэг чанарыг тодорхой хэмжээгээр тайлбарладаг.

Амнион мембраны графтын (AMG) бэлтгэл, боловсруулалт, хадгалалт

Амнион мембраныг ДОХ, гепатит, тэмбүү зэрэг халдварт өвчингүй, кесаревын хагалгаа хийлгэх донороос авдаг. Бэлтгэх, хадгалах талаар олон янзын тэмдэглэл бий. Ким нарын судалгаагаар ихэсийг ариун нөхцөлд 150 мг/мл пенициллин, 5 мг/мл стрептомицин, 100 мг/мл неомицин, 2,5 мг/мл амфотерцин В зэрэг антибиотикын холимог агуулсан давсны уусмалаар цэвэрлэнэ. Амнионыг мохоо аргаар хуулж хорионоос нь салгана. Салгаж авсан хальсаа янз бүрийн хэлбрээр хайчилж эпителийн талыг дээш харуулж нитроцеллюлёзтой туузан цаасан дээр дэлгэж тавина. Дулбекко нь ийглесийн орчин: глицерол 1:1-ийг хөлдөөх хадгалалтанд ашиглаж мөн эдийг -80 градусын орчинд ашиглагдах хүртэл нь хадгалах зэргээр амнион хальс хадгалах аргыг сайжруулсан байна. Амнионыг 50-85%-ийн глицеролд хадгалахад 1 жил ба түүнээс дээш хугацаанд найдвартай, үр нөлөөтэй байдал болон нянгийн эсрэг чанараа хадгалж чаддаг байна. Амнионы эпитель эсүүд нь EDTA-тай инкубаци болгох үед түүний эпитель эс устдаг. Вакуум орчинд савлаж 25 к жи гамма туяагаар ариутгадаг ба амнион хальсны хөлдөөх хадгалалтын явцад түүний физик, биологи, бүтцийн шинж чанар нь хэвээр хадгалагдаж үлддэг. Люофилжүүлсан амнион хальс нь нянгийн янз бүрийн штаммуудыг, жишээ нь: Bacillus, E.Coli, Pseudomonas, Citrobacter, Flavimonas, Staphilococcus үл нэвтрүүлдэг болох нь батлагдсан. Амнион хальсыг агаарт хатааж бэлдэхэд тогтвортой байдаг ба янз бүрийн орчинд хадгалахад тэдгээрийн эмчилгээний үйлдэл нь буурдаггүй болох нь үр дүнгээр харагдсан байна.

Шинэ болоод бэлтгэгдэж хадгалагдсан амнион хальс

Шинэ болоод бэлтгэгдэж хадгалагдсан амнион хальс нь хоёулаа нүдний гадаргууд шилжүүлэн суулгах мэс засалд хэрэглэхэд ижил сайн үйлчилгээтэй болох нь харагдсан. Гэсэн хэдий ч шинэ амнион хэрэглэсэн бол донорын материал бэлтгэх явцад болон 6 сарын дараа давтан серологын шинжилгээнүүд хийх ёстой. Энэхүү хоёр удаагийн давтан шинжилгээ нь халдварт өвчний эрсдлийг багасгадаг. Шинэ амнион хальсыг хэрэглэхэд бэлтгэснээс шилжүүлэн суулгах хүртэлх хугацаа богино учир донороос урьдчилан сэргийлэх шинжилгээг давтан 2 удаа авна. Бэлтгэгдэж савлагдсан амнион хальс нь төлөвлөгөөт хагалгаанд илүү зохимжтой байдаг. Шинэ амнион хальсны өөр нэг дутагдалтай тал нь ашиглагдаагүй хэсэг нь хог хаягдал болдог. Нэг ихсээс 30 хүртэлх графт (суулгац) бэлдэх боломжтой байдаг. Амнион хальсны эпитель эс нь амьдрах чадвартай байвал хөнгөн үрэвслийн урвал өгч байдаг. Савлагдсан амнион хальсны хувьд саадтай зүйл нь 70 градусын хөргөгч шаарддаг учир том институтээс гадуур үүнийг ашиглах боломжгүй байдаг юм.

Хагалгааны зарчим

Амнион хальс шилжүүлэн суулгах мэс заслын (АМТ) гол зорилго нь нүдний гадаргууг нөхөн сэргээх, эпителийн эргэн төлжилтийг дэмжих, өвдөлт зовиур багасгах, үрэвсэл намдаах юм. Орчин үед гарсан технологын доорх үндсэн 3 зарчим байх боловч тухайн хүнд тохирсныг нь хэрэглэнэ.

  1. Шигтгэн суулгах буюу суулгах нөхөөс тавих технологи. Амнион хальсан графтыг дефектын хэмжээгээр тааруулж суулгахыг хэлэх ба эпитель эсүүдийн хувьд энэ нь устгагдах газар болдог ба дараа нь эзний эстэй нэгддэг байна. Амнион мембраны аюулгүй байдлыг түүний суурин мембран хангадаг бөгөөд эпитель эстэй гадаргууг дээш харуулж тавих нь эпитель эсийн миграцыг дэмжиж өгдөг байна.
  2. Бүрэх буюу даруулах нөхөөс суулгах технологи. Амнион хальсыг биологийн контакт линз болгон ашиглахыг бүрэх буюу даруулах нөхөөс суулгах гэж нэрлэх ба эдгэрч буй гадаргуун дефектыг хамгаалах зорилгоор хэрэглэнэ. Даруулах нөхөөс нь мөн нулимсан давхаргаас ялгарах химийн медиаторын эсрэг хоригийн үүрэг гүйцэтгэж үрэвсэл намдаах үйлчилгээ үзүүлдэг.
  3. Дүүргэх буюу давхарлан үелэн суулгах технологи. Энэ техникийн үед шархны хонхойлтын гүнийг бүхэлд нь амнион хальсаар үелэн дүүргэж дефектын хэмжээгээр амнион хальсыг захалж хайчлан авдаг. Арай том графтаар нь суулгах нөхөөс байдлаар шархны ирмэгт бэхэлж оёдог ба удаан хугацаагаар байлгах шаардлагтай үед гүний давхаргуудыг хадгалах зорилгоор туслах нэмэлт даруулах нөхөөс тавих нь тустай байж болно.

Амнион давхаргын дотор, гадна талыг таних нь

Нүдний гадаргууд амнион хальсыг шилжүүлэн суулгахдаа эпительтэй талыг нь дээш харуулж байрлуулдаг. Амнион хальсны стром болоод эпительтэй талыг нь танихдаа спонжоор үрж үзэхэд шилэнцэр төст зүйл өргөгдөж байвал стромын гадаргуутай тал байна гэж таньж болно. Амнион хальс индоцианины ногоон, роза бенгал, трипан хөх, лиссамины ногоон В-р будагддаг. Эдгээр будагнууд нь эпитель болоод стромын гадаргууг аль алиныг нь буддаг ба графтын ирмэг нугалаасыг олоход хэрэглэж болох юм. Мэс заслын явцад люссамины ногооноор будах нь амнион хальсыг зөв байрлуулж оёход мэс засалчид туслах энгийн үр дүнтэй арга юм. Флюоресцейнээр будах нь ач холбогдолгүй байдаг байна.

Мэс заслын техник

Эвэрлэгийн гадаргууг нөхөн сэргээх

Амнион хальсан нөхөөсийг эвэрлэгт бэхлэхдээ шимэгддэггүй утас ашиглана. Амнион хальсны 1 графтыг шигтгэн суулгах нөхөөс эсвэл бүрэх (даруулах) нөхөөс байдлаар байрлуулан эвэрлэгийн гадаргууд бэхлэхдээ 10,0 нейлон утсаар зангилаат оёдол тавина. Шархлаат кератит, бамбай хэлбэрийн шархлаа, эдгэрэлт удаантай эпителийн дефект зэрэг эмгэгийн үед дефектын сууриас экссудат болоод эсийн ширхэг болгоныг эхлээд спонж эсвэл зориулалтын хутгаар хусаж цэвэрлэнэ. Эпителийн дефектын эргэн тойрныг, мөн буллез кератопатийн сул эпителийг пинцет, шулуун кресцент хутгаар цэвэрлэнэ. Нөхөөсийн хэмжээ дефектын хэмжээнээс дор хаяж 1мм том байх ёстой ба оёдлыг тойруулж эсвэл параллель байрлалаар тавина. Нөхөөсийн илүүдэл хэсгийг хайчилж хаяна. Оёдолын зангилааны үзүүрийг богино хайчилж зангилааг эвэрлэгрүү шургуулж оруулна. Эвэрлэгийн гүн шарх, десцеметоцеле, цооролтын үед амнион хальсаар үелэн дүүргэх нөхөөс тавина. Амнион хальсны жижиг хэсгүүдийг дефектэд үелэж байрлуулах юмуу эсвэл 1 хавтгайг нугалж тавьж болно. Аль ч тохиолдолд бүрхэх нөхөөсөөр дефектыг бүхэлд нь хамруулж бэхэлж өгнө.

Салстын гадаргууг нөхөн сэргээх

Амнион хальсыг салстад бэхлэхдээ викрил утас ашиглана. Салстын түргэн эдгэрэлтэнд боломж өгдөг. 8.0, 9.0, 10.0 викрил утас хэрэглэх нь зүйтэй. Аль ч тохиолдолд мэс заслын техникын гол мөн чанар нь хангалттай эдийг чөлөөлөх ба салстын доорх эмгэг хэсгийг авах ёстой байдаг. Амнион хальсан графтыг салстын шилжих нугалаасанд бэхлэхдээ 2 зүүтэй 4.0 хромок утас ашиглаж амнион хальсны гадаргаас доод шилжих нугалаасаар зовхийг нэвт хатгаж зовхины арьсаар зүүг гаргаж зөөлөвч хийж утсыг зангидана.

Нүдний гадаргууг нөхөн сэргээх

Нүдний хүнд зэргийн түлэгдэл, Стивен Жонсоны хам шинж, соривжилттой пемфигоид зэрэг өвчний үед нүдний гадаргуун хүнд хэлбэрийн гэмтлүүд ажиглагддаг ба энэ үед шат дараалсан нөхөн сэргээх эмчилгээ шаардлагатай байдаг. Эвэрлэг болоод салстын гадаргуугаас фиброзон эдийг салгаж авах нь чухал юм. Доод зовхийг том халазионы пинцетээр эргүүлж барина. Том хавтгай амнион хальсыг нүдний гадаргууд байрлуулж эхлээд эргүүлсэн доод зовхины дотор гадаргууд бэхэлж зовхины ирмэгээр оёно. Доод зовхины шилжих нугалаасан дээр заасны дагуу бэхэлнэ. Үргэлжлүүлэн 10.0 нейлон утсаар хальсыг лимбээр эсвэл эвэрлэгийн захаар 360 градусаар тойруулан оёж бэхэлнэ. Амнион мембраныг зовхины дотор гадаргууд болоод алимны салстад бэхэлж өгөхийн тулд нэмэлт оёдлуудыг 10.0 викрил утсаар тавина.

Амнион хальс шилжүүлэн суулгах мэс заслын заалт

Салст нөхөн төлжүүлэх хагалгаанууд:

  1. Птеригиумын мэс засал
  2. Нүдний хиймийн түлэгдэл
  3. Соривжилтот үрэвсэл
  4. Салстын хавтгай эсийн неоплази
  5. Глаукомын мэс заслын дараах үед салстын шүүрлийн цэврүүнээс шүүрэлтэй байх
  6. Шүүрүүлэх мэс засал (глаукомын)
  7. Салстын симблефарон салгах
  8. Шилжих нугалаас үүсгэх мэс засал
  9. Салстын хөндийг нөхөн сэргээх мэс засал
  10. Салстын халазисыг засах мэс засал
  11. Зовхины дотогш эргэлтийг засах мэс засал
  12. Эвэрлэгийн нөхөн төлжилтийн мэс засал
  13. Эдгэрэлт удаантай эпителийн дефект
  14. Эдгэрэхгүй байгаа стромын шарх
  15. Лимбын үүдэл эсийн хэсгийн дутагдал
  16. Лимбын үүдэл эсийн тархмал дутагдал
  17. Буллёз кератоконъюнктивит
  18. Цаг агаарын шалтгаант кератопати
  19. Склерын маляци

Амнион хальс шилжүүлэн суулгах мэс заслын үр дүн

Сорвижилтот салстын үрэвсэл

Стивен Жонсоны хам шинж. Нүдний соривжилтот пемфигоид хордлогот эпидермисын некроз дархлаа хамааралт үрэвсэл нь мэс заслаас өмнө хянагдах ёстой байдаг. Хордлогот эпидермисын некрозын цочмог үе шатанд амнион хальс шилжүүлэн суулгах мэс засал хийх ашигтай үр нөлөөний талаар анх мэдээлэл хийсэн байдаг. Хоннавар ба бусад эрдэмтэд Стивен Жонсоны хам шинжийн эмчилгээний дэс дараалсан менежментэд урьдчилсан байдлаар амнион хальс шилжүүлэн суулгах мэс заслын гол үүргийг үнэлсэн байдаг. Амнион хальс нь өвчтөний зовиурыг багасгадаг, үрэвсэлийг намдаадаг, хүнд хэлбэрийн судасжилтийг багасгадаг, эвэрлэгийн дахилтат шархлааг зогсоодог зэрэг маш олон ашигтай үйлдэл үзүүлдэг байна. 10 хүний 9-д нь үр дүнтэй сайжрал гарсан байна. Барбиногийн тэмдэглэснээр эмчилгээний явцад бага зэрэг хүндрэл гарсан байна. (гадаргуун үрэвсэл болон салстын гүнзгий гэмтлийн үед)

Химийн болон дулааны түлэгдэл

Жосефийн мэдээлснээр амнион хальс шилжүүлэн суулгах мэс засал нь түлэгдлийн 4-р зэргийн үед нүдний гадаргуун эргэн төлжилтөнд ач тустай болох нь харагдаагүй байна. Салстыг бүхэлд нь, лимбийг 360 градусаар хамарсан хүнд хэлбэрийн нүдний түлэгдлийн үед эпителийн үүдэл эс бүхэлдээ гэмтэж нөхөн төлжүүлэх эх үүсвэр нь хангалтгүй болсон байдаг. Гэсэн хэдий ч амнион хальс шилжүүлэн суулгах мэс засал нь түлэгдлийн цочмог үе шатанд нүдний өвдөлтийг намдаах давуу талтай ба дунд зэрэг түлэгдэлтийн үед эпителийн нөхөн төлжилтийг түргэсгэдэг. Яг тодорхой үр дүн мэдэгдээгүй юм.

Меллер нарын эрдэмтэд 13 нүдэнд түлэгдлийн дараа 2 долоо хоногийн дотор амнион мембран шилжүүлэн суулгах мэс засал хийсэн ба амнион мембран шилжүүлэн суулгах мэс засал нь химийн түлэгдлийн цочмог үед эргэн эпитель төлжих процессыг дэмжих, хожуу үе шатанд соривжил үүсэхээс сэргийлэх үр нөлөөтэй гэсэн дүгнэлт гаргажээ. Түлэгдлийн эхний 7-10 хоногт амнион мембран шилжүүлэн суулгах мэс засал хийх нь эмчилгээний үр нөлөө хамгийн ихтэй байдаг байна. Химийн түлэгдлийн хожуу үе шатанд эмчилгээ нь төвөгтэй байдаг. Учир нь түлэгдэлтэй холбоотой зовхины деформаци, симблефарон, салстын хөндий жижигрэх зэрэг хүндрэл гардаг. Амнион хальс шилжүүлэн суулгах мэс засал нь дангаараа лимбын үүдэл эсийн хэсэг газрын дутагдлын үед хангалттай сайн үр дүн өгдөг. Харин лимбын үүдэл эсийн тархмал дутагдлын үед лимбын үүдэл эс шилжүүлэн суулгах мэс засал хавсарч хийгдэж болно.

Буллёз кератопати

Буллёз кератопатийн үед амнион хальс шилжүүлэн суулгах мэс заслын үр дүн нь нэлээд зөрчилдөөнтэй байна. Хараа муутай буллёз керотопатийн үед түр зуур өвдөлт намдаах, шинж тэмдгийн эмчилгээний үр нөлөө нь судлагдаж байна. Эвэрлэг шилжүүлэн суулгах мэс заслыг хүлээж байгаа өвчтөнд, мөн контакт линзэнд тэсвэргүй болсон өвчтөнд түр зуур амнион мембран шилжүүлэн суулгах мэс засал хийж болох юм. Гэсэн хэдий ч амнион мембран шилжүүлэн суулгах мэс засал нь удаан хугацаанд өвчин намдаадаг эсэхийг судалж бусад аргуудтай харьцуулж үзэх хэрэгтэй.

Салстын хавдар ба хавтгай эсийн неоплази

Салстын хоргүй болоод меланом, лимфом, хавтгай эсийн неоплази зэрэг хортой хавдруудыг авсны дараа үүсэх салстын дефектыг нөхөн сэргээх зорилгоор амнион хальс шилжүүлэн суулгах мэс засал хийх нь маш үр дүнтэй гэдэг нь харагджээ. Амнион хальсаар салстын шархыг хаахад энэ нь салстын эпитель эсүүдийн миграцыг дэмжиж өгдөг. Гадаргуун үүсгэврүүд нь олон газар үүссэн, эсвэл том хэмжээтэй байвал салстын том дефект үүсдэг ба өвчтөний өөрийн салстыг авч нөхөхөд хэмжээ нь хүрэлцдэггүй. Энэ тохиолдолд салстын аутографтаас амнион мембран шилжүүлэн суулгах мэс засал давуу талтай болох нь харагддаг. Учир нь мэс заслын дараах аутографтын үр дагавраас үүсдэг хүндрэлүүд донорт гарахгүй. Мөн амнион мембран нь тунгалаг учир доогуур нь давтан хэсэг газрын хавдар ургавал эмнэл зүйн хяналт хийх боломжтой байдаг. Хавдрыг өргөтгөж авах, хөлдөөх эмчилгээ, хэсэг газрын митамицин С болоод амнион мембраны аллографт зэргийг хавсарч анхдагч олдмол меланозоос үүссэн салстын тархмал меланомын үед эмчилгээнд хэрэглэх нь үр дүнтэй байдаг. Эдгэрэлт удаантай эпителийн дефект нь лимбын үүдэл эсийн хэсэг газрын дутагдал, мөн янз бүрийн архаг үрэвслийг илэрхийлдэг. Амнион мембраныг шигтгэн суулгах техникээр хэрэглэхэд амнион мембран нь эпитель эсийн миграци болоод адгезийн суурийн мембраны давхрага болж өгдөг. Бүрэх технологиор хэрэглэхэд амнион хальс нь үрэвслийн эс болоод медиаторын эсрэг хоригийн үүрэг гүйцэтгэж мөн зөөлөн контакт линзтэй адил эпителийн төлжилтийг дэмжиж өгдөг.

Птеригиумын мэс засал

Салстын аутографттай птеригиумын мэс засал нь аюулгүй бөгөөд птеригиумын дахилтыг багасгахад үр дүнтэй гэдэг нь батлагдсан, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн сайн техник юм. Анх Прабхасават нар амнион мембран шилжүүлэн суулгах мэс заслыг птеригиумын мэс засалд ашиглах нь үр дүнтэй болохыг мэдээлж байжээ. Тэдний хийсэн проспектив судалгаагаар анхдагч птеригиумын мэс засалд амнион мембран шилжүүлэн суулгах мэс заслыг хийхэд птеригиумын дахилт 10,9%-тай байсан ба мэс заслын техникийг сайжруулснаар 3% хүртэл бууруулсан гэж мэдээлжээ. Тэд энэ судалгааны үндсэн дээр анхдагч 2 толгойтой птеригиумын үед үүсэх том хэмжээний салстын дефектыг нөхөх, урьдах олон удаагийн мэс засал үр дүнгүй болсон, мөн хожуу глаукомын хагалгаа хийгдэж болох учир нүдний алимын дээд хэсгийн салстыг хадгалах зорилгоор салстын графтын оронд амнион мембран хэрэглэж болох юм гэсэн дүгнэлт гаргасан.

Амнион мембран шилжүүлэн суулгах мэс заслыг дахилтат птеригиумд ашигласан нь өмнө хийгдсэн судалгаагаар үр дүн муутай гэж гарчээ. Дахилтын хувь 37,5% ба 25% гэж тус тус мэдээлэгдэж байжээ. Дараах анхдагч болоод дахилтат нэг талын птеригиумыг авахад тус тусдаа дахилт нь склер нүцгэлэх мэс заслын дараах 46 нүдэнд 1 (33,3%), мөн анхдагчаар хаасны дараа 0-5-д (26,7%) амнион мембранан графттай үед 0 ба 9-д (17,5%), мөн салстын лимбын аутографттай үед 2 (40%) байжээ.

Саломон нарын мэдээлснээр харьцуулаагүй судалгаагаар амнион мембраны графтыг давхарлаж мэс заслын үед триамцинолон хавсарч тарьж хэрэглэхэд дахилтын тоог анхдагч птеригиумын хувьд 3% хүртэл, дахилтат птеригиумын хувьд 9,5% хүртэл үр дүнтэйгээр бууруулсан. Амнион мембран шилжүүлэн суулгах мэс заслыг салстын аутографттай харьцуулахад үр дүн нь дахилтат птеригиумын хувьд бага байсан. Амнион мембран шилжүүлэн суулгах мэс засалтай птеригиумын хагалгааны дахилтын хувь нь 37,5%-тай гэж тэмдэглэгдсэн байдаг ба 9,1%-тай салстын аутографттай хагалгаанаас өндөр хувьтай байна. Дахилтат птеригиумын менежментын хувьд амнион мембран шилжүүлэн суулгах мэс заслыг салстын лимбын аутографттай хавсарч хэрэглэж болох юм. Залуу өвчтнүүдэд архаг дахилтат птеригиумын менежментэд птеригиум авч, амнион мембран шилжүүлэн суулгах мэс засал, салстын лимбын аутографт болоод митомицин С-ийн шингэрүүлсэн уусмалыг шингээж авах аргуудыг хавсарч хэрэглэх нь үр дүнтэй гэж мэдээлэгдсэн байдаг.

Сүүлийн үеийн томоохон судалгаагаар (47 хүний 48 нүдэнд) удаан хугацааны хяналт хийсэн ба нэг давхар амнион мембраны графт нь дангаараа дахилтын хувийг 12,5% болгож буулгасан гэдэг нь тогтоогджээ. Харин мэс заслын явцад нэмэлтээр митомицин С хэрэглэх нь дахилтын хувийг бууруулаагүй байна.

Хаврын кератоконъюнктивитын үед үүсэх бамбай хэлбэрийн шархлаа (Shield ulcer)

Хүнд бамбай хэлбэрийн шархлаа нь эмчилгээний бандаж контакт линз болоод хусах эмчилгээнд үр дүн өгөхгүй бол өнгөц кератоэктоми болоод PTK (excimer therapeutic keratoectomy) эмчилгээнд үр дүнтэй байдаг.

Энэ хэлбэрийн шархлааны үед амнион хальс шилжүүлэн суулгах мэс заслыг эвэрлэг хусах аргатай хавсарч хэрэглэх нь эмчилгээний үд дүнтэй аргын нэг юм. Шинэчлэгдсэн суурийн мембран эпителжилтийг дэмжиж, эсийн наалдцыг бэхжүүлж, эпителийн апоптозоос сэргийлдэг.Энэхүү мэс заслын арга нь шархны суурь болоод ирмэгээс эсийн ширхэг болоод мукозон өнгөрийг бүхэлд нь хуулж авдаг. Хэвийн наалдацтай эпитель эс үүстэл эсийн эргэн тойронд үүссэн үхжсэн эсийг зөөлөн хуулж авна. Амнион мембраны графтыг дефектээс 1мм том хэмжээтэй оёж бэхэлнэ. Оёхдоо 10.0 нейлон утсаар зангилаат оёдол тавина. Сридхар нарын энэ мэс заслын техникыг ашигласнаар бамбай хэлбэрийн шархлааны эдгэрэлт 94.7%-ийн амжилтанд хүрсэн байна.

Шархлаат кератит

Шархлаат кератитын үед хийгдсэн судалгаагаар амнион мембран нь стромын үрэвслийг дарах нүдний гадаргуун эргэн төлжилтийг дэмждэг болох нь харагдсан. Байнгын нейротрофик шархлаа, гэмтлийн бус эвэрлэгийн цооролт, десцеметоцеле зэрэг өвчний үед амнион мембран шилжүүлэн суулгах мэс засал нь үр дүнтэй эмчилгээ болох нь харагдсан. Чен нар псевдоманосын кератитын эмчилгээний дараа амнион мембран шилжүүлэн суулгах мэс заслыг өтгөрүүлсэн антбиотиктой хавсарч дор хаяж 1 долоо хоногийн турш хэрэглэжээ. 6 тохиолдлын 5-д нь стромын үрэвслийг хязгаарлажээ. Энгийн герпес, варицелла зостероор үүсгэгдсэн хүнд кератиттай өвчтөнүүдийн 7-оос 5 нь эхний амнион мембран шилжүүлэн суулгах мэс заслын дараа эдгэрсэн байна. Стромын дефектыг амнион мембранаар үелэж дүүргэсэн байна. Гүн шархтай нүдэнд амнион мембраныг нэг давхараар хэрэглэснээс олон давхарлаж хэрэглэх нь үр дүнтэй байдаг.

Хик нарын саяханы судалгаагаар 3 мм диаметр бүхий эвэрлэгийн цооролтын эмчилгээнд амнион мембран шилжүүлэн суулгах мэс заслыг фибрин цавуутай хавсарч хэрэглэх нь давуу талтай болох нь батлагдсан байна. Энэхүү хавсарсан арга нь цоорсон шарханд 92%-ийн үр дүнтэй байсан ба цоороогүй шарханд амнион мембран шилжүүлэн суулгах мэс засал дангаар хийхэд үр дүн нь 74-тай байжээ.

Зовхи ба ухархайн мэс засал

Нөхөн сэргээх мэс засалд амнион мембран шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээний талаар ховор мэдээлэлтэй байдаг.

Соривжилтот энтропионыг засахад амнион мембран чухал үүрэгтэй болохыг Ти нар үнэлсэн байдаг. Нүдний хуурайшлын эмчилгээнд амнион мембранаар нулимсны цэгийг бүрж бөглөдөг байна. Мөн амнион мембраныг ухархайн протез бүрэх байдлаар хэрэглэдэг ба салстын дутагдлаас үүссэн гидроксиапитат имплант ил гарсан үед амнион хальсыг хэрэглэх нь маш үр дүнтэй байдаг.

Хагалгааны дараах менежмент

Өргөн хүрээний антибиотик 1-2 долоо хоногийн хугацаанд эпитель гүйцэд төлжтөл хэрэглэнэ. Хэсэг газрын стероид 6-8 долоо хоног тунг багасгаж хэрэглэнэ. Системын иммуносупрессор шаардлагагүй байдаг.

Амнион мембран шилжүүлэн суулгах мэс заслын хүндрэл

Хагалгааны дараа хальсны доогуур гемотом үүсч болно. Цус нь өөрөө аяндаа шимэгддэг ба шимэгдэлт удаантай байвал хальсыг нүхэлж цусыг гадагшлуулна. Амнион мембран шилжүүлэн суулгах мэс заслын дараа нянгийн халдвар 1,6 %-аас бага байдаг. Грамм эерэг нянгууд илүүтэй тохиолдоно. Шохойжилт 12.8%-д тохиолджээ.

Амнион мембран дээр эпитель болон лимбын үүдэл эсийг өсгөвөрлөх

Амнион мембраны сүүлийн үеийн гайхалтай хэрэглээ нь нүдний гадаргын нөхөн сэргээх мэс засалд хэрэглэхээр лимбын үүдэл эсүүдийг зөөвөрлөгч болгож ашиглаж болдог байдал юм. Эвэрлэгийн лимб, салстын шилжих нугалаасны үүдэл эсээс шинэ эсүүд үүсэн охин эсэд ялгаран хөгжиж, шинэ эсийн нүүдэл үүсгэдэг нь батлагдсан. Сүүлийн үед лабораторын нөхцөлд амнион мембраны лимбын эпитель эсүүдийн зөөвөрлөгч эсвэл өсгөвөрлөх орчин болгон ашигладаг болсон. Чивав нар 18 өвчтөний 19 нүдэнд өсгөвөрлөсөн лимбын тансплантацыг 75%-ийн амжилттайгаар хийжээ.

Амнион мембраны суурь мембран нь IV хэлбэрийн коллаген, ламинин агуулдаг ба энэ нь нийт наалдах процесст өндөр үүрэгтэй, эвэрлэгийн гадаргууд эсийн ургалтыг дэмжих байгалийн гаралтай субстрат болно.

Дүгнэлт

Амнион мембран шилжүүлэн суулгалт амжилттай болох эсэх нь тухайн тохиолдлын хүнд хөнгөнөөс шалтгаална. Хагалгааны заалт, өвчтөний сонголт чухал.

Нүдний мэс засалчдын хувьд амнион мембран шилжүүлэн суулгалт нь маш үр дүнтэй арга гэж сонгогддог болсон. Процедур нь амархан, давтан хийж болох, нүдний доторх мэс заслаас ангид байж чадах зэрэг олон давуу талтай. Хагалгааны үеийн ба мэс заслын дараах хүндрэл бага, дархлаа дарангуйлагч хэрэглэхгүй зэрэг нь мөн давуу тал нь юм. Ирээдүйд нүдний гадаргуун нөхөн сэргээлтэнд чухал байр суурь эзэлсээр байх болно. Технологийн дэвшлийн улмаас ойрын үед шинэ технологиор бэлтгэгдсэн, жишээ нь: бага халуунаар дегидротаци болгосон амнион мембран зах зээлд бий болно. Фибрин цавуу ашиглаж, утас хэрэглэж оёхгүй байх нь ажилбарыг амар хийх боломжтой бөгөөд өвчтөнд илүү эвтэйхэн, зовиургүй байдаг. АМХ болон prokera зэрэг мэс заслын бус шинэлэг аргууд нь урьд өмнөхөөс илүү амархан ашиглах боломж олгож байна. Амнион мембраны субсктрактыг дусаалгаар Европт сүүлийн үед хэрэглэж байна. Ценг болон бусад эрдэмтэд Prokera-г бүтээсэн ба энэ нь зөөлөн контакт линзны хэмжээний хэлбэржүүлэгчид амнион мембраныг бэхэлсэн байдал юм. Гэхдээ баримтад тулгуурласан судалгаагаар хянагдсан амнион мембран шилжүүлэн суулгалтыг бусад эмчилгээний аргатай харьцуулсан том хэмжээний судалгаа байхгүй байна.

Ном зүй

Virender. S. Sangvan, Current ophthalmology, Indian Journal of ophthalmology Amniotic membrane transplantation: A review of current indications in the management of ophthalmic disorders
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1891
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК