Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2008, 4(23)
Швейцари Улсын Женев хотноо ДЭХБ-ын 16 дугаар чуулганд оролцсон тайлан
( Түүх )
 

 

1963 оны 05 дугаар сарын 07-24-нд

Ерөнхий хорооны бүрэлдэхүүнд 14 орны төлөөлөгч оролцсоны дотор ЗХУ, БНМАУ-ын төлөөлөгчид оролцлоо. Чуулганы гол хороо болох программ ба төсвийн хорооны даргаар Колумбын төлөөлөгч, захиргаа, аж ахуй, санхүү, хуулийн хорооны даргаар Данийн төлөөлөгч сонгогдов.

Чуулганы 2 дахь өдрөөс эхлэн (1963 онд ДЭХБын хийсэн ажлын тайлан), Гүйцэтгэх хорооны 32- 33 дугаар хурлын тухай гүйцэтгэх хорооны даргын илтгэлийн талаар өргөн шүүмжлэл явагдаж нийт 77 орны төлөөлөгч шүүмжлэв.

Хөгжиж байгаа орны төлөөлөгчид ДЭХБ-гаас үзүүлж байгаа тусламжийн талаар ярьцгааж байв. Шүүмжилсэн социалист орны төлөөлөгчид ДЭХБын шугамаар хөгжиж байгаа орнуудад туслах талаар хэрхэн оролцож байгаагаа ярилаа. Чехсловкийн 306 мэргэжилтэн гадаадад ажиллаж байна. Болгарын 1600 гаруй эмнэлгийн ажилтнууд Африкт ажиллаж байна. Мөн олон социалист орнуудад мэргэжилтнүүд очиж урт богино хугацааны курс семинараар мэргэжил дээшлүүлэх, нарийн мэргэжил эзэмших ажил хийгдэж байгаа ажээ. Энэтхэг, Мали, Кени зэрэг олон орны төлөөлөгчид хэлсэн үгэндээ ЗХУ асар их тусалж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлцгээж байлаа. Социалист орны төлөөлөгчид бас БНАГУ, БНАВУ, БНХАУ-ыг ДЭХБ эгнээндээ авах цаг болжээ гэдгийг тэмдэглэж байлаа. ЗХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн хэлсэн үгэндээ: Хөгжилтэй орнуудад зүрх судасны ба өмөн үү өвчин их байгааг тэмдэглэж бүх нас баралтын 70% орчим нь дээрх өвчнүүдээс болж байна гэв. Эдгээр орнуудад бас мэдрэл сэтгэхүйн өвчин, осол гэмтэл их байгааг дурдаад Ази Африкийн хөгжиж байгаа орнуудад цагаан цэцэг, холер, маляри өвчин их хэвээр байна гээд ДЭХБ-ын цэцэг, маляри өвчнүүдийг устгах программт ажлын явц удаашралтай байгааг шүүмжлэв. Ялангуяа цэцэг өвчнийг устгахад урьдчилан сэргийлэх тарилгыг өргөн хийхийн чухлыг ярив. Үгийнхээ эцэст хөгжиж байгаа орнуудад туслах тусламжийг улам тодорхой, их болгох нь чухал гэдгийг ярилаа. Манай төлөөлөгч 3 дугаар сарын 10-ны оройн хуралдаан дээр шүүмжлэв.

3 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд төлөөлөгчид 8 бүлэг болон хуваагдаж нийгмийн усан хангамжийн талаар садэвт маргаан явагдлаа. Далайн орчмын орон, цөл, говь нутаг зэрэгт чанар сайтай ундны усны хангамж муу байдаг юм байна.

Тус маргаан орон бүрийд усан хангамж ямар байгаа, усан хангамжийн асуудал яагаад удаашралтай байгаа, усаар хангах талаар гишүүн орнууд тус бүртээ ямар ажил зохиох, энэ талаар эдийн засгийн ямар боломж байгаа, ДЭХБ-ын зүгээс усан хангамжийг сайжруулах талаар ямар ажил зохиох ёстой зэрэг 5 үндсэн сэдвээр яригдлаа.

ДЭХБ-ын 16 дугаар чуулганаар авч хэлэлцсэн асуудлуудын гол нь: Тус байгууллагаас 1962 онд хийсэн ажлын тухай байгууллагын Ерөнхий захирлын тайлан, 1964 онд хийх программт ажил, түүний санхүүжилт, даян дэлхийг хамран зохиох компанит ажил, тухайлбал холери, цэцэг өвчнийг устгах хөгжиж байгаа ба буурай орнуудын эрүүлийг хамгаалах ажилд туслах тусламжийг өргөжүүлэх зэрэг асуудлууд байлаа. Энэ чуулганаар 1962 онд шинээр элссэн гишүүн орон Алжир, Руанда, Уганда, Ямайки, Бурунда, Тринидад-Тобаго Улсууд болон хамтран ажиллагч гишүүнээр элссэн орсон Кени болон Мавритиус Улсуудын төлөөлөгчдөд баяр хүргэв. Ийнхүү тус байгууллага нь 118 жинхэнэ 3 хамтран ажиллагч гишүүн орнуудыг хамаарах боллоо. Мөн 16 дугаар чуулганы үед хэд хэдэн сонгууль явагдав. Гүйцэтгэх хорооны хугацаа дууссан 8 орны төлөөлөгчдийн оронд шинээр 8 орны төлөөлөгчдийг сонгоход Индонезийн төлөөлөгчдийг оруулахыг нь амжилттай боллоо. ДЭХБ-ын сонгууль явагдаж хуучин захирал доктор. Кандауг (Бразилийн) 3 дахь удаа нь үргэлжлүүлэн сонголоо. Мөн чуулганаар ДЭХБ-ын 17 дугаар чуулганыг 1964 оны 05 дугаар сард Женев хотноо хийхээр тогтлоо.

ДЭХБ-ын 1962 онд хийсэн ажлын тухай байгууллагын Ерөнхий захирал Кандаугийн илтгэлийг сонсоод өргөн санал шүүмжлэл явагдаж нийт 62 орны төлөөлөгчид үг хэлэв. Үг хэлэгчид өөрийн оронд зохиогдож байгаа эрүүлийг хамгаалах ажлын тухай ярьж ДЭХБ-ын тусалж байгаад талархаж байлаа.

Зарим орны төлөөлөгчид, ЭХБ-гаас хөрөнгө гаргаж тусалж байгаа боловч зарим нь үр дүнгүй болж байна гэв.

Тухайлбал: Африкийн орон нутгийн онцлог байдлыг мэдэхгүй Европын нэг мэргэжилтэн зөвлөгөө өгөхөөр ирчихээд юу ч хийж чадахгүй байх буюу заримдаа Африкийг Европтойгоо адил санаж буруу ч зүйлийг хийх явдал тохиолдож болох байна гэж шүүмжиллээ.

Ази, Африкийн олон орны төлөөлөгчид өөрийн орны гойд хүнд байдлын тухай ярьж ДЭХБ-гаас улам их туслахыг гуйж байна. Ардчилсан орны төлөөлөгчид, оршиж байгаа дутагдлыг арилгаж, байгууллагын ажлыг сайжруулах үнэтэй зөвлөгөөнүүдийг өгч, байгууллагатай хамтран ажиллах, буурай орнуудад туслахад бэлэн байгаагаа илэрхийлж байлаа. БНМАУын төлөөлөгч мөн үг хэлж өнгөрсөн жилийн хийсэн ажил, олсон амжилт мөн цаашид хэрхэн ажиллах тухай ярилаа. Санал шүүмжлэл явагдахын завсраар ДЭХБ-ын ерөнхий захирлын сонгох ажил явагдав. Одоогийн ерөнхий захирал байгаа Д.Кандауг дахин сонгох гэсэн гүйцэтгэх хорооны саналыг оруулж ирэхэд төлөөлөгчид цөм алга нижигнүүлэн ташиж хүлээж авсан боловч ёсыг баримтлан нууцаар санал хураасны дүнг сийрүүлбэл: Сонгуульд оролцох ёстой төлөөлөгчид 107-гоос байхгүй байсан 12, хуудас авсан 95, Д.Кандаугийн төлөө саналаа өгсөн 95, татгалзсан түдгэлзсэн хүн байхгүй. Ийнхүү доктор Дщ.Кандауг байгууллагын ерөнхий захирлаар гурав дахь удаагаа үргэлжлэн сонгогдсон явдалд олон төлөөлөгчид баяр хүргэв. Чуулган хоёр хороо болон хуваагдаж ажлаа үргэлжлүүлэв. Программ ба төсвийн хороогоор малерийг устгах программт ажлын явц, 1964 онд зохиогдох төлөвлөгөөт ажил түүний төсвийн тухай нарийн хэлэлцэж нэлээд маргаан явагдав. Ялангуяа эмч нар ба эмнэлгийн ажилчдыг бэлтгэх асуудлаар олон төлөөлөгчдөд үг хэлж, буурай орнуудыг эмч сувилагч нараар хангах талаар олон саналуудыг гаргав. БНМАУ-ын төлөөлөгч мөн үг хэлж өөрийн орны богино хугацааны дотор эмч нарыг бэлтгэсэн туршлагаас өөрийн орны туршлагаас ярилаа. Программ ба төсвийн хорооны нэлээд зөрөлдөөн гарсан асуудал нь программт ажлыг төлөвлөх арга маягийн тухай асуудал байлаа. Чехсловак ба ЗХУ-ын төлөөлөгчид ажлыг төлөвлөхдөө аль болохоор бага зардлыг гаргаж,, их зүйлийг бүтээх нь зүйтэй байна. Өнгөрсөн жил 15 дугаар чуулган дээр энэ талаар ЗХУ-аас санал оруулж тогтоол гаргуулсан боловч энэ талаар хийсэн юм алга шахам байна гэцгээв. Гэтэл байгууллагын захирал Кандау энэ шүүмжлэлийг эрс эсэргүүцэв. Бас шинэ Зеландын төлөөлөгч Чех ба Зөвлөлтийн саналыг ойлгохгүй байна гэв. Энэ явдал байгууллагын удирдах хүмүүс нь шударга хатуу шүүмжлэлд хэр дургүй болох нь харагдлаа. Программ ба төсвийн хороогоор 1964 оны төсвийг 53490000 ам.доллараар батлах гэж санал хураахад ардчилсан 8 орон татгалзаж Албани түдгэлзэж бусад нь зөвшөөрч батлав. Ийнхүү төсөв нэмэгдсэн явдал нь гишүүн орнуудын хураалгах татвар нэмэгдэх явдалд хүргэх тул ардчилсан орны төлөөлөгчид төсвөө үргэлжлүүлэн нэмэгдүүлэхийн оронд байгаа төсвөө үр ашигтай арвилан хэмнэж зарцуулах нь зүйтэй байна гэж шүүмжилсэн. Захиргаа аж ахуй ба хууль зүйн хорооны ажлын тухай, санхүүгийн тайлан зэргийг авч хэлэлцэв. Энэ асуудлуудаар онцын маргаан зөрөлдөөнүүд гараагүй боловч хөгжиж байгаа орнуудад туслах талаар нэлээд олон саналууд гарлаа. Зурагт радиогийн хүмүүсийн эрүүл мэндэд хортой программуудыг хорьж, харин түүнийг ард түмний эрүүл мэндийг сайжруулах, эмнэлэг, гэгээрлийн ажлыг зохиоход ашиглах нь зүйтэй гэсэн саналыг ЗХУ, АНУ, Франц, Бельги Улсууд оруулсныг төлөөлөгчид дэмжив. Зурагт радиогоор алах талах, дээрэмдэх сүйтгэх болон элдэв шалиг самуун юм гаргах нь хүүхэд ба залуучуудын хүмүүжил тэдний сэтгэл мэдрэлд муугаар нөлөөлөх явдал олонтой байгааг тэмдэглэв. Энэтхэгийн төлөөлөгч энэ асуудалд тусгүй кинонуудын хортой нөлөөний тухай мөн зарим төлөөлөгчид мөрөөтэй тоглоомын хортой нөлөөний тухай нэмж оруулах нь зүйтэй байна гэж байв. Чуулганы бүгд хурлуудаар хороод ба салбар хорооны илтгэлийг баталж нийт 44 тогтоолуудыг гаргаж батлав. Хамгийн сүүлчийн бүгд хурлаар чуулганыг хааж зарим төлөөлөгчид үг хэлцгээсний дараагаар 16 дугаар чуулганы дарга Максокдуны чуулганыг дүгнэж энэ чуулганд төлөөлөгчид маш идэвхийтэй оролцож олон төрлийн чухал асуудлыг шийдвэрлэсэн нь ДЭХБ-ын түүхэнд чухал ач холбогдолтой байна. ДЭХБ-ын 16 дугаар чуулганы үед тогтоосны дагуу сэдэвт маргаан явагдаж, эмнэлгийн эмч нарыг эмнэлгийн нийгэм ахуй асуудалд сургах тухай” гэсэн асуудлыг авч хэлэлцэв. Бүх төлөөлөгчид 8 бүлэг болж хуваагдаж дээрх асуудлыг авч ярилцсан тул олон төлөөлөгчид үг хэлж уг асуудлаа нарийн хэлэлцэх бололцоотой байлаа. Энэ маргаанаар эмч нар нь зөвхөн өвчнийг эмнэхийг зорих бус урьдчилан сэргийлэх арга маягуудыг сурч түүнийгээ ажил хэрэг дээр явуулахын чухлыг ярилцав. Энэ асуудал нь манай оронд бараг шийдвэрлэгдсэн, оюутнуудад урьдчилан сэргийлэх ба нийгэм ахуйн хичээлийг заадаг, тусгай программтай, биеэ даасан танхимтай мөн эмч болгон энэ асуудлын голчлон анхаарах үүрэгтэй болохоор энэ маргаанаас манайд шууд авч хэрэглэх юм их биш байлаа. Харин хүн эмнэлгийн институтэд заагддаг хичээл болгон дээр урьдчилан сэргийлэх асуудлыг оруулж заах, багш болгон ахуй, урьдчилан сэргийлэх асуудлыг сайн мэдсэн байх ёстой гэдэг нь манайд ч хамаарах асуудал байлаа. Энэ маргаанаар авч хэлэлцсэн асуудал нь хөрөнгөтөн орнуудад шийдвэрлэгдээгүй чухал асуудал байлаа. Учир нь тэр орнуудад эмч нарыг бэлдэхдээ гол төлөв зөвхөн эмчлэгч нарыг бэлддэг учир эмч нар нь нийгэм ахуй, урьдчилан сэргийлэх асуудлыг сайн мэддэггүй, мэдхийг ч хүсдэггүй бололтой, яагаад гэвэл эмч нарын гол нь хувиараа өвчтнүүдээс төлбөр авч ажилладаг болохоор урьдчилан сэргийлэх ажил сайн шийдвэл хувийн эмч нарт очих өвчтөн нь цөөрч олдох мөнгө нь ховордож болдог шиг байна.

Энэ ардын эрүүлийг хамгаалах явдалд эс зохилдох байдлаас яаж гарах тухай нэлээд маргаан явагдав.

БНМАУ-ын төлөөлөгч уг маргаанд идэвхтэй оролцож 4 удаа үг хэлж өөрийн орны туршлагаас ярьж, зөвхөн эрүүлийг хамгаалах, эмчлэн сэргийлэх ажлыг улсын гарт бүрэн авснаар нийгэм ахуй ба урьдчилан сэргийлэх асуудлыг зохих ёсоор нь шийдвэрлэж чадна гэлээ.

Дүгнэлт:
  1. ДЭХБ-ын 16 дугаар чуулган нь 1963 оны 05 дугаар сарын 07-24-ний өдрүүдэд Швейцари Улсын Женев хотноо болж түүнд 111 орны төлөөлөгчид оролцлоо. Тус чуулганы даргаар төвийг сахигч Африкийн орон Нигери Улсын ЭХЯ-ны сайд. Манекодунын сонгогдсон ба уг чуулган онцын хурц зөрөлдөөнгүй төвийг сахисан маягтай болж өнгөрлөө.
  2. Тус чуулганаар ДЭХБ-аас өмнө хийсэн ажлын тайлан, гүйцэтгэх хорооны илтгэлүүд, 1964 онд хийх ажлын төлөвлөгөө түүний төсөл зэргийг авч хэлэлцэхэд төлөөлөгчид идэвхтэй оролцох нэлээд чухал асуудлуудыг шийдвэрлэв. Байгууллагын төсөв зогсолтгүй ихсэж 1964 оны төсөв 33490000 доллар болсныг социалист орны төлөөлөгчид эсэргүүцэв. Төсөв ихсэх явдал нь гишүүн орны төлөх татварыг мөн адил ихэсгэх явдалд хүргэнэ. Мөн социалист орнуудын төлөөлөгчид ДЭХБ-ын бага зардал гаргаж их ажлыг бүтээх ёстой гэдэг саналыг тавилаа.
  3. ДЭХБ-ын ерөнхий захирлын хугацаа дууссан тул хуучин захирал И.Кандауг (Бразилийн )санал нэгтэй дахин 5 жилийн хугацагаар сонголоо.
  4. Гүйцэтгэх хорооны хугацаа дууссан 8 орны төлөөлөгчдийн оронд шинээр 8 орны төлөөлөгчдийг сонгоход манай төлөөлөгчид Индонеийн төлөөлөгчдийг оруулахаар дэмжсэн нь амжилттай боллоо.
  5. Социалист орнуудын дуу хоолой, нэр төр нь урьдаасаа хүчтэй болж төвийг сахигч олон орнуудыг талдаа татах болсон тул 16 дугаар чуулганы үед социалист орнуудын төлөөлгчдийн хэлсэн үгүүдийг гойд анхаарч гаргасан санал зөвлөгөөнүүдийг гол төлөв хүлээн авч байлаа.
  6. БНМАУ-ын төлөөлөгчид 16 дугаар чуулганд идэвхтэй оролцож нийт 5 удаа үг хэлж саналаа тавьсан ба өөрийн орон түүний эрүүлийг хамгаалах ажлыг сурталчилж, социалист орнуудынхаа төлөөлөгчдийн саналыг дэмжиж байлаа.
  7. ДЭХБ-ын чуулганы үед БНМАУ-ын төлөөлөгчид нь олон орны төлөөлөгчид ялангуяа өөрийн районы төлөөлөгчидтэй нягт холбоо тогтоолоо.
  8. Манай улс нь ДЭХБ-аас 1962 ба 1964 онуудад 150000 ам.долларын тусламж авах боллоо. ДЭХБ-ын халдварт өвчний судлах бригад ирж 2 жилийн хугацаагаар ажиллах гэж байна. Лаобртаорийн төхөөрөмжүүд өгнө. 1963 онд манай эмч нарыг цалин олгох курст суралцуулж болно гэж үзэв.
  9. БНМАУ-ын төлөөлөгчид ДЭХБ-ын 16 дугаар чуулганд оролцсон явдал нь олон талын үр ашигтай чухал үйл боллоо.
Тавих санал:
  1. ДЭХБ-ын хурал чуулгануудад улам идэвхтэй оролцож, өөрийн саналуудыг тавих, чуулганы болон гүйцэтгэх хорооны сонгуульд орох бэлтгэлийг хангах, ялангуяа 1982 оны 09 дүгээр сард Бангкок хотноо болох районы хорооны 16 дугаар чуулганд маш идэвхтэй оролцож 1965 онд ДЭХБ-аас авах тусламжийг болбол одоогийн авч байгаагаас 2 дахин ихэсгэхийг хичээх.
  2. ДЭХБ-тай хамтран ажиллах явдал өргөжиж, тусламж авах нь ихсэж хийх ажил тун их болж байгаа тул ЭХЯ-ны дэргэд биеэ даасан байгууллагатай болмоор байна.
  3. ДЭХБ-ын удирдах газар, районы хороо зэрэгт манай улсаас хүмүүс ажиллуулах хэрэгтэй гэж хэд хэдэн удаа шаардсан тул манай улс хүмүүсээ даруй бэлдэх ялангуяа гадаад хэлний мэдлэгтэй болгох нь чухал байна.
  4. ДЭХБ-ын манай улсаас эрдэмтэн, мэргэжилтэн нарыг авахад бэлэн байгаа тул тийм мэргэжилтнүүдийг одооноос бэлтгэх хэрэгтэй боллоо.
  5. ДЭХБ-аас олон тооны цалинг авч эмч нарыгаа мэргэжил дээшлүүлэх курст явуулж болох бололцоотой болсон тул тухайлбал, гадаад, ялангуяа англи хэлтэй болгож зөвхөн социалист орнууд мөн зарим хөгжилтэй хөрөнгөтөн орнуудад явуулж сургах, тэндээс хэрэгтэй зүйтэйг нь олж ирэхийг хичээх нь зүйтэй байна.
  6. ДЭХБ-гаас олгох тусламжийг аль болох үр ашигтай хэрэглэхийн тул өөрсдөө идэвхтэй байж бэлтгэлийг сайн хангах нь зүйтэй юм байна. Жишээлбэл: Энэ оны 07 дугаар сард ирэх халдварт өвчнийг судлах бригадыг зохих ёсоор нь ажиллуулах бэлтгэлийг одооноос шаргуу хиймээр байна.
  7. ЭХЯ-ны дэргэд англи хэлний бүлгэмүүдийг байгуулж түүнд хүмүүсийг сайн сонгон шилж аваад тэднийг 7 хоногт ажлаас нь 4 цаг чөлөөлж мөн нам, олон нийтийн гэгээрлийн ажлаас чөлөөлж суралцуулж шалгаад муу суралцсан хүмүүст зохих арга хэмжээ авах ажлыг зохиох нь зүйтэй байна.
  8. Женев хотод маш олон хурал цуглаанууд болдог ба НҮБ-ын олон байгууллагууд байдаг болохоор тэнд манай улсын байнгын төлөөлөгчдийн газартай болох нь нэн чухал шиг санагдаж байна.

ДЭХБ-ын 16 дугаар чуулганд оролцсон БНМАУ-ын төлөөлөгчид:

Г.Туваан ЭХЯ-ны сайд,

П.Долгор ЭХЯ-нд ДЭХБ-ын хэргийг эрхлэгч,

Н.Наранхүү оюутан

1963.06.03.

ДЭХБ-ын 16 дугаар чуулганд БНМАУ-ын төлөөлөгчид оролцсон тухай илтгэх хуудаст зүүлт:

ДЭХБ-ын тухай ба түүний тусламжийг авч байгаа мөн түүний ажилд хэрхэн оролцож байгаа тухай товч дурдвал:

Дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллага нь НҮБ-ын харьяа тусгай мэргэжлийн байгууллагуудыг нэг нь болох бөгөөд одоо 118 жинхэнэ гишүүн, 8 хамтран ажиллагч гишүүн орнуудыг хамаарах болов. Манай улс 1962 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ДЭХБ-ын гишүүн болон орсон. 1962 оны 05 дугаар сард болсон (Женевт) ДЭХБ-ын 15 дугаар чуулган ба өөрийн хуваарилагдсан Зүүн Өмнөт А?зийн районы хорооны 1962 оны 3 дугаар сард (Нью Делид) болсон 15 дугаар хуралдаануудад манай улсын төлөөлөгчид оролцож байсан билээ. Тус байгууллагын гишүүн орны төлөх үүрэгт татварыг 1962 онд зохих хугацаанд нь төлсөн ба 1963 оны татварыг төлөх бэлтгэлийг хийсэн. 1962-1963 онуудад тус байгууллага нь манай улсын Эрүүлийг хамгаалах ажилд туслах талаар нэлээд ажлыг зохиосон БНМАУ-ын төлөөлөгчдийн ДЭХБ-ын 15 дугаар чуулган болон районы хорооны 15 дугаар чуулганууд дээр тавьсан хүсэлтүүдийн үндсэн дээр манай улсад 1963 ба 1964 онуудад 150000 америк долларт багтсан тусламжийг үзүүлэх болсон. 1962 оны 9-10 дугаар саруудад Районы захирал доктор. Мани болон түүнийг туслахууд БНМАУ-д зочилж манай эрүүлийг хамгаалах ажилтай танилцсан ба байгууллагаас олгох тусламжийг юунд үр дүнтэйгээр ашиглах тухай ярилцсан. Өнгөрсөн хугацаанд манай эмч нар ДЭХБ-аас зохисон улс дундын семинар, курсүүдэд оролцсон. Одоо манай 5 эмч нар ДЭХБын цалингаар гадаадад мэргэжил дээшлүүлэх курсүүд хийхээр бэлэн болоод байгаа ба нэмж 4-5 хүнд цалин олгож, гадаадад суралцуулах ажлыг зохиож болох бололцоотой байна. ДЭХБ-аас манай улсад хэд хэдэн богино хугацааны зөвлөхүүдийг 3-4 сараар ирүүлж зөвлөгөөн туслалцаа үзүүлэх гэж байна. Энэ оны 7 дугаар сараас эхлэн 2 жилийн хугацаагаар халдварт өвчнийг, голчлон бруцеллёз ба гэдэс дотрын халдварт өвчнийг судлах бригад манай оронд ирж ажиллах гэж байгаа ба бригадаар ирэх мэргэжилтний хоёр нь Чехсловакаас, нэг нь Югослав улсаас ирэх болно. Бригад бүрэн тоног төхөөрөмжтэйгээ ирэх ба гол тоног нь ачааны “Татар” машин дээр байрлуулсан нүүдлийн лаборатори байх ба мөн “ГАЗ-69” машин хоёрыг ирүүлнэ. Энэ бригадаас гадна ДЭХБ нь манай улсын эмнэлгийн лабораторийг сайжруулах талаар программт ажлыг зохиох болно. Энэ мэтчилэн бид өөрсдөө сайн хөөцөлдөж олж авч чадвал ДЭХБаас нэлээд их тусламжийг авч болох байна. ДЭХБын ажлын гол төлөв ерөнхий шугам өнгөрсөн жилд зохиосон ажлыг жилд нэг хуралддаг чуулган дээрээ авч хэлэлцдэг ба дараа жилийн ажил төлөвлөх, төсвийг боловсруулах ажлыг мөн жилд нэг хуралддаг районы хорооны хуралдаан дээрээ авч хэлэлцдэг болно. Энэ хуралдаануудад ажил хэргээ сайн мэддэг тогтмол хүмүүс оролцдог юм байна. Энэ чуулган, хуралдаануудад манай төлөөлөгчид идэвхтэй оролцох нь манай улсын нэр өрийг дээшлүүлэх, тус байгууллагад социалист орнуудын эзлэх байр суурийг хүчтэй болгох, өөрийн орны ололт амжилт, ялангуяа эрүүлийг хамгаалах талын амжилтыг сурталчлах зэрэгт мөн чухлаас гадна ДЭХБ-ын тусламжийг аль болохуйц ихээр олж авахад гойд хэрэгтэй юм аа.

Мөн чуулган хуралдаануудад оролцох үед ажил хэргийн чанартай асуудлуудыг шийдвэрлэх бололцоо олдож байна. Тухайлбал: 16 дугаар чуулганы үед манай улсын малери өвчнийг эсэргүүцэхийг сурталчилсан маркийг ЭХЯ-ны сайд Г.Туваан ДЭХБын захирлын туслах доктор. Сагелд гардуулан өглөө. Мөн 16–р чуулганы үед районы захирал БНМАУ-ын төлөөлөгчдөд нэлээд олон ажил хэргийн чанартай асуудлуудыг ярилцав. 16-р чуулганы үед районы халдварт өвчний талын зөвлөх др. Захратай төлөөлөгч П.Долгор уулзаж монголд ирүүлэх бригадын тухай яриад Прагад ирж профессор Ражка болон бригадаар ирэх Чехословакийн хоёр эмчтэй биеэр уулзаж нэлээд зүйлийг ярилцав.

 

ЭХЯ-ны коллегийн хурлаар оруулах материал
Утга нь: ДЭХБ-ын талаар хийх ажлын төлөвлөгөөний төсөл

НҮБ-ын харьяа ДЭМБ-ийн байгууллагын Зүүн Өмнөт Азийн Районы захирал доктор Мани, түүний орлогч Ричардс, зөвлөх захирал нар БНМАУ-д зочилж манай ЭХБ-ын ажилтай танилцаж, эрдэмтэд ЭХЯ-ны хариуцлагатнууд сайд нартай уулзаж ярилцсаны үндсэн дээр ба Зүүн Өмнөт Азийн Районы хорооны 15 дугаар хуралд оролцож ирсний мөрөөр зохиох ажлын ерөнхий төлөвлөгөөний төсөл

  1. ДЭХБ-тай харилцаагаа улам өргөн болгож чуулган, хуралдаануудад сайн бэлтгэлтэй оролцож байх, захирал ба цахилгаан харилцааг шууд ЭХЯ-нд хүлээж авч байх ба түүний явах хугацааг богиносгох талаар арга хэмжээ авах.
  2. Байгууллагын гишүүн орнууд ялангуяа ардын ардчилсан орнуудтай харилцаагаа улам ойртуулж өөр хоорондоо элдэв мэдээллүүдийг өргөн солилцож байх. Юун түрүүн сар бүр буюу улирал бүр өөрийн орны эпидемиологийн тоо бүртгэлийг нөхөрсөг орнуудад явуулж байх.
  3. Олон улсын Ариун цэврийн дүрмийг даруй орчуулж судалсны үндсэн дээр түүний гол зүйлүүдийг мөрдлөг олгож, гоц аюулт халдварт өвчнүүдийг гаднаас оруулахгүй буюу тус орноос гадагш гаргахгүй байхын тул зохих арга хэмжээнүүдийг авч, ялангуяа агаараар зорчигсод дээр хатуу хяналтын дүрмийг тогтоож мөрдүүлэх талаар Улсын ариун цэврийн газартай хамтран ажиллах.
  4. Байгууллагаас манайд олгох тусламжийг үр дүнтэй ашиглахын тулд 2 жилийн хугацаагаар явуулах гэсэн зөвлөхийг болиулж түүнд төлөвлөгдсөн мөнгийг өөр зүйлд ашиглах.
  5. Богино хугацаагаар ирүүлэх зөвлөхүүдийг манайд шаардагдаж байгаа мэргэжлээр манай хүссэн орноос ирүүлж ажиллуулах.
  6. Байгууллагаас манайд олгох цалинг олон болгож түүгээр зохих мэргэжилтнүүдийг гадаадад явуулж сургах. Үүнд: Доор дурдсан саналуудыг тавих.
    • Вируслогоор микробиологич дэд эрдэмтэн Г.Жамбааг 1963 оны 2 дугаар хагасаас эхлүүлэн Англид 6 сар, АНУ-д 6 сараар.
    • Хавдрын диспансерийн ерөнхий эмч Сагараажавыг онкологоор Японд 6 сараар (1963 онд)
    • Доцент Б.Рагчааг (дотрын) Чехословакт 6 сараар (1962 онд)
    • Доктор В.Ичинхорлоог Швейцари Улсад судасны мэс заслаар 6 сараар (1962 онд)
    • ДЭХБ-тай холбогдох ажлыг биеэ дааж хийх бололцоотой болгохын тулд П.Долгорыг Англи хэлний практик хийлгэх, мөн байгууллагын районы захиргааны ажилтай танилцуулах, Бүх Энэтхэгийн хүн эмнэлгийн институтийн мэс заслын ажил байдлыг үзүүлэх зорилгоор Энэтхэг Улсад 6 сараар (1963 онд) тус тус явуулж сургах.
  7. Бруцеллёз өвчний эх үүсвэрийг судлуулахаар байгууллагаас гурван мэргэжилтэнтэй бүрэн хэрэгсэлтэй лабораторийг ирүүлж хоёр жилийн хугацаагаар ажиллуулах, тэдэнтэй өөрийн эмч нарыг хамтруулан ажиллуулах тухай Намын Төв Хороо, Засгийн газар саналаа оруулах.
  8. Сүрьеэгийн эсрэг БЦЖ вакциныг ойрын хоёр жил Зөвлөлтөөс авч хэрэглэж байгаад дараа нь ДЭМБ-с туслахыг хүсэж ирэх тухай саналаа Намын Төв Хороо, Засгийн газар оруулах.
  9. Лабораторийн талаар ДЭМБ-с манайд ямар тусламж авах хэрэгцээтэй байгааг тодорхойлох ажил зохиох, уул байгууллагаас нэг мэргэжилтнийг түр ирүүлэн ажиллуулах нь зүйтэй гэсэн районы захирал Манигийн саналыг Намын Төв Хороо, Засгийн газар танилцуулах.
  10. Вируслогийн талаар өөрийн мэргэжилтнүүдийг бэлдмэгц вируслогийн лабораторийн төхөөрөмжөөр байгууллагаас туслахыг хүсэх. (Тэр болтол бусад төрлийн төхөөрөмж болон эм зэргийг ДЭХБ-гаас олгохыг хүсэх).
  11. ДЭХБ-тай хамтран ажиллаж түүний ажилд болох бүтэхээр туслалцаж байхыг хичээх. Үүнд:
    • Малярийг эсэргүүцсэн маркуудыг хийж хэсгийг байгууллагад тусгах.
    • Бэтэг өвчний талаар өгүүллэг бичиж байгууллагын сэтгүүлд хэвлүүлэх,
    • Цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх хөлдөөж хатаасан тариа хийх технологийг даруй үйлдвэрт нэвтрүүлж, тэр тарианаас бололцоотой хэсгийг байгууллагад тусалж байх бололцоог судлах.
    • Районы захиргааны шинэ байшинд тавих манай үндэсний урлагийн онцлогийг харуулсан хувь нэмрийг хийж явуулах.
  12. ДЭХБ-с 15 дугаар чуулганы үед яригдаж байсан ба районы хорооны 15 дугаар хуралдаан дээр хэлэлцэгдэж байсны үндсэн дээр 3үүн Өмнөд Азийн районы хорооны 1965 оны хуралдааныг Улаанбаатарт хуралдуулах талаар санал боловсруулж Засгийн газар тавьж зохих зөвшөөрлийг авах.
  13. Манай улс нь ДЭХБ-ын гишүүн болж манай ЭХЯны гадаад харилцаа эрс өргөжиж, дэлхийн ба Олон улсын байгууллагууд мөн гадаад улсуудтай харилцах харьцаа улам өргөжих төлөвтэй байгааг харгалзан ЭХЯ-нд Гадаад хэлтсийг байгуулж хэлтсийн эрхлэгч ба 2 референтийн орон тоотойгоор ажиллуулах тухай санал боловсруулж Сайд нарын Зөвлөлд оруулах.
  14. Гадаадад явж суралцах, ажиллах эмч нарын гадаад хэлний мэдлэгийг шаардагдах хэмжээнд нь хүртэл дээшлүүлэхийн тулд ЭХЯ-ны дэргэд англи ба Франц хэлний бүлгэмийг байгуулж ажиллуулах.
  15. ДЭХБ-гаас олгох цалинг эзэмшин гадаадад явж суралцах хүмүүсийн ерөнхий мэдлэг, ялангуяа гадаад хэлний мэдэцийг шалгаж байх, тусгай комиссыг Гадаад явдлын яам ба Эрүүлийг хамгаалах яам хоёрын дунд байгуулах тухай санал боловсруулах.

Бэлтгэсэн: Л.Энхбаатар
Улсын түүхийн архив
Фонд №22

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 337
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК