Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2008, 4(23)
Ахмадын сургаалт алт
( Түүх )

Д.Зоригт

 

 

Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, ахмад  коммунист Гүржавын Туваан бол БНМАУ-ын Эрүүлийг  хамгаалах яамны сайдаар 18 жил, орлогч сайдаар 6  жил ажилласан нэрт зохион байгуулагч хүн юм. 

- Та өөрийнхөө сонирхлоор эмч болсон уу? Эсвэл тухай үеийн ажлын шаардлагаар болов уу?

- Биднийг залуу явахад, манай улсын улс ардын аж ахуй соёлын бүх салбарт боловсон хүчний  хүрэлцээ маш дутмаг байсан юм. Ийм учраас тэр  үеийн сэхээтэн залуучууд нам, засгийнхаа даалгаврыг  үг дуугүй биелүүлж, аль хэрэгцээтэйй газар нь очиж  ажилладаг байлаа. Би ч бас тэгсэн. Намын Төв  Хорооны тэргүүлэгчдийн 1935 оны 11-р сарын 39-р  тогтоол ёсоор одоогийн гавьяат эмч Гаамаа, гавьяат  багш Насанбуян, анагаах ухааны дэд эрдэмтэн  Ц.Долгор, Дэнсмаа болон Долгор, Жадамба, ГалОчир  нарын 8 хүн богино хугацаанд бага эмч болох үүрэг авч Эрүүлийг хамгаалах яамны мэдэлд шилжээд,  1937 онд хүн эмнэлгийн техникумыг амжилттай  төгсөж, Намын Төв Хорооноос бугуйн цаг, Эрүүлийг  хамгаалах яамнаас эгшигт хайрцгаар шагнуулаад,  Монгол Алтайн цаана анхны бага эмчийн салбар  байгуулах үүрэг аван, арав гаруй тэмээ ачаатай  гараад, замдаа тааралдсан өртөө бүр дээр эмч ирэх  сургаар биеэ үзүүлэх гэж цугларсан ардуудыг үзэн  эм өгч явсаар Ховд аймгийн Булган суманд очиж,  Булган, Үенч, Алтай гурван сум, цэргийн 1 отряд,  3 застав хариуцан ажиллаж эхэлсэн маань нам,  засгийн даалгаврыг биелүүлж, ард түмнийхээ эрүүл  энхийн үйлст бие даан зүтгэж эхэлсэн анхны алхам  минь байсан юм даа. 

- Хэрэв та эмч болоогүй бол ямар мэргэжил сонгох байсан бэ?

- Уг нь би 1927 онд Октябрийн социалист их  хувьсгалын өлгий орон ЗХУ-д явж, Эрхүү хотноо Рабфакийн 2 жилийн хугацаатай монгол курс, санхүү  эдийн засгийн рабфакийн 1 жилийн бэлтгэл ангийг  сайн, нэгдүгээр ангийг онцсайн дүнтэй төгсгөөд  ударник болж, амралтаараа нутагтаа иртэл аав  маань учир мэдэхгүйн   аргаагаар дахин явуулахгүй  гэж Сангийн Яамны сайд Довчин гуай дээр орооод  “Нэг жил сургуулиас чөлөөлье. Та хүүгээ аваад  буцдаа гэсэн хариу авч, аав баярлан, би гомдож  хоцорсон билээ. Тэгээд дараа жил нь    Эрхүүгийн  монгол курс татан буугдаж, рабфакуудад суралцаж  байсан монголчууд буцаж ирсэн буюу зарим нь  Улан-үдийн монгол рабфакт шилжсэн учир би дахин  явж чадаагүй. Мал эмнэлгийн сургуулийн хичээл  анги,  Газар тариалангийн яаманд байцаагч хийж  байгаад, Эрүүлийг хамгаалах яаманд шилжиж ирсэн  юм. Түүнээс биш санхүү эдийн засгийн мэргэжилд  дуртай байсан болохоор энэ талын мэргэжилтэн  болох байсан биздээ.

- Та эрүүлийг хамгаалахын зохион байгуулалтын  ажлыг хамгийн олон жил удирдан хийсэн хүн,  тэгэхлээр ямар арга барилаар ажилладаг байснаа  товч хэлж өгнө үү?

- Би өөрөө жинхэнэ эрүүлийг хамгаалахын  зохион байгуулалтын сургууль курс хийж мэргэжил  эзэмшээгүй хүн. Гагцхүү Зөвлөлтийн мэргэжилтэн  нартай хамт ажиллаж нилээн юм олж мэдсэн.  Юуны урьд хүмүүстэй ажиллахыг их  чухалчилдаг байлаа. Хүмүүсээ сайн таньдаг, тэдний  байдалд тохируулан харилцаж чаддаг,  аппаратын  хариуцлагатан нараар өөрсдөөр нь асуудлыг  шийдвэрлүүлж сургах нь их хэрэгтэй байдаг.  Ямар  нэг үүрэг даалгавар өглөө ч, тушаал гаргалаа ч  түүний биелэлтийг өөрийн биеэр очиж шалгахыг их  эрхэмлэдэг байсан. Бас сэхээтэн хүн, ялангуяа удирдах  ажилтан хүн бол ганц өөрийн хариуцсан салбарын  ажлыг төдий биш, улс орныхоо салбар бүрийн ажлыг  анхааралтай харж, түүнд идэвхтэй оролцож байх  ёстой гэж боддог. Иймээс ч анх нэгдлийн дарга  нарыг илгээлтээр явуулахад би яамныхаа нягтлан  бодогч Насанбат гэдэг хүнийг даалгавар өгч нэгдлийн  даргаар явуулчихаад, дараа нь өсгөн даалгаврыг яаж  биелүүлж байгааг сонсохоор ЭХЯ-ны намын үүрийн  хурлаар илтгэлийг оруулж хэлэлцүүлж хүртэл байсан.  Тээр тэндэх хөдөө аж ахуйн нэг нэгдлийн дарга  нэгдлээ хэрхэн удирдаж байгааг энд ЭХЯ-ны намын  үүрээр авч хэлэлцэж байна гэдэг нэг талаар инээдтэй  мэт санагдаж болох боловч нөгөө талаар тийм биш  ээ. Улс орон гэдэг маань нэг том айл өрх. Өрхийн  гишүүн бүр гэр орныхоо төлөө санаа тавих ёстой шүү  дээ.

- Та хяналт шалгалтын ажлыг чухам ямархүү арга  хэлбэрээр явуулдаг байв? Тэр чинь ажилд ямар   үр  дүн өгдөг байсан бэ?

- Гэнэтийн шалгалтыг л маш их зохиодог байсан.  Энэ ч миний сайныг биш, зөвлөлтийн хамт ажиллаж  байсан нөхөд надад “Гэнэтийн шалгалт бол юмыг яг  байгаа чигээр нь харуулдаг, оршиж буй дутагдлыг  олж мэдэхэд тусалдаг” гэж зөвлөдөг байсан. Иймээс  ч би ЭХЯ-ны аппаратын ажилтнууддаа оройн цагаар  хотын  мнэлгүүдийг эргэхээр хуваарилж өгчихөөд л,  за өнөө шөнө бүгд явж шалгацгаа гэж үүрэг өгөөд,  өөрөө ч явж шалгадаг байсан. Эсвэл өдөр эмчид  зүгээр биеэ үзүүлэх гэж байгаа хүн шиг яваад очих  юмуу, эмийн санд эм авах гээд ороход, өглөө эмчид  үзүүлэх дугаар авахаар зогсоо хүмүүсийн дэргэд  жаал байхад чинь л манай эмнэлэг үйлчилгээний сайн,  муу тал нь алган дээр байгаа юм шиг л харагдана.  Мөн үйлчилж байгаа хөдөлмөрчид, айл өрхөөр орж  хүмүүсийн яриа, санал сэтгэгдлийг нь сонсох чухал  юм билээ. Ер нь би хөдөөгийн эрүүлийг хамгаалах байгууллагын ажил шалгахдаа ч эхлээд аймаг дээр  нь шууд очдоггүй, бүх сумдаар нь орж (тэгэхдээ  шөнө нь явж, өдөр нь шалгахаар тааруулаад) ажлыг  нь үзэж үзчихээд, аймгийн төв дээр голцуу шөнө,  үдэш тааруулж ирээд больницоор нь шууд орж үздэг  байсан. Ингэх нь урьдаар зарлаж зарлаж очсоноос  хавьгүй үр дүнтэй, хамгийн гол нь ердийн үед  ямархуу ажиллагаатай байдгийг нь үнэн мөнөөр нь  олж харахад их тустай юм шиг санагддаг. За тэгээд  шалгаж үзэхдээ бүр ажлын гүнд нь орж, сайн үзээд,  илэрсэн дутагдлын мөрөөр хатуухан ярьж, тодорхой  ажил зохиолгодог, аймаг, сумын эмнэлэг бүрт  тусгай дэвтэртэй болгоод, өгсөн үүрэг даалгавраа  яг бичүүлж гарын үсэг зураад, дараа нь түүнийхээ  биелэлтийг заавал очиж шалгадаг байсан даа. Ер нь  зөв зохиосон гүйцэтгэлийн шалгалт бол удирдлагын  гол арга юм.

- Эрүүлийг хамгаалахын олон салбар ажлаас чухам юуг та чухалчлан хамгийн их анхаардаг байсан бэ?

- Урьдчилан сэргийлэх ажлыг, Энэ бол манай  социалист эрүүлийг хамгаалахын үндсэн чиглэл юм. Жишээ нь бид цагаан цэцэг өвчнийг зөвхөн эмчлэх  аргыг л голлоод байсан бол энэ хооронд хичнээн олон мянган хүн энэ гамшигт өвчнөөр өвчилж, эндэж,  хөдөлмөрийн чадвараа урт богино хугацаагаар  алдаж, тэднийг эмчлэхийн тулд улс хичнээн их хүч,  хөрөнгө гарах байсан бэ? Гэтэл уг өвчнөөс урьдчилан  сэргийлэх бүх арга хэмжээг авч явуулснаар энэ өвчин  хэдийн нь устаад, одоо ганц ширхэг ч хүн өвчлөхгүй  боллоо шүү дээ. Ганц манай оронд ч биш, дэлхий дээр  энэ өвчин бараг гарахаа больжээ. Энэчлэн урьдчилан  сэргийлэх арга хэмжээг нарийн төлөвлөгөөтэй, дэс  дараатай байнга авч явуулсаар байгаагийн үр дүнд  сахуу, улаан бурхан, халдварт саа, сүрьеэ, өнгөний  өвчин... гээд хичнээн олон өвчин манайд бараг  устаж байгаа буюу эрс багасаж байгааг хэлж барах  вэ?. Гэвч энэ талаар сэтгэл тайвширч болохгүй, улам сонор сэрэмжтэй байх ёстой. Учир нь техникийн энэ их өндөр хөгжлийн зуунд зам харилцаа улам их  өргөжиж, газар холдохоо болив. Ялангуяа микробын  үе дуусаж, вирусийн үе эхэлсэн одоо үед урьдчилан    сэргийлэх ажлыг бүр ч онцлох ёстой болж байна. 

- Урьдчилан сэргийлэх ажилд юуг голлон  анхаарах нь чухал гэж та үздэг вэ?

- Гол нь, аливаа өвчний хор уршгийг хүмүүст ухамсарлуулан ойлгуулах нь чухал. Эрүүл мэндийнхээ  талаар санаа тавьдаггүй, эрүүл явъя, урт насалъя гэж  боддоггүй хүн байхгүй. Ийм учраас эрүүл явахад,  урт наслахад хувь хүн өөрөө ямар их үүрэгтэйг нь  ойлгуулж, түүнийг нь зааж өгөх хэрэгтэй. Бүх эмч нар  зөвхөн эмч төдий биш, соёл түгээгч нар байх ёстой.  Ялангуяа эрүүл ахуйн соёлыг түгээгчид бол эмч нар  юм. Энэ бол өвчтэй хүнийг эмчлэхээс дутуугүй чухал  бөгөөд хариуцлагатай ажил. Энэ ажилд бас багш нар,  биологчид, бусад сэхээтнүүдийн хүчийг зөв зохион  байгуулж ашиглавал зохино.  Ариун цэвэр гэгээрлийн ажил бол манай эрүүлийг  хамгаалахын нэн чухал ажил учраас би сайд байхдаа  энэ талаар хэд хэдэн тушаал заавар ч гаргасан, Улсын  ариун цэвэр гэгээрлийн ордонг байгуулсан, боловсон  хүчин, материаллаг баазаар ханган өргөжүүлэх талаар ч нилээн анхаарсан.  Зөвлөлт Холбоот Улсын туршлагаар “Эмнэлэг  гэгээрлийн ажил явуулах өдөр” гаргуулахаар санал  төлөвлөж орсныг маань МАХН-ын Төв Хороо, Сайд  нарын Зөвлөл сайшаан дэмжиж, долоо хоногт  нэг бүтэн өдөр эмч нарыг ухуулга, яриа, суртал  нэвтрүүлгийн ажлаа зохиохыг зөвшөөрч тогтоол  ч гаргаж өгсөн. Харин энэ өдрийг гүйцэд сайн  ашиглах талаар эмч, эмнэлэг-урьдчилан сэргийлэх  байгууллагын дарга, ерөнхий эмч бүр анхаарах  хэрэгтэй. Энэ өдөр очсон албан байгууллага, айл  өрхийнхөө хүмүүст эмч хүн  заавал нэг хэрэгтэй зүйл  хэлж, мэдэхгүй юмыг нь зааж өгч, тодорхой үр дүнтэй  өнгөрөөхийг чухалчилбал  зохино. Ноднин уржнан   телевизээр “залуу эхчүүдэд зориулсан хичээл” зааж,  хүүхдэд илллэг дасгал яаж хийхийг биечлэн үзүүлж,  зааж байсан нь их аятайхан болсон. Тиймэрхүү  маягаар хүнд юм өгөх, ойлгуулах хичээлийг радио,  телевиз, хэвлэлээр улам өргөн явуулах хэрэгтэй  байна.

- Ариун цэвэр гэгээрлийн ажлын тухай ярианд  орсных ба нэг зүйл дээр Таны саналыг сонсмоор  байна. Манай зарим хүмүүс, ариун цэвэр гэгээрлийн   жил, ариун цэвэр хяналтын ажил хоёрыг хамтруулан  явуулж байгаагаас чанар нь муудаж, тухайлбал зарим  эмч нар ариун цэврийг нь үзчихээд; яриа таниулга  хийхгүй яваад байгаа учир энэ хоёрыг салгаж, хоёр  өдөр болгох нь зөв гэж үздэг болтой. Та үүнийг юу  гэж үзэж байна?

- Энэ бол буруу. Ер нь бидний ярьж заасан  зүйлийг хүмүүс хир ойлгож байна. Ойлгосон түүнээ  амьдралдаа хэвшүүлж чадаж байна уу, үгүй юу?  гэдгийг үзэхийн тулд бид ариун цэврийн хяналт  шалгалтын ажил явуулж байгаа болохоос, энэ бол  огт ангид хоёр өөр ажил бишээ. Иймээс ч эхнээсээ  энэ хоёр ажлыг хослуулан зохио л гэж тушаал заавар  ч гарч байсан. Одоо ч хэвээрээ байна. Энэ хоёрыг  салгана гэдэг маань, айлд орж аягыг нь нэг үзчихээд, бохир байвал, за дараа нэг ирж (эсвэл өөр хүн ирж)  бохир аяганы хор холбогдлыг ярьж ярьчихаад,  ширээн дээрх цэвэрлээгүй аягыг нь хараагүй мэт  гараад явчихна гэсэн хэрэг болно биз дээ. Ингэвэл  ямар үр дүнтэй ажил болох вэ? Харин үүнийхээ   оронд энэ хоёр ажлын нэгийг нь хийчихээд нөгөөг  нь орхиод гардаг эмч нарыг хоёуланг нь хийлгэдэг  болгох талаар анхаарах ёстой. 

- Манай нөхцөлд эмч нарт нарийн мэргэжил  эзэмшүүлэх ажил хир хэмжээнд явагдаж байна, энд анхаармаар юм Танд санагддаг уу?

- Одоо ер нь шинжлэх ухаан-техникийн өндөр  хөгжлийг дагаад анагаах ухаан ч их хөгжиж байна.  Урьд дотрын эмч гэхэд л бүх дотор эрхтнүүдийн  өвчнүүдийг цөмийг ганцаараа үзэж эмчилдэг байсан  бол одоо зүрхний, бөөрний, элэгний, уушгины  гэхчлэнгээр эрхтэн бүрээр нь салгаад нарийн үзэж,  шинжилж, эмчилдэг болжээ. Энэ нь эмч хүн улам  нарийн мэргэшиж, өвчнийг улам нарийн таньж,  улам сайн эмчилнэ гэсэн үг. Гэхдээ эмч бүр ерөнхий  мэргэжлийн эмч гэдгээ хэзээ ч мартаж болохгүй.  Энэ нь, нэгдүгээрт, хүний бие махбод гэгч нэг бүхэл  бүтэн систем юм болохоор нэг эрхтний өвчин бусад  эд эрхтэнтэйгээ заавал холбоотой өвчилдөг учир өвчнийг таньж, эмчлэхэд эмчид өөрт нь чухал ач  холбогдолтой. Хоёрдугаарт, ялангуяа манай нөхцөлд  нарийн мэргэжлийн эмч бүр ерөнхий мэргэжлийн эмч  байх зайлшгүй шаардлагатай байна. Айлын хүүхдийг  очиж үзчихээд, “Би хүүхдийн эмч биш, мэс заслын  эмч, манай мэс заслын талаас юм алга, хүүхдийн  эмчид үзүүл” гээд ямар ч тусламж үзүүлэхгүй гараад  явчихаж байгаа эмч бол тангаргаа биелүүлэхгүй,  хөдөлмөрчдийг чирэгдүүлж, хохироож байгаа хэрэг  болно. Тэгээд ч ялангуяа хөдөө суманд байгаа ганц  эмч бол хэн рүүгээ тэгж түлхэх билээ. Сайндаа л  аймгаас мэргэжлийн эмч дууд! гэх юмуу аймаг яв!  гэнэ. Харин үүний оронд өөрөө анхны тусламж  үзүүлээд, дараа нь тэр үгээ хэлж байвал сайнсан.  Иймд Анагаах ухааны дээд сургуулийн 6-р анги   бол одоо жинхэнэ энэ ерөнхий эмчийн мэргэжлийг  эзэмшүүлэх анги байх ёстой юм. Харин үүний дашрамд хэлэхэд, нэгэнт нарийн мэргэжлийн курс,  сургууль хийсэн эмчийг тэр нарийн мэргэжил дээр нь  заавал ажиллуулж, дадлагажуулах хэрэгтэй. Одоогийн   айдлаар өчнөөн цаг, хөрөнгө зарцуулж сургачихаад  дараа нь мэргэжлийг солих юмуу, хаа хамаагүй өөр цэг дээр ажиллуулах явдал бас л мэр сэр үзэгдсээр  байна. Жишээ нь, Дэлхийн эрүүлийг хамгаалах  байгууллагын шугамаар Москва хотноо хийгддэг  эрүүлийг хамгаалахын зохион байгуулагчдын курс  бол маш их юм заадаг, маш сайн курс шүү дээ. Үүнд  манайхаас олон ч хүн явж суралцсан. Гэтэл тэдний  зарим нь жинхэнэ тэр мэргэшилдээ онц холбогдолгүй  ажил хийсээр л байна.

- Та ер нь ирээдүйн эмч болох хүмүүсийг сонгон  авах талаар ямар саналтай байдэг вэ?

- Ер нь ганц эмч ч биш, ямар ч ажилд хүний авьяас,  сонирхол их үүрэгтэй. Эмч хүн бол мэдлэгээс гадна  атаа жөтөө, өс хонзон санадаггүй нинжин сэтгэл,  эдийн шуналгүй тусч зан, бусдын зовлонг өөрийн  зовлон гэж яс махнаасаа ухаарах уян хатан бодол,  шулуун шударга зан ... гэхчлэн олон өвөрмөц чанарыг  шингээж чадаж гэмээ нь сая сайн эмч болж чадна.  Хүний ийм чанарыг элсэлтийн шалгалт авахаар ганц  удаа очсон багш таньж чадахгүй. Ийм учраас арван жилийн сургуулийн багш нар, чухам эмч болж чадах хүн үү? үгүй юу? гэдгийг бас судалж, тодорхойлж өгч  байх нь их чухал шиг санагддаг.  Угаас хатуу хүтүү зантай, догшин ширүүн авиртай, хувийн эрх ашгийг нийгмийнхээс илүүд үздэг хүн бол хэзээ  ч сайн эмч болж чадахгүй л дээ. Иймд сурлагаас гадна эмч  болох нандин чанарыг олж сонгох хэрэгтэй юм.  Анагаах ухааны дээд, дунд сургуулиуд ч тэр  нандин чанарыг нь улам хөгжөөх талаар оюутан  болсон хойно нь их ажил зохиох шаардлагатай.

- Таны хамгийн хайртай эмч хэн бэ? Тэр хүнийхээ  онцлогоос хэлж өгнө үү?

- Би эмнэлгийн ажилчдад нийтэд нь хайртай. Тэр дундаас онцгой хайртай хүн ч бас бий. Жишээ  нь Рагчаа профессор байна. Энэ хүн бол их эрдэм  мэдлэгтэйгээс гадна эгэл зантай, шулуун шударга хүн.  Рагчаа профессорт ямар ч танихгүй эгэл жирийн  ажилчин, малчин хүн дуртай цагтаа очоод биеэ  үзүүлж чадна. Үүгээрээ манай том эрдэмтэд дотроос  хамгийн онцлог хүн. Эгэл малчны гэрээс аваад улсын  Клиникийн том эмнэлгүүдэд байнга зөвлөлгөө өгч  явахыг нь харахад бахархмаар байдаг. Мөн Төв  эмнэлгийн мэдрэлийн эмч Дорж, Цацраг туяагийн  Доржготов, 3-р эмнэлгийн Бодьхүү, Архангайн  Чойжилсүрэн, Сэлэнгийн Дамдин, Анагаахын  дээдийн Цэрэннадмид, анагаах ухааны хүрээлэнгийн  Шарав, 2-р эмнэлгийн Нээчин, Даваадорж, бага эмч  Нацаг, Равсал гээд хамгийн хүнд цагт, хамгийн хэцүү  газарт очиж, хамгийн сайн ажилласан олон эмчдээ  би их хайртай. 

- Та хүний ямар чанарыг хамгийн эрхэмлэн үздэг вэ?

- Ажлын төлөө үнэн голоосоо махран зүтгэх  чанарыг. Тухайлбал, Улаанбаатар хотын Анагаах  ухааны дунд сургуулийн захирал Гүнтэв Увс аймгийн  ЭХГ-ын дарга байхдаа нэг хэцүү юм шаардаж орж  ирээд, намайг хүлээж авахгүй болохоор их уурлаж  загнасан юм. Би түүнийг төрийн нэг сайд дээр орж  ирээд замбараагүй загналаа гэж ер бодоогүй. Харин  ард түмний эрүүл мэндийн төлөө, ард түмэнд хэрэгтэй  юмны төлөө ингэж зүтгэж явна гэдэг сайхан шүү гэж  баярлаж байсан. 

- Хүний ямар дутагдал таны сэтгэлийг онцгой  зовоодог вэ?

- Худал хэлдэг, хүнийг мэхэлдэг, залхуу, хувийн ашиг  сонирхлыг хичээгч зан. Би сайд байхдаа чухал мэдээ  тайланг цагт нь ирүүлээгүй ЭХГ-ын даргаас уг зүйлийг нь   утсаар аваад, мөнгийг хувиас нь төлүүлж ч байсан.

- Хүнд хэцүү зүйлийг давж гарахад танд юу  тусалж байв?

Ном, орос хэл хоёр. Жишээ нь: Би Ховд  аймгийн Булган суманд анхны бага эмчээр очихдоо,  эхэс гардахыг заалгаагүй явжээ. Гэтэл хүн төрчихөөд   эхэс нь гардаггүй, цус алдаад улам муудаад байхад  авч очсон орос ном маань багш болж, тэр хүний  амийг аварч байсан юм. Цаашилбал нэг ухаан сайн,  хоёр ухаан бүр сайн гэсэн цэцэн сургаалыг байнга  санаж, өөрийгөө бүхнийг мэддэг гэж сагсайж мэдэмхийрхэхгүй, нөхөдтэйгөө зөвлөж, бусдын  саналыг сонсож сурах нь тулгамдсан хүнд асуудлыг  зөв шийдэхэд их тустай байдаг. 

- Та юуг амьдралын хамгийн сайхан баяр  баясгалан гэж боддог вэ?

- Санасан ажил ёсоор бүтэхэд хамгийн их  баярладаг. МАХН-ын Төв Хороо, Засгийн газар  намайг хамгийн олон удаа баярлуулсан. Учир нь  ямар санал тавьж орно вэ, дор нь хүлээж аваад арга  хэмжээ авч өгдөг байсан юм. Энэ бол нам, засаг  маань ард түмнийхээ эрүүл мэндийг хичнээн анхаарч  байдгийн баримт юм.

- Танд сайн юм хийсэн хүнд Та яаж ханддаг вэ?

- Улсад ашигтай, хэрэгтэй юм хийж байгаа хүн  л надад сайн юм хийж байгаа гэсэн үг. Тийм хүнийг  бүхий л бололцоогоороо дэмждэг. 

- Танд муу юм хийсэн хүнд яаж ханддаг вэ? 

 - Миний хувьд бол эрх тушаал булаацалдаж,  элдвээр гүтгэж байсан хүмүүс ч бий! Гэвч тэднийг  муу юм хийлээ гэж боддоггүй, өөрөөр хэлбэл  өш санадаггүй. Мууг нь өөрт нь ойлгуулахыг л  чухалчилдаг. Ажил, амьдралдаа алдаж эндэж явсан  нөхөд ч бий. Тэдэнд бол ганцаарчлан, ахлах хүний  хувиар хэлж ярьж өгдөг байлаа. Хэд хэдэн эмчийг  бүх эмч нарын хурлаар ч оруулж хэлэлцүүлж байсан,  коллегиор ч оруулж байсан. Одоо ихэнх нь засарч  тэргүүний эмч нар болсон болохлоор нэрийг нь  дурсаж, хуучин шархыг нь хөндөөд яах вэ?

- Та спортын ямар төрөлд илүү дуртай вэ?

- Бөх, морь.

- Бөхчүүдээс хэнд нь илүү вэ?

- Баянмөнх, Давгасүрэн, Хайдав, ахмад бөхчүүлээс  бол аварга Батсуурь, Дамдин, арслан Бадамсэрээжид нар байна. 

- Хамгийн дуртай урлагийн төрөл, жүжигчнээ  хэлж өгөхгүй юу?

- Дуунд, тэр дундаа настай хүн болоод ч тэр  үү, уртын дуунд нь дуртай. Жүжигчдээс гэвэл  Улсын гавьяат жүжигчин Цогзолмаа. “Учиртай  гурван толгой”-д тоглож байсан нь одоо хүртэл санаанаас салдаггүй. Ардын жүжигчин Пүрэвдорж,  Норовбанзад, гавьяат жүжигчин Түмэндэмбэрэл нар  сайхан дуулж байх шиг санагддаг.

- Таны сонсох буюу хэлэх дуртай сургаал үг юу   вэ?

- Эх орон ард түмэндээ үнэнч, тэдний төлөө амь  бие хайрлахгүй зүтгэхийг сургасан үгэнд дуртай.  Миний унших дуртай ном ч энэ. Зөвхөн үг хэлээрээ  ярих бол нэг хэрэг. Жинхэнэ үйл амьдралаараа  нотолно гэдэг бас өөр хэрэг.  Генерал Козловын бичсэн, эх орны дайны тухай  нэг номонд их буу, команд хоёрын хоорондох холбоог  таслахгүйн тулд хоёр утасны үзүүрийг амандаа  зуугаад нас нөгцсөн нэгэн сайхан холбоочин залууг (Георгий Прокопеннко гэдэг шиг санагдана) бичсэн  байдаг. Манайд ч яг ийм гавьяа байгуулсан Жанчив  гэгч холбоочин гарч байсан. Эд алтан амиа алдсан ч  ариун сайхан шарил нь хүртэл эх орондоо ийм ач тус  болж байсан байна. Бас 16 настай Тамара Калинина  гэгч охин 10 гаруй хүнд өвчтөн авч яваад дайсны  бөмбөгдөлтөнд хүндээр шархдаад байхдаа, бүх  өвчтөнөө зөөж нууц газар аваачаад, өөрөө арайхийн  ангидаа мөлхөн очиж хэл хүргээд нас баржээ. Эх  оронч сэтгэл нь түүнийг ингэж ангидаа очтол амийг нь тогтоож байжээ. Эх орондоо хайртай байна гэдэг  чинь үүнийг л хэлдэг юм гэдгийг залуучуудад гүн  ойлгуулах хэрэгтэй. Тэгэхдээ эх оронч сэтгэл гэгч  заавал дайн байлдаанд ч биш, тайван цагт ч тодордог  юм шүү дээ.

- Та амьдралын хамгийн сайхан дурдатгалаасаа  ярьж өгнө үү?

- 1916 онд МХЗЭ-ийн гишүүн, 1933 онд Лениний  комсомолын гишүүн, 1933 онд МАХН-ын гишүүн  болсон нь миний ирээдүйн замыг нээж өгсөн  болохлоор эрхэмлэн үздэг.  Бас 1927 онд Октябрийн эх оронд сургуульд явсан минь, мөн Москвад “Дорно дахиныг судлах дээд  сургууль”-ийг яг эх орны дайны дундуур 1943 онд, өөрийн оронд их сургуулийн хүн эмнэлгийн ангийг  төгссөн маань цөм л миний дурсгалтай үеүд юм.  Зөвлөлтийн сүү шиг цагаан сэтгэлтэй  мэргэжилтнүүдтэй хамт ажиллаж байсан үеэ би  их эрхэмлэн санадаг. Ховд аймагт хэлмэрчээр нь  ажиллаж байсан Распутин эмч маань өөрөө хэл  мэдэхгүй хүмүүсийн дунд хэцүүднэ гэж огтхон ч  бодохгүй, надад мэдэгдэлгүй ЭХЯ руу дахин дахин  захиа бичсээр байгаад намайг ЗХУ-д дээд сургуульд  явуулахаар болоод, “Союзнефтийн” нэг тэрэг олж  намайг суулгаж, аяны уут дүүрэн юм өгснийг нь замдаа задалж, талх, чихэр, ёотон, шарсан мах, өндөг,  котлет, жигнэсэн боов, давс, утас зүү хүртэл хийж бүр  дор нь тэр үед олддоггүй коверкот даавуу 3 метрийг  хийсэн байхыг нь үзээд миний ээж аав шиг санагдан, нүдний минь нулимс өөрийн эрхгүй асгарч, ийм  ард түмэнтэй оронтой ах дүү болсон хувь заяандаа  хязгааргүй баярлаж явснаа хэзээ ч мартдаггүй. 

- Та нийт эмч нарт, ялангуяа залуу эмч нарт  хандаж, юу захимаар байна?

- Та нар ард түмэндээ их өртэй улс шүү. Та нарыг  ард түмэн л өсгөж, хүмүүжүүлж, сургаж, гарыг чинь  ганзаганд, хөлийг чинь дөрөөнд хүргэсэн гэдгийг  ганц хором ч бүү мартаарай! Бас нийгмийн ашиг  тусыг хувийнхаа сонирхлоос ямагт дээгүүр тавьж  яваарай. Хувийн ашиг сонирхлоо харсан хүн сохор  болдог юм шүү! гэж захимаар байна.

- Та эрүүлийг хамгаалахын 55 жилийн ой, эмч  нарын 3-р их хурлын өмнөх сэтгэгдлээсээ хэлж өгнө үү?

- Энэ бол зөвхөн эмнэлгийнхний ч бус, бүх ард  түмний баяр юм. Учир нь манай улсын 55 жилд  олсон их амжилтын нэг бол эрүүлийг хамгаалах  талаар олсон амжилт билээ. Энэ амжилтыг олоход  ЗХУ-ын Коммунист Нам, зөвлөлтийн ард түмэн, эмч  мэргэжилтнүүд үнэлж баршгүй ач тусаа үзүүлсэн.  Ийм учраас энэ их ойнхоо өмнө тэр ач туст гавьяат  хүмүүсийг улам тодруулж, зөвлөлтийн ямар ямар  эмч, хаана, яаж ажиллаж байсныг хот хөдөөгийн  эмнэлгийн байгууллага бүхэн сурвалжлан, гавьяаг нь  мөнхжүүлж, залуу эмч нарт тэдний түүхэн замналаас  уламжлуулан суралцуулах нь чухал санагдаж байна.  Эмч нарын 3-р их хурал нь олсон амжилтаа бататгах,  шинийг дэлгэрүүлэх, эмнэлэг, угрьдчилан сэргийлэх  ажлыг улам эрчимжүүлж, эмнэлгийн байгууллага, эмнэлгийн нийт ажилтан шинжлэх ухааны үүднээс  шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой болно! Гэж  үзэж байна. 

- Таны цаг, зав гаргаж, асуултад маань дэлгэрэнгүй сайхан хариулж өгсөнд их баярлалаа.

Ном зүй

“Ардын эмч” (Эмхтгэж, редакторласан Ч.Энхдалай), УХГ, УБ 1977 он, номноос (х.156
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 432
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК