Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2008, 4(23)
Домогт сайд
( Редакцийн зурвас )

П.Нямдаваа

 

 

Манай эрүүлийг хамгаалахын нэрт зохион байгуулагч Гүржавын Туваан агсаны мэндэлсний нэг зуун жилийн ой энэ 2008 онд тохиож байна.

Г.Туваан сайд бол 1943 оноос 1966 оныг хүртлэх 20 гаруй жилийн хугацаанд Эрүүлийг хамгаалах яамны орлогч сайд, сайдаар ажиллаж, Монголын эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэх, хүн ардын эрүүл мэндийг бэхжүүлэн сайжруулахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн буянтан юм. Эрүүл мэндийн тогтолцоог түүний удирдаж агсан жилүүд бол Монголын эрүүл мэндийн салбар бага эмчийн үйлчилгээнээс их эмчийн үйлчилгээнд бүрэн шилжиж, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үүсч хөгжсөн үе байлаа. Манай эрүүл мэндийн салбарын хөгжилд “Социалист эрүүлийг хамгаалах үе шат” нэрээр үлдэх энэ түүхэн зурвас үе бол манай улс орны нийгэм, эдийн засгийг 3-5 жилийн төлөвлөгөөний үндсэн дээр хөгжүүлж, европ анагаах ухаанд суурьласан анагаахын боловсролын болон эрдэм шинжилгээний байгууллагууд үүсч бэхжсэн үе, манай улс үндэсний боловсон хүчнээрээ эрүүл мэндийн үйлчилгээний хэрэгцээгээ бүрэн хангах болсон үе байсан юм.

Тэр үеийн ЗХУ-ын буцалтгүй тусламжинд тулгуурласан арьс өнгөний болон сүрьеэгийн бригадуудын хүчээр хүн амын эрүүл мэндийн нийтлэг үзүүлэлт эрс сайжирч, нийгмийн халдварт өвчин, тэжээлийн дутлын дарамтаас ангижирсан хүн ам хамгийн эрчтэй өссөн, 1960-аад оны “хүн ам зүйн дэлбэрэлт” ч Г.Туваан сайдын нэртэй салшгүй холбоотой.

Түүний тууштай, чиглэрсэн бодлогын үр дүнд манай эрүүлийг хамгаалахын гадаад харилцаа эхлээд тэр үеийн социалист орнуудын түвшинд, дараа нь ДЭМБ-аар дамжуулан дэлхий дэвшилтэт улс орнуудын түвшинд хөгжих эх сууриа тавьсан юм.

Г.Туваан сайд Монгол улсад халдварт өвчинтэй тэмцэх ажилд их хувь нэмэр оруулсан төр, нийгмийн зүтгэлтэн болно. “Халдварт өвчнийг эмчлэх больниц” -ийг 1947 онд бие даасан төрөлжсөн тусгай мэргэжлийн эмнэлэг болгон байгуулахаас эхлээд дээр дурьдсан арьс өнгө, сүрьеэгийн отрядуудыг ажиллуулж, 1960-аад оноос ДЭМБ-тай хэрэгжүүлж эхлэсэн хөтөлбөрүүд нь бруцеллёз, тарилгат халдваруудтай тэмцэх чиглэлд байсан явдал сахуу, хөхүүл ханиад, татран зэрэг нялхсын эндэгдлийн гол шалтгаан байсан өвчнүүдийг бүрэн хяналтанд авах үндсийг бүрдүүлж, дархлаажуулалтын ажлыг эрүүл мэндийн анхан шатны тусламжийн нэг тулгуур үйлчилгээ болгон хөгжүүлэх “түүчээ” болсон билээ.

Хувь хүний хувьд ч түүний амьдралын зам бол Манж Чин улсын бөглүү хязгаар байсан Монгол улс сэргэн мандах замд орж, Монголын говийн хөдөө нутгийн ядуу малчны хүүхэд ардчилсан, шинэ тогтолцооны хүчээр бичиг үсэгт тайлагдан, сурах мэдэхийн замаар цуцалтгүй урагшлаж чадсанаар төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн болон тодорсон гэгээн мөр билээ. Г.Туваан сайд мэт ахмадуудынхаа амьдрал, үйл ажиллагаа, хүн ардынхаа төлөө зүтгэсэн мөрийг сэргээн тодруулж, дараа дараачийн үеийнхэндээ үлгэр болгох нь цаг үе бидэнд ногдуулсан түүхэн хариуцлага болно. Энэ үеийнхээ ололт амжилт, алдаа цалгардлыг тулхтай судлан тодруулах нь манай тогтолцооны цаашдын хөгжлийг тодорхойлоход ч ихээхэн ач холбогдолтой юм.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 266
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК