Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2008, 4(23)
Монгол улсад 2008 онд гарсан гар, хөл, амны өвчний дэгдэлтийн тухай (2008 оны 6 дугаар сарын 21-ээр тасалбар болгосноор гаргасан) урьдчилсан мэдээлэл
( Товч мэдээлэл )

Д.Наранзул (ХӨСҮТ), П.Нямдаваа (МАУА)

 

 

Гар, хөл, амны өвчин (ГХАӨ) [hand, foot, mouth diseases: HFMD] буюу тууралт бүхий энтеровирүст цэврүүт стоматит (enteroviral vesicular stomatitis with exanthema) нь гар, хөл болон аманд цэврүүт тууралт гардаг, зарим энтеровирүс, голдуу коксаки А16 болон энтеровирүс 71-ээр сэдээгддэг хүүхдийн насны харьцангуй хөнгөн явцтай халдвар юм [1]. Харин 1997 оноос эхлэн энтеровирүс 71-ээр сэдээгдсэн мэдрэлийн талын хүндрэл бүхий ГХАӨ- ний тохиолдол Зүүн-өмнөд Азийн орнуудад ихэсч, 1997 онд Малайзад, 1998 онд Тайванд, 1999 онд Австралид, 2000 онд Сингапурт эпидемийн түвшинд хүрсэн бөгөөд 2008 оны хавраас БНХАУ-д ГХАӨ-ний шинэ дэгдэлт гарч 5 дугаар 7-ны байдлаар нийт 4496 тохиолдол бүртгэгдсэнээс 22(0.5%) нь нас барсан байна [2]. Улаанбаатар хотод ГХАӨ-ий анхны тохиолдол 2008 оны 5 дугаар сарын 8-нд бүртгэгдсэнээс хойш Баян-өлгий, Говь-алтай аймгаас бусад бүх аймагт тархаж, 6 дугаар сарын 21-ээр тасалбар болгосноор улсын хэмжээнд нийт 2410 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд нас барсан тохиолдол гараагүй байна [Зураг 1 ба 2].

Зураг 1. ГХАӨ-ний тархалт, өсөн нэмэгдсэн тоогоор (2008 оны 6 сарын 21-ний өдрийн байдлаар)

Зураг 2. ГХАӨ-ний өдөр бүр бүртгэгдсэн тохиолдлын хөдлөлзүй

Бодит тоогоор ГХАӨ-ний хамгийн олон тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн [Зураг 3] бөгөөд 10 000 хүн амд ногдох өвчлөлөөр нь авч үзвэл Сүхбаатар аймагт 63.3 , Дорнод аймагт 21.8 , Хэнтий аймагт 18.1 , Төв аймагт 17.2 , Дорноговь аймагт 16.4 , Говьсүмбэр аймагт 14.3 , Улаанбаатар хотод 11.2 байгаа нь бусад аймаг, хотын өвчлөлөөс өндөр байна [Зураг 4].

Зураг 3. ГХАӨ-ний бүртгэгдсэн бодит тохиолдол, аймаг хотоор(2008 оны 6 сарын 21-ний өдрийн байдлаар)

Зураг 4. ГХАӨ-ний бүртгэгдсэн тохиолдол 10 000 хүн амд; аймаг, хотоор

ГХАӨ-ий улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлоос 10 хүртлэх насны хүүхдийн өвчлөл 80.3%-ийг эзэлж (Зураг 5) өвчлөлд илүү өртсөн бөгөөд тухайн насны 10 000 хүн амд ногдох өвчлөлийг авч үзвэл: 0-11 сартайд 55.4%о, 1 настайд 117.1%о, 2 насанд 87.0%о, 3 насанд 56.8%о, 4 насанд 41.9%о байна (Зураг 6). Нийт өвчлөгсөдийн 51.0% нь эмэгтэй, 49.0% нь эрэгтэйчүүд байв.

Зураг 5. ГХАӨ-ний бүртгэгдсэн тохиолдол, насаар (бодит тоогоор)

Зураг 6. ГХАӨ-ний өвчлөл тухайн насны 10000 хүн амд

ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлэгсэдэд хийсэн ажиглалтаар өвчилсөн хүмүүсийн 98.0%-д тууралт, 37.7%-д халуурах шинж тэмдэг илэрсэн бөгөөд тууралтын 73.9% нь аманд, 52.3% нь гарын алганд, 38.7% нь хөлийн уланд, 5.2% нь өгзөг дээр тус тус гарсан байв . Тууралтын 84.2% нь цэврүүт, 21.0% нь гүвдрүүт хэлбэртэй байлаа [Зураг 7, Арын хавтасны дотор тал]. Хэвтэн эмчлүүлэгсэдийн 30% гаруй нь хатгаа, трахейбронхитоор, 3 өвчтөн миокардитаар, 2 өвчтөн энцефалитаар хүндэрч эмчлэгдсэн. Хүндэрсэн хүүхдүүдийн ихэнх нь суурь өвчтэй, туранхай, хавсарсан эмгэгүүдтэй байлаа. Улаанбаатар хотын хүүхдийн байгууллагад бүртгэгдсэн ГХАӨ-ний 414 тохиолдолд хийсэн эпидемиологийн судалгаагаар голомтлогийн индекс 2, нууц үеийн дундаж хугацаа 4-5 хоног байв. Өвчилсөн нийт 245 хүнээс цуглуулсан сорьцонд НЭМХ-ийн Энтеровирүсийн лабораторит эсийн өсгөвөрт вирүс ялгах шинжилгээ хийхэд, одоогоор 118(51.0%) сорьцноос энтеровирүс илэрч, анхдагч дүйн тодорхойлолтоор тэдгээрийн 41.5% нь энтеровирүс 71, 2.5% нь коксаки А16 болох нь тогтоогдоод байна. Япон улсын Халдварт Өвчний Үндэсний Хүрээлэнд илгээсэн сорьцонд хийсэн шинжилгээ энэ үр дүнг баталжээ.

Ийнхүү энэ 2008 оны 5-6 дугаар сард Монгол улсад бүртгэгдсэн ГХАӨ-ний дэгдэлт нь энтеровирүс 71-ээр голлон сэдээгдсэн халдвар гэдэг нь батлагдаж байгаа бөгөөд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд өвчлөлийн тархалт буурах хандлагад ороод байна. Гүнзгийрүүлсэн судалгаа, шинжилгээ үргэлжлүүлэн хийгдэж байгаа болно.

 

(ХӨСҮТ-ийн ажлын хэсгийн материал дээр үндэслэн бэлтгэв)

 

Ном зүй

1. APHA/WHO (2004): Coxsakievirus diseases, In: Control of Communicable Diseases Manual, Editor: David L. Heymann, 18th Edition, pp.133-136;
2. Enterovirus in China – update, http://www.who.int/csr/don/2008_05_07/en/html
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 885
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК