Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2007, 1(1)
Гломерулонефриттэй хүүхдүүдэд гепатитийн B, C, D вирүсийн маркер илрүүлсэн байдал
( Судалгааны өгүүлэл )

Д.Агиймаа1, Б.Цацралт-Од2, Ц.Бямбажав1,  Л.Батжаргал1, М.Цэндсүрэн1,П.Батхүү3, Я.Дагвадорж3, H.Okamoto2

1ЭНЭШТ, 3 ЭМШУИС,  2Японы Жичигийн Их Сургууль

 
Абстракт

The prevalence of HBV, HDV, HCV infections was investigated serologically and molecularly among 105 children (male 63, female 42) with glomerulonephritis of 3-17 years of age (mean±standard deviation, 10.9±3.9 years) using serum samples obtained between July and December 2005. Totally, 33 (31.4%) subjects were positive for markers of HBV, HDV, HCV infections. 16(48.5%) of them were related to HBV, 7(21.2%) of them were related to HCV, 10(30.3%) were hepatitis virus mixed infection. All 22 subjects, who were positive for HBV DNA, were detected D genotype. The most frequent hepatitis virus associated clinical syndrome of glomerulonephritis was mixed syndrome.

Үндэслэл:

Одоогоор гепатитийн А, B, C, D, G, F, Е, TT, SENV зэрэг вирүс тогтоогдоод байна. Эдгээрээс гепатитийн А, Е вирүсийн халдвар бараг архагшдаггүй хэмээн үзэж байгаа бол В, С, D вирүсийн халдварын урхаг болон элэгнээс бусад эрхтэн тогтолцоог гэмтээж буй талаар нэлээдгүй мэдээлэл байна. Харин G, F, TT, SENV вирүс нь харьцангуй сүүлд нээгдсэн ба тэдгээрийн талаар мэдээлэл хомс юм.

Эпидемиологи судалгааны мэдээгээр дэлхий дээр ойролцоогоор 400 сая хүн гепатитийн В вирүс (ГВВ)-ийн [9], 170 сая хүн гепатитийн С вирүс (ГСВ)-ийн архаг халдвартай байна [19, 30]. Манай орны хувьд вирүст гепатит нутагшмал шинжтэй [1] бөгөөд нийт хүн амын 21.6% ГВВ-ийн [4], 15.6% ГСВ-ийн [2] халдвартай байна. Түүнчлэн Улаанбаатар хотын хүүхдийн дундах ГВВ-ийн халдвар 6.4%-тай, ГСВ-ийн халдвар 10.7%-тай, ГDВ-ийн халдвар HBsAg тээгч хүүхдийн дунд 21.2%-тай  [3] байна.

 Гепатитийн вирүс нутагшмал, тархалт өндөр оронд хүүхэд амьдралынхаа эхний өдөр архаг вирүс тээгч болох нь цөөнгүй байдаг байна [11, 18].

Судлаачид гепатитийн вирүсийг элэгний эмгэгээс гадна дархлалын эмгэг урвалын дүнд үүсдэг зарим эмгэг, ялангуяа гломерулонефриттэй холбоотой болохыг  тэмдэглэсээр байна [8, 14, 20, 24, 25, 32].

Гломерулонефрит нь олон шалтгаант, халдвар-харшил-дархлалын эмгэг урвалын дүнд бөөрний түүдгэнцэр илүүтэй гэмтэн эмнэлзүй, бөөрний бүтцийн өөрчлөлтийн олон хэлбэрээр илрэх бүлэг өвчин юм.

Анх 1971 онд Combes нарын судлаачид мембраноз гломерулонефриттэй 53 настай эрэгтэйн бөөрний түүдгэнцэрт ГВВ-ийн HBsAg бүхий дархан бүрдлийг илрүүлсэн билээ [8]. Дараа нь судлаачид гломерулонефриттэй өвчтөний бөөрний түүдгэнцэрт ГВВ-ийн эсрэгтөрөгчид болон DNA-г, ГСВ-ийн эсрэгбие (anti-HCV)-г илрүүлснээс хойш энэ талаар хийгдсэн судалгаа гадаад орнуудад цөөнгүй байна [8, 14, 15, 20, 23, 24, 25, 27, 32].

Харин гепатитийн D вирүс (ГDВ)-ийн гломерулонефриттэй холбогдолтой мэдээлэл хомс байгаа боловч М.Я.Сахатова нар (1989) цочмог гломерулонефритийн үед бөөрний түүдгэнцэрт 41.6%-д нь HBеAg, 38.4%-д нь HDAg, архаг гломерулонефритийн үед 42.8%-д HBеAg, 35.7%-д HDAg илрүүлэн эл вирүсийг гломерулонефритийн эмнэлзүйд нөлөөлдөг тухай бичжээ.

Судалгааны баримтаар гломерулонефриттэй өвчтөний дунд гепатитийн вирүс (ГВ)-ийн маркерын илрэх хувь орон бүрт харилцан адилгүй байна. Гломерулонефриттэй өвчтөний дунд ГВВ-ийн халдвар 0.1% - 25% хүртэл байж, Өмнөд Африк, Хятад  зэрэг орнуудад өндөр тархалттай байхад Грек, Америк зэрэг улсад цөөн тохиолдолд илэрсэн байлаа [5, 7, 16, 17, 21, 26].  Харин ГСВ-ийн хувьд гломерулонефриттэй өвчтөнүүдийн дунд Италид 13.0%,  Хятадад 6.0% байгаа бол Испани зэрэг хөгжингүй орнуудад нийт хүн амын дунд ГСВ-ын тархалт бага (донорын 1.03%, жирэмсэн эхчүүдийн 0.98%) боловч бөөрний эмгэгтэй өвчтөнүүдийн дунд өндөр (7.9%), түүн дотроо бөөрний бусад эмгэгтэй харьцуулахад гломерулонефриттэй өвчтөнд илүүтэй өндөр (16.6%) байсан ажээ [10, 12, 13, 29].



Нийтлэлийн нээгдсэн тоо: 1
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК