Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2012, 1(44)
Бабезиоз
( Лекц )

Д.Абмэд, Д.Ану

ХӨСҮТ

 
Абстракт

Бабезиоз нь шимэгчээр үүсгэгдэж цус сорогч хачгаар зөөвөрлөгддөг зоонозын хурц халдварт өвчин юм. Бабезиозын хүний өвчлөлийн анхны тохиолдлыг өнгөрсөн зууны 50 –иад оны үед Европд оношлож эхэлсэн (үүсгэгч нь Babesia divergens). Нилээд хожим 60-аад оны сүүлчээр B.microti үүсгэгчтэй өвчлөлийг АНУ-д илрүүлсэн байна. Одоогоор Америк, Ази, Африк тивийн бусад улсуудад энэ халдвар бүртгэгдсэн (Бразил, Мексик, Хятад, Тайван, Япон, Египт зэрэг оронд)[1]. Сүүлийн 10 жилд бабезын халдварууд нь “Хүний шинэ өвчнүүд”-д багтаж эрчимтэй судлагдаж байна.

Лийр шиг онцлог хэлбэртэй тул бабезыг эхэндээ Pirosoma (pirum-лийр) гэж нэрлэж байв. 1888 онд малын пироплазмозын үүсгэгчийг анх удаа Viktor Babes тодорхойлж, 1893 онд Smith, Kilbourne нар энэ үүсгэгч хачгаар зөөвөрлөгдөн халдварладаг болохыг тогтоосон байна [2].

Таксоном ангиллаар бабез нь Apicomplexa хүрээ, Sporozoa анги, Piroplasmida баг, Babesiidae овогт хамаарагддаг ба Babesiidae овог нь Babesia, Francaiel­la, Theileria төрлүүдийг багтаадаг. Babesia төрлийн 100 гаруй зүйлийн бабезыг одоогоор илэрүүлсэн байна. Өнгөрсөн үед бабезыг ангилахдаа түүний хэмжээ, завсрын эздийг үндэслэдэг байсан бол одоо үед молекул биологийн аргаар бабезын гений дараалалд үндэслэн ангилдаг болсон (Хүснэгт 1).

Нарийн хөгжилтийн эргэлтийн зарим хэсэг нь сээр нуруутанд, зарим хэсэг нь зөөвөрлөгч хачгийн биед явагддаг (Зураг 1).

Зураг 1. Бабезын хөнжилтийн эргэлт

Сээр нуруутан эздийн улаан эсд бабез шимэгчлэх ба тэнд хуваагдаж, нахиалж үрждэг. Бабезын хэлбэр нь бөгж, зууван, амёб маягийн, цэгэн, ланцет, лийр шиг байдаг (Зураг 2). Нарийхан сийвэнгээр холбогдсон хос лийр хэлбэрийн өвөрмөц нэгдлийг үүсгэдэг. Хосын хоорондын холбоосны үүсгэх өнцөг нь (хурц, мохоо) бабезын ангилалд хамааруулах гол шинж тэмдэг болдог (Зураг 2) [3,4]. Улаан эс дэхь хөгжилтийн үе шатанд байгаа бабезын хэмжээг ихэвчлэн улаан эсийн радиустай харьцуулан (жижиг, том гэж) гаргадаг. Хэмжээгээр нь жижиг 1.0-2.5 мкм ба том 2.5-5.0 мкм гэж хуваана. Нэг улаан эсд нэгэн зэрэг 1 ба 3-4 заримдаа түүнээс олон бабез байдаг бөгөөд тэдгээр нь голчлон улаан эсийн захаар байрлана. Улаан эсийн 40-85% нь халдварлагдаж болох ба ихэвчлэн халдварлалт 7-15%-с хэтэрдэггүй [1,3,4]. Бабезууд улаан эсд хурдан үржиж, түүнийг гэмтээж өөр шинэ улаан эсд шилжинэ. Улаан эсийн хөгжилтын үе шатнаас гадна цусны плазмд ихэвчлэн дугуй ба зөв бус хэлбэртэй эсийн гаднах үе шатанд байгаа бабезууд тохиолддог. Энэ хөгжилтийн үе шатны мөн чанар нь тодорхойгүй байна.

Зураг 2. Бабезын хэлбэрүүд

Зөөвөрлөгч хачгийн биед бабезын өөр нарийн хөгжилт явагдана. Хачиг цусыг нь сорох үед сээр нуруутан эздийн улаан эстэй хамт хачгийн гэдсэнд орсон бабез улаан эсээс гарч олон дахин хуваагдаж 30-45 мкм хэмжээтэй, 2-250 бөөм агуулсан амёб маягийн ба дугуй хэлбэртэй болно. Хуваагдлын үр дүнд үүсдэг нэг бөөмт бабезууд том муна хэлбэртэй үе шатанд хувирч өсдөг. Тэдгээрийг зарим авторууд энэ үе шатанд бэлгийн хөгжилт явагддаг гэж үздэг ба үүнийг яг таг шийдвэрлээгүй байна [3,4]. Энэ хөгжилтийн үе шатанд түр зуур соёо маягийн зузаарсан ургал үүсэж гэдэсний эпител эсд нэвтрэн ордог. Харин гэдэсний эпител эсд байдаг бабезд тийм ургал байдаггүй [5].

Хачигны гэдэсний эпител эсд бабезууд олон удаа хуваагдаж, дахин муна хэлбэрийн бабезууд шинээр үүсэж, тэдгээр нь шинэ эпител эсүүдэд нэвтрэн ордог. Энэ процесс хэсэг хугацааны турш үргэлжлэх ба дараа нь аажимдаа зогсдог. Муна хэлбэрийн бабезууд хачгийн гемолимфд нэвтрэн ороод олон дахин хуваагдана. Гемолимфээр дамжин бусад эрхтнүүд өндгөвч, шүлсний булчирхайнуудад тархаж, тэндээ хуваагдаж үржинэ. Муна хэлбэрийн бабезууд шүлсний булчирхайн хэт томорсон (гипертрофи) эсүүдийг дүүргэж олон бөөмт споробластуудыг үүсгэдэг ба тэдгээр нь халдварлах чадваргүй байдаг. Жижиг нэг бөөмт спорозоитууд бабезын халдварлах чадвартай хэлбэр бөгөөд тэдгээрийн хөгжилт хачгийн шүлсний булчирхайд, хачиг хооллож эхлэх үед халдварлалт явагдана. Үүнтэй холбоотой хачгаас бабез сээр нуруутанд халдварлах процесс, хачиг цус сорж эхэлсэнээс хойш 2 дахь өдрөөс эхэлдэг байна [6]. Гэвч заримдаа боловсорч гүйцсэн спорозоитууд өлөн хачигны шүлсний булчирхайнаас илэрдэг [3,4,5].

1904 онд АНУ-д L. В. Wilson и W. M. Chown­ing нар бабезаар хүн халдвар авч болох тухай мэдээлсэн. Тэд нар уг бабезыг Pyrosoma hominis гэж нэрлэсэн ба хожим тэр нь үхрийн Babesia bigemina болохыг тогтоосон [7,8,9]. 1956 онд Югославын 33 настай дэлүүгээ авахуулсан фермер B.divergens-р халдварлаж өвдсөн болохыг албан ёсоор баталсан ба энэ үүсгэгчийг урьд нь зөвхөн үхэрт л өвчин үүсгэдэг гэж үзэж байсан [10].

1967 онд Их Британд бабезын хүний өвчлөлийг, өвчтний нас барсаны дараа оношлосон байна (үүсгэгч нь B.divergens), энэ нь Британы арлууд дээр албан ёсоор бүртгэгдсэн анхны тохиолдол байсан [9,11,12]. 1969 онд Массачусетс мужийн Нантукет арал дээр дэлүүгээ авахуулаагүй хүн бабезиозоор өвчилсөн анхны тохиолдлыг бүртгэсэн (үүсгэгч нь мэрэгчдэд өвчин үүсгэдэг B.microti) [10]. Л.П.Дьяконов бусад авторуудын хамт [13] Абхазд эмэгтэй хүн бабезиозоор өвчилж нас барсан тохиолдлыг мэдээлсэн (үүсгэгч нь үхэрт өвчлөл үүсгэдэг B.bovis). Сүүлийн үед хэвлэлүүдэд бабезиозын хүний өвчлөл, тархалтын талаар их нийтлэх болсон, Францд 11 хүн өвдөж, 2 нь нас барсан, Их Британ, Ирландад 4 хүн өвдөж, нас барсан, Испанид 2 хүн өвчилж, нэг нь эндсэн, Югославд 2 хүн өвчлөөд, нас барсан, Польш, Швед, Швейцар, Бельгид [9], Шотландад [14], Энэтхэгт [15].

Тайванд [16], АНУ-д [8,17,18,19], Японд [20]. Жишээ нь АНУ-ын Дорнод эргийн хүмүүс ихэвчилэн өвчилсөн байдаг [13,21,17,18,20,22] ба энэ бүс нутгийн олон мянган хүнийг шинжилж үзэхэд 10% нь B.microti-н эсрэг эсрэгбие эерэг тодорхойлогдсон. Эсэргээрээ АНУ-ын баруун эргийн хүмүүсийн 16%-д WA1(Вашингтоны омог, молекул биологийн шинжээрээ Калифорны нохойн бабезиозын үүсгэгчтэй төстэй)-н эсрэг эсрэгбие эерэг тодорхойлогдсон байна [7,23,24]. Тайваны арал дээр 38 хүнийг шинжлэхэд 2 нь B.microti ба нутгийн омог TW1 эерэг тодорхойлогдсон [16]. Судлаачдын үзэж байгаагаар энэ халдварын нас баралт АНУ-д B.microti-р халдварлагсадын дунд 5-10%, Европд B.divergens-р халдвар авсан хүмүүсийн дунд 42% байдаг [9, 22, 25].

Монгол хийсэн судалгаагаар, B.microti, B.divergens зүйлийн бабезыг Сэлэнгэ аймгийн хүн, хачгаас илрүүлсэн байна [64].

Бабезиоз нь хүмүүсийн дунд бидний бодож байснаас илүү их тархсан өвчин бөгөөд нэг эмнэлзүйн илэрхий өвчлөл байхад хэдэн зуун шинж тэмдэггүй өвчлөгсөд, шимэгчийг тээвэрлэгчид оршдог ба нэг хүнд хэд хэдэн зүйлийн бабез зэрэг шимэгчлэх боломжтой байдаг [26].

Бабезыг зөөвөрлөгч нь Ixodidae овог Ixodoidea дэд овог Parasitiformes багт багтдаг бараг бүх төрлийн хачгууд ба хүнд өвчин үүсгэдэг бабезыг зөөвөрлөгч нь ихэнхдээ Ixodes ricinus ба Ixodes persulcatus хачгууд байдаг. Эдгээр хачгууд нь үр удамдаа бабезыг дамжуулдаг болохыг тогтоосон [27].

B.divergens нь Скандинавын хойгоос Газрын дундад тэнгис хүрсэн Европын өргөн уудам нутагт үндсэн зөөвөрлөгч I. ricinus хачгийн тархсан газруудад тохиолддог. Хачгийн халдварлалт дунджаар 0.9-3.0% байдаг [28]. Энэ зүйлийн бабезын сээр нуруутан эзэд нь: үхэр, буга, бор гөрөөс, цаа буга зэрэг амьтад байдаг [3,4]. Эдгээр амьтдад бабез өвчин үүсгэхгүй шимэгчлэх ба тэдгээр нь хачгийн халдвар авах эх уурхай болдог. Мал бабезиозоор өвчлөх нь ховор боловч энэ халдварын үүсгэгчийн эсрэг эсрэгбие ихэнх малд илэрч байдаг [28].

B.microti нь жижиг амьтад голдуу мэрэгчдэд эмгэг төрүүлдэг. Хойд Америк, Европын орнууд, Япон, Өмнөд Солонгос, Хятадын хойд, Тайландад тархсан [5,29]. ОХУ-ын Европын хэсэг, Урал, Алс дорнодод энэ үүсгэгч тохиолддог [30,31,32]. Энэ бабезын үндсэн резервуар мэрэгчийн халдварлалт 20-60% хүрдэг [5]. АНУ-д B.microti-н үндсэн зөөвөрлөгч I.scapularis хачгийн халдварлалт 0.5-42% (ихэнхдээ 5-9%) байдаг. Европд үндсэн зөөвөрлөгч I. ricinus хачгийн халдварлалт, энэ хачиг тархсан өөр өөр газарт нилээд бага 0.1-16.3% байдаг [5,28]. Мэрэгчдээс түүвэрлэсэн хачгуудаас одоогоор судлагдаагүй бабезын зүйлүүд илэрдэг [27].

Бабезаар хүн халдвар авах үндсэн зам нь хачигт хазуулах үед түүний шүлсээр дамжин халдах юм. Хачигтай ойр байдаг хүмүүс илүү өвчилдөг (хөдөө аж ахуйн ажилтнууд, жуулчид, малчид г.м). Зөөвөрлөгч хачгийн идэвхитэй үетэй өвчлөлийн улирчлал тохирдог (5-р сараас 9-р сар хүртэл) [6]. Эмнэлзүйн шинж тэмдэггүй ба архаг явцтай өвчтэй донорын цус юүлэх үед халдвар авах нь халдварлалтын хамгийн өндөр эрсдэл бөгөөд энэ нь ялангуяа өвчний нутагшмал газруудад тохиолддог. Эхээс урагт дамжсан болон эрхтэн солих үед халдвар авсан тохиолдол байдаг [33,10,7, 34-40]. Цус сорогч нисдэг шавьжууд-шумуул, дэлэнч, хөх түрүү [35]-р мөн бүүрэг дамжин халдварладгийг тогтоосон [2].

Бабезиозоор ихэвчлэн дархлаа суларсан хүмүүс өвддөг (ахимаг настангууд, дэлүүгээ авахуулсан ба хүндээр өвчилсөн хүн) болох нь тогтоогдсон. ДОХ-той хүмүүс бабезиозоор өвчлөх нь их байдаг бөгөөд нэгэнт өвчилбөл нилээд хүнд явцтай байдаг. Дархлааны систем хэвийн хүмүүст, хэдийгээр бабезаар халдварлагдсан улаан эс 1-2%-д хүрсэн байхад ч өвчний шинж тэмдэг балархай байдаг.

B.microti-р үүсгэгдсэн бабезиозын өвчлөл, хэдийгээр энэ үүсгэгч дэлхийд өргөн тархсан байдаг ч зөвхөн АНУ-д тохиолддог. Анхны тохиолдлыг 1969 онд бүртгэснээс хойш одоог хүртэл хэдэн зуун тохиолдол илэрсэн байна. Энэ халдварын тохиолдол боррелиозын өвчлөлөөс нилээд бага байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд оношлогоо сайжирсаны дүнд бабезиозын өвчлөл өссөөр байна. Хөнгөн болон балархай явцтай өвчлөлүүд нилээд их байдгаас өвчлөлийн дийлэнх хэсэг нь оношлогддоггүй байна [6].

Европд B.divergens-р үүсгэгдсэн бабезиозын цөөн тохиолдлууд бүртгэгдсэн (Франц, Англи, Ирланд, Швейцар, Швед, хуучин Югослав, ЗХУ-д). Нийт 31 тохиолдлоос 26 нь дэлүүгээ авахуулсан өвчтөн байсан [27,41,29]. Халдварлагдсан хачиг өргөн тархсан, дэлүү авахуулах нь нилээд хэвийн үзэгдэл болсон байхад өвчлөл бага байгаа шалтгаан нь тодорхойгүй байна.

B.microti-р үүсгэгдсэн бабезиозын өвчлөл Европд маш бага байдаг [42]. Европын энэ зүйлийн омгууд нь хүнд сул эмгэг төрүүлэгч байж болох юм. Үүнээс гадна B.microti нь хүнийг хаздаггүй I.trianguliceps хачигтай холбоотой нь тэмдэглэгдсэн байна [10,12]. Мөн Европд АНУ-с өвчлөл нилээд бага байдаг нь оношлогооны түвшин доогууртай холбоотой байж болно. Германд хийсэн анхны серологийн өргөн судалгаагаар хачигт хазуулсан хүмүүст энэ үүсгэгчийн эсрэг эсрэгбие өндөр илэрсэн (11.5%), хачигтай холбоогүй хүмүүсийн дунд ч эерэг үзүүлэлт багагүй (1.7%) байсан. B.microti-н эсрэгбие эерэг гарсан хүмүүсийн тоо B.divergens эерэг гарсан хүмүүсээс 2 дахин их гарсан [29].

ОХУ дахь бабезиозын хүний өвчлөлийн талаарх мэдээлэл хомс байдаг. Хуучин ЗХУ (Абхаз)-д 1977 онд B.divergens үүсгэгчтэй бабезиозын нас баралттай тохиолдол бүртгэгдсэн [43]. Европын байдалтай адил B.divergens-н үүсгэдэг өвчлөл голдуу оношлогдохгүй өнгөрдөг. B.microti-н омгуудыг Оросд I. ricinus, I.persulcatus хачгууд болон тэдгээрийг тэжээгч амьтдаас ялгасан, гэвч серологийн судалгаагаар нутагшмал газруудад хачигт хазуулан халуурч байгаа өвчтнүүдэд энэ үүсгэгчийн эсрэгбие илрээгүй [44,31,32].

B.microti-р сэдээгдсэн өвчлөлийн нууц үе 1-3 долоо хоног, заримдаа хэдэн сар байдаг. Эмнэлзүйн шинж тэмдэггүй ба хөнгөн явцтай өвчлөл давамгайлдаг. Нас баралт бүхий хүнд эмнэлзүйтэй тохиолдлууд ахимаг настануудын дунд ховор ажиглагддаг (5% хүртэл). Хөнгөн өвчлөлийн үед богино хугацаанд томуутай төстэй шинж тэмдэг илэрдэг (халуурах, дагжин чичрэх, цус багадах, сулрах) [6,42]. Хүнд явцтай үед 40-41 хэм хүрч өндөр халуурах, гемоглобин цусанд ихсэж, шээсээр ялгарах, бөөрний дутагдлын шээс хаагдалт ажиглагдана. Халдварлагдсан улаан эсийн хэмжээ өвчин эхлэхэд бага (1%-с доош) байснаа хүнд явцын үед 50-70%-д хүрдэг. Ер нь эмнэлзүйн шинж тэмдэг улаан эсийн 3-5% халдварлагдахад илэрч эхэлдэг. Өвчний хурц үе, халуурах, толгой өвдөх, бие сулрах, хоолонд дургүй болох, нойр хүрэх, булчингаар өвдөх, хуурай ханиах, ядрах, сэтгэл гутрах, шинж тэмдгүүд бүхий удаан үргэлжлэх архаг явцад шилжиж болдог. Архаг бабезиозын үед заримдаа сэтгэл мэдрэлийн шинжүүд илэрдэг (дэмийрэл, сэтгэл гутрал).

B.divergens-р үүсгэгдсэн бабезиоз нь хүнд явцтай байдаг ба өндөр халуурах, гэдсэн дээр өвдөх, толгой булчин хүчтэй өвдөх, гемоглобин шээсээр ялгарах, шарлах зэрэг шинж тэмдэгүүд илэрнэ. B.divergens-н халдварыг нэн даруй эмчлэхгүй бол өвчтөн нас барах өндөр магадлалтай байдаг. Гэвч эрчимтэй өвөрмөц эмчилгээ хийсэн үед ч нас баралт 50% орчим байна [27,28].

Оношлогоог иж бүрдлээр хийнэ. Тархварзүйн мэдээллийг зайлшгүй тусгана: нутагшмал газарт байсан, хачигт хазуулсан, резервуартай ойртсон (ж: малтай), өвчтний нас, дэлүүгээ авахуулсан, цус юүлүүлсэн эсэх, ураг дамжин халдварлах боломж. Эмнэлзүйгээр оношлох нь хүндрэлтэй, ялангуяа өвчний эхлэл үед ба бусад халдваруудын шинж тэмдэг илрэх үед. Удаан хугацаанд халуурах, цус багадах, элэг дэлүү томрох, бактерийн эсрэг эм үйлчилгээ өгөхгүй байх зэрэг нь бабезиозыг оношлох лабораторийн шинжилгээг хийх үндэс болдог.

Цуснаас бэлтгэсэн түрхэцийг Романовский-Гимзын аргаар будаж бичил харуураар бабезыг илрүүлэх нь нилээд сайн аргад тооцогддог. Энэ аргаар шинжлэх үед бабезын сийвэн цэнхэр, бөөм улаанаар будагдаж харагдана. Гэвч энэ арга зөвхөн өвчний хурц үе, цусан дахь шимэгчийн хэмжээ их байхад л үр дүнтэй байна. Өвчний эхлэл үе, цусан дахь шимэгчийн хэмжээ цөөн (улаан эсийн 1% халдварлагдсан) байхад ихэнхдээ бабез илэрдэггүй. Энэ аргыг архаг бабезиозыг оношлоход хэрэглэж болдоггүй. Мөн түрхэц харж байхад хөгжилтийн зарим үе шатандаа байгаа бабезыг, Plasmodium falciparum зүйлийн хумхаагийн үүсгэгчийн амёб ба бөгж хэлбэртэй андууран буруу тодорхойлох явдал гардаг. Үүнтэй холбоотой хумхаагийн нутагшмал газарт бабезиозыг хумхаагийн эсрэг бэлдмэлд тэсвэртэй байгаагаар нь оношлож болно. Үр дүнтэй боловч нилннд урт хугацаа шаарддаг арга бол лабораторийн амьтад (ж: дэлүүг нь авсан шишүүхэй)-г шинжлэх цусаар халдварлуулах юм. Энэ шинжилгээ нь амьтны цусанд бабез илрэх хүртэл хэдэн долоо хоног үргэлжлэнэ. Серологийн оношлогоо өвчний эхлэл ба хурц үед авсан цусанд эсрэгбиеийн таньц 4 дахин өссөнөөр батлагдана [45]. Нэг удаагийн шинжилгээнд оношлогооны таньц 1:256-с дээш байна. Архаг бабезиозын үед бабезын ДНХ-г ПГУ-р тодорхойлох нь хамгийн найдвартай арга юм.

Хөнгөн явцтай өвчлөлийн үед ямар нэг өвөрмөц эмчилгээгүйгээр өвчин эдгэрдэг. Хүнд бабезиозын эмчилгээнд клиндамицин ба хинин эсвэл азитромицин ба атоваквоныг хавсран хэрэглэнэ [6,45]. Сүүлчийн хавсарсан эмчилгээ нь нилээд сул үйлчилгээтэй боловч бага гаж нөлөөтэй байдаг. Нилээд хурц тохилдлын үед өвчтний амь насыг аврахын тулд цус юүлэх нь үр дүнтэй [5]. Ижил зөөвөрлөгчөөр дамждаг бабез ба өөр төрлийн үүсгэгчид (вирүс, олон төрлийн боррели, эрлих, бартонелл г.м)-тэй хавсарсан халдвараар хүн өвчлөх тохиолдол цөөнгүй байдаг. Хүн, малын бабезууд ба боррелиозын олон үүсгэгчтэй хавсарсан халдвараар өвчлөх үед өвчин нэн хүнд эмнэлзүйн хэлбэртэй байна [5,6].

Бабезын резеруар нь сээр нуруутан амьтад. М.А.Крылова [46] 139 зүйл, M.R.Boustani, J.A.Gelfand нар [47] 99 зүйлийн сүүн тэжээлтэй амьтдад бабезууд шимэгчилдэг байна.

Амьтны бабезиоз дэлхийд өргөн тархсан бөгөөд хүний бабезиозыг бодвол маш сайн судлагдсан, 1967 оноос хойш FAO, WHO, OIE (Хүнс, хөдөө аж ахуйн байгуулага: Дэлхийн эрүүл мэндийн байгуулага: Амьтны эрүүл мэндийн байгуулага)-ын мэдээлсэнээр [12] : амьтны бабезиоз Азийн 25 оронд бүртгэглсэн ба үхрийн бабезиоз 25 оронд, нохойнх-10 улсад, ямааных 12 оронд, адууных 10 улсад, хониных 13 оронд, гахайх 3 оронд тэмдэглэгджээ. Азид В. bigemina, В. bovis, В. аг-gentina, В. berbera, В. motasi, В. ovis, В. cabalii, В. еqui зэрэг 8 зүйл бабез, Африк тивд В. bigemina, B. bovis, В. argentine, В. ber­bera, В. mot¬asi, В. ovis, В. perroncitoi, В. trautmani, В. cabalii, В. equi, В. gibsoni зэрэг 10 зүйл бабез тодорхойлогдсон байна. Өмнөд Америкийн 12 орны 11 (Чилигээс бусад)-д бабезиоз бүртгэгдсэн ба үхэр, адуунд түгээмэл, нохой, ямаа, хонь, гахайд ховор тохиолддог байна. Европын 24 оронд бүртгэгдсэнээс 24 орны үхэрт, 5 улсын нохойд, 10 орны адуунд, 9 орны хонинд, 1 улсын гахайд тус тус тэмдэглэгдэж, Европд В. bovis, В. bigemina, В. motasi, В. ovis, В. сaba­lii, В. еqui 6 зүйл бабез тодрхойлогдсон байна.

Манай ардын дунд “Хачгийн халуун” гэж нэршсэн адууны бабезиоз нь адууны улаан эсэд шимэгчлэгч Babesia equi, Babesia caballi зүйлийн эгэл биетнээр үүсдэг бэлчээрийн хачгаар дамжин халдварладаг өвчин бөгөөд цочмог, цочмогдуу, ихэвчлэн ужиг явцтайгаар өвчлүүлнэ. Дээр үеэс малчид маань уг өвчнийг хачгийн халуун хэмээн нэрлэдэг байсан нь энэхүү өвчин адуунд бэлчээрийн хачиг асан цус сорсоноор дамжин халдварлаж буйг мэддэг байсны илэрхийлэл юм. 1973 онд Т. Яринпил, А. Сэр-од нар Булган аймгийн Хутаг сумын нутгийн адууны цуснаас түрхэц бэлтгэн харж Babesia caballi үүсгэгчийг илрүүлсэн бол 1959 онд Babesia equi –г Мө. Даш илрүүлсэн байна. 1966 онд Мө. Даш, 1973 онд Ц. Гунгаа нар Монгол орны олон аймгуудад судалгаа хийсэн бөгөөд уг өвчний улирлын хөдлөл зүйг тогтоон хаврын улиралд 4-5 сард өвчлөл их байдаг бөгөөд бага насны даага, сарваа олноор өвчилдөгийг тогтоосон байна. Бидний хийсэн сүүлийн үеийн судалгаагаар B. equi-гээр үүсгэгдсэн хачгийн халууны тархалт хамгийн их буюу 78-88 хувь, B. caballi-г ээр үүсгэгдсэн өвчлөл 40 гаруй хувь, 2 зүйлээр халдварласан буюу холимог халдвар 30 орчим хувь ба уг өвчнөөр өвчлөх хорогдох нь эрс ихсэж байна. Монгол улс адууны бабезиозоор тайван бус төдийгүй өвчний тархалт, халдварлалтын хэмжээгээр нэлээд дээгүүрт орох магадлал өндөртэй орны тоонд ордог юм [65]. Манай мал эмнэлгийн хүрээлэнгийн Батцэцэг докторын удирдсан эрдэмтэд Монгол оронд тархсан малд өвчин үүсгэдэг бабезуудын талаар судалгаа хийж, олон бүтээлийг хэвлүүлсэн байдаг [66,67,68,69,70,71].

Эдгээр тоо баримтууд зөвхөн хөдөө аж ахуйн болонгэрийн тэжээмэл амьдад хамаарч байгаа бөгөөд зэрлэг олон амьтдад, олон төрлийн бабез хадгалагдаж байдаг.

Өвчлөлийн явц хүн ба амьтанд олон талаар ижил байдаг. Амьтанд бабезиозын өвчлөл хурц ба архаг хэлбэрээр явагддаг [48,49].

Нохойн бабезиоз. Үүсгэгч нь, том хэмжээтэй B.canis, жижиг хэмжээтэй B.gibsoni бабезууд байдаг [50,51,52,53]. Энэ өвчин дэлхийд өргөн тархсан. 1990 он хүртэл АНУ-д B.gibsoni үүсгэгчтэй бабезиоз 2 удаа бүртгэгдсэн ба эхний тохиолдол нь Малайзаас авчирсан нохойд [54], дараагийн тохиолдол нь Коннектикут мужийн нохойд илэрсэн [55]. 1990 оноос хойш энэ үүсгэгчтэй халдвар Калифорнид 11 нохдод [56], Хойд Каролины бүлэг питбультерьер (тулааны нохой)-т бүртгэгдсэн байна [57].

АНУ-д B.gibsoni-н зөвөрлөгч нь тодорхой бус боловч Rhipicephalus sanguineus (нохойн хүрэн хачиг) байх өндөр магадлалтай гэж судлаачид үздэг [58,59]. Азид энэ үүсгэгчийг зөөвөрлөгч нь Haemaphysalis төрлийн хачгууд байдаг. Нохойд доод тал нь 2-3 хоног хачиг шимэгчилж цусыг сорох үед нохой халдвар авдаг [50,53]. Халдвартай нохойг хачиг хазах үедээ бабезаар халдварлагдах ба амьдрах хугацаандаа үүсгэгчийг биедээ хадгалдаг. Мөн хачгууд уү удамдаа үүсгэгчийг дамжуулдаг [53].

Оклахомад B.gibsoni-р нохойг халдварлуулж, шинжилж үзэхэд 1-5 долоо хоногийн дараа цусанд нь бабез илэрч байсан [60]. Туршилтын үед халдвар авснаас 4-6 долоо хоногийн дараа паразитын хэмжээ 1.9%-6% ихсэж, 3-4 дахь 7 хоногт бабез цусны түрхэцд хамгийн илэрч байсан [61].

Эмнэлзүйн шинжүүд 1-2 дахь 7 хоногт илэрдэг. Хэрэв өвчин хурц явцтай бус тохиолдолд архаг явц заавал үүсдэг ба тэр нь эмнэлзүйн шинжгүй байдаг. Маш хурц явцтай өвчлөл ховор ба гөлөгнүүдэд ихэвчилэн тохиолддог бөгөөд ямар нэг эмнэлзүйн шинжгүйгээр үхдэг. Хурц явцтай B.gibsoni үүсгэгчтэй бабезиозын үед халуурах,бие сулрах, тромбоцит ба цус багадах шинж тэмдгүүд илэрнэ. Архаг явцтай үед ямарч эмнэлзүйн шинж тэмдэггүй өвчлөл явагдах ба үе үе халуурах, нойрмоглох, жин алдах нь ажиглагдана.

АНУ-д бүртгэгдсэн дийлэнх B.gibsoni үүсгэгчтэй өвчлөлүүд америкийн питбультерьер ноходтой холбоотой байсан [58,62,63]. Ихэнх нохдод (33-с 8-д) ПГУ-р шинжилгээ хийхэд B.gibsoni эерэг тодорхойлогдсон ба 10 нохойн цусны түрхэцд B.gibsoni илэрсэн.

Ном зүй

1. Gorenflot, A., Moubri K., Precigout E. et al. (1998): Human babesiosis. // Ann Trop Med Parasitol. Vol. 92. P. 489-501.
2. Ristic, M., ed., (1988): Babesiosis of Domestic Ani¬mals and Man. CRC Press, Boca Raton, FL.
3. Крылов М.В. (1981): Пироплазмиды (Фауна, систематика, эволюция). Л. Наука, с.230
4. Крылов М.В. (1996): Определитель паразитических простейших. СПб. с.602
5. Homer, M.J., Aguilar-Delfin I., Telford S.R. III et al. (2000): Babesiosis. // Clin Microbiol. Rev. Vol.13. P.451-469
6. Kjemtrup, A.M., Conrad P.A. (2000): Human babe¬siosis: an emerging tick-borne disease. // Int J Parasitol. Vol. 30. P.1323-1337
7. Kjemtrup A. M., Conrad P. A. (2000): Human babe¬siosis: an emerging tick-borne disease // Int. J. Parasitol. Vol. 30. - P. 1323-1337.
8. Wilson L. В., Chowning W. M. (1904): Studies in Piroplasmosis hominis \"spotted fever\" or \"tick fever\" of the Rocky Mountains) // J. Infect. Dis. Vol. 1. —P. 31-57.
9. Gorenflot A., Moubri K., Precigout E. et al. (1995): Incidence of animal babesiosis in humans in Europe // The Sec¬ond International Conference on Tick-borne Pathogens at
the Host-Vector Interface: A Global Perspective: Pro¬ceeding and Abstracts. — Kruger National Park, South Af¬rica; P. 153-161.
10. Boustani М. R., Gelfand J. A. (1996): Babesiosis // Clin. Infect. Dis. Vol. 22. - P. 611-615.
11. Firzpatrick J. E. P., Kennedy С. С, McGeown M. G. et al. (1968): Human case of piroplasmosis (babesiosis) // Nature. Vol. 217. - P. 861-862.
12. Бакулов И. А., Таршис М. Г. (1971): География болезней жи¬вотных зарубежных стран. — М.: Колос;
13. Дьяконов Л. П., Засухин Д. Н, Красильников Е. Н. (1983): Проблемы современной протозоологии // ВИНИТИ.Итоги науки и техники: Сер.: Зоопаразитология. —М; Т. 8. - С. 35-38.
14. Lewis D., Purnell R. E, Shaw S. R. (1980): The isola¬tion and characterization of human and bovine strains of Babe¬sia divergens from Drumnadrochit, Scotland // Parasitology. Vol. 81, N 1. - P. 145-155.
15. Smith D. R., Clevenger R. R. (1985): Babesia microti in Indiana woman // Indiana Med. Vol. 78, N 3. - P. 212-214.
16. Shift C.-M., Liu L.-P., Chung W.-C. et al. (1997): Hu¬man babe¬siosis in Taiwan: asymptomatic infection with a Babesia microti-like organism in Taiwanese woman // J. Clin. Microbiol. Vol. 35, N 2. - P. 450-454.
17. Eskow E. S., Krause P. J., Spielman A. et al. (1999): Southern ex¬tension of the range of human babesiosis in the Eastern United States //J. Clin. Microbiol. Vol. 37, N 6. - P. 2051-2052.
18. Uguen C, GirardL., BrasseurP., LeblayR. (1997): Hu¬man babe¬siosis in 1997 // Rev. Med. Interne. Vol. 18, N 12. - P. 945-951.
19. White D. J., TalaricoJ., Chang H. G. et al. (1998): Human babe¬siosis in New York State: Review of 139 hospi¬talized cas¬es and analysis of prognostic factors // Arch. Intern. Med. Vol. 158, N 19. - P. 2149-2154.
20. Tsuji M., Wei Q., Zamoto A. et al. (2001): Human babesiosis in Japan: epizootiologic survey of rodent reservoir and iso¬lation of new type of Babesia m/croft-like parasite // J. Clin. Microbiol. Vol. 39, N 12. - P. 4316-4322.
21. Терентьев Ф. А., Марков А. А., Полыковский М. Д. (1963): Болезни овец. — М.: Сельхозиздат;
22. Hatcher J. C, Greenberg P. D., Antique J., Jiimenez-Lucho V. E.
(2001): Severe babesiosis in Long Island: review of 34 cas¬es and their complications // Clin. Infect. Dis. - Vol. 32. - P. 1117-1125.
23. Persing D. H. (1999): Human babesiosis // Infect. Dis. Rev. Vol. 1, N 2. - P. 107-109.
24. Herwald B. L., Persing D. H, Precigout E. A. et al. (1996): A fatal case of babesiosis in Missouri: identification of another piroplasm that infects humans // Ann. Intern. Med. Vol. 124. - P. 643-650.
25. 24 Homer M. J., Aguilar-Delfln /., Telford III S. R. et al. (2000): Babesiosis // Clin. Microbiol. Rev. Vol. 13, N 3. - P. 451-469.
26. Osorno В. М., Vega С, Ristic М. et al. (1976): Isola¬tion of Babe¬sia spp from asymptomatic human beings // Vet. Parasitol. Vol. 2, N 1. - P. 111-120.
27. Gray J.S. (2004): Babesia sp.: emerging intracellular parasites in Europe. // Pol J Microbiol. Vol. 53. Suppl. P. 55-60.
28. Zintl A., Mulcahy G., Skerrett H.E. (2003): Babesia divergens, a bovine blood parasite of veterinary and zoonotic importance. // Clin Microbiol Rev. Vol. 16. No. 4. P. 622–636.
29. Hunfeld K.P., Brade V. (2004): Zoonotic Babesia: possibly emerging pathogens to be considered for tick-infested humans in Central Europe. Int J Med Microbiol. Vol. 293. Sup¬pl 37. P. 93-103.
30. Алексеев А.Н. (2003): О возможности выявления еще одной клещевой инфекции – бабезиоза – на территории России. // Журн. Микробиол. ¹3. C. 39-43.
31. Telford S.R. III, Коренберг Э.И., Goethert H.K. (2002): Выявление в России природных очагов бабезиоза и гранулоцитарного эрлихиоза. // Журн. Микробиол. ¹ 6. C. 21-25.
32. Alekseev A.N., Semenov A.V., Dubinina H.V. (2003): Evidence of Babesia microti infection in multi-infected Ixodes persulcatus ticks in Russia. // Exp Appl Acarol. Vol. 29. No. 3-4. P.
33. Терлецкий А. В., Ахмерова Л. Г. (2002): Бабезиоз у людей:клинические признаки, диагностика и лечение // Паразитология — приоритеты и перспективы разви¬тия: Материалы конференции. — Новосибирск; С. 102-106.
34. Raucher H. S., Jqffin H, Glass J. L. (1984): Babesiosis in preg¬nancy // Obstet. Gynecol. Vol. 63, N 3. —P. 7S-9S.
35. Лебедева В. Л. (1992): Пироплазмоз собак // Цитология. Т. 34. - С. 85.
36. New D. L, Quinn J. В., Quresbi M. Z, Sigler S. J. (1997): Ver¬tically transmitted babesiosis // J. Pediatr. Vol. 131, N 1. - P. 163-164.
37. Dedd R. Y. (1998): Transmission of parasites by blood transfu¬sion // Vox Sang. Vol. 74. - P. 161-163.
38. Dobroszycki J., Herwardt B. L, Boctor F. et al. (1999): A cluster of transfusion-associated babesiosis cases traced to a sin¬gle asymptomatic donor // J. A. M. A Vol. 281, N 10. - P. 927-930.
39. Snyder E. L, Dodd R. Y. (2001): Reducing the risk of blood transfusion // Hematology. Vol. 1. — P. 433—448 (http://www.asheducationbook.org/cgi/con-
tent/full/2001/1/433).
40. Wei Q., Tsuji M., Zamoto A. et al. (2001): Human babesiosis in Japan: isolation of Babesia microti-like parasites from an asymptomatic transfusion donor and from a rodent from an area where babesiosis is endemic //J.Clin.Microbiol Vol.39,N6.-P.2178-2183.
41. Herwaldt B.L., de Bruyn G., Pieniazek N.J. et al. (2004): Babesia divergens–like Infection, Washington State. // Emerg Infect Dis. Vol. 10. No. 4.
42. Meer-Scherrer L., Adelson M., Mordechai E. et al. (2004): Babesia microti infection in Europe. // Curr Microbiol. Vol. 48. No. 6. P. 435-437.
43. Рабинович С.А., Воронина З.К., Степанова Н.И. и др. (1978): Первое обнаружение бабезиоза человека в СССР и краткий анализ случаев, описанных в литературе. // Мед. паразитол.¹ 3. C. 97-107.
44. Алексеев А.Н. (2003): О возможности выявления еще одной клещевой инфекции – бабезиоза – на территории России. // Журн. Микробиол. ¹3. C. 39-43.
45. Krause P.J. (2003): Babesiosis diagnosis and treat¬ment. // Vector Borne Zoonotic Dis. Vol. 3. No. 1. P.45-51.
46. Крылов М. В. (1981): Пироплазмиды. — Л.: Наука;
47. Boustani М. R., Gelfand J. A. (1996): Babesiosis // Clin. Infect. Dis. Vol. 22. - P. 611-615.
48. Гутира Ф., Марек И., Манингер Р., Мочи И. (1961): Частная патология и терапия домашних животных // Инфек¬ционные болезни. — М.: Сельхозгиз; Кн. 1.
49. Деева Е. А. (1997): Хроническая форма бабезиоза собак // Паразиты и вызываемые ими болезни в Сибири: Те¬зисы докладов 2-й научной конференции Новоси-бирского отделения паразитологического общества РАН. - Новосибирск; С. 43-44.
50. Taboada J,Merchant SR: (1991): Babesiosis of com¬panion animals and man. Vet Clin North Am Small Anim Pract 21:103–123,
51. Zahler M, Rinder H, Schein E, Gothe R: (2000): De¬tection of a new pathogenic Babesia microti-like species in dogs. Vet Parasitol 89:241–248,
52. Casapulla R, Baldi L, Avallone V, et al: (1998): Ca¬nine piroplasmosis due to Babesia gibsoni: Clinical and mor¬phological aspects. Vet Rec 142:168–169,
53. Taboada J: Babesiosis, in Greene CE (ed): (1998): In¬fectious Diseases of the Dog and Cat. Philadelphia,WB Saun¬ders, pp 473–481.
54. Groves MG, Yap LF: (1968): Babesia gibsoni in a dog. JAVMA 153:689–694,
55. Anderson JF, Magnarelli LA, Donner CS: (1979): Ca¬nine Babesia new to North America. Science 204:1431–1432,
56. Conrad P, Thomford J, Yamane I, et al: (1991): Hemo¬lytic anemia caused by Babesia gibsoni infection in dogs. JAV¬MA 199:601–605,
57. Birkenheuer AJ, Levy MG, Savary KC, et al: (1999): Babesia gibsoni infections in dogs from North Carolina. JAAHA 35:125–128,
58. Yamane I, Thomford JW, Gardner IA, et al: (1993): Evaluation of the indirect fluorescent antibody test for di-agnosis of Babesia gibsoni infections in dogs. Am J Vet Res 54:1579–1584,
59. Higuchi S, Fujimori M, Hoshi F, et al: (1995): Devel¬opment of Babesia gibsoni in the salivary glands of the larval tick, Rhipicephalus sanguineus. J Vet Med Sci 57(1): 117–119,
60. Lobetti RG: (1998): Canine babesiosis. Compend Contin Educ Pract Vet 20:418–430,
61. Meinkoth JH, Kocan AA, Loud SD, et al: (2002): Clinical and hematologic effects of experimental infection of dogs with recently identified Babesia gibsoni-like isolates from Oklahoma. JAVMA 220:185–189,
62. Birkenheuer AJ, Greene C, Silver S, et al: (2003): Babesia gibsoni infections in non-American Pit Bull Terriers. Proc 21st ACVIM:927,
63. Macintire DK, Boudreaux MK, West GD, et al: (2002): Babesia gibsoni infection among dogs in the southeast¬ern United States. JAVMA 220:325–329,
64. Д.Абмэд, Д.Ану, Ж.Батаа, Д.Энхсайхан (2011): Сэлэнгэ аймагт B.microti, B.divergens-ийг илрүүлсэн судалгааны дүн, Халдварт өвчин судлалын монголын сэтгүүл,¹6 (43), 10-13.
65. http://www.aduuch.mn/index.php?mm=aom&task=view&id=8
66. Battsetseg B, Xuan X, Ikadai H, Bautista JL, Byambaa B, Boldbaatar D, Battur B, Battsetseg G, Batsukh Z, Igarashi I, Nagasawa H, Mikami T, Fujisaki K. (2001): Detection of Babesia caballi and Babesia equi in Dermacentor nuttalli adult ticks. Int J Parasitol. 31(4):384-6.
67. B Battsetseg, X Xuan, H Ikadai, J L Bautista, B Byam¬baa, D Boldbaatar, B Battur, G Battsetseg, Z Batsukh, I Iga¬rashi, H Nagasawa, T Mikami, K Fujisaki, (2001): Detection of Babesia caballi and Babesia equi in Dermacentor nuttalli adult ticks. Int J Parasitol 31(4):384-6
68. Battsetseg B, Lucero S, Xuan X, Claveria F, Byambaa B, Battur B, Boldbaatar D, Batsukh Z, Khaliunaa T, Battsetseg G, Igarashi I, Nagasawa H, Fujisaki K. (2002): Detection of equine Babesia spp. gene fragments in Dermacentor nuttalli Olenev 1929 infesting mongolian horses, and their amplifica¬tion in egg and larval progenies. J Vet Med Sci. Aug;64(8):727-30.
69. Damdinsuren D Boldbaatar, Xuenan X Xuan, Badgar B Battsetseg, Ikuo I Igarashi, Banzragch B Battur, Zayat Z Bat¬sukh, Badarch B Bayambaa and Kozo K Fujisaki, (2005): Epi¬demiological study of equine piroplasmosis in Mongolia, Vet Parasitol 127(1):29-32
70. Naotoshi Tsuji, Badgar Battsetseg, Damdinsuren Boldbaatar, Takeharu Miyoshi, Xuenan Xuan, James H. Oli¬ver, Jr., Kozo Fujisaki, (2007): Babesial Vector Tick Defensin against Babesia sp. Parasites, INFECTION AND IMMUNITY, p. 3633–3640
71. Altangerel,K., Sivakumar,T., Battsetseg,B., Battur,B., Ueno,A.,Igarashi,I. and Yokoyama,N. (2012): Phylogenetic relationships of Mongolian Babesia bovis isolates based on the merozoite surface antigen (MSA)-1, MSA-2b, and MSA-2c genes, Vet. Parasitol. 184 (2-4), 309-316
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Биологийн ухааны доктор Д.Цэрэнноров


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2410
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК