Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2008, 1(03)
Чихрийн шижний шалтгаант нүдний торлог бүрхүүлийн хүндрэлийн эзлэх хувь, нөлөөлөх хүчин зүйл, үе шат
( Шүүмж, эргэцүүлэл )

Д.Эрдэнэчимэг, Х.Алтайсайхан, Ж.Баасанхүү

 

Европын чихрийн шижний холбооны мэдээллээр дэлхий дээр 246 сая хүн чихрийн шижинтэй бөгөөд 2025 онд 380 сая болох хандлагатай байна. Чихрийн шижний шалтгаант нүдний торлог бүрхүүлийн хүндрэл архаг хүндрэлийн нэг бөгөөд АНУ-д 20-74 насныхны сохролын шалтгааны 8% болж байна1. Жил бүр 12000-24000 хүн чихрийн шижний улмаас хараа муудаж байна.

Дэлхийд 2.5 сая хүн чихрийн шижний шалтгаант нүдний торлог бүрхүүлийн хүндрэлтэй. Чихрийн шижний шалтгаант нүдний торлог бүрхүүлийн хүндрэл Азид хүн амд суурилсан судалгаанд 21.8%, эмнэлэгт суурилсан судалгаанд 38%, Австралид 2 хүн амд суурилсан судалгаанд 29.1%, эмнэлэгт суурилсан судалгаанд 35% байдаг, бусад орнуудад янз бүрийн судлаачдынхаар 0.6 -40% байдаг байна.

Судалгааны зорилго

Хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүсийн дунд чихрийн шижний шалтгаант нүдний торлог бүрхүүлийн хүндрэлийн эзлэх хувь, нөлөөлөх хүчин зүйл, үе шатыг тогтоох

Судалгааны арга, аргачлал

Санамсаргүй түүвэрлэлтийн аргаар Улаанбаатар хотын зургаан дүүргийн дотоод шүүрлийн булчирхайн эмчийн хяналтанд байгаа 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүсээс 246 хүн сонгон авч бичиглэл судалгааны нэг агшингийн аргаар чихрийн шижний нүдний торлог бүрхүүлийн хүндрэлийн тархалтыг тогтоов. Чингэлтэй дүүргээс 420 хүнээс 42, Баянзүрх дүүргээс 450 хүнээс 45, Сүхбаатар дүүргээс 420 хүнээс 42, Хан-Уул 360 хүнээс 36, Сонгинохайрхан 430 хүнээс 43, Баянгол 380 хүнээс 38 хүн тус тус сонгогдов. Нийт 6 дүүргийн дотоод шүүрлийн эмчийн хяналтанд байсан 2460 хүнээс санамсаргүй түүвэрлэлтээр 246 хүн сонгогдов. Асуумжийн аргаар хаяг, нас, хүйс, оношлогдсон байдал өвчний түүх, архи, тамхи, эмийн хэрэглээг, антропометрийн үзүүлэлтээр биеийн жин, өндрийг хэмжин, Кетлийн индексээр биеийн жингийн индексийг тодорхойлон, үзлэгээр эрүүл мэндийн байдалд үнэлгээ өгөн, лабораторийн шинжилгээнд өлөн цусан дах глюкозын хэмжээг accu-chek глюкометрээр, глюкозжсон гемоглобины хэмжээг DCA 2000 анализатороор, өлөн шээсэнд микроальбуминуриг Bayer аппаратаар тодорхойлсон.

Харах чадлыг Мануайегийн аравтын системд үндэслэгдсэн Сивцев Головины хүснэгтээр шалган Снеллений томъёогоор үнэлэв.

Нүдний даралтыг Маклаковын тонометрээр үзэж Полякийн хэмжилтийн шугам ашиглан тодорхойлж нүдний дотоод даралт мөнгөн усны баганы 18-26 мм тэй тэнцүү бол хэвийн гэж үзэв.

Хүүхэн харааг тропикамид 0.5% фенилферин 5% өргөсгөгч 1 дуслыг дусаан өргөсгөж 90D тусламжтай Topcon SL слит лампаар нүдний угийг харав. Чихрийн шижний шалтгаант нүдний торлог бүрхүүлийн хүндрэлийн үе шатыг Америкийн нүдний Академаас гаргасан ангиллаар хөнгөн NPDR, дунд NPDR, хүнд NPDR, PDR гэж ангилав.

Үр дүн

Нийт 246 хүн судалгаанд хамрагдсанаас 29.1% нь чихрийн шижний шалтгаант нүдний торлог бүрхүүлийн хүндрэлтэй (72/246) байв.

Чихрийн шижний шалтгаант нүдний торлог бүрхүүлийн хүндрэлийн эзлэх хувь эрэгтэйд 41.7% (50/120), эмэгтэйд 39.7% (50/126) эдгээрийн хооронд статистикийн хамааралгүй (Р= 0.22), тэдгээрийн дундаж нас 53.27 (дундаж 52.5 хэлбэлзэл 29-82), наснаас хамааралгүй (Р =0.15), 30 аас өмнө насанд оношлогдсон 66.6% (2 /3), 30 наснаас хойш оношлогдсон 40.3% (98 /243). Эдгээрийн хооронд статисикийн хамаарал үгүй байв (р= 0.18).

Чихрийн шижний шалтгаант нүдний торлог бүрхүүлийн хүндрэлийн өвчин үргэлжилсэн жил 8.1 жил (дундаж 6 хэлбэлзэл 1-27). Харин чихрийн шижний шалтгаант нүдний торлог бүрхүүлийн хүндрэл үгүй хүмүүсийн өвчин үргэлжилсэн жил 4.7 (дундаж 3.0 хэлбэлзэл 1-23). Эдгээрийн хооронд статистикийн хамааралтай байлаа. (р <0.01).

HbA1C 104 өвчтөнд хэмжсэнээс 36 нь чихрийн шижний шалтгаант нүдний торлог бүрхүүлийн хүндрэлтэй, тэдгээрийн HbA1C дундаж 10.2% (хэлбэлзэл 5.5-4.4). Харин чихрийн шижний шалтгаант нүдний торлог бүрхүүлийн хүндрэл үгүй хүмүүсийн HbA1C дундаж 8.7% (хэлбэлзэл 5.5-14.0). Тэдгээрийн хооронд статистик хамаарал үгүй байв (р=0.08). Чихрийн шижний шалтгаант нүдний торлог бүрхүүлийн хүндрэлтэй хүмүүст биеийн жингийн индекс, архи, эмийн хэрэглээний статисик хамааралгүй байна.

Чихрийн шижний шалтгаант нүдний торлог бүрхүүлийн хүндрэлтэй хүмүүсийн дунд инсулин хэрэглэдэг 10% (10/100), сахар бууруулах эм, инсулин хэрэглэдэг 29% (29/100), эм хэрэглэдэггүй 7.5%( 5/67) байлаа.

Чихрийн шижинтэй 246 хүмүүсийн нүдний угийг шалган чихрийн шижний шалтгаант нүдний торлог бүрхүүлийн хүндрэлийн үе шат, эмчилгээний байдлыг тогтооход эдгээрээс 12 хүн лазер эмчилгээ хийлгэсэн (4.8%), 9 нь 2 талдаа лазер эмчилгээ хийлгэсэн (3.6%), 8 хүн шар толбоны хавантай эмчилгээгүй, 1 нь 2 талдаа шар толбоны хавантай, 1 хүний шар толбоны хаван эмчлэгдсэн. 8 хүн хүнд хэлбэрийн PDR (3.6%), эдгээрээс 5 нь 2 талдаа (2.03%) PDR, 1 хүн эмчилгээгүй-шар толбо хавантай, PDR байсан. Нийт 6 хүн (2.4%) эмчилгээгүй, 1 хүн 2 нүдэндээ эмчилгээгүй (0.40%) байлаа. Чихрийн шижний шалтгаант нүдний торлог бүрхүүлийн хүндрэлийн хэлбэрээр: хөнгөн NPDR 6.5%/n=16, дунд зэргийн NPDR 8.1%/ n=20, хүнд NPDR 5.6%/ n=14, PDR 8.9%/n=22, шар толбоны хавантай 8 хүний өвчин үргэлжилсэн жил 4-30 жил, дундаж 17.7 жил, PDR 22 хүний өвчин үргэлжилсэн жил 8-27 жил, дундаж 17.5 жил байв.

Хэлцэмж

Чихрийн шижний шалтгаант нүдний торлог бүрхүүлийн хүндрэлийн тархалт баруун Сиднейд 49 наснаас дээш насны 253 хүнд хийсэн BMES10 судалгаагаар 32%, Ньюкастлийн 11 клиникт суурилсан бүх насныхныг хамарсан 11 жилийн турш хийгдсэн судалгаагаар 35% ба BDES12 америкт 43-84 насныхныг хамарсан 435 хүнд хийгдсэн судалгаагаар 37%, Голландад хийгдсэн хүн амд суурилсан 55 наснаас дээш насныхныг хамруулсан Роттердамын 13 судалгаагаар 26% байлаа. WESDR Висконскийн 1 эпидемиолог судалгаа нь эмнэлгийн анхан шатны түвшинд чихрийн шижинтэй гэж оношлогдсон хүмүүсийг хамруулсан бөгөөд энэ судалгаагаар чихрийн шижний шалтгаант нүдний торлог бүрхүүлийн хүндрэлийн тархалт 1-р хэлбэрийн диабеттэй хүмүүст 71%, 2-р хэлбэрт 39% байв.

Дээрх судалгаануудад чихрийн шижнээр өвдсөн жил ихсэхэд чихрийн шижний шалтгаант нүдний торлог бүрхүүлийн хүндрэлийн тархалт өсөж байв. WESDR болон бусад эпидемиолог судалгаануудад NPDR, PDR, шар толбоны хаван тус бүрийн тархалт нь чихрийн шижин үргэлжилсэн жилээс шууд хамааралтай байв.

HbA1C, глюкозын түвшин бага байхад чихрийн шижний шалтгаант нүдний торлог бүрхүүлийн хүндрэлтэй тархалт бага байв. Эпидемиолог судалгаануудаар чихрийн шижний хяналт сайн байвал чихрийн шижний шалтгаант нүдний торлог бүрхүүлийн хүндрэлийн тархалт бага байна.

WESDR судалгаанд HbA1C, глюкоз өндөр байхад NPDR, PDR, шар толбоны хаван эерэг хамааралтай байв. Энэ зарчим DCCT судалгаанд нотлогдсон.

DCCT23 судалгаагаар клиникт суурилан 1-р хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүсийг хамруулан хийгдсэн ба эрчимт эмчилгээ хийж глюкозын түвшин, HbA1C 10% буулгахад тухайлбал 8% аас 7.2% болгоход чихрийн шижний шалтгаант нүдний торлог бүрхүүлийн хүндрэлийн үүсэлтийг 43%-45 % багасгана. Глюкоз, HbA1C түвшин бага бол чихрийн шижний шалтгаант нүдний торлог бүрхүүлийн хүндрэлийн үүсэх нь бага болохыг тодорхойлсон.

Новевер, Варром 24 нарын судлаачид DCCT, WESDR1 судалгаагаар 1-р хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнд HbA1C 8.5%- аас их бол чихрийн шижний шалтгаант нүдний торлог бүрхүүлийн хүндрэл илүү хурдан үүснэ гэж нотолсон.

Чихрийн шижний шалтгаант нүдний торлог бүрхүүлийн хүндрэлийн тархалтын хэлбэлзэл нь чихрийн шижний хяналт, эмчилгээний аргатай хамааралтай. Чихрийн шижинтэй хүмүүс нүдний хүндрэлээс зайлсхийж болох аргуудаас нэгдүгээрт глюкозын хяналтыг сайн барих, даралт ихдэлт, цусны өөх тос ихдэлтийг буулгах, дараагийн дугаарт чихрийн шижинтэй хүмүүсийн харах чадал, нүдний угийн өөрчлөлтийг хянан цаг хугацаанд нь лазер эмчилгээ хийх явдал юм. Байнгын илрүүлэх–скринин үзлэг чихрийн шижинтэй хүмүүст чухал ач холбогдолтой.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1144
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК