Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2012, 1(44)
Томуугийн цартахлын бэлэн байдлын шинэ орчил
( Редакцийн зурвас )

П.Нямдаваа


 
Абстракт

Гахайн гарвалтай томуугийн A(H1N1) 2009 вирүсээр сэдээгдсэн цартахал түүх болон хоцорч, ДЭМБ өнгөрсөн оны 5 дугаар сард хуралдсан 64 дүгээр Ерөнхий Чуулганаасаа “Томуугийн цартахлын бэлэн байдал: томуугийн вирүс солилцох, томуугийн вакцин хүртэх боломж болон бусад өгөөж” [1] хэмээсэн тогтоол гаргаж, “Томуугийн цартахлын бэлэн байдлын Суурь төлөвлөгөө”-г баталсан билээ. Ийнхүү дараагийн болзошгүй цартахлын бэлэн байдлыг хангах шинэ орчил эхэллээ. Бид шат шатандаа ДЭМБ-ын “Суурь төлөвлөгөө”-г нухацтай судлаж, өмнөх цартахлын үеийн туршлагаа цэгнэж, “Томуугийн цартахлын бэлэн байдлыг хангах Үндэсний төлөвлөгөө”-гөө шинэчлэн боловсруулах шаардлагатай тулгарч байна.

Судлаачдын үзэж байгаагаар томуугийн хувьслын хурдац эрс өөрчлөгдсөн бөгөөд дараачийн цартахал 15-30 жил хүлээлгэлгүй тохиох магадлал их байгаа тул бид алгуурлах эрхгүй болж байна. Томуугийн вирүсийн хувьслын одоогийн байдлаас үзвэл цартахлын шинэ омог үүсэн тархаж болох 2 эрсдэл байгаа нь:

1. Шувууны томуугийн A/H5N1 омгийн өндөр хоруу чанартай, хүний популяцид хурдан тархах чадвартай хувилбар тархах эрсдэл байсаар байна. ДЭМБ-ын мэдээгээр 2003 оноос хойш энэ оны нэгдүгээр сарыг дуустлах хугацаанд томуугийн A/H5N1 омгийн хүний өвчлөлийн 583 тохиолдол бүртгэгдээд байгаагийн 344 (59%) нь нас барсан бөгөөд өвчлөл (463/583=79.4%), эндэгдлийн (267/344=77.6%) дийлэнхи нь Индонез, Вьетнам, Египет зэрэг Зүүн-өмнөд ази, Ойрхи дорнодын буурай хөгжилтэй орнуудад бүртгэгджээ [2]. Нөгөө талаар зарим судлаачид өндөр хоруу чанартай томуугийн A/H5 вирүсийн агаар-дуслын замаар туршлагын амьтны популяцид хурдан тархах чадвартай хувилбарыг гарган авсан нь уг вирүс цартахлын өндөр чадавхитайг батлаж байна. “Nature”, “Science” сэтгүүлүүдэд хэвлүүлэхээр өнгөрсөн оны эцсээр өгсөн Холланд, АНУ-ын судлаачдын багийн дээрхи судалгааны дүнг АНУ-ын Био-аюулгүй байдлын үндэсний зөвлөх хороо бүрэн эхээр нь хэвлэхийг хориглосон нь судлаачид болон өргөн олон нийтийг хамарсан ихээхэн шуугиан дэгдээгээд байгаа [3-7] боловч, томуугийн A/H5 вирүс цартахал сэдээх өндөр эрсдэлтэй нь нэгэнт батлагдсан бөгөөд тийм омог байгалийн нөхцөлд буюу хүний үйл ажиллагаагаар хүний популяцид тархаж чадах эсэх тухай л асуудал үлдэж байна.

2. Томуугийн цартахлын A/H1N1 2009 вирүсийн M ген агуулсан гахайн гарвалтай томуугийн A/H3N2 вирүсийн ре-ассортант омгоор хүн өвчилсөн тохиолдлыг АНУ-д илрүүсэн [8] нь томуугийн тандалт судлаачдын хувьд Мексикийн гэж нэрлэгдсэн томуугийн 2009-2010 оны цартахлын эхлэлийг санагдуулсан үйл явдал болсон. Энэ вирүс хүнээс хүнд халдан тархсан тохиолдлын тухай АНУ-ын судлаачид мэдээлсэн [9] боловч одоогоор олон хүнийг хамран өвчлүүлээгүй байна. Гэвч томуу судлаачдын анхаарал тавьж байх асуудал мөн нь маргаангүй.

Ийнхүү томуугийн цартахлын шинэ орчил сэтгэл түгших юмтай эхлэж буй болохоор бид тандалтаа идэвхижүүлэн, шинэ Үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх хэрэгтэй болж байна.

Ном зүй

1. Inluenza Pandemic Preparedness Framework http://www.who.int/influenza/resources/pip_framework/en/ accessed on Febr.1, 2012; Энэ тогтоол болон Суурь төлөвлөгөөг сэтгүүлийн энэ дугаараас эхлэн “Албаны баримт бичиг” буланд орчуулан тавьж байгаа болно.
2. Шувууны томуугийн хүний өвчлөлийн мэдээ: 01/12 (2012 оны 1-р сарын 27) http://www.flu.mn/mgl/index.php?option=com_content&task=view&id=871&Itemid=1 accessed on Febr.10,2012;
3. Experts Question Call to Withhold Flu Research http://www.nti.org/gsn/article/experts-question-call-withhold-flu-virus-research/ ac¬cessed on Dec.23,2011;
4. Researchers defend benefits of mutant flu research http://www.nature.com/news/researchers-defend-benefits-of-mutant-flu-research-1.9919 accessed on Febr.1, 2012; 5. WHO concerned that new H5N1 influenza research could undermine the 2011 Pandemic Influenza Preparedness Framework, Statement http://www.who.int/mediacentre/news/statements/2011/pip_framework_20111229/en/index.html ac¬cessed on Febr. 13, 2012;
6. Fouchier, R.A.M., Herfst, S., Osterhaus, A.D.M.E., (2012): Re¬stricted Data on Influenza H5N1 Virus Transmission, Science, v.335: 662-663;
7. Palese, P., Wang, T.T. (2012): H5N1 influenza virus: Facts, not fear, PNAS, Early edition, www.pnas.org/cgi/doi/10.1073/pnas.1121297109 accessed on Febr. 13, 2012;
8. Нямдаваа, П. АНУ-д томуугийн гахайн гарвалтай A(H3N2) вирүсээр сэдээгдсэн халдварын хүний өвчлөл бүртгэгджээ http://www.flu.mn/mgl/index.php?option=com_content&task=view&id=767&Itemid=49 ;
9. Limited Human-to-Human Transmission of Novel Influenza A(H3N2) Virus – Iowa, November 2011, MMWR, 60(47): 1615-1617 http://www.cdc.gov/mmwr/preview/mmwrhtml/mm6047a3.htm ac¬cessed on
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 703
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК