Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2008, 2(04)
Насанд хүрэгсдийн нүдний гэмтлийн байдал
( Судалгааны өгүүлэл )

А.Дариймаа1, Т.Булган2, Ж.Баасанхүү2

1 Чингэлтэй дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдэл, 2 Эрүүл Мэнд Шинжлэх Ухааны Их Сургууль

 

Нүдний гэмтэл нь жил бүр дэлхий даяар хагас сая хүнийг сохролд хүргэдэг ба түүнээс хавьгүй олон хүнийг сул хараанд хүргэсэн. Жишээ нь: Замбид бүх сохролын 0,8%, Энэтхэгт 1,3%, Хятад ба Малид 2,1%, Угандад 5,6%, Шри Ланкад 6,7%, Фуджид 9,4%–ийг нүдний гэмтлээс шалтгаалсан сохрол эзэлсэн байна [Escapini.H, 2007].

АНУ–д сохролын гол шалтгааны нэг нь нүдний гэмтэл бөгөөд болор цайх өвчин хоёрдугаарт ордог байна. Ойролцоогоор жилд 2.5 сая хүн нүдний гэмтэл авдаг ба тэдгээрийн 40.000 нь сул хараатай болсон байна. Гэмтэл авагсдын 20 хүний нэг нь байнга нүдний эмчийн хяналтанд байна [Parver L.M, 2008].

Аж үйлдвэржсэн орнуудад үйлдвэрийн осол, автомашины осол зонхилдог бол, хөгжиж буй орнуудад хөдөө аж ахуйн үйлдвэрийн осол гол төлөв зонхилон тохиолддог байна. Насанд хүрэгсдийн нүдний гэмтэл нь нэг ба хоёр нүдний сохор, сул хараа үүсгэх гол шалтгааны нэг юм [Kuhn.F, 2008]

Монгол дахь хүүхдийн нүдний өвчлөлийн бүтцэд нүдний гэмтэл нь амбулаториор эмчлүүлэгсдийн дунд гуравт, хүүхдийн нүдний тасгийн хэвтэн эмчлүүлэгсдийн дунд нэгдүгээрт орж байгааг манай судлаачид тодорхойлжээ [М.Энхтуул, 1995].

Судалгааны зорилго

Насанд хүрэгсдийн нүдний гэмтлийн байдал, хүндрэлд хүргэж буй шалтгааныг тодорхойлоход уг судалгааны зорилго оршино.

Судалгааны зорилт

  1. Насанд хүрэгсдийн нүдний гэмтлийн төрөл, шалтгааныг тодорхойлох
  2. Хүндрэлд хүргэж буй шалтгааныг тодорхойлох
  3. Нүдний гэмтлийн ойрын жилүүдийн хандлагыг тодорхойлох

Судалгааны үр дүн

Судалгааг ретроспектив судалгааны аргаар УКТЭ-ийн нүдний мэс заслын тасгийн 2004- 2007 онд нүдний гэмтэл авсан эмчлүүлэгсдийн өвчний түүхэнд судалгаа хийсэн. Тус нийт 3815 хүн хэвтэн эмчлүүлснээс 473 (12.4%) нь нүдний гэмтлийн улмаас хэвтэн эмчлэгдсэн байна.

Нүдний гэмтлийн төрөл, шалтгааныг тодорхойлсон судалгааны үр дүн Олон улсын ангилалын дагуу насыг бүлэглэхэд нийт гэмтэл авагсдын 18-25 насных 27.7% (n=131), 26-35 насных 30.5% (n=144), 36-45 насных 22.8% (n=108), 46-55 насных 10.8 % (n=51), 56 дээш насных 8.2% (n=39) тус тус эзэлж байна.

Судалгаанд хамрагдсан нийт өвчтөнүүдийн 90.3% эрэгтэйчүүд, 9.7% эмэгтэйчүүд (p< 0.001) тус тус эзэлж байлаа.

Гэмтэл авсан сараар харьцуулахад жилийн 4 улиралд харьцангуй өөр өөр үзүүлэлт өгч байсан ч дулааны улиралд буюу 5, 6 сард 11%, 7 сард хамгийн их буюу 13% (p<0.003) байхад 11 сард 5.1% (p<0.002), 2 сард 5 % (p< 0.003) тохиолдол бүртгэгджээ. Нүдний гэмтлийн ихэнх тохиолдолд гудамж, задгай талбайд 49% (n=232), түүний дотор зодооны улмаас 12.7% (n=60), ахуйн 26,5% (n=124), ажил 11.8% (n=56) (p<0.002) тус тус авсан байна (Зураг 1).

Нийт гэмтэл авагсдын Улаанбаатар хотоос 44.6 %, хөдөө орон нутгаас 55.4% эмчлэгдсэн байна.Хөдөө орон нутгаас ирж эмчлүүлсэн байдлыг харахад Сэлэнгэ 13,2% (n=35), Төв аймаг 13,4% (n=36), Дархан 8,7% (n=23), Хөвсгөл 7,9% (n=24) зэрэг аймгуудаас илүү, Хэнтий 1.3% (n=3), Завхан 1.3% (n=3), Дорнод 2% (n=5), Баянөлгий 1.1% (n=2), Баянхонгор зэрэг аймгаас бага 1.1% (n=2) нь бүртгэгджээ. Нүдний гэмтлийн төрлөөр авч үзэхэд алимны гэмтэл 86.8%, дайвар эрхтний гэмтэл 3,3%, хамгаалах эрхтний гэмтэл (ухархайн гэмтэл, зовхи) 9,9% (p<0.001) тус тус эзэлж байна.

Нүдний алимны гэмтлийн хэлбэрээр нэвт гэмтэл 59.1%, битүү гэмтэл 26.8%, түлэгдэлт 13.6%, осголт 0.5% (p<0.001) эзэлж байна (Зураг 2).

Хүндрэлд хүргэж буй шалтгааныг тодорхойлсон судалгааны үр дүн

Гэмтэгсдийг анхны тусламж авсан байдлыг хоногоор авч үзэхэд 24 цагийн дотор 22.5% (n=106), 2-5 хоногт 64.9% (n=309), 6-10 хоногт 11.5% (n=54), 11 дээш хоногт 1.1% (n=4) (p<0.002) тус тус эзэлжээ (Зураг 3).

Нэвт гэмтлийн байрлалаар эвэрлэг 34.3% (n= 96), эвэрлэг - уураглаг бүрхүүл 28.9% (n=81), лимб 16.1% (n=52), уураглаг бүрхүүл 18.6% (n=45), салстын гэмтэл 2.1 % (n=6) тус тус эзэлж байна.

Нүдэн доторхи гадны биетийн хувьд 61% нь соронзлогдох (төмөр), 20% соронзлогдохгүй (чулуу, шил, мод), 18% нь бүтэц нь тодорхойгүй байжээ.

Хүндрэлийн байдлаар болрын гэмтэл 33% (n=264), солонгон бүрхэвч хавчигдах 28.41% (n=227), эндофтальмит 11.88% (n=95), шилэнцэрт цус хурах 10.2% (n=81), судаслаг бүрхүүлийн үрэвсэл 7.13% (n=57), гадны биет 4.88% (n=39), солонгон бүрхэвчийн үрэвсэл 4.5%(n=36) (p<0.002)тус тус эзэлж байна (Зураг 4 ).

Нэвт гэмтлийн зэргийг хүндрэлтэй харьцуулж үзэхэд (p<0.0025) шууд хамааралтай байна.

Эмчилгээний хувьд нийт гэмтэл авагсдын 25.4%-д нь (n=120) эмийн эмчилгээ , мэс заслын эмчилгээ 74.6%-д (n=273) нь хийгджээ. Эдгээрээс мэс заслын эмчилгээнд: шархны анхны цэгцлэлт 58.9%, эвисцераци 23.5%, ЭКЭК+ИОЛ 10.2%, трабекулэктоми 1.41%, витроэктоми 1.41%, ЭКЭК 3.96%, ДЦРС 0.62% тус тус хийгдсэн байна.

Нэвт гэмтэл авагсдын 31.7% (n=89), битүү гэмтэл авагсдын 4.2% (n=12) нь эндофтальмитаар хүндэрчээ.

Эвисцерацид хүргэж буй шалтгаан нь 52%-д (n=47) эндофтальмит, 36%-д нь (n=29) том хэмжээний шарх (10 мм дээш), 12%-д нь (n=6) увеитын улмаас дээрхи мэс засалд орж байна(p<0.003) (Зураг 5).

Ирэх үеийн 0-0.001 харааны чадал 80.5% (n=211) байсан бол гарах үед 44.9% (n=102), 0.006-0.1 харааны чадалтай 16.1% (n=42) байсан бол гарах үед 32.8% (n=75), 0.2-0.5 ирэх үеийн харааны чадалтай 3.4% (n=9), гарах үеийн харааны чадалтай 7.4%(n=17) 0.6-1.0 гарах үеийн харааны чадал 14.9 % (n=34) болж өсчээ (p< 0.001) (Зураг 6 ).

Нүдний гэмтлийн ойрын жилүүдийн хандлагыг тодорхойлсон судалгааны үр дүн

Нүдний гэмтлийн сүүлийн 18 жилийн буюу 1990-2007 оны хооронд бүртгэгдсэн тохиолдлоор авч үзвэл: 1990 онд жилд 39 тохиолдол, 1994 онд 48 тохиолдол, 1998 онд 96 тохиолдол, 2002 онд 105 тохиолдол, 2006 онд 172 тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээрийг хугацаан цувааны тохиолдол хянах зарчмаар авч үзвэл 2008 онд 159, 2010 онд 194, 2012 онд 214 тохиолдол болж өсөх хандлагатай байна (Зураг 7).

Дүгнэлт

  1. Гэмтлийн 49% нь гудамжинд үүсч, үүний 12.7% нь зодооны улмаас (p<0.001) үүсчээ. Дийлэнх хувийг нүдний нэвт гэмтэл эзэлж байна(59.1%) (p<0.002).
  2. Нүдний гэмтлүүдийн дараахи нэг нүдний сохор болон сул хараанд хүргэж буй үндсэн хүндрэл нь болрын гэмтэл (33%), увеит (28.41%), эндофтальмит (11.8%), гемофтальм (10.2%) тус тус (p<0.002) болж байна.
  3. Нүдний гэмтэл ойрын жилүүдэд өгсөх хандлагатай бөгөөд 2012 он гэхэд 214 тохиолдол бүртгэгдэх магадлалтай байна. (УКТЭ-ийн нүдний мэс заслын байдлаар)
Ном зүй

1. Архипов Л.Т., Холтобина С.М (2006) Иммунологический мониторинг при оценке прогноза и выбора рациональной практики лечения пост травматического воспалительного процесса в глазу. Актуль. Вопр. Офтальмологии .с 130-137
2. Булган. Т, (1998) Хүүхдийн нүдний гэмтэл. Нүд судлалын 70 жилийн эрдэм шинжилгээний бага хурлын материал. Улаанбаатар. Хуудас 14-17
3. Булган. Т, Ганзоригт. С, (1998) УКТЭ нүдний тасагт сүүлийн 10 жилд гэмтлийн улмаас хэвтэн эмчлүүлсэн өвчтөнд хийгдсэн судалгаа. 70 жилийн эрдэм шинжилгээний бага хурлын материалаас. Хуудас 27-32
4. Escapini H, (2005): Trauma to the cornea. In the cornea: Wolrd congress .King JH Jr, McTique JM: London, Butterworth s Co, p-300-315
5. Feller DB, (2007) Injureis of the eye, the lid and the orbit . In The management of trauma (Fourth Edition) р 69-81
6. Forester RK, (2004) Etiology and diagnosis of bacterial postoperative endophthalmitis. Ophthalmology. 02: 320-326,
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1458
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК