Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2012, 1(44)
001.Кохын савханцар
( Түүх )

П.Нямдаваа

Томуугийн үндэсний төв

 
Абстракт

Кохын савханцар гэдэг нь сүрьеэгийн савханцар (Mycobacterium tuberculosis)-ыг нэрлэх өөр нэг нэр бөгөөд энэ нянг анх нээсэн Германы эмч Роберm Кох(Robert Koch)-ын нэрээр нэрлэсэн эпоним нэртомъёо [1] юм.

оберт Кох (Зураг 1) бол анагаах ухааны нян судлалыг үндэслэгчдийн нэг бөгөөд сүрьеэгийн савханцарыг нээж, сүрьеэгийн онош, эмчилгээ, сүрьеэ өвчинтэй тэмцэх аргыг үндсээр нь өөрчилсөн бүтээлүүдээрээ 1905 онд Нобелийн шагнал хүртсэн суут эрдэмтэн судлаач билээ.

Зураг 1. Роберт Кох (1843.12.11-1910.5.27) 1905 оны фото [2]

Зураг 2. Р.Кох сүрьеэгийн нянг нээн олсон  Карл Цайссын үйлдвэрийн микроскоп (1879 оны хувилбар) [3]

Роберт Кох (бүтэн нэр нь Heinrich Hermann Rob­ert Koch) 1843 оны 12 дугаар сарын 11-нд тэр үеийн Германы Конфедерацийн1 Ханоферийн Вант улсын2 нутаг Харцийн нуруу(Harzgebirge)-ны уурхайн жижиг хот Клаусталь(Clausthal)3 -д уурхайн мастер Херманн Кох (Hermann Koch), түүний гэргий Хенриетта Кох (Henrietta Koch) [охин овог нь Бийвэнд (Biewend)] нарын 13 хүүхдийн гуравдахь нь болон мэндэлж, 1910 оны 5 дугаар сарын 27-нд тэр үеийн Германы Эзэнт Гүрэн4 -ий Баден-Баден (Baden-Baden) хотноо зүрхний шигдээсээр нас баржээ [2-4].

Херманн Кох хүүхдүүдээ эрдэм номд шамдуулдаг байсан боловч, олон хүүхэдтэй прагматик герман хүний хувьд хүүхдүүдээ багаас нь амь зуух аргад суралцуулах нямбай бодож боловсруулсан төлөвлөгөөтэй байсан тул Роберт Кохыг худалдаа, наймааны чиглэлээр суралцуулах, бас гуталчны мэргэжил давхар эзэмшүүлэхээр төлөвлөсөн байсан гэдэг. Гэвч Роберт хүү гэрийнхээ амь зуулгын тахиа, молтогчинг “хариуцдаг”, бас ээжийн талынх нь өвөө Хайнрих Андреас Бийвэнд (Heinrich Andreas Biewend) аливаад сэргэлэн Роберт хүүгийн сониуч занг дэвжээн томруулдаг шил, тэр үед дөнгөж гарч эхлэж байсан одоогийн фотоаппаратын эх төхөөрөмж болох дагеротипийн хэрэглэл5 зэргийг бэлэглэж байсан нь түүнийг байгаль шинжлэлд дуртай болгосон бололтой. Тэгээд ч Роберт Кохын оюутан ахуй цаг, ид хийж бүтээсэн үе болох 19 зууны сүүлийн хагас бол Европт феодалын хамжлагат ёс задарч, шинэ аж үйлдвэржсэн капитализм түрэн орж ирж, байгаль шинжлэлийн олон нээлтүүд ундарч асан түүхэн үе байсан нь залуу хүү Роберт Коход нүднээ үл үзэгдэх бичил ертөнцийг судлах урам зориг хайрласан бизээ. Тэгээд ч Роберт Кох 1862 онд Ханофер ванлигийн нэртэй Их сургуулиудын нэг Гөтингений Их Сургууль(Universitдt Gцttingen) -д анх хэл шинжлэлийн ангид орсон боловч нэг семестрийн дараа анагаахын ангид шилжин суралцаад 1866 онд төгсчээ. Роберт Кохын багш нарын дотор эмч, химич Фридрих Вөлер6 , физикч Вильхельм Вэбэр7 , эмч, анатомч Якоб Хенле8, эмч, физиологич Георг Майснер9 , эмч, эмгэг судлалч Карл Эвальд Хассе10 нарын зэрэг нэрт эрдэмтэд байсан нь түүнд нөлөөлж, оюутан ахуй цагаасаа эрдэм судлалд шимтэж, бүр нэгдүгээр ангид байхдаа Анатомийн институтийн захирал Якоб Хенлегийн удирдлагын дор “Умайн мэдрүүлийн зангилааны тухай” (Ьber das Vorkommen von Ganglienzellen an den Nerven des Uterus) хэмээх бүтээлээрээ оюутны эрдэм шинжилгээний бүтээлийн тэргүүн шагнал авч байжээ. Төгсөлтийн дипломын ажлаа тэрээр Физиологийн институтэд “Хүний биед хувын хүчил үүсэх тухай” (Ьber das Entstehen der Bernsteinsдure im menschlichen Organismus) сэдвээр бичиж, амжилттай хамгаалсан байна.

Р.Кох Их сургуулиа төгсөөд 1867-1870 онуудад Хамбург (Hamburg), Лангенхаген (Langenhagen), Ниймегк (Niemegk), Раквиц (Rakwitz) зэрэг хот, тосгонуудад дадлагажигч эмчээр ажиллаж байгаад 1870 онд Герман-Францийн дайн дэгдэхэд саналаараа фронтод цэргийн эмчээр очиж, 1871 оныг дуустал фронтын эмнэлгүүдэд ажиллажээ. 1872 онд тэрээр эмчлэгч эмчийн шалгалтаа амжилттай өгч, бие даан үйл ажиллагаа явуулах эрхтэй болоод Позен мужийн11 Вольштайн12 хотын эмчээр томилогдон ажиллаж байхдаа тэр үеийн Европийн хөдөө тосгодод их тохиолддог асан боом өвчний үүсгэгчийг нээх зориг шулуудан, гэрийн лабораторидоо шамдан судалсаар уг өвчнийг үүсгэгч савханцар нянг нээсэн юм. Уг нээлтээ баталгаажуулахаар Бреслаугийн Их сургуулийн13 Ургамлын физиологийн институтийн захирал Фердинанд Кон14 -д 1876 онд захидал бичиж, хийсэн судалгааныхаа үр дүнг танилцуулсан нь өндөр үнэлгээ авч, тэр ондоо Ф. Коны эрхлэн гаргадаг “Ургамлын биологийн судалгаа” (Beirage zur Biologie der Pflanzen) хэмээх сэтгүүлд “Боомын этиологийг Bacillus anthracis–ийн амьдралын мөчлөгийг судласан дээр үндэслэн тогтоох нь” (Die Дtiologie der Milz­brandkrankheit, begrundet auf die Entwicklungsge­schichte des Bacillus anthracis) хэмээх суут бүтээл нь хэвлэгджээ. Энэ бүтээл бактериологийн шинжлэх ухааны суурийг тавьсан бөгөөд Р.Кох 5-6 жилийн уйгагүй туршилт, судалгааныхаа үндсэн дээр өвчтөний материалаар туршлагын амьтан халдаах, түүнээс цэвэр өсгөвөр ялгах, нянг илрүүлэхийн тулд будах зэрэг бактериологийн сонгодог аргуудыг нээн олсон юм. Тэр цагаас эхлэн, аливаа халдварт өвчин үүсгэгч нь нян гэдгийг батлахын тулд: 1) өвчин үүсгэгч бичил биетэн өвчтэй хүн, амьтанд байнга илрэх боловч, эрүүл хүн, амьтнаас олдох ёсгүй, 2) өвчин үүсгэгч бичил биетнийг өвчтэй хүн, амьтнаас цэврээр ялгах ёстой, 3) цэврээр ялгасан бичил биетэн нь туршлагын амьтанд хүний өвчинтэй төстэй шинж тэмдэг бүхий өвчлөл үүсгэх ёстой, 4) туршлагын амьтнаас уг бичил биетэнг дахин ялгаж болох бөгөөд тэр нь анх ялгаж халдаасан бичил биетэнтэй ижил шинжтэй байх ёстой; гэсэн зарчим тогтоосон нь сүүлдээ “Кохын постулат” [20] хэмээн алдаршиж, 20 дугаар зууны сүүлийн хагасыг хүртэл хатуу мөрдөгдсөн билээ.

1880 онд Р.Кохыг Берлин хотноо 1876 онд байгуулагдсан Эзэн Хааны Эрүүл мэндийн Албанд15 шинээр эхлүүлэх Эрүүл ахуйн тасгийг толгойлон ажиллахыг урьжээ. Тэр үеийн Германд нас барж байсан 7 хүн тутмын нэг нь сүрьеэгээр эндэж байсан тул сүрьеэ өвчин Эзэн Хааны Эрүүл Мэндийн Албаны шийдвэрлэх ёстой тулгамдсан асуудлын нэг байлаа. Гэвч дийлэнхи эмч нар тэр үед сүрьеэг халдварт өвчин гэж хүлээн зөвшөөрдөггүй, удамших хандлагатай өвчинд тооцдог байжээ. Тиймээс Р.Кох болон түүний багт энэ өвчин халдварлан тархдаг эсэх, хэрэв халдварлан тархдаг бол үүсгэгч нянг нь олж тогтоох үүрэг тулгарчээ. Харин энэ удаад Р.Кохын багийнхны ажиллах нөхцөл нь түүний Вольштайнд өөрийн хөрөнгөөр өвчтөн үздэг өрөөнийхөө арын зайд байгуулж, хөшгөөр халхалсан лабораторид байсантай зүйрлэх аргагүй дээшилсэн байлаа. Тэрээр хангалттай тоноглогдсон сайхан лаборатори, тэр үеийн Дэлхийн хамгийн сайн микроскоп (Зураг 2), олон төрлийн будгаар хангагдсан байв.

Р.Кох боомын үүсгэгчийг цэврээр ялган баталгаажуулах үедээ олж тогтоосон зарчмынхаа дагуу ажиллаж, эхлээд сүрьеэтэй өвчтөнөөс авсан уушгины голомтын булцууг няцлаж, нухаад 2 усан гахайд халдаажээ. Усан гахайнууд маш хүнд хэлбэрийн уушгины сүрьеэгээр өвчилсөн тул сүрьеэ халдвартай өвчин гэдэг нь ойлгомжтой болов. Гэвч боомын үүсгэгчийн цэвэр өсгөвөр ялгах үедээ хэрэглэсэн бүх тэжээлт орчинг хэрэглээд, бүх будах техникийг ашиглаад нянгийн өсгөвөр гаргаж чадахгүй, нянг микроскопоор олж илрүүлж чадахгүй л байлаа. Чанасан төмсний зүсмэг, махны шөл мэт орчин сүрьеэгийн нянг өсгөвөрлөж чадахгүй байсан тул үхрийн шинэхэн цусны сийвэнг бүлэгнүүлээд туршсанд сарын дараа нянгийн цэвэр өсгөвөр гарчээ (Зураг 3).

Зураг 3. Сүрьеэгийн нянгийн өсгөвөр (1 ба 2) ба цэвэр өсгөвөрийг метилен хөхөөр будсан бэлдмэл (3): микроскопын өсгөлт 200х. Р.Кохын зурсан гар зураг [4]

Зураг 4. Сүрьеэгээр нас барсан өвчтөний уушгины зүсмэг (1) ба уушгины сүрьеэтэй өвчтөний цэрэнд (2) илрүүсэн сүрьеэгийн нян: метилен хөхөөр будаж везувинаар сөрөг будалт хийсэн, микроскопын өсгөлт 200х. Р.Кохын зурсан гар зураг [4]

Олон төрлийн будаг, будах арга туршсаны эцэст Р.Кох туршилтынхаа 271 дэхь өдөр цэвэр өсгөвөрт ургуулсан нянг метилен хөхөөр16 будахад нарийхан цэнхэр савханцарууд шавалдсан байгааг олж илрүүлж чаджээ (Зураг 3/3). Харин эмгэг эдийн зүсмэгт нөгөө нарийхан хөх савханцарыг ялгаж харахад бэршээлтэй байсан байна. Энд Р.Кох сөрөг будалт хийх (counterstaining) гэдэг бас нэг шинэ аргыг санаачилжээ. Өөрөөр хэлбэл, эмгэг эдийн зүсмэгийг эхлээд метилен хөхөөр будаад, хэсэг хугацааны дараа везувинаар17 будахад хүрэн, шараар будагдсан эд, эсийн дэвсгэр дээр сүрьеэгийн цэнхэр савханцарууд тодхон харагдаж байв Энэ аргаар уушигны сүрьеэтэй өвчтөний цэрэнд ч сүрьеэгийн савханцарыг ялган таньж болж байлаа (Зураг 4).

Зураг 5. 1882 оны 3 дугаар сарын 24-нд Берлиний Физиологийн Нийгэмлэгийн хурал дээр Р.Кохын илтгэсэн “Сүрьеэгийн тухай” хэмээх илтгэлийн гар бичмэлийн нэг хуудас [4]

Зураг 6. Дээрхи илтгэлээ үндэслэн бичсэн Р.Кохын “Сүрьеэгийн этиологи” хэмээх алдарт бүтээл1882 оны 4 дүгээр сарын 10-нд нийтлэгдсэн “Берлиний Клиникийн Долоо хоног тутмын Мэдээ” сэтгүүлийн 1882 оны ¹15[4]

Энэ нээлтийнхээ тухай Р.Кох 1882 оны 3 дугаар сарын 24-нд Берлиний Физиологийн Нийгэмлэгийн хурал дээр илтгэсэн бөгөөд уг илтгэл “Берлиний Клиникийн Долоо хоног тутмын Мэдээ” сэтгүүлд сар хүрэхгүйн дараа нийтлэгджээ (Зураг 5 ба 6).

Ийнхүү сүрьеэгийн савханцарыг нээснээс хойш энэ 2012 онд 130 жилийнх нь ой болж байна. Энэ урт хугацааны туршид хүн төрөлхтөн энэ нянгийн тухай улам ихийг мэддэг болжээ [23]. Одоо сүрьеэгийн савханцарыг найдвартай өсгөвөрлөдөг сонгомол тэжээлт орчин бий болж (Зураг 7-8), сүрьеэгийн нянгийн будаг муу авдаг учир нь түүний эсийн хана бусад нянгуудынхаас олон дахин зузаан, өвөрмөц бүтэцтэй болохыг олж тогтоосон (Зураг 9-10) байна. Энэ тэжээлт орчин, будах арга нь бас зохиогчдынхоо нэрээр нэрлэгдсэн эпоним нэртомъёо болох тул дэлгэрэнүй өгүүлэхийг энэ удаа хойш тавьж, дараачийн бичигчдэд үлдээе.

Зураг 7. Сүрьеэгийн савханцар Лөвенштайн-Йенсений (Lowenstein-Jensen: LJ) сонгомол орчинд өсгөвөрлөгдсөн байдал [1; 23]

Зураг 8. Лөвенштайн-Йенсений сонгомол орчин дээр өсгөвөрлөгдсөн сүрьеэгийн савханцарын колонийг томруулж (5x) харвал [1; 23]

Зураг 9. Сүрьеэгийн савханцарыг Циль-Нильсений (Ziehl-Neelsen: ZN) хүчилд тэсвэртэй будалтаар илрүүлсэн байдал [1; 23]

Зураг 10. Сүрьеэгийн савханцарын эсийн ханын бүтэц. Бусад ихэнхи нянгийн эсийн хана нь эсийн мембран, пептидогликан давхар хоёроос бүрддэг бол сүрьеэгийн савханцар арабиногалактанаар пептидогликан давхартай холбогдсон липид ба муколик хүчлийн зузаан нэхдэсээс тогтдог [1; 23; 25]

Сүрьеэгийн савханцарыг нээсэн, дараа нь сэргийлэх вакцин бүтээсэн, эцэст нь сүрьеэгийн савхацарыг сонгон хөнөөх чадвартай ПАСК, стрепомицин, изониазид зэрэг эмүүдийг боловсруулан эмнэлзүйн практикт нэвтрүүлсэн нь 1950-аад онд сүрьеэгийн олон хүнд хэлбэр устахад хүргэж, хүн төрөлхтөн энэ аюулт эмгэгээс тун удахгүй үүрд хагацана хэмээн үзэхэд хүргэсэн билээ. Харамсалтай нь 1980-аад оны сүүлчээс сүрьеэгийн нянгийн эмэнд тэсвэржсэн омгууд олширч, өндөр хөгжилтэй олон оронд ч сүрьеэгийн өвчлөл дахин ихэсч эхлэсэн юм [24]. 2000 оны дунд үеэс нэн олон эмэнд тэсвэржсэн (XDR) сүрьеэгийн нян үүсэн тархаж эхлэсэн нь байдлыг улам бүр хүндрүүлж байна [26].

Сүрьеэгийн өвчлөл, тархалтын энэ төвөгтэй байдал нь 1990-ээд оноос сүрьеэгийн нянгийн судалгааг сэргээн идэвхижүүлж, ялангуяа молекул генетикийн судалгаа эрчимтэй хөгжихөд хүргэсэн юм. Сүрьеэгийн нянгийн энэ шинэ үеийн судалгааны эхэн нь M.tuberculosis-ийн генетикийн полиморфизмыг судлах хайгуулаар эхэлсэн бөгөөд генийн оруулга (insertion sequences) хэсгүүд нь ихээхэн хувирамтгай болохыг олж илрүүлсэн ажээ. Эдгээр оруулга секвенсүүдийн нэг болох IS6110-ын полиморфизмыг судлах зөвшилцсөн (consensus) арга нийтийн хүртээл болсон [27] нь энэ оруулгын полиморфизмд үндэслэсэн судалгааг ихээхэн өргөжүүлэх замыг нээсэн билээ.

Зураг 11. M.tuberculosis-ийн “Бээжин хэвшинж”-ийг анх тодорхойлж нийтлүүлсэн өгүүллийн ишлэлийн хөдлөлзүй (GoogleScholar хайлтаар) [29]

IS6110-ын полиморфизмд үндэслэн M.tuberculosis-ийн генетик хувьслыг судлах чиглэлийг шинэ шатанд гаргасан судалгаа бол сүрьеэгийн савханцарын “Бээжин генотип”-ийг нээсэн Холландын эрдэмтэн ван Сүүлингинээр толгойлуулсан олон улсын багийн хамтарсан судалгаа болсон билээ [28]. Энэ судалгааны үр дүнг нийтлүүлсэн өгүүлэл нийтлэгдсэн цагаасаа одоог хүртэл 557 удаа иш татагдаад байгаа [29] (Зураг 11) нь сүрьеэгийн нян судлалаар хамгийн их иш татагддаг өгүүллийн нэг болоод байгаа юм. Манай судлаачид энэ судалгааны багт орж ажилласнаар Монгол улсад орчиж буй M.tuberculosis-ийн омгуудын дотор “Бээжин хэвшинж” давамгайлж байгааг анх судлан тогтоосон билээ (Зураг 12). Бид уг судалгааны Монголын омгуудын тухай хэсгийг бас эх хэлээрээ тусад нь нийтлүүлж байсан [30]. Тэр үеийн Сүрьеэгийн Үндэсний Төвийн бактериологич Н.Наранбат 1999-2001 онд ялгасан M.tuberculosis-ийн 232 омгийн IS6110 полиморфизмыг судлаж, нийт 84 бүлэг илрүүлснээс 64.7% нь “Бээжин хэвшинж”, 27.6% нь өөр бүлэглэлд орохгүй 64 өвөрмөц омог байсныг тогтоосон юм [31]. Энэхүү судалгаа нь манай улсад бүртгэгдэж буй сүрьеэгийн өвчлөл нь олон хэвшинжит буюу олон-төвт хэлбэртэй тул нэг хэвшинж хэт давамгайлсан зарим орнуудынх шиг хэт эрчимтэй тархалттай байж чадахгүйг нотолсон болно.

Зураг 12. Монгол улсад ялгасан M.tuberculosis-ийн 10 омгийн генетик полиморфизм [28; 30]

A: IS6110 RFLP зураглал; B: IS1081 RFLP зураглал; C: DR хэсгийн үл давтагдах 43 спайсертэй хибриджүүлэг хийсэн сполиготайпинг зураглал ;

Зургуудын дээгүүрхи тоонууд нь шинжилсэн сорьцнуудын дугаар бөгөөд 1-3, 5, 8, 10 омгууд”Бээжин хэвшинж” болно.

Зургийн А ба В панелын зүүн гар талд буй тоонууд нь молекул жин килобейсээр, С панелийн баруун гар талд буй тоонууд нь DR спейсерийн дугаарууд болно.

Англи, Франц, АНУ, Данийн эрдэмтдийн хамтарсан баг 1998 онд онд M.tuberculosis-ийн H37Rv омгийн 4 441 529 нүклеотидын бүрэн дарааллыг тогтоосон [32] нь сүрьеэгийн нян судлалд бас нэгэн шинэ үеийг эхлүүлж, сүрьеэгийн оношлогоо, эмчилгээ, сэргийлэгийн шинэ арга, бүтээгдэхүүн боловсруулах судалгааг асар их эрчимжүүлээд байна.


1Германы Конфедераци (германаар Deutscher Bund, англиар German Confederation) бол 1815 оны Венийн Их Хурлаар байгуулагдсан герман хэлтэй 38 ванлигийн холбоо бөгөөд 1866 оны Австри-Пруссийн дайнаар төгсгөл болсон ажээ [5].

2Ханоферийн Ванлиг (германаар Kцnigsreich Hanover, англиар Kingdom of Hanover) бол дээр дурьдсан Венийн Их Хурлаар байгуулагдсан бөгөөд 1837 оныг хүртэл Их Британи, Умард Ирландын Вант Улс(ИБУИНВУ-тай вангийн удмын холбоотой байхаар хэлцэн тогтсон журамтай байжээ. ИБУИНВУ-ын хаан IV Вильям (William IV, or William Henry, 1765.08.21-1837.06.20) төр барьж байх үед түүний дүү Кэмбрижийн гүн, жонон Адольф (Prince Adolphus, 1st Duke of Cambridge, or Adolphus Frederick, 1774.02.24-1850.07.08) Ханоферийн Ванлигийн төлөөлөн захирагч (Viseroy of Hanover) байсан бөгөөд Адольфын ач дүү охин Викториа (Queen Victoria, or Alexandrina Vic­toria, 1819.05.24-1901.01.22)1837 онд ИБУИНВУ-ын хатан хаанаар өргөмжлөгдөхөд Ханоферийн хуулиар вангийн нуган үр л зөвхөн хаан ширээ залгамжлах эрхтэй байсан тул 123 жил үргэлжилсэн “давхар захирах” энэ ёс төгсгөл болсон түүхтэй [6]. Жонон Адольф нь одоогийн ИБУИНВУ- хатан хаан II Елизабет (Queen Elizabeth II, or Elizabeth Alexandria Mary, 1926.04.21-)-ын эцэг талын элэнц өвөг юм.

3Одоогийн ХБНГУ-ын Доод Саксон (германаар Niedersachsen, англиар Lower Saxony) муж улсын Клаусталь-Целлерфельд хот (Claust­hal-Zellerfeld) [7].

41866 оны Австри-Пруссийн дайнд Австри ялагдсанаар Германы Конфедерациас Австрийн Хаант Улс гарч, герман хэлт бусад ванлигууд Умард Германы Конфедераци нэртэй 1870 оныг хүртэл яваад 1870 онд Германы Эзэнт Улс (Deusches Reich) хэмээн улсаа нэрлэхээр тогтож, 1918 онд Дэлхийн нэгдүгээр дайнд ялагдах хүртлээ энэ нэрээр оршин тогтносон билээ [8].

5Дагеротип (daguerreotype) гэдэг нь бас эпоним нэр бөгөөд гэрэл зургийн энэ аргыг анх сэдэж ологсодын нэгэн Францийн зураач Луй Дагер(Louis Daguerre, 1787-1851)-ийн нэрээр ийн алдаршжээ [9-10].

6Фридрих Вөлер (Friedrich Wцhler, 1800.07.31-1882.09.23) үндсэн мэргэжлээрээ эмч хүн байсан боловч химийн шинжилгээгээр мэргэшиж, хөнгөн цагаан, цахиур, титан зэрэг олон шинэ элементүүдийг нээлцэж, 1828 онд шээгийг нийлэгжүүлж чадсанаараа амьд биетийн бүтцийн элементийг лабораторийн аргаар нийлэгжүүж болохгүй хэмээн үзэж асан тэр үед ихэд дэлгэрмэл байсан ойлголтонд цохилт өгч, органик химийн салбарыг үндэслэсэн гэдгээрээ түүхнээ мөнхөрсөн судлаач [11].

7Вильхельм Вэбэр (бүтэн нэр нь Wilhelm Eduard Weber, 1804.10.24-1891.06.23) нь газрын соронзон судлалаар мэргэшсэн физикч бөгөөд одоо соронзон урсгалыг хэмжих SI системийн нэгжийг түүний нэрээр WB (weber) хэмээн нэрлэсэн байна [12].

8Якоб Хенле (Friedrich Gustav Jakob Henle, 1809.07.9-1885.05.13) эмч, анатомч бөгөөд биеийн бичил бүтцийн олон шинэ зүйл нээсний дотор бөөрний бөөгөнцөрийн гогцоо (Henle loop), бөөрний бичил сувганцар (Henle tubulus) түүний нэрээр нэрлэгдсэн эпоним нэртомъёо болсон болно. Хенле профессор 1840 онд халдварт өвчнүүдийг энгийн нүднээ үл үзэгдэх бичил биетнүүд үүсгэдэг байж болох тухай “Миамз ба контагийн тухай” (Von den Miasmen und Kontagien) хэмээх монограф бичиж, өвчин үүсгэгч бичил биетэн тухайн халдварыг үүсгэж буйг батлахад баримтлах номлол боловсруулсныг хожим Р.Кох гол бүтээлүүдээ туурвихад мөрдөх зарчим болгосон билээ. Тиймээс уг зарчмыг заримдаа Хенле-Кохын постулат ч гэх нь бий [13].

9Георг Майснер (Georg Meissner, 1829.11.19-1905.03.30) бол нэрд гарсан эмч, анатомич, физиологич бөгөөд арьсны механорецептор болох Майснерийн биенцэрийг (Meissner corpuscles) нээснээрээ түүхнээ мөнхөрчээ [14].

10Карл Эвальд Хассе (Karl Ewald Hasse , 1810.06.23-1902.09.26) бол Германий нэртэй эмгэг судлаачдын нэг бөгөөд Гөттингений Их сургуулийн эмнэлгийн захирлаар 1856-1878 онд ажиллаж байсан ажээ [15].

11Германий Эзэнт Гүрний Позен муж (Provinz Posen) нь үндсэндээ одоогийн Польш улсын Познан (Poznan) муж юм [16].

12Тэр үеийн Вольштайн (Wollstien) хот Позен буюу Познан мужид харьяалагдаж байсан бөгөөд одоогийн Польш улсын Их Польш мужийн Вольщын (Wolsztyn) хот болно [17].

13Бреслау хотын их сургууль (Universitдt Breslau) одоогийн Польш улсын Вроцлавын Их сургуулийн суурь сургууль юм. Германаар Бреслау хэмээн нэрлэдэг Вроцлав хот бол Европын эртний хотуудын нэг бөгөөд одоогоос 1000 жилийн өмнө анх түүхэнд тэмдэглэгдсэн гэж үздэг. Анх Бохемийн (Bohemia, эртний Чех) худалдаачдын байгуулсан хот гэж үздэг бөгөөд түүхийхээ хугацаанд Бохеми, Польш, Австри, Прусс, Герман зэрэг олон улс оронд харьяалагдаж явжээ. Одоо Польш улсын Доод Силези мужийн төв хот юм [18].

14Фердинаид Кон (Ferdinand Cohn, 1828.01.24-1898.06.25) бол Германий нэрт ургамлын биологич бөгөөд 1870-аад оныг хүртэл замаг голлон судлаж, 1870-аад оноос хойш бактери судлажээ. Ер нь Европт баетериологи анх ургамал судлалын салбар хэмээн тооцогдож, Их сургуулиудад ургамал судлалын хичээлд оруулан заадаг байсан байна. Ф.Кон нянг хэлбэрээр нь: бөмбөлөг, савханцар, мушгиа хэмээн ангилсан нь одоог хүртэл мөрдөгдөж байгаа болно [19].

15Эзэн Хааны Эрүүл Мэндийн Алба (Kaiserliche Gesundheitsamt) гэдэг нь одооныхоор бол Эрүүл мэндийн яам юм. Зохиогч.

16Метилен хөх буюу химийн нэршлээрээ 3,7-бис(диметиамино)фенотиазин-5-хлорид бол1876 онд анилинаас гарган авсан анхны нийлэг будаг бөгөөд исэлдсэн хэлбэртээ гүн хөх өнгөтэй, ангижирсан хэлбэртээ өнгөгүй. Эхлээд бөс даавуу зэргийг будахад ашиглаж байсныг эс болон нян судлалд ашиглах болж, цаашдаа анагаах ухаанд шархны халдвараас сэргийлэх, мет-хемоглобиныг ангижруулах, цус бүлэгнэлтийг болон азотын эслийн синтетазагийн үйлдлийг саатуулах зэрэгт эмчилгээний журмаар ашиглах болжээ [21].

17Везувин буюу Бисмаркийн хүрэн (4,4’-[1,3-фениленебис(азо)]-бис[1,3-бензенедиамин]дихидрохлорид) бол 1862 онд нийлэгжүүлсэн анхны азо-будаг бөгөөд анх арьс, ширэн эдлэл буддаг байгаад эс болон нян судлалд хэрэглэгдэх болжээ. Одоо энэ зорилгоор ашиглах нь ховордсон [22].

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3213
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК