Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2008, 1(03)
Анхдагч хаалттай өнцөгийн лазер иридотомийн мэс заслын дараахи алсын үр дүнг судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

Д.Жавзансүрэн1, Д.Уранчимэг2, Ж.Баасанхүү2

1 Улсын Клиникийн Төв Эмнэлэг, 2 Эрүүл Мэнд Шинжлэх Ухааны Их Сургууль

 

Дөчөөс дээш насны хүмүүсийн дотор ХӨГ өвчин 1%-1.5% тохиолддог. Манай оронд нүдний даралт өвчин нь сохролын шалтгааны 1-2 р байрт орж 35 орчим хувийг эзэлнэ [1].

Анхдагч хаалттай өнцөгт глауком (АХӨГ) нь сүүлийн үеийн судалгаагаар дэлхийд ялангуяа Азийн орнуудад сохролын шалтгаан болж байна [2]. Зарим улс орнуудад хаалттай өнцөгт глауком нь мянган хүн тутамд 1 тохиолдол байх бөгөөд эмэгтэйчүүд ба эрэгтэйчүүдийн харьцаа 4:1 байдалтай, өвчлөл нь эмэгтэйчүүдэд илүү байдаг гэсэн судалгаа гарчээ [4].

Манай оронд 1995 онд Хөвсгөл аймагт хийгдсэн судалгаанд хамрагдсан 40-өөс дээш насны 942 хүнээс 1,4% нь хаалттай өнцөгт глауком, 0,5% нь нээлттэй өнцөгт глаукомтой, 6,5% нь гониоскопийн шинжилгээгээр өмнөд таславчийн өнцөг хаалттай гарсан байна [4,5,8]. ХӨГ-ын давшил өгсний дараа нөгөө нүдэнд нь давшил өгөх магадлал 5 жилд дунджаар 32- 73% байдаг тул эрүүл нүдэнд урьдчилан сэргийлэх иридэктоми хийж өгөх нь чухал байдаг [6]. Б.Цэенпилийн 1990 оны судалгаанд хамрагдсан глауком өвчтэй 805 хүний 50,7% нь нарийн буюу хаалттай өнцөгтэй байсан байна [7].

Зорилго

Анхдагч хаалттай өнцөгийн лазер эмчилгээний алсын үр дүнг судлахдаа нүдний эмнэл зүйн өөрчлөлтийг харьцуулж шинжилгээнд илрэх динамик өөрчлөлтийг тодорхойлох

Судалгааны арга, аргачлал

Энэ судалгааны ёс зүйн зөвшөөрлийг 2005 онд ЭМЯ-ны Ёс зүйн хорооноос авч байсан. Улаанбаатар хот (Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг) болон Баянхонгор аймагт хийгдсэн санамсаргүй түүвэрлэлттэй, хяналттай эмнэл зүйн кохорт судалгааг 5 жилийн давтамжтай хийв. 1999 онд үзүүлж байсан 4725 үйлчлүүлэгчдэд давтан үзлэг хийгдэхээс судалгаанд 2088 хүн хамрагдлаа. Харах чадлыг Goldman хүснэгтээр, нүдний дотоод даралтыг Goldman тонометрээр хэмжсэн. Нүдний өмнөд хэсгийг “INAMI” Японы биомикроскопоор шинжилж өмнөд тасалгааны өнцгийг Goldman нэг тольт гониолинзээр 4 секторт харсан. Нүдний угийг 90 Д линзээр харж харааны мэдрэлийн экскавацийг хэмжсэн. Харааны талбайг компьютерт периметрийн аппаратаар шалгасан. Эмчилгээ болон урьдчилан сэргийлэх заалтаар Германы “Zeiss” фирмийн YAG лазераар иридотоми хийсэн. Лазер эмчилгээний өмнө үйлчлүүлэгчийн нүдэнд 1%-2%-ийн пилокарпин 2 дуслаар 10-15 минутын зайтай дусааж хүүхэн харааг нарийсгасан.

4% Lignocaine, 0.25% fluorescein Sodium 1 дуслаар нүдний салстанд дусааж мэдээ алдуулсан.

Лазер эмчилгээний дараа 0.1% дексаметазон 1 дуслаар өдөрт 4 удаа 5 хоног дусаасан.

Статистик үзүүлэлтийг SPSS программ дээр боловсруулалт хийсэн.

Судалгааны үр дүн, хэлцэмж

Судалгаанд нийт 2088 хүн хамрагдлаа. Үүнээс эрэгтэй 771 (36.9%), эмэгтэй 1317 (63.1%) 1999 онд лазер эмчилгээ хийгдсэн 76 (152) хүн давтан үзлэгт хамрагдаж 1999 онд нүдний даралтгүй гэж оношлогдсон 330 хүнд шинжилгээ эерэг гарч шинээр лазер эмчилгээ хийгдсэн.

76 хүнийг нас хүйсээр нь авч үзвэл:

Эрэгтэй 23 (30.2%) дундаж нас 67

Эмэгтэй 53 (69.7%) дундаж нас 65

1999 онд судалгаанд хамрагдсан 76 хүнийг оношоор нь 2005 онд судалгаанд хамрагдсан 76 хүнтэй харьцуулж үзвэл:

АХӨС-ээс АХӨ-руу шилжсэн 3 хүн (4нүд) 8% (5%)

АХӨС-ээс АХӨГ-руу шилжсэн 3хүн (5нүд) 8% (7%)

ХАӨ-аас АХӨГ-руу шилжсэн 6хүн (7нүд) 25% (16%)

Нийт 76 хүний 16% нь оношийн өөрчлөлт гарч, 84% нь тогтвортой байв. Өөрөөр хэлбэл лазер эмчилгээг нүдний даралт өвчин эхэлж байгаа үед болон шинжилгээ эерэг гарсан үед хийвэл илүү үр дүнтэй байгаа учир нүдний даралт өвчнийг эрт үед нь илрүүлж эмчлэх асуудал чухал байна.

1999 онд нүдний даралтгүй гэж оношлогдож байсан 330 хүнийг нас хүйсээр нь авч үзвэл: эрэгтэй 86 дундаж нас 63.3 эмэгтэй 244 дундаж нас 63.4.

Нээлттэйгээс АХӨС-руу шилжсэн 260 хүн 479 нүд (75%), нээлттэйгээс АХӨ-руу шилжсэн 72 хүн 117 нүд (18%), нээлттэйгээс АХӨГ-руу шилжсэн 30 хүн 44 нүд ( 7%), АХӨС-ээс АХӨ-руу 1 хүн 1 нүд (8%), АХӨ-ээс АХӨГ-руу 1 хүн 1 нүд (14%), нийт 330 хүний 97%-д оношийн өөрчлөлт гарч, 3% нь тогтвортой байв.

Лазер эмчилгээг шинжилгээнд эерэг гарсан эрт үед нь хийвэл илүү үр дүнтэй ба АХӨГ болон сохролоос сэргийлэх эрсдэлийг бууруулж өгч байгаа нь харагдаж байна.

Анхдагч хаалттай буюу нарийн өнцөгт хэлбэрийн өвчлөл илүүтэй байгаа нь манай оронд нүдний даралт өвчний тархалт эмнэл зүйн талаар хийгдсэн судалгаануудын үр дүнтэй нийцэж байна. Эмэгтэйчүүдийн өвчлөл их байгаа нь манай орны судлаачдын ба гадаад орны судлаачдын үр дүнтэй ижил байна. Лазер эмчилгээг нүдний даралт өвчний эхний үе шатанд хийхэд харааны үйл ажиллагаа удаан хугацаагаар тогтвортой байгаа учир нүдний даралт өвчнийг эрт илрүүлэх ажлыг эрчимжүүлэх, хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэгт өргөнөөр хамруулж, сурталчилгааны ажлыг өргөн хэмжээгээр явуулах нь чухал байна.

Дүгнэлт

  • Лазер эмчилгээг нүдний даралт өвчнийг эхэлж байгаа үед болон шинжилгээнд эерэг гарсан үед хийвэл илүү үр дүнтэй байгаа учир нүдний даралт өвчнийг эрт үед илрүүлж эмчлэхийг тогтоолоо.
  • Давтан үзлэгт хамрагдаж лазер эмчилгээнд орсон 76 хүний 84% нь тогтвортой байсан ба 16% нь оношийн өөрчлөлт гарсан.
  • 1999 онд өмнөд хоргын өнцөг (дундаж) 2.35 байсан бол 2005 онд 2.45 болж нэмэгдсэн байв.
  • Ван Херрик нарийн өнцөгт (0% 5%15%) 60-69 насанд их байв.
  • CDR 1999 онд 0.4 байсан бол 2005 онд 0.5 болсон байв.
  • Нүдний даралтгүй гэж оношлогдож байсан 330 хүний 97% нь шилжилт хийгдэж, 3% нь тогтвортой байсан. Энэ нь нас ахих тусам өмнөд хоргын өнцөг нарийсч байгааг харуулж байна.
  • 1999 онд өмнөд хоргын өнцөг (дундаж) 2.14 байсан бол 2005 онд 1.98 болж нарийссан байв.
  • Ван Херрик нарийн өнцөгт (0%5%15%)50- 59 насанд их байв.
  • CDR 1999 онд 0.3 байсан бол 2005 онд 0.38 болсон байв
Ном зүй

1. Nolan WP, Foster PJ. Devereux JG, D. Johnson GJ, Uranchimeg D, Baasankhu J YAG laser iridotomy treatment for primary angle-clousure in east Asian eyes. Br J Ophthalmol (2000); 84: 1255-1259.
2. Thylefolds B, Negrel AD. The global impact of glaucoma. Bull World Health Organ (1994); 72: 323-6.
3. Leske MC, Ederer FPM. Estimating incidence from age-specific prevalence in glaucoma. Am J Epidemiol (1981); 113: 606-13
4. Foster PJ, Baasankhu J, Uranchimeg D et al. Glaucoma in Mongolia. Arch Ophth (1996), 114: 1235.
5. Foster PJ, Baasankhu J, Alsbirk PH, Munkhbayar D, Uranchimeg D, Johnson GJ. Glaucoma in Mongolia population based survey in Hovsgol Province, Nothern Mongolia. Arch Ophthalmol (1996); 114: 1235-1241.
6. Salmon JF. Long term IOP control after Nd: YAG laser iridotomy in chronic angle closure glaucoma. J.Glaucoma (1993), 2; 291-6.
7. Цэенпил Б. Клинико-функциональные исследования при раннем выявлении глаукомы в условиях поликлиники. Канд.дисс. (1990).
8. Foster PJ, Baasankhu J, Alsbirk PH, Munkhbayar D, Uranchimeg D, Johnson GJ. Glaucoma in Mongolia population based survey in Hovsgol Province, Nothern Mongolia. Arch Ophthalmol (1996); 114: 1235-1241.
9. Andrew W.Danyluk, David Paton Diagnosis and Management of glaucoma Clinical Symposia, (1991), vol 43, N4
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 715
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК