Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2008, 1(3)
Бодлын солбилцол
( Редакцийн зурвас )

Б.Жав

 
Абстракт

Миний бие Монголын анагаах ухаантай нэр холбогдсон тэр цагаас хойш 53 жил нүд ирмэхийн зуур өнгөрчээ. Энэ хугацаанд монголын анагаах ухааны салбарын “эх уурхай” болсон эх барихуйд 48 жил хүчин зүтгэж байгаагийн хувьд зайлшгүй хөндөж ярилцах ёстой “эх барихуйн ёс зүйн” асуудлуудын талаар сэтгүүлийн энэхүү дугаарт толилуулж байна. Чухамхүү яагаад энэ асуудлыг сонгож хөндөх болсныг тунгаан бодож сэтгэл оюундаа эрэгцүүлж, нэгэн бодолд хүрнэ гэдэгт итгэл төгс байна.

Нөхөн үржихүйн туслах технологийн орчин үеийн амжилтууд, перинаталь оношлогооны ба эхийн хэвлий дэх ургийн эмчилгээний боломжууд био-ёс зүйн өмнө шинэ бөгөөд нарийн төвөгтэй  асуудлуудыг буй болгож байна. Ийм учраас мэргэжил нэгтэй нөхдийнхөө, үйлчлүүлэгчийнхээ, мөн шүүхийн өмнө өөрсдийн шийдвэрийг хамгаалахын тулд эмч нь ёс зүйн үндсэн зарчмуудын талаар зөв ойлголттой, мэдлэгтэй байх ёстой билээ. Эх барихуйн гайхамшиг нь эмч, эх  ба ургийн амь насыг хариуцаж, гэр бүлд аз жаргал авчирдагт оршдог. Гэвч эх ба ургийн салшгүй холбоотой энэхүү чухал асуудал тэр бүр хоорондоо нэгдэн зохицдоггүй болохыг хэлэх юун билээ. Био-ёс зүй гэдэг нь анагаах ухааны ба нас баралтын тухай сургааль юм. Энэ нь шашин, эмчийн хувийн боломж, эмнэлгийн концепци зэргээс хамаарахгүйгээр мөрдөгддөг сургааль.

Үйлчлүүлэгчийн эмчтэй харилцах харилцааг тодорхойлогч нь үйлчлүүлэгчид ашигтай байх зарчим бөгөөд уг зарчим нь эртний Грекийн оточ, соён гэгээрүүлэгч, анагаах ухааны эцэг хэмээн алдаршсан Гиппократын өнгөрснийг эргэн харах, одоо оношлох, ирээдүйгээ урьдчилан заах, эмчийн тангарагт үндэслэгдэнэ, өвдөхөөсөө өмнө юу байсан, тэгвэл дараах зүйлийг байнга  сана, тусал эсвэл битгий гэмтээ” гэсэн зарчим дээр тулгуурладаг билээ.

Олон зууны туршид өвчтөний сайн сайхан ашиг тусын төлөө зарчимд эмчийн санаа бодол чиглэгдэж  үйлчлүүлэгчийн хувьд хамгийн ашигтай шийдвэрийн сонголт нь эмнэлзүйн сэтгэхүйн үйл ажиллагааны мөн чанар юм. Өвчтөний төлөө ашиг тусын зарчим нь үйлчлүүлэгчийн санаа бодолд хүндэтгэх зарчмын эсрэг чиглэсэн байж болохгүй учраас үйлчлүүлэгч өөрийн сонирхлыг хүлээн авах ёстой /тухайлбал эрүүл мэндтэй холбоотой/, тэдэнд итгэл ба үнэмшилд суурилсан чөлөөт сонголт хийх боломжийг бүрдүүлсэн байна.

Орчин үеийн био ёс зүйн мөн чанар нь нэг талаас эмчийн үүрэгтэй холбоотой үйлчлүүлэгчийн ашиг тусын амжилт, нөгөө талаас түүний чөлөөт сонголтын баримтлал хоёрын хоорондын балансанд оршино. Энэхүү хоёр зарчмыг оношлогооны ба эмчилгээний аргууд хангах ёстой, хэрэв тийм байх тохиолдолд үйлчлүүлэгчийн санаа бодлыг хүндэтгэх зарчим давамгайлсан байна. Харин үйлчлүүлэгчийн хүсэлтийг хэрэгжүүлэхээс татгалзаж болно. Заримдаа эмч тодорхой үйлдлээс, тухайлбал жирэмсэнг таслахаас татгалзах шаардлага гарна. Ийм байдал  гарсан ч гэсэн эмч үйлчлүүлэгчийг буруутгаж болохгүй, түүний хүсэлтийг хэрэгжүүлж болох  өөр эмчид хандахыг зөвлөх нь чухал.

Эх барихуйд био ёс зүйг хэрэглэхийн онцлог нь ургийн статус байдаг бөгөөд ураг нь хувь бодьгал хүн биш учраас шүүхэд хандах эрхгүй төдийгүй ямар нэгэн үүрэг хариуцлага гүйцэтгэх боломжгүй юм.       

Жирэмсний 24 долоо хоногтойгоос хойш ураг бие даан амьдрах боломжтой байдаг. Энэ хугацаанаас эхлэн эмч ба жирэмсэн эмэгтэй хоёулаа ургийн байдалд хариуцлага хүлээх ёстой. Ховорхон тохиолдолд эхийн зүгээс ургийнхаа амьдралын хувь заяатай холбоотой гаргасан шийдвэр нь эмчийн мэргэжлийн онцлог ба шийдэлтэй нийцэхгүй, тохирохгүй байж болно. Иймэрхүү тохиолдлын талаар зарим нэгэн жишээг авч үзье.

Тохиолдол 1. Жирэмсний 20 долоо хоногтойд урагт хэт авиан шинжилгээгээр ууц- бүсэлхүйн нурууны орчимд нугасны ивэрхий оношлогдож эмэгтэй жирэмснээ таслуулах хүсэлтэй байсан. Эмч өөрийн мэргэжлийн дадлага туршлагын онцлогоос болоод үр хөндөх үйлдлээс татгалзжээ. Энэ тохиолдолд био ёс зүйн талаас ямар шийдвэр гаргаж болох вэ? Ургийн гестозын хугацаа 24 долоо хоног хүрээгүй, ураг бие даан амьдрах боломжгүй, үйлчлүүлэгчийн ёс суртахууны статус байхгүй, эхийн жирэмсэнг таслуулах хүсэлт нь магадлалтай. Эх баригч эмч өөрийн мэргэжлийн дадлага, туршлагын онцлогоос болоод үр хөндөхөөс зайлсхийж болохыг үгүйсгэхгүй ч, мэргэжлийн эмчийн үүрэг хариулцлагаа ухамсарласны үүднээс үр хөндөх үйлдэл хийж чаддаг эмчид үйлчлүүлэгчээ явуулбал ёс зүйд нийцнэ.

Тохиодол 2.Жирэмсний 34 долоо хоногтойд хэт авиан шинжилгээгээр урагт “хос давсагны шинж, арван хоёр нугалаа гэдэсний гаж хөгжил, кариотипийн шинжилгээнд 21 дэх хос хромосомын трисоми тогтоодсон. Төрөл төрөгсөд нь жирэмсэнг таслуулах шаардлагатай гэсэн шийдэлтэй байгаа бөгөөд энэ тохиолдолд био ёс зүйн талаас ямар шийдвэр гаргах вэ? Ураг гестозын 34 долоо хоногтойд хууль зүйн хувьд эрхээ хамгаалуулах боломжгүй. Гэхдээ амьдрах бүрэн боломжтой, иймээс үйлчлүүлэгч эрх зүйн ёс суртахууны статустай. Арван хоёр нугалаа гэдэсний гаж хөгжлийг мэс заслын аргаар бүрэн эмчилж болно. Дауны хамшинжтэй хүүхэд хэвийн амьдарч болох бөгөөд био ёс зүйн талаас нь авч үзвэл жирэмсэнг таслах шийдвэр нь буруу. Дауны хамшинж тэр бүр амьдрах боломжийг алдагдуулахгүй. Ийм учраас ургийн хувьд түүнийг үхэлд оруулах үйлдэл хийх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл эхийн талаас гарсан, жирэмсэнг таслуулах гэсэн эрх зүйн шийдвэрээс татгалзах нь ёс зүйд нийцсэн үйлдэл юм.

Иймэрхүү тохиолдлуудад эмч энэ тухай ойлгуулахдаа тулгах, аюул учруулах, сүрдүүлэх хэлбэрээр биш, хүлээцтэй хүндэтгэлтэй, үндэслэлтэй, үнэмшилтэй хэлбэл үр дүнтэй. Хэрэв үнэмшүүлж ойлгуулах үйлдэл үр дүнгүй бол гестозын эмчилгээнд анхаарлаа төвлөрүүлж, эмэгтэйд альтернатив хувилбар болох-төрлөг сэдээх арга хэмжээ авна.

Дээр дурьдсан 2 тохиолдол нь ёс зүйн асуудал хичнээн төвөгтэй нарийн байхын нэгээхэн хэсэг бөгөөд эх барих эмэгтэйчүүдийн эмч нар өдөр тутам нарийн төвөгтэй, ёс зүйн асуудалтай тулгарч байдгын бодит жишээ юм. Эмчлэх анагаах үйл ажиллагаа бүхэлдээ эмч ба үйлчлүүлэгчийн итгэлцэл дээр суурилдаг болохыг байнга санаж ажиллахыг сонордуулж байна. Эцэст нь  ЭНЭШТ-өөс “Эх барих эмэгтэйчүүд, хүүхэд судлал” сэтгүүлийг санаачлан гаргаж одоо хоёр дахь жилдээ тогтмол хэвлэлийн хэмжээнд хүрч байгаад буурал багш би үнэхээр баярлаж байна.



Нийтлэлийн нээгдсэн тоо: 1
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК