Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2008, 1(3)
УЭНЭШТ-ийн түүхэн замнал ба хүүхдийн эрүүл мэндийн алба үүсэн хөгжсөн нь
( Түүх )

Т.Эрхэмбаатар1, П.Отгонбаяр1,  Д.Агваандорж2, Р.Галбадрах1

1ЭНЭШТ, 2Монос АУДС

 
Абстракт

Монгол Улсын хэмжээнд хүүхдийн анагаахын чиглэлээр хийгдсэн эрдэм судлалын ажлын түүхэн хөгжлийн талаар сэтгүүлийн өмнөх дугаарт нийтэлсэн, энэ удаад  хуучнаар Эх Нялхсын Эрдэм Шинжилгээний Төвийн /ЭНЭШТ/ үүсэн хөгжсөн түүхийг товчоолон та бүхэнд толилуулж байна.

Ардын хувьсгалын жилүүдэд төр засгаас (1922 оноос) хүн амын эрүүлийг хамгаалах асуудалд  онцгой анхаарч ортой, оргүй анхны эмнэлгүүд  байгуулагдаж  эхэлсэний нэг нь хуучнаар Хүүхдийн Төв Эмнэлэг буюу одоогийн ЭНЭШТ  билээ.

1928 онд өнчин хүүхдийг асрах 20 ортой яслийн дэргэд эх хүүхдэд зөвлөлгөөн өгөх газар байгуулагдсаныг Монгол Улсад хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах алба анх үүссэн хэмээн үзэх  үндэстэй юм. Тус  яслид их эмч Ц.Сэржмядаг /ЗХУ-д мэргэжил эзэмшсэн/, сувилагч Дансрангийн Янжинцоо (1928-1950), асрагч Вандан-Ишийн Ичинхорлоо (1927-1929),  Даваагийн Тамжав (1930-1932) нар ажиллаж байсан нь анхны хүүхдийн эрүүлийг хамгаалахын ажилтан нар болон түүхэнд мөнхөрсөн байна.

1930 онд тухайн үеийн нэршлээр “Иргэний эмнэлэг” -ийн дэргэд /одоогийн улсын клиникийн төв эмнэлэг/ 15 ортой хүүхдийн тасаг нээгдэн ажилласнаар Хүүхдийн эмнэлгийн суурь тавигджээ. Хүүхдийн эмнэлгийн түүхийг энэ үеэс эхлэн тооцвол эдүгээ 78 жилийн түүхтэй, хийж бүтээсэн зүйл арвинтай, олон арван эрдэмтэн мэргэд, эмч, сувилагч, эмнэлгийн боловсон хүчинтэй, олон аав, ээжийн үрсийг эмчилж эдгэрүүлсэн гавъяат үйлстэй том алба болтлоо хөгжжээ.

Түүхийн энэ зузаан хуудсыг судалж, үйл ажилаагааг нь цэгнэн багцалбал, Монгол Улсад хүүхдийн эрүүл мэндийн алба анх үүссэн буюу хүүхдийн эмнэлгийн хөгжлийн эхэн үе /1930-1952 он хүртэл/, хүүхдийн эмнэлэг өргөжин тэлсэн үе /1952-1986 он хүртэл/, хүүхдийн эмнэлгийн хөгжил дэвшлийн үе  /1986- одоог хүртэл/  гэж хөгжлийн 3 том үед хувааж болохоор байна.



Нийтлэлийн нээгдсэн тоо: 1
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК