Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2008, 2(04)
Коньюнктивит- кератит Conjunctivitis/Keratitis ICD-9 372.0, 372.3; 370, ICD-10 H10, H16
( Лекц )
 
I. БАКТЕРТ ЦОЧМОГ КОНЬЮНКТИВИТ

ICD-9 372.0 ICD-10 H10.0, H10.3

(Ягаан нүд, “наалдамхай нүд”, Бразилийн хөх ягаан чичрэг)

1. Тодорхойлолт

– Нэг эсвэл хоёр нүдний нулимс гоожих, загатнах, аньсага болон нүдний нальхи улайх гипереми гэх мэт шинж тэмдэгээр илэрдэг хам шинж бөгөөд зовхи хавдан, идээрхэг ялгадас гардаг. Цочмог хэлбэрийн үед, нүдний алим бүрсэн нальхны цусархаг цэгт үрэвсэл, эвэрлэг бүрхүүлийн хэсэгчилсэн нэвчилт, хөнгөн хэлбэрийн гэрлийн харгаа (айдас) илэрч болно.

Үхлийн аюулгүй (доор дурдсанаас бусад), 2 өдрөөс 2-3 долоо хоног хүртэл үргэлжилж болох өвчин; ихэнх өвчтөнд нальхи улайх, багахан үрэвслийн шингэн гарах хэлбэрээр өнгөрнө.

Нальхи нулимснаас наалдац бэлтгэн будалт хийж, бичил харах шинжилгээ хийх нь үүсгэгчийг тогтооход туслана. Вирүс болон харшлын коньюнктивит, аденовирүс, энтеровирүсын халдвар зэргээс ялган оношлох шаардлагатай. Оршихуунт коньюнктивит, улаан (трахом) болон гонококк коньюнктивитийг тусад нь тайлбарлана.

2. Үүсгэгч

Haemophilus influenzae биобүлгийн aegyptius (Кох-Вийкс савханцар) болон Streptococcus pneumoniae голлон үүсгэдэг гэж үздэг; H.influenzae b бүлэг, Moraxella, Branhamella spp., Neiseeria meningitis болон Corynebacterium diptheriae мөн үүсгэж болно. Haemophilus influenzae биобүлгийн aegyptius, гонококк, S.pneumoniae, S.viridans, зарим грам сөрөг энтеробактери савханцарууд болон ховор тохиолдолд Pseudomonas aeruginosa уг өвчнийг нярай хүүхдэд үүсгэж болно.

3. Тархалт

– Дэлхий дахинд өргөн тархалттай, түгээмэл, ялангуяа дулаан уур амьсгалтай газар байнгын дэгдэлттэй байна. Хойд Америкт Haemophilus influenzae биобүлгийн aegyptius-ийн халдвар алслагдсан Жоржиа мужаас Калифорни муж хүртэл, ихэвчлэн зуны болон намрын эхэн саруудад тархдаг; Хойд Африкт Ойрхи дорнодод энэ халдвар улирлын чанартай дэгдэлт үүсгэдэг. Бусад нянгийн гаралтай халдвар нь дэлхий дахинд, хүйтний улирлын амьсгалын замын вирүст цочмог халдварын дагалдан гарах нь элбэг. Бразилын хэд хэдэн хэсэг дэх хүүхдүүдэд цөөн тооны системийн өвчлөл коньюнктивитээс хойш 1-3 долоо хоногийн дараа бүртгэгдсэн бөгөөд энэ нь Haemophilus influenzae биобүлгийн aegyptius-ийн өвөрмөц инвазив клоноор үүссэн байжээ. Энэхүү Бразилийн хөх ягаан чичрэг нь Бразилийн 4 мужийг хамран тархаж 100 гаруй тохиолдол 70% нь нас баржээ; менингококцематээс клиникийн хувьд ялгагдахгүй. Үүсгэгчийг нүдний нальхи, залгиур болон цуснаас өсгөвөрлөж ялган авсан. Уг өвчин нь Бразилаар хязгаарлагдах ба Австралид 2 тохиолдол бүртгэгдсэн боловч үүсгэгч нь Бразилийн омгоос өөр байсан.

4. Халдвар хадгалагч (Резервуар)

– Хүн. Haemophilus influenzae биобүлгийн aegyptius болон S.pneumoniae-ийн тээгч нь дэгдэлт хоорондын хугацаанд ихээхэн тохиолддог.

5. Дамжин тархах зам

– Халдварласан хүний нүдний болон амьсгалын дээд замын шүүргэлд хүрэлцсэн тохиолдолд; бохирдсон гар хуруу, хувцас, бусад зүйлс, жишээ нь бусдын нүүрний будаг түрхэгчийг хэрэглэх, олон удаагийн хэрэглээний нүдний эм, дусаагуур тонометр гэх мэт төхөөрөмжийн ариутгал дутагдсанаас шалтгаална. Нүдний ялаа болон бусад ялаанууд механикаар үүсгэгчийг дамжуулна, гэвч, тэдний дамжуулагч үүргийг бүрэн тодорхойлоогүй, мөн газар газар өөр байх магадлалтай.

6. Нууц үе – 24-72 цаг.

7. Халдвартай байх үе

– Идэвхтэй халдварын үед.

8. Мэдрэг хүн ам

– 5-аас доош насны хүүхдүүд хамгийн өртөмтгий; нас ахих тусам тохиолдол багасна. Бага насны, мэдрэлийн өвчтэй, хөгшин хүмүүс нь стафилококкийн халдварт илүү өртөмхий байна. Халдварын дараахи дархлаа сул бөгөөд үүсгэгчийн төрхөөс хамаарна.

9.Халдварын хяналт –

A. Сэргийлэх арга хэмжээ: Хувийн ариун цэвэр сахих.

B. Халдвар хамгааллын арга хэмжээ:

1) Орон нутгийн эрүүл мэндийн албанд мэдэгдэх: Ялангуяа дэгдэлтийг мэдээлэх шаардлагатай; архаг цоог өвчлөлийг бүртгэхгүй, (4-р бүлэг); олныг хамарсан үед бүртгэнэ, (2-р бүлэг).

2) Тусгаарлах: цэр, нулимсыг цэвэрлэхэд анхаарах. Цочмог үед хүүхдийг сургууль цэцэрлэгт явуулахгүй.

3) Халдваргүйжүүлэх: нуух, нулимс болон бохирдсон зүйлс. Төгсгөлийн цэвэрлэгээ хийх.

4) Хөл хорио: Шаардлагагүй.

5) Хавьтагчдыг дархлаажуулах: Боломжгүй.

6) Хавьтагчдыг болон халдварын эх үүсвэрийг илрүүлэх: коньюнктивитийн үед ач холбогдол багатай; харин Бразилийн хөх ягаан чичрэг дурдвал шаардлагатай.

7) Эмчилгээ: Натрийн сульфацетамид, гентамицин гэх мэт эсвэл полимиксин В, неомицин, триметоприм зэрэг антибиотикийг агуулсан түрхэц, дуслыг хэрэглэх нь үр дүнтэй. Бразилийн хөх ягаан халууны чичрэгийн тохиолдолд системтэй эмчилгээ шаардлагатай; өсгөврүүд ампициллин, хлорамфениколд мэдрэг, триметоприм-суфаметаксазолд тэсвэржилтэй. Рифампицин ууж хэрэглэх нь түрхлэг, дусал хэлбэрээр хлорамфеникол хэрэглэхээс үүсгэгчийг устгах чадвараар илүүтэй, Бразилийн хөх ягаан чичрэгээс хүүхдийг сэргийлэхэд энэ эмчилгээ үр дүнтэй.

C. Дэгдэлтээс сэргийлэх арга хэмжээ:

1) Өвчтөн болон ойрын хавьтагч нарыг яаралтай, төгс сайн эмчлэх.

2) Шавьж механикаар халдвар тараасан байх магадлалтай газарт нүдний ялааг өвчтэй, эрүүл хүмүүс нүдэндээ хүргэхээс сэргийлэх.

3) Сэжиглэж буй дамжуулагчаас шалтгаалж шавьж устгал явуулах.

D. Гамшгийн үеийн арга хэмжээ:

Шаардлагагүй.

E. Улс дамжин тархахаас сэргийлэх арга хэмжээ: Байхгүй.

II. АДЕНОВИРУСТ КЕРАТО КОНЬЮНКТИВИТ (KERATOCONJUNCTIVITiS, ADENo VIrAL) icd-9 077.1; icd-10 b30.0

(Тахалт кератоконьюнктивит, Хөлөг онгоцны үйлдвэрийн коньюнктивит, Хөлөг онгоцны үйлдвэрийнхний нүд)

1. Тодорхойлолт

– Нүдний вируст цочмог үрэвсэл бөгөөд коньюнктивит дангаар, эсвэл хосоор үрэвсэж, зовхи ба ухархайн хажуугийн эдүүд хавагнадаг. Өвчний эхэнд ихээр өвдөж, гэрэлд харган, хараа бүрэлзэх, үе үе багахан халуурах, толгой өвдөх, бие тавгүйтэх, чихний хажуугийн зөөлөн хэсгийн булчирхай цочих гэх мэт шинж тэмдгүүд илрэнэ. Эхэлснээс ойролцоогоор 7 хоногийн дараа нийт тохиолдлын тал хувьд нь эвэрлэг бүрхүүлийн субэпители дээр хэд хэдэн жижиг дугуй нэвчилтүүд үүснэ; эдгээр нь аажимдаа флуоресценд будагдах цэгэн зулгарал үүсгэнэ. Цочмог коньюнктивит ойролцоогоор 2 долоо хоног үргэлжлэнэ; цаашид даамжран эвэрлэг бүрхүүлийг, үүл үлдээх магадлалтай. Зарим цочмог тохиолдолд үүрдийн сорви үлдээнэ. Нүдний арчдас эсвэл коньюнктивийн хуссан сорьцоос тохирох эсийн тэжээлт орчинд өсгөвөрлөн вирүсийг ялган авч оношийг; вирүсийг иммунофлуоресценци микроскоп иммуно электрон микроскопоор илрүүлж болно; вирүсийн эсрэгтөрөгчийг ФХУ-ын шинжилгээгээр илрүүлнэ. Эсийн өсгөвөрт саармагжуулах цус наалдахыг саармагжуулах урвалаар төрөл- өвөрмөц таньцийн өсөлтийг тогтоож болно.

2. Үүсгэгч

– Ихэвчлэн аденовирүсийн 8, 19 болон 37- р дугаар хэвшинж үүсгэх ба бусад хэвшинж мөн тохиолдож болно. 8, 5 болон 19-р дугаар хэвшинжээр үүссэн халдварууд илүү хүнд өвчлөлд хүргэдэг.

3. Тархалт

– Магадгүй дэлхий даяар. Ази, Европ, Хавай болон Хойд Америкт хэсэгчилсэн болон том хэмжээний дэгдэлт бүртгэгдсэн.

4. Халдвар хадгалагч (Резервуар) – Хүн.

5. Дамжин тархах зам

– Халдварласан хүний нулимс, цэгцүханд хүрч шууд хэлбэрээр, эсвэл бохирдсон гадаргуу, төхөөрөмж болон уусмалаар шууд бус хэлбэрээр халдварлана. Үйлдвэрүүд дээрх анхны тусламжийн болон эмчилгээний цэгүүд зэрэгт нүдний жижиг гэмтэлд эмчилгээ тогтмол хийдэг тул түүнээс уламжлан дэгдэлт гарах нь элбэг. Үүнтэй төстэй дэгдэлтүүд нүдний эмнэлэг болон эмчилгээний тасгуудаас үүснэ. Халдвар авсан эмнэлгийн ажилчид өвчний эх үүсвэр болох тохиолдол бий. Гэр бүлд тархах нь түгээмэл бөгөөд ихэвчлэн хүүхэд өвчнийг тараана.

6. Нууц үе

– 5-12 өдөр, ихэнх тохиолдолд үүнээс урттай.

7. Халдвартай байх үе

– Нууц үеийн сүүлээс өвчний эхний 14 хоног дотор. Вирүсийг удаан хугацаагаар ялгаруулах тохиолдол бий.

8. Мэдрэг хүн ам

– Аденовирүст халдварын дараа хэвшин- өвөрмөц дархлаа тогтдог. Нүдний гэмтэл, нүдний эмчилгээ нь халдварын эрсдлийг ихэсгэнэ.

9. Халдварын хяналт –

A. Сэргийлэх арга хэмжээ:

1) Өвчтөнд хувийн ариун цэврийн талаар сургаж, нийтийн алчуур, бие засах газрын хэрэгсэлтэй холбоотой эрсдлийг таниулах. Гараа нүдэндээ хүргэхийг багасгах талаар өвчтөнд зааварлах. 2) Нүдний дусаагуур, эм, нүдний будаг, багаж болон алчуурыг сольж хэрэглэхээс зайлсхий.

3) Эмнэлгийн болон албан өрөөнд нүдний эмчилгээний ажиллагаа явагдаж буй үед ариун орчныг бүрдүүлэхийн тулд өвчтөнд үзлэг хийхийн өмнө гараа сайтар угаах, хэрэглэсний дараа багажийг сайн ариутгах шаардлагатай; коньюнктив болон зовхинд хүрэх багажийг өндөр түвшинд халдваргүйжүүлнэ. Кератоконьюнктивит тархаж буй буюу тийм магадлалтай үед өвчтөнд үзлэг хийхдээ нэг удаагийн үзлэгийн бээлий хэрэглэнэ. Нүдний зовхи болон коньюнктивтэй хавьтсан эм, дусаагуурыг устгана. Коньюнктивиттэй эмнэлгийн ажилтан өвчтөн үзэх, эмчлэхийг хориглоно.

4) Үргэлжилсэн дэгдэлтийн үед эвэрлэг бүрхүүлийн тахалт коньюнктивиттэй өвчтөнийг тусгаарласан өрөөнд үзлэг хийнэ.

5) Үйлдвэрт нүдний шил гэх мэт аюулгүй ажиллагааны хэрэгслийг ашиглана.

B. Халдвар хамгааллын арга хэмжээ:

1) Орон нутгийн эрүүл мэндийн албанд мэдэгдэх: Зарим оронд дэгдэлтийг албан ёсоор мэдээллэнэ; хувь хүний тохиолдлыг мэдээлэхгүй, (4-р бүлэг).

2) Тусгаарлах: Нулимс, нуухаар бохирдохоос болгоомжлох; Цочмог үед өвчтөнүүд тусдаа алчуур, орны даавуу хэрэглэх. Халдварласан өвчтөн болон эмнэлгийн ажилчид халдварлаагүй өвчтөнтэй хавьтахгүй байх.

3) Халдваргүйжүүлэх: Үүсгэгчээр бохирдсон коньюнктив, нус, нулимс болон бусад шүүргэл;

4) Хөл хорио: Шаардлагатай.

5) Хавьтагчдыг дархлаажуулах: Шаардлагатай.

6) Хавьтагчдыг болон халдварын эх үүсвэрийг илрүүлэх: Дэгдэлтийн тохиолдолд, халдварын эх уурхайг илрүүлж, цаашид дамжин тархахаас сэргийлэх.

7) Эмчилгээ: Цочмог үед байхгүй. Хараа бүрэлзэх нь өвчтөний ажиллах чадварт саад болж буй тохиолдолд кортикостериодтой тосон түрхлэг хэрэглэнэ.

C. Дэгдэлтээс сэргийлэх арга хэмжээ:

1) 9А-д заасан зөвлөгөөг сайтар мөрдөх.

2) Халдварласан болон халдварлаагүй хүмүүсийн хоорондын хавьтлыг зогсоосон, эсвэл хамгийн бага хэмжээнд хүргэсэн, шуурхай оношлогооны орчинг бүрдүүлэх.

D. Гамшгийн үеийн арга хэмжээ: Шаардлагагүй.

E. Улс дамжин тархахаас сэргийлэх арга хэмжээ: ДЭМБ-ын Хамтран Ажиллах Төвүүд.

III. ЭНТЕРОВИРУСТ ЦУСАРХАГ КОНЬЮНКТИВИТ

(Аполло 11 өвчин, Цочмог цусархаг коньюнктивит)

1. Тодорхойлолт

– Аденовирүст коньюнктивитын үед тунгалгын эд үрэвсэх ба коньюнктивит нь 7-15 өдөр үргэлжилнэ. Коньюнктивийн дор жижиг цус харвалт явагдана. Аденовирүсийн нэгэн хамшинж буюу залгиурын чичрэгийн үед амьсгалын замын дээд замын үрэвсэл болон эвэрлэгийн эпителийн өнгөц үрэвсэл (эпителийн кератит) ба халууралт илэрдэг.

Энтеровирүст цочмог цусархаг коньюнктивитын (ЦЦК) эхэн үед хоёр нүд улайж, хавддаг; үрэвсэлт 4-6 хоног үргэлжлэх ба нүдний алимны коньюнктив дор цэгэн цус харвалт үүсч, аажмаар, томорч нэгдэн нэлэнхий цус харвалт үүсгэнэ. Томоохон цус хуралтууд 7-12 өдрийн дотор арилна. Энтеровирүсийн гаралтай коньюнктивын томоохон дэгдэлтийн үед цөөн тооны полио төст саажил тохиолдсон ба үүнд гавлын мэдрэлийн саажил, бэлхүүсний хэсгийн радикулоневрит, нугасны доод хэсгийн хөдөлгөөний мэдрэлийн саажилт зэрэг орно. Мэдрэлийн хүндрэлүүд коньюнктивитын дараа хэдэн хоног, эсвэл сарын дараа эхлэх бөгөөд ихдээ байнгын саажилт үлдээдэг.

Аденовирүст халдварыг лабораторид баталгаажуулахын тулд нуух, нүдний арчдасаар эсийн өсгөвөрийг халдаах, эсрэгбиеийн таньцын өсөлт, иммунофлюоресценцээр вирүсийн эсрэгтөрөгч илрүүлэх, ДНХ-пробоор вирүсийн нүклейн хүчлийг тодорхойлох зэрэг аргуудыг хэрэглэж болно. Энтеровируст халдвар үүсгэгчийг эсийн өсгөвөрт ялгах, иммунофлюоресценц, микроскопоор эсрэгтөрөгч илрүүлэх, эсрэгбиеийн таньц өсөлт болон ПГУ зэрэг аргаар оношлоно.

2. Үүсгэгч

– Аденовирүс болон пикорнавирүс. Ихэнх аденовирүс залгиурын чичрэг (ЗЧ) үүсгэх ба вирүсийн 3,4,7 дүгээр хэвшинж хамгийн түгээмэл тохиолдоно.

Пикорнавирүсийн хамгийн өргөн тархсан хэвшинж нь энтеровирүс 70 гэж тогтоогджээ. Мөн коксакивирүс А24 нь ЦЦК-ийн томоохон дэгдэлтүүд үүсгэж байсан.

3. Тархалт

– ЗЧХ нь аденовирүсийн гаралтай амьсгалын өвчний дэгдэлтийн үед тохиолдох, эсвэл усан сантай холбогдолтойгоор зуны дэгдэлт хэлбэрээр илрэнэ. Аденовирүст цусархаг коньюнктивит анх 1969 онд Гана улсад, 1970 онд Индонезид илэрсэн; үүнээс хойш Ази, Африк, Төв болон Өмнөд Америк, Карибийн болон, Номхон далайн арлууд, Флорида болон Мексикийн дулаан бүсээр олон дэгдэлтүүд гарчээ. 1986 онд Америкийн Самоад коксакивирүс А24 хэлбэрээр үүссэн халдвар нийт хүн амын 48%-ийг хамарсан. Европд ихэнхдээ нүдний эмнэлэгтэй холбоотой жижиг дэгдэлтүүд гардаг. АНУ-д суурьшсан Зүүн Өмнөд Азийн цагаачдаас болон халдвар бүхий бүсээс АНУ-руу буцсан аялагчдаас шалтгаалсан тохиолдлууд мөн бүртгэгджээ.

4. Резервуар – Хүн.

5. Дамжин тархах зам

– Халдварыг хүний нүдний ялгадасаас шууд болон шууд бус хэлбэрээр халдварлана. Гэр бүлийн дотор тархах чадвар илүүтэй байдаг учир хүнээс хүнд дамжсан халдвар түгээмэл тохиолдоно. Аденовирүс нь хлоржилт муутай усан сангаар тархдаг тул “усан сангийн коньюнктивит” хэмээн нэрлэгджээ. Мөн агаар дуслын замаар тархана. ЦЦК-ийн томоохон дэгдэлтүүд нь хүн амын бөөгнөрөл болон ариун цэврийн түвшин муугаас шалтгаална. Сургуулийн хүүхдүүдийг ХЦК-ийн хамгийн түргэн тараагчид гэж үздэг.

6. Нууц үе

– Аденовирүст халдварын хувьд 4-12 өдөр буюу дунджаар 8 өдөр. Пикорнавирүст халдварын хувьд 12 цагаас 3 өдөр хүртэл байна.

7. Халдвартай байх үе

– Аденовирүст халдвар эхлэл үеэс 14 хоногийн дотор, пикорнавирүс 4 хоногийн дараа халдвартай.

8. Мэдрэг хүн ам

– Халдвар аль ч насанд тохионо. Дахин халдварлалт буюу дахилт тохиолддог. Дархлалын үүрэг болон үргэлжлэх хугацаа тодорхойгүй.

9. Халдварын хяналт –

A. Сэргийлэх арга хэмжээ: Оносон эмчилгээ байхгүй тул урьдчилан сэргийлэлт нэн чухал. Хувийн ариун цэврийг сахих.

Үүний тулд нүүр гарын дундын алчуур хэрэглэхгүй, олноороо цуглахгүй байх хэрэгтэй. Нүдний эмнэлгүүдэд ариун цэврийг сайтар сахих шаардлагатай. Өвчтөн бүрт үзлэг хийхийн өмнө гараа угаана. Нүдний эмнэлгүүдийн хувьд бохирдсон байх магадлалтай хэсгийн халдваргүйжүүлэлтийг өндөр түвшинд гүйцэтгэх. Усан санг хангалттай хлоржуулах. Сургуулийг хаах шаардлагатай байж болно.

B. Халдвар хамгааллын арга хэмжээ:

1) Орон нутгийн эрүүл мэндийн албанд мэдэгдэх: Дэгдэлтийг заавал мэдээлнэ; Алаг цоог тохиолдлыг мэдээлэхгүй байж болно (4-р бүлэг).

2) Тусгаарлах: Нүдний ялгадсаас болгоомжлох; Өвчин идэвхтэй үед хавьтлыг хязгаарлах. Хүүхдүүдийг сургуульд явуулахгүй.

3) Халдваргүйжүүлэх: Нуух зэрэг нүдний ялгадас болон түүгээр бохирдсон зүйлс. Төгсгөлийн ариусгал.

4) Хөл хорио: Шаардлагагүй.

5) Хавьтагчдыг дархлаажуулах: Шаардлагагүй.

6) Хавьтагчдыг болон халдварын эх үүсвэрийг илрүүлэх: Нэг эх үүсвэртэй халдвар буй эсэхийг тогтоох.

7) Оносон эмчилгээ: Байхгүй.

C. Дэгдэлтээс сэргийлэх арга хэмжээ:

1) Тохиолдлуудыг оношлох, шинж тэмдэгийн эмчилгээ хийх бэлтгэл хангах.

2) Ариун цэврийн нөхцлийг сайжруулж, олон нийтийн цуглааныг зогсоох.

D. Гамшгийн үеийн арга хэмжээ: Шаардлагагүй.

E. Улс дамжин тархахаас сэргийлэх арга хэмжээ: ДЭМБ-ын Хамтын Ажиллагааны Төвүүд.

IV. ХЛАМИДЫН КОНЬЮНКТИВИТ

(Оршихуун коньюнктивит, паратрахом, нярайн оршихуунт бленнороей, наалдамхай нүд”)

(Трахомыг тусдаа бүлгээс харна уу)

1. Тодорхойлолт

– Нярайг төрснөөс 5-12 хоногийн дотор идээрхэг ялгадас гарч илрэх цочмог коньюнктивит. Цочмог үе нь хэдэн долоо хоногийн дотор намжина; эмчлээгүй тохиолдолд нүдний үрэвсэл жилээс илүү үргэжилж, коньюнктив хөнгөн сорвижиж, эвэрлэг бүрхүүлд нэвчилт (micropannus) явагдана. Хламидын пневмони (пневмони, хламидын гэсэн бүртгэл үзнэ үү) зарим нярайд хамар залгиурын халдвартай зэрэгцэн илрэнэ. Гонококкийн халдвараас ялган оношлох шаардлагатай. Хүүхэд болон насанд хүрэгчдэд цочмог фолликулт коньюнктивит нь ихэвчлэн холбогдох талын чихний лимфаденопати, цус түрэлт, нэвчилт, болон салст идээрхэг ялгадас гарах зэрэг шинж тэмдэгээр илрэнэ. Насанд хүрэгчдэд бага зэрэг ялгадас гарах архаг шат байж болох ба эмчлээгүй тохиолдолд шинж тэмдэг жил илүү үргэлжилж болно. Мөн шээсний сувгийн эпителид, эмэгтэйчүүдэд умайн хүзүүний халдвар үүсгэх магадлалтай.

Лабораторид эсийн үүсгэгчийн өсгөвөрт ялгах, наалдацанд иммунофлюоресценц микроскопоор эсрэгтөрөгчийг илрүүлэх, ФХУ болон ДНХ-проб аргуудыг ашиглаж болно.

2. Үүсгэгч

– D-ийн Ийлдэс хүрээ Chlamydia trachomatis- ийс C.psittaci–ийн К.Фелины омгууд хүнд фолликулт эвэрлэг бүрхүүлийн коньюнктивитын цочмог хэлбэрийг үүсгэдэг.

3. Тархалт

– Бэлгийн идэвхтэй насанд хүрэгчдэд коньюнктивитын алаг цоог өвчлөл дэлхий даяар бүртгэгдсэн. C.trachomatis-аар үүсэх нярайн коньюнктивит түгээмэл бөгөөд эхээс халдвар авах тохиолдол 15-35% байна. Бэлгийн замын хламидын халдвар бүхий насанд хүрэгчидийн дунд 300 хүн тутмын 1 нь хламидын нүдний өвчин тусдаг.

4. Резервуар

– C.trachomatis-ийн хувьд хүн, C.psittaci-ийн хувьд муур.

5. Дамжин тархах зам

– Ихэвчлэн бэлгийн хавьтлаар дамжин тархана; халдвар авсан хүний бэлгийн шүүрэл халдвар үүсгэх чадвартай. Төрлөгийн сувгаар дамжих замд халдвар үүсгэгчтэй шууд хүрэлцсэнээр нярайд дамжина. Умайд халдвар авах тохиолдол ч бий. Насанд хүрэгчдийн нүд, гар хуруугаар дамжин бэлгийн шүүрэл халдварлана. Том хүүхдүүд халдварласан нярайгаас болон гэр бүлийн бусад гишүүдээс коньюнктивит авах магадлалтай; тэднийг бэлгийн хүчирхийлэлд өртсөн эсэхийг шалгах хэрэгтэй. Хлоржуулаагүй усан санд сэлсэн хүмүүст тохиолдсон дэгдэлтүүдийг өсгөврөөр баталгаажуулаагүй ба энэ нь аденовирүс болон бусад “усан сангийн коньюнктивит”-ийн үүсгэгчдээр сэдээгдсэн байх боломжтой.

6. Нууц үе

– нярайд дунджаар 5-12 өдөр, 3 өдрөөс 6 долоо хоног хүртэл хугацааны хүрээнд байна; насанд хүрэгчдэд 6-19 хоног.

7. Халдвартай байх үе

– бэлгийн замын болон нүдний халдвартай байх үед; салст давхраа дээр тээх тохиолдол төрснөөс хойш 2 жилийн дараа хүртэл хугацаанд байж болдог.

8. Мэдрэг хүн ам

– Дахин халдварт тэсвэртэй гэсэн баталгаа байхгүй боловч өвчний илрэл сулрана.

9. Халдварын хяналт –

A. Сэргийлэх арга хэмжээ:

1) Бэлгийн замын халдварыг багасгах үүднээс бэлгэвчийг зөв, тогтмол хэрэглэх; шээсний замын хламидит үрэвсэл болон умайн үрэвсэл бүхий хүнийг яаралтай эмчлэх.

2) Бусад бэлгийн замын халдваруудын адил урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах (Тэмбүүг харах, 9А).

3) Эрсдэл өндөртэй жирэмсэн эмэгтэйчүүдэд халдварыг өсгөвөрөөр эсвэл эсрэгтөрөгч илрүүлэх аргаар оношлох. Жирэмсэн эмэгтэйчүүдэд умайн халдварыг эмчилснээр нярайд дамжихаас сэргийлнэ. Эритромициныг 7 өдрийн туршид өдөрт 4 удаа 500 мг-р хэрэглэх нь үр дүн сайтай ч, хоол боловсруулах замын гаж илрэл их гардаг. Бэлгийн хавьтагчийг шинжилж, эмчлэх шаардлагатай.

4) Нярайн нүдний гонококкийн халдвараас урдчилан сэргийлэлт хийх нь хламидын халдвараас сэргийлэх тул тогтмолжуулах нь зүйтэй. Нярайн нүдэнд повидониодыг (2.5%-ийн уусмал) ганц удаа, тетрациклины 1%-ийн нүдний түрхлэг, эритромициний 0.5%-ийн түрхлэг, мөнгөний нитратын нүдний дусал (1%)- ыг төрснөөс 1 цагийн дотор хэрэглэх. Эдгээр бүх аргууд нь гонококкийн коньюнктивитоос ч сэргийлэх чадвартай. Судалгаагаар нярайн нүдний халдвараас сэргийлэх хамгийн сайн арга нь повидонйод байсан байна. Нүдний урдчилан сэргийлэлт нь хамар залгиурын ургал болон хламидын пневмонигоос сэргийлж чадахгүй. Хламидын эсрэг пенициллин үйлчлэхгүй.

B. Халдвар хамгааллын арга хэмжээ:

1) Орон нутгийн эрүүл мэндийн албанд мэдэгдэх: Ихэнх орнуудад нярайн дэгдэлтийг авах мэдээлнэ; (2-р бүлэг).

2) Тусгаарлах: Эмчилгээ эхэлснээс 96 цагийн дотор биеийн шүүрлээс болгоомжилно.

3) Халдваргүйжүүлэх: Сувилахуйн үйлчилгээний ажилчид гараа угаах болон ариун цэврийн дэглэмийг сайн мөрдөх.

4) Хөл хорио: Шаардлагагүй.

5) Хавьтагчдыг дархлаажуулах: Шаардлагагүй.

6) Хавьтагчдыг болон халдварын эх үүсвэрийг илрүүлэх: Насанд хүрэгчдийн бэлгийн хавьтал бүрийг, халдвар авсан нярайн эцэг эхийг шинжилж, эмчлэх шаардлагатай. Халдвар авсан насанд хүрэгчдийг заг хүйтэн болон тэмбүүгийн халдвартай эсэхийг шинжлэх.

7) Өвөрмөц эмчилгээ: Насанд хүрэгчдийн нүдний болон бэлгийн замын халдварыг тетрациклин, эритромицин, офлоксацин 2 долоо хоногийн турш уулгаж эмчлэх нь үр дүн сайтай. Азитромицин нь ганц тунгийн сайн эмчилгээ юм. Нярайн нүдний халдварыг эритромицин 2 долоо хоног уулгаж эмчлэх нь хламидын уушигны үрэвслээс мөн сэргийлэх ач холбогдолтой; 10мг/кг тунгаар эхний долоо хоногт 12 цаг тутамд, түүнээс хойш 8 цаг тутамд уулгана.

C. Дэгдэлтээс сэргийлэх арга хэмжээ: Усан сангийн ариун цэврийг хянах; хлоржуулалт хангалттай хийх.

D. Гамшгийн үеийн арга хэмжээ: Шаардлагагүй.

E. Улс дамжин тархахаас сэргийлэх арга хэмжээ: ДЭМБ-ын Хамтын Ажиллагааны Төвүүд.

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : орчуулсан “Гялс ” эрдэм шинжилгээний төвийн эрдэм шинжилгээний ажилтан С.Хулан


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1539
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК