Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2008, 4(23)
Түүхт сайд
( Түүх )

Л. Буджав

 

 

Миний хамгийн их хүндэтгэж биширч явдаг хүний нэг нь Эрүүлийг хамгаалах Яамны сайд агсан Монгол Улсад эрүүлийг хамгаалах салбарыг хөгжүүлж бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан ахмад зүтгэлтэн. Гүржавын Туваан юм. Г.Туваан гуай бүх амьдрал, эрч хүчээ энэ салбарыг хөгжүүлэхэд зориулсан түүхт сайд тэр үед БНМАУ-ын нам, засгаас хүн амын эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч байсны нэг жишээ бол 1935 онд Намын Төв Хорооны шийдвэрээр өөр салбарт ажиллаж байсан найман залууг эрүүлийг хамгаалах албанд шилжүүлж эмнэлгийн ажилтан болох үүргийг өгсөн явдал байв. Түүний дотор Г.Туваан орсон байв. Г.Туваан эмнэлгийн салбарт очоод орос сургагч Л.Берлины дагалдагчаар ажиллаж байгаад хүн эмнэлгийн техникумд орж суралцан сургуулиа амжилттай төгсөөд Ховд аймагт томилогдож Ховдын Булган суманд 1937-1940 онд бага эмчээр ажиллаж, ард түмний эрүүл мэндийг хамгаалах нэр төртэй түүхэн ажлаа эхэлсэн юм. Г.Туваан нь эрүүлийг хамгаалах албанд шилжиж ирэхээс өмнө хотын захиргаа, хоршоодын холбоонд тал бичээч, Мал тариалангийн яаманд байцаагч зэрэг албыг хашиж байв. Г.Туваан гуай түрүү нь Эрхүү хотод рафакт сурч байсан болохоор орос хэлэнд сайн учир Хүн эмнэлгийн техникумд сурч байхдаа хэлмэрч мөн хотын Түргэн тусламжинд дуудлагын эмчээр давхар ажилладаг байжээ. Г.Туваан 1937-1940 он хүртэл Ховд аймгийн Булган суманд 3 жил ажиллаад Ховд аймгийн төвд шилжиж сувилагчийн курсийг ажиллуулсан ба 1940-1943 онд Москва хотын Дорно дахины дээд сургуульд суралцаж ирээд. 1943 оноос 1972 он хүртэл тасралтгүй 30 шахам жил Эрүүлийг хамгаалах яаманд ажиллаж Монгол оронд шинжлэх ухааны эмнэлгийг хөгжүүлэх нөсөр их ажлыг гардан зохион байгуулсан ач буянтай хүн билээ. Г.Туваан Эрүүлийг хамгаалах яаманд хэлтэс тасгийн дарга, орлогч сайд, сайд зэрэг албыг хашиж байсны дотор сайд, орлогч сайдаар 20 шахам жил ажилласан авьяаслаг зохион байгуулагч, уран илтгэгч, хөтөч, сурган хүмүүжүүлэгч, төрийн зүтгэлтэн хүн байлаа. Миний бие Туваан гуайтай нэг байгууллагад 10 гаруй жил ажилласан. Намайг Ховд аймагт ажиллаж байхад 1959 онд татан авч Яаманд ажиллуулсан. Туваан гуайтай хамт ажилласан он жилүүдээ дурсан олон зүйлийг бичиж болох авч Туваан гуайн хүнтэй ажилладаг онцлог чанараас хэдэн зүйлийг бичье. Туваан гуай төр засаг, ард түмэндээ их хүндтэй хүн байв. Олон түмний эрэлт хүсэлтийг хүлээн авч төр засагт дамжуулж шуурхай шийдүүлж чаддаг байв. Энэ бол нэг талын авьяас юм. Асуудлыг яаж боловсруулах, ямар арга хэлбэрээр тавих арга зүйг сайн мэддэг удирдлагын шинжлэх ухааны аргыг сайн эзэмшсэн хүн байсан. Би яаманд ирээд Туваан гуайгаас асуудлыг яаж боловсруулах, илтгэл тайланг яаж бичих аргыг сурсан. Туваан гуай нилээд тохиолдолд надаар хэлэх үг, илтгэл, өгүүллэг, тогтоолын төсөл, танилцуулга зэргийг бичүүлдэг байсан. Гэхдээ өөрөө гол утга агуулга, санааг хэлж өгнө. Туваан гуай надад зөвлөдөг нэг зүйл нь чиний албан тушаал чинь яамны бодлого, хэтийн төлөвийг барих ёстой шүү гэж байнга сануулдаг байсан. Би яаманд төлөвлөгөөний хэлтсийн даргаар тасралтгүй 26 жил ажилласан юм. Туваан гуайн яаманд ажилласан хугацаанд шийдвэрлэгдсэн томоохон асуудлуудыг авч үзвэл:

  1. Ариун цэвэр халдвар судлалын чиглэлээр:
    • Ариун цэвэр халдвар судлалын байгууллагыг бэхжүүлэх, боловсон хүчнээр хангахад онцгой анхаарч байв. Нэн ялангуяа Ариун цэвэр- гэгээрлийн ажилд их анхаарал тавьж ард түмнээ гэгээрүүлэх сурталчилгааны арга барилыг сайжруулахад их чармайлт тавьж байсныг олон хүн ярьдаг юм. Туваан гуайн ажиллах хугацаанд АЦХС-ын станц 24 станци шинээр байгуулагдаж дээд боловсролын боловсон хүчнээр хангагдаж эхэлсэн ба ариун цэврийн хяналтын тогтолцоо бий болжээ. Ард түмний соёлч боловсон, ариун цэвэрчээр амьдрах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр соёлын довтолгоо явуулах, хамт олны эрүүлжүүлэх нэгдсэн төлөвлөгөө боловсруулах ажил өрнөж эхэлсэн. Туваан гуайн эрүүлийг хамгаалах албанд ажиллаж эхэлсэн үеэс халдварт өвчинтэй тэмцэх ажил эрчимтэй өрнөж түүнд их хүч гаргасныг тэмдэглэх нь зүйтэй. Хэдийвээр цагаан цэцэг, бөөсний хижиг устаж, тарваган тахал багасаж эхэлсэн боловч өнгөний ба сүрьеэ өвчний тархалт их, тэдгээртэй тэмцэх нэгдсэн арга хэмжээ бодлого тулгарч байв. Балнад, цусан суулга, халдварт гепатит, сахуу, улаан эсэргэнэ өвчний гаралт төдийлөн буурахгүй олны анхаарал татсаар байв. 1961 онд халдварт гепатитын анхны их гаралт (эпидеми) Монголд болж, анхаарлын төвд гарч ирсэн. 1946-1966 онд Туваан гуайн ажиллаж байх үед нам, төр засгаас гарсан гол гол шийдвэрүүд:
    • 1946 он. “Хот суурин газрын ариун цэврийн байдалд тавих хяналтыг хүчтэй болгох тухай” Засгийн газрын тогтоол гарсан.
    • 1948 онд Улаанбаатар хотын Ариун цэвэр халдвар судлалын станц байгуулсан.
    • 1950 онд Тарваган тахлын төв станц байгуулсан.
    • 1956 онд Улсын ариун цэврийн байцаан шалгах ерөнхий газрын дүрэм батлах
    • 1958 он. “Ариун цэвэр урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах тухай Засгийн газрын тогтоол гарсан.
    • 1961 он. “Гоц аюулт халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол гарсан.
    • 1965 он “Эрүүлийг хамгаалах ажлын байдал хэтийн төлөвийн тухай” Ардын их хурын чуулганаар хэлэлцсэн
    • 1966 онд Ариун цэвэр халдвар судлалын төв станц байгуулсан.
  2. Эх нялхасын эрүүл мэндийн талаар:
    • 1957 он. Олон хүүхэдтэй эхчүүдийг одонгоор шагнах ба тэтгэвэр олгох хууль
    • 1962 он. “Хүүхэд, эхчүүдийн эрүүл энхийг хамгаалах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол гарсан.
    • 1961 он. Анагаах ухааны дээд сургуульд хүүхдийн анги нээсэн
    • 1962 он. Дорноговьд анагаах ухааны дунд сургууль байгуулсан
    • 1964 он. “Эх нялхсыг хамгаалах ажлыг бүх нийтийн үйл хэрэг болгох тухай” Засгийн газрын тогтоол гарсан.
    • 1965 он. “Эрүүлийг хамгаалах ажлын байдал ,хэтийн зорилтын тухай” Ардын их хурлын тогтоол гарсан.
  3. Эмчилгээ, урьдчилан сэргийлэх тусламжийн талаар:
    • 1947 он. Сүрьеэ эсэргүүцэх тарилга хийж эхэлсэн.
    • 1952-1956 онд арьс өнгөний өвчинтэй тэмцэх отряд ажиллуулсан (7 отряд)
    • 1958-1961 онд. Арьс өнгө сүрьеэтэй тэмцэх отряд ажиллуулсан (35 отряд)
    • 1960 онд аймаг, хотын Арьс өнгөний диспансерууд байгуулсан.
    • 1960. /170/III/. “Эрүүлийг хамгаалах ажлын байдал ба цаашид тавих зорилтын тухай” Засгийн газрын тогтоол гарсан.
    • 1961 он Биеийн тамирын диспансер байгуулсан
    • 1961 он. Улсын цацраг туяа эмнэлэг (хавдар судлалын төв) байгуулсан
    • 1963 он. Цус сэлбэх төв станц байгуулсан
    • 1965 он. Ардын их хурлын чуулганы тогтоол
    • 1967 он. Мэргэжлийн өвчний диспансер
  4. Бусад алба салбарын чиглэлээр:
    • 1961 он: Анагаах ухааны дээд сургууль байгуулах
    • Анагаах ухааны хүрээлэн байгуулсан зэрэг шийдвэрүүд гарч хэрэгжсэн түүхтэй.

Туваан гуайн ажиллах хугацаанд эрүүлийг хамгаалах салбарт эмнэлгүүдийн зэрэглэл, орон тооны норматив, эмнэлгийн ажилтны хөдөлмөрийн норм, цалин хөлсний ялгавартай шинэ систем, статистик бүртгэл мэдээллийн шинэ журам нэвтэрч статистикч их эмч нарыг бэлтгэж, тайлан мэдээний шинэ тогтолцоо бий болсон юм.

Туваан гуайн ажиллаж байсан үеийн эрүүлийг хамгаалах ололт амжилтаас (1950-1970) товч дурьдвал:

  • Хүний их эмч 10000 хүн амд 1950 онд 1.9 байснаа 1970 онд 17.9 болсон, эмнэлгийн дунд мэргэжилтний 10000 хүнд нэгдэх тоо 1950 онд 20.3 байснаа 1970 онд 62.9 болсон, 10000 хүнд нэгдэх эмнэлгийн орны тоо 1950 онд 54 байснаа 1970 онд 94.3 болж тус тус өссөн байна. 1970 онд 1247.6 мянга хүн амын жилийн дундаж өсөлт 2.6% болон хүн амын бүтэц эрс залуужиж 0-14 насныхан хүн амын 44 хувийг эзлэх болсон байлаа. Дундаж наслалт 56 байснаас 65 болж өндөр настны эзлэх хувь мөн өсөв.
  • Халдварт өвчний гаралт 50%-иар, сүрьеэ өвчний үхэл 7% байснаа 4% хүртэл буурсан. Жирэмсэн эмэгтэйн 90% нь эмнэлэгт төрдөг болж 1000-д ногдох төрөлт 40 хүрсэн ба нас баралт 10 болж буурсан байна. 0-3 насны хүүхдийн 12%-ийг яслиар хамрах болсон. Эмийн сангийн тоо 62 байснаа 200 гаруй болж өсчээ. Тэдгээрт ажиллагсадын тоо 162 байснаа 700 гаруй болж нэмэгдэв.
  • Эрдэм шинжилгээний байгууллага үүсч, эрдэм судалгааны ажил өргөжиж 1970 он болоход эрдмийн зэрэг цол хамгаалсан эмч нар аль хэдийнээ 20 гаруй болж эрдэм судлалын сэдвийн тоо 100 гаруй болж өргөжсөн байна.
  • Салбарын төсөв хөрөнгө оруулалтын хэмжээ улс орны хөгжлийг дагаж хурдан явцтай өсч төсөв нь 1950 онд 24 сая төг байснаа 1970 онд 170 сая төг, хөрөнгө оруулалт 10 сая байснаа 112 сая төг болж тус тус өсчээ.

Туваан гуайн ажиллах хугацаанд эрүүлийг хамгаалах салбарын гадаад харилцаа үнэнхүү бодитойгоор өргөжиж, манай орны нэр хүнд дээшилсэн жилүүд байлаа. Социалист ихэнх орнуудтай байгуулсан гадаад харилцааны гэрээ хамтын ажиллагаа нь өргөн хүрээтэй үр ашигтай байлаа. 1956 оноос эхлэж социалист орнуудын Эрүүлийг хамгаалах яамдын сайд нарын ээлжит зөвлөлгөөнд тасралтгүй оролцож ирснээс гадна 1962 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад элсэж тус байгууллагын төв болон Зүүн өмнөт азийн бүсийн зөвлөлгөөнд тогтмол оролцох болсон. Гадаад харилцаа өргөжихийн хирээр мэргэжилтнийг гадаадад олноор сургах болсны дээр эдийн засаг техникийн туслалцаа авах боломж улам бүр нэмэгдэж Чехословак улсаас манайд 240 ортой эмнэлэг бариулах хэлэлцээр байгуулахад идэвхитэй оролцож бэлтгэл ажлыг хангасан юм.

ДЭМБ-ын өндөр албан тушаалын ажилтнууд манай оронд зочилж эрүүлийг хамгаалах салбарын хөгжилтэй анилцаж өндрөөр үнэлэн дэмжлэг туслалцаа үзүүлэх боллоо. Туваан гуайн нэг онцлог чанар бол гадаадын мэргэжилтэн, түүний дотор Зөвлөлт Холбоот Улсаас уригдан ирж манай орны эмнэлгүүд болон экспедицид ажилласан эмч нарт элэгсэг дотно хандаж тэднээс сурч авахын чухлыг заан тэмдэглэж байснаас гадна тэдний овог нэрийг огт мартахгүй тэр хүн тийм ажилтай тэр хүн тэгж сургаж байсан гээд тэднийг байнга дурсаж санаж, ярьж хэлэх үгэндээ жишээ болгон оруулдаг байв. Зөвлөлт нөхдийн манай эрүүлийг хамгаалахын хөгжилд оруулсан хувь нэмрийг хэн ч хэзээ ч мартаж болохгүйг үргэлж сануулж байдагсан. Туваан гуайн хэд хэдэн онцлог чанар байсныг би олж мэдсэн юм. 1-д их ажилласаг хүн байв. Ганц жишээгээр үүнийг тайлбарлая. 1962 онд намайг аваад Дорноговь аймагт эх барих-бага эмчийн сургууль байгуулах ажлыг судлахаар машинаар явлаа. Өглөө эрт гараад шөнө 12 цагт аймагт очлоо. Би дотроо энэ хол газар машинаар явлаа, их ядарсан байх, зочид буудалд очиж амрах байх, гэж бодож байтал тэгсэнгүй. Шууд больницод очоод унтаж байсан эмч, сувилагч нарыг сэрээгээд тасаг, палатаар явж сэрүүн байсан өвчтөнтэй ярилцаж хоёр гурван цаг болсны дараа сая зочид буудалд очоод амарсан. Өглөө нь эрт босож дахин эмнэлгээр орж эмч ажилчдыг цуглуулж яриа хийчихээд өглөөний цай ундаа ч уулгүй аймгийн намын хороо, захиргаагаар орж ажлаа танилцуулаад, сургууль байгуулах талаар санал тохироод сургууль байгуулах тухай Сайд нарын Зөвлөлийн тогтоолын төсөл, танилцуулга хий гэж над үүрэг өгч билээ. Буцах замдаа хэд хэдэн сумаар орж эмнэлгийн ахуй нөхцөлтэй танилцаж хүмүүстэй уулзах нь тэднээс олон зүйлийг олж мэдсэн санагдана. Туваан гуайтай олон жил ойр дотно ажилласны хувьд хэлэхэд тэр хүн агуу их сурган хүмүүжүүлэгч байв. Эмч эмнэлгийн ажилтан нартай уулзаад их зүйлийг зааж сургана. Хэлж ярьж ойлгуулна. Хүмүүс түүнийг үнэхээр их биширч хүндлэнэ. Нилээд тохиолдолд надаар хэлэх үгээ бичүүлнэ. Тэгтэл тэр үгээ харах ч үгүй улам баяжуулж улам үнэмшилтэй болгож Зөвлөлтийн эмч нарын ажилласаг чанарын тухай жишээ болгож байнга ярина. Туваан гуай үнэхээр яруу илтгэгч байлаа. Эмч, эмнэлгийн ажилтны ёс суртахууны тухай ахмад эмч нарын жишээ гээд тод томруунаар дүрслэн ярина. Туваан гуайг яриа хийх гэхэд өрөө тасалгаанд нь хүмүүс багтахгүй л байдагсан.

Ахмад үеийнхнээсээ суралцахыг онцлон тэмдэглэж сургаал үгээ хэлдэг байв. Туваан гуайг олон талаас нь судлаж эрдэм судлалын бүтээл туурвихад миний энэ өчүүхэн дурсамж нэмэр хандив болсоан гэж хүсч, итгэж байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 363
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК