Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2008, 1(03)
Болрын мэс заслын эмчилгээний ойрын үр дүн
( Судалгааны өгүүлэл )

Т. Анара, Ж. Баттуяа, П. Энхмаа, Ц. Мөнхтуяа

Шастины Төв Эмнэлэг, Нүдний Эмгэг Судлалын Тасаг

 

Дэлхийн хүн амын 1990 оны статистик мэдээлэл дээр үндэслэсэн Дэлхийн сохролын талаархи хамгийн анхны мэдээлэл 1995 онд хэвлэгджээ [4].

2002 оны байдлаар дэлхий нийтэд харааны алдагдалтай хүний тоо 161 саяас даваад байгаа бөгөөд үүнээс 37 сая орчим нь сохор хүн байна гэсэн тооцоо гарчээ. Харааны алдагдал насны бүлэгт харилцан өөр байгаа ба нийт сохор хүмүүсийн 82% нь 50 болон түүнээс дээш насны хүн байгаа нь судалгаагаар тогтоогдоод байна [5].

Дэлхийн нийт хүн ам 2002 онд 1990 онтой харьцуулахад 18,5%-иар өссөн бөгөөд үүнээс 50 болон түүнээс дээш насны хүн ам 30%-иар өссөн тооцоо гарчээ. Хөгжингүй орнуудад 50 болон түүнээс дээш насны хүн амын өсөлт 16%, хөгжиж байгаа орнуудад (хятад улсыг оруулаад) 47%, Хятадад 27%-тай байна [6].

Монгол болон Хятад улс ДЭМБ-ын бүсийн ангиллаар Ази номхон далайн орнуудын баруун бүсэд (Wpr-B1, WHO Western Pacific Region) харьяалагддаг (одоо East Asian Region) байсан бөгөөд энэхүү дэд бүсийн нийт хүн ам 1374.838 сая, хараагүй хүний тоо 7.731 сая, сохролын тархалтын хувь 0.6%-тай байдаг байна [5].

Дэлхийн хүн амын дунд сохролын шалтгаанаар катаракт (47,8%), глауком (12,3%), AMD (8,7%), эвэрлэгийн эмгэг (5,1%), чихрийн шижингийн ретинопати (4,8%) эхний 5 байранд байна.

Ази номхон далайн орны баруун бүсийн хувьд (Wpr-B1) сохролын шалтгаанаар катаракт (48.5%), AMD (15%), глауком (11%), чихрийн шижингийн ретинопати (7%), трахом (6,4%) эхний 5 байранд явж байна [2].

Монгол оронд 40-өөс дээш насны хүмүүсийн сохрох, хараа муудах шалтгааны 36%-ийг катарактаас үүдэлтэй сохрол эзэлж байна [1].

Судлаачдын үзэж буйгаар 2020 он гэхэд катарактын улмаас хараа алдагсдын тоо 50 саяд хүрч болзошгүй байна [8].

ДЭМБ-аас дэвшүүлсэн сохролоос урьдчилан сэргийлэх хөтөлбөр нэгдүгээрт, бүх хүн амд нүдний тусламжийг хүртээмжтэй болгох, хоёрдугаарт, зайлсхийж болох сохролыг эрс бууруулах хоёр үндсэн зорилт тавьжээ [9].

Катарактаас үүссэн сохролыг зайлсхийж болох сохрол гэж үздэг бөгөөд катаракт өвчнийг эмчлэх хамгийн үр дүнтэй арга нь мэс заслын эмчилгээ байдаг. Дэлхий дахинд жилд 10 сая катарактын мэс засал хийгддэг гэсэн тооцоо гарчээ [10].

ШТЭ-ийн НЭС-ын тасагт 2001 оноос хойш катарактын мэс заслын үр дүнг тооцсон судалгааны ажил хийгдээгүй, сүүлийн жилүүдэд тус тасагт шинэ дэвшилтэт техник технолог нэвтэрч, эмчилгээнд чанарын өөрчлөлт гарсантай холбоотойгоор үр дүнг тооцох судалгаа хийх шаардлага урган гарсан нь уг судалгааны ажлын үндэслэл боллоо.

Судалгааны зорилго

ШТЭ-ийн НЭС-ын тасагт 2003-2008 онд катарактын улмаас хэвтэн эмчлүүлэгсдийн өвчний түүхэнд эмнэлзүйн судалгаа хийж, мэс заслын эмчилгээний ойрын үр дүнг тооцох зорилго тавилаа.

Судалгааны зорилтууд

  1. ШТЭ-ийн НЭС-ын тасагт 2003-2008 онд катарактын мэс засал хийлгэсэн өвчтөнүүдийн нас, хүйс, харьяалал, нийгмийн байдал, боловсролд дүрслэн бичих аргаар судалгаа хийж, шалтгаан-үр дагаварын холбоог судлах
  2. Өвчтөний ирэх үеийн хараа болон мэс заслын эмчилгээний дараахи хараа сэргэлтийн байдлаар эмчилгээний үр дүнг тооцож, нөлөөлөх хүчин зүйлийн хамаарлыг тодорхойлох
  3. Катарактын мэс заслын төрөл болон эмчилгээний үр дүнг харьцуулж, үр дүнг тооцох

Судалгааны материал ба аргазүй

ШТЭ-ийн НЭС-ын тасагт 2003-2008 онд катаракт өвчний учир хэвтэж мэс заслын эмчилгээ хийлгэсэн 1217 өвчтөний түүхэнд дүрслэн бичих аргаар (Descriptive stady) судалгаа хийлээ. Нийт өвчтөнд ЭКЭК буюу болрыг уутгүйгээр, SISCS буюу жижиг зүслэгт оёдолгүй мөн факоэмульсификацийн аргаар мэс засал хийж, хиймэл болор суулгасан. Судалгааны мэдээг (Data) компьютерийн Vista систем дээр Microsoft Word 2007, Microsoft Excel 2007 хэрэглээний программуудыг ашиглан боловсруулж, статистик боловсруулалтыг SPSS 13,0 for XP программыг ашиглан хийв.

Судалгааны үр дүн

Судалгаанд 17-100 насны 1212 өвчтөн хамрагдсан бөгөөд дундаж нас 67.39±14.49 байв. Үүнээс хотынхны дундаж нас 68.13±13.63, хөдөөнийх нь 65.86±16.04 байлаа.

Насыг олон улсын ангиллын дагуу бүлэглэхэд нийт өвчтөний 1% нь 10-19; 2% нь 20-29; 4% нь 30-39; 5% нь 40-49; 9% нь 50-59; 26% нь 60-69; 36% нь 70-79; 16% нь 80-89; 1% нь 90-ээс дээш насныхан байжээ [Зураг 1].

Судалгаанд хамрагдагсдын 49,4% нь эрэгтэй, 50,6% нь эмэгтэй байв. Нийт өвчтөний 67,5% хотоос, 32,5% нь хөдөөнөөс хэвтэж эмчлүүлсэн бөгөөд 83,8% нь тэтгэврийн, 6% нь улсын болон хувийн хэвшлийн ажилчин, албан хаагчид, 4,9% нь ажилгүй, 4,6% нь группэд, 0,7% нь оюутан сурагчид байлаа.

Боловсролын хувьд 24,2% дээд мэргэжилтэй, 40,9% нь тусгай дунд, 16,7% нь бүрэн ба бүрэн бус дунд боловсролтой, 18,2% нь бага ангийн боловсролтой байв (Хүснэгт 1).

Хэвтэх үеийн харааны чадал боловсролын түвшинд ялгаатай. (p=0.0001) Боловсролын түвшин буурах тусам харааны чадал бага буюу илүү харааны чадвар буурсаны дараа ирж байна. Дундаж ор хоног нийт өвчтөний хувьд 6,57±2,74 байсан бөгөөд дундаж ор хоногийг насны бүлэгээр авч үзэхэд итгэх интервал нь нас ахих тусам ихсэж байна. Дундаж ор хоног насны бүлэгт ялгаатай байгаа нь статистик ач холбогдол бүхий байна (p=0,001) (Хүснэгт 2).

Мэс заслын өмнөх оношийн хувьд 32,7% нь хөгшрөлтийн боловсорсон, 28% нь боловсроогүй, 1,9% нь хэт боловсорсон, 10,4% нь болрын уутны ар хэсгийн, 14,1% нь хүндрэлийн, 4% нь хөөнгө, 4% нь гэмтлийн, 2,5% нь чихрийн шижингийн, 0,7% нь төрөлхийн катаракт, 1,7% нь болоргүй нүд байлаа (Хүснэгт 3).

Нийт эмчлүүлэгсдийн 65,5% нь хэвтэх үедээ 0,05 ба түүнээс бага хараатай, 13,4% нь 0,06-0,1 хараатай, 21,1% нь 0,12-0,6 хараатай байсан байна. Хэвтэх үеийн харааны чадлын дундажийг насны бүлэгтэй харьцуулж үзэхэд 49 хүртэлх насанд 0,05±0,08; 50-59 насанд 0,07±0,12; 60-69 насанд 0,08±0,11; 70-79 насанд 0,07±0,11; 80-89 насанд 0,06±0,1; 90-ээс дээш насанд 0,05±0,08 байлаа (Хүснэгт 4).

Гарах үеийн харааны сэргэлтийг судлахад 9,82% нь 0,05 ба түүнээс доош, 13,78% нь 0,05- 0,1; 53,14% нь 0,1-0,5; 18,65% нь 0,5-0,9; 4,62% нь 1,0 хараатай байжээ [Зураг 2].

Гарах үеийн харааны чадлын дундажийг насны бүлэгтэй харьцуулж үзэхэд 49 хүртэлх насанд 0,41±0,71; 50-59 насанд 0,48±0,31; 60-69 насанд 0,39±0,27; 70-79 насанд 0,35±0,28; 80-89 насанд 0,26±0,21; 90-ээс дээш насанд 0,23±0,17 байлаа.

Хэвтэх үеийн харааны чадлыг харьяаллаар судлахад хөдөөнөөс ирж буй өвчтөнүүдийн ирэх үеийн харааны чадлын дундаж хэмжээ 0,057±0,097, хотынх 0,074±0,108 байна. Хэвтэх үеийн харааны чадал хот хөдөөд ялгаатай байна (p=0.009).

Нийт өвчтөний 32,9% нь ЭКЭК+ИОЛ, 48,5% нь жижиг зүслэгт оёдолгүй аргаар, 14,3% нь факоэмульсификацийн аргаар мэс засал хийлгэжээ. 2007-2008 онуудад нийт мэс заслын 90-ээс дээш хувь нь жижиг зүслэгт оёдолгүй аргаар хийгдсэн байна (Хүснэгт 5).

Мэс заслын эмчилгээний шууд үр дүнг хараа сэргэлтийн байдлаар үнэлж, хийгдсэн мэс заслын төрлөөр харьцуулан судлахад мэс заслын аргаас хамаарч харааны сэргэлт ялгаатай байгаа нь статистик ач холбогдол бүхий байна (p=0,0001) [Хүснэгт 6].

Хэлцэмж

Нийт эмчлүүлэгсдийн дундаж нас 67.39±14.49 байснаас хотынхны дундаж нас (68.13±13.63), хөдөөнийхнөөс (65.86±16.04) илүү байгаа нь ажиглагдаж байна. Дундаж нас хот хөдөөд ялгаатай байгаа нь аж төрөх хэв маяг, амьдралын чанартай холбоотой байх үндэслэлтэй гэж үзэж байна.

Судалгаанд хамрагдагсдын хүйсний харьцааг харахад эрэгтэй эмэгтэйчүүдийн хувь ойролцоо байна. Гэвч олон улсын судлаачдын судалгааны үр дүнгээс харахад дэлхийн бүс болгонд хараа алдалтын байдлаар эмэгтэй/эрэгтэйч үүдийн тархалтын харьцаанаас эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү байгаа (the ratios range 1.5- 2.2) дүгнэлт гарчээ [5].

Катарактын өвчлөлд хүн амын дундаас хамгийн их өртдөг, өвчлөх магадлал бүхий хүмүүст 50 болон түүнээс дээш насныхан орж байгаа нь (88%) бидний судалгаанаас ажиглагдаж байна. Катарактын өвчлөл нас ахих тусам нэмэгддэг гэсэн бусад судлаачдын дүгнэлттэй ч тохирч байна [10].

Мөн насны бүлгээс харахад нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 69-70% нь 65 ба түүнээс дээш насныхан буюу ахмад хүмүүс, өөрөөр хэлбэл эдийн засгийн идэвхигүй насныхан орж байгаа нь анхаарал татаж байна. Нийгмийн халамжийн тогтолцооноос нийгэм-эдийн засгийн өөр өөр бүлгийн хүмүүсийн хооронд орлогыг босоо тэнхлэгийн дагуу дахин хуваарилах зарчимын дагуу хиймэл болрын өртгийг нийгмийн халамжаас үйлчлүүлэгчид олгодог билээ. Гэвч 1990-ээд оны үед тогтоосон хиймэл болрын өртөг өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй байгаа нь одоогийн хүн амын амжиргааны түвшин, үйлчлүүлэгчийн хэрэгцээ, инфляцийн түвшинтэй нэгэнт уялдахгүй болсон нь тодорхой юм. Шийдвэр гаргалтад судалгааны үр дүнгийн ашиглалтыг нэмэгдүүлэх, шаардлагатай нотолгоо бүрдүүлэх судалгааны ажлыг дэмжих санаачлагууд буюу Харилцан солилцооны стратеги (Linkage and exchange strategies) –ийг боловсруулах цаг нэгэнт болжээ.

Боловсролын хувьд нийт үйлчлүүлэгчдийн 24,2% нь дээд, 75,8% нь тусгай дунд, бүрэн болон бүрэн бус дунд, бага боловсролтой байгаа нь амьдралын чанар болон хэв маяг тэр дундаа эрүүл амьдрах хэв маяг боловсролын түвшинд ялгаатай байгааг харуулж байна.

Нийт үйлчлүүлэгчдийн дундаж ор хоногийг (6,57±2,74) өөрийн орны судлаачдын өмнөх судалгааны үзүүлэлттэй харьцуулахад бага байна [2;3]. Судалгаанаас дундаж ор хоног нас ахих тусам нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна. Дундаж ор хоног насны бүлэгт ялгаатай байгаа нь статистик ач холбогдол бүхий байна (p=0,001).

Оношийн хувьд хөгшрөлтийн катаракт зонхилж (73%) байгаа нь манай судлаачдынхтай тохирч байна [2;3].

Хэвтэх үеийн харааны чадлын дундажийг насны бүлэгтэй харьцуулж үзэхэд 50-79 насныхны хэвтэх үеийн харааны чадал харьцангуй сайн, 80- аас дээш насныханд мэдэгдэхүйц бууралт байгаа нь ажиглагдаж байна.

Гарах үеийн харааны чадлын дундажийг насны бүлэгтэй харьцуулж үзэхэд нийт өвчтөний мэс заслын дараахи харааны сэргэлтийн дундаж 0,36±0,35 байна.

50-59 насныханд харааны сэргэлт хамгийн өндөр (0,48±0,31), 60-аас дээш насныхны дунд нас ахих тусам хараа сэргэлтийн дундаж үзүүлэлт аажим буурч байгаа нь насжилттай холбоотойгоор хүний нөхөн сэргэх процесс буурдаг биологийн зүй тогтол болон бусад хүчин зүйл (эвэрлэгийн эндотелийн эсийн цөөрөлт, шархны эдгэрэлтйин хугацаа уртсах, нүдний бусад хавсарсан эмгэгүүдтэй байх магадлал өндөрсөх, мэс заслын үеийн болон дараахи үеийн хүндрэл гарах давтамж ихсэх гэх мэт)-ээс хамааралтай гэдгээр тайлбарлагдаж байна.

Хэвтэх үеийн харааны чадлыг харьяаллаар судлахад хөдөөнөөс ирж буй өвчтөнүүдийн ирэх үеийн харааны чадал (0,057±0,097) хотынхноос (0,074±0,108) арай сул байгаа нь харагдлаа. Хэвтэх үеийн харааны чадал хот хөдөөд ялгаатай байна (p=0.009). Энэ нь хөдөө орон нутгийн дэд бүтцийн онцлог, үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн боловсрол, эмнэлэгт хандах хугацаа, мэдээллийн хомсдол, эрүүл мэндийн сургалт сурталчилгааны ажил хангалтгүй байгаа зэрэг олон хүчин зүйлсээр нөхцөлдөж байгаа болов уу. Мөн анхан шатны тусламжаас дээд шатны тусламжид шилжих үйлчлүүлэгчийн шилжилтийг шүүн барих буюу “Шүүлтүүр”-ийн механизм (Gate keeping mechanism) үүргээ бүрэн гүйцэтгэж чадаж байна уу? Тухайлбал өвчтөнийг 0,05 ба түүнээс бага хараатай болтол хүлээлгэх, өөрөөр “хаалга барих” гэж ч нэрлэдэг. Орчин үеийн катарактын мэс заслын дэвшилтэт техник технолог нь (жижиг зүслэгт оёдолгүй болрын мэс засал, факоэмульсификацийн арга) өвчтөнийг сул хараатай үед нь мэс засал хийх бүрэн боломжийг олгож байгаа бөгөөд эмчилгээний үр дүн нь ч өндөр байдаг. Үүнтэй уялдан эмч мэргэжилтнүүд өвчтөнд үнэн зөв мэдээллийг цаг тухайд нь өгөх, үйлчлүүлэгчид сонголт хийх боломжийг олгох нь чухал юм.

Хот болон хөдөөнөөс ирсэн эмчлүүлэгсдийн гарах үеийн харааны чадал ойролцоо байна.

Хийгдсэн мэс заслын төрлийг оноор нь харьцуулсан судалгаанаас харахад 2003-2005 онуудад ЭКЭК мэс засал давамгайлан хийгдэж байснаа 2006 оноос жижиг зүслэгт оёдолгүй мэс заслын аргын хувь нэмэгдэж, 2007-2008 онд нийт мэс заслын 90-ээс дээш хувийг эзлэх болсон нь шинэ технолог нэвтэрсэнтэй холбоотой юм. 2003-2006 онуудад фако мэс заслын хувь өндөр байгаа нь (15,1-33,7%) тухайн жилүүдэд HH байгууллагын нарийн мэргэжлийн эмч нар ирж, манай эмч нартай хамтран мэс засал хийж байснаар тайлбарлагдана.

Мэс заслын эмчилгээний шууд үр дүнг хараа сэргэлтийн байдлаар үнэлж, хийгдсэн мэс заслын төрлөөр харьцуулан судлахад мэс заслын аргаас хамаарч харааны сэргэлт ялгаатай байгаа нь статистик ач холбогдол бүхий байна. Тухайлбал жижиг зүслэгт оёдолгүй арга болон фако мэс заслын аргыг уламжлалт аргатай харьцуулахад эмчилгээний үр дүн өндөр байгаа нь хараа сэргэлтийн дундаж үзүүлэлтээс харагдаж байна. Харин жижиг зүслэгт оёдолгүй арга болон фако мэс заслын аргыг харьцуулахад онцын ялгаа харагдахгүй байгаа нь дараахи хүчин зүйлтэй холбоотой гэж үзэж байна. Үүнд жижиг зүслэгт оёдолгүй аргаар хийсэн мэс заслын давтамж өндөр байгаатай уялдан эмч нарын туршлага болон ур чадвар нэмэгдэж, энэ нь мэс заслын үр дүнд шууд нөлөөлсөн.

Фако мэс заслын техник нь эмчээс өндөр ур чадвар болон хангалттай туршлагыг шаарддаг бөгөөд аль нэг нь дутмаг байгаа үед хүндрэл гарах эрсдэл ихтэй байдаг. Тооноос чанарт шилждэг зүй тогтлын дагуу энэ төрлийн мэс заслын давтамж ихсэх тусам манай эмч нарын ур чадвар нэмэгдэж, хангалттай туршлага хуримтлагдах нь тодорхой юм.

Дүгнэлт

  1. Судалгаанд хамрагдагсдын дунд хөгшрөлтийн катаракт зонхилон тохиолдож байгаа бөгөөд энэ нь нас, нийгмийн байдал, боловсролын түвшинтэй шалтгаан-үр дагаварын холбоотой байна.
  2. Ирэх үеийн хараа болон мэс заслын эмчилгээний дараахи хараа сэргэлтийн байдал өвчтөний нас, харьяалал, нийгмийн байдал, боловсрол, мэс заслын төрөл зэрэг олон хүчин зүйлээр нөхцөлдөж байна.
  3. Катарактын мэс заслын төрлөөс хамаарч эмчилгээний үр дүн харилцан адилгүй байна.
Ном зүй

1. Баасанхүү. Ж., Жонсон. Г., (1998) “Монгол оронд тохиолдох сохролын шалтгаан болон голлох хүчин зүйл” Нүдний алба байгуулагдсаны 70 жилийн эрдэм шинжилгээний бага хурлын материал.
2. Лхагвадолгор. Д., Уранчимэг. Д., (1998) “ЭКЭК буюу нүдний болрыг бүрхүүлгүй авах мэс заслын эмчилгээний үр дүн” Нүдний алба байгуулагдсаны 70 жилийн эрдэм шинжилгээний бага хурлын материал.
3. Баасанхүү. Ж., Лхагвадолгор. Д., Бүрэнжаргал. П., Жавзандулам. Б., (1998); “Хиймэл болор суулгасан мэс заслын ойрын үр дүн” Нүдний алба байгуулагдсаны 70 жилийн эрдэм шинжилгээний бага хурлын материал.
4. Global data on blindness. Bulletin of the World Health Organization. 73(1):115-21. (2002);
5. Global data on visual impairment in the year. Serge Resnikoff, Donatella Pascolini, Daniel Etya’ale, Ivo Kocur, Ramachandra (2002);
6. United Nations, Population Division. World population prospects - the 2002 revision. New York (NY): United Nations; (2003).
7. World Health Organization. The world health report 2003: shaping the future. Geneva: WHO; 2003. Available from URL: http:/www.who.int/whr/en/
8. The World Health Report: Life in The 21st Century-A Vision for All. WHO, Geneva, (2000). Page 47
9. Formulation and management of national programmes for the prevention of blindness. Geneva, WHO, (1990)
10. WHO. “Low vision care for the elderly” report of a workshop, (1996)
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1068
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК