Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2012, 1(44)
Монголын залуу эрдэмтэн Дэлхийн анагаах ухааны академиудын холбооны 2011 “Залуу манлайлагч эмч”-ээр шалгарав
( Товч мэдээлэл )

Ц.Энх-Оюун

ЭМШУИС

 
Абстракт

Дэлхийн анагаах ухааны академиудын холбоо (ДАУАХ буюу IAMP: InterAcdemy Medical Panel) 2011 оны 10 дугаар сарын 23-26-нд ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулсан “Дэлхийн эрүүл мэндийн дээд хэмжээний уулзалт”(World Health Summit)-д ирээдүйтэй залуу эмч нарыг оролцуулах, залуу эмч-судлаачдын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор “Залуу манлайлагч эмч” шалгаруулахааар шийдвэрлэсэнээ гишүүн академиуддаа 2011 оны 7 дугаар сард зарласан юм. Гишүүн академиуд 80 гаруй залуу судлаач-эмч нарын нэр дэвшүүлснээс 18 орны 22 залуу эмч-судлаачийг шалгаруулсны дотор ЭМШУИС-ийн Эпидемиологи-биостистикийн тэнхийн эрхлэгч, анагаах ухааны доктор, дэд профессор, “Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл”-ийн редакцийн зөвлөлийн гишүүн Д.Даваалхам энэ нэр хүндтэй шалгаруулалтыг давж, олон орны залуу судлаачидтай санал бодлоо солилцож, шинэ монголын нүүр царайг төлөөлж яваад иржээ (Зураг 1 ба 2).

Доктор Д.Даваалхам 2001 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг төгсөөд сургуульдаа багшаар үлдэж эрдэм судлалын ажлын амтанд орсон бөгөөд 2003-2007 онд Япон улсын Жичи Анагаах ухааны их сургуульд суралцан анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан юм.

Зураг 1. Доктор Д.Даваалхамын “Залуу манлайлагч эмч”-ийн үнэмлэхний хуулбар

Зураг 2. Доктор Д.Даваалхам Дэлхийн 18 орноос шалгарсан 2011 оны бусад “Залуу манлайлагч эмч” нарын хамт (хоёрдох эгнээний баруун гар талаасаа гуравдахь нь)

Аспирантурт сурч байхдаа хийсэн судалгаануудаараа тэрээр 2005 онд Японы эпидемиологийн холбооны “Залуу судлаачийн шагнал”, 2006 онд “Ази-Номхон далайн орнуудын өмөнгөөс сэргийлэх нийгэмлэг”-ын “Залуу судлаачийн шагнал”, Америкийн нийгмийн эрүүл мэндийн нийгэмлэгийн “Оюутны бэлтгэсэн хамгийн сайн илтгэл” шагнал, Жичи Анагаах ухааны сургуулийн “Дипломын дараахи сургалтаар хийсэн тэргүүн судалгаа” шагнал тус тус хүртэж байсан юм. Тэрээр аспирантураа төгсч ирээд сурсан мэдсэнээ оюутан, залуу судлаачдад өвлүүлэхэд хичээнгүйлэн зүтгэж, 13 магистр, 5 докторын ажлыг удирдан хамгаалуулж, ЭМШУИС-ийн 2007 ба 2009 оны “Тэргүүний багш”, 2011 оны “Тэргүүний судлаач”-аар шалгарч, 2007 онд ЭМЯ-ны “Тэргүүний судлаач”-аар шалгарсан юм.

Доктор Д.Даваалхам 50 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлийн товчлол англи хэл дээр хэвлүүлснээс 8 бүтээл нь PubMed-д тавигдаж, уг бүтээлүүдийг нь 50 гаруй судлаачид иш татсан байна. Тиймээс доктор Д.Даваалхам одоо Монголдоо төдийгүй Дэлхийд танигдсан судлаач болж, ДЭМБ-ын Номхон далайн бүсийн хороо түүнийг В хепатитын экспертийн бүлгийн гишүүнээрээ сонгосон байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 789
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК