Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2009, 1(05)
Глауком өвчин болон нүдний дотоод даралт
( Судалгааны өгүүлэл )

Д.Уранчимэг1, Д.Энхзул2, О.Наранцэцэг2

 

1 Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль, 2 Улсын Клиникийн Төв Эмнэлэг
 

 

Хүний бие организмд насны өөрчлөлттэй холбоотой олон өвчин байдгийн нэг нь анхдагч глауком юм. Хүн амын урьдчилан сэргийлэх үзлэгээр 40-49 насанд 0,2-1,4%, 50-59 насанд 0,3-2,8%, 60-69 насанд 0,9-4,5%, 70-79 насанд 2,8-4%, 80-аас дээш насанд 10-14,3% глауком илэрч байжээ (Нестеров.А.П. 1995, Graham.P.A. 1986).

Глауком нь дэлхий даяар сохролын түвшнээр катарактын дараа хоёрт орж байна (Gordon J Johnson. 2001). Harry Quigley-ийн судалгаагаар урьдчилсан тооцоогоор 6.7 сая хүн глаукомаас сохорсон байна (H.A.Quigley 1996).

Архангай, Өмнөговь аймгуудад 5555 хүнийг хамарсан урьдчилан сэргийлэх үзлэгээр глауком 2.9-7% эзэлж байсан байна (Р.Нямаа, 1980). 1976-1978 онд УКТЭ-ийн Нүдний тасагт хэвтэж эмчлүүлсэн өвчтөнүүдийн 19.6% нь глаукомтой байсан бөгөөд уг оноштой 454 өвчтөний өвчний түүхэнд хийсэн судалгаагаар эрэгтэйчүүдийн дундаж нас 58, эмэгтэйчүүдийнх 48 байжээ. Нээлттэй өнцөгт глауком 13.4%, хаалттай өнцөгт глауком 54.8%, глаукомын цочмог давшил 12.8%, хоёрдогч глауком 9.9%, глауком байж болзошгүй сэжигтэн 1.32%-ийг эзэлж байв (Р.Нямаа, Б.Цэенпил 1980).

Аймаг хотын нэгдсэн эмнэлгүүдийн нүдний кабинет, тасагт 1986-1989 онуудад эмчлүүлэгсдийн байдалд судалгаа хийхэд хараагүй болох үндсэн шалтгаан глауком өвчин нь сохрох шалтгааны дотор 39%-ийг эзэлж байжээ (Р.Нямаа. 1989).

Глаукомын сэжиг бүхий 292 хүнд (561 нүдэнд) клиник эмнэл зүйн шинжилгээ хийж шугаман хувирлын функцын аргаар оношийг тогтоон, шинжилгээнд хамрагдсан 561 нүднээс эрүүл нүд 44 (8%), шинж тэмдгийн даралт ихсэлт 78 (13.5%), нүдний даралт ихсэлтийн урьдал үе 97 (17.2%), нүдний даралт ихдэх өвчтэй 344 (61.3%)-иар тус тус оношлогджээ. Шинж тэмдгийн даралт ихсэлт, нүдний даралтын урьдал үеийн W1 глауком, W2 гипертензийн 2 үзүүлэлтийн эхлэл нь өндөрссөн боловч мэдрэг босго нь ижил хэмжигдхүүнтэй гарчээ (Б.Цэенпил, Ж.Баасанхүү, 1999).

Гониоскопи, офтальмоскопи, морфологи, электрон микроскопийн шинжилгээгээр физиологийн хөгшрөлтийн үед нүдний өмнөд ба арын хэсгийн эдэд үүссэн дистрофийн өөрчлөлт, анхдагч глаукомын эрт үе хоёр нь хоорондоо олон талаараа төстэй байдаг. В.С.Журавлёв, Ю.К.Падалкин нарын (1978) судалгаагаар 30-аас дээш насны хүмүүст нас ахих тусам нүдний судаслаг бүрхүүлийн бүх хэсэгт артериол тахиралсан байжээ. 60 орчим насанд энэ өөрчлөлттэй зэрэгцэн хураагуур судасны өргөсөл, артериолын ханын склероз ба гиалиноз, сормослогийн артерийн тахирлалт гарч ирдэг. Судасны диаметрийн нарийсалт, хориокапиллярын давхаргын редукцийн үр дүнд нас ахих тусам судасны салаануудын голдрил, ерөнхий талбай багасдаг. Амьд нүдний бичил эргэлтийн салаа голдирлуудыг шинжлэхэд морфологийн судалгааны үзүүлэлттэй тохирдог. Биомикроскопоор 40-өөс дээш насны хүмүүсийг үзэхэд салстын судаснуудад артериолын ханын зузаарал ба нарийсалт, бага зэргийн тахирлалт, хураагуур судасны калибрын харилцан адилгүй байдал, салстын тунгалаг байдал буурах зэрэг склерозын өөрчлөлтүүд тодорхойлогддог. 50 гарснаас хойш улаан бөөмийн агрегац ховорхон ажиглагддаг байна. Бүх насны хүмүүст лимбийн судасны зураглалын зөв архитектоник-цогцын зохицол хадгалагддаг (А.П.Дронова. 1977).

Иймд глаукомын процесс нь 50 буюу түүнээс дээш насныханд илүү их тохиолддог бөгөөд энэ нь инволюцийн өөрчлөлтөөс үүдэлтэй.

В.И.Козлов, Т.Р.Поскачина (1984) нарын судалгаагаар глаукомын үе дэх цусны эргэлтийн өөрчлөлт нь эрүүл нүднийхийг бодвол 2-4 дахин хурдан явагддаг.

Нээлттэй өнцөгт глаукомын үе дэх цусан хангамжийн өөрчлөлт нь артериосклерозоос мэдэгдэхүйц хамаардаг тул хаалттай өнцөгт глаукомоос илүү гүн явагддаг (Л.А.Кацнельсон. 1967). Нээлттэй өнцөгт глаукомын нэг чухал хүчин зүйл нь нүдний дотоод даралт ихсэлт юм. Шинээр оношлогдсон өвчтөнүүдийн ойролцоогоор 30% нь хэвийн нүдний дотоод даралттай байдаг. Глауком хөгжих бусад хүчин зүйлд нас, харааны мэдрэлийн морфологи, хар арьстан хүн ам, хэвийн бус цусны даралт (залуу хүмүүст АД ихсэх, настай хүмүүст АД багасах), миопи, судасны спазм, цусны бүтцийн өөрчлөлт, гэр бүлд глаукомоор өвдсөн хүн байсан эсэх зэрэг орно (Roger Hitchings, 2001).

46-85 насны нээлттэй өнцөгт глаукомтай 208 өвчтөн хамрагдсан 2 жилийн судалгаанд даралт буулгах трабекулэктомийн эмчилгээ үр дүнгүй болох нь нотлогджээ (p=0.55) (M.С.Briggs, J.L.Jay. 1999). Глаукомын процессийн үед нүдний бүх эдэд дистрофийн өөрчлөлт гардаг (А.И.Струков, В.В.Серов, 1993).

Судлаач Leydhecker нар Schitz-ийн тонометрийн тусламжтайгаар 10.000 хүнд хэмжилт хийхэд “хэвийн“ үзүүлэлттэй хүмүүсийн нүдний дотоод даралтын дундаж 15,5+2,57 мм.муб. үзүүлэлтийн дээд хязгаар нь 20,5 мм.муб байжээ (W.Leydhecker, K.Akiyama et al., 1958).

Нүдний дотоод даралт нь удам зүйн хувьд бүрэн гүйцэд судлагдаагүй зүйл бөгөөд даралт өндөр байх тусам харааны мэдрэлийн экскавац томорч анхдагч глауком үүсэх магадлал өндөр байдаг. Зарим судлаачдын шинжилснээр бага насны хүүхдэд нүдний дотоод даралт бага байдаг. Дөнгөж төрсөн нярайд хэсэг газрын мэдээ алдуулалттайгаар тонометрийн шинжилгээг хийхэд 11,4+2,4мм.муб (N.D.Radtke, B.E.Cohan, 1974) байсан ба 4 сар хүртэлх нярайд 8,4+0,6мм.муб (M.Goethals, L.Missoten.1983) тодорхойлогдсон бол өөр нэг судалгаанд дутуу төрсөн нярайд дундаж нь 18мм.муб (M.A.Musarella, J.D.Morin, 1985) байжээ.

А.П.Нестеров, Г.А.Киселев (1957) нар нүдний дотоод даралт нас даган ихэсдэг гэж тодорхойлсон. Н.И.Затулины (1974) явуулсан судалгаагаар (9-83 насны 165 хүнд) нүдний жинхэнэ даралт 9-22мм.муб байжээ. Ро нь 40- 49 насанд 13,7+0,35мм.муб, 50-иас дээш насанд Ро ихсэх хандлагатай (t=1.4), 50-59 насанд 14,6+0,51мм.муб, 60-69 насанд 14,6+0,55мм. муб, 70-аас дээш насанд 14,6+0,91мм.муб байсан байна. Үүнээс харвал 50 наснаас хойш Ро нь ихсэх хандлагатай болж ирээд дараа нь дахин нэг түвшинд ордог байна. Морфологийн болон электрон микроскопын судалгаагаар 40- өөс дээш насанд өмнөд тасалгааны өнцгийн хэлбэр, дамжуулах замын дүр зураг, шүүрүүлэх системийн холбогч эдийн ширхэглэг компонент, завсрын бодист гистохимийн болон бүтцийн өөрчлөлт гардаг (A.Holmberg 1965., Кашенцева. Л.Т. 1970). 40-49 насанд ажиглалтын 25%-д морфологийн өөрчлөлт тохиолддог бол 50-59 насанд 50% болтол ихэсдэг ажээ.

Хижээл насны нээлттэй өнцөгт глаукомтай 17 өвчтөнд нүдний дотоод даралт ба харааны мэдрэлийн хөхлөгийн эскавацийн хамаарлыг судалж үзэхэд нүдний дотоод даралт нь 20,4+2,5 мм.муб-аас 31,1+5,9 мм.муб болж ихсэхэд харааны мэдрэлийн хөхлөгийн экскавац нь 0,53+0,15-аас 0,63+0,13 болон ихэсч байв. Нүдний дотоод даралтыг 19,3+4,8мм.муб болтол буулгахад харааны мэдрэлийн экскавац 0,52+0,15 болж байжээ (Р<0.01) (Kyle.A. Parrow., Dong H. Shin et al 1992).

Улс үндэстэн бүрийн хүн амын нүдний дотоод даралт харилцан адилгүй байдаг бөгөөд тэднийг харьцуулсан материал цөөн байна. Нас ахимагшилтай холбоотой гарах хэвийн нүдний дистрофи ба эмгэг өөрчлөлтийг харьцуулан судлаж, түүний ялгааг тогтоосноор, өвчнийг эрт илрүүлэх боломжтой болох юм.

Хүн болон амьтны бие организмын физиологийн үйл явц нь гадаад орчноос шалтгаалж тодорхой биологийн цагаар хэмнэлтэй явагддаг. Энэ нь Нарыг Дэлхий тойрох үйл явцтай холбоотой өдөр, хоног, улирал жилийн өөрчлөлт нь хүний бие тэр тусмаа нүдний дотоод даралтад ч бас нөлөөлж байдаг. 1904 онд анх А.И.Маслеников нүдний дотоод даралтын хоногийн өөрчлөлтийг тогтоосон ба нүдний дотоод даралтын ялгаа хичнээн их байх тутам глаукомын эмгэг процесс төдий чинээ хүнд байдгийг олж тогтоожээ. 1970 онд Р.Блюменталь, Е.Периц нар 63 эрүүл хүний нүдэнд сар хүрэхгүй хугацаанд 8 удаа хийсэн хэмжилтүүдээр нүдний дотоод даралт нь өвлийн цагт зуныг бодвол илүү өндөр байгааг тогтоожээ. Статистик үзүүлэлтээс харвал энэ нь 17.69 ба 14.2мм.муб байжээ. Тэд цусан дахь стероидын хэмжээ офтальмотонуст нөлөөлж болох талтайг дурдсан байна (С.Р.Мучник, Л.П.Ивченко 1973). Зарим судлаачид нас, нүдний дотоод даралт 2 эерэг хамааралтай гэж үздэг. 40-өөс дээш насны хүн амын дунд эмэгтэйчүүдийн нүдний дотоод даралт арай илүү байдаг бөгөөд үүнийг менопаузтай ч холбож үзэх нь бий (Armaly, MF, 1965).

Хөвсгөл аймагт 942 хүнд хийсэн судалгаагаар нүдний дотоод даралт нь эрэгтэйчүүдэд 12.7+3.4 мм.муб, эмэгтэйчүүдэд 12.5+2.9мм.муб, Өмнөговь аймагт 769 хүнд хийсэн судалгаагаар 14.8+4.40 мм.муб байсан бол Баянхонгор аймаг, Улаанбаатар хотод 4725 хүнд хийгдсэн судалгаагаар OD-д 15,649+0.337 мм.муб, OSд 15,389+0.396 мм.муб байсан юм. Бидний хийсэн судалгаа нь зуны улирал буюу 5-8 сард хийгдсэн ба өглөөний 8 цагт, оройны 18 цагт хэмжилтүүдийг хийж байсан юм.

M.F.Armaly (1965)-ийн бичсэнээр эмэгтэйчүүдэд нүдний дотоод даралт их гарч байсан бол монгол эмэгтэй хүнийх эрэгтэйчүүдийнхээс бага байсан юм. А.П.Нестеров, Г.А.Киселев (1957) нар нүдний дотоод даралт нас даган ихэсдэг гэж тодорхойлсон.

Харин бидний хийсэн судалгаагаар монгол хүний нүдний дотоод даралт нас ахих тутам буурах хандлагатай байсан юм. Ази, Европ хүмүүсийн нүдний дотоод даралтын зөрөө нь тийм ч их судлагдсан зүйл биш бөгөөд үүнийг цаашид нарийвчлан судлах шаардлагатайг харуулж байна. Хөвсгөл аймаг нь далайн түвшнээс дээш 1235-1582 м, Өмнөговь аймаг 1464 м, Баянхонгор аймаг 1859 м, Улаанбаатар хот 1306 м-т оршдог байна. Далайн түвшнээс дээшхи байрлалтай газруудад хийсэн хэмжилтийн үр дүн нь нүдний дотоод даралтын дундажаас харьцангуй бага болох нь судалгаанаас гарсан юм. Судалгааны үр дүнгээс харвал Хөвсгөл аймгийн хүн амын нүдний дотоод даралтын дундаж нь Өмнөговь, Баянхонгорын хүн амын дундажаас бага байна.

Хятад болон Япончуудын нүдний дотоод даралтын дундаж нь цагаан арьстнуудынхаас доогуур байдаг. Монголчуудын нүдний дотоод даралт нь япон, хятад хүмүүсээс доогуур байгаа боловч япончууд шинжилгээндээ контакт биш тонометрийг хэрэглэсэн нь үзүүлэлтүүдийг шууд харьцуулах боломж олгосонгүй. Үндэстнүүдийн онцлогийг үл харгалзан инуит, хятадуудад тогтоосон нүдний дотоод даралтын хэвийн хэмжээний дээд зааг (19 мм.муб) нь бидний харьцуулалтад хэтэрхий өндөр байлаа. Бидний судалгаагаар тогтоосон нүдний дотоод даралтын хэвийн үзүүлэлт 17мм.муб (стандарт хазайлт +2) байгаа нь илүү магадлалтай байж болох юм.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1321
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК