Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2008, 1(03)
Монгол Улсад Нүдний Банкыг үүсгэн байгуулж байгаа тухай
( Шүүмж, эргэцүүлэл )

П.Бүрэнжаргал, Ц.Мөнхцэцэг

УКТЭ, Нүд Судлалын Клиник

 

Зайлсхийж болох сохрол ба хараа сулралыг бууруулах ДЭМБ-ын VISION-2020 дэлхий нийтийн уриалгад Монгол улс 2003 онд нэгдэн орж 2006-2010 онд хэрэгжиж буй МОНГОЛ ХАРАА- 2020 үндэсний хөтөлбөрт чухалчлах 4 өвчний нэгэнд эвэрлэгийн өвчлөл орсон байдаг. 1994 онд манай оронд 40-өөс дээш насныхны дунд хийгдсэн судалгаагаар [1] цаг уурын шалтгаант эвэрлэгийн бүдэгшил (CDK) буюу цаг агаараас шалтгаалсан, нарны хэт ягаан туяанаас үүсдэг эвэрлэгийн кератопати элбэг тохиолддог гэж тэмдэглэгджээ. Монгол оронд жилийн 260 өдөр нь хурц нартай хүчтэй салхитай байдаг ба нүүдэлчин малчдын дунд CDK маш их элбэг тохиолддог байна. Энэ нь Канадын Лабрадор, Сомалия, Улаан тэнгисийн эрэг орчмын нутагт хийгдсэн судалгаатай харьцуулахад [1] илүү хүнд хэлбэрээр, илүү элбэг тохиолддог нь батлагдсан байна. Монгол улс нь 3 сая орчим хүн амтай хөгжиж байгаа орон бөгөөд нийгэм эдийн засгийн байдалтай холбоотойгоор бактерийн кератит түүний хүндрэл болох эвэрлэгийн цооролт ба цагаа ихэвчлэн тохиолдож байна. Хүнд хэлбэрийн CDK болон эдгээр өвчний үед Keratoplasty буюу эвэрлэг шилжүүлэн суулгах хагалгаа хийж харааг сэргээх боломжтой байдаг.

Манай улсад Keratoplasty мэс заслыг зарим эмч нар хийдэг боловч олон улсын шаардлагыг хангасан донор эдийг гадаадаас авахад өртөг өндөртэй (АНУ-аас авахад 2500 USD) байдаг нь Монгол улсад Монголын нүдний банкийг (МНБ) байгуулах зайлшгүй шаардлагатайг харуулж байна. УКТЭ нь 544 ор бүхий доторын 7, мэс заслын 8 клиниктэй, 750 ажиллагсадтай, III шатлалын үйлчилгээг бүх аймаг, хот дүүргүүдийн хүрээнд үзүүлдэг.

МУ-ын ууган эмнэлэг юм. УКТЭ-ын НСК нь 80 жилийн түүхтэй анхны нүдний тасаг бөгөөд одоо 40 ортой, 7 эмчтэй, нүдний резидентүүдийн сургалт явуулдаг нүдний өвчин судлалын гол клиник учраас МНБ-ыг УКТЭ-ийн НСК-ийн дэргэд байгуулах нь зүйтэй гэж үзсэн юм.

Хэтийн зорилго

МНБ нь 2000 оны 01 сарын 21 - ны өдөр батлагдсан Монгол улсын Донорын тухай хууль, Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын Сайдын 233 тоот тушаалыг баримтлан үйл ажиллагаа явуулах бөгөөд эвэрлэгийн сохролыг бууруулахын тулд өвчтөний эрх ашигыг тэргүүн зэрэгт тавьж улсын болон хувийн эмнэлгүүдэд донор эвэрлэгийг бэлтгэж өгнө. Сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны зорилгоор Монгол улсын бүх эмнэлэг, эмч нартай хамтран ажиллана. Донор болох үйл ажиллагаанд оролцохын ач холбогдлыг ард олонд таниулан сурталчилна.

Ойрын зорилго: МНБ нь үйл ажиллагаагаа эхэлсэн эхний жилдээ 50 эвэрлэгийг бэлтгэнэ. Дараа дараагийн жилүүдэд 70 ба 100 эвэрлэгийг бэлтгэж тоог нэмэгдүүлнэ. МНБ-ийг түшиглэн сургалт, эрдэм шинжилгээний зориулалтаар Wet Lab байгуулна. Энэ нь нүдний микро мэс заслын дадлагажих төв бөгөөд төгсөлтийн дараах сургалтын чанарыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.

Төслийн хүрээнд хийгдэх үйлчилгээнүүд:

  1. Төсөлд хамрагдах эмнэлгийн сүлжээг бий болгох
  2. Монгол улс даяар эвэрлэг шилжүүлэн суулгах шаардлагатай хүмүүсийн жагсаалтыг бий болгож үргэлжлүүлэн хөтлөх
  3. Донор эвэрлэг бэлтгэж эхлэх
  4. Шилжүүлэн суулгахад тохирох эсэхийг тодорхойлох тестүүдийг лаборатори тасагтай хамтран хийх
  5. Донор эвэрлэгийг шалгах, хадгалах, нөөшлөх, савлах, тараах
  6. Keratoplasty мэс заслын үр дүнг хянах, донор ба реципиентийн карт хөтлөх
  7. Донор болох үйл ажиллагааг ихэсгэхийн тулд ард олны дунд сурталчилгаа явуулах
  8. Сургалт ба судалгааны зориулалтаар нүдний эд бэлтгэнэ

Үйл ажиллагааны төлөвлөгөө

УКТЭ-ийн үйлчлэх хүрээ, хүчин чадлыг харгалзан тус эмнэлгийн харъяанд НСКийг түшиглэн УКТЭ-ийн захиргаа болон ОУын RIEB, ORBIS, SIGHT LIFE байгууллагуудын дэмжлэгтэйгээр МНБ байгуулах үйл ажиллагаа нь 2007 оны 07 сараас эхэлсэн.


Хүн хүчин

МНБ-ыг нүдний эвэрлэг, өмнөд сегментээр мэргэшсэн эмч хариуцан зохион байгуулж ажиллана. Нэг техникчтэй байх ба нүдний банкны техникчийн мэргэжлийн лиценз бүхий сувилагч байна. Нэг үйлчлэгч нь өдөр тутмын цэвэрлэгээ ариутгалыг хариуцах ба эвэрлэгт хэрэглэгддэг шил, сав суулгыг цэвэрлэж бэлтгэж өгнө. Цаашид ажил жигдрэх явцад нарийн бичиг болон бусад ажилтнууд нэмэгдэж ажиллана. Үйл ажиллагаа өргөжихийн сацуу технигчээр нэмж хүн сурган ажиллуулна.

НСК-ийн чанарын багтай хамтран ажиллах ба нүдний өмнөд сегментээр мэргэшсэн нүдний эмч нь эвэрлэгийг хадгалах, нөөшлөх болон бусад нүдний банкны бүх үйл ажиллагааг чанарын өндөр түвшинд хүрч ажиллахад хяналт тавьж ажиллана.

Техникчээр ОУ-ын нүдний банкны техникчийн сургалт дүүргэсэн ОУ-ын лиценз бүхий хүн ажиллана.

Төсөв

Олон улсын жишгээр МНБ-ны үйл ажиллагааг тасралтгүй явуулах, эдийн засгийн хувьд тогтвортой байлгахын тулд эвэрлэгийг хадгалах, бэлтгэхэд зарцуулагдах зардлыг тооцож эвэрлэгийг зохих төлбөртэйгээр бэлтгэнэ. МНБ-ыг дэмжигч үндэсний болон олон улсын байгууллагуудыг оролцуулж санхүүгийн дэмжлэг авахыг зорино.

Ач холбогдол

Эвэрлэг шилжүүлэн суулгах хагалгааг (Keratoplasty) МУ-д анх удаа 1956 онд Ардын эмч, Профессор Р.Нямаа хийж байсан түүхтэй. Түүнээс хойш УКТЭ болон нүдний зарим хувийн эмнэлэгт тус мэс заслыг хийж ирсэн боловч донор эвэрлэгийг олон улсын стандартын дагуу бэлтгэн шинжлэх, нөөшлөх тусгай зориулалтын лаборатори-нүдний банк байгаагүй нь кератопластик мэс заслыг МУ-д өндөр түвшинд хөгжихөд гол саад бэрхшээл болсоор ирсэн.

МНБ-ийг байгуулснаараа

  1. Донор эвэрлэгийг Олон улсын стандартын дагуу бэлтгэх нөхцөл хангагдана. ОУын стандартын дагуу донор эвэрлэгийг бэлтгэснээрээ зөвхөн Keratoplasty мэс засал төдийгүй сүүлийн жилүүдэд дэлхийн нүдний практикт нэвтэрч байгаа эвэрлэгийг үечлэн солих, эвэрлэгийн эндотель бүрхүүлийг шилжүүлэн суулгах зэрэг бичил мэс заслыг эх орондоо хөгжүүлэх боломжтой болно.
  2. Нүдний химийн түлэгдэл болон бусад бичил мэс засалд хэрэглэгддэг эхэсийн амнион хальсыг ОУ-ын стандартын дагуу бэлтгэж бүх нүдний эмнэлгүүдийг хангана.
  3. МУ-д сохрол, сул харааны шалтгаан болсон эвэрлэгийн эмгэгтэй үйлчлүүлэгчдийг харьцангуй хямд өртгөөр эх орондоо эмчлэж эдгээх бүрэн боломж нээгдэнэ. Ингэснээрээ энэ төрлийн мэс заслыг гадаадад хийлгэхээр явдаг чирэгдлийг арилгаж цаашлаад гадаад руу гардаг валютын урсгалыг зогсоох эдийн засгийн ач холбогдолтой.
  4. Нүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийн үйлчилгээ үзүүлдэг, нүдний бичил мэс заслын сургалт явуулдаг УКТЭ-ийн Нүд судлалын клиникийн дэргэд МНБ байгуулагдснаараа цаашид нүдний сургалт, суурь судалгаа, эрдэм шинжилгээний үндсэн бааз болж Монголын нүд судлалын хөгжилд үсрэнгүй дэвшил гарна.
  5. МНБ нь бусад төрийн болон хувийн нүдний эмнэлгүүдтэй хамтран ажилснаараа тэдгээрийн ажлын уялдаа холбоо улам нягтарч эмч, эмнэлгийн ажилтны мэргэжлийн мэдлэг ур чадвараа дээшлүүлэх, харилцан туршлага солилцох үйл ажиллагаанд ахиц гарна.
Ном зүй

1 Bulletin of the World Health Organization 1994, 72 (5):771-776
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 787
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК