Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2009, 1(05)
Рефракцийн гажигаас шалтгаалсан сохрол ба хараа алдалт
( Судалгааны өгүүлэл )

Sonja Cronje1,2,3, Ч.Чимгээ1,4, Gerhard Schlenther1,2,3

 

1 Нүдний .үйлчилгээний боловсролын олон улсын төв, 2 Вижн Кооператив Судалгааны Төв, 3 Өмнөд Вейлсийн Их Сургууль дахь Оптометрийн Сургууль, Австрали, 4 CBM Олон улсын байгууллага
 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тооцоолсноор дэлхий дээр нийт 161 сая хүн нүдний ямар нэгэн өвчнөөс шалтгаалсан хараа алдалттай ба үүнээс 37 сая хүн сохор байна. 1999 онд ДЭМБ ба ССОУА хамтран Вижн 2020: “Хүний харах эрх-Зайлсхийж болох сохролыг устгах” дэлхий нийтийн уриа гаргасан юм.

Нийт сохролын ихэнх хувийг эзэлж буй өвчнүүд нь “Вижн 2020”-ын нэн тулгамдсан асуудлууд болж байна:

  • · Катаракт
  • · Рефракцийн гажиг ба сул хараа
  • · Трахом
  • · Онкоцеркоз
  • · Хүүхдийн сохрол

Эдгээр өвчнүүдээс урьдчилан сэргийлж болох ба хямд үнээр эмчлэх боломжтой юм. Мөн нүдний даралт ихсэх өвчин ба чихрийн шижингийн ретинопати өвчнүүд нь хараа алдалтын шалтгаан болж байгаа ч урьдчилан сэргийлэх ба эмчлэхэд хялбар биш юм. Саяханыг хүртэл засагдаагүй харааны гажгийг сохрол ба хараа алдалтын шалтгаан гэж үздэггүй байсан байна.

ДЭМБ 2006 онд засагдаагүй рефракцийн гажиг нь сохрол ба хараа муудалтын үндсэн шалтгаануудын нэг болж байна гэж тогтоосон. Дэлхий дээр нийт 153 сая хүн засагдаагүй рефракцийн гажгаас шалтгаалсан хүнд хараа алдалттай байна (сайн нүдний хараа нь 0.3-с доош). Үүнээс 8 сая хүн шаардлагатай шилээ зүүгээгүйгээс сохор (сайн нүдний хараа 0.05-с доош) байгаа юм.

Өнөөдрийн байдлаар дэлхий дээр засагдаагүй рефракцийн гажиг нь хараа алдалтын хамгийн гол шалтгаан ба сохролын хоёрдахь шалтгаан болж байна. Энэ гажиг нь хүйс, яс үндэс харгалзахгүй залуу насанд эхлэн үүсч шилээр засахгүй бол олон жилийн туршийн эмгэг болон үлдэж байна.

 

Рефракцийн гажгийг энгийн үзлэгээр илрүүлэн хямд зардлаар засч болдог боловч олон оронд, ялангуяа хөгжиж буй орнуудад олон сая хүн энгийн үзлэгт төдийлөн хамрагдаж чадахгүй байсаар байна. Энэ нь мэргэшсэн боловсон хүчин, шаардлагатай дэд бүтэц ба боломжийн үнэтэй шилний хангамжийн дутагдалтай холбоотой юм. Рефракцийн гажгийн асуудлыг шийдэхэд тогтвортой тогтолцоо шаардлагатай байдаг. Үүнд:

  • · Чанарын шаардлага хангасан рефракци хийх чадвартай, хангалттай тооны боловсон хүчинг сургаж ажиллуулах, ялангуяа хөдөө орон нутагт.
  • · Рефракцийн тусламж үзүүлэх тогтвортой дэд бүтцийг бие болгож үүнд шинэ, боломжийн үнэтэй, сайн чанартай шилний хангамжийг багтаасан байх.

Монгол Улсын Засгийн газар 2003 онд “Вижн 2020-Хүний харах эрх” дэлхий нийтийн уриалгад нэгдэн орсон юм. Зайлсхийж болох сохролыг арилгах “Монгол Вижн 2020” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд рефракцийн гажиг нь улсын хэмжээгээр сохролын үндсэн шалтгаануудын нэг болохыг онцлон багтаасан. Мөн энэхүү төлөвлөгөөнд сайн чанартай рефракцийн үйлчилгээ үзүүлдэг боловсон хүчний тоо цөөн бөгөөд улс орон даяар боломжийн үнэтэй нүдний шилний хангалт муу байгааг дурьдсан. Эдгээр нөхцөлүүд нь хүүхдүүд болон насанд хүрэгсдийн сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөхөд сөрөг нөлөө үзүүлж байна. Төлөвлөгөөнд тусгаснаар нүдний хоёрдахь шатлалын тусламж үзүүлдэг боловсон хүчинг рефракцийн чанартай үйлчилгээ үзүүлэхэд сургах нь шаардлагатай байгаа юм. Ялангуяа алслагдсан газар нутагт амьдардаг эмзэг давхрагын хүмүүст энэ үйлчилгээг ойртуулах нь чухал байна.

ICEE (Нүдний үйлчилгээний боловсролын олон улсын төв) нь ашгийн бус, олон улсын, төрийн бус байгууллага ба “Вижн 2020” ажлын хэсгийн гишүүн юм. ICEE байгууллага нь шаардлагатай газруудад рефракцийн үйлчилгээ үзүүлэх тогтвортой тогтолцоо бий болгосноор рефракцийн гажгийн шалтгаантай сохрол ба хараа алдалтыг устгах зорилготой юм. Сүүлийн 10 жилд ICEE байгууллагын боловсруулсан сургалтын материалыг 30 гаруй оронд боловсон хүчин бэлтгэх сургалтанд нэвтрүүлэн хэрэглэсэн. ICEE байгууллагын нүдний үйлчилгээний сургалтын хөтөлбөрт рефракци хийх, нүдний анхан шатны тусламж үзүүлэх, нүдний шилний техникчдийг сургах мөн сургагч багш нарыг бэлтгэх сургалтууд багтдаг юм.

2008 оны 7-р сард ICEE байгууллага Монголын Оптикчдын Холбоотой хамтран анхны сургалтыг Монголд зохион байгуулсан. Нүдний шилний техникчийн энэ сургалтанд 8 хүн оролцож нүдний шил хийх онолын үндсэн ойлголтуудыг сурч дадлагын хичээлүүдэд хамрагдсан юм. ICEE байгууллагын 2 багш 2 долоо хоногийн турш сургалтыг явуулсан. Сургалтын бүх материал монгол хэлрүү орчуулагдсан бөгөөд сургалт нь орчуулагатай явагдсан. Оролцогчид сургалтыг өндрөөр үнэлсэн бөгөөд цаашид ICEE ба МОХ хамтран сургалтыг хөдөө орон нутгаас илүүтэйгээр олон хүн оролцуулан зохион байгуулах зорилготой байгаа.

Мөн 2008 оны 6 сард ICEE байгууллагын сайн дурын мэргэжилтнүүд Хөвсгөл аймагт үзлэг хийж 6 сумын нийт 836 хүнийг үзлэгт хамруулсан. Өвчтөнүүдийн 40% нь хүүхдүүд байсан бөгөөд үзлэгт хамрагдсан хүмүүсийн гуравны хоёрт нь нүдний шил шаардлагатай байсан. Эдгээр хүмүүст астигматизм илүүтэй илэрсэн байна. Нийт 417 бэлэн шил тараагдаж, 159 шилийг Улаанбаатарт захиалан хийлгэсэн. Энэхүү үзлэгээс харахад Монголд рефракцийн гажигийг илрүүлэн засах асуудал нь дариу шийдэх асуудлуудын нэг болох нь тодорхой байна.

“Вижн 2020”-ын үндсэн стратегийн дагуу засагдаагүй рефракцийн гажгийн асуудлыг дараах байдлаар шийдэж болох юм:

Өвчний хяналт:

  • · Хараа шалган, шаардлагатай хүмүүсийг дараагийн шатны үйлчилгээнд явуулах
  • · Рефракцийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах
  • · Тохирсон ба боломжийн үнэтэй нүдний шилний хангамжийг сайжруулах
  • · Нүдний эрүүл мэндийг дэмжих

Хүний нөөц:

  • · Хараа шалгах сургалтыг явуулах, ялангуяа сургуулийн насны хүүхдүүдийн дунд
  • · Рефракцийн чанартай үйлчилгээ явуулах боловсон хүчин сургах
  • · Нүдний шилний техникчдийн сургалт явуулах

Дэд бүтэц:

  • · Сумын эмч нарыг хараа шалгах иж бүрдлээр хангах
  • · Эмнэлгүүдэд рефракцийн үйлчилгээ явуулж буй эмч нарыг ретиноскоп, шилний иж бүрдлээр хангах
  • · Нүдний шилний газрууд нь бүх төрлийн шилний тогтвортой хангамжийн баталгаатай байх

ICEE байгууллага нь Монгол улсад рефракци ба нүдний шилний үйлчилгээг дэмжих зорилгоор одоогийн байгаа эрүүл мэндийн тогтолцооны хүрээнд засгийн газар болон иргэдтэй хамтран ажиллах сонирхол ба үүрэгтэй билээ.

Ном зүй

1. WHO Fact File on Blindness and Visual Impairment. Available at: http://www.who.int/ features/factfiles/vision/09_en.html. Accessed 16 June (2008).
2. World Health Organization. What is “VISION 2020: The Right to Sight”?
3. Dandona L, Dandona R. (2006) Revision of visual impairment definitions in the International Statistical Classification of Diseases. BMC Medicine. 4(7).
4. Sight test and glasses could dramatically improve the lives of 150 million people with poor vision. WHO News release, (2006). Available at: http:// www.who.int/mediacentre/news/releases/2006/ pr55/en/print.html.
5. Resnikoff S, Pascolini D, Mariotti SP, Pokharel GP. Global magnitude of visual impairment caused by uncorrected refractive errors in 2004. Bulletin of the World Health Organization. (2008); 86(1):63-70.
6. Holden BA. Blindness and poverty: a tragic combination. Clin Exp Optom. (2007); 90(6): 401-403.
7. Dandona R, Dandona L. Refractive error blindness. Bulletin of the World Health Organization. (2001);79(3):237-243.
8. Holden BA. Uncorrected refractive error: the major and most easily avoidable cause of vision loss. Community Eye Health Journal. (2007); 20(63):37-39.
9. Elimination of avoidable visual disability due to refractive errors. WHO: Report of an informal planning meeting, Geneva, July (2000). WHO_ PBL_00.79.
10. Dandona L, Dandona R. What is the global burden of visual impairment? BMC Medicine. (2006) 4(6).
11. Global Initiative for the Elimination of Avoidable Blindness. WHO/PBL/97.61 Rev 2; (2000).
12. The Durban Declaration on Refractive Error and Service Development. http://www. worldoptometry.org/site/files/6628/The_Durban_ Declaration_2007.pdf; (2007).
13. Holden BA, Resnikoff S. The role of Optometry in VISION 2020. Community Eye Health Journal. (2002);15(43):33-36.
14. The Mongolia VISION 2020 Plan of Action for the Elimination of Avoidable Blindness. 2005-2010.
15. ICEE Trip Report: service delivery in Hovsgul, Mongolia (2008).
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 958
Судлаачдын бусад өгүүлэл
2
3
4
2
3
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК