Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2007, 1(2)
Бодлын солбилцол
( Редакцийн зурвас )

Ж.Раднаабазар

ЭХЭМҮТ

 
Абстракт

Миний бие  монголын анагаах ухаантай нэр холбогдсон  тэр цагаас хойш туулан баясаж,  баясан дагалдан нэгэн хагас зуун жил урсан өнгөрчээ. Энэ хооронд Монголын анагаах ухааны хөгжил, дэвшил, эрдэмлэг чадал, эмч нарын ур чадвар, мэдлэг боловсрол нэн өргөжин мандаж буйн нэгэн гэрч болж буйдаа нэн баяртай байна. Намайг 1960 оны үеэс хүүхдийн анагаахын салбарт ажиллаж эхлэхэд Улаанбаатар хотод 100 гаруй ортой хүүхдийн больниц, нэг поликлиниктэй, ихэнхи аймаг төв дээрээ хүүхдийн эмчтэй байсан билээ.

Тэр үед бидний шинжилгээний гол нь лаборатори, гэрлийн цөөхөн шинжилгээ хийж, оношийг чагнуур, биеийн үзлэг хийж тавьдаг асан. Олон жилийн өмнөх  цагийг эргэн санахад одоогийн манай анагаах ухаан өндөр хөгжин урагш давшсан нь илт ажээ.

Монголын анагаах, түүний дотор хүүхэд, эх барих эмэгтэйчүүдийн салбар цөөнгүй хэсгээрээ дэлхийн түвшинд хүрч судалгаа, шинжилгээ, үйлчилгээ явуулж дэлхий дахинд нэрээ гаргасан эрдэмтэн мэргэжилтэн ажиллах боллоо.

Монголын эх хүүхдийн салбарт 1960 онд нэг эрдэмтэнтэй байсан  бол одоо хүүхдийн анагаах ухааны 50 гаруй, эх барих эмэгтэйчүүдийн 20 гаруй эрдэмтэд, шинжлэх ухааны  доктор 10 шахам төрөн гарч улмаар эх хүүхдийн анагаах ухаан өөрийн хөгжил, хүчин чадлаар Монголын анагаах ухааны гол салбаруудын нэг болжээ. Аль ч шинжлэх ухааны гол үзүүлэлтийн нэг бол өөрийн эрдэмтдийн бүтээл туурвилыг олон түмэнд түгээн дэлгэрүүлэх билээ. Монголын анагаах ухаан 1960-аад оны үеэс эрүүл мэндийн сурталчилгааны ганцхан сэтгүүл, “Эрүүл мэнд” сэтгүүлтэй байсан.

“Эрүүл мэнд” сэтгүүл Монголын ард түмэнд  ариун цэвэр, эрүүл ахуйн соёл эзэмшүүлэхэд, мөн Монголын анагаах ухааны шинжлэх ухаан ч бичиглэл, нийтлэлийг дэлгэрүүлэхэд зүйрлэшгүй эерэг үйл, үр дүнтэй нөлөө үзүүлснийг энд тэмдэглэхийг хүсч байна.

Бидний анх ажиллаж байсан хүүхдийн эмнэлэг 1000 шахам эмч, ажилтан, эрдэмтэдтэй,  улсын хэмжээгээр эх хүүхдэд дээд шатны эмнэлгийн тусламж үзүүлэх төв болтлоо хөгжиж одоо гурван том клиник, эрдэм шинжилгээний салбартай ажиллаж байна.

Манай эрдэмтдээс эрдэм шинжилгээний олон өгүүлэл,  ном бүтээлийг гадаад, дотоодод хэвлүүлэн гаргаж мөн гадаадын цөөнгүй эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллаж байна.

Шилжилтийн үеийн эдийн засгийн бэрхшээлтэй энэ үед, эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн захиргаа, ерөнхий захирлын шууд санаачлагаар Монголд эх, хүүхдийн салбараар хийгдэж байгаа дээж бүтээлүүдийг хэвлэн нийтэлж олны хүртээл болгох зорилгоор “Эх барих эмэгтэйчүүд, хүүхэд судлал” сэтгүүлийг бий болгож одоо хоёрдахь дугаарыг эрхэм уншигч та бүхэнд өргөн барьж байна.

Байгууллага сэтгүүл хэвлэн, оюуны чадавхитай болно гэдэг бол цахим тоолуур, биотехнологи, нанотехнологийн эрчимтэй хөгжлийн энэ зуунд улс орныхоо хөгжилтэй алхаа нийлүүлж явахын нэгэн үзүүлэлт мөнөөс мөнийг хэн ч хүлээн зөвшөөрнө гэдэгт би итгэлтэй байна. Монголын анагаах ухаан “Эрүүл мэнд” сэтгүүл, “Эрүүл энхийн төлөө” сонинтой, эдгээр хэвлэл Монголын ард түмэнд нэр хүндтэй хэвлэл  байснаа шилжилтийн үед устан үгүй болсон гажуу туршлагыг давтахгүйгээр нэгэнт бий болсон энэхүү  сэтгүүлээ цаашид улам сайжруулан, чанаржуулан хэвлэж байх нь Монголын эх хүүхдийн салбарын хамт олны нэгэн үүрэг билээ.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.                                

 

 



Нийтлэлийн нээгдсэн тоо: 1
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК