Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2012, 1(44)
ДЭМБ: Томуугийн цартахлын бэлэн байдлын суурь төлөвлөгөө, 1-р хэсэг
( Товч мэдээлэл )

Б.Дармаа

ХӨСҮТ

 
Абстракт

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага

Томуугийн цартахалын бэлэн байдлын суурь төлөвлөгөө

(Томуугийн вирүсийн омог солилцох, вакцин хүртэх боломж болон бусад өгөөж)

(Нэгдүгээр хэсэг)

АГУУЛГА

ДЭМБ-ын 64 дүгээр Чуулганы тогтоол: WHA 64.5 :Томуугийн цартахлын бэлэн байдал: Томуугийн вирүсийн омог солилцох, вакцин хүртэх боломж болон бусад өгөөж

1 Зарчмууд

2 Зорилт

3 Хамрах хүрээ

4 Тодорхойлолт ба нэр томъёо

4.1 Цартахлын бэлэн байдал(ЦТББ)-д

4.2 Бусад нэр томъёо

4.3 Институт, байгууллага, нэгжүүд

4.4 Бусад нэршил

5 H5N1 болон томуугийн цартахал үүсгэх чадавхи бүхий томуугийн бусад вирүсийн омгийг солилцох томуугийн цартахлын бэлэн байдлын тогтолцоо

5.1 Ерөнхий зүйл

5.2 Генетик секвенс

5.3 Мөрдөх, мэдээлэх механизмууд

5.4 Стандарт Материалуудыг Шилжүүлэх Гэрээ

6 Томуугийн цартахалын бэлэн байдалд мэдээллийг нээлттэй хуваалцах тогтолцооны ашиг тус

6.0 Ерөнхий зүйл

6.1 ЦТББ-ын хариу арга хэмжээний ДЭМБ-ын зохицуулга

6.2 Цартахлын эрсдлийн үнэлгээ, хариу арга хэмжээ

6.3 ЦТББ-ын вакцины вирүсийн хангалт

6.4 Оношлогооны урвалж, оношлуурын хангалт

6.5 Вакцины чадавхийг тодорхойлох лавлах урвалжийн хангалт

6.6 Томуугийн лаборатори болон тандалтын хүчин чадлыг бэхжүүлэх

6.7 Эрхзүйн чадавхи бүрдүүлэх

6.8 Вирүсийн эсрэг бэлдмэлийн нөөц

6.9 ЦТББ-ын вакцины нөөц

6.10 Цартахлын завсрын үед хөгжиж байгаа орнууд вакцин хэрэглэх боломж

6.11 Цартахлын вакцин хэрэглэх боломж

6.12 Үнийн хөнгөлөлт

6.13 Технологи шилжүүлэх

6.14 Санхүүжилтийн тогтвортой, шинэ механизм

7 Удирдлага ба хяналт

7.1 Ерөнхий зүйл

7.2 Зөвлөх баг

7.3 Томуугийн тандалт, хариу арга хэмжээний глобаль тогтолцоо(ТТХГТ)-нд оролцогч лабораториудын үйл ажиллагааг удирдах, хянах

7.4 ЦТББ-ын Суурь төлөвлөгөөний биелэлтийн хяналт, үнэлгээ

Хавсралтууд

Хавсралт 1 Стандарт Материал Шилжүүлэх Гэрээ 1

Хавсралт 2 Стандарт Материал Шилжүүлэх Гэрээ 2

Хавсралт 3 Зөвлөх багийн ажлын удирдамж

Хавсралт 4 H5N1 ба томуугийн цартахлын бусад вирүсийн тандалтанд ДЭМБ-ын ТТХГТ -нд оролцогч лабораториудын гүйцэтгэх үүргийг тодорхойлоход мөрдөх удирдамж

Хавсралт 5 ЦТББ-д шаардагдах биологийн материалуудтай холбоотой ажлын удирдамж


ДЭМБ-ын 64 дүгээр чуулганы тогтоол WHA64.5

Хэлэлцэх асуудал 13.1 2011 оны 5 дугаар сарын 24

Томуугийн цартахалын бэлэн байдал:Томуугийн вирүсийн омог солилцох, вакцин хүртэх боломж болон бусад өгөөж

ДЭМБ-ын 64 дүгээр чуулган,

Гишүүн улс орнуудын санаачлагаар байгуулсан Томуугийн цартахлын бэлэн байдлын ажлын хэсгийн тайлан дахь томуугийн вирүсийн омог солилцох, вакцин хүртэх боломж болон бусад өгөөжийн тухай мэдээллийг авч хэлэлцээд;

Энэ ажлын хэсгийн ахлагч, удирдах бүрэлдэхүүнд талархал илэрхийлж;

Дээр нэр дурьдсан ажлын хэсэг томуугийн вирүсийн омог солилцох, вакцин хүртэх боломж, бусад өгөөжийн талаар харилцан тохиролцоход туслах зорилгоор Томуугийн цартахлын бэлэн байдлын Суурь төлөвлөгөөний төсөл боловсруулсанд баяр хүргэж,

Цартахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний шаардлагад нийцүүлэн технологийн шинэчлэл хийхэд үйлдвэрлэлийнхний идэвхи санаачлагын ач холбогдлыг тэмдэглэн;

1. ДЭМБ-ын Үндсэн Дүрмийн 23 дугаар зүйлд заасан эрхийн хүрээнд Томуугийн цартахлын бэлэн байдлын Суурь төлөвлөгөөг, хавсралтуудын хамт БАТЛАСУГАЙ;

2. Гишүүн улс орнуудад ЗӨВЛӨМЖ БОЛГОХ НЬ:

1) Томуугийн цартахлын бэлэн байдлын Суурь төлөвлөгөөг хэрэгжүүлэх;

2) Томуугийн цартахлын бэлэн байдлын Суурь төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг идэвхтэй дэмжиж, санхүүгийн эх үүсвэр, нөөц боломжоор хангах;

3. Томуугийн цартахлын бэлэн байдлын Суурь төлөвлөгөөнд оролцогч талуудыг энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажилд идэвхийлэн орохыг УРИАЛСУГАЙ;

4. Ерөнхий захиралд ДААЛГАХ НЬ:

1) Томуугийн цартахлын бэлэн байдлын Суурь төлөвлөгөөг хэрэгжүүлэх;

2) Томуугийн цартахлын бэлэн байдлын Суурь төлөвлөгөө, түүнийг дагалдан гарах шийдвэрүүдийн хэрэгжилтэнд хяналт тавих;

3) Энэ тогтоолын хэрэгжилтийн явцыг Гүйцэтгэх хороогоор дамжуулан ДЭМБ-ын чуулганд хоёр жил тутамд тайлагнаж байх.

Аравдугаар нэгдсэн хуралдаан, 2011 оны 5 дугаар сарын 24

A/64/VR/10

1. Зарчмууд

Томуугийн цартахлын бэлэн байдал, томуугийн вирүсийн омог солилцох, вакцин хүртэх боломж, бусад өгөөжийн тухай ДЭМБ-ын чуулганы WHA64.5 тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд ДЭМБ-ын Гишүүн улс орнуудын гүйцэтгэвэл зохих ажил нь:

1) Мөн энэ асуудлаархи ДЭМБ-ын чуулганы WHA60.28 тогтоолыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх;

2) хүн амын эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн ноцтой хямрал үүсгэж, ялангуяа буурай хөгжилтэй орнуудад илүү хохирол тарьж болзошгүй томуугийн цартахлын эрсдэл одоо ч байсаар байгааг анхааралдаа авах;

3) Гишүүн бүх орон H5N1 болон цартахал үүсгэх чадавхи бүхий томуугийн бусад вирүсийн омог солилцож, түүний өгөөжийг хүртэх тэгш эрхтэй бөгөөд энэ нь бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах нэгдмэл хүчин чармайлтанд тухайн гишүүн орны оруулж буй чухал хувь нэмэр хэмээн үзэж нэн хариуцлагатай хандах,

4) Энэхүү Суурь төлөвлөгөө нь Дэлхийн нийт хүн амыг томуугийн цартахлаас хамгаалах зорилготой тул бүх нийтээр хэрэгжүүлж байж амжилтанд хүрнэ гэдгийг гол чиглэл, зорилгоо болгох;

5) H5N1 болон цартахал үүсгэх чадавхи бүхий томуугийн бусад вирүсийн омгийг ДЭМБ-ын Хамтран ажиллагч төвүүд, ДЭМБ-ын H5 вирүсийн лавлагаа лабораториудад цаг алдалгүй, тогтмол хүргүүлж, цартахал үүсгэх эрсдэлтэй эсэхийг тогтоох, вакцин, оношлуур үйлдвэрлэх болон вирүсийн эсрэг эмийн бодист тэсвэржилтийн судалгаа хийхэд хувь нэмэр оруулах;

6) Энэ ажлыг хэрэгжүүлэхээр ДЭМБ-ын гишүүн улс орон бүр Олон улсын эрүүл мэндийн дүрэм (2005) дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх;

7) Энэ Суурь төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ үндэсний болон олон улсад мөрдөгдөж байгаа бусад хууль, дүрэмтэй уялдуулах;

8) H5N1 болон цартахал үүсгэх чадавхи бүхий томуугийн вирүсийн бусад омгийг солилцсноос гарах өгөөж нь гишүүн орон бүрийн нийгмийн эрүүл мэндийн эрсдлийн түвшин, тулгарсан шаардлагад тулгуурлах болно гэдгийг хүлээн зөвшөөрөх;

9) H5N1 болон цартахал үүсгэх чадавхи бүхий томуугийн вирүсийн бусад омгийг солилцох нь уг ажлын өгөөж болсон шаардлагатай вакцин, оношлуурыг боломжтой үнэ өртгөөр гишүүн улс орнуудад, ялангуяа буурай хөгжилтэй орнуудад хүргэх асуудлыг оролцуулан нээлттэй, шударга, тэнцвэртэй, үр ашигтай байх зармыг үнпэс болгох ёстойг мөрдлөг болгох;

10) Энэ асуудлыг ДЭМБ НҮБ-ын томуугийн зохицуулагч болон Засгийн газар хоорондын холбогдох бусад байгууллагуудтай хамтран удирдан зохицуулах үүрэгтэйг хүлээн зөвшөөрөх;

11) Тухайн улс орны биологийн баялаг нь уг улсын захиран зарцуулах бүрэн эрхийн асуудал боловч Дэлхий нийтийн нийгмийн эрүүл мэндийн эрсдэлийг бууруулахад бүх нийтээр хамтран ажиллах үүрэгтэйг хүлээн зөвшөөрөх;

12) Нийгмийн эрүүл мэнд, инноваци, оюуны өмчийн Дэлхийн стратегийн тухай ДЭМБ-ын чуулганы WHA61.21 тогтоолыг хэрэгжүүлэх;

13) ДЭМБ-ын чуулганы WHA61.28, WHA61.21 тогтоолуудад “Гишүүн улс орнуудад нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд оюуны өмчийг хамгаалах асуудал саад учруулах ёсгүй”, “Оюуны өмчийн эрх нь эрүүл мэндийн шинэ бүтээгдэхүүн боловсруулахад чухал түлхэц болдог боловч шинэ бүтээгдэхүүнийг борлуулах зах зээл нь хязгаарлагдмал буюу тодорхойгүй байх нь түүнийг боловсруулахад саад учруулах ёсгүй” гэсэн заалтыг мөрдөж ажиллах;

14) H5N1 болон цартахал үүсгэх чадавхи бүхий томуугийн вирүсийн бусад омгийг солилцон, түүний өгөөжийг тэгш хүртэх эрх нь ДЭМБ-ын гишүүн орнууд болон ДЭМБ-ын Ерөнхий захирлын зүгээс томуугийн цар тахлын эрсдэлд үнэлгээ өгөх, цартахлын эрсдэлийг бууруулах зорилгоор вакцин, урвалж, эмийн бодис үйлдвэрлэлийг дэмжиж, цартахлыг хурдан хяналтанд аван, хязгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлэх бололцоо олгоно гэдгийг хүлээн зөвшөөрөх;

15) Цартахлаас сэргийлэхэд шаардлагатай томуугийн вакцин үйлдвэрлэх хүчин чадал хүрэлцээгүй хэвээр байгаа нь нэн тулгамдсан асуудал гэдгийг хүлээн зөвшөөрөх;

16) Томуугийн вакцин үйлдвэрлэх хүчин чадал, ялангуяа буурай хөгжилтэй орнуудад тун хангалтгүй, зарим улс оронд вакцин үйлдвэрлэл хөгжүүлэх буюу шаардагдах хэмжээний вакциныг худалдан авах нөхцөл бүрдээгүй байгаа нь цартахалтай тэмцэх, омог солицох үйл ажиллагааныхаа өгөөжийг хүртэж чадахгүйд хүргэх эрсдэл бий болгож байгааг хүлээн зөвшөөрөх;

17) ДЭМБ-аас боловсруулсан “Томуугийн цартахалтай тэмцэх дэлхий нийтийн төлөвлөгөө”(GAP: Global Action Plan) -нд вакцины хангамжийг сайжруулах, цартахлын үеийн вакцины хэрэгцээ ба хангамжийн зөрүүг багасгаж, томуугийн вакцин үйлдвэрлэлийн хүчин чадлыг хөгжиж байгаа орнуудыг оролцуулан өргөжүүлэхээр заасныг хэрэгжүүлэх;

18) Гишүүн улс орнууд болон эмийн үйлдвэрүүд томуугийн вакцин, оношлуур, эм үйлдвэрлэх технологи, ур чадвар, мэдлэг, know-how-гаа бусад улс орон, ялангуяа хөгжиж байгаа улс орнуудад шилжүүлэхэд хүчин зүтгэл гаргах;

19) Өндөр чанартай вакцин, вирүсийн эсрэг бэлдмэл, тэдгээрийг үйлдвэрлэх технологийг хөгжиж байгаа орнууд тэгш хүртэх боломжоор хангах санхүүжилтийн механизм шаардагдаж байгааг хүлээн зөвшөөрөх.

2. Зорилго

Томуугийн цартахлын бэлэн байдлын Суурь төлөвлөгөө нь ДЭМБ-ын томуугийн тандалт, хариу арга хэмжээний глобаль тогтолцоо(ДЭМБ-ын ТТХГТ: WHO GISRS – WHO Global Influenza Surveillance and Response System)-ны үйл ажиллагааг эрчимжүүлэн сайжруулах замаар цартахлын бэлэн байдлыг нээлттэй, тэнцвэртэй, үр дүнтэй хангах зорилготой. Ингэхдээ:

i) H5N1 болон цартахал үүсгэх чадавхи бүхий томуугийн вирүсийн бусад омгийг солилцох;

ii) Вакцин болон бусад өгөөжийг тэгш хүртэх зарчимд үндэслэнэ.

3. Хамрах хүрээ

3.1 Энэ Суурь төлөвлөгөө нь H5N1 болон цартахал үүсгэх чадавхи бүхий томуугийн вирүсийн бусад омгийг солилцох, үр өгөөжийг хүртэх асуудлыг хамрана.

3.2 Энэ Суурь төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд солилцсон эмнэлзүйн сорьцонд илэрсэн улирлын томуугийн вирүс, томуугийн бус бусад эмгэгтөрөгч болон бусад биологийн материал энэ суурь төлөвлөгөөнд хамаарахгүй.

4. Тодорхойлолт ба нэртомъёо

4.1 Цартахлын бэлэн байдал(ЦТББ)-д шаардагдах биологийн материал

Энэ Суурь төлөвлөгөө(хавсаргасан Стандарт Материал Шилжүүлэх Гэрээ [СМШГ], оролцогч талуудын үүрэг [ОТҮ], Томуугийн вирүс мөшгөн мөрдөх механизм[ТВММ]-ыг оруулан)-ний хүрээнд хүний эмнэл зүйн сорьц , хүнээс илрүүсэн H5N1 вирүсийн зэрлэг омог, цартахал үүсгэх чадавхи бүхий томуугийн вирүсийн бусад омог, ДЭМБ-ын ТТХГТ-ны лабораториудад H5N1 эсвэл цартахал үүсгэх чадавхи бүхий томуугийн бусад вирүсийг хувиргах замаар бэлтгэсэн омгууд буюу реассортмент эсвэл урвуу генетикийн аргаар гаргаж авсан вакцины вирүсүүдийг “ЦТББ-д шаардагдах биологийн материал” гэж үзнэ .

Мөн H5N1 эсвэл цартахал үүсгэх чадавхи бүхий томуугийн бусад вирүсээс ялгасан РНК, эдгээр вирүсийн нэг буюу хэд хэдэн генийн мэдээлэлээс хуулбарласан хуулбар-ДНК(cDNA)-г “ЦТББ-д шаардагдах биологийн материал” гэж үзнэ.

4.2 Бусад нэр томъёо

“Генетик секвенс” гэдэг нь ДНК, РНК-ийн молекул дахь нүклеотидийн дараалал бөгөөд тухайн организм, эсвэл вирүсийн биологийн төрхийг илэрхийлэгч удамшлын мэдээллийг хадгалж байдаг.

“Лавлагаа урвалжууд” гэдэг нь оношлогоо, тандалтын үйл ажиллагаанд хэрэглэх биологийн, химийн бодис, организм буюу түүний бүрэлдэхүүний хэсэг юм. Эдгээрийг янз бүрийн лабораториуд шинжилгээнийхээ дүнд хяналт хийх, баталгаажуулахад ашигладаг учраас маш нарийн түвшинд шалгаж, стандартжуулсан байдаг.

“Вакцин/вакцины идэвхи бүхий бүтээгдэхүүний чанар тодорхойлох лавлагаа урвалжууд ” гэдэг нь вакцины үйлдвэр ба лабораториудад H5N1 эсвэл цартахал үүсгэх чадавхи бүхий томуугийн бусад вирүсийн эсрэг вакцины чанарыг шалгаж, стандартжуулахад хэрэглэдэг урвалжууд болно.

“Хүний томуугийн цартахал үүсгэх чадавхи бүхий вирүс” гэдэг нь ОУЭМД (2005)-д тодорхойлсноор улирлын томуугийн вирүсээс гадаргуугийн хемаглютининээрээ ялгаатай томуугийн зэрлэг вирүс хүнд халдвар үүсгэж энэ нь хүнээс хүнд дамжин тархаж цар тахал үүсгэх чадавхитай болохыг хэлнэ.

“Цар тахлын бэлэн байдлын вакцины вирүс” эсвэл “ЦТББ-ын вакцины вирүс” гэдэг нь цартахлын өмнөх ба цартахлын үеийн болон томуугийн бусад вакцин хийх зорилгоор томуугийн вакцины үйлдвэрүүдэд өгч байгаа хурдан өсгөвөрлөгддөг реассортант омгууд, лавлагаа омгууд, ДЭМБ-аас зөвлөмж болгосон вакцины омгууд, H5N1 эсвэл цартахал үүсгэх чадавхи бүхий томуугийн бусад вирүсээс шинэ технологи ашиглан гаргаж авсан томуугийн вирүсийн материалууд юм.

“Эмнэл зүйн сорьц” нь улс орнууд ДЭМБ-ын ТТХГТ-ны лабораториудад илгээх зорилгоор хүн ба амьтнаас авсан материалууд юм. Үүнд онош тодруулах, үүсгэгч илрүүлэх болон цаашдын нарийвчилсан судалгаа, шинжилгээний зорилгоор илгээж байгаа амьсгалын замын сорьцууд (тухайлбал арчдасууд, амьсгалын замын шүүрэл), цус, ийлдэс, сийвэн, баас, эд эсийн сорьцуудыг хамааруулдаг.

“Хурдан өсгөвөрлөгддөг томуугийн реассортант вирүс ” гэдэг нь хоёр юмуу түүнээс олон төрлийн томуугийн вирүсээс гаргаж авсан, томуугийн вакцины үйлдвэрлэлд тохируулж, тахианы үр хөврөлтэй өндөг, эсийн өсгөвөрт маш хурдан хугацаанд өсгөвөрлөгддөг шинж чанартай болгосон, эрлийз, нийлмэл вирүсийн омгууд юм.

“Томуугийн вирүсийн лавлагаа омгууд” гэдэг нь дэлхийн олон улс орнуудад ялгасан томуугийн вирүсийн омгуудын эсрэгтөрөгчийн болон генетикийн нарийвчилсан судалгааны дүнг харьцуулсны үндсэн дээр ДЭМБ-аас томуугийн вирүсийн нэн чухал бүлэгт хамааруулсан хүн ба амьтны вирүсийн зэрлэг омгийн төлөөлөл юм. Байгаль дээрхи томуугийн вирүсийн хувьслыг дагаж шинэ лавлагаа омгууд гарч ирдэг.

“ДЭМБ-аас зөвлөмж болгосон вакцины вирүсийн омгууд” гэдэг нь ДЭМБ-аас томуугийн вакцины үйлдвэрлэлд хэрэглэхийг зөвлөмж болгосон томуугийн вирүсийн зэрлэг омгууд юм.

“Томуугийн вирүсийн зэрлэг омог эсвэл томуугийн вирүсийн цэвэр өсгөвөр” эмнэл зүйн сорьцноос шууд молекул биологийн аргаар илрүүлсэн, эсвэл тахианы үр хөврөлтэй өндөг ба эсийн өсгөвөрт хэд хэдэн сэлгүүлэлтээр халдааж ялгасан, зориудаар хувиргаагүй, байгаль дээр тохиолдож байгаа томуугийн вирүсийн омгуудыг хэлнэ.

4.3 Институт, байгууллага, нэгжүүд

“Гол зохицуулагч лабораториуд” нь томуугийн вакцины үйлдвэрлэл, түүний зохицуулга, стандартжуулалтанд шийдвэрлэх үүрэгтэй, үндэсний зохицуулах агентлагуудтай нягт уялдаатай ажилладаг, ДЭМБ-аас тохоон томилогдсон томуугийн лабораториуд юм. Энэ лабораториуд нь ДЭМБ-ын ТТХГТ-д тодорхой үүрэг хүлээж ажилладаг.

“Томуугийн вакцин, оношлуур, эмийн үйлдвэрүүд” гэдэгт H5N1, эсвэл цартахал үүсгэх чадавхи бүхий томуугийн бусад вирүсийг ашиглан томуугийн вакцин бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг улсын болон хувийн үйлдвэрүүд, судалгааны хүрээлэнгүүд, төрийн өмчит болон улсаас татаас авдаг нэгжүүд, ашгийн бус байгууллагууд, арилжааны нэгжүүдийг хамааруулна.

“Томуугийн үндэсний төвүүд” буюу “ТҮТ” гэдэг нь Гишүүн орнуудад үйл ажиллагаагаа явуулдаг, ДЭМБ-д бүртгэлтэй, ЦТББ-д шаардагдах биологийн материалуудыг ДЭМБ-ын ТТХГТ-д илгээх болон бусад тодорхой үүргүүдийг хүлээж ажилладаг томуугийн лабораториуд юм.

“Бусад эрх мэдэл бүхий лаборатори” гэдэг нь Гишүүн улс орнууд нь ЦТББ-ын биологийн материалуудыг ДЭМБ-ын ТТХГТ-д илгээж байхаар зөвшөөрөн томилсон томуугийн лабораториуд юм. Эдгээр лаборатори нь ТҮТ байхгүй Гишүүн улс орнуудад ТҮТ-ийн бусад үүргийг хариуцана.

“Нийгмийн эрүүл мэндийн судлаачид” гэж ДЭМБ-ын ТТХГТ-д хамааралгүй боловч нийгмийн эрүүл мэнд болон суурь судалгааны чиглэлээр их сургууль, судалгааны хүрээлэнгүүдэд, улсын болон хувийн судалгааны байгууллагуудад ажилладаг судлаачдыг хэлнэ.

“ДЭМБ-ын томуугийн хамтран ажиллагч төвүүд” буюу ДЭМБ-ын ХАТ гэдэг нь ДЭМБ-аар хүлээн зөвшөөрөгдсөн, ДЭМБ-ын ТТХГТ-д тодорхой үүрэг хүлээж ажиллахыг нь үндэсний засаг захиргаа нь зөвшөөрч, дэмжсэн томуугийн лабораториуд юм. Энэ төвүүд нь дэлхий нийтийн өмнө илүү хариуцлага хүлээдэг, өргөн хүрээнд судалгаа, тандалт хийх чадавхитай байдгаараа ТҮТ болон ДЭМБ-ын H5 вирүсийн лавлагаа лабораториудаас ялгаатай.

“ДЭМБ-ын H5 вирүсийн лавлагаа лаборатори” нь Үндэсний болон бүс нутгийн түвшинд Н5 вирүсийн халдварыг үнэн зөв оношлох чадавхийг бэхжүүлэх зорилгоор, үндэсний лабораториудын хүчин чадал бүрдэл болтол ДЭМБ-аас тохоон томилогдсон лабораториуд юм.

“ДЭМБ-ын томуугийн тандалт, хариу арга хэмжээний глобаль тогтолцоо” буюу ДЭМБ-ын ТТХГТ гэдэг нь томуугийн тандалт, цартахлын эрсдлийн үнэлгээ, цартахлын бэлтгэл ажлыг хянах үйл ажиллагаануудыг жилийн турш хийж гүйцэтгэдэг, ДЭМБ-аар удирдуулсан томуугийн лабораторуудын олон улсын сүлжээ юм. ДЭМБ-ын ТТХГТ-д ТҮТ-үүд, ДЭМБ-ын ХАТ-үүд, ДЭМБ-ын Н5 вирүсийн лавлагаа лабораториуд болон Гол зохицуулагч лабораториуд хамаардаг.

Бусад нэршил

“Зөвлөх баг” гэдэг ойлголтыг Суурь төлөвлөгөөний 7.2 дугаар заалтанд тодорхойлсон байгаа.

“Өвчлөл бүртгэгдсэн улс орон” гэдэг нь H5N1 вирүс эсвэл цартахал үүсгэх чадавхи бүхий томуугийн бусад вирүсээр үүсгэгдсэн хүний томуугийн лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдсэн улс орон юм.

“Ерөнхий захирал” ДЭМБ-ын ерөнхий захирал.

“Нэн буурай хөгжилтэй орнууд” гэдгийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн Бодлогын Хорооноос гаргасан ангилалаар авсан.

“Эх лаборатори” гэдэг нь ЦТББ-д шаардагдах биологийн материалууд/эмнэл зүйн сорьцыг ДЭМБ-ын ТТХГТ –ны лабораториуд болон бусад хүлээн авагдад илгээж байгаа ТҮТ ба бусад эрх бүхий лабораториудыг хэлнэ.

“Эх гишүүн улс орон” гэж ЦТББ-д шаардагдах биологийн материалууд, эмнэл зүйн сорьцыг анхлан цуглуулсан улс орныг хэлнэ.

“Цартахлын бэлэн байдлын Суурь төлөвлөгөө” гэдэг нь Томуугийн вирүсийн омог солилцож, вакцин болон бусад өгөөжийг нь хүртэх замаар цар тахалд бэлтгэх ажлын Суурь төлөвлөгөө юм.

“Томуугийн вирүс мөшгөн мөрдөх механизм” (ТВММ) гэдэг нь энэ Суурь төлөвлөгөөнд тодорхойлсноор ЦТББ-д шаардагдах биологийн материалуудыг ДЭМБ-ын ТТХГТ–ны сүлжээ лабораториудад нэвтрүүлэх, хоорондоо болон гадагш шилжүүлэх тохиолдолд мөрдөн, бүртгэж байдаг цахим систем юм.

“ДЭМБ-ын вирүсийн эсрэг нөөц” гэдэг нь Суурь төлөвлөгөөний 6.8 дугаар хэсэгт зааснаар H5N1 болон томуугийн цартахал үүсгэх чадавхи бүхий томуугийн бусад вирүсээр сэдээгдсэн дэгдэлтийн үед хэрэглэх томуугийн вирүсийн эсрэг эм болон шаардлагатай бусад тоног төхөөрөмж, хэрэгслийн нөөцөлсөн хэмжээ юм.

“ДЭМБ-ын Гишүүн улс орнууд” гэдэгт ДЭМБ-д нэгдэн орсон улс орнууд хамаарна.

“ДЭМБ-ын цартахлын вакцины нөөц” буюу “ЦТББ-ын вакцины нөөц” гэдэг нь Суурь төлөвлөгөөний 6.9 дүгээр хэсэгт тодорхойлсоноор H5N1 болон томуугийнцар тахал үүсгэх чадавхи бүхий томуугийн бусад вирүсийн эсрэг вакцины нөөц юм.

“ДЭМБ-ын нарийн бичгийн дарга нарын газар” бол ДЭМБ-ын Үндсэн дүрмийн дагуу томилогдсон бүрэлдэхүүн юм.

5. H5N1 болон томуугийн цартахал үүсгэх чадавхи бүхий томуугийн вирүсийн бусад омгийг солилцох томуугийн цартахлын бэлэн байдлын тогтолцоо

5.1 Ерөнхий зүйл

5.1.1 Гишүүн улс орнууд нь H5N1 болон томуугийн цартахал үүсгэх чадавхи бүхий томуугийн бусад вирүсийн халдварын тохиолдлуудаас цуглуулсан ЦТББ-д шаардагдах биологийн материалуудыг ТҮТ болон бусад эрх бүхий лабораториудаараа дамжуулан ДЭМБ-ын ХАТ-үүд, ДЭМБ-ын Н5 лавлагаа лабораториудад цаг алдалгүй, тогтмол хүргүүлж байна.

5.1.2 5.1.1-д зааснаар ТҮТ болон бусад эрх бүхий лабораториуд ДЭМБ-ын ХАТ-үүд, ДЭМБ-ын Н5 лавлагаа лабораториудад H5N1 болон томуугийн цартахал үүсгэх чадавхи бүхий томуугийн бусад вирүсийн халдварын тохиолдлуудаас цуглуулсан ЦТББ-д шаардагдах биологийн материалуудыг өгөх үед тэдгээр материалуудыг институт, байгууллага, нэгжүүд цаашид дамжуулан хэрэглэх талаар Гишүүн улс орнуудтай зөвшилцөж энэ баримт бичигт тусгагдсан Стандарт Материалыг Шилжүүлэх Гэрээг хийж байна.

5.1.3 ТҮТ болон бусад эрх бүхий лабораториуд нь H5N1 болон томуугийн цартахал үүсгэх чадавхи бүхий томуугийн бусад вирүсийн халдварын тохиолдлуудаас цуглуулсан ЦТББ-д шаардагдах биологийн материалуудыг ДЭМБ-ын ХАТ-үүд, ДЭМБ-ын Н5 лавлагаа лабораториудад илгээхдээ сорьцын талаар боломжтой, бодит мэдээллээр хангахад хариуцлагатай хандаж:

i. Амьд бичил биетэн агуулагдаж байгаа эсэх,

ii. ТВММ-ыг хүлээн зөвшөөрсөн тухай болон эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардлагатай эмнэл зүйн болон эпидемиологийн бусад мэдээллийг хавсаргасан байна.

5.1.4 Энэ Суурь төлөвлөгөөний хүрээнд Гишүүн улс орнууд нь ЦТББ-ын нэг ижил төрлийн материалыг тухайн үеийн хэрэгцээ шаардлагаас хамаарч ДЭМБ-ын ХАТ-үүд, ДЭМБ-ын Н5 лавлагаа лабораторийн аль алинд нь зэрэг илгээж болно.

5.2 Генетик секвенсийн дүн

5.2.1 H5N1 болон томуугийн цартахал үүсгэх чадавхи бүхий томуугийн бусад вирүсийн геномын секвенсийн дүн, түүнд боловсруулалт хийсэн үр дүнг эх лаборатори болон ДЭМБ-ын ТТХГТ–ны сүлжээ лабораториудын хооронд цаг алдалгүй, шуурхай, тогтмол мэдээлж байх хэрэгтэй.

5.2.2 Анхаарал татаж байгаа томуугийн вирүсийн омгийн геномын секвенсийн дүнг нийтийн хүртээл болгож, нээлттэй хэрэглэх боломжоор хангахын тулд Genbank, GISAID санд цаг алдалгүй байршуулах;

5.2.3 Зарим тохиолдолд эх гишүүн улс орон вирүсийн секвенсийн үр дүнг хэвлүүлэх сонирхолгүй байдаг;

5.2.4 Зэргийг харгалзан Томуугийн цартахлын бэлэн байдлын Суурь төлөвлөгөөний нэг чухал хэсэг H5N1 болон томуугийн цартахал үүсгэх чадавхи бүхий томуугийн бусад вирүсийн секвенсийн үр дүнг хэрэглэх, өмчлөх асуудал дээр Зөвлөх багтай хамтран хамгийн оновчтой арга замыг сонгон хэлэлцэж, шийдвэрлэхийг Гишүүн улс орнууд Ерөнхий захиралаас хүсэж байна.

5.3 Мөрдөх, мэдээлэх механизмууд

5.3.1 Ерөнхий захирал, Зөвлөх багтай зөвлөлдөн, ЦТББ-д шаардагдах биологийн материалуудын шилжилт, хөдөлгөөнийг ТТХГТ–ны сүлжээ лабораториудын хооронд болон түүнээс гадагш лабораториудад мөрдөн бүртгэх, хянах нээлттэй цахим системийг бүрдүүлж ажиллана;

5.3.2 ДЭМБ-ын хамтын ажиллагааны төвүүд, ДЭМБ-ын Н5 лавлагаа лабораториуд, Гол зохицуулагч лабораториуд нь ЦТББ-д шаардагдах биологийн материалуудад хийсэн шинжилгээнийхээ хариу болон хүссэн бусад мэдээллийг цаг алдалгүй эх лабораториудад нь эргэн мэдээлж байгаа эсэхийг мөн энэ мөрдөн бүртгэх, хянах цахим системдээ оруулахыг Ерөнхий захиралд хүсэж байна.

5.3.3 ТВММ нь томуугийн цартахлын үед ч тасралтгүй үргэлжлэх бөгөөд ЦТББ-д шаардагдах биологийн материалуудыг бүртгэх шаардлагад Ерөнхий захирал түр хугацааны өөрчлөлт хийж болно. Энэ өөрчлөлт нь цартахлын вирүс, эсвэл аюул бүхий вирүсийн омогтой л холбоотой байна.

5.3.4 Ерөнхий захирал, ямар нэгэн өөрчлөлт хийсэн бол Гишүүн улс орнуудад мэдээлэх болно.

5.4 Стандарт Материалуудыг Шилжүүлэх Гэрээ(СМШГ)

5.4.1 Хавсралт 1-д байгаа СМШГ нь ДЭМБ-ын ТТХГТ–ны сүлжээ лабораториудын хооронд ЦТББ-д шаардагдах биологийн материалуудыг шилжүүлэх бүх тохиолдолд хэрэглэгдэнэ.

5.4.2 Хавсралт 2-д байгаа СМШГ-2-ийг Ерөнхий захирал ЦТББ-д шаардагдах биологийн материалуудыг ДЭМБ-ын ТТХГТ–ны сүлжээнээс гадагш байгууллагуудад шилжүүлэх үед хэрэглэнэ.

(Үргэлжлэл бий)

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 629
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК