Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2009, 1(05)
Нулимсны сувганцарыг Кроуфордын гуурс ашиглаж залгах мэс заслын үр дүн
( Лекц )

 

А.Буяндэлгэр1, Б.Цэцэгжаргал2

1 “Сайт” эмнэлэг, 2 “Болор мэлмий” эмнэлэг

 

 

Нулимсны сувганцарын тасралт нь ихэвчлэн гэмтлийн шалтгаантай байдаг. Нулимсны сувганцар нь нулимс дамжуулах үүрэг бүхий мукозан сувганцар юм. Энэхүү сувганцар нь нулимс дамжуулах замын зовхины дунд хэсгийг хамарна. Нулимс дамжуулах зам нь дээд, доод зовхинд тус тус байрлах нулимсны цэг, дээд, доод нулимсны сувганцар, нулимсны ерөнхий суваг, нулимсны горхи, нулимсны хүүдий зэргээс бүрдэнэ.

Зовхины ирмэг нь зовхины хэсэг (зовхины арьс, нүдний цагирагин булчин, зовхи өргөгч булчин, мөгөөрс, салст), нулимсны хэсэг (арьс, нүдний цагирагин булчин, нулимсны сувганцар, салст) гэсэн 2 хэсэгт хуваагдана. Зовхины хэсэг нь сормуустай зэрэгцээ байх ба сормуусны ар талд мейбомын булчирхайнууд нээгддэг. Нулимсны хэсэг нь зуйван ба энэ хэсэгт сормуусгүй байна. Нулимсны сувганцарын урагдлыг үүсгэгч гэмтэл зөвхөн тухайн хэсгийг хамарсан байхаас гадна мөн зовхины бусад хэсгийг хамарсан хэд хэдэн урагдал, ухархайн хугарал, нүдний алимны гэмтэлтэй хавсарсан байдлаар тохиолдож болно.

Эмгэг жам

Нулимсны сувганцарын тасралт нь шууд болон шууд бус гэмтлийн шалтгаантай үүснэ. Шууд гэмтэл нь дараахь хүчин зүйлийн нөлөөгөөр үүсч болно. Үүнд: шил, хутга, нохой, мууранд хазуулах, самардуулах, хумс болон бусад хурц зүйлээр г.м. Шууд бус гэмтэлд битүү гэмтэл хамаарах ба үүнд цохиулах, хурц биш зэвсэг, юм мөргөж унах г.м.

Нулимсны сувганцар нь өнгөц байрлалтай учраас гэмтэлд өртөмтгий байдаг. Бүтэцийн хувьд авч үзвэл нулимсны цэгээс эхлэн 2 мм босоо хэсэг, түүнээс цааш 8 мм хөндлөн хэсэг үргэлжилдэг. Нулимсны сувганцарын дунд хэсэг нь medial canthal ligament-ын арын хэсгээр зааглагддаг. Энэхүү ligament нь гэмтэлд өртөмтгий байдаг.

Тохиолдол

Нулимсны сувганцарын тасралт нь нулимс дамжуулах замын гэмтэл дотроос хамгийн элбэг тохиолддог. Нулимсны доод сувганцарын тасралт нь нийт тохиолдлын 50-75%-ийг эзэлдэг. Ялангуяа сувганцарын доод хөндлөн хэсгийн урагдал илүү тохиолддог.

Өвчлөл

Нулимсны сувганцарын тасралтыг эргэж сэргээгээгүй тохиолдолд нулимс байнга гоожихоос гадна анатомийн хэвийн бүтэц алдагдсанаас тухайн хэсэг хэвийн бус харагдана. Эхний ээлжинд зовхины үйл ажиллагаа болон байрлалын хувьд сэргээх хэрэгтэй. 24 цагийн дотор мэс засал хийнэ.

Хүйс

Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү гэмтэлд өртөмтгий байдлаас шалтгаалж эрэгтэй хүмүүст ихэвчлэн тохиолддог.

Нас

Ихэвчлэн залуу насныханд, 18-30 насанд илүү тохиолдоно.

Эмнэл зүй

Шалтгаан

Гэмтлийн шалтгааныг тогтооно. Гэмтээгч хүчин зүйлийн үйлчлэлээр хэдий хэмжээний шарх үүссэн, гэмтэл нь нүдний алимыг хамарсан эсэх, шарх бохирдсон эсэх, гадны биет байгаа эсэх зэргийг тогтооно.

  • Гавлын доторхи гэмтэл байгаа эсэх
  • Шарх хөрс шороогоор бохирлогдсон тохиолдолд Bacillus cereus илрэх магадлал ихтэй
  • Нохойд уруулсан ториолдолд яаралтай халдваргүйжүүлэх арга хэмжээ авах шаардлагатай.
  • Гэмтлийн шалтгааныг тогтоож, гэмтэл нь ажилтай нь холбоотой үүссэн эсэхийг тогтоох нь чухал.
  • Нулимсны сувганцарын гэмтлийн үед нүдний бүрэн шинжилгээ хийнэ. Үүнд: Хараа шалгах, хүүхэн харааны урвал, харааны чадал, нүдний хөдөлгөөн, нүдний дотоод даралт, нүдний гадна хэсэг, хүүхэн хараа тэлсний дараа нүдний угийг нарийн шинжлэх г.м.
  • Нулимс дамжуулах замын гэмтлийн үед нулимсны цэгийг тэлж Боуманы сорил хийж үзнэ. Мөн Будагч бодис бүхий уусмалаар нулимсны сувгийг угааж шалгана.
  • Ухархайн гэтэл хавсарсан эсэхийг шалгана. Нулимсны хүүдий орчимд дээд эрүүний яс хугарсан тохиолдолд нулимсны хүүдийд силикон гуурс тавих нь төвөгтэй байдаг.

Хурц хүчин зүйлийн нөлөөгөөр, хүчирхийлэл, унаж гэмтэх, авто осол, муур нохойд уруулж самардуулах, спортын гэмтэл зэрэг шалтгаанаар үүснэ.

Мэс заслын эмчилгээ

“Болор мэлмий”, “Сайт” эмнэлгүүдэд 2003- 2009 онуудад нийт 16 нулимасны сувганцар тасарсан тохиолдолд Кроуфордын гуурсыг ашиглан нулимсны сувганцар залгах мэс засал хийсэн. Үүнээс дээд зовхины нулимасны сувганцар тасарсан тохиолдол 3 байсан.

Мэс заслын арга

Мэс заслын хамгийн төвөгтэй үе шат нь тасарсан сувганцарын проксималь хэсгийг олох юм. Үзүүртээ нүхтэй дугуй зондыг гэмтээгүй нулимасны цэгээр нулимасны хүүдий рүү оруулж дараа нь буцаагаад тасарсан сувагны проксималь хэсгээр гаргаж ирнэ.

 

Зондын нүх рүү гуурсны нарийн хэсгийг шургуулж зондыг буцааж эргүүлж гаргана. Дараа нь зондыг нөгөө нулимасны цэгээр тасарсан сувганцарын дисталь хэсгээр гаргаж гуурсны нөгөө үзүүрийг сүвэлнэ. Зовхины дунд холбоосыг шимэгдэдгүй утсаар бэхэлж оёоод шархыг үечилж хаана. Гуурсны хоёр үзүүрийг дух хацрын арьсан дээр зөрүүлж наана. Гуурсыг 14 хоногийн дараа авна.

Үр дүн

24 цагийн дотор мэс засалд орсон тохиолдолд зовхины анатомын бүтэц болон сувганцарын үйл ажиллагаа бүрэн сэргэх боломжтой.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1373
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК